Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2018/01131

 

Л.Эын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар    

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/00049 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 783 дугаар магадлалтай,

Л.Эын нэхэмжлэлтэй

Д.М-т холбогдох,

24.876.825 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Л.Эын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Талууд 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд заасан үндэслэлээр уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Учир нь О.Баясгалан, Д.М- нар нь өөрсдийн явуулж байсан үйл ажиллагааны талаар буруу мэдээлэл өгч хятадуудтай хамтран ажилладаг байсан талаар ташаа мэдээлэл өгсөн бөгөөд тус тоглоомын газрын нийт ашгийн 15 хувиас авна гэж бодож байтал зөвхөн Д.М-т ногдох хэсгээс 15 хувь авах болсноо сүүлд мэдсэн. Д.М- нь Л.Эд ямар ч ашиг өгөөгүй бөгөөд тухайн тоглоомын газрын бусад хөрөнгө оруулагч нар Д.М-тай хамтран ажиллахгүй гээд Д.М-аас зайгаа барьж эхэлсэн байдаг. Энэ нөхцөл байдлыг мэдсээр байж О.Баясгалан нь Л.Эыг хуурч мэхлэн ташаа мэдээлэл өгч, анхнаасаа дампуурах гэж байгаа газрыг мэдсээр байж Л.Эын хөрөнгийг оруулан хууран мэхлэх замаар гэрээ хийсэн байдаг. Иймд 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Л.Э, Д.М- нарын хооронд хийгдсэн хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, гэрээний дагуу оруулсан 20.500.000 төгрөг, Д.М-ын дансанд шилжүүлсэн 2.376.825 төгрөг Д.М-ын өмнөөс түрээслүүлэгч н.Дуламсүрэнгийн дансанд шилжүүлсэн 2.000.000 төгрөг, нийт 24.376.825 төгрөгийг хариуцагч Д.М-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаярын шүүхэд гаргасан тайлбарт: Талууд автомат тоглоомын газар ажиллуулахаар 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулж гэрээгээр Л.Э нь автомат тоглоомын газрын үйл ажиллагаанд зориулж 10.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Гэрээний дагуу хөрөнгө оруулагч тал нь ашгийн 15 хувийг авахаар тохирсон бөгөөд гэрээ байгуулснаас эхлэн тус тоглоомын газрын үйл ажиллагааг Л.Э нь хариуцан, өдөр тутмын орлогыг өөрөө авдаг байсан. Улмаар автомат тоглоомын газрын үйл ажиллагаа доголдож цаашид ажиллуулах нөхцөл боломжгүй болсноос үүдэн зогсооход хүрсэн. Талуудын хооронд байгуулсан гэрээ болон хуульд заасны дагуу хамтран ажиллах гэрээний дагуу хамтын үйл ажиллагаанаас бий болсон алдагдлыг хамтран хариуцах тул оруулсан хөрөнгө оруулалтыг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Мөн н.Дуламсүрэнгийн дансанд шилжүүлсэн түрээсийн төлбөр гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй бөгөөд талууд үйл ажиллагаа явуулахад гарч буй зардлыг хамтран хариуцах үүрэгтэй. Хариуцагчийн зүгээс аливаа хэлбэрээр бэлэн мөнгө авч байгаагүй ба харин дансаар дамжуулан авсан мөнгөний тухайд тоглоомын үйл ажиллагаанаас олсон орлогоос надад ногдох хувийг Л.Э нь тухай бүр шилжүүлж байсан. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/00049 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.М- нарын хооронд хийгдсэн 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, 24.876.825 төгрөгийг гаргуулах нэхэмжлэгч Л.Эын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Л.Эын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 282.335 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 783 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/00049 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.М-аас 10.000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Л.Эд олгож, үлдэх 14.876.825 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтын үлдээсүгэй. гэснийг үлдээж, хариуцагч Д.М-аас 174.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай. гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахад нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282.335 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Л.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хамтран ажиллах гэрээ хэрэгжиж байх явцад түрээслэгчийн дансанд шилжүүлж байсан мөнгийг гэрээг цуцлах хүртэл хугацааны ашийг баримтаар тогтоогдоогүй байхад хамтын үйл ажиллагаатай холбоотой гарсан зардал гэж үзэж хариуцагч Д.М-ын дансанд шилжүүлсэн 2.376.825 төгрөгийг нэхэмжлэх эрхгүй гэж хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Учир нь хүчин төгөлдөр бус гэдгийг шүүх тогтоосон атал уг 2.376.825 төгрөгийг нэхэмжлэх эрхгүй гэж шийдвэрлэсэн нь Иргэний хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Давж заалдах шатны шүүх дүгнэхдээ нэхэмжлэгч тал хамтран ажиллах гэрээнээс гарч, гэрээний дагуу шилжүүлсэн мөнгийг шаардсан буюу гэрээ цуцалсантай холбоотой шаардлага гаргасан байгааг шүүх анхаараагүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах гэж тодорхойлсон атал давж заалдах шатны шүүх гэрээг цуцалсантай холбогдуулан шаардлага гаргасан гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч талаас гэрээг цуцлах болон гэрээнээс татгалзах тухай ямар ч саналыг гаргаагүй. Учир нь хамтран ажиллах гэрээний 2.1.2 дахь хэсэгт “...үйл ажиллагаанаас бий болсон аливаа эрсдэл хариуцлагыг хүлээж болно, Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11 дэх хэсэгт хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг гэрээний талууд хамтран хариуцна” гэж тус тус заасан. Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т заасныг үндэслэн 10.000.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь нэхэмжлэлээс хальж, нэхэмжлэлд хамааралгүй үндэслэлээр дүгнэлт өгсөн. Иймд магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Л.Э анх Д.М-, О.Баясгалан нарт холбогдуулж Д.М-тай байгуулсан 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн хамтран ажиллах гэрээгээр шилжүүлсэн 24.876.825 төгрөг гаргуулах шаардлага гаргаж /хх-1-2-р тал/, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад О.Баясгаланд холбогдох шаардлагаас татгалзаж, Д.М-т холбогдуулан гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулж, 24.876.825 төгрөгийг гаргуулах гэж өөрчилжээ. /хх-57, 84-р тал/

Нэхэмжлэгч гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулж, мөнгө гаргуулах шаардлагын үндэслэлийг “...гэрээний дагуу 20.500.000 төгрөг, Д.М-ын дансанд 2.376.825 төгрөг, түрээсийн төлбөрт 2.000.000 төгрөг төлсөн, Д.М- нь хятадуудтай хамтран ажилладагаа нууж хууран мэхэлсэн, хамтын ажиллагаанаас олсон нийт ашгийн 15 хувь бус, өөртөө ногдох ашгийн 15 хувийг өгөх болсон...” гэснийг, хариуцагч “...Л.Эын шилжүүлсэн 10.000.000 төгрөгийг хамтын ажиллагаанд зарцуулсан, нэхэмжлэгч тоглоомын газрыг хариуцаж байсан, ашиг орлогогүй, алдагдал хүлээсэн...” гэж маргасан байна.

Анхан шатны шүүх, Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар   нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх  Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар нэхэмжлэлээс 10.000.000 төгрөгийн шаардлагыг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Давж заалдах шатны шүүх “хууран мэхэлсэн” үндэслэлээр гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлээгүй, зохигчийн эрхэлсэн үйл ажиллагаа нь хуульд нийцсэн эсэх, гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

Анхан шатны шүүх хамтран ажиллах гэрээг “хууран мэхэлсэн” үндэслэлээр хүчин төгөлдөр буст тооцуулах нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэлийг зөв тодорхойлоогүй, гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх эсэхийг хуульд нийцүүлэн дүгнээгүй, мөнгө гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо зөвхөн талуудын эрхэлсэн үйл ажиллагааны эрсдэл гэсэн нь бүрэн дүгнэлт болж чадаагүй байна. Иймд шийдвэрт дараахь үндэслэлээр өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

1. Д.М-ын ажиллуулж байсан “автомат тоглоомын газар”-т нэхэмжлэгч Л.Э 10.000.000 төгрөгийн хөрөнгө оруулж нэгдэн ажиллахаар тохиролцсон болохыг зохигч маргаагүй байна.

Зохигч 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр “хамтран ажиллах” нэртэй гэрээг бичгээр байгуулжээ.

Уг гэрээгээр талууд хуулийн этгээд байгуулахгүйгээр “автомат тоглоомын газар” ажиллуулах, энэ зорилгыг биелүүлэхийн тулд Л.Э 10.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж үйл ажиллагаанд оролцож, хяналт тавих, үйл ажиллагааны цэвэр ашгаас 15 хувийг хүртэх, тэр хэмжээгээр үйл ажиллагаанаас бий болсон аливаа эрсдэл, хариуцлагыг хүлээх, Д.М- үйл ажиллагаанаас олсон ашгийг нэхэмжлэгчид хуваарилах, хамтын ажиллагаанд оролцох үүргийг тус тус хүлээж, хамтын үйл ажиллагаатай холбоотой аливаа зардлыг харилцан бие биедээ тайлагнаж тооцоо нийлэх, талууд хамтын үйл ажиллагааны зорилгодоо хүрч гэрээ бүрэн хэрэгжихээс өмнө гэрээгээр оруулсан хөрөнгөө буцаан татахгүй байхаар харилцан тохиролцжээ.

Энэхүү гэрээ нь 1 жилийн хугацаатай байгуулагдсан байна.

Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д “шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно”, 59 дүгээр зүйлийн 59.1-д “хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй” болохыг тус тус  заажээ.

“Автомат тоглоомын газар”-ын үйл ажиллагааг Д.М- өөр бусадтай хамтран  эрхэлж байснаа нуусан, ашгийг багаар хуваарилсан гэдэг нь хэргийн баримтаар нотлогдоогүй байна.

Л.Э гэрээ байгуулснаас хойш хамтын үйл ажиллагаанд оролцож, уг үйл ажиллагаанаас олсон ашгаас зохих хувийг өөртөө авсан, ашгаас Д.М-ын дансанд шилжүүлсэн байх тул энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн гэж үзэв.

Иймд хууран мэхэлсэн үндэслэлээр гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулахыг хүссэн Л.Эын нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасантай нийцнэ гэж дүгнэв.

2. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан “хамтран ажиллах” гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээдэг.

Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй хэдий ч зохигчийн эрхэлсэн хамтын үйл ажиллагаа хуулиар хориглоогүй, зөвшөөрөгдсөн байхыг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д  тодорхойлжээ.

Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Хэргийн баримтад, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Д.М- нь хамтран ажиллах гэрээ байгуулчих, энэ маш их ашигтай ажилладаг гэж танилцуулсан байдаг..., тоглоомын газарт нь очоод суусан ашиг байгаагүй..., дампуурсан газар хөрөнгө оруулчихсан юм байна гэж ойлгоод гэрээнээс татгалзаж, үйл ажиллагаанд оролцохгүй гэдгээ хэлсэн...”, гэх тайлбар /хх-114-115/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...10.000.000 төгрөг авч, хятадаас автомат тоглоомын машин оруулж ирсэн, Энхтуул нь тэр газраас 7-8 сая төгрөгийн орлого олж өөрөө 2-3 сар гардан ажиллуулсан, орлогоосоо өдөрт 100.000-200.000 төгрөгийг Д.М-т өгдөг байсан, ...энэ газар нь өдөрт 2.000.000 гаран төгрөгийн орлого олдог, сүүлд тоглогч их хэмжээний мөнгө хожсон учир мөнгөгүй болоод хаасан ...автомат тоглоомын газар хэрхэн ажиллуулах талаар хятадуудаас хөлсөөр заавар, зөвлөгөө авч байсан, ...,хятадуудтай хамтарч ажилласан зүйл байгаагүй...,” гэх тайлбар /хх-114-116-р тал/,  гэрч О.Баясгалангийн  ”...Энхтуулыг байх үед хэвийн ажиллаж байсан, ...нэг тоглохдоо 20.000 төгрөгөөр тоглодог, ...хятадуудаар тоглоомын машинаа засуулдаг л юм шиг байна лээ..., ...намайг очиж тоглодог байхад хятадууд байдаг байсан, ...өдөрт 7.000.000 гаруй төгрөгийн ашигтай гэж ярьж байсан, ...сүүлдээ ашиг орлого нь муудаад хятадууд нь тоглоомоо чангалсан гэж сонссон, ...сүүлд тэр хоёр рулет гэдэг тоглоом аваад, ажиллуулж байхдаа тоглогчдоо их мөнгө алдсан гэж сонссон...” /хх-43, 118-119-р тал/ гэсэн мэдүүлэг, мөнгө шилжүүлсэн дансны хуулбарууд, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас, гаалийн хилээр бараа нэвтрүүлсэн баримтууд авагдсан байна.

Аж ахуйн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-т казиногийн үйл ажиллагаа эрхлэхийг хоригложээ.

Монгол хэлний тайлбар тольд “казино” гэдгийг мөрийтэй тоглоом, мөрийтэй тоглоомын газар гэж тайлбарлажээ.

Дээр дурдсан хэргийн баримтаас үзвэл Л.Э, Д.М- нар нь бусдын байрыг түрээслэн, тодорхой тоног төхөөрөмж ашиглан үр дүнг урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршсан тоглоом тоглуулдаг байсан нь тогтоогдсон гэж үзнэ.

Зохигчийн байгуулсан хамтран ажиллах гэрээ, тухайн гэрээний дагуу “автомат тоглоомын газар” гэж нэрлэгдсэн үйл ажиллагаа агуулгын хувьд хуулиар хориглосон буюу  хууль зөрчсөн хэлцэл гэж үзэх нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасантай нийцнэ гэж дүгнэв.

Энэ төрлийн үйл ажиллагааг анх Д.М- эрхлэсэн хэдий ч Л.Э хуулиар зөвшөөрөгдөөгүй үйл ажиллагаа гэдгийг мэдэх боломжтой байжээ. Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй байна.

Харин шилжүүлсэн хөрөнгө хуулиар хориглосон үйл ажиллагаанд зарцуулагдсан тул Л.Эын хувьд мөнгөө шаардах боломжгүй, өөрөөр хэлбэл хуулийн дээрх зохицуулалт үйлчлэхгүй юм.

Энэ талаар мөн Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2.3-т “хүчин төгөлдөр бус болсон үүргийн хувьд өмнө нь гүйцэтгэсэн үүрэг ёсоор шилжүүлсэн өр төлбөрийн гэрээг гүйцэтгэх үед хөрөнгөө буцаан шаардах шаардлага нь хуульд харшилж байвал шилжүүлсэн хөрөнгийг буцаан шаардаж болохгүй” гэж заасан байна.

Дээр дурдснаар нэхэмжлэгч Л.Эын гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаярын гомдлыг хангаж, шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 783 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/00049 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 59 ддүгээр зүйлийн 59.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул Л.Э, Д.М- нарын хооронд байгуулсан 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулахыг хүссэн Л.Эын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 492 дугаар зүйлийн 492.2.3-т зааснаар Д.М-аас 24.876.825 төгрөг гаргуулахыг хүссэн Л.Эын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч 52.979 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид 174.950 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

                                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.УНДРАХ

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ