| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 105/2017/0828/Э |
| Дугаар | 122 |
| Огноо | 2018-02-06 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | Э.Оюунтунгалаг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 122
Г.Бт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Э.Оюунтунгалаг,
шүүгдэгч Г.Б /цахим сүлжээгээр/, түүний өмгөөлөгч Ц.Энхмандах, Ц.Алтанцол,
хохирогч Д.Д, түүний өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн,
нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 783 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Ц.Алтанцол нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Г.Бт холбогдох 1706010690078 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
............... хийд овгийн ...............н ..............., 1981 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа газар шорооны ажил хийдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ............... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: .............../,
Г.Б нь 2017 оны 8 дугаар сарын 9-ний орой Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 90б байрны 88 тоотод оршин суух гэртээ эхнэр Д.Дтэй маргалдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодож, зүүн сарвууны 4 дүгээр хурууны 2 дугаар шивнүүр ясны зөрөөгүй далд хугарал, тархи доргилт, хамар ясны баруун, зүүн хананы цөмөрсөн далд хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, зүүн хацар, зүүн бугалга, зүүн сарвууны 4 дүгээр хуруу, зүүн өгзөг, гуянд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Г.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Шүүгдэгч ............... овогт ...............ийн ...............ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар Г.Бт 8 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бт оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Хохирогч Д.Д нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г.Б гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх нь хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн 1.2 дахь хэсэгт “...учруулсан хохирлыг төлсөн” гэж заасныг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзсан боловч миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч тогтвортой өгсөн мэдүүлэг, хохирогчоос уучлалт гуйсан, шүүх хуралдааны явцад гэмшиж байгаагаа илэрхийлсэн байдал, миний ар гэр, надаас хамааралтай миний асран халамжилдаг 13 настай хүүхэд, тогтмол орлоготой болохыг нотолсон ажил хөдөлмөр эрхэлдэг болохыг нотолсон үйл баримтууд зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үнэлэн харгалзаж нийгмээс тусгаарлан хорих шийтгэл оногдуулахгүйгээр шийдэж болох байсан. Шүүгдэгч Г.Б миний бие мөрдөн байцаалтын шатанд 2.674.063 төгрөгийг хохирогч Д.Дд төлсөн ба цаашид гарах зардлыг өөрийн эхнэр Д.Дд учирсан эмчилгээний зардлын хохиролыг бүрэн барагдуулахаа амлан өөрийн ажил хөдөлмөрийн хөлсөө цаг хугацаандаа авч цаашид гарах хор уршгийг арилгах талаар мэдүүлэг өгсөн буюу амалсан, шүүгдэгч Г.Б би өөрөө ажил хөдөлмөр эрхлэн өөрийн 13 настай охиноо асран халамжилдаг тул одоо тэрээр хоригдсоноос үүдэн 13 настай охин минь ганцаараа харж хандах, асрах хүнгүй тун хүнд байдалд байгаа юм. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ялыг хөнгөрүүлж нийгмээс тусгаарлахгүйгээр хорихоос өөр төрлийн ялыг оногдуулж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Г.Бын өмгөөлөгч Ц.Алтанцол гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь яллагдагч ...............ын “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн” байдлыг дүгнэн үзэлгүй, “хохирол нөхөн төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэж ялыг хөнгөрүүлэн, ялыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй байхад, хорих ял оногдуулсаныг өмгөөлөгчийн зүгээс эс зөвшөөрч доорхи гомдол, хүсэлтийг гаргаж байна. Ялтан Г.Б нь эрүүгийн хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татагдсан үеэс хэргийн талаар мэдүүлж, тайлбарлахдаа хохирогчид учирсан гэмтэл миний үйлдлээс болсон, би энэ гэмтлийг учруулсан гэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учирсан гэм хор, хохиролыг сайн дураар нөхөн төлсөн, цаашид хохирол гарвал нөхөн төлөхөө илэрхийлсэн байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 болон 1.1-д зааснаар “ялаас чөлөөлөх эсвэл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэх...” буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “хорих ялыг оногдуулахгүйгээр 5 жил хүртэл хугацаагаар тэнсэх, албадлага хэргэлж болно” гэсэн хуулийг хэрэглээгүй анхан шатны шүүхийн тогтоолыг өмгөөлөгч би ойлгохгүй байгаа билээ. Иймд давж заалдах шатны шүүх хуралдаанаар “Ялтан Г.Бын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл, байдал, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар, хувийн байдал” болон гэм буруугаа хүлээн мэдүүлсэн, гэм хорыг нөхөн арилгасан зэргийг дүгнэн, хуулийн заалтын дагуу тал бүрээс нь харгалзан үзэж, хорих ялаас чөлөөлж, тэнсэж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Г.Бын өмгөөлөгч Ц.Энхмандах тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Мөрдөн байцаалтын явцад удаа дараа зодсон асуудлыг хохирогч мэдүүлж байгаа болохоос өөр баримт байхгүй. Г.Бын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэх ямар ч хууль эрх зүйн үндэслэл байхгүй. Учир нь удаа дараа гэдгийг заасан байдаг. Тогтоогоогүй байж энэ зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнээр шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Үүнийг заавал шалгаж тогтоох ёстой байсан. Хохирогчийн үнэн, худал мэдүүлж байгааг шалгах боломж байхгүй. Хохирсон гэдэг талаар үнэний ортой гэдэг талаас нь шалгаж байгаа. Г.Б шүүхийн шатанд өргөдөл гомдол гаргасан түүнийг шалгаагүй. Харилцан зодолдсон гэж, тухайн үед тодорхой их, бага хэмжээгээр хохирол учирч байсан дараа нь үзүүлээгүй явснаас хойш мөрдөн байцаагч өөрөө шинжилгээ хийлгэх тогтоол хийж өгөөгүй, өргөдөл гомдлыг шалгаж өгөөгүй хэт нэг талыг баримтлаад явсан. Яг хүчирхийлэл хэн үйлдсэн гэдгийг нэг мөр шалгаагүй, судлаагүй үүнд өмгөөлөгчийн зүгээс гомдолтой байна.” гэв.
Хохирогч Д.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би нөхөр болох Г.Бт их гомдолтой байна. Би эрүүл мэнд, гоо сайхан, ажил мэргэжил, амьдралаараа энэ хүнээр тоглуулаад байж байна. Өнөөдөр миний биеийн байдал маш хэцүү байна, удаа дараа хүчирхийлэл үйлдэж биед халддаг. Урдны үйлдлүүдийг би цагдаагийн байгууллагад мэдэгдэж байгаагүй. Учир нь дундаасаа бид хоёр нэг хүүхэдтэй байсан учраас нэгнийгээ шүүх, цагдаагийн байгууллагад хэлж байгаагүй. Гэхдээ надад гэрч болон нотлох баримтууд байгаа. Гэрийн тавилгаа алхаар нүддэг, намайг гараа атгаж байгаад үхтэл нь зодож байсан. Анх 2013 онд Солонгос улсад эд хөрөнгөө эвдэж сүйтгэж байсан. Хүүхдээ төрүүлээд зургаан сартай байхад намайг хамаатныхаа хүүхдийн дэргэд зодсон. Заяа гэдэг хүүхэд тухайн үед болиулж байсан. Тухайн үед атгасан гараараа намайг ар нуруу, хүзүү, дагз руу цохиж байхад, тэр хамаатны хүүхэд “ахаа та яаж байгаа юм бэ” гэж болиулсан. Түүнээс хойш 2-3 удаа амьсгаа авч болохгүй цээж хүндүүрлэж байсан. Ер нь цохихоороо дандаа цээж, нуруу, тархи, дагз руу цохидог. Үүнээс болж би өнөөдөр бариа заслын эмнэлгээр байнга эмчлүүлж байгаа. Хүзүү, нуруу, сээр далийсан байдалтай байгаа. Сүүлд 2017 оны 8 дугаар сарын 9-ний шилжих шөнө намайг найзтайгаа уулзаад орж ирэхэд, хөл дээр гэшиглээ гэж намайг босож ирээд тархи, дагз руу цохисон. Би “чи яаж байгаа юм бэ” гэхэд ширээн дээр байсан дүп модыг авч надад гэмтэл учруулсан. Өнөөдөр энэ гэмтэл дуусаагүй миний хамар хугаралтай, далий эдгэсэн. Цаашдаа хагалгаанд орох шаардлагатай байгаа. Г.Бын ярьж байгаа өөрөө хамраа цохисон гэж ярьж байгаа зүйлтэй нь би эвлэрэхгүй байна. Миний эрүүл мэндийн асуудал маш хүнд байгаа учир би энэ хүнд маш их гомдолтой байна. Эмчилгээний зураг байгаа. Хүзүү, нуруу байнгын доргилттой болсон. Хэд хоногийн өмнө зүүн эмчилгээ хийлгэсэн байгаа. Цаашдаа хамрын хугарлыг хагалгаагаар эмчлэх шаардлагатай гэж эмч хэлсэн байгаа. Хуруу гар одоо хүртэл эдгээгүй мурий байна. Удаа дараагийн энэ нөхцөл байдлыг шүүх, цагдаагийн байгууллагад хүргэх, хэлэх болсон учраас хандсан юм.” гэв.
Хохирогч Д.Дгийн өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Быг тохиолдлын шинж чанартай гэмт хэрэг анх удаа үйлдсэн гэж үзэхгүй. Учир нь хавтаст хэргийн 14-16 дугаар талд анх удаа гэмт хэрэг үйлдэж байгаа үе харагдахгүй байна гэж үзэж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэхгүй байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн бол хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар Г.Бын өөрийнх нь мэдүүлэгт “Долгорсүрэн өөрийнхөө хамрыг шалбалсан, би Долгорсүрэнгийн нүүр хэсэгт цохиогүй” гэсэн мэдүүлэг байдаг. Үүнээс үзэхэд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байна. Хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал нь тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүх хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй гэж шийдвэрлэсэн. Энэ зүйл заалт өөрөө хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй энэ гэмт хэргийг үйлдсэн гэдэг нь мөн хуулийн 2.1 дэх хэсэгт “энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар” гэж заасан. Мөн онц харгис хэрцгийгээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байна гэж үзэж байна. Хохирогчид учирсан хүндэвтэр гэмтэл нь хамгийн сүүлийн үйлдэл гэдгийг мөн энэ үйлдэл, хавтаст хэрэгт авагдсан фото зургийн үзүүлэлт, мөн хохирогчийн өгсөн 14-16 дугаар мэдүүлгүүд нотолно. Урьд нь олон удаа зодсон байдаг энэ талаараа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн байдаг. 2017 оны 7 дугаар сарын 6-нд зодсон. Сар бүр зодож байдаг нь хэвийн үзэгдэл мэтээр ойлгосон. Өмнөөс нь үг хэлэх эрхгүй болсон гэж хохирогч хэлж байгаа. Энэ хүний өөрөөс нь гарч байгаа сэтгэлийн үг нь байнгын гомдолтой байсан. Мөн тухайн үед толгой эргэж байсан, одоо хүртэл эмчилгээ хийлгэж байна гэж мэдүүлж байгаа. Үүнээс харахад Г.Бын хувийн байдлаас харахад тодорхой байна гэж үзэж байна. Гэм буруугаа хүлээсэн гэж үзэж байгаа бол мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгээ үнэн зөвөөр өгөх байсан. Гэтэл энэ хүн энэ хамрын хугарлыг би учруулаагүй гэж байгаа нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Солонгос улсад хэдэн жил амьдрахад 13-н настай хүүхдийг хэн хамгаалж асарч байсан гэхээр эх нь хамгаалж асарч байсан. Өнөөдөр энэ хоёрын дундаас нэг хүүхэд гарсан, энэ хоёр хоёр талаасаа нэг нэг хүүхэдтэй гэр бүл болсон гэтэл өөрийнхөө дагуулж ирсэн арван гурван настай хүүхдийг асран хамгаалах хүн байхгүй гэж байгаа нь өөрийнх нь зан чанар нь харагдаж байна гэж үзэж байна. Гэм хорыг арилгасан гэж шүүгдэгчийн өмгөөлөгч ярьж байна. Гэм хорын хохирол өнөөдрийг хүртэл арилаагүй, цаашдаа насан туршдаа арилах эсэх нь эргэлзээтэй байна. Мэс ажиллагаа зайлшгүй шаардлагатай байгаа. Хурууны хугарал эдгэхгүй гэсэн дүгнэлттэй байгаа. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Г.Бд оногдуулсан ял шийтгэлийг хүндрүүлж өгнө үү.” гэв.
Прокурор Э.Оюунтунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Улсын яллагчийн зүгээс хэргийн болсон үйл явдал, болсон бодит байдал, нотлох баримтад дүгнэлт хийгээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэдэг байдлаар дүгнэлт хийж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн нөхцөл байдалтай тохирсон, үндэслэлтэй гэж үзэж байгаа учир анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ХЯНАВАЛ:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх Г.Бт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг зөвхөн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Галаагийн Бямбажав нь 2017 оны 8 дугаар сарын 9-ний орой Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 90б байрны 88 тоотод оршин суух гэртээ эхнэр Д.Дтэй “Оройтож ирсэн, хөл дээр гишгэсэн” гэх байдлаар маргалдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн гараараа болон биеийн массаж хийх зориулалттай модоор хохирогчийг зодож, бие махбодид нь зүүн сарвууны 4 дүгээр хурууны 2 дугаар шивнүүр ясны зөрөөгүй далд хугарал, тархи доргилт, хамар ясны баруун, зүүн хананы цөмөрсөн далд хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, зүүн хацар, зүүн бугалга, зүүн сарвууны 4 дүгээр хуруу, зүүн өгзөг, гуянд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
шүүгдэгч Г.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон хэргийн талаар үнэн зөв ярьсан байгаа. Өөрийн эхнэр Д.Дд учирсан эмчилгээний зардлын хохирлыг бүрэн барагдуулна. Надад өөр ямар нэгэн нэмж ярих зүйл байхгүй.” (хх-38),
хохирогч Д.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 8 дугаар сарын 9-ний орой 22 цаг өнгөрч байхад ажлаа тараад өөрийн найз Отгончимэгтэй уулзаад Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэрийг нь мэдэхгүй пабад орж хүн тус бүр 0.5 грамм 1 шил пиво уусан. Тухайн үед манай нөхөр Г.Б над руу залгаад хаана байгаа талаар асуухад би “Отгончимэгтэй уулзаж байна, удахгүй очлоо” гэж хэлэхэд жоохон дурамжхан байсан. Тэгээд 00 цаг өнгөрч байхад пабаас гараад гэртээ харьсан. Тухайн үед манай нөхөр Г.Б намайг байрны гадаа зам дээрээс тосч авсан. Тухайн үед жоохон ууртай байсан. Харц нь ширүүн байсан. Тэгээд гэртээ ороход манай хүү Б.Атарбаяр унтаж байсан. Манай нөхөр унтах гээд орондоо орсон. Би ариун цэврийн өрөө ороод гарч ирээд гэрлээ унтраах гээд ор руугаа явж байгаад Г.Бын хөл дээр санаандгүй гишгэсэн. Гэтэл Г.Б босч ирээд миний толгойн дагз, чамархай хэсэг рүү зөндөө цохисон. Хэдэн удаа цохисон талаар мэдэхгүй. Тэгээд Г.Б том өрөөний ширээн дээр байсан массаж хийдэг модыг аваад миний бие болон гар руу цохиж гэмтээсэн. Тэгээд намайг зодож байгаад 01 цагийн үед хүүхдээ аваад гараад явсан.” (хх-14-15),
гэрч Б.Ариунтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 8 дугаар сарын 9-ний өглөө манай охин Д.Д миний гар утас руу залгаад өчигдөр орой гэртээ ирээд Г.Бын хөлөн дээр санаандгүй гишгэсэн. Тэгсэн Г.Б “чи миний хөлөөн дээр гишгэдэг хэн юм бэ” гэж хэлээд толгой, бие хэсэг рүү гараараа зодож ширээн дээр байсан массаж хийдэг модоор зодсон гэж хэлсэн. Тэгээд энэ талаар нөхөр Дамдиндоржийн хамтаар Д.Дгийн гэрт ирсэн. Тухайн үед Д.Дгийн хамар нь цөмөрсөн, нүүр ам нь бүлцийгээд хавдсан, гуя нь хөхөрч няцарсан байсан. Сүүлд эмнэлэгт үзүүлэхэд хурууны яс нь хугарсан байсан. Тэгээд цагдаад хандсан.” (хх-34-35)
Шинжээч эмч Ц.Бадралын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Д.Дгийн биед зүүн сарвууны 4 дүгээр хурууны 2 дугаар шивнүүр ясны зөрөөгүй далд хугарал гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Биед нь учирсан бусад гэмтэл нь тус бүр Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн гэмтлийн зэрэгт хамаарна. 10198 дугаартай шинжээчийн дүгнэлтэд бичвэрийн алдаа гарсан байх бөгөөд Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” (хх-67) гэх мэдүүлгүүд
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “..Д.Дгийн биед зүүн сарвууны 4 дүгээр хурууны 2 дугаар шивнүүр ясны зөрөөгүй далд хугарал, тархи доргилт, хамар ясны баруун, зүүн хананы цөмөрсөн далд хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, зүүн хацар, зүүн бугалга, зүүн сарвууны 4 дүгээр хуруу, зүүн өгзөг, гуянд цус хуралт хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр... хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.” гэх 10198 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-21),
хохирол нэхэмжилсэн баримтууд, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх39-55, хх80-86), аюулын эрсдэлийн үнэлгээ (хх-8), хохирол төлсөн баримт (хх-56) зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогджээ.
Шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Ц.Алтанцол нарын гаргасан “хорихоос өөр төрлийн ял шийтгэж өгнө үү.” гэх давж заалдах гомдлуудыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Учир нь, мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр Г.Бын үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, түүний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон ял шийтгэл оногдуулан Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Харин анхан шатны шүүх Г.Бт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлсэн болон хүндрүүлсэн нөхцөл байдал үндэслэлийн талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасны дагуу дүгнэж бичихдээ Эрүүгийн хуулиар тодорхойлсон хууль зүйн ойлголтуудыг буруу тайлбарлажээ. Үүнд:
Анхан шатны шүүх Г.Бт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэж дүнэсэн нь үндэслэлгүй юм. Харин шүүгдэгч Г.Бын үйлдэл нь тохиолдлын шинжтэй нэг удаагийн үйлдэл бус харин хохирогчийг гараараа болон массажны зориулалттай модыг ашиглаж олон удаагийн цохилтоор түүнд олон тооны шарх үүсгэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байгааг дурдах нь зүйтэй.
Мөн шүүгдэгч Г.Бын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар найман сар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн атлаа шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “Энэ хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй” гэж ойлгомжгүй, хэт ерөнхийлсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байгааг дурдах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэсэн болно.
Иймд шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Ц.Алтанцол нарын гаргасан давж заалдах гомдуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 783 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 783 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Ц.Алтанцол нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Ц. ОЧ