Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 19

 

 

А.С, С.А нарт холбогдох

                                                                       эрүүгийн хэргийн тухай                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахим хэлбэрээр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Прокурор: Н.Амаржаргал,

            Шүүгдэгч С.Аын өмгөөлөгч: Г.Амгалансуурь, Б.Даваасүрэн,

            Шүүгдэгч А.Сын өмгөөлөгч: Ж.Хүдэрчулуун,

            Иргэний хариуцагчийн өмгөөлөгч: Ж.Чимэг, Б.Мянган,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 06 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч А.С, С.А нарт холбогдох, эрүүгийн 201610010151 дугаартай, 4 хавтас 876 хуудас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгч С.А-ын өмгөөлөгч Г.Амгалансуурь, Б.Даваасүрэн, хохирогч Б.Батбаатар, хохирогчийн өмгөөлөгч Д.Галтогтох нарын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1973 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Дорноговь аймаг, Сайншанд суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Буурал овогт Агвааны С /РД: ЕЭ73081273/,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Дорноговь аймаг, Сайншанд суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг, Хан шонхорын .... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Буд овогт Сайнбилэгийн А /РД:ЕЦ78031779/ нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч А.С нь 2016 оны 07 дугаар сарын 04-ний шөнө 23 цагийн орчимд Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Бүрдэнэ багийн нутаг дэвсгэрт Замын-Үүд сумаас хойд зүгт 105-106 дугаар км-ийн заалтын асфальтан хучилттай засмал замд өөрийн эзэмшлийн 55-15 ДГО улсын дугаартай Соната-6 маркийн автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа засмал зам дээр зогсож байсан Норд бенз маркийн 45-18 УНҮ улсын дугаартай ачааны автомашины чиргүүлийн арын хэсгээс мөргөж Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна“ гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, Б.Батбаатарын эрүүл мэндэд хүнд хохирол, Ц.Сувд-Эрдэнийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан,

Шүүгдэгч С.А нь 2016 оны 07 дугаар сарын 04-ний шөнө 23 цагийн орчимд Замын-Үүд сумаас хойд зүгт 105-106 дугаар км-ийн заалтын асфальтан хучилттай засмал зам дээр 45-18 УНҮ улсын дугаартай, 90-65 АЧ чиргүлтэй Норд бенз маркийн ачааны автомашиныг жолоодож яваад автомашины эвдрэлийн улмаас зам дээр зогсохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-ийн А-д заасан а/. “Хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтанд заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах тээврийн хэрэгслийн ... харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын гэрлүүд асахгүй болсон, ...бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэсэн заалт,  мөн дүрмийн 6.3-д заасан “Ослын зогсолтын тэмдгийг бусад жолооч нарт 5 метрээс багагүй, суурин газрын гаднах замд 30 метрээс багагүй замд байрлуулна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж 55-15 ДГО улсын дугаартай Соната-6 маркийн автомашинд зорчиж явсан Б.Батбаатарын эрүүл мэндэд хүнд хохирол, Ц.Сувд-Эрдэнийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Буурал овогт Агвааны С, Буд овогт Сайнбилэгийн А нарыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч А.Сын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 6  сарын хугацаагаар тэнсэж, уг хугацаанд оршин суух газраа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгож,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч С.Аын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1  жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ат оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.С нь дээрх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг биелүүлээгүй бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.С, С.А нарын цагдан хоригдсон 36 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг дурдаж, бичиг баримтаар хураагдаж ирсэн А.Сын №276341 дугаартай, С.Аын №112700 дугаартай жолооны үнэмлэхүүдийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт шилжүүлж, №01222054 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч А.Сд буцаан олгож,

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.8-д зааснаар 2016 оны 09 дүгээр сарын 20-ны, 2017 оны 10 дугаар сарын 06-ны, 2016 оны 10 дугаар сарын 21-ний, 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрүүдийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх болон иргэний хариуцагчаар татсан тогтоолуудыг хүчингүй болгож, Потон маркийн авто чирэгчийг шүүгдэгч С.Ат, Хайер маркийн хөргөгч 1 ширхэг, Скуарц маркийн зурагт 1 ширхэгийг шүүгдэгч А.Сд, 45-18 УНҮ улсын дугаартай цагаан өнгийн Норд бенз маркийн тээврийн хэрэгслийг иргэний хариуцагч Т.Гандоржид тус тус олгож,

Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч А.Саас 1,000,000 төгрөг, шүүгдэгч С.Ааас 1,769,810.75 төгрөг, иргэний хариуцагч Т.Гандоржоос 1,769,810.75 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багт оршин суух, Б.Батбаатарт олгож, Б.Батбаатарын нэхэмжлэлийн шаардлагаас 55,144,930 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч С.Ааас 96,500 төгрөг, иргэний хариуцагч Т.Гандоржоос 96,500 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо оршин суух, Ц.Сувд-Эрдэнэд олгож, Ц.Сувд-Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлагаас 5,334,000 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч А.Саас 137,615 төгрөг, шүүгдэгч С.Ааас 137,615 төгрөг,  иргэний хариуцагч Т.Гандоржоос 137,615 төгрөгийг тус тус гаргуулан иргэний нэхэмжлэгч Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 11 дүгээр хороо оршин суух Д.Ариунаад олгож, шүүгдэгч С.Ааас 1,126,000 төгрөг, иргэний хариуцагч Т.Гандоржоос 1,126,000 төгрөгийг тус тус гаргуулан иргэний нэхэмжлэгч А.Сд олгож, А.Сын нэхэмжлэлийн шаардлагаас 2,252,000 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Хохирогч Б.Батбаатар, Ц.Сувд-Эрдэнэ нар нь нотлох баримтаа бүрдүүлэн хохирлоо иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч С.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж,

Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар, мөн иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, түүний өмгөөлөгч нар нь зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амгалансуурь давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: 06 дугаартай шийтгэх тогтоолын С.Ат холбогдох, түүнийг гэм буруутайд тооцож, хохирол төлүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. 1. Анхан шатны шүүх “Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч С.А гэм буруутай” эсэхийг шийдвэрлэхдээ хууль зүйн үндэслэлтэй зөв дүгнэлт хийж чадаагүй гэж үзэж байна.

 

Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт үйл баримтын талаар дүгнэж бичихдээ С.А нь 45-18 УНҮ улсын дугаартай, 90-65НҮ дугаарын чиргүүлтэй Норд бенз маркийн автомашиныг жолоодож яваад машин нь халсны улмаас зогссон. Зогсохдоо гэрэл болон дохио асаагаагүй, ослын тэмдэг тавиагүй ба ослын тэмдэг нь олдохгүй байсан учраас цэнхэр канистр орлуулан тавиад Дорноговь аймгийн Эрдэнэ сумын “Бүрдэнэ” багийн нутаг дэвсгэр Замын-Үүд сумаас хойд зүгт 105-106 дугаар км-ийн заалтын асфальтан хучилттай замд зогсож байхад нь А.С Замын-Үүдээс Улаанбаатар руу өөрийн эзэмшилийн 55-15 ДГО улсын дугаартай Соната-6 маркийн автомашиныг жолоодохдоо хурд хэтрүүлэн яваад С.Аын тавьсан канистрын хажуугаар эсрэг урсгал руу орж явахад өөдөөс нь машин ирэхэд зүүн тал руугаа буюу өөрийн зорчих хэсэг рүү дарж, зогсож байсан С.Аын машины чиргүүлийг мөргөсний улмаас осол гарч А.Сын машин дотор зорчиж явсан Б.Батбаатарын эрүүл мэндэд хүнд, Ц.Сувд-Эрдэнийн эрүүл мэндэд хүндэвтэр, Д.Ариунаагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан зам тээврийн осол бүхий гэмт хэрэг гарсан үйл баримт тогтоогдсон байна” гэжээ. Гэтэл С.Аыг гэм буруугүйд тооцож болох дараах нотлох баримтууд болон шүүгдэгчийн емгөөлөгчдийн гаргасан саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ шүүх тодорхойлж дүгнээгүй. Тухайлбал:

1. Шүүх хуралдаанд хохирогч Б.Батбаатарын мэдүүлсэн “...А.С жолооч эсрэг урсгалаар, зам голлоод явж байсан, бараан өнгийн канистрыг тойроод тэр машиныг гүйцэж түрүүлэх гэсэн”

2. Шинжээчийн 202 /2017.5.15-ны / дугаартай дүгнэлтийн 6-д Вeiben маркийн 45-18 УНҮ дугаартай автомашин 1 удаа зогссон байна. Зайлшгүй зогсолт хийсэн байх үндэслэлтэй”

3. 202 дугаартай дүгнэлт гаргасан шинжээч нар мөрдөн байцаагчийн шинжээч томилсон тогтоолын 6 дугаар асуулт болох “С.А гар чийдэнгээр дохио өгөх, усны сав тавьсан үйлдлүүд нь бусдыг ослоос сэргийлэх үйлдэлд тооцогдох эсэх” гэдэгт огт хариулт өгөөгүйд

 

4. Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн болгон гэмт хэрэг биш. С.Аыг гэм буруутай гэж үзэх нь ослын тэмдэг тавиагүй л бол очоод мөргөх нь зөв гэж байгаатай адил

5. Гэрч Болор-Эрдэнэ “...гар чийдэнгээр дохио өгч байсан”. С.А мөн гар чийдэнгээр дохио өгч байсан гэдгээ мэдүүлдэг.

6. Хавтаст хэргийн 000069 дүгээр хуудсанд хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд “...усны сав тавьсан гэх газрыг заалгахад чиргүүлийн хойд талаас зам руу урд зүгт 35.6 м-т байсаныг тэмдэглэв, гар чийдэнгийн гэрэл 200м зайд, гялбаатай үед 25 м зайнаас гэрлийн үзүүрт харагдаж байв”

7.Хавтаст хэргийн 000063 дугаар хуудсанд буй Будсүрэнгийн мэдүүлэгт”...намайг 23.15-д очиход ачааны чиргүүлээс 50 орчим метр газар канистр байсан”

8. Хавтаст хэргийн 000034 дүгээр хуудсанд буй “Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд С.Аын автомашиныг өөр машинд холбож асаахад гэрэл дохио асч байсан”,

2. Хэргийг мөрдөн шалгах ажиллагааг нэг талыг барьж шалгасан, шүүх үүнд үндэслэж нэг талыг барьсан дүгнэлт хийсэн Тухайлбал:

- Осол гарсаны дараа 2016 оны 7 дугаар сарын 05-нд С.Ааас ослын талаар тайлбар авсан гэтэл А.Саас осол болсоны дараа тайлбар аваагүй. Огт аваагүй юм уу аль эсвэл авсан мэдүүлэг нь ямар нэгэн байдлаар алга болсон эсэх нь тодорхойгүй,

-58 тоот дүгнэлт гаргасан Дорноговь Цагдаагийн газрын шинжээчдийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтийн 1-р хариултанд сэжигтэн “А.Сын өгсөн (ослын дараа машинаа зүгээр асаагаад явсан) гэх тайлбараас үзэхэд зам дээр зогссон үйлдлийг зайлшгүй зогсолт гэж үзэхгүй гэсэн нь хэргийн бусад баримтанд огт дүгнэлт өгөөгүй нэг талыг барьсан,

-Давж заалдах шатны шүүх магадлалдаа замын цагдаа болон техникийн шинжээчдийг оролцуулсан өөр өөр мэргэжплийн шинжээчдийн бүрэлдэхүүнтэй шинжилгээ хийлгэж Норд-бенз автомашины зогсолт нь зайлшгүй зогсолтонд тооцогдох эсэх С.Ааас хийсэн гар чийдэнгээр дохио өгөх,  усны сав тавьсан үйлдлүүд нь бусдыг ослоос урьдчилан сэргийлэх үйлдэл хийсэнд тооцогдох эсэхийг тогтоолгох гэсэн заалтыг биелүүлээгүй,

-Шүүх А.Сыг гэм буруутайд тооцсон мөртлөө түүний автомашинд учирсан хохирлыг Гандорж , С.А нараар төлүүлэхээр шийдвэрлэсэн.

-Гэрч Болор-Эрдэнэ гар чийдэнгээр дохио өгч байгааг хараад зогсож аюулаас сэргийлж чадсан. Гэтэл “С.А ослын тэмдэг тавиагүй байсан учраас машины чиргүүлийг мөргөсөн гэсэн”

А.Сын мэдүүлэгт ач холбогдол өгч нэг талыг барьсан дүгнэлт хийсэн

-Даваасүрэн өмгөөлөгчийн туршилт хийлгэх хүсэлтийг хүлээж аваагүй /туршилт хийсэн бол С.Аын машин харагдах боломжтой байсан эсэхэд ач холбогдолтой/

-Хэргийн газрын анхны үзлэгт цацруулагчтай замын хашлага байгааг огт дурьдаагүй

-С.Аыг хохирогчоор тогтоолгох хүсэлт гаргахаар шүүх гэм буруугийн асуудлыг шийдвэрлээгүй байхад хохирогчоор тогтоох үндэслэлгүй, ойлгомжгүй байна гэж шийдвэрлэсэн гэх мэт

3. А.С нь С.Аын автомашиныг гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн гэж шүүх хуралд мэдүүлсээр байтал, шүүх үүнд үнэлэлт өгөөгүй. Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д зааснаар гүйцэж түрүүлэх үйлдэл хийх үед:

-Уг үйлдэлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц зай хэмжээ байгаа эсэх,

-Өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэх,

-Урьд яваа тээврийн хэрэгсэл чиг өөрчлөх дохио өгсөн эсэх.

Гүйцэж түрүүлэхдээ гүйцэтгэгдэж байгаа тээврйн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд анхааруулах дохиог ойлгомжтой өгч тээврийн хэрэгслийн овор, зорчих хэсгийн өргөн, хурдыг зөв тооцоолж, хажуу болон хоорондын зайг оновчтойгоор сонгож үйлдлээ гүйцэтгэхийг заасан байна.

 

4. А.С нь канистрыг харж гүйцэж түрүүлэх үйлдэл хийнэ гэдэг нь автомашиныг харсан болоод л гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн нь лавтай. С.Аын автомашины чиргүүлийн зүүн хойд талыг мөргөсөн үйлдлийг харахад гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ замын хөдөлгөөний дүрмийн гүйцэж түрүүлэх заалтуудыг зөрчсөн мөн тухайн үед хурд хэтрүүлж явсанаас осол гарсан гэдэг нь тодорхой байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийн С.Аыг гэм буруутайд тооцсон хэсгийг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Даваасүрэн давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: С нь гүйцэж түрүүлэх гэж 120 миллийн хурдтай явж байгаад Болор-Эрдэнийн машины гэрэлд цохиулж Норд бензийн зүүн хойд талын дугуйны 15 см орчимд мөргөж хүчиндээ 35 м ухарч онхолдох үед А кабинаас татаж зогсоосон. Гэтэл прокурор байцаагч нар нь үүнийг нууж 7-10 сар хүртэл 3 сар чимээгүй дарж байгаад мартагнасан гэж үзээд шинжээч томилох мэтээр 11, 12, 2017.01 сар хүртэл 14 хоногт шийдэж хэргийг 7 сар буюу 200 хоног сунгуулах тогтоолгүйгээр хууль зөрчиж хавтаст хэргийг бүрдүүлсэн. Гүйцэж түрүүлэх гэж хурдтай явсан болохоор Норд бенз зогсож байсан, явж байсан, канестр байсан тухай асуудал Сд холбогдохгүй байтал хэн яагаад энэ үг үнэн байдлыг байцаалтуудаас хасав, орхигдуулав гэдэгт ач холбогдол өгнө үү. Оролцогч нар болон шүүхийг канистр ослын тэмдэг мэтээр анхаарлыг төвлөрүүлэн үнэн үйлдлийг нууж байгаа тул туршилтаар нотолж хэргийг мөрдөн байцаалт прокурорт буцааж өгнө үү.

Мөн шинжээч нарт тавьсан асуултанд гүйцэж түрүүлэх гэсэн асуулт яагаад тавив. Шинжээч нар үүнд яагаад нэг ч үгээр хариулаагүй вэ гэдэг нь хуйвалдааны шинжтэй байдаг. Бүдсүрэн гэдэг цагдаагийн мэдүүлгийг яагаад хаяв. Давж заалдах шатны шүүхийн даалгаврын бодит үнэнийг яагаад бүрхэгдүүлж дүр үзүүлсэн хэрэг бүрдүүлэв. Тухайлбал: Аыг өмгөөлөгчийн хамт байлцуулж байцаалт авах бололцоо 2017.02 сараас өдий хүртэлх 11 сар буюу 300 хоногт байсаар байтал нууцлаг байсаар шүүхэд шилжүүлэв.

Тодорхойлох хэсэгт: үйлдэгдсэн газар гэдгийг тогтоогоогүй байна. А 105 км гэдэг гэтэл прокурор дахин үзлэг хийж замын хажуугийн тодруулагч гэрэлтэй хашлагыг өөрчилсөнийг бичээгүй мэтээр нотлогдоно.

Цагийг тогтоогоогүй байна. Бүдсүрэнгийн мэдүүлгээр тогтоох байтал бүрэлдэхүүн очсон мэтийг бүрхэгдүүлсэн энэ талаар бичээгүй байна. Аргыг тогтоогоогүй байна. А ямар аргаар хэнд ямар хохирол учруулсан бэ гэдэг нь нууцлаг байна.

Сэдэлт зорилгыг тогтоогоогүй байна. Ядахнаа шунахай сэдэлтгүй, гэмтээх гэсэн зорилгогүй гэж тодруулж болгоомжгүй гэмт хэрэг мөн гэж тодорхойлоогүй байдаг, гэм буруугийн хэлбэр, шалтгаан нөхцөл мэтийг тогтоогоогүй. Хохирлын хэмжээ мэтийг тогтоосон гэх боловч хувь тэнцүүлээгүй гэж 50% гэдгийг нууж бичсэн байдаг. Ямар ч хуульд хувь тэнцүүлэх гэсэн санкц байхгүй. Хувь тэнцүүлэхдээ С, А, Гандорж  гуравт яагаад тэнцүүлээгүй вэ.

Сыг хохирогчоор байцаасан 2017 оны 01 дүгээр сарын тогтоол байцаалтыг яагаад устгасангүй вэ.

Шүүх дээр Сыг яагаад иргэний нэхэмжлэгчээр тогтоов. Яагаад иргэний нэхэмжлэгчээр мэдүүлэг яриулав. Тэгвэл би хэрэг үйлдсэн гэдгээ шүүх хурал болон тэнсэх ял авахдаа бичгээр нотолсоор байтал хохирогч иргэний нэхэмжлэгчээр тогтоох ямар шаардлага байна вэ.

Хэн Батбаатар нарт шууд нөлөөлсөн бэ. Аыг хохирогчоор тогтоолгох гэсэн нь ойлгомжгүй байна. Шүүх гэм буруугийн асуудал шийдвэрлээгүй байхад дээрх шалтгаанаар хохирогчоор тогтоолгох хүсэлт гаргах үндэслэлгүй юм гэжээ.

С шүүх хурлаас өмнө л иргэний нэхэмжлэгчээр тогтоолгох хүсэлтийг өмгөөлөгч нь бичсэн гэтэл А өөрийн гарын үсэгтэй бичсэн хоёр эрс тэрс өөр хуулийн шаардлага байгааг нууж дарагдуулж улмаар хувийн сэдэлтээр үндэслэлгүй гэдэг үгээр няцааж хууль зөрчсөнд гомдолтой байна. Миний бичсэн удаа дараагийн хүсэлтийг няцаасан үг өгүүлбэр он сар өдрөөрөө байхгүй байгаа нь шинэчилсэн хуулийг хэрэгжүүлээгүйн том нотолгоо юм. 36.7.2.2 хэд хэдэн шүүгдэгчид тус бүрийн үйлдэл оролцоо гэмт хэргийн хамтран оролцсон хэлбэр мэтийг тодорхойлно гэж хуульчилсаар байтал авто ослын хэрэг мэтээр бүрхэгдүүлж Зөрчлийн хуульд ослын тэмдэг тавиагүй бол 20000 төгрөгөөр торгоно гэж Эрүүгийн хуулиас тусгаарлан салгасаар байтал заавал Зөрчлийн хуульд байхгүй Сын үйлдлийг нууж няцааж байгаа нь Эрүүгийн хуулийн 1.3, 1.3.3-ийг ноцтой зөрчсөнийг залруулна уу. Эрүүгийн хуулийн 1. 4 дүгээр зүйлийн хоёрт гэм буруугүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй 1.4.3-т мэдэх боломжгүй мэдэх ёсгүй байсан гэм буруугүйгээр учруулсан гэж үзнэ гэсээр байтал шүүх хурал дээр А нь гэм буруугаа хүлээгээгүй, өмгөөлөгч нар нь гэм буруутай гэж үзэхгүй байгаа мэтээр Үндсэн хууль болон Эрүүгийн хуулийн гол зарчмуудыг гуйвуулж тодорхойлж тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтаар ноцтой зөрчсөн байгаа тул залруулж өгнө үү.

 1. Онлайнаар оролцогсод мэтээр хурлын тасралтгүй явуулах зарчим хуулийн санкцийг зөрчиж 1.20 минутаас эхлээд дэндүү удаашруулж биднийг залхааж байсан. Гэм буруугийн асуудал шийдэхэд ямар ч удаан шийдэх асуудал байхгүй байхад 1 цаг орчим болоод 10:00 /22:00/ болохоос 30 минутын өмнө орж ирээд маргааш болгосон.

2. С нарт хохирол төлөх бололцоо олгосон.

3. Нууц тасалгаанд дээрх мэтийн ажиллагаа үйлдсэн нь хуулийг ноцтой зөрчсөн байдаг. Энэ нь гэм бурууг тогтоосон юм. Шийдвэрээр нотлогддог. Яагаад гэвэл шөнөжин бод? А чи гэм буруугаа маргааш хүлээ тэгээд л тэнсэх ял ав мэтээр даалгавар өгсөн шийдвэр юм. Хүн гэм буруу үйлдээгүй бол энэ мэтийн завсарлагаа хууль бус үйлдлээр гэм буруугаа хүлээх үндэслэлгүй юм. Тодорхойлох хэсэгт ...мөнгийг төлөх нь тодорхой боллоо. ...Даваасүрэн ...төлүүлэхээр шийдвэрлэсэн тул ... мэтээр дурдаж бичсэн нь миний шүүх хурлаас өмнө, шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хурал дээр удаа дараа хэлсэн хүсэлтүүд болон үндсэн хуулийн шүүхийн шийдвэрээс өмнө хэргээ хүлээхгүй гэсэн заалтуудыг ноцтой зөрчиж маргааш нь тэнсэх ял өгөх үед хэргээ хүлээнэ гэсэн дарамт шаардлага байгааг үгүйсгэж уг хэргийг цагаатгах эсхүл мөрдөн байцаалт прокурорт буцаана уу.

4. Хүсэлтийн талаар: Бичлэгээс Батбаатарын мэдүүлгийн хэсэг Сын яллагчийн асуулт хариултын болон иргэний нэхэмжлэгчийн мэдүүлгийг шүүх хурал дээр үзүүлэн тэмдэглэлд бичүүлнэ үү. Болж өгвөл асууж хариулах бололцоогоор хангана уу. Нэгэнт хуурамчаар бүрдүүлсэн болохоор шинжээч нарын талын асуудлыг бүү хэлэлцэнэ үү.

Яллагчаас асуух, асуулт тавих бидний бололцоог хангана уу. Аын хэрэг гэгчийг цагаатгаж өгнө үү. Үгүй бол прокурор, мөрдөн байцаалтанд буцааж Аыг даалтанд өгнө үү гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Д.Галтогтох давж заалдсан гомдолдоо: Шүүх хохирогч Б.Батбаатарын нэхэмжилсэн хохирлыг тооцохдоо нотлох баримтыг бүх талаас нь үнэлсэнгүй. Тус шүүхийн 2018.01.10-ны өдрийн 06 дугаар шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт "... Мөрдөн байцаагчийн 2016.09.20-ны, 2017.10.06-ны өдрийн тогтоолоор шүүгдэгч С.Аын Потон маркийн чирэгч, шүүгдэгч А.Сын Хайер маркийн хөргөгч 1 ширхэг, Скуарц маркийн зурагт 1 ширхэгийг, иргэний хариуцагч Т.Гандоржийн 45-18 УНҮ улсын дугаартай цагаан өнгийн Норд бенз маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн байх ба цаашид битүүмжлэх шаардлагагүй гэж үзэж тогтоолуудыг хүчингүй болгож, битүүмжилсэн эд хөрөнгүүдийг шүүгдэгч нарт болон иргэний хариуцагч нарт олгож шийдвэрлэлээ...” гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 21.2.1-д “Хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах... зорилгоор яллагдагч, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжилнэ.” гэж заасан байна. Шүүгдэгч А.С нь хэрэг үйлдсэнээс хойш хохирогч Б.Батбаатарт өөрийн зүгээс нэг ч төгрөг өгөөгүй бөгөөд “МИГ” даатгалаас 2.019.811 төгрөг хохирогчид олгогдсон. Анхан шатны шүүх хуралдааны явцад 519.810 төгрөгийг хохирогч Б.Батбаатарын дансанд хийсэн бөгөөд шүүхээс тогтоосноор Б.Батбаатарын хохиролд 1.000.000 төгрөг өгөх үүрэгтэй байгаа. Мөн С.Аыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнээс хохирогч Б.Батбаатарт 1.769.810 төгрөг олгуулахаар, иргэний хариуцагч Т.Гандоржоос хохирогч Б.Батбаатарт 1.769.810 төгрөг олгуулахаар тус тус шийдвэрлэсэн атлаа хохирол, төлбөр төлөгдөөгүй байхад шүүгдэгч, иргэний хариуцагч нарын эд хөрөнгийг битүүмжилсэн тогтоолуудыг хүчингүй болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго, зарчмыг ноцтой зөрчсөн үзэж байна.

Мөн тодорхойлох хэсэгт “...Нэхэмжлэлийн шаардлагаас эм тариа /1хх-ийн 245, 246, 249 хуудас 529.500 төгрөг, 757.900 төгрөг, 453.000 төгрөгийн баримтууд нь нэг хүний гараар бичсэн атлаа өөр, өөр гарын үсэгтэй, бусад эм тариа бичсэн баримтуудтай харьцуулахад өртөг өндөр/...” гэсэн үндэслэлээр дээрхи зардлыг хэрэгсэхгүй болгосон. Шүүх ямар баримтыг үндэслэж дээрхи баримтуудыг нэг хүний гараар бичсэн гэж дүгнэсэн нь тодорхойгүй. Мөн бусад эм тариа бичсэн баримтуудтай харьцуулахад өртөг өндөр гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл, бусад ямар баримттай харьцуулж өртөг өндөртэй гэж үзсэн нь тодорхойгүй байна. Зах зээлийн нийгэмд нэг төрлийн бараа бүтээгдэхүүн Монгол Улсын хаана ч адил үнээр зарагддаггүй  гэдгийг хүн бүр мэднэ. Тухайн баримтууд дээрхи эмийн үнийг өндрөөр тогтоосон бөгөөд бодит байдал дээр тус байгууллага нь уг эмийг илүү хямд үнээр зардаг тухай баримт байхгүй байхад ийнхүү хийсвэрээр үнэлсэн нь үндэслэлгүй юм.

Мөн “....3 хх-ийн 203 хуудас хагалгаанд орохоор шинжилгээ өгсөн гэх боловч тухайн гэмт хэргийн улмаас болж шинжилгээ өгсөн байна гэж үзэхэд эргэлзээтэй давхар нотолсон баримтгүй, З хх-ийн 213-214 хуудас бензиний баримтын он, сарыг харахад мөн тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэхэд эргэлзээтэй...” хэмээн үзэж нэхэмжлэлийн шаардлагаас хассаныг хүлээн зөвшөөрөхгүй. Хохирогч Б.Батбаатар нь тус ослын улмаас нийт 3 удаа хагалгаанд орсон гэдэг бөгөөд хагалгаанд орох тоолонд бүх төрлийн шинжилгээг заавал хийлгэдэг байсан гэдгийг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлсэн. Шинжилгээ өгөх болон, хагалгаанд орох бүрдээ Дорнод аймгаас Улаанбаатар хот руу явдаг байсан. Явах бүрдээ бензин шатахууны баримтыг заримдаа мартаад тэр бүр авдаггүй байсан гэж мэдүүлдэг. Хохирогч Б.Батбаатар нь ослын улмаас өөрт хийгдсэн эмчилгээ, үйлчилгээний зардалд нийт 21.607.984 төгрөгний зардал гарсан хэмээн тооцож, холбогдох баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Тус шүүхээс уг нэхэмжлэлийн заримыг нь буюу 7.079.243 төгрөгийг буруутай этгээдүүдээс гаргуулахаар шийдвэрлэж, нэхэмжлэлээс нийт 14.528.741 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон. Ингэж хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэлийн шаардлагаас ямар ямар зардал, хохирлыг юунд үндэслэж хэрэгсэхгүй болгосноо нарийвчлан дурдаагүй нь “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн шаардлагыг хангасангүй.

Мөн “...Солонгос улсад гоо сайханы хагалгаанд орох зардал /Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-т зааснаар шаардах эрхтэй боловч 2 хх-ийн 73-77, З хх-ийн 206-212 хуудас баримтаар олон эмчилгээ, шинжилгээ хийхээр харагдах боловч биеэр ирж үзлэг онош хийж байж яг аль эмчилгээ шинжилгээг хийлгэхээр байхаас гадна үнийн дүн тодорхойгүй/... хэмээн дүгнэж, хэрэгсэхгүй болгосон.

Хохирогч Б.Батбаатар нь БНСУ-ын Сөүлийн Их Сургуулийн харъяа эмнэлэг рүү өөрт учирсан гэмтэл, түүнтэй холбоотой баримтууд болон өвчний түүхийг явуулсан гэдэг ба уг баримтыг үндэслэн тус эмнэлгээс Б.Батбаатарт хийгдэх шаардлагатай оношлогоо, шинжилгээг нэр заан, түүнд зарцуулагдах үнийн дүнг тогтоон хариу ирүүлсэн. Тэр баримтыг орчуулагчаар орчуулан шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн боловч шүүх түүнийг үнэлсэнгүй. Иймд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 06 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шүүхээс шүүгдэгч А.С, С.А болон иргэний хариуцагч Т.Гандорж нарын эд хөрөнгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, битүүмжилсэн эд хөрөнгүүдийг шүүгдэгч нар болон иргэний хариуцагчид олгож шийдвэрлэснийг хүчингүй болгож, хохирогч Б.Батбаатарын нэхэмжилсэн хохирлын мөнгийг шүүгдэгч нар болон иргэний хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хохирогч Б.Батбаатар давж заалдсан гомдолдоо: Б.Батбаатар миний бие А.С, С.А нарын замын хөдөлгөөний дүрэм зөрчин зам тээврийн осол гаргасны улмаас өөрт учирсан хохирол болох нийт 62.224.173 төгрөгийг нэхэмжилсэн. Үүнээс эмчилгээний зардал, замын зардал, өмгөөлөгчид төлсөн зардалд нийт 21.607.984 төгрөг нэхэмжилснээс надад 7.079.243 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тус ослын улмаас миний нүд, хамар, хацрын яс, эрүү, шүдэнд маш их хугарал, гэмтэл үүссэн бөгөөд одоогоор би нүүрээрээ дүүрэн төмөртэй, сорвитой үлдэж, дүр төрх маань бүрэн алдагдаж, үнэрлэх мэдрэмжээ 100% алдаж эрүүл мэнд, гоо сайхан, сэтгэл санаагаараа маш их хохирч байна. Ослын дараа эмчилгээ, хагалгаанд маш их зардал орсон. Тухайн үед амьд л гарч байвал дараа нь учир нь олдох байх гэдэг үүднээс шаардлагатай бүх эм, тариа, эмчилгээг өөрийн зардлаар хийж байсан. Өөрийн мөнгө дуусаад эмийн сангуудаас эм болон бусад хүмүүсээс мөнгө зээлж байсан. Эмнэлэгээр явж, эмчилгээ хийлгэж байхад С болон А нараас надад нэг ч төгрөг өгөөгүй. 2018.01.10-ны өдрийн шүүх хурлын шийдвэр надад үнэхээр таалагдаагүй. Хохирсон миний эрхийг хөсөрдүүлж, хохироосон хүмүүсийн эрхийг илүүд үзлээ. Миний зүгээс гаргаж өгсөн баримтуудыг шүүх бүрэн гүйцэд шалгаагүй гэж бодож байна. Би нэг ч төгрөгийн баримтыг хууль бусаар бүрдүүлээгүй. Эм, тариа, бензин шатахуун авах бүрд надад өгсөн баримтууд байгаа юм. Тэдгээрт эргэлзээ төрөх ямар ч баримт байхгүй гэж бодож байна. Би өөрөөсөө гаргасан мөнгөө л нэхэмжилсэн. Мөн шүүхээс Солонгос улсад хийлгэх эмчилгээний гоо сайхны мөнгийг гаргуулахгүйгээр шийдсэнд маш их гомдолтой байна. Солонгос улсад гоо сайханы болон эмчилгээний хагалгаанд орох 18.700.000 вон буюу 42.636.000 төгрөг нэхэмжилсэн. Би Солонгос улсын эмнэлэг рүү зуучилдаг компаниар дамжуулж хэд хэдэн эмнэлэг рүү өөрийн баримтаа явуулсан. Түүн дотроос хамгийн хямд зардлаар эмчлэх санал ирүүлсэн Сөүлийн Их Сургуулийн харъяа эмнэлгийн зардлыг баримтыг шүүхэд өгсөн. Тус зардалд ирж, очих онгоцны тийз, хэвтэн эмчлүүлэх ор хоногийн, хэлмэрч, такси, зочид буудлын зардлыг тусгаагүй байсан учир хамгийн хямд байсан. Бусад эмнэлгүүд нь маш нарын зардлын задаргаатай байсан бөгөөд дунджаар 40-50 сая Воны зардал гарахаар байсан бөгөөд түүнийг шүүхэд өгөөгүй. Миний хувьд Солонгос улсын эмнэлэгүүд рүү ослын улмаас өөрт учирсан гэмтэл, өвчний түүх, фото зургуудыг явуулсан. Үүний дагуу Сөүлийн Их Сургуулийн харъяа эмнэлэгээс ирүүлсэн үнийн саналд оношлогоо, эмчилгээний зардлуудыг тодорхой тусгасан байгааг анхаарсангүй. Үүнийг шүүх буруугаар ойлгож, эмчилгээний зардал нь тодорхойгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгосныг ойлгохгүй байна.Би ослын улмаас өөрийн амь насаа аврахын тулд бүхий л боломжийг ашиглан эмчилгээний төлбөрийг өөрөөсөө гаргасан. Одоогоор БНСУ-руу явж эмчилгээ, хагалгаа хийлгэх ямар ч боломжгүй болсон, мөнгө санхүүгийн дутагдалд орсон. Өөрөөсөө зардал гаргаад явж эмчлүүлэх ямар ч боломжгүй байдалд ороод байна. Монголд эмчилгээ, гоо сайханын хагалгаанд орохоор судалж, уулзсан боловч миний нүүр царай, гоо сайханыг өмнөх байдалд сэргээж чадахгүй гээд БНСУ-д очиж хагалгаанд орсон нь илүү дээр гэж зөвлөж байсан. Шүүгдэгч нар намайг ийм байдалтай болгочихоод ямар ч санаа зовсон шинжгүй, нэг ч төгрөг өгөөгүй, холбогдож биеийн байдлыг ч асууж байгаагүйд маш их гомдолтой явдаг. Шүүх хурлын үеэр С нь миний дансанд 519.810 төгрөг хийсэн байсан. Энэ мөнгө бол зөвхөн нэг эмний л мөнгө. Би ослын улмаас эмчилгээнд нийт 30-аад сая төгрөг зарцуулсан. Зарим эм тарианы баримтыг авч чадаагүй, шүүхэд дутуу өгсөн. Иймд буруутай этгээдүүдээс эмчилгээнд зарцуулагдсан 21.607.984 төгрөг БНСУ-руу явж хийлгэх гоо сайхны болон эмчилгээний мэс засалд шаардагдах 18.700.000 Вон буюу 42.636.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч А.Сын өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Энэ хэрэг жил гаруй дамнаад удчихсан хэрэг байгаа. 5 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гараад гэм буруу нь тогтоосон учраас хэргийг мөрдөн байцаалтанд буцаах буюу хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуулийн үндэслэлтэй, үнэн зөв гарсан тул тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

 

Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Ж.Чимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт, саналдаа: Сыг иргэний нэхэмжлэгчээр тогтоож Гандорж болон А нараас 1126000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байдаг. Шийтгэх тогтоолд юуг үндэслэж иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь тогтоолд дурдагдаагүй учраас Гандорж болон А нараас 1126000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрэсэн нь буруу, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг дэмжиж байгаа. Яагаад гэхээр А миний үйлчлүүлэгчийн машиныг барьж явсан жолооч учраас цагаатгах байр суурийг дэмжиж байгаа. Фото зургаас харахад А зам чөлөөлж зогсох ямар ч боломж байдаггүй. Машин бол ардаа цацруулагчтай. С ойрын гэрэл дээрээ явсан гэдэг. Ойрын гэрэл дээрээ явж байгаа машин өмнөх үзэгдэх орчноо 30 метрийн зайнд харна гэж байгаа. Хэрэв холын гэрэл дээрээ явж байгаа машин 100 метрийн зайнд харах боломжтой гэж шинжээч нар шүүх хуралдаан дээр тайлбарлаж байсан учраас үүнийг харах боломжтой байсан гэж үзэж байна. Ийм учраас Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд зааснаар гэм буруугүйгээр хор уршиг учруулсан гэж үзэж байгаа учраас эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүйгээр, цагаатгах нь зүйтэй гэв.

 

Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Б.Мянган давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Шийтгэх тогтоолын 8 дахь заалттай холбогдуулж гомдол гаргах гэсэн боловч цаг хугацааны хувьд амжаагүй. Шийтгэх тогтоолын 8 дахь заалтанд эргэлзээ төрж байгаа учраас тайлбараа хэлье. Бүрдэн говь групп ХХК нь Бүрдэн говь гэсэн нэртэй байж байгаад Бүрдэн говь групп ХХК болсон. Бүрдэн говь ХХК нэртэй байхдаа Хятад улсын Жи нүө лү чин ХХК-тай 2014.01.20-ны өдөр өр барагдуулах гэрээ хийгдсэн. Энэ гэрээгээр 17 ширхэг машины толгой, 14 ширхэг чиргүүлийг өөрийнхөө өрөндөө авсан. Осол гарах үед Аын ашиглаж байсан машин болох 45-18 УНҮ улсын дугаартай цагаан өнгийн Норд бенз маркийн машин байсан. Энэ машин хэний ч зөвшөөрөлгүйгээр алга болсон байдаг. Төлбөр төлсөн Хятад компаниас машиныг шаардаж байсан, гэсэн ч өмчлөгч нь Бүрдэн говь ХХК байсан. Хавтаст хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээ /1хх-130/, жолоочийн хариуцлагын даатгалын гэрээ /2хх-68/, гэрч Бямбажавын мэдүүлэг /3хх-7/, иргэний хариуцагчаар өгсөн мэдүүлэг, Чи жон ваны мэдүүлэг зэргээр Бүрдэн говь ХХК-д шилжсэн нь тогтоогдож байгаа. Тиймээс шийтгэх тогтоолын 8 дахь заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолын 8 дахь заалтад өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

 

Прокурор Н.Амаржаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүгдэгч Аыг ямар үндэслэлээр цагаатгах гээд байгаагаа өмгөөлөгч Чимэг хэлсэнгүй. Шинжээчийн 3 удаагийн дүгнэлт гарсан байгаа. Энэ 3 удаагийн дүгнэлтэн дээр зам тээврийн осол гарсан гэдэг талаар тогтвортой дүгнэлт гарсан. Аыг зам чөлөөлж зогсох боломжгүй байсан гэж яриад байна. Хэргийн газрын үзлэгээр би очсон, зам чөлөөлж зогсох боломж байсан.  Аыг Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлт байхгүй, машиныг Бүрдэнэ говь ХХК-д буцааж өгөх нь зүйтэй гэж Мянган өмгөөлөгчийн ярьж байгаа нь үндэслэлгүй.  Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад Гандорж гэдэг хүн Бүрдэнэ говь ХХК-д шилжүүлчихсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа учраас Баатарсүрэнд олгох боломжгүй. Сын өмгөөлөгч нарын зүгээс гомдол гаргаагүй учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэж ойлгоод прокурорын зүгээс санал нэгтэй байна. Хавтаст хэрэгт авагдсан 3 шинжээчийн дүгнэлт, гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байгаа учраас Аыг өөрийнхөө гэм бурууг хүлээж, хүсэлтээ гаргажээ гэж ойлгож байна. Өмгөөлөгч Даваасүрэн, Амгалансуурь нарын байр суурь нь хоёрдмол байна. Эсхүл энэ гэмт хэрэг бишээ цагаатгаж өгнө үү гээд эсхүл энэ гэмт хэрэг мөн, мөрдөн байцаалтын ажиллагаанд буцааж өгнө үү гэж байна. Энэ хоёр байр суурины алинаар нь яваад байгааг ойлгосонгүй. Зам тээврийн ослын гол асуудал нь жолооч нар Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн. Замын хөдөлгөөний дүрмийг биелүүлэх ёстой. Тэгэхээр энэ хоёр хүнийг Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас Батбаатар болон Соёл-Эрдэнэ нарын биед хүндэвтэр гэмтэл учруулж, осол гаргасан гэж үзээд байгаа. Амгалансуурь өмгөөлөгч Аыг аюул осол гарахаас сэргийлж, зайлшгүй авах арга хэмжээг авсан гэж байна. Зайлшгүй арга хэмжээ авна гэж Замын хөдөлгөөний дүрэмд байхгүй. Ослын тэмдэгийг тавьж, ослын гэрлийг асаана л гэж байгаа. А өнөөдөр жолоочийнхоо үүргийг биелүүлээд, ослын тэмдэгээ тавьчихаад, ослын гэрлээ асаасан байсан бол Аыг буруутгах ямар ч үндэслэл болохгүй. Гэтэл жолоочийнхоо үүргийг биелүүлээгүй байж хэргийг цагаатгуулна, өнөөдөр энэ хүн ямар ч буруугүй байхад прокурор яллаад байна гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй юм. Тэгэхээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд гарсан учраас А, С нарыг зам тээврийн осол гаргаж, Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, бусдын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан. Шүүгдэгч нар хохирол төлбөр төлөөгүй байхад битүүмжилсэн эд хөрөнгийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй юм. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүхээс, шүүгдэгч А.С, С.А нарт холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 

Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.3 дугаар зүйлд заасан “Шүүх хуралдааныг тасралтгүй явуулах” гэсэн заалтыг зөрчсөн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

 

Тодруулбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1-д “Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа гэм буруутай бол Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж, мөн зүйлийн 2-т “Шүүх гэм буруугийн талаар маргасан шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэрийнхээ үндэслэлийг танилцуулсны дараа түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулна” гэснийг тус тус зөрчжээ.

 

Түүнчлэн анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч С.А, А.С нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж тогтоосон байх ба харин шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх  талаар шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нараас санал, хүсэлт гаргаагүй байхад шүүх хуралдаан даргалагч өөрийн санаачилгаар “...шөнийн 22 цаг болж байгаа учраас шүүх хуралдааныг үргэлжлүүлэх боломжгүй байна, хохирол төлөх талаар шийдвэрлэсэн учраас шүүх хуралдааныг завсарлуулж болохоор байна” гээд шүүх хуралдааныг завсарлуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3-т заасныг зөрчсөний гадна хуулийн 34.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүх хуралдаан завсарлах үндэслэлд нийцэхгүй байна.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “шүүх хуралдааныг өдрийн цагаар явуулах ба амрах зайлшгүй шаардлагатайгаас бусад цагт тасралтгүй явуулна” гэдэг нь шүүх хуралдаан ажлын цагт эхлэх шаардлагатай гэж ойлгох ба нэгэнт эхэлсэн шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэл журмын дагуу хойшлуулах, завсарлуулахаас бусад тохиолдолд тасралтгүй үргэжлүүлэн явуулах бөгөөд ялангуяа шүүгдэгч нарыг шүүх гэм буруутайд тооцсон атлаа хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй байхад шүүх хуралдааныг завсарлуулсаны дараа эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх, шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хуулийн заалтыг чанд сахих хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.

 

Иймд дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг шүүхийн хэлэлцүүлэгт буцааж байгаа тул шүүгдэгч нарын гэм буруугийн талаар эцэслэн дүгнэлт хийх боломжгүй учир шүүгдэгч С.Аын өмгөөлөгч нарын шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгуулах, хохирогч, хохирогчийн өмгөөлөгч нарын хохирол, төлбөр гаргуулах тухай давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

 

Мөн Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх тэнсэх албадлагын арга хэмжээ хэрэглэхдээ ... тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүй бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч А.Сд 6 сар хорих ял оногдуулж, мөн хугацаагаар уг ялыг тэнссэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болохыг магадлалд тэмдэглэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 39.5 дугаар зүйлийн 1, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 06 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүхийн хэлэлцүүлгийн шатнаас дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 14.2 дугаар зүйлийн 1, 2 дах хэсэгт зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч А.Сд, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч С.Ат авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

                              ШҮҮГЧИД                                  А.САЙНТӨГС

                                                                                 Н.БОЛОРМАА