Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2018/00620

 

Д.Оийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 181/ШШ2018/00065 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.Оийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: “Э” ХХК–д холбогдох

 

Гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс учруулсан хохиролд 12 178 000 төгөрг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Э" ХХК-тай 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр "Орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ"-г байгуулсан. Гэрээний 5.3-д зааснаар барилгыг 2015 оны 2 дугаар улирал буюу 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор ашиглалтад хүлээлгэн өгөхөөр заасан боловч  хугацаандаа өгөөгүй.  Захиалсан орон сууц хугацаандаа ашиглалтад ороогүйн улмаас 2014 оны 03 дугаар сараас 2016 оны 9 дүгээр сар хүртэл нийт 19 сар Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Барилгын-7, 2 дугаар байрны 30 тоот орон сууцыг хөлсөлсөн. Байр хугацаандаа ашиглалтад орсон тохиолдолд 7.500.000 төгрөгийн хохирол гарахгүй байсан. Гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс болж 2015 оны 7 дугаар сараас 2016 оны 9 дүгээр сар хүртэл нийт 15 сар байр хөлслөн амьдарч, өөрөөс гарах ёсгүй байсан зардлыг гаргасан.  Мөн 2016 оны 6 дугаар сард байрыг улсын комисс хүлээн авлаа гэж хэлж байсан боловч түр цахилгааны холболт хийгдсэн, айл оруулах боломжгүй, цахилгаан нь дийлэхгүй гэж айлуудыг 2016 оны 09 дүгээр сараас оруулж эхэлсэн. Манайх 10 дугаар сард байрандаа орсон. 2016 оны 07 дугаар сард байрыг "Г" ХХК-аар хэмжүүлэхэд 1 м.кв дутуу байсан. Хариуцагч компанийн захирал н.Сүрэнцэцэгтэй уулзахад "гэрчилгээ гарч үлдэгдэл төлбөр чинь банкнаас ороод ирсэний дараа ярилцаж байгаад шийдвэрлэж өгье гэсэн". Уг байрны гэрчилгээ 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр гарч, 10 сард зээлийн асуудал шийдэгдсэнээс хойш удаа дараа шаардлага хүргүүлсэн боловч энэ тухай тодорхой хариу өгөөгүй. Гэрээнд 1 м.кв байрыг 1 700 000 төгрөгөөр тохирсон бөгөөд хэрэг хянан шийдвэрлэж байх явцад хариуцагчийн хүсэлтээр 2 удаа шинжээч томилогдож, анхны м.кв-ын зөрүүнээс их хэмжээтэй гарсан тул нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Хариуцагч нь захиалагч нараас байрны захиалга авахдаа бүх тагтанд  вакум хаалт хийнэ хэмээн захиалга авсан. 2016 оны 10 дугаар сард байранд ороход цонхны тагтны хаалт хийгээгүй байсан. Хийлгэх тухай шаардлага тавихад татгалзсан хариу өгсөн. Мөн байранд ороход ванны плита дутуу наасан байсныг засуулах шаардлага тавихад манайх хариуцахгүй гэсэн. Тиймээс эдгээр дутуу гүйцэтгэлийг нь өөрийн зардлаар гүйцэтгээд үүнийгээ нэхэмжилж байна. Тагтны вакум хаалт хийлгэхэд 705 000 төгрөг, ванны өрөөний плита наахад 80 000 төгрөг зарцуулснаа баримтаар нотлон нийт 12 178 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна" гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Тус компани 216 айлын орон сууцыг барьж 2016 оны 6 сар гэхэд улсын комисст бүрэн хүлээлгэн өгсөн. Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй, гүйцэтгэгчээс шалтгаалаагүй, гэм буруу байхгүй, харин талуудаас үл хамаарах бодит шалтгаантай байсан. 216 айлын орон сууцны зарим иргэд Д.Отой адил шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж,  шүүхээр шийдүүлж, улмаар Улсын Дээд шүүхийн тогтоол гарч хүчин төгөлдөр болсон. Нэхэмжлэгч нь "хугацаанд нь үүргээ биелүүлээгүй хохирол" гэсэн агуулгаар 7 500 000 төгрөг нэхэмжилж байгаа. Гэтэл хохирол учирсан болохыг нотолж байгаа гэх баримт нь үнэн зөв гэж үзэхэд эргэлзээтэй. Нэхэмжлэгч орон сууцныхаа төлбөрийг төлчхөөд байхад хариуцагч нь орон сууцыг ашиглалтад өгөөгүй удсан зүйлгүй. Нэхэмжлэгчийн орон сууцны зээл нь 2016 оны 11 сард гарсан. Гэтэл хариуцагч орон сууцаа улсын комисст хүлээлгэн өгчихсөн байсан. Нэгэнт орон сууцны төлбөрөө төлөөгүй хүнд орон сууцыг хүлээлгэн өгөхгүй. Нэхэмжлэгч сүүлд орон сууцандаа орсон гэдэг нь өөрөөс нь шалтгаалсан. Орон сууцны м.кв-ийн зөрүү мөнгө нэхэмжилсэн байна. Хариуцагч компани орон сууцны захиалагч болохоос барилгын тусгай  зөвшөөрөлтэй, барилгыг барьсан компани биш юм. Зураг дээр нэхэмжлэгчийн орон сууцыг 37.8 м.кв гэж байсан. Үүнийг нь Ерөнхий төлөвлөгөөний газар хянан, баталгаа хийж батлаад, Мэргэжлийн хяналтын газраас барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл өгдөг. Барилгын тусгай зөвшөөрөлтэй компани барьдаг. Үүнийг нь Улсын комисс хүлээн авдаг. Улсын комисс орон сууцыг норм стандартын дагуу барьсан гээд хүлээгээд авсан. Хариуцагчаас биш барилгын зураг төсөл хийхэд ашигладаг барилгын талбай тооцох аргачлал, сүүлд батлагдсан барилгын талбай тооцоод байгаа аргачлал 2-н зөрүү юм.  Доголдолд 705 000 төгрөг, ариун цэврийн өрөөний плита наагаагүй гэж 80 000 төгрөг нэхэмжилсэн. Гэрээнд цонхны тагтны хаалт, ариун цэврийн өрөөний плитаны талаар тусгагдаагүй.  Хийсэн засал, сайжруулалт нь өөрийн өмчлөлийн байранд нь үлдэнэ. Өмчлөлийн сууцандаа засвар, сайжруулалт хийснийхээ хөлсийг  нэхэмжилж байгааг  зөвшөөрөхгүй  гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар 255.1.1, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хариуцагч Э ХХК-иас 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/07/09 тоот "Орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ"-ний үүргийг хугацаанд нь биелүүлээгүй улмаас учирсан хохирол 7 500 000 төгрөг, орон сууцны төлбөрт илүү төлсөн 2 193 000 төгрөг, дутуу ажлын гүйцэтгэл буюу тагтны вакум хаалт 705 000 төгрөг, ариун цэврийн өрөөний плита наалгасан ажлын хөлс 80 000 төгрөг, нийт 12 178 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Д.О давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч  нь  гэрээ байгуулах үед барилгын явц, гүйцэтгэл ямар байсан талаар  нотлох баримт / мэргэжлийн байгууллагын дүгнэлт, дуусаагүй барилгын гэрчилгээ гэх мэт/ хэрэгт гаргаагүй  байхад шүүхээс  гэрээ байгуулагдсанаас хойш 6 сарын хугацаанд баригдсан, бэлэн байрнаас сонгож гэрээ байгуулсан гэж үндэслэлгүйгээр нэг талыг барьж дүгнэсэн.  Гэрээ байгуулах үед  барилга баригдаж дуусаагүй байсан. Шүүхээс хүндэтгэн үзэх шалтгааны улмаас барилгыг ашиглалтад оруулах хугацаа хойшлогдсон болох нь баримтаар нотлогдож байна гэж үзсэн нь бодитой бус, буруу. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас 2015 оны 6 сарын 08-ны өдөр №06-1909 тоот албан бичгээр барилгын дулааны "холболтын цэг өөрчлөх" болсон нь харагддаг. Холболтын цэгээ яагаад өөрчлөх болсон шалтгаанаа хариуцагч тал нотлоогүй, тайлбарлаагүй,  холболтын цэг өөрчлөгдсөн цаг хугацаанд тухайн байрны гүйцэтгэлийг 80 орчим хувьтай явагдаж байсан нь гэрчийн мэдүүлэг, бусад нотлох баримтуудаас тодорхой харагддаг. Хариуцагчийн хариуцлагагүй гүйцэтгэлийн улмаас холболтын цэг өөрчлөгдсөн,  өөрчлөгдөөгүй байсан ч тухайн компани нь 2015 оны 2-р улиралд багтаан орон сууцыг ашиглалтад өгөх боломжгүй, хугацаа хэтрүүлсэн. Э ХХК-иас холбогдох байгууллагуудад явуулсан 2015 оны 09 сарын бичигт барилгын явцыг 90 хувийн гүйцэтгэлтэй, 2015 оны 10 сарын бичигт 95 хувийн гүйцэтгэлтэй, 2015 оны 12 сард 100 хувийн гүйцэтгэлтэй байгааг мэдэгдсэнээс харахад гэрээнд заасан хугацааг 6 сар хэтрүүлж барилгыг бэлэн болгосон. 2015 оны 12 сард барилгын ажлыг дуусгаж, бэлэн болгосны дараа дулааны холболтыг хийлгэх болтол "халаалтын улиралд дулаанд холбож болохгүй, хүндрэл үүснэ, хөлдөлт үүснэ, дүрэм журмын дагуу агаар дулаарвал холболт хийнэ" гэсэн хариуг УБДС ТӨХК-ийн инженер мэдэгдэж татгалзсан /XX-103 дахь тал/ байдаг. Энэ нөхцөл байдлуудаас хариуцагчийг гэрээний хугацаа хэтрүүлсэн буруутай гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Нэхэмжлэгч талаас 2017 оны 08 сарын 08-ны өдөр нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг өгч, шүүгчийн захирамжаар Эрчим хүчний яам, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас хариу ирүүлсэн. Хариутай холбоотойгоор шүүгчийн захирамж бүрэн хангагдаагүй гэж үзэн тухайн асуудлыг хариуцах байгууллагуудаас тодруулж, мэдээлэл гаргуулахаар дахин 2017 оны 11 сарын 28-ны өдөр  хүсэлт гаргахад хүлээж аваагүй.  

Барилгын  техникийн нөхцөлтэй холбоотой мэдээллийг хөндлөнгийн хүн, хуулийн этгээдийн хүсэлтээр өгөх боломжгүй юм. 2015 оны 06 сарын 08-ны өдрийн шийдвэр, шинээр байгуулагдах ЦТП-В, ХТП-7 зэргийн гүйцэтгэл, ашиглалтаас шалтгаалж барилгын явц удааширсан мэтээр хариуцагч талын гэрээгээр хүлээсэн үүргийн зөрчлийг зөвтгөсөн.  Мөн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсаныг гэрээгээр хүлээх бүх үүргээс чөлөөлсөн мэтээр дүгнэсэн нь буруу юм. Дээрх гэрээний өөрчлөлт нь хохирол нэхэмжлэх шаардлагатай холбогдолгүй. Мөн 2016 оны 05 сарын 31 -ны өдөр Улсын коммис хүлээн авснаар нэхэмжлэгч байрыг хүлээн авсан гэж зөрүүтэй ойлгож дүгнэсэн.  Нэхэмжлэгч  нь 2016 оны 09 сарын 27-ны өдөр байр хүлээлцэх актаар  байрыг авсан.  Байрны гэрчилгээг гаргуулахаас өмнө  2016 оны 06 сарын 30-нд хэмжилт хийлгэхэд 0.93 м.кв дутсан.  Шүүхээс гэрээнд тагтны вакум хаалт, ариун цэврийн өрөөний плита зэрэг ажил тусгагдаагүй тул шаардах эрхгүй гэж  дүгнэсэн нь үндэслэлгүй. Бүх тагт хаалттай  гэж сурталчилж байсан.   Мөн угаалгын өрөөний плитаг ашиглах боломжгүй байдалтай дутуу хүлээлгэн өгсөн нь фото зургаас тодорхой харагдана. Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, 12 178 000 төгрөгийг  гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйг давж заалдах шатны шүүхээс залруулж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч М.О нь хариуцагч Э ХХК-иас 2014 оны 12 дугаар сарын 26-ний өдрийн гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүйгээс учруулсан хохиролд 12 178 000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчдын хооронд 2014 оны 12 дугаар сарын 26-ний өдөр орон сууц захиалан бариулах гэрээг байгуулах үед тухайн барилга баригдаад эхэлчихсэн байсан, бэлэн бус хөрөнгийн тухайд ч худалдах, худалдан авах гэрээг байгуулж болох тул талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм.

 

Талуудын хооронд орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, орон сууцыг Улсын комисс хүлээн авч ашиглалтад орсон, нэхэмжлэгч орон сууцыг хүлээн авч үнийг төлж, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авсан үйл баримт тогтоогджээ. / хх 11 /

 

Гагцхүү хүлээн авсан орон сууц доголдолтой байсан буюу 1 м.кв дутуу, тагт хаалтгүй, ванны плита дутуу наагдсан, орон сууцыг хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлснээс орон сууц хөлсөлж эд хөрөнгийн зардал гаргаж хохирсон гэж үзэж нэхэмжлэгч нийт 12 178 000 төгрөгийг шаардсан.

 

Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.1 дэх хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг хүлээн авах нөхцлийг гэрээгээр тодорхойлно. Талуудын гэрээний 3.1.11-д зааснаар захиалагч орон сууцны төлбөрөө бүрэн төлсөн баримтыг үндэслэн орон сууц хүлээлцсэн акт үйлдэн, орон сууцны түлхүүрийг захиалагчид хүлээлгэн өгнө гэжээ. Хэргийн 12 дугаар хуудсанд авагдсан 2016 оны 09 дүгээр сарын 27-ний өдрийн  байр хүлээлцэх актад тус сууцны м.кв дутуу талаар тусгаагүй. Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2 дахь хэсэгт зааснаар худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгийг хүлээн авсанд тооцно. Нэхэмжлэгч нь актад гарын үсэг зурж байранд нүүн орсноос гадна 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж байраа өмчлөлдөө шилжүүлэн авчээ.

 

Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар эд хөрөнгийг хүлээн авах үед уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад хүлээн авсан худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдахаар байна. Харин хэргийн 5 дугаар хуудсанд авагдсан гэрээний 3.1.6-д зааснаар худалдагч нь барилгадаа 1 жилийн чанарын баталгаат хугацаа өгсөн байх бөгөөд тагтны хаалт, ванны плитаны доголдол нь барилгын чанарт хамаарах доголдол тул нийт 785 000 төгрөгийг гаргуулах нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт заасантай нийцэх юм. Тэгээд ч анх гэрээ байгуулахаар саналын дуудлага гаргахдаа ч хариуцагч тал тагт бүрэн хаалттай байхаар зар сурталчилгаа явуулж байжээ. / хх 50 /

 

Харин Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийн хугацаа хэтрүүлсэн гэх үйлдэлтэй холбоотойгоор орон сууц хөлсөлсний зардалд 7 500 000 төгрөг шаардсан. Талууд гэрээний 5.4-т гүйцэтгэгчээс үл хамаарах шалтгаанаар гарсан саатал, тохиолдлыг хугацаа хэтрүүлсэнд тооцохгүй байхаар тохиролцож, тохиолдол болгоныг нэрлэн заасан. Гэрээнд заасан тохиолдлуудаар буюу хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй тухай баримтыг хариуцагч гаргасан. Иймд дээрх 7 500 000 төгрөгийн хохирлыг хэрэгсэхгүй болгосныг буруутгах боломжгүй.

 

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэсэгчлэн хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2018/00065 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар 255.1.1, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хариуцагч Э ХХК-иас 785 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Оид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11 393 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, 3 дахь заалтын “үлдээсүгэй” гэснийг “ үлдээж хариуцагч Э ХХК-аас 23 390 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Оид олгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Оийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 209 800 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                               ШҮҮГЧИД                                                      Ч.ЦЭНД

 

                                                                          Ш.ОЮУНХАНД