Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2018/00858

 

Д-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2017/02261 дүгээр шийдвэр,          

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 210/МА2018/00408 дугаар магадлалтай,

Д- ийн нэхэмжлэлтэй,

“Р” ХХК-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батбүрэн, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Итали Улсын иргэн Д- “Р” ХХК-ийн Рафлес олон улсын коллежийн захирлаар 2013 оны 08 сарын 05-ны өдөр хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулан ажиллаж байгаад 2015 оны 08 сарын 05-ны өдөр дахин хөдөлмөрийн гэрээг 2017 оны 08 сарын 04-ний өдрийг дуустал 24 сарын хугацаатай байгуулан ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ зохих журмын дагуу гүйцэтгэж, ямар нэгэн алдаа дутагдал гаргаж сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. Гэтэл 2017 оны 03 сарын 15-ны өдөр ахлах дэд ерөнхийлөгч Карен Грэйс Ламын гарын үсэг бүхий мэдэгдэл өгсөн. Уг мэдэгдэл нь Компанид ажиллах сүүлийн ажлын өдөр 2017 оны 03 сарын 15-ны өдөр байна. 1 сарын цалинтай тэнцэх ажлаас халагдсаны төлбөр өгөх, замын зардлыг төлөх гэсэн утга бүхий мэдэгдэл бөгөөд 2017 оны 03 сарын 15-ны өдрөөс хойш ажлаа хийгээгүй. Хөдөлмөрийн гэрээг 2 жилийн хугацаатай байгуулсан бөгөөд хугацаанаас нь өмнө гэрээг дуусгавар болгох эрх ажил олгогчид байхгүй учир Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээ зөрчин үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн гэж үзэж байна. Ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний 15.4-т компани гэрээг 1-34 үндэслэлээр цуцалж болох зөрчлүүдийг зааж өгсөн бөгөөд зөрчил, дутагдал болон хууль бус үйлдэл гаргаж компанийг хохироосон зүйлгүй. Хариуцагчаас  Дг байгууллагыг санхүүгийн алдагдалд оруулж, компанийн нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн үйлдлүүд гаргасан учир ажлаас чөлөөлсөн, компани сүүлийн 3  жил алдагдалтай ажилласан гэж санхүүгийн тайлан гаргаж өгсөн. Компани санхүүгийн алдагдалтай ажилласан нь хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохгүй, алдагдал ганц Д-гийн үйл ажиллагаанаас болоогүй. 2015 оноос эхлэн Монгол Улсад нүүрэлсэн хямралын улмаас коллежид элсэх элсэгчдийн тоо буурч байгууллага алдагдалд орж байгааг коллежийн захиралтай холбож үзсэн нь үндэслэлгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт 30 хоногийн өмнө мэдэгдэл өгдөг байхад ажлаас халах өдрийг зааж, 3 дугаар сарын 15 буюу тус өдрөө мэдэгдэл өгсөн байдаг. Хөдөлмөрийн тухай хуульд ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээ дуусахаас өмнө ажлаас халах эрхтэй боловч эрх зүйн акт бүхий тушаал гарах ёстой атал гаргаагүй. Сүүлд нөхөж байгуулсан тушаалыг баримтаар өгснийг зөвшөөрөхгүй.  Д- 3 дугаар сарын 21-ний өдөр хүртэл тушаал нэхэж и-мэйлээр харьцсан боловч тушаал, шийдвэр өгөөгүй, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэр хүлээлгэж өгөх үүргээ зөрчсөн. Иймд нэхэмжлэгч Д-г Рафлес олон улсын коллежийн захирлын ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн болохыг тогтоож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж өгнө үү. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгах шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:  Нэхэмжлэгч нь 2013 оны 8 дугаар сард “Р” ХХК-ийн захирлаар томилогдон, 2013 оны 08 сарын 05-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан ба 2015 оны 06 сарын 11-ний өдөр Дтой  коллежийн захирлын албан тушаалд хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан. Энэхүү хөдөлмөрийн гэрээний хугацаа нь гэрээнд заасан үндэслэлээр хугацаанаас нь өмнө цуцлаагүй бол 2015 оны 08 сарын 05-ны өдрөөс 2017 оны 08 сарын 05-ны өдөр хүртэл буюу 2 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байхаар Хөдөлмөрийн гэрээний 2.2-т заасан байна. Нэхэмжлэгчийг коллежийн захирлын албан тушаалаас чөлөөлөх тухай 2017 оны 03 сарын 13-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэр гарсан ба ерөнхий захирлыг албан тушаалаас чөлөөлөх үндэслэл нь компанийн үйл ажиллагааны доголдол, санхүүгийн алдагдал, компанийн нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн үйлдлүүд байсан.  Дг коллежийн захирлаар ажиллаж байх хугацаанд компанийн ажилтнууд, оюутнууд, тэдний эцэг эхээс удаа дараа гомдол шаардлага гаргаж байсан боловч эдгээр асуудлууд шийдвэрлэгдээгүй, компанийн үйл ажиллагаа доголдож, сүүлийн 3 жил санхүүгийн алдагдалд орсон.  Д- ажилдаа хайнга хандах, компанийн үйл ажиллагаа, санхүүгийн нөхцөл  байдлыг алдагдалд оруулах, компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд ажлаа тайлагнахгүй зэрэг дутагдлыг удаа дараа гаргаж байсан. Даффан Доминико 2015 онд 4 удаа чөлөө авсан. Ингэхдээ аав нас барсантай холбоотой түүний гэрлэлтийн асуудлыг шийдвэрлэнэ, 2015 оны 08 сарын 05-ны өдрөөс 2015 оны 08 сарын 08-ны өдрийг хүртэл хагалгаа хийлгэнэ, мөн оны 11 сарын 18-ны өдрөөс 11 сарын 24-нийг хүртэл эмчилгээнд явж байгаа, 2016 оны 01 сарын 09-ний өдрөөс 2016 оны 02 сарын 22-ны өдрийг хүртэл эмчилгээ хийгэж байгаа гээд ажил хийгээгүй. Хамгийн сүүлд 2016 оны 05 сарын 21-ний өдөр Итали Улс руу аавтайгаа уулзаж, салах ёс гүйцэтгэнэ гэж явсан, аав нь нас барсан боловч түүний Тайланд эхнэртэй гэрлэлтийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай тул дахин чөлөө олгож өгнө үү гэсэн байдаг. 2015, 2016 онуудад үүнээс болж компани санхүүгийн доголдолд орсон. 2013 онд  Дд уг албан тушаалыг хүлээлгэж өгөхөд элсэгчдийн тоо 150  байсан, 2014 онд 64, 2015 онд 27, 2016 онд 19, 2017 оны 01 дүгээр хагаст 8 элсэгчтэй болсон. Энэ нь ажлаа биечлэн удирдахгүй байгаагаас болсон бөгөөд тэрээр ажлаас халагдахаа хүлээн зөвшөөрч байсан нь түүний компанитай харилцаж байсан имэйлээс харагддаг. Хэдийгээр эдгээр үйлдлүүдэд компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс сахилгын арга хэмжээ бичгээр аваагүй боловч амаар болон цахим хэлбэрээр сануулж байсан.  Дд ажил олгогчийн эрх олгогдсон этгээдээс 2017 оны 03 сарын 15-ны өдөр хөдөлмөрийн гэрээ цуцлах мэдэгдэлд 2017 оны 03 сарын 01-ний өдрөөс 2017 оны 04 сарын 14-ний өдөр хүртэл хугацааны цалин, 1 сарын цалинтай тэнцэх олговор,  Улаанбаатараас Тайландын Банкок хот хүртэлх онгоцны билет олгохоор тусгасан.  Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмаар хүлээсэн үүргээ биелүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.          

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2017/02261 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2,  69 дүгээр зүйлийн 69.1-ийг баримтлан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах тухай “Раффлес интернэшнл Монголиа” ХХК-д холбогдуулж гаргасан Д-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, нэхэмжлэгч гомдолд улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 210/МА2018/00408  дугаар магадлалаар:  Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2017/02261 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батбүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ ИХШХШТХ-д заасан журмыг зөрчсөн, хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэсэн үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна.

  1. Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар:

ИХШХШТХ-ийн 38 дугаар зүйлийн 38.7-д зааснаар талууд нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх үүрэгтэй. Нэхэмжлэгчээс тус шүүхэд 2017 оны 04 сарын 14-ний өдөр нэхэмжпэл гаргасан бөгөөд анхан шатны шүүх хуралдаан анх 2017 оны 08 сарын 02-ны өдөр товлогдсон боловч шүүгч ээлжийн амралттай шалтгаанаар хуралдаагүй. Энэ хугацаанд хариуцагч байгууллагаас нэхэмжлэлийн шаардлагын татгалзалтай холбогдох нотлох баримтаа гаргаж өгөх, нотлох баримт бүрдүүлэх талаар шүүхэд хүсэлт гаргах хангалттай хугацаа байсан боловч нэг ч баримт гаргаж өгөөгүй, нэг ч хүсэлт гаргаагүй. Ингээд 08 сарын 29-ний өдрийн 13 цаг 30 минутын шүүх хуралдаан нэхэмжлэгч өмгөөлөгч авах, хариуцагч өвчтэй шалтгаанаар, 09 сарын 05-ны өдрийн шүүх хуралдаан хариуцагч өмгөөлөгч авна гэсэн шалтгаанаар, 09 сарын 14-ний өдрийн шүүх хуралдаан хариуцагчийн өмгөөлөгч хэргийн материалтай танилцана гэсэн шалтгаанаар, 09 сарын 19-ний өдрийн шүүх хуралдаан хариуцагчийн төлөөлөгч гэнэт өвдсөн гэсэн шалтгаанаар, 10 сарын 12-ны өдрийн шүүх хуралдаан хариуцагчийн өмгөөлөгчөөс гаргасан имэйлд үзлэг хийлгэх хүсэлтээр, 10 сарын 31-ний шүүх хуралдаан имэйлд үзлэг хийлгэсэнтэй холбоотойгоор нотлох баримтуудыг орчуулах, нэмж нотлох баримт гаргахад цаг хугацаа шаардлагатай байна гэсэн хариуцагчийн хүсэлтээр, 11 сарын 09-ний шүүх хуралдаан дээр хариуцагчаас 3 оны санхүүгийн тайлан, үзүүлэлтүүдийг нотлох баримтаар гаргаж, шинээр өмгөөлөгч оролцуулах, өмгөөлөгчийг нотлох баримтуудтай танилцуулах хүсэлт гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс гаргаж өгсөн нотлох баримтуудыг урьд гаргаж өгөх бололцоотой байсан хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй байна гэсэн хүсэлтийг гаргасан боловч шүүх уг хүсэлтийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шүүх хуралдааныг хойшлуулсан. ИХШХШТХ-ийн 105 дугаар зүйлийн 105.2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдолтой нэмэлт тайлбар, нотлох баримтыг урьд нь гаргах буюу санал болгох бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзвэл шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж болно“ гэсэн заалтыг шүүхээс удаа дараа зөрчиж хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй байхад нотлох баримтуудыг хүлээн авч шүүх хуралдаануудыг удаа дараа хойшлуулж байсан. Нэхэмжлэгчээс шүүх хуралдаан болохын урьд өдөр буюу 2017 оны 11 сарын 20-ны өдөр хавтаст хэргийн материалтай танилцахад хариуцагчаас нэмэлт нотлох баримт гаргаж өгөөгүй байсан бөгөөд 21-ний 11 цагаас шүүх хурлын танхимд ороход шинээр нотлох баримтууд ирсэн гээд танилцуулсан. Шүүх хуралдаан эхлэхэд нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс нэмж ирсэн нотлох баримтуудтай сайтар танилцах, тэдгээртэй холбогдож нэмэлт нотлох баримт гаргаж өгөх эсэх талаар ярилцах шаардлагатай байна, шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргахад учиргүй уурлаж, одоо нэхэмжлэгчтэйгээ утсаар ярь, нэмж гаргах нотлох баримт байхгүй бол хойшлуулах шаардлагагүй гэхэд нь миний бие сандарч, тулгамдан хүсэлтээсээ аргагүйн эрхэнд татгалзсан. Шүүгч хэт нэг талд үйлчилж, нөгөө талын хүсэлтээр үндэслэлтэй, үндэслэлгүйгээр шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулсан атлаа нэхэмжлэгчийг дарамталж, нотлох баримттай сайтар танилцаж, нэхэмжлэгчтэй харилцах боломжоор хангаагүйд гомдолтой байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүх хуралдаан дээр хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийг компанийн дотоод журам зөрчсөн учир Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлаж буй боловч Хөдөлмөрийн дотоод журмын ямар заалтыг зөрчсөн нь тодорхойгүй. Мөн ажлаас чөлөөлөх эрх бүхий албан тушаалтан нь Хувьцаа эзэмшигч юм уу, Төлөөлөн удирдах зөвлөл үү гэдэг нь тодорхойгүй, Хөдөлмөрийн дотоод журам, Компанийн дүрэм ч хавтаст хэрэгт авагдаагүй байна гэхэд хариуцагчаас дүрэм энд байна гэж шүүгчид гаргаж өгөн шүүгч нотлох баримтаар авсан.

2. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон, хэрэгт авагдсан нотлох баримтуудын талаар:

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон Ажлын байрны тодорхойлолт, бүсийн дэд ерөнхийлөгчийн ажлаас халах тушаал, дүрэм, оюутнууд эцэг эхтэй хийсэн уулзалтын тэмдэглэлүүд, “Р” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тогтоол зэрэг нотлох баримтууд нь хуулийн дагуу авагдаагүй, хуурамчаар нөхөж бүрдүүлсэн баримтууд болно. “Р” ХХК нь Монгол Улсад бүртгэлтэй, тус улсад үйл ажиллагаагаа явуулж буйн тухайд Монгол Улсын хууль тогтоомжийг баримтлах үүрэгтэй. Компанийн тухай хуулийн 97 дугаар зүйлд зааснаар компани нь Хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагаас баталсан компанийн дотоод баримт бичиг, Компанийн салбар болон төлөөлөгчийн газрын хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл, шийдвэр, Санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан, Төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх удирдлагын хурлын тэмдэглэл, шийдвэр, тушаал зэрэг баримт бичгүүдийг 5 жил хүртэлх хугацаагаар хадгалж, энэ хугацаа дууссаны дараа архивт хадгалах үүрэгтэй байдаг. Гэтэл хариуцагч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзалтай холбогдох нотлох баримтууд Сингапур улсаас ирнэ гэх мэтээр нотлох баримт гаргаж өгөлгүй байсаар шүүх хуралдааны урьд өдрийн ажил дуусах үед гаргаж өгсөн байдаг. Энэ нь хуульд заасны дагуу тухайн цаг үед компанид хадгалагдаагүй дээрхи бичиг баримтуудыг нөхөж бүрдүүлсэн хуурамч бичиг баримт гэж үзэх үндэслэл болж байна. Хариуцагч талын нэхэмжлэлд өгсөн хариу тайлбарт “Р” ХХК-ийн Коллежийн захирлын албан тушаалаас чөлөөлөх тухай 2017 оны 03 сарын 13-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн шийдвэр гарсан гэж дурьдсан, мөн тайлбарт ажилтнууд, оюутнууд, тэдний эцэг, эхээс Коллежийн захиралд гаргасан гомдлыг хавсаргав” гэсэн боловч эдгээр баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон ажлын байрны тодорхойлолт, бүсийн дэд ерөнхийлөгчийн ажлаас халах тушаал, “Р” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын шийдвэр зэрэг нотлох баримтууд нь нэхэмжлэгчид урьд танилцуулагдаагүй, гардуулагдаагүй нотлох баримтууд болно. Хариуцагчаас уг баримтуудыг имэйлээр хүргүүлсэн гэж имэйлд үзлэг хийлгэсэн боловч үзлэгээр уг шийдвэрүүдийг хүргүүлсэн нь тогтоогдоогүй. Шүүхээс “Нэхэмжлэгч ажлаас чөлөөлсөн тушаалыг хариуцагч сүүлд ирүүлсэн гэх боловч хариуцагчийн шүүхэд ирүүлж байсан 2017 оны 05 сарын 15-ны өдрийн тайлбарт Даффан Доминиког компанийн хувьцаа эзэмшигчдийн 2017 оны 03 сарын 13-ны өдрийн шийдвэрээр ажлаас чөлөөлсөн тухай тэмдэглэсэн байна." гэжээ. Хариуцагч энэ тухай дурьдсан боловч компанийн хувьцаа эзэмшигчдийн 2017 оны 03 сарын 13-ны өдрийн шийдвэр гэж хавтаст хэрэгт авагдаагүй, харин Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 03 сарын 13-ны өдрийн тогтоолыг нөхөн бичиж ирүүлсэн байдаг. Шүүхээс ”2015 оны 08 сарын 05-ны өдрийн 24 сарын хугацаатай байгуулсан гэрээнээс хойш 5-26, 5 хоногоор 4 удаа гадаадад хувийн шалтгаанаар явсан талаар болон үүний 3 удаагийн зардлыг компаниас төлсөн тухай баримтыг хариуцагч шүүхэд ирүүлжээ“ гэжээ. Нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас 2015 оны 08 сарын 05-наас 2016 оны 02 сарын 22-ныг хүртэлх хугацаанд чөлөө хүсч, уг чөлөөнүүдийг ажил олгогчийн төлөөлөгчөөс олгож байсан байдаг. Хөдөлмөрийн гэрээний 6.2-т зааснаар Компани 12 сар үргэлжилсэн гэрээ тус бүрт нэг, 2 талын энгийн нислэгийн тийз өгнө гэсэн байдаг боловч нэхэмжлэгч нь ажиллах хугацаандаа нэг ч удаа энэхүү хөнгөлөлт болон хуульд заасан амралтыг эдэлж байгаагүй бөгөөд зайлшгүй шаардлагын улмаас амралтын болон баяр ёслолын өдрүүдээр тааруулж чөлөө хүссэн байдаг. Энэ талаар имэйлд тодорхой тусгасан байдаг. Үүнийг зөрчил гэж үзсэн ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Шүүхээс “Нэхэмжлэгчийн ажлын үнэлгээг хариуцагч ирүүлсэн ба 2015 оноос 2016 оны 7 сар хүртэл ажлын үнэлгээ “зарим хүлээлтэд хүрээгүй”, 2017 оны ажлын үнэлгээ “хүлээлтэд огт хүрээгүй" гэж үнэлэгдсэн байна" гэжээ. Энэ нь 1-рт үнэлгээг ямар журмаар, яаж үнэлсэн талаар тодорхойгүй, 2-рт үнэлгээг нэхэмжлэгчид танилцуулсан талаар баримт үгүй болно. 2017 оны эхний улиралд ажлаас чөлөөлсөн мөртлөө 2017 онд ажлын үнэлгээ хүлээлтэд огт хүрээгүй гэсэн нь ойлгомжгүй байна.

Шүүхээс “нэхэмжлэгч коллежийн захирлаар ажиллахдаа хангалтгүй ажилласан нь харагдаж байна. Түүний зарим зөрчил үргэлжилсэн шинжтэй байх ба засах, арга хэмжээ авах талаар ажил олгогч, хариуцдаг албан тушаалтан зөвлөж байсан боловч үр дүн гаргаагүй байна. Түүний гаргасан зөрчил Хөдөлмөрийн гэрээний 15.4 дүгээр зүйлийн II, VII, XIII, XVII, XXVI гэсэн заалтуудад хамрагдаж байна“ гэжээ. Нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээний ажиллах хугацаанд Монгол Улсад нүүрэлсэн зах зээлийн хямралын улмаас тус байгууллагын санхүүгийн үзүүлэлт доогуур байгаа боловч энэ нь нэхэмжлэгчийн Хөдөлмөрийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэл болоогүй. Мөн шүүхээс дурьдсан хөдөлмөрийн гэрээний заалтуудыг нэхэмжлэгчээс зөрчсөн асуудал огт байхгүй, энэ нь баримтаар нотлогдоогүй байна. Иргэн Д- “Р” ХХК-ийн Рафлес олон улсын коллежийн захирлаар 2013 оны 08 сарын 05-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн хугацаагүй болон хугацаатай гэрээгээр ажиллаж байсан бөгөөд хугацаатай гэрээ ёсоор 2017 оны 08 сарын 04-ний өдрийг дуустал хугацаагаар ажиллахаар байсан. Гэтэл хариуцагч байгууллагаас 2017 оны 03 сарын 15-ны өдөр ахлах дэд ерөнхийлөгч Карен Грейс Ламын гарын үсэг бүхий мэдэглийг өгсөн байдаг. Уг мэдэгдэлд “... Компанид ажиллах сүүлийн ажлын өдөр нь 2017 оны 03 сарын 15-ны өдөр байна. 1 сарын цалинтай тэнцэх ажлаас халагдсаны төлбөр өгөх, замын зардлыг төлөх” гэсэн утга бүхий байдаг бөгөөд 2017 оны 03 сарын 15-ны өдрөөс хойш ажлаа гүйцэтгээгүй. Мэдэгдэлд хөдөлмөрийн гэрээнд заасан хугацаанаас өмнө ажлаас чөлөөлөх болсон шалтгааныг огт дурьдаагүй байдаг бөгөөд Ажил олгогчоос ажлаас халах болсон үндэслэл бүхий шийдвэрийг нэхэмжлэгчид танилцуулсан, гардуулсан асуудал огт байхгүй. Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан, Хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан / тушаал, тогтоол, захирамж/-ийг бичгээр гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 43.2-т зааснаар ажлаас халагдсан өдөрт нь ажилтанд хүлээлгэн өгөх үүрэгтэй. Ажлаас халах шийдвэрийг бичгээр гаргаж өгөөгүй атлаа ажилтны ажил үүргийг нь гүйцэтгүүлэхгүй, цалин хөлс олгохгүй байгаа үйлдлийг ажлаас халсантай адилтгаж үзэх ёстой. Гэтэл шүүхээс ажилтан Даффан Доминикод танилцуулагдаагүй, гардуулагдаагүй, хариуцагчаас шүүхээр хэрэг хянан шийдвэрлэгдэх явцад нөхөн бүрдүүлсэн нотлох баримтын шаардлага хангахгүй шийдвэр, тушаал, нотлох баримтуудыг үндэслэл болгон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 182/ШШ2017/02261 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Д-г урьд эрхэлж байсан “Р” ХХК-ийн Коллежийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахыг хариуцагч байгууллагад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Д- нь хариуцагч “Раффлес Интернэшнл Монголиа” ХХК-д холбогдуулан  ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг өөрөө төлөхөөр гэрээгээр тохирсон гэж энэ шаардлагаасаа татгалзжээ.

Хариуцагч байгууллага нэхэмжлэлийг эс зөвшөөрч, 2017 оны 03 сарын 13-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлаас нэхэмжлэгчийг коллежийн захирлын албан тушаалаас чөлөөлөх шийдвэр гарсан, чөлөөлөх үндэслэл нь компанийн үйл ажиллагааны доголдол, санхүүгийн алдагдал, нэр хүндэд нь сөргөөр нөлөөлсөн үйлдлүүд байсан гэж маргажээ.  

2013 оны 08 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгч  Д-, хариуцагч “Р” ХХК-ийн хооронд анх хөдөлмөрийн гэрээ байгуулагдаж, тэрээр тус коллежийн захирлаар ажиллаж байсан ба түүнийг ажлаас чөлөөлөх асуудлыг 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэж, 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.

Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалын үндэслэлд нэхэмжлэгч нь захирлаар ажиллаж байх хугацаандаа компанийг үйл ажиллагааны доголдолд оруулсан, санхүүгийн алдагдал, зөрчил гаргасан гэж тодорхойлсон байх бөгөөд хариуцагчийн шүүхэд ирүүлсэн 2017 оны ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, ажил олгогч буюу бүсийн дэд ерөнхийлөгчтэй харилцаж байсан й-мэйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эцэг, эх болон оюутнуудтай хийсэн уулзалтын тэмдэглэл, талуудын тайлбар, 2016, 2017 оны 1 дүгээр хагас жилийн тайлан гэсэн баримтууд хэрэгт авагдсан байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг зохигчдын шүүхэд гаргасан  тайлбартай харьцуулан дүгнэж, ажил олгогч нь ажилтныг хөдөлмөрийн гэрээний 15.4 дэх заалтын ii, vii, xiii, xviii, xxvi-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг зөрчөөгүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нийцжээ.        

Хэрэгт авагдсан баримтаар ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдсон, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар 1 сарын өмнө мэдэгдэл гардуулах шаардлагагүй,  нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн шийдвэр  нь хуульд нийцсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн гэж үзнэ.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын мэтгэлцэх эрхийг хэрэгжүүлэн, хэрэгт авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлэн, талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргаанд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг үндэслэл бүхий тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2017/02261 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 210/МА2018/00408 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮҮГЧ                            Б.УНДРАХ

                                 ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН