Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 69

 

 

 

     Зохигч эвлэрснийг  баталж,

    хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 3-р баг, Жинстийн 1-2 тоотод оршин суух Бага чулуу овгийн Пүрэвийн Сүрэнхорлоогийн нэхэмжлэлтэй,

Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Хүүхдийн цэцэрлэгт холбогдох цалингийн шатлалын зөрүү 4163292 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 ны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар  сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Төмөрбаатар

Нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.   

                                           

Нэхэмжлэгч П.Сүрэнхорлоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Дэлгэрцогт сумын Хүүхдийн цэцэрлэгт 29 дэх жилдээ багшаар ажиллаж байна. 2010 оноос Төрийн үйлчилгээний байгууллагын ажилчдыг ажилласан жилээс нь хамааран цалинг шатлалаар тогтоодог болсон. Гэтэл би улсад 29 жил ажилласан байхад 2011 онд ТҮБД-4-4 шатлал буюу 577826 төгрөгөөр цалинжих байтал ТҮБД-4-3 шатлалаар, 2012-2016 онд ТҮБД-4-5 шатлалаар буюу 608457 төгрөгөөр цалинжих байтал ТҮБД-4-3 шатлалаар цалинжуулсан. Би эрхлэгч Х.Эрдэнэтуяад цалингийн шатлалаа нэмэгдүүлье гэж 2 удаа хэлсэн......Иймээс буруу шатлалаар цалинжуулж байсан Дэлгэрцогт сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээс 4163292 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Төмөрбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч тал буюу Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрлэгч Х.Эрдэнэтуяатай уулзаж, бид дараах тохиролцоонд хүрлээ. Нэхэмжлэгч П.Сүрэнхорлоо нь нэхэмжлэлийн шаардлага болох 4163292 төгрөгөөс 1413664 төгрөгийг татгалзаж, үлдэх 2749628 төгрөгөөс 697000 төгрөгийг нь 2016 оны 12 сард олгосон бөгөөд хариуцагч нь 2017 оны эхний хагас жилд 1198528 төгрөгийг, 2017 оны сүүлийн хагас жилд 850000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлөхөөр эвлэрч, гэрээ байгуулсан. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Х.Эрдэнэтуяа шүүхэд гаргасан хүсэлтдээ: П.Сүрэнхорлоогийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн шүүх хуралдаан 2017 оны 02 сарын 14-ний өдөр товлогдсон байна. Шүүх хуралдаанаас өмнө нэхэмжлэгч талтай уулзаж, бид эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулсан. Би Улаанбаатар хотод сургалтанд хамрагдах болсон тул 2017 оны 02 сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй болж байна. Иймд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч П.Сүрэнхорлоо нь Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Хүүхдийн цэцэрлэгт холбогдуулан цалингийн шатлалын зөрүү 4163292 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч П.Сүрэнхорлоо нь нэхэмжлэлийн шаардлага болох 4163292 төгрөгөөс 1413664 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаас татгалзаж, үлдэх 2749628 төгрөгөөс 697000 төгрөгийг нь 2016 оны 12 сард олгосон бөгөөд 2017 оны эхний хагас жилд 1198528 төгрөгийг, 2017 оны сүүлийн хагас жилд 850000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлөхөөр талууд эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулан гарын үзэг зурж баталгаажуулсан байна.

Зохигч ийнхүү эвлэрсэн нь Иргэний  хуульд  нийцсэн,  гуравдагч  этгээдийн  хуулиар  хамгаалагдсан  ашиг сонирхлыг  хөндөөгүй  байх  тул  зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75986 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 37993 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид   олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т зааснаар нэхэмжлэгч П.Сүрэнхорлоо /ХМ67032386/ нь 4163292 /дөрвөн сая нэг зуун жаран гурван мянга хоёр зуун ерэн хоёр/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг 1413664 /нэг сая дөрвөн зуун арван гурван мянга зургаан зуун жаран дөрөв/ төгрөгөөр бууруулж, хариуцагч Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Хүүхдийн цэцэрлэг /эрхлэгч Х.Эрдэнэтуяа/ нь үлдэх 2749628 /хоёр сая долоон зуун дөчин есөн мянга зургаан зуун хорин найман/ төгрөгөөс 679000 /зургаан зуун далан есөн мянга/ төгрөгийг төлсөн ба 2017 оны эхний хагас жилд 1198528 /нэг сая нэг зуун ерэн найман мянга таван зуун хорин найман/ төгрөгийг, 2017 оны сүүлийн хагас жилд 850000 /найман зуун тавин мянган/ төгрөгийг тус тус нэхэмжлэгч П.Сүрэнхорлоод өгөхөөр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75986 /далан таван мянга есөн зуун наян зургаан/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Хүүхдийн цэцэрлэг /эрхлэгч Х.Эрдэнэтуяа/-ээс 37993 /гучин долоон мянга есөн зуун ерэн гурав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Сүрэнхорлоод олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь энэхүү  асуудлаар   захирамжид давж  заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол  гаргах,  тухайн  асуудлаар  анхан  шатны  шүүхэд  дахин  нэхэмжлэл  гаргах  эрхгүйг заасугай. 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Д.УРАНЧИМЭГ