Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2018/01233

 

Б.Оийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

   Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч   Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн     

         2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2017/03280 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

         2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 735 дугаар магадлалтай,

         Нэхэмжлэгч: Б.О

         Хариуцагч: Т.Хэд холбогдох

         Үндсэн нэхэмжлэл: Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай,

         Сөрөг нэхэмжлэл: Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу, 40 дүгээр байрны 11 тоотод байрлах орон сууцыг чөлөөлөхийг нэхэмжлэгчид даалгах тухай иргэний хэргийг

         Хариуцагчийн төлөөлөгч С.Я хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч  Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Д, хариуцагчийн төлөөлөгч С., нарийн бичгийн даргад  Ш.Мөнхжаргал нар оролцов.

         Нэхэмжлэгч тал  шүүхэд  гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Б.О  Т.Хээс 2017-03-31-ний өдөр 1 сарын хугацаагаар 20 сая төгрөг зээлсэн. Гэрээний дагуу 20 сая төгрөгийг бэлнээр авсан. Зээлд ямар нэг хөрөнгө барьцаалаагүй, барьцааны гэрээ хийгээгүй. Т.Хээс 20 сая төгрөг зээлсэн боловч гэрээ байгуулах үед түүнд иргэний үнэмлэх байхгүй гээд найз Г.Жамъянцогзолтой нь гэрээг байгуулсан. Т.Хийн хүсэлтийн дагуу зээлийг эргэн төлж дуусах хүртэл хугацааны баталгаа болгож  Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруугийн 40 дүгээр байрны 11 тоот, 26 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хадгалуулах болж, гэрчилгээг эх хувиар нь 2017-03-31-ний өдөр Т.Хэд өгсөн. Гэтэл Т.Х миний зөвшөөрөлгүйгээр мөн өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, гэрээг нотариатаар батлуулжээ. Гэрээний агуулга нь Б.Оюунчимэгээс Т.Хэд өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж буй мэтээр гарын үсгийг дуурайлган зурж, хуурамч гэрээ хийсэн байх бөгөөд уг гэрээг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлж, байрыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан байна. 2017-03-31-ний өдрийн  худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж байна. Учир нь  Иргэний хуулийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байхаар заасан. Түүнчлэн, Иргэний хуулийн 42.2-т Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно, мөн хуулийн 43.2.1-д Талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан тохиолдолд хүчин төгөлдөр гэж тооцохоор хуульд заасан байна гэжээ. Гэтэл 2017-03- 31-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээнд заасанчлан өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг Т.Хэд худалдан борлуулах хүсэл зориг надад байгаагүй, уг гэрээнд би гарын үсэг зураагүй. Мөн уг гэрээнд үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 5 сая төгрөг гэж заасан ба үүнийг би аваагүй, орон сууцны одоогийн зах зээлийн үнэ 80 сая төгрөгийн үнэлгээтэй юм. Иймд худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

          Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2017-03-31-ний өдөр Б.Отэй үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг байгуулж, төлбөрийг зохих журмын дагуу шилжүүлсэн. Б.От мөнгөний яаралтай хэрэг гарсан гээд 5 сая төгрөгөөр орон сууцаа худалдахаар харилцан тохиролцсон юм. Б.О нэхэмжлэлдээ гэрээнд гарын үсэг зураагүй, миний гарын үсгийг дуурайлгасан гэсэн нь үндэслэлгүй. Гэрээг Чингэлтэй дүүргийн тойргийн 292 дугаар бүхий тамгатай нотариатч Д.Солонго гэрчилсэн бөгөөд нотариатч гэрээний нөхцөл, үр дагаврыг тайлбарлан, өөрийн хүсэл зориг байгаа эсэхийг тодруулж, Б.О нь биечлэн байлцаж, гэрээ болон нотариатчийн тэмдэглэлд гарын үсгээ зурсан. Үүнийг нотариатч гэрчлэх боломжтой. 2017-03-31-ний өдөр Т.Х Б.Оийн Хаан банкны дансанд 5 сая  төгрөгийг байрны үнэ Хүрэлсүх гэж шилжүүлж, худалдах-худалдан авах гэрээний үүргээ биелүүлсэн. Нэхэмжлэгч 20 сая төгрөгийн зээлийг  Г.Жамъянцогзол гэх хүнтэй байгуулсан зээлийн гэрээг гаргаж өгсөн ба уг гэрээ, зээл өгсөн авсан болон Г.Жамъянцогзол гэх хүнтэй холбоотой асуудлыг би мэдэхгүй. Нэхэмжлэгч нь  Т.Хтэй зээлийн гэрээ байгуулаагүй. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Би 2017-03-31-ний өдөр Б.Оээс Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, Бага тойруу, 40 дүгээр байрны 11 тоотод байрлах 26 м.кв талбай бүхий орон сууцыг 5 сая төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, гэрээ байгуулан төлбөрийг түүний дансанд зохих ёсоор шилжүүлсэн. 2017-04-03-ны өдөр миний нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гарч хууль ёсны өмчлөгч болсон. Б.От тухайн үед мөнгөний яаралтай хэрэг гарсан тул үл хөдлөх эд хөрөнгөө яаралтай зарах шаардлагатай байна гэж хэлж байсан. Гэнэт орон сууцаа зарах болсон тул түр хугацаанд орон сууцанд байлгахыг надаас хүссэн, гар гэсэн үед саад болохгүй гарна гэж хэлсэн. Гэтэл миний хууль ёсны өмч хөрөнгийг надаас авахаар улайран дайрч байгааг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй. Иймд орон сууцыг чөлөөлж өгөхийг Б.От даалгаж өгнө үү гэжээ.

         Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: 2017-03- 31-ний өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээнд Б.О гарын үсэг зурсан гэж шинжээч дүгнэлт гаргасан нь алдаатай байж болно. Нэхэмжлэгч өөрөө ийм гэрээнд би гарын үсэг зураагүй гэдгийг хэлдэг. Нотариат дээр Т.Х, Г.Жамъянцогзол, Б.О нар очсон гэдгийг үгүйсгээгүй. Зээлийн гэрээг байгуулсан гэдэгт огт маргаагүй. Харин 2017-03- 31-ний өдөр зээлийн гэрээ эхэлж байгуулагдаж, нотариатч 292 дугаартай 124 гэсэн бүртгэлийн дугаараар бүртгэсэн, уг гэрээг Г.Жамъянцогзол гэдэг Т.Хийн найзтай байгуулсан байдаг. Энэ гэрээ байгуулсны дараа 128 дугаарт үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ бүртгэгдсэн байдаг. Б.Оийн тайлбарлаж байгаагаар зээлийн гэрээ байгуулах үед Т.Хэд иргэний үнэмлэх байгаагүй учраас Жамъянцогзолтой гэрээ байгуулчих гэсэн шаардлага тавьсан гэдэг. Гэрээ байгуулсны дараа Б.О шууд гарч явсан ба Т.Х үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулсан байх магадлалтай. Түүнчлэн, 5сая төгрөгийг дансаар орж ирсэн гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Зээлийн гэрээний дагуу 20 сая  төгрөгөөс 15  сая төгрөгийг бэлнээр аваад 5 сая төгрөгийг дансаар авсан байдаг. Дансаар орж ирэхдээ үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсны төлбөр гэсэн байдаг. Үүнийг тухайн үед Б.О өөрөө мэдээгүй. Таны дансанд мөнгө шилжүүлчихлээ, очоод авчих гэхээр нь Хаан банкнаас өөрөө авсан байдаг. Нотариатч гэрчээр асуугдахдаа тодорхой мэдээллийг өгөөгүй, сайн санахгүй байна, мэдэхгүй байна гэж хариулсан. Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

       Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2017/03280 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 189 дүгээр 189.1 дэх хэсэгт заасныг баримтлан худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай Б.Оийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан  Нийслэлийн Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруу, 40 дүгээр байр 11 тоот орон сууцыг чөлөөлөхийг Б.От даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар зохигч  нараас улсын тэмдэгтийн хураамжид тус тус 94 950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 94.950 гаргуулан хариуцагчид олгож, шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан дараалал, журмын дагуу төлбөр гаргуулах ажиллагааг гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 735 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2017/03280 дугаар шйидвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаажээ.

        Хариуцагчийн төлөөлөгч С.Ялалт хяналтын журмаар гаргасан гомдолдоо:  ИХШХШТХ-ийн 43.1 дэх заалтын анхан шатны шүүхээс зөрчсөн буюу хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримтыг шүүх бүрдүүлэх, гэрчийн мэдүүлэг авахтай холбоотой хуулийн заалтыг зөрчиж, урьдаас дүгнэлт хийж нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаагүй гэжээ. Гэтэл бодит байдал шал өөр байсныг давж заалдах шатны шүүх огт анхаарч үзэлгүй хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж алдаа гаргасан байна. Нэхэмжлэгч анх нэхэмжлэлээ гаргахдаа дараах гол үндэслэлүүдийг гаргаж тавьсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны туршид энэхүү үндэслэлээ огт өөрчлөөгүй. Үүнд: Худалдах-худалдан авах гэрээнд гарын үсэг зураагүй буюу миний гарын үсгийг дуурайлган зурсан, Т.Хээс 5 сая төгрөгийг огт хүлээн аваагүй. Дээр дурдсан үндэслэл хэвээрээ эсэхийг нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүх удаа дараа тодруулж асуусан. Ийнхүү асуухдаа төөрөгдсөн юм уу, халхавчилсан юм уу, эсхүл гарын үсэг зуруулаагүй буюу зөвшөөрөлгүй хийсэн хэлцлийн аль нь болох талаар нарийн тодруулж, хариулт авч байсан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар нь гэрээнд гарын үсэг зураагүй буюу Иргэний хуулийн 56.1.8-д заасан хэлцэл гэж удаа дараа хариулж байсан юм. Энэ нь шүүх хуралдаануудын тэмдэглэлээр нотлогдож байгаа юм. Нэхэмжлэгч тал өөрсдөө нэхэмжлэлийн үндэслэлээ дээрх байдлаар тодорхойлсон хэрнээ нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд үл хамаарах ажиллагааг хийлгэх тухай хүсэлтийг шүүхэд удаа дараа гаргаж байсан юм. Б.О нь гэрээнд өөрөө гарын үсэг зурсныг болон 5 сая төгрөг хүлээн авсныг нотлох хангалттай баримтууд хэрэгт авагдсан байсан. Шинжээчийн дүгнэлт, нотариатчийн мэдүүлэг, банкны тодорхойлолт, дансны хуулга зэрэг баримтууд хэрэгт авагдсан. Гэтэл “нэхэмжлэгч зээл авах зорилгоор Т.Хтэй уулзаж байсан”-ыг Д.Баяржаргал, Г.Должин нар гэрчлэнэ гэсэн агуулгаар гэрчээр асуулгах хүсэлт гаргасан. Энэ нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлтэй огт холбогдохгүй байсан тул шүүх хүлээж аваагүй. Учир нь нэхэмжлэлийн үндэслэлээ “гэрээнд өөрөө гарын үсэг зураагүй” гэж тайлбарласан хэвээрээ байсан юм. Энэ нөхцөл байдлыг шүүх харгалзан гэрч асуулгах хүсэлтийг хэрэгт буюу нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд хамааралгүй байсан тул хүлээн аваагүй юм. Ингэснээр ИШХШТХ-ийн  38.6, 43.1 дэх заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй юм. Үүнийг давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтаас үзэх боломжтой байсан боловч үзэлгүй, хагас дутуу дүгнэлт хийн анхан шатны шүүхийг буруутган, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байгааг анхаарч үзнэ үү. Шүүгч зөвлөлдөх тасалгаанд орохын өмнө буюу хэргийн оролцогчдын эцсийн дүгнэлт, тайлбарыг сонссоны дараагаар сүүлийн удаа нэхэмжлэгчээс тодруулъя гэж хэлсэн бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлийн талаар дахин давтан тодруулсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нэрхэмжлэлийн үндэслэлээ урьдын хэвээрээ Иргэний хуулийн 56.1.8 буюу өмчлөгч Б.Оийн гарын үсгийг зуруулаагүй гэж хариулж байсан болно. Шүүгч удаа дараа нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулж байсан нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл болон шүүх хуралдааны тайлбар нь хоорондоо зөрчилдөөн байсантай холбоотой юм. Ийм учраас удаа дараа тодруулж асуусан. Шүүгч зөвлөлдөх тасалгаанд орохоос өмнө эцсийн боломж олгож, нэхэмжлэлийн үндэслэлийн талаар тодруулж асуусан. Нэхэмжлэл гаргаж иргэний хэрэг үүсгэсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шүүгч зөвлөлдөх тасалгаанд орох хүртэл нэхэмжлэлийн анхны шаардлага, үндэслэлийг өөрчлөөгүй. Анхан шатны шүүхийг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг бүрэн тодруулаагүй гэж буруутгасан нь үндэслэл муутай дүгнэлт болсон. Шүүх хуралдаан бүр дээр нэхэмжлэгчээс  шаардлага, түүний үндэслэлийн талаар тодруулсан. 2017-12-22-ны өдрийн шүүх хуралдааны үеэр шүүгч удаа дараа нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлийн талаар нэхэмжлэгчээс тодруулж байсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд туссан байна. Энэ нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүхээс буруу үнэлж дүгнэсэн байна. Болж өнгөрсөн бодитой үйл баримтуудыг хангалттай хэмжээнд үнэлж дүгнээгүй байна. Анхан шатны шүүх шийдвэрээ гаргахдаа нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээр гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэлгүй байна гэж үзсэнийг мөн дурдах нь зүйтэй болов уу. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

        Б.О 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Т.Хэд холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2017 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн худалдах-худалдах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахыг хүссэн байна. /хх 2/

       Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч /хх 16/ маргахдаа сөрөг нэхэмжлэл гарган /хх 27, 37/ орон сууцыг нэхэмжлэгчийн эзэмшлээс чөлөөлүүлэхийг шаарджээ.

       Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна.

       Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

       Хэргийг хянан шийдвэрлэхэд шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ.

       Нэхэмжлэгч талаас гэрч асуулгах хүсэлт гаргасан /хх 90/ байхад шүүх хүсэлтийг хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3, 43 дугаар зүйлийн 43.1, 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт нийцээгүй байна.

        Түүнчлэн, нэхэмжлэгч нь “...худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах...”-г шаардсан гэх боловч гэрээ байгуулах хүсэл зориг байсан эсэх, хэлцэл хийгч нэг тал нь нөгөө талыг төөрөгдүүлсний улмаас хэлцэл хийгдсэн эсэх зэрэгтэй холбоотой тайлбар өгчээ. Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах шаардлагатай байна.    

        Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгохдоо үндэслэл бүхий дүгнэлт хийснээс гадна магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дүгээр зүйлийн 168.1.3, 168.1.7 дахь хэсгийн зохицуулалтыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 735 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч С.Ялалтын гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр төлсөн 190.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                        Б.УНДРАХ