Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2018/01134

 

 

 
   

Д.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШШ2018/00065 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 620 дугаар магадлалтай,

Д.О-ийн нэхэмжлэлтэй

Э Э Ж ЮХХК-д холбогдох,

Гэрээний үүргийг хугацаанд нь  зохих ёсоор биелүүлээгүй болон доголдлын улмаас  учирсан хохиролд 12.178.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхрийцэцэг, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Д.О-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Э Э Ж ЮХХК-тай 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр "Орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ"-г байгуулсан. Гэрээний 5.3-д зааснаар барилгыг 2015 оны 2 дугаар улирал буюу 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор ашиглалтад хүлээлгэн өгөхөөр заасан боловч хугацаандаа өгөөгүй. Ажил гүйцэтгэгч гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс болж 2015 оны 7 дугаар сараас 2016 оны 9 дүгээр сар хүртэл нийт 15 сар бусдын байр хөлслөн амьдарч, өөрөөс гарах ёсгүй байсан 7.500.000 төгрөгийн зардлыг гаргасан. Мөн 2016 оны 6 дугаар сард байрыг улсын комисс хүлээн авлаа гэж хэлсэн  боловч түр цахилгааны холболт хийгдсэн, айл оруулах боломжгүй, цахилгаан нь дийлэхгүй байснаас айлуудыг 2016 оны 9 дүгээр сараас оруулж эхэлсэн. 2016 оны 7 дугаар сард байрыг "Гандрис од" ХХК-аар орон сууны талбайг хэмжүүлэхэд 1 м.кв дутуу байсан. Хариуцагч компанийн захирал н.Сүрэнцэцэгтэй уулзахад "гэрчилгээ гарч үлдэгдэл төлбөр чинь банкнаас ороод ирсэний дараа ярилцаж байгаад шийдвэрлэж өгье гэсэн". Байрны гэрчилгээ 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр гарч, 10 сард зээлийн асуудал шийдэгдсэнээс хойш удаа дараа шаардлага хүргүүлсэн боловч энэ тухай тодорхой хариу өгөөгүй. Гэрээнд 1 м.кв байрыг 1.700.000 төгрөгөөр тохирсон бөгөөд хэрэг хянан шийдвэрлэж байх явцад хариуцагчийн хүсэлтээр 2 удаа шинжээч томилогдож, анхны м.кв-ын зөрүүнээс их хэмжээтэй гарсан тул нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн, 2.193.000 төгрөг гаргуулна уу. Хариуцагч нь байрны захиалга авахдаа бүх тагтанд вакум хаалт хийнэ гэж тохирсон. 2016 оны 10 дугаар сард байранд ороход цонхны тагтны хаалт хийгээгүй байсан. Хийлгэх тухай шаардлага тавихад татгалзсан хариу өгсөн. Мөн байранд ороход ванны плита дутуу наасан байсныг засуулах шаардлага тавихад манайх хариуцахгүй гэсэн. Тиймээс эдгээр дутуу гүйцэтгэлийг нь өөрийн зардлаар гүйцэтгээд үүнийгээ нэхэмжилж байна. Тагтны вакум хаалт хийлгэхэд 705.000 төгрөг, ванны өрөөний плита наахад 80.000 төгрөг зарцуулсан. Иймд нийт 12.178.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: Тус компани 216 айлын орон сууцыг барьж 2016 оны 6 сар гэхэд улсын комисст бүрэн хүлээлгэн өгсөн. Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй, гүйцэтгэгчээс шалтгаалаагүй, гэм буруу байхгүй, харин талуудаас үл хамаарах бодит шалтгаантай байсан. 216 айлын орон сууцны зарим иргэд Д.О-той адил шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж, шүүхээр шийдүүлж, улмаар Улсын Дээд шүүхийн тогтоол гарч хүчин төгөлдөр болсон. Нэхэмжлэгч нь "хугацаанд нь үүргээ биелүүлээгүй хохирол" гэсэн агуулгаар 7.500.000 төгрөг нэхэмжилж байгаа. Гэтэл хохирол учирсан болохыг нотолж байгаа гэх баримт нь үнэн зөв гэж үзэхэд эргэлзээтэй. Нэхэмжлэгч орон сууцныхаа төлбөрийг төлчихөөд байхад хариуцагч нь орон сууцыг ашиглалтад өгөөгүй удсан зүйлгүй. Нэхэмжлэгчийн орон сууцны зээл нь 2016 оны 11 сард гарсан. Гэтэл хариуцагч орон сууцаа улсын комисст хүлээлгэн өгчихсөн байсан. Нэгэнт орон сууцны төлбөрөө төлөөгүй хүнд орон сууцыг хүлээлгэн өгөхгүй. Хариуцагч компани орон сууцны захиалагч болохоос барилгын тусгай зөвшөөрөлтэй, барилгыг барьсан компани биш юм. Зураг дээр нэхэмжлэгчийн орон сууцыг 37.8 м.кв гэж байсан. Үүнийг нь Ерөнхий төлөвлөгөөний газар хянан, баталгаа хийж батлаад, Мэргэжлийн хяналтын газраас барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл өгдөг. Улсын комисс орон сууцыг норм стандартын дагуу барьсан гээд хүлээгээд авсан. Хариуцагчаас биш барилгын зураг төсөл хийхэд ашигладаг барилгын талбай тооцох аргачлал, сүүлд батлагдсан барилгын талбай тооцоод байгаа аргачлал 2-н зөрүү юм. Гэрээнд цонхны тагтны хаалт, ариун цэврийн өрөөний плитаны талаар тусгагдаагүй. Хийсэн засал, сайжруулалт нь өөрийн өмчлөлийн байранд нь үлдэнэ. Өмчлөлийн сууцандаа засвар, сайжруулалт хийснийхээ хөлсийг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШШ2018/00065 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар 255.1.1, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хариуцагч Э Э Ж ЮХХК-иас 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/07/09 тоот "Орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ"-ний үүргийг хугацаанд нь биелүүлээгүй улмаас учирсан хохирол 7.500.000 төгрөг, орон сууцны төлбөрт илүү төлсөн 2.193.000 төгрөг, дутуу ажлын гүйцэтгэл буюу тагтны вакум хаалт 705.000 төгрөг, ариун цэврийн өрөөний плита наалгасан ажлын хөлс 80.000 төгрөг, нийт 12.178.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 620 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2018/00065 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар 255.1.1, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хариуцагч Э Э Ж ЮХХК-иас 785.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.О-ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11.393.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, 3 дахь заалтын үлдээсүгэй гэснийг үлдээж хариуцагч Э Э Ж ЮХХК-аас 23.390 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.О-ид олгосугай гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.О-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 209.800 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхрийцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх ёстой. Мөн гэрээний агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг харгалзах ёстой. Гэтэл давж заалдах шатны шүүх гэрээг буруу тайлбарласан. Барилгын чанар гэсэн гэрээний ойлголтонд тагтны хаалт, ванны плита гэсэн ойлголтыг оруулж үзсэн нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл аль нэг орон сууц тагтны хаалтгүй, эсвэл ванны урдуур плита наагаагүй бол тухайн барилгыг чанаргүй барилга гэсэн ойлгоод улсын комисс хүлээн авахгүй байхаар дүгнэлт хийжээ. Манай барилга Монгол улсын Барилгын тухай хууль болон бусад норм дүрэм стандарыг хангаад улсын комисс хүлээн авсан. Гэтэл чанаргүй барилга мэтээр дүгнэсэнд гомдотой байна. Манай компани тагтны хаалт хийж өгнө эсвэл ванны урдуур плита нааж өгнө гэсэн гэрээний үүрэг хүлээгээгүй. Давж заалдах шатны шүүх ванны урдуур плита наах гэсэн ойлголтыг хаанаас гаргаж ирээд ямар нотлох баримтыг үнэлээд манай компаниас 785.000 төгрөг гаргуулж шийдсэнийг ойлгохгүй байна. Гэрээгээр тохироогүй үүргийг хүлээлгэж байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                      ХЯНАВАЛ:

Д.О-, Э Э Ж ЮХХК-д холбогдуулж, орон сууц шилжүүлэн өгөх үүргээ хугацаандаа биелүүлээгүйн улмаас учирсан хохиролд 7.500.000 төгрөг, шилжүүлсэн эд хөрөнгө доголдолтой буюу талбай хэмжээ дутуугаас илүү төлсөн 2.193.000 төгрөг, тагтны хаалт хийгээгүй, ванны доод хэсгийг битүүлж плита наагүйгээс өөрсдөө гүйцэтгэсний зардал 785.000 төгрөг, нийт 12.178.000 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч “...хугацаа хэтэрсэн нь гуравдагч этгээдээс шалтгаалсан, ...талууд тохиролцож орон сууцны үнийг буруулсан ...гэрээгээр тохиролцсон ажлыг хүлээлгэн өгсөн...” гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлээс 785.000 төгрөг гаргуулах шаардлагыг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Зохигчийн хооронд 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр А/07/09 тоот “орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулагдаж, энэхүү гэрээгээр Э Э Ж ЮХХК нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутагт байрлах “Залуу гэр бүл-2” орон сууцны хотхоны байранд 37.8 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 2015 оны 2 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулах үүрэг, захиалагч Д.О- ажлын хөлс 69.930.000 төгрөг төлөх үүрэг харилцан хүлээсэн нь тогтоогджээ.

Гэрээ “орон сууц захиалах” гэж нэрлэгдсэн хэдий ч үүрэг гүйцэтгэх тохирсон хугацаа болон гэрээний бусад нөхцлүүд нь ажил гүйцэтгэх бус, харин  худалдах-худалдан авах гэрээний шинжтэй байх бөгөөд энэ талаар хоёр шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.1-д заасан зохицуулалтад нийцүүлэн дүгнэжээ.

Орон сууц 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр ашиглалтад орсон тухайд зохигч маргаагүй байна.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.2-т заасан зохицуулалтын агуулгаас үзвэл хохирол шаардахад хариуцагчийн гэм буруу тогтоогдсон байх шаардлагатай байна.

Хугацаа хэтрүүлэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүйг Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т заажээ.

Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний 5.4.3-т “эрчим хүч, цахилгаан хангамж, дулаан цэвэр ба бохир усны хангамжийн байгууллагуудаас шууд шалтгаалах хугацаа”, 5.4.2-т “төр захиргааны байгуулагын асуудал шийдвэрлэх хугацаа” зэргийг гэрээний хугацаа хэтрэхэд хүргэх хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахыг талууд тохиролцсон ба тухайн нөхцлийн улмаас барилгыг ашиглалтад оруулах хугацаа хойшлогдсон нь хэргийн баримтаар тогтоогдсон байна.

Дээрх байдлаас хариуцагч Э Э Ж ЮХХК-г үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй гэм буруутай гэх боломжгүйгээс гадна талууд тохиролцон гэрээний үнийг бууруулж нэмэлт гэрээ байгуулсан байх тул бусдын орон сууцыг хөлсөлсний зардлыг хохиролд тооцон 7.500.000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцсэн гэж үзэв.

Орон сууцны талбайн хэмжээ дутуугаас 2.193.000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо шүүх Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2, 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Орон сууцыг нэхэмжлэгч Д.О- 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авсан, 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр орон сууцны талбайг Гандирс-Од ХХК-р хэмжүүлэхэд 0.93 м.кв дутуу байгааг мэдсэн боловч 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр байр хүлээлцэх акт үйлдэхдээ худалдагч талд энэ талаар гомдлын шаардлага гаргаагүй байх тул уг доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзнэ.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэйг заасан байна.

Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзэхийг Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2-т заасан ба тагтны хаалт хийх, ванны доод талыг битүүлж плита наах үүргийг хариуцагч хүлээж гэрээгээр тохиролцоогүй тул эдгээрийг доголдол гэж үзэхгүй. Иймд нэхэмжлэгчид нэмэлт зардал  төлүүлэх шаардлага гаргах эрх үүсэхгүй юм.  

Дээр дурдснаар давж заалдах шатны шүүх хариуцагчаас 785.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгон, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 620 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШШ2018/00065 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 23.190 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.УНДРАХ

                                ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ