Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 65

 

 

 

 

 

 

                                  

 

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Д.О-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Э Э Ж Ю  ХХК д  холбогдох

 

12.178.000  төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

                                              

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.О , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Э.Энхрийцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жаргалсүрэн нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

   Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э Э Ж Ю ” ХХК-тай 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “Орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулсан. Гэрээний 5.3-д зааснаар барилгыг 2015 оны 2 дугаар улирал буюу 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор ашиглалтанд хүлээлгэн өгөхөөр заасан боловч “Э Э Ж Ю ” ХХК-ийн удаашралтай, тооцоололгүй гүйцэтгэлийн улмаас захиалагч бид гэрээгээр тохирсон хугацаандаа орон сууцаа хүлээж аваагүй юм. Захиалсан орон сууц маань хугацаандаа ашиглалтад ороогүйн улмаас миний бие 2014 оны 03 дугаар сараас 2016 оны 9 дүгээр cap хүртэл нийт 19 cap Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Барилгын-7, 2 дугаар байрны 30 тоот орон сууцыг хөлсөлсөн. Үүнээс 15 cap нь байр хугацаандаа ашиглалтад орсон тохиолдолд өөр байр хөлслөх ёсгүй, надаас 7.500.000 төгрөгийн хохирол гарахгүй байсан юм. Өөрөөр хэлбэл гүйцэтгэгч талын гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс болж 2015 оны 7 дугаар сараас 2016 оны 9 дүгээр cap хүртэл нийт 15 cap байр хөлслөн амьдарч, өөрөөс гарах ёсгүй байсан зардлыг гаргасан юм.

2016 оны 6 дугаар сард байрыг улсын комисс хүлээн авлаа гэж хэлж байсан боловч түр цахилгааны холболт хийгдсэн, айл оруулах боломжгүй, цахилгаан нь дийлэхгүй гэсээр айлуудыг 2016 оны 09 дүгээр сараас оруулж эхэлсэн. Манайх 10 дугаар сард байрандаа орсон. 2016 оны 07 дугаар сард м.кв дутуу байж магадгүй гэж бодоод “Э Э Ж Ю ” ХХК-д хүсэлт тавиад талбайг нь хэмжүүлмээр байна гэхэд зөвшөөрч, тэдний инженер н.Мөнхсүрэн гэгчийг байлцуулан “Гандрис од” ХХК-аар хэмжүүлэхэд 1 м.кв дутуу байна гэсэн тухайн дүгнэлтийг нь аваад компанийн захирал н.Сүрэнцэцэгтэй уулзахад “гэрчилгээ гарч үлдэгдэл төлбөр чинь банкнаас ороод ирсэний дараа ярилцаж байгаад шийдвэрлэж өгье гэсэн”. Манай байрны гэрчилгээ 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр гарч, 10 сард зээлийн асуудал шийдэгдсэнээс хойш удаа дараа шаардлага хүргүүлсэн боловч энэ тухай тодорхой хариу өгөхгүй байсан. Бид гэрээндээ 1 м.кв байрыг 1.700.000 төгрөгөөр тохирсон бөгөөд хэрэг хянан шийдэрлэж байх явцад хариуцагчийн хүсэлтээр 2 ч удаа шинжээч томилогдож, анхны м.кв-ын зөрүүнээс их хэмжээтэй гарсан тул нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

Энэ компани анх захиалагч нараас байрны захиалга авахдаа бүх тагт нь вакум хаалттай хэмээн давуу талаа сурталчилан мэдээлэл өгч байсан бөгөөд надтай гэрээ байгуулж захиалга авахдаа бас тагтны хаалт хийнэ хэмээн захиалга авсан байдаг. 2016 оны 10 дугаар сард байранд ороход Цонхны тагтны хаалт хийгээгүй байсан бөгөөд хийлгэх тухай шаардлага тавихад татгалзсан хариу өгсөн. Мөн байранд ороход ванны плита дутуу наасан байсныг засуулах шаардлага тавихад бүх айлууд ийм байгаа манайх хариуцахгүй гэсэн. Тиймээс эдгээр дутуу гүйцэтгэлийг нь өөрийн зардлаар гүйцэтгээд үүнийгээ нэхэмжилж байгаа юм. Тагтны вакум хаалт хийлгэхэд 705.000 төгрөг, ванны өрөөний плита наахад 80.000 төгрөг зарцуулснаа баримтаар нотлон нийт 12.178.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна” гэв.

 

   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн энэ шаардпагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Тус компани 216 айлын орон сууцыг барьж 2016 оны 6 cap гэхэд улсын комисст бүрэн хүлээлгэн өгсөн байсан. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтруүлсэн гэж үзэхгүй гэж заасан.

Хариуцагч барилгыг хугацаанд нь хүлээлгэн өгч чадаагүй нь гүйцэтгэгчээс шалтгаалаагүй, гэм буруу байхгүй, харин талуудаас үл хамаарах бодит шалтгаантай байсан болно. Манай компанийн барьсан 216 айлын орон сууцны зарим иргэд Д.О той адил шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж, танай шүүхээр шийдүүлж, улмаар Улсын Дээд шүүхийн тогтоол гарч хүчин төгөлдөр болсон байгаа. Иймд маргааны үйл бармтын талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгох өгнө үү.

Д.О  нь “хугацаанд нь үүргээ биелүүлээгүй хохирол” гэсэн агуулгаар 7.500.000 төгрөг нэхэмжилж байгаа. Гэтэл хохирол учирсан болохыг нотлож байгаа гэх баримт нь үнэн зөв гэж үзэхэд эргэлзээтэй нотлох баримт байгааг шүүх анхаарна байх.

Д.О  орон сууцныхаа төлбөрийг төлчихөөд байхад манай компани орон сууцыг ашиглалтанд өгөөгүй удсан зүйл байхгүй. Д.О ийн орон сууцны зээл нь өөрөө 2016 оны 11 сард гарсан. Гэтэл манайх орон сууцаа улсын комисст хүлээлгэн өгчихсөн байсан. Нэгэнт орон сууны төлбөрөө төлөөгүй хүнд орон сууцыг хүлээлгэн өгөхгүй. Д.О  сүүлд орон сууцандаа орсон гэдэг нь өөрөөс нь шалтгаалсан.

Орон сууцны м.кв-ийн зөрүү мөнгө нэхэмжилсэн байна. Хариуцагч буруугүй гэж үзэж байгаа. Хариуцагч компани орон сууцны захиалагч болохоос барилгын тусгай зөвшөөрөлтэй, барилгыг барьсан компани биш юм. Ойлгомжтой байх үүднээс бүх үйл ажиллагааг товч дурьдахыг хүсэж байна.

Барилгын зургийг манай компани гаргаагүй. Тусгай зөвшөөрөлтэй компани хийдэг. Монгол улсад мөрдөгдөж байгаа Барилгын норм ба дүрэм, холбогдох бусад стандартын дагуу зураг төслөө хийсэн байх. Тэдний хийсэн зураг дээр Д.О ийн орон сууцыг 37.8 м.кв гэж байсан. Үүнийг нь Ерөнхий төлөвлөгөөний газар хянан, баталгаа хийж батлаад, Мэргэжлийн хяналтын газраас барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл өгдөг. Ингээд барилгын тусгай зөвшөөрөлтэй компани барьдаг. Үүнийг нь Улсын комисс хүлээн авдаг. Барилгын тухай хууль дээр энэ бүхэн тодорхой байгаа. Ингээд улсын комисс орон сууцыг норм стандартын дагуу барьсан байна гээд хүлээгээд авсан.

Гэтэл одоо зөрүү гарч ирж байна. Энэ зөрүү нь хариуцагчаас биш барилгын зураг төсөл хийхэд ашигладаг барилгын талбай тооцох аргачлал, сүүлд батлагдсан барилгын талбай тооцоод байгаа аргачлал 2-н зөрүү юм. Манай компанийн тухайд Д.О ийн барилгыг барьсан компанид 37.8 мкв орон сууцны ажил гүйцэтгэсэн гэж төлбөрийг төлнө. Хэрвээ хэмжээ нь бага байна гэсэн бол манай компани гүйцэтгэгч компанид бага төлбөр төлөх байсан. Энэ утгаараа манай компани бол хохирогч юм.

Доголдолтой хөрөнгө борлуулсан, өөрөөр хэлбэл цонхны тагтны хаалт хийгээгүй 705.000 төгрөг, ариун цэврийн өрөөний плита наагаагүй 80.000 төгрөг нэхэмжилсэн.

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Аливаа маргаан гарсан тохиолдолд шүүх “Орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ”-г үндэслэн шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. Д.О той байгуулсан “Орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ”-нд цонхны тагтны хаалт, ариун цэврийн өрөөний плитаны талаар тусгагдаагүй. Гэтэл хийсвэрээр “цонхны тагтай” гэж надад хэлсэн хэмээн  хийсвэрээр мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Аливаа хүн өөрийн өмчлөлийн орон сууцаа засах тохижуулах, түүндээ ямар материал хэрэглэх нь тухайн хүний эрх юм. Хийсэн засал, сайжруулалт нь өөрийн өмчлөлийн байранд нь үлдэнэ. Гэтэл өөрийн өмчлөлийн орон сууцандаа засвар, сайжруулалт хийснийхээ хөлсийг тус компаниас нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад                                         

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Д.О   нь хариуцагч “Э Э Ж Ю ” ХХК-д холбогдуулан гаргасан байрны 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/07/09 тоот “Орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ”-ний үүргийг хугацаанд нь биелүүлээгүй улмаас учирсан хохирол 7.500.000 төгрөг, орон сууцны төлбөрт илүү төлсөн 2.193.000 төгрөг,  дутуу ажлын гүйцэтгэл буюу тагтны вакум хаалт 705.000 төгрөг, ариун цэврийн өрөөний плита наалгасан ажлын хөлс 80.000 төгрөг, нийт 12.178.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь барилгын байнгын ашиглалтад өгөх хугацаа биднээс шалтгаалаагүй, мөн Д.О  ид хөнгөлөлт үзүүлсэн гэж эс зөвшөөрч, байсан гэж маргажээ.

 

Зохигчдын  хооронд 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “Орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулагдаж, Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Залуу, гэр бүл-2” орон сууцны хотхоны дугаар байрны 7 давхарт байрлах 37,8 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьж ашиглалтад оруулсан, орон сууцны үнэ бүрэн төлөгдсөн, орон сууцыг Д.О ийн өмчлөлд шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

 

Нэхэмжлэгч Д.О  нь хариуцагч “Э Э Ж Ю ” ХХК-тай 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр А/07/09 тоот “Орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулж, гүйцэтгэгч “Э Э Ж Ю ” ХХК нь Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Залуу, гэр бүл-2” орон сууцны хотхоны дугаар байрны 7 давхарт байрлах 37,8 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 2015 оны 2 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулах, захиалагч Д.О  гэрээнд заасан хөлс 69.930.000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-ийн 4-9 дэх тал/

 

2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр өдрийн 2016/192 тоот “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт”-аас үзэхэд маргаан бүхий орон сууц нь батлагдсан зураг төслийн дагуу 2014 оны 4 дүгээр сараас баригдаж эхлэн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр баригдаж дууссан болох нь тогтоогдож байна. /хх-ийн 154 дүгээр тал/

 

Зохигчдын хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээнд гүйцэтгэгч нь орон сууцыг 2015 оны 2 дугаар улиралд ашиглалтад оруулах үүрэг хүлээсэн ба Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг. Иймээс зохигчдын хооронд гэрээ байгуулагдсанаас хойш 6 сарын хугацаанд 216 айлын орон сууцыг ашиглалтад орох барилгыг нэхэмжлэгчийн захиалгаар баригдсан байр гэж үзэх үндэслэлгүй юм. 

 

Зохигчдын хооронд дээрх маргаан бүхий орон сууцны талаар хэлцэл хийгдэх үед гэрээний зүйл болох орон сууц  баригдсан байсан ба нэхэмжлэгч өөрийн байрыг сонгож, гэрээ байгуулан төлбөр төлөхөөр хариуцагчтай тохиролцсон нь хэргийн баримт, гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул талуудын хооронд бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх буюу худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ. 

 

Нийтийн зориулалттай орон сууцны барилга зөвхөн нэхэмжлэгчийн өөрийн материал, хөрөнгөөр барих боломжгүй тул ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн зохицуулалтыг хэрэглэх боломжгүй бөгөөд урьдчилан батлагдсан зураг төслийн дагуу баригдаж байгаа нийтийн орон сууцны захиалгын гэрээнд худалдах, худалдан авах гэрээ гэж үзэх нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзэх ба мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4.-т “худалдан авагч энэ хуулийн 254.3-т заасан эд хөрөнгийг хүлээн авсан бол худалдагч нь гэрээний үнэд хувь тэнцүүлэн дутуу эд хөрөнгийн үнийг буцааж төлөх үүрэгтэй” гэжээ.

 

Илүү төлсөн төлбөрийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэгчийн шаардлага хуулийн дээрх зохицуулалтад хамаарахаар байх боловч нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2.-т зааснаар худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцох ба эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан худалдан авагч эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдахаар Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасан байна.

 

Нэхэмжлэгч 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр өдрийн 2016/192 тоот “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актын дагуу орон сууцыг хүлээн авсан байх тул тухайн үед орон сууцны талбайг хэмжүүлэх, эд хөрөнгийн доголдлыг мэдсэн байсан бөгөөд 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр “Гандирс-Од” ХХК-иар хэмжилт хийлгэж /хх-ийн 14-18 дугаар тал/, 0.93 м.кв талбай дутуу болохыг мэдсэн атлаа 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр “Байр хүлээлцэх акт”-д нэхэмжлэгч Д.О  гарын үсэг зурж баталгаажуулсан /хх-ийн 12 дахь тал/, мөн 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан, нөгөө талаар орон сууцны талбайн хэмжээний зөрүүтэй байдал нь барилгын ашиглалтын явцад мэдэгдэх далд доголдол биш тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар худалдан авсан орон сууцны талбайн талаар шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзнэ.

 

            Нэхэмжлэгч нь Орон сууц хугацаанд нь ашиглалтад оруулаагүйн улмаас орон сууц хөлсөлсөн мөнгө 7.500.000 төгрөгийг шаардаж нэхэмжлэл гаргасан.

 

            Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т “Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй.” гэж заажээ.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 5.4.3-т “эрчим хүч, цахилгаан хангамж, дулаан цэвэр ба бохир усны хангамжийн байгууллагуудаас шууд шалтгаалах хугацаа,”, 5.4.2-т “төр захиргааны байгууллагын асуудал шийдвэрлэх хугацаа” зэрэг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас барилгыг байнгын ашиглалтад оруулах хугацаа хойшлогдсон болох нь баримтаар нотлогдож байна. /хх-ийн 85-105 дахь тал/

 

Хариуцагч Э Э Ж Ю  ХХК-ийн буруутай үйл ажиллагааны улмаас бус, харин төр захиргааны байгууллагын асуудал шийдвэрлэх хугацаанаас шалтгаалан хугацаа хойшилсон байх тул хариуцагчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй юм.

 

Д.О   нь  Э Э Ж Ю  ХХК-д 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр гаргасан хүсэлтдээ “...Орон сууц хугацаандаа ашиглалтад ороогүй тул талууд тохиролцож, орон сууцны м.кв үнэлгээг бууруулахаар тохиролцсон билээ. Иймд захиалагч миний хүсэлтийг хүлээн авч м.кв үнэлгээг 1.700.000 төгрөгөөр тооцож, гэрээнд нэмэлтээр тусгаж өгнө үү” гэх хүсэлтийг үндэслэн талуудын хооронд 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/01/09-1 дүгээр гэрээний 1 дэх заалтад “А/07/09 тоот гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-т заасан “Энэхүү гэрээний 2.2-т заасан орон сууцны үнэ хөнгөлөлт эдэлсэн,  1 м.кв-ын үнэ 1.850.000 төгрөг” гэснийг “Энэхүү гэрээний 2.2-д заасан орон сууцны үнэ нь хөнгөлөлт эдэлсэн, 1 м.кв үнэ нь 1.700.000 төгрөг” гэж өөрчлөлт оруулсан байна. /хх-ийн 77 дахь тал/. Тодруулбал, Д.О   нь хугацаа хожимдуулсан гэх шалтгаанаас талуудын хооронд байгуулсан гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, нийт 5.670.000 төгрөгийг хөнгөлөлт эдэлсэн байна.

 

Нэхэмжлэгч нь тагтны вакум хаалтны зардал 705.000 төгрөг, ариун цэврийн өрөөний плита наалгасан ажлын хөлс 80.000 төгрөгийн зардал шаардаж байгаа бөгөөд нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...хавтаст хэргийн 107 дахь талд авагдсан ариун цэврийн өрөөний фото зураг нь ванны урд талд тоосгоор хаалт хийж, плита наагаагүй, анх захиалгын гэрээ байгуулахад тагтны цонхны вакум хаалттай гэж тайлбарласан” гэж тайлбарлах бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээнд тагтны вакум хаалт, ариун цэврийн өрөөний плита зэрэг ажил тусгагдаагүй байх тул шаардах эрхгүй гэж үзэв.

 

Түүчнлэн хавтаст хэргийн 107 дахь талд авагдсан ариун цэврийн өрөөний фото зургаас үзэхэд плита дутуу наагдсан, биет байдлын доголдолтой байдал тогтоогдохгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иймд хариуцагч Э Э Ж Ю  ХХК-иас 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/07/09 тоот “Орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ”-ний үүргийг хугацаанд нь биелүүлээгүй улмаас учирсан хохирол 7.500.000 төгрөг, орон сууцны төлбөрт илүү төлсөн 2.193.000 төгрөг,  дутуу ажлын гүйцэтгэл буюу тагтны вакум хаалт 705.000 төгрөг, ариун цэврийн өрөөний плита наалгасан ажлын хөлс 80.000 төгрөг, нийт 12.178.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон

Тогтоох нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар 255.1.1, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хариуцагч Э Э Ж Ю  ХХК-иас 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/07/09 тоот “Орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ”-ний үүргийг хугацаанд нь биелүүлээгүй улмаас учирсан хохирол 7.500.000 төгрөг, орон сууцны төлбөрт илүү төлсөн 2.193.000 төгрөг,  дутуу ажлын гүйцэтгэл буюу тагтны вакум хаалт 705.000 төгрөг, ариун цэврийн өрөөний плита наалгасан ажлын хөлс 80.000 төгрөг, нийт 12.178.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүйболгосугай.

 

2. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурьдсугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  224.748 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДаргалагЧ шҮҮГЧ                                  С.ЭНХБАЯР