Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цогийн Одмаа |
Хэргийн индекс | 128/2017/0322/З |
Дугаар | 272 |
Огноо | 2018-04-30 |
Маргааны төрөл | Хуулийн этгээдийн улсын бүртгэл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 272
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, шүүгч У.Бадамсүрэн, Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “МКК” ХХК
Хариуцагч: Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар
Нэхэмжлэлийн шаардлага:
1. “Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 14 дүгээр тэмдэглэлийг илт хууль бус болохыг тогтоолгох,
2. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “Чиглэл өгөх тухай” ХЭГ/497 тоот албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох,
3. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “Чиглэл өгөх тухай” ХЭГ/500 тоот албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох,
4. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Төрийн өмчийн төлөөлөгчийн томилж, удирдамж батлах тухай” А/50 дугаар тушаалыг хүчингүй болгуулах
5. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “Удирдамж өгөх тухай” А-1/666 тоот албан бичгийг хүчингүй болгуулах,
6. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “ЭҮ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн өөрчлөлт, дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэж, гэрчилгээ дахин олгосон үйлдлийг хүчингүй болгуулах,
7. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “МРЦ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн өөрчлөлт, дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэж, гэрчилгээ дахин олгосон үйлдлийг хүчингүй болгуулах,
8. 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүчингүй болгосон “ЭҮ” ХХК, “МРЦ” ХХК-ийн 49 хувийн эзэмшигчийн бүртгэлийг сэргээн бүртгэж, гэрчилгээ шинээр олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах
9. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Хувьцааг төрийн өмчид бүртгэх, холбогдох төлбөрийг суутган тооцох тухай” 07 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох,
10. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “ЭҮ” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэм батлах тухай 07 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах,
11. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “МРЦ” ХХК-ийн дүрэм батлах тухай 06 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах,
12. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “ЭҮ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн өөрчлөлт, дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгэсэн үйлдлийг хүчингүй болгуулах,
13. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн “МРЦ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн өөрчлөлт, дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгэсэн үйлдлийг хүчингүй болгуулах,
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн, иргэдийн төлөөлөгч Н.М, нэхэмжлэгч “МКК” ХХК-ийн төлөөлөгч Ц.П, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, Б.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ба, Г.Б, хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, Ж.Г, хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.И, Э.Э, хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, Ц.О нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
“МКК” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.П шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“....“МКК” ХХК нь Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 330 тоот тогтоолыг үндэслэн ОХУ-ын төрийн өмчит “Ростех” улсын корпорацитай гэрээ байгуулан “ЭҮ” ХХК болон “МРЦ” ХХК-ийн 49 хувийн хувьцааг худалдан авсан. Монгол Улсын Компанийн тухай хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн дагуу тухайн үеийн “ЭҮ” ХХК, “МРЦ” ХХК-ийн 51 хувийн хувьцаа эзэмшигч Монгол Улсын Сангийн яамтай хамтран 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хийсэн хувьцаа эзэмшигчдийн хурлаар “ЭҮ” ХХК болон “МРЦ” ХХК-ийн дүрмийн шинэчилсэн найруулгыг 100 хувийн саналаар баталж, мөн өдрөө “МКК” ХХК нь “ЭҮ” ХХК болон “МРЦ” ХХК-ийн 49 хувийн хувьцаа эзэмшигчээр Хуулийн этгээдийн бүртгэлийн газар бүртгүүлсэн. Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.9 дэх хэсгийн дагуу Компаниудын дүрмийн шинэчилсэн найруулгыг улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болсон.
Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр оруулсан нэмэлт өөрчлөлт, Монгол Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолын хавсралтаар Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн баталсан. Үүнтэй холбоотойгоор “ЭҮ” ХХК болон “ММРЦ” ХХК-ийн 51 хувийн хувьцааг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар эзэмшиж, хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэх болсон. Иймд 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр “ЭҮ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хийж хувьцаа эзэмшигчдийн хурлын 05/2016 тоот тогтоолоор 51 хувийн хувьцаа эзэмшигчээр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар болж өөрчлөлтийг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн.
Товчоор, “ЭҮ” ХХК болон “МРЦ” ХХК-ийн 51 хувийн хувьцааг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, 49 хувийн хувьцааг “МКК” ХХК хууль ёсоор эзэмшиж байна. Гэтэл Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр болж хуралдаанаар “ЭҮ” ХХК болон “МРЦ” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийг зуун хувь төрийн төлөөллөөс бүрдүүлж, цаашдаа тус компанийн засаглал, удирдлагын бүрэлдэхүүнд ажиллах төрийн төлөөллийн тоог нэмэгдүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.М, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Н нарт Засгийн газар үүрэг болгож, даалгавар өгсөн.
Энэхүү даалгаврын дагуу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга холбогдох шийдвэрүүдийг гаргажээ.
Монгол Улсын Засгийн газраас өгсөн даалгавар, энэхүү даалгаврын хүрээнд хийгдсэн дээрх ажиллагаанууд нь “ЭҮ” ХХК болон “МРЦ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн бүрэн эрхэд хуульд заасан үндэслэлгүйгээр халдсан, хуульд эаасан эрх хэмжээгээ хэтрүүлсэн, эрх зүйн шууд үр дагаврыг бий болгосон шинжтэй байх тул захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох, холбогдох маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулахаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу энэхүү нэхэмжпэлийг гаргаж байна.
Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно” гээд мөн зүйлийн 5.1.1 дэх заалтад “төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг ... бүх байгууллага” гэсэн байх тул энэхүү хүрээнд Засгийн газар, түүний харьяа агентлагууд болох Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь хамаарахаар байна. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “ЭҮ” ХХК болон “МРЦ” ХХК-ийн ТУЗ-ийг 100 хувь төрөөс бүрдүүлэх тухай” асуудлыг хэлэлцэж, өгсөн даалгавар нь Монгол Улсын Компанийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль болон бусад хууль тогтоомж зөрчсөн буюу Үндсэн хуулийн цэцийн хянан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт “Захиргааны хэргийн шүүх Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ.” гэж заасны дагуу Захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан байна.
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “ЭҮ” ХХК-ийн ТУЗ-ийг 100 хувь төрөөс бүрдүүлэх тухай” асуудлыг хэлэлцэж, өгсөн даалгавар нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, илт хууль бус болох нь дараах үндэслэлээр тогтоогдож байна.
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “ЭҮ” ХХК болон “МРЦ” ХХК-ийн ТУЗ-ийг 100 хувийг төрөөс бүрдүүлэх тухай” асуудлыг хэлэлцэж, өгсөн даалгавар нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасан “захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар гаргасан захиргааны акт” болох тухайд:
Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын Засгийн газар бол төрийн гүйцэтгэх дээд байгууллага мөн”, Засгийн газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “Засгийн газар Монгол Улсын хуулийг биелүүлж, аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг удирдах нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлнэ” гэж тус тус заажээ. Өөрөөр хэлбэл Засгийн газрын аливаа шийдвэр, үйлдэл нь Монгол Улсын хууль тогтоомжид бүрнээ нийцсэн байвал зохино. Түүнээс гадна Монгол Улсын Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт “Төр, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болох аймаг, нийслэл, сум, дүүрэг нь иргэний эрх зүйн харилцаанд хуулийн этгээдийн нэгэн адил оролцоно.” гэж заасны дагуу төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжид төрийг төлөөлөн хувьцаа эзэмшигч байгаа төлөөлөл бусад хувьцаа эзэмшигчдийн нэгэн адил оролцох үүрэгтэй бөгөөд тусгай давуу эрх эдлэх учиргүй.
Түүнчлэн Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бүх компани өмчийн хэлбэр, эд хөрөнгийн болон үйлдвэрлэлийн хэмжээ, дотоод зохион байгуулалтаас үл хамааран дагаж мөрдөхөөр заасан Монгол Улсын Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт “Дараах асуудлыг зөвхөн хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ” гээд мөн зүйлийн 62.1.7 дахь заалтад “төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг сонгох, бүрэн эрхийг нь хугацаанаас нь өмнө дуусгавар болгох” гэсэн нь компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг сонгох, бүрэн эрхийг нь хугацаанаас нь өмнө дуусгавар болгох эрхийг гагцхүү тухайн компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэхээр хуульчилсан.
Гэтэл Монгол Улсын Засгийн газар “ЭҮ” ХХК болон “МРЦ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар нэгэнт томилогдсон төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийг хугацаанаас өмнө дуусгавар болгох, ТУЗ-ийн гишүүдийг төрийн төлөөллөөс 100 хувь томилох буюу зөвхөн хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэх, бүрэн эрхэд нь хамаарах асуудлаар 51 хувийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлж байгаа Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт үүрэг даалгавар өгсөн нь тухайн асуудлыг компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын эрхэд халдсан, хувьцаа эзэмшигчдийн эрхийг хязгаарлах үр дагаврыг үүсгэлээ.
Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсэгт ‘‘төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөлөгчийг томилж, түүний үйл ажиллагаанд хяналт тавих" нь Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайдад бус Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын бүрэн эрхэд хамаарах асуудал байхад Засгийн газраас тусгайлан үүрэг болгосон нь түүний эрх хэмжээний хүрээнд хамаарахгүй байна.
Засгийн газар нь Засгийн газрын тухай хуулийн 2 дугаар бүлэг болон Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйл зэрэг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу өөрийн бүрэн эрхэд хамаарахгүй болох нь илэрхий байгаа “ЭҮ” ХХК болон “МРЦ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн эрхийг хэрэгжүүлсэн шинжтэй үйлдэл хийсэн нь тухайн акт илт хууль бус болох үндэслэлийг бүрдүүлж байна. Өөрөөр хэлбэл, Захиргааны байгууллага, албан тушаалтны бүрэн эрхийг хууль тогтоомжоор нарийн зааглан тогтоож зөвхөн хуулиар тусгайлан зөвшөөрч эрх олгосон тохиолдолд тодорхой захиргааны актыг гаргах боломжтой байдаг атал Засгийн газар хууль тогтоомжийг илтэд зөрчин хуулиар олгогдоогүй чиг үүргийг хэрэгжүүлжээ.
Монгол Улсын Засгийн газар ийнхүү уг актыг гаргах чиг үүрэг байхгүйн зэрэгцээ уг актаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж үзнэ. Учир нь өмнө дурдсанчлан Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” болохыг тунхагласнаас гадна 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно” хэмээн зааж өмчлөгчийн эрхийг баталгаажуулжээ. Гэтэл акт нь Үндсэн хуулиар баталгаажсан эрх, үндсэн зарчмыг зөрчөөд зогсохгүй Компанийн тухай хууль, Иргэний хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль зэрэг хуулиудаар хамгаалагдсан “ЭҮ” ХХК болон “МРЦ" ХХК-ийн хувьцаа эзэмшигч болох манай Компанийн төлөөлөн удирдах зөвлөл дэх төлөөллөөрөө дамжуулан “ЭҮ” ХХК болон “МРЦ” ХХК- ийн үйл ажиллагаанд оролцох, хувьцааны тоотой хувь тэнцүүлэн санал өгөх зэрэг эрх, хууль ёсны ашиг сонирхолд хуульд заасан үндэслэл, шалтгаангүйгээр халдсан үйлдэл болж байна.
Мөн энэхүү үйлдлээрээ Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д тусгагдсан Захиргааны үйл ажиллагааны үндсэн зарчмын нэг болох “Хуульд үндэслэх” зарчмыг ноцтой зөрчиж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “ЭҮ” ХХК болон “МРЦ” ХХК-ийн ТУЗ-ийг 100 хувь төрөөс бүрдүүлэх тухай” асуудлыг хэлэлцэж, өгсөн даалгавар нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5 дахь хэсэгт заасан “хууль бус, үйлдэл эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан” тухайд:
Энэхүү хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан актын үйлчлэлд хамаарах буюу актыг биелүүлэх субъектүүдээс хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг шаардсан байдаг.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.2 дахь заалтад “төрийн өмчийн оролцооны хувь хэмжээтэй хувь тэнцүүлэн тухайн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд төрийг төлөөлөх гишүүний нэрийг төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлж байгаа этгээд тухайн компанийн нэр дэвшүүлэх хороонд санал болгох бөгөөд нэр дэвшүүлэх хороо тэрхүү нэр дэвшигдэж байгаа этгээд нь хуульд заасны дагуу төрийг төлөөлөх этгээд мөн бол төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилуулахаар хувьцаа эзэмшигчдийн хуралд шууд оруулах үүрэгтэй” байдаг. Энэ ч утгаараа “ЭҮ” ХХК-ийн дүрэмд 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, ТУЗ нь 7 гишүүнтэй байхаас 51 хувийн хувьцааг эзэмшигч 4 гишүүн, 49 хувийн хувьцааг эзэмшигч 3 гишүүнийг тус тус томилсон.
Дээрх заалтын дагуу тус төрийн захиргааны байгууллагаас төрийн өмчийн оролцооны хувь хэмжээнд хувь тэнцүүлэн компанийн нэр дэвшүүлэх хороонд санал өгөх журамтай тул төрийн өмчийн оролцоотой компанийн ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг бүхэлд нь буюу 100 хувь төрийн төлөөллөөс бүрдүүлэх үүрэг, даалгавар нь хууль тогтоомжид нийцээгүй байна.
Мөн нөгөө талаас манай компани нь хууль ёсны хувьцаа эзэмшигч болохын хувьд Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.2 дахь хэсэгт заасны дагуу хувьцаа эзэмшигчийн хуралд оролцож Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг сонгох, бүрэн эрхийг нь хугацаанаас нь өмнө дуусгавар болгох эрхтэй. Гэтэл энэхүү хууль тогтоомжоор олгогдсон эрхийг хязгаарлаж байгаа нь хууль бус байна. Ийнхүү уг акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д заасан хууль бус үйлдэл гүйцэтгэхийг шаардсан шинжтэй байгаа нь мөн илт хууль болох нөхцөлийг бүрдүүлж байна.
Тиймээс Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “ЭҮ” ХХК-ийн ТУЗ-тэй холбоотой асуудлыг хэлэлцэж, өгсөн даалгавар нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.5, 47.1.6 дахь заалтуудад тусгагдсан захиргааны акт илт хууль бус байх шинжүүдийг давхар агуулж байна.
Монгол Улсын Засгийн газраас өгсөн үүрэг, даалгаврын дагуу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас гаргасан шийдвэрүүдийг хууль бус захиргааны акт гэж үзэх дээр дурдсан үндэслэлүүдээс гадна дараах үндэслэл байна.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар хуулиар олгогдсон эрх хэмжээгээ хэтрүүлсэн тухайд:
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар иТөрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага төрийн өмчийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, хамгаалах ажлыг эрхлэн гүйцэтгэх үүрэг бүхий" байгууллага юм. Тодруулбал, энэ нь төрийн өмчит хуулийн этгээдийн хувьд хувьцаа эзэмшигчийн эрхийг бүхэлд нь төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн хувьд төрийн эзэмшиж буй хувьд ногдох хэмжээнд эд хөрөнгийн эрх мэдлийг хэрэгжүүлдэг.
Энэхүү агуулгын хүрээнд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсэгт заасан “төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөлөгчийг томилж, түүний үйл ажиллагаанд хяналт тавих” бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ 21 дүгээр зүйлийн 21.2.2 дахь хэсэгт “төрийн өмчийн оролцооны хувь хэмжээтэй хувь тэнцүүлэн тухайн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд төрийг төлөөлөх гишүүний нэрийг төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлж байгаа этгээд тухайн компанийн нэр дэвшүүлэх хороонд санал болгох бөгөөд нэр дэвшүүлэх хороо тэрхүү нэр дэвшигдэж байгаа этгээд нь хуульд заасны дагуу төрийг төлөөлөх этгээд мөн бол төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилуулахаар хувьцаа эзэмшигчдийн хуралд шууд оруулах үүрэгтэй” гэсэн зохицуулалтын дагуу хувь тэнцүүлсэн тоогоор Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг томилох эрхтэй атал төрийн өмчит хуулийн этгээд мэтээр Төлөөлөн удирдах зөвлөлийн бүх гишүүдийг томилсон нь эрх хэмжээгээ хэтрүүлсэн үйлдэл болсон байна.
Өөрөөр хэлбэл, Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бүх компани өмчийн хэлбэр, эд хөрөнгийн болон үйлдвэрлэлийн хэмжээ, дотоод зохион байгуулалтаас үл хамааран дагаж мөрддөг Компанийн тухай хууль болон Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн дагуу төрийн өмчийн оролцоотой компанийн хувьд ч мөн адил эзэмшиж буй хувьцаагаараа дамжуулан, хувьцаанд ногдох эрх мэдлээ хэрэгжүүлэх зарчимтай.
Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдөж байгаа тухайд:
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “ЭҮ” ХХК, “МРЦ" ХХК-ийн ТУЗ-ийг 100 хувь төрөөс бүрдүүлэх тухай” асуудлыг хэлэлцэж, өгсөн даалгавар буюу Захиргааны илт хууль бус акт болон Монгол Улсын Засгийн газраас өгсөн даалгаврын дагуу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас гаргасан шийдвэрүүд нь нэхэмжлэгчийн субъектив эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна.
Тодруулбал, “ЭҮ” ХХК болон “МРЦ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид нь Компанийн тухай хуульд заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурал дээр өөрсдийн эзэмшлийн хувьцаатай хувь тэнцүүлэн санал өгөх замаар ТУЗ-ийн гишүүдийг сонгох, томилох, чөлөөлөх бүрэн эрхтэй. Гэтэл 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар ТУЗ-ийн гишүүдийг зуун хувь төрийн төлөөллөөс бүрдүүлэх үүрэг даалгаврыг өгч үүний дагуу “ЭҮ” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийг зөвхөн төрийг төлөөлсөн гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр дангаар, 49 хувийн хувьцаа эзэмшигчид мэдэгдэлгүйгээр хуралдуулж Төлөөлөн удирдах зөвлөлд манай компанийг төлөөлж байсан Да.Г, О.О, М.М нарыг ТУЗ-өөс чөлөөлжээ.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар буюу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг зохион байгуулж Засгийн газраас өгсөн даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд явагдсан энэхүү үйл ажиллагаа нь манай компанийн хувьцаа эзэмшигчийн хуралд оролцох, ТУЗ-ийн гишүүдийг чөлөөлөх, сонгох, томилох асуудалд санал өгөх, уг асуудлыг хувьцаа эзэмшигчдийн хурлаар хараат бус, чөлөөтэй хэлэлцэх, улмаар өмчлөх эрхээ хуульд заасан нөхцөл, журмын дагуу хэрэгжүүлэх эрхийг илт үгүйсгэсэн байна.
Түүнчлэн ТУЗ-ийн гишүүнийг сонгох бол төрийн өмчийн оролцооны хувь хэмжээтэй хувь тэнцүүлэн санал болгох байтал манай компанийн хувьцаа эзэмшигчийн эрхийг үгүйсгэсэн даалгавар өгч энэхүү даалгаврын хүрээнд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас холбогдох шийдвэрүүдийг гаргасан үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно”, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй.”, 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт заасан “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлана.” Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн Өөрөөр хэлбэл, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Төрийн өөрийн өмчид энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас бусад төр эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулж болох дараахь эд хөрөнгө хамаарна” гээд 5.1.3 дахь заалтад “төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн төрд ногдох хувь хөрөнгө” гэх зэргээр зааж Монгол улсын Үндсэн хууль, бусад хуулиар баталгаажиж хамгаалагдсан өмчлөгчийн эрхийг ноцтойгоор зөрчиж байна.
Дээрх байдлаар Монгол улсын засгийн газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын шийдвэр үйл ажиллагаа нь манай компанийн Компанийн тухай хуульд заасан хувьцаа эзэмшигчийн, Үндсэн хууль, Иргэний хууль холбогдох бусад хууль тогтоомжид тусгагдсан өмчлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчлөө.
Захиргааны акт батлах журам, шаардлагыг зөрчсөн тухайд:
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Захиргааны уйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчипнэ.", 4.2 дахь хэсэгт "Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална’’ гээд 4.2.6 дахь заалтад “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зарчмыг тусгасан.
Гэтэл нэхэмжлэгчид мэдэгдэж, оролцоог хангалгүйгээр шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасан “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.” гэснийг зөрчсөн байна” гэжээ.
“МКК” ХХК-ийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлд дурдагдсан хууль бус Засгийн газрын даалгавар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын шийдвэрийг үндэслэн “ЭҮ” ХХК, “МРЦ” ХХК-ийн 49 хувийг эзэмшигч манай компанийг оролцуулалгүйгээр хийсэн Хувьцаа эзэмшигчдийн хурлаар баталсан “ЭҮ” ХХК, “МРЦ” ХХК-ийн дүрмийн нэмэлт өөрчлөлт, хувьцаа эзэмшигчийн өөрчлөлтийг бүртгүүлэх хүсэлтийг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын харъяа Хуулийн этгээдийн бүртгэлийн газар 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч 2017 оны 04 дугаар сарын 03-ны бүртгэлүүдийг хийж хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг шинэчлэн олгожээ.
Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх заалтын дагуу нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргаж байна.
Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын харъяа Хуулийн этгээдийн бүртгэлийн газар нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх заалтад "хуулийн этгээд.... түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэх” гэж заасан чиг үүргийг хэрэгжүүлэх бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.4.9 дэх заалтад зааснаар “компани бол түүний хувьцааг эзэмшиж байгаа этгээдийн ... эзэмшиж байгаа хувьцааны хэмжээ, түүнд орсон өөрчлөлтийн” заавал улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.9 дэх хэсэгт “Компанийн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт, шинэчлэн найруулсан дүрэм нь улсын бүртгэлд бүртгэснээр хүчин төгөлдөр болно” гэжээ.
Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасны дагуу Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсэх ...” буюу улсын бүртгэлд суурилсан байдаг. Нөгөө талаас Иргэний хуулийн 183 дугаар үйлийн 183.1 дэх хэсэг, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 - заасан улсын бүртгэл үнэн зөв байх зарчмын хүрээнд компанийн хувьцаа зэмшигчийн бүтцэд өөрчлөлт орж байгаа бол өөрчлөлтийг тусгасан компанийн дүрмийг улсын бүртгэлд бүртгэснээр хүчин төгөлдөр болж хувьцааг шилжсэнд тооцдог.
Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын харъяа, Хуулийн этгээдийн бүртгэлийн газар нь “ЭҮ” ХХК болон “МРЦ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн өөрчлөлт, дүрмийн нэмэлт өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ дахин олгосон үйлдэл хууль бус болох нь дараах үндэслэлээр тогтоогдож байна.
Хуулийн этгээдийн бүртгэлийн газар нь хуулиар тогтоосон бүртгэлийн журам зөрчсөн тухайд:
Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэхэд Өргөдөл гаргагч нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэг, Хууль зүйн сайдын 2015 оны А/39 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан баримт бичгүүдийг журмын дагуу заавал бүрдүүлсэн байх шаардлагатай.
Гэтэл уг бүртгэлийг хийхэд ямар нэг гэрээ байхгүй болох нь тодорхой байхын зэрэгцээ Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт Төрийн өмчид эд хөрөнгийг олж авах хэлбэрүүдийг заасан байх боловч энэхүү үндэслэлүүдийг алинд нь хамаарахгүй байгааг дурдах нь зүйтэй.
Түүнчлэн Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журмын 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэг “Улсын бүртгэгч хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэхдээ хүлээн авсан өргөдөл, баримт бичгийг хувийн хэрэг дэх нотлох баримттай тулган хянаж, бүртгэх эсэх шийдвэр гаргах үүрэгтэй” гэж заасан байдаг.
Гэсэн атал уг бүртгэлийг хийхдээ “Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журам” 2 дугаар зүйлийн 2.3.1-д “улсын бүртгэгч Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон холбогдох бусад хуульд заасны дагуу ирүүлсэн баримт бичгийг хянаж, шаардлага хангасан тохиолдолд хүлээн авна” гэж заасныг зөрчин, хуулийн шаардлага хангаагүй баримт бичиг хүлээж авснаас гадна холбогдох баримт бичиг, хувийн хэргийн материалд үндэслэн шалгалгүйгээр (тухайлбал, дүрэмд өөрчлөлт оруулах гол эх баримт бичиг болох хувьцаа эзэмшигчийн тогтоолыг улсын бүртгэлд бүртгэгдсэн хууль ёсны хувьцаа эзэмшигчид холбогдох журмын дагуу хуралдаж гаргасан эсэхийг1 нягтлан шалгах үүрэгтэй) нөлөөлөлд автан хууль бус баримт бичгүүдэд үндэслэн бүртгэлийг хийсэн нь хуулиар тогтоосон улсын бүртгэл хөтлөх журам, улсын бүртгэлийн зарчим, холбогдох хууль тогтоомжуудыг зөрчсөн үйлдэл болжээ.
Түүнчлэн Улсын бүртгэгч нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.3 дахь заалт “энэ хуулийн 11.5.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах”, Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг тэр дундаа 19.1.2 дахь заалт “үүсгэн байгуулах баримт бичиг энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй” гэсэн заалтуудын хүрээнд хууль зөрчсөн улсын бүртгэл хийхээс татгалзах үүрэгтэй.
Гэтэл Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт ирүүлсэн “ЭҮ” ХХК болон “МРЦ” ХХК-ийн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх материал нь илт хууль бус болох нь тодорхой байхаас гадна, албан ёсоор улсын бүртгэлд “ЭҮ” ХХК болон “МРЦ” ХХК-ийн 49 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй байгаа “МКК” ХХК-ийн зүгээс 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 17/46 тоот албан бичгээр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.С болон Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт хүсэлт, мэдэгдэл хүргүүлсээр байхад хууль тогтоомжийг илэрхий зөрчиж албаны чиг үүргээ урвуулан ашиглаж өмчлөгчийн эрхэд халдсан бүртгэлийг хийжээ.
Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газрын харъяа Хуулийн этгээдийн бүртгэлийн газар захиргааны байгууллага болохын хувьд Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасны дагуу тухайлсан хуулиар зохицуулаагүйгээс бусад харилцаандаа Захиргааны ерөнхий хуулийг баримтлан ажиллах үүрэгтэй.
Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт зааснаар “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг түүний хүсэлтээр, эсхүл захиргааны байгууллага өөрийн санаачилгаар, оролцогчийн зөвшөөрснөөр шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулахаар” байсан боловч манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд зөрчигдөж байгаа асуудал дээр өөрсдөө хүсэлт, мэдэгдэл хүргэсээр байсныг үл харгалзан шийдвэрлэлээ.
Үүнээс гадна Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт зааснаар “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээх”-ээр байхад улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт материалууд нь хуулийн шаардлага хангаж байгаа эсэхийг цуглуулах, нотлох баримтуудыг цуглуулах, үнэлэх үүргээ биелүүлээгүй байна. Түүгээр зогсохгүй нэхэмжлэгчийн Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5 дахь хэсэгт “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны явцад өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлаар гаргасан тайлбар болон өргөдөл, гомдпыг хүлээж авахаас захиргааны байгууллага татгалзаж болохгүй” гэж заасныг зөрчиж албан бичгүүдийг буцаан албаны чиг үүргээ хэрэгжүүлэхдээ захиргааны байгууллагынхаа хувьд дагаж мөрдөх 'ль тогтоомжийг зөрчсөн.
Мөн энэхүү үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дах хэсэг, 4.2.1-д “захиргааны үйл ажиллагаа хуульд үндэслэх”, 4.2.3-т “хуульд заасан нууцад хамаарахаас бусад үйл ажиллагаанд илт тод, нээлттэй байх”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” гэж тус тус заасан захиргааны үйл ажиллгааны зарчмыг ноцтой зөрчсөн үйлдэл болсон.
Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын үйл ажиллагаа нь өнөөгийн хүчин өлдөр мөрдөж буй Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журам зэрэг хууль тогтоомжийн хүрээнд зохицуулагдаж байна.
Монгол Улсын бүртгэлийн байгууллага нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 аар зүйлийн 8.1.7-д зааснаар “улсын бүртгэлийн хөтлөлт, эх нотлох баримтын үнэн зөвийг нягтлан бүрдлийг хангах, илэрсэн дутагдлыг арилгуулах арга хэмжээ авахаар улсын бүртгэлийн үнэн зөв, бодит байдлыг хангах” үүрэгтэй. Мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хориглох зүйлсийг заасан бөгөөд 18.1.8-д “улсын бүртгэлд өмнө нь буртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгох”, 18.1.9-д “улсын бүртгэгч өөрийн хувийн дугаар бүхий тэмдгийг хууль бус үйлдэлд хэрэглэх, бусдад ашиглуулах, өөр бүртгэгчийн тэмдгийг ашиглах” гэж тус тус заасныг зөрчжээ.
Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын харъяа Хуулийн этгээдийн бүртгэлийн газар 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр бодит байдалд хууль тогтоомжид нийцэхгүй болох нь илэрхий байгаа бүртгэлийг хийж, дахин гэрчилгээ олгосноороо Төрийн байгууллагын үйл ажиллагаандаа баримтлах үндсэн зарчим болох Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “хууль дээдлэх” зарчим, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д заасан “хараат бус байх”, 3.1.5-д заасан “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх” зарчмууд болон улсын бүртгэлийн хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн үйлдэл боллоо.
Монгол Улсын Засгийн газар болон түүний харъяа агентлаг болох Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хууль бус шийдвэрийг үндэслэн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын харъяа Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт хийгдсэн “ЭҮ” ХХК болон “МРЦ” ХХК-ийн 49 хувийн хувьцаа эзэмшигчийг өөрчилсөн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэсэн үйлдэл нь нэхэмжлэгчийн субъекгив эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна.
Тодруулбал, Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.9 дэх хэсэгт “Компанийн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт, шинэчлэн найруулсан дүрэм нь улсын бүртгэлд бүртгэснээр хүчин төгөлдөр болно” гэж заасан бөгөөд дээрх бүртгэлийг хийснээрээ Хуулийн этгээдийн бүртгэлийн газар нь нэхэмжлэгчийн дор дурдсан хууль тогтоомжуудад заасан эрхийг зөрчигдөж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж, 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт заасан “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлана” гэж, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Төрийн өөрийн өмчид энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас бусад төр эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулж болох дараах эд хөрөнгө хамаарна” гээд 5.1.3 дахь заалтад “төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн төрд ногдох хувь хөрөнгө” гэх зэргээр зааж Монгол улсын Үндсэн хууль, бусад хуулиар өмчийн аливаа хэлбэрийг тэр дундаа хувийн өмчийг баталгаажуулсан байдаг.
Дээрх байдлаар Монгол Улсын засгийн газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын шийдвэр үйл ажиллагаа нь манай компанийн Компанийн тухай хуульд заасан хувьцаа эзэмшигчийн, Үндсэн хууль, Иргэний хууль холбогдох бусад хууль тогтоомжид тусгагдсан өмчлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчлөө.
Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын харъяа Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хийгдсэн “ЭҮ” ХХК болон “МРЦ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн өөрчлөлт, дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэсэн үйлдлийг хүчингүй болгож Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
“МКК” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.П нь 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, нэмэгдүүлэхдээ:
“...Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах тухайд Нэхэмжлэл гаргах үед мэдэгдээгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодорхой болсон үйл баримттай холбоотойгоор нэхэмжлэлийн зарим шаардлагуудыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасны дагуу тодруулж байна. Үүнд,
1. Монгол Улсын Засгийн газарт холбогдох “Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “ЭҮ” ХХК, “МРЦ” ХХК-ийн ТУЗ-ийг 100 хувь төрөөс бүрдүүлэх тухай” асуудлыг хэлэлцэж, өгсөн даалгаврыг илт хууль бус болгохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг “Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 14 дүгээр тэмдэглэлийн “ЭҮ” ХХК болон “МРЦ” ХХК-ийн ТУЗ-ийг 100 хувь төрөөс бүрдүүлэх тухай асуудлыг хэлэлцэн өгсөн даалгаварт холбогдох хэсэг, түүнийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах хүрээнд гаргасан (1) Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 30-ний өдрийн “Чиглэл өгөх тухай” ХЭГ/497 тоот албан бичиг, (2) Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 30-ны Өдрийн “Чиглэл өгөх тухай” ХЭГ/500 тоот албан бичгүүдийг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж өөрчлөх,
Ингэж өөрчилснөөр хариуцагч Монгол Улсын Засгийн газар, түүний ажлын алба болох Засгийн газрын хэрэг эрхлэх газраас уг даалгавартай холбогдуулан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар луу явуулсан албан бичгүүд зэргийг бүгдийг нь хүчингүй болгож нэхэмжлэлийг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг бүрэн хамгаалах зорилгыг хангахаар байна.
2. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт холбогдох “Монгол Улсын Засгийн газраас өгсөн даалгаврын дагуу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас гаргасан шийдвэрүүдийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг “(1) Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Төрийн өмчийн төлөөлөгчийг томилж, удирдамж батлах тухай” А/50 тоот тушаал, (2) Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “Удирдамж батлах тухай” А-1/666 тоот албан бичгүүдийг хүчингүй болгуулах” гэж өөрчлөх,
Дээр дурдсанчлан Засгийн газраас өгсөн даалгавартай холбоотой нэхэмжлэл гаргах үед мэдэгдэхгүй байсан үйл баримт буюу албан бичиг, шийдвэр зэргийг бүгдийг нь хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол бүрэн хамгаалагдах боломжтой болохоос гадна шүүхийн маргаан шийдвэрлэх зарчим, зорилгод нийцэхээр байна.
Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх тухайд: 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүчингүй болгосон нэхэмжлэгчийн “ЭҮ” ХХК, “МРЦ” ХХК-ийн 49 хувийн хувьцаа эзэмшигчийн бүртгэлийг сэргээн бүртгэх, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг шинээр олгохыг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт даалгах;
“МКК” ХХК-ийн нэхэмжлэлтэй Монгол Улсын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.
Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын, Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт хийгдсэн “ЭҮ” ХХК, “МКК” ХХК-ийн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэсэн үйлдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасан эрхийнхээ дагуу дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байна.
Уг ихэсгэж буй нэхэмжлэлийн шаардлага нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх нөхцөл журмыг тодорхой болгох, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нэн даруй сэргээн эдлүүлэх, цаашид эрх нь зөрчигдөж болзошгүй нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой.
Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт “...шийдвэр гүйцэтгүүлэх арга, журам, хугацаа...” зэргийг шүүхийн шийдвэр тодорхой тусгах талаар зохицуулсан. Энэхүү зохицуулалтыг зорилго, агуулга нь нэг талаас хариуцагч захиргааны байгууллагын эс үйлдэхүй, үйл ажиллагааны улмаас шүүхийн шийдвэр биелэгдэхгүй байх, хугацаа алдах зэргээс сэргийлэх, нөгөө талаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хамаарч арга журмаа тодорхойлох явдал юм.
Мөн захиргааны хэргийн шүүх нь иргэн, хуулийн этгээдийн гаргасан нэхэмжлэл, түүнд тодорхойлсон шаардлагын хүрээнд маргааныг эцэслэн шийдвэрлэдэг тул хариуцагчийн эрх зөрчсөн үйлдэл, үйл ажиллагааг бүрэн таслан зогсоох, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад зайлшгүй шаардлагатай шүүхийн журам, шаардлагыг ашиглах нь зүйтэй байна.” гэжээ.
“МКК” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.П нь 2018 оны 01 дүгээр сарын 11, 25-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, нэмэгдүүлэхдээ:
“МКК" ХХК нь Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэл (цаашид “Нэхэмжлэл” гэх) гаргасан бөгөөд захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай зэрэгцэн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт холбогдох иргэний хэргийг Монгол Улсын Дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр эцэслэн шийдвэрлэж, 001 /ХГ2017/01562 дугаар тогтоол гаргасан. Тус тогтоолоор Төрийн өмчийн бодлого, зохицуулалтыг газраас 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулсан “ЭҮ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн ээлжит бус хурлаас гарсан 01, 02 тоот нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг зөрчсөн агуулга бүхий хууль бус тогтоолуудыг хүчингүй болгож, өмчлөх эрхийг сэргээсэн. Улмаар Улсын дээд шүүхийн тогтоолын дагуу нэхэмжлэгчийн хууль ёсны өмчлөх эрх дахин баталгаажсан ба одоогийн хэргийн хариуцагчийн нэг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн зөвшөөрч, өмчлөх эрхийг сэргээн бүртгэсэн. Өөрөөр хэлбэл иргэний шүүхээс хариуцагчдын захиргааны акт гаргах үндэслэл болсон үйл баримт буюу хувьцааны өмчлөх эрх шилжсэн гэх иргэний эрх зүйн харилцааг нэг мөр тодорхойлж, хариуцагчид хууль зөрчсөн болохыг тогтоосон.
Гэтэл Монгол Улсын Дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 001/ХГ2017/01562 тоот тогтоолоор хууль бус болохыг нь нэгэнт тогтоосон үйл баримт арилаагүй байхад буюу хувьцааны өмчлөх эрх төрийн өмчид хууль ёсоор шилжээгүй байхад Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр маргаан бүхий захиргааны актуудаар компаниудыг 100 хувь төрийн өмчит болох тухай дүрэм баталж, 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлжээ. Ийнхүү Монгол Улсын Дээд шүүхийн 001/ХГ2017/01562 тоот тогтоолоор баталгаажсан өмчлөх эрхийг үгүйсгэсэн хариуцагчдын шийдвэр , үйл ажиллагаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хууль бус болохыг тогтоолгохоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх заалтад заасан эрхийнхээ дагуу нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэж байна.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2018 оны 01 дүгээр сарын 09- ний өдрийн Маргаан бүхий захиргааны актууд нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хууль бус болох нь Дараах үндэслэлээр тогтоогдож байна. Үүнд:
2.1. Нэхэмжлэгчийн өмчлөх эрх хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн тухайд Маргаан бүхий захиргааны актууд, тэдгээрийн хавсралтаар батлагдсан компаниудын дүрмүүд болон Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар “ЭҮ” ХХК-ийг 100 хувь төрийн өмчит болгон баталсан дүрмийг бүртгэж гэрчилгээ олгосон үйлдэл зэрэг захиргааны актууд нь “ЭҮ" ХХК болон “МРЦ” ХХК- ийн 49 хувийн хувьцааг эзэмшигч манай компанийн хувьцаа эзэмшигчийн хуралд оролцох, санал өгөх, уг асуудлыг хувьцаа эзэмшигчдийн хурлаар хамтран хэлэлцэх, улмаар өмчлөх эрхээ хуульд заасан нөхцөл, журмын дагуу хэрэгжүүлэх эрхийг илт үгүйсгэж зөрчсөн үйл ажиллагаа болсон.
Түүнчлэн уг захиргааны актууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно”, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэх зэргээр Монгол улсын Үндсэн хууль, бусад хуулиар баталгаажиж хамгаалагдсан өмчлөгчийн эрхийг ноцтойгоор зөрчсөн.
2.2. Төр хувийн эрх зүйн харилцаанд хуулийн этгээдийн нэгэн адил оролцох зарчим, хуулийн зохицуулалтыг зөрчсөн тухай
Хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэг, 4.2.1-д “захиргааны үйл ажиллагаа хуульд үндэслэх”, 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” зэрэг зарчмын дагуу Монгол Улсын иргэд, хуулийн этгээдүүдтэй хуульд заасан журмын дагуу харьцах ба хувийн эрх зүйн харилцаанд аливаа байдлаар төрийн давуу байдлыг ашиглахыг хориглодог. Монгол Улсын Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт “Төр. засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болох аймаг, нийслэл, сум, дүүрэг нь иргэний эрх зүйн харилцаанд хуулийн этгээдийн нэгэн адил оролцоно" гэж заасны дагуу хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь төрийн өмчийн оролцоотой “ЭҮ" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд төрийн захиргааны байгууллага бус 51 хувийн хувьцаа эзэмшигчийн хувиар оролцох, санал өгөх зэргээр Нэхэмжлэгчийн нэгэн адил оролцох үүрэгтэй. Гэвч хуульд заасан зарчим, хориглолуудыг зөрчиж, нийтийн эрх зүйн субъект захиргааны байгууллага болохынхоо хувьд цөөнх хувьцаа эзэмшигч Нэхэмжлэгчийн эрхийг илт үгүйсгэсэн захиргааны акт гаргаж, давуу эрх эдлэн оролцсон байна. Хамгийн гол нь хариуцагч нөгөө хувьцаа эзэмшигчийн эрхийг зөрчиж дүрэм батлаад зогсохгүй улсын бүртгэлд бүртгүүлснээр нэхэмжлэгчийн эрхийг зөрчлөө.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын компаниудын дүрмийг баталсан үйлдэл нь хууль бус болох тухай
а. Хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэд халдсан тухайд
Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бүх компани өмчийн хэлбэр, эд хөрөнгийн болон үйлдвэрлэлийн хэмжээ, дотоод зохион байгуулалтаас үл хамааран дагаж мөрдөхөөр заасан Монгол Улсын Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт “Дараах асуудлыг зөвхөн хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ” гээд мөн зүйлийн 62.1.1-д “ компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах буюу компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг гагцхүү тухайн компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар батлахаар хуульчилсан.
Тиймээс Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д заасны дагуу шинэчилсэн дүрэм батлах асуудлыг хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй байсан манай компанийг оролцуулан Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 69 дүгээр зүйлийн 69.1, 69.2 дахь хэсгүүдэд болон “ЭҮ” ХХК, “МРЦ” ХХК-иудын дүрэмд заасан журам, шаардлагын дагуу шийдвэрлэх ёстой байсан. Гэвч, хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулалгүйгээр өөрт олгогдоогүй чиг үүргийг хэрэгжүүлэн хууль бус захиргааны акт гаргах замаар “ЭҮ" ХХК-ийн 49 хувийн хувьцаа эзэмших эрхийг дуусгавар болгосон утга бүхий дүрэм баталсан. Энэ нь Компанийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1 дэх заалтад “хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, хурлаар хэлэлцэж байгаа бүх асуудлаар өөрийн эзэмшлийн хувьцааны тоотой хувь тэнцүүлэн санал өгөх” гэж заасан хувьцаа эзэмшигч болох Нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн.
2.3. Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа Хуулийн этгээдийн бүртгэлийн газар нь хуулиар тогтоосон бүртгэлийн журам, холбогдох хуулийг зөрчсөн тухайд
а. Хууль болон журмын шаардлагад нийцээгүй матөриалд үндэслэж бүртгэл
хийсэн тухайд
Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэхэд Өргөдөл гаргагч нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэг, Хууль зүйн сайдын 2015 оны А/39 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журам” (цаашид “Журам” гэх)-ын 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан баримт бичгүүдийг заавал бүрдүүлсэн байх шаардлагатай. Тодруулбал, хувьцаа эзэмшигчийн бүтцэд өөрчлөлт орох, хувьцаа шилжих тохиолдолд мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.4 дэх заалт, Журмын 4 дүгээр зүйлийн 4.2.4 дэх заалтын дагуу “нотариатаар гэрчлүүлсэн холбогдох гэрээ” бүртгэлийн гол баримт бичиг болдог. Гэтэл дээрх бүртгэлийг үндэслэх ямар нэг гэрээ байгаагүй болно.
Түүнчлэн Журмын 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт “Улсын бүртгэгч хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэхдээ хүлээн авсан өргөдөл, баримт бичгийг ХУВИЙН ХЭРЭГ дэх нотлох баримттай тулган хянаж бүртгэх эсэх шийдвэр гаргах үүрэгтэй” гэж заасан байдаг. Гэвч бүртгэлийг хийхдээ Журмын 2 дугаар зүйлийн 2.3.1-д “улсын бүртгэгч Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон холбогдох бусад хуульд заасны дагуу ирүүлсэн баримт бичгийг хянаж, шаардлага хангасан тохиолдолд хүлээн авна" гэж заасныг зөрчин, хуулийн шаардлага хангаагүй баримт бичиг хүлээж авснаас гадна холбогдох баримт бичиг, хувийн хэргийн материалд үндэслэн шалгалгүйгээр албан тушаалын нөлөөлөлд автан хууль бус баримт бичгүүдэд үндэслэн бүртгэлийг хийсэн нь хуулиар тогтоосон улсын бүртгэл хөтлөх журам, улсын бүртгэлийн зарчим, холбогдох хууль тогтоомжуудыг зөрчсөн үйлдэл болжээ.
Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар нь хэдий Засгийн газрын харьяа агентлаг ч гэсэн хуулиар тогтоосон үндсэн чиг үүрэг болох улсын нэгдсэн бүртгэл, өмчлөлийг баталгаажуулах харилцаанд төрийн захиргааны байгууллага, хуулийн этгээдтэй ялгаварлан харьцаж болохгүй. Өөрөөр хэлбэл бүртгэлийн байгууллага нь төрийн хууль бус үүрэг даалгаврыг биелүүлэх бус өмчлөх эрхийг хамгаалах үүрэгтэй.
б. Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах үүргээ хэрэгжүүлээгүй тухайд
Улсын бүртгэгч нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.3 дахь заалт “энэ хуулийн 11.5.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах”, Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг тэр дундаа 19.1.2 дахь заалт “үүсгэн байгуулах баримт бичиг энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй” гэсэн заалтуудын хүрээнд хууль зөрчсөн улсын бүртгэл хийхээс татгалзах үүрэгтэй.
Гэтэл Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт ирүүлсэн “ЭҮ” ХХК шинэчилсэн дүрмийг улсын бүртгэлд бүртгүүлэх материал нь илт хууль бус болох нь тодорхой байсан. Мөн 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар “ЭҮ” ХХК-ийн 49 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй байгаа нэхэмжлэгчийн зүгээс Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.С болон Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр болон 08-ны өдрүүдэд албан бичгээр хүсэлт, мэдэгдэл хүргүүлсээр байхад хууль тогтоомжийг илэрхий зөрчиж албаны чиг үүргээ урвуулан ашиглаж өмчлөгчийн эрхэд халдсан бүртгэлийг хийжээ.
в. Захиргааны байгууллагын хуулиар хүлээсэн ерөнхий үүргүүдээ хэрэгжүүлээгүй тухайд
Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар захиргааны байгууллага болохын хувьд Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасны дагуу тухайлсан хуулиар зохицуулаагүйгээс бусад харилцаандаа Захиргааны ерөнхий хуулийг баримтлан ажиллах үүрэгтэй. Гэтэл бүртгэлийн үйл ажиллагаа нь Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дах хэсэг, 4.2.1-т “захиргааны үйл ажиллагаа хуульд үндэслэх", 4.2.3-т “хуульд заасан нууцад хамаарахаас бусад үйл ажиллагаанд ил тод, нээлттэй байх”, 4.2.6-д "бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” гэж тус тус заасан захиргааны үйл ажиллагааны зарчмыг ноцтой зөрчсөн үйлдэл болсон.
Тухайлбал, Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг түүний хүсэлтээр, эсхүл захиргааны байгууллага өөрийн санаачилгаар, оролцогчийн зөвшөөрснөөр шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулна” гэж заасныг баримтлалгүй манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд зөрчигдөж байгааг мэдэгдсээр байтал үл харгалзан шийдвэрлэсэн. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт зааснаар “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээх”-ээр байхад улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт материалууд нь хуулийн шаардлага хангаж байгаа эсэхийг тодруулах, нотлох баримтуудыг цуглуулах, үнэлэх үүргээ биелүүлээгүй байна.
г. Хуулиар хориглосон үйлдэл хэрэгжүүлсэн тухайд
Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа Хуулийн этгээдийн бүртгэлийн газар 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр дээр дурдсанчлан хууль тогтоомжид нийцэхгүй болох нь илэрхий байгаа бүртгэлийг хийж, дахин гэрчилгээ олгосноороо Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8 дахь заалтад "улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн ЭРХ нь хүчинтэй байхад дахин буртгэж. гэочилгээ олгох". 18.1.9-т “улсын бүртгэгч өөрийн хувийн дугаар бүхий тэмдгийг ХУУЛЬ БУС үйлдэлд хэрэглэх. бусдад ашиглуулах, өөр бүртгэгчийн тэмдгийг ашиглах” гэж заасан улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хориглосон үйлдлийг хийсэн байна.
Монгол Улсын Дээд шүүхийн 001/ХГ2017/01562 тоот тогтоолд Улсын Их Хурлын 23 дугаар тогтоол нь өмчлөгчийн эрхийг хязгаарлах, хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах, хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох, санал өгөх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй гэж хэрэгт холбоотой үйл баримтын талаар дүгнэлт өгсөн. Гэтэл УДШ-ийн тогтоолоор нэгэнт хууль бус болох нь тогтоогдсон үйл баримт өөрчлөгдөөгүй, хэвээр байгаа энэ мөчид хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Маргаан бүхий захиргааны актуудыг дахин гаргасныг нь хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр дахин бүртгэл хийсэн. Эдгээр төрийн захиргааны байгууллагын удаа дараагийн хууль бус үйлдэл нь нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг зөрчсөнөөс гадна захиргааны байгууллага эрх хэмжээгээ хэтрүүлсэн, хууль зөрчсөн үйлдэл болсон.
Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 06, 07 дугаар тогтоолууд, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хийсэн “ЭҮ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн өөрчлөлт, шинэчилсэн дүрмийг бүртгэсэн үйлдлийг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
“МКК” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нь 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:
“МКК” ХХК нь Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэл (цаашид “Нэхэмжлэл” гэх) гаргасан бөгөөд захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.
Тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2018 оны дүгээр сарын 18 болон 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр тус тус нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.
Дээрх нэмэгдүүлсэн шаардлагуудыг гаргах үед Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын “МРЦ" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн өөрчлөлт, дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгэсэн үйлдлийн талаар нэхэмжлэгч мэдээгүй байсан. Харин 2018 оны 02 дугаар сарын 02- ны өдрийн 12/1196 дугаар албан бичгийн хавсралтаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн материалтай нэхэмжлэгч танилцаад тус бүртгэл хийсэн үйлдлийн талаар анх мэдэж энэхүү нэмэгдүүлсэн шаардлагыг гаргаж байна.
Нэхэмжлэлийн нэмэгдүүлж буй шаардлагын хууль зүйн үндэслэл нь нэхэмжлэгчээс 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр нэмэгдүүлсэн хоёрдугаар шаардлагын үндэслэлтэй агуулга ижил тул давтан бичих шаардлагагүй байна. Товчхондоо, хариуцагч Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар нь Захиргааны ерөнхий хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, Хууль зүйн сайдын 2015 оны А/39 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журам” зэрэг хууль тогтоомжууд, түүгээр хүлээсэн үүргүүдээ ноцтой зөрчиж холбогдох хууль болон журмын шаардлагад нийцээгүй материалд үндэслэн хууль бус бүртгэлийн үйлдэл хийсэн.
Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хийсэн “ЭҮ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн өөрчлөлт, шинэчилсэн дүрмийг бүртгэсэн үйлдлийг тус тус хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Улсын Их Хурлын “Хууль зүйн байнгын хороо 2016 оны 06 дугаар тогтоолоор Оросын Холбооны Улсын Засгийн газар болон тус улсын өндөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бүтээх, үйлдвэрлэх, экспортлох ”МРЦ” ХХК-д эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг “МКК” ХХК худалдан авсантай холбогдох хууль тогтоомж, гэрээнүүд, ажлын дэд хэсгийн шалгалтын дүн, материалыг судлан шалгаж, дүгнэлт гаргасан байдаг.
Тус дүгнэлтээр “ЭҮ” ХХК болон “МРц” нэгдлийн 49 хувийг худалдан авах ажиллагаа нь Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль тогтоомжуудад тус тус зөрчсөн байсныг илрүүлсэн. Иймд УИХ-ын 2 дугаар сарын 10-ны өдрийн Чуулганы нэгдсэн хуралдаанаар “ЭҮ” ХХК, “МРЦ” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай 23 дугаар тогтоолыг хэлэлцэн баталсан.
Уг тогтоолоор Засгийн газрын 2016 оны 330 дугаар тогтоолын нэгдүгээр заалтыг хүчингүй болгож тус үйлдвэрүүдийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид шилжүүлэн авах асуудлыг яаралтай шийдвэрлэхийг Засгийн газарт үүрэг болгосноор Монгол Улсын Засгийн газар 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар “ЭҮ” ХХК, “МРЦ” ХХК-ийн ТУЗ-ийг 100 хувь төрөөс бүрдүүлэх тухай” асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн.
Монгол Улсын Засгийн газар нь Улсын Их Хурлаас өгсөн үүрэг чиглэлийг хэрэгжүүлэн хуулиар олгогдсон эрх хэмжээнд нийцүүлэн зохих шийдвэр гаргасан тул “МКК” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох мөн захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус маргаан гэж үзэж байна. Тухайлбал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “Шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд Монгол Улсын Үндсэн Хууль, Монгол Улсын Олон улсын гэрээ, бусад хууль тогтоомжийг хэрэглэн”, 11.2-т “Хэрэг хянан шийдвэрлэхэд хэрэглэх хууль, Монгол Улсын Олон улсын гэрээ нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй байна гэж шүүгч, шүүх бүрэлдэхүүн үзвэл тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, Улсын дээд шүүхэд энэ талаар саналаа гаргана гэж тус тус заасан. Мөн Монгол Улсын Үндсэн Хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Монгол Улсын Засгийн газар бол төрийн гүйцэтгэх дээд байгууллага мөн”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 1-д “Засгийн газар нь Үндсэн хууль бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах” бүрэн эрхтэй гэж заасан. Ийм учраас Монгол Улсын Үндсэн хуулийн 41 дүгээр зүйлийн 1-д “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлын УИХ-ын өмнө хариуцна”, 2-т “Засгийн газар үйл ажиллагаагаа Улсын Их Хуралд тайлагнана”, 45 дугаар зүйлийн 2-т “Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно” гэж хуульчилсан байна. Энэ нь УИХ, Засгийн газар, “Үндсэн хуулийн цэцээс өөр субъект Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгох гэдгийг шууд тодорхойлсон байна.
Энэхүү Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татсан нэхэмжлэлтэй холбоотой хэлэлцэх гэж байгаа аливаа ажиллагаа нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцэхгүй байна гэж үзэж байна. Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийг заалтаар Засгийн газрын шийдвэрийг Засгийн газар өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгохоор хуульчилсан байдаг. Энэхүү заалтын дагуу Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн 2005 оны 02 тоот дүгнэлт гарсан байдаг. Уг дүгнэлтээр Монгол Улсын Үндсэн Хуулийн 45 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно” гэсэн нь Үндсэн Хуулийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Монгол Улсын Засгийн газар төрийн гүйцэтгэх дээд байгууллага” болохынх нь хувьд түүний шийдвэрийг захиргааны хэргийн шүүх хянан хэлэлцэх эрх хэмжээ олгогдоогүй байна гэсэн шийдвэр гаргасан. Үндсэн хуулийн Цэцийн дээрх шийдвэр нь одоо хүртэл хүчин төгөлдөр байгаа бөгөөд уг шийдвэрийг Улсын Их Хурал, Захиргааны хэргийн шүүхээс хүчингүй болгосон ямар нэг шийдвэр гаргаагүй байна.
Иймд захиргааны хэргийн шүүх нь Үндсэн хуулиар тусгайлан тогтоосон Засгийн газар, Улсын Их Хурлын эрх хэмжээнд халдсан бөгөөд Монгол Улсын Үндсэн Хуульд заасан заалтыг хэрэглэх үндэслэлтэй байгаа тул энэхүү маргаан захиргааны хэргийн шүүхийн маргаан бус гэж үзэж байна” гэжээ.
Хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Улсын Их Хурлын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн “ЭҮ” ХХК, “МРЦ” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай 23 дугаар тогтоолоор Оросын холбооны улсын Засгийн газрын эзэмшлээс “МКК” ХХК-д шилжсэн “ЭҮ” ХХК, “МРЦ” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид шилжүүлэн авах асуудлыг яаралтай шийдвэрлэхийг Монгол Улсын Засгийн газар даалгасан. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэн “ЭҮ” ХХК, “МРЦ” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийг 100 хувь төрийн төлөөллөөр бүрдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт даалгасан. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.М-ын 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ХЭГ/497 дугаар албан бичгээр “ЭҮ” ХХК, “МРЦ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулж, дүрмийг шинэчлэн батлах арга хэмжээ авахыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт, мөн өдрийн ХЭГ/500 дугаар албан бичгээр “ЭҮ” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийг 100 хувь төрийн төлөөллөөр бүрдүүлэхтэй холбогдуулан төрийн өмчийн төлөөллөөр нэр бүхий албан тушаалтныг томилон ажиллуулах үүрэг чиглэлийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар тус тус өгсөн.
Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийг биелүүлж Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь дараах арга хэмжээг авч хэрэгжүүлсэн болно.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/50 дугаар тушаалаар “ЭҮ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахаар тогтож, тус хуралд төрийн өмчийг төлөөлөн оролцох төлөөлөгчийг томилж, төлөөлөгчийн баримтлах удирдамжийг баталсан,
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “Удирдамж өгөх тухай” А-1/666 дугаар албан бичгээр “ЭҮ” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд баримтлах удирдамжийг гишүүдэд өгсөн болно.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 911 дэх хэсэгт төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын статусыг төрийн өмчийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, хамгаалах ажлыг эрхлэн гүйцэтгэх үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг гэж тодорхойлжээ. Төрийн өмчит компанийн хувьд хувьцаа эзэмшигчийн эрхийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар хэрэгжүүлдэг бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг, 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтыг тус тус үндэслэн дээр дурдсан шийдвэрийг гаргасан болно.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь Улсын Их Хурал, Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийг хэрэгжүүлэн хуулиар олгогдсон эрх хэмжээнд нийцүүлэн зохих шийдвэр гаргасан тул нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, Д.Ү нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“... “ЭҮ” ХХК-ийн 49 хувийн хувьцааг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт шилжүүлэн, дүрмийн зарим заалтын өөрчлөлт болон захирлыг өөрчилж, улсын бүртгэлийн гэрчилгээ олгохдоо дараах Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэр болон холбогдох бусад баримтыг үндэслэн. Үүнд:
1. УБ-05 маягт,
2. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,
3. Монгол Улсын Их Хурлын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоол,
4. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн хуралдааны 14 дүгээр тэмдэглэл,
5. Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ХЭГ/497, ХЭГ/500 дугаар албан бичиг,
6. “ЭҮ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 01, 02 дугаар тогтоолууд,
7. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 145 дугаар тогтоол,
8. “ЭҮ” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 22/2016, 23/2016 дугаар тогтоолууд,
9. “ЭҮ” ХХК-ийн дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлт,
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 3/2153 тоот албан бичгийн дагуу “шүүхийн шийдвэрийн төлбөртэй” үндэслэлээр “МРЦ” ХХК-ийн улсын бүртгэлд өөрчлөлт хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн байх ба Монгол Улсын Их Хурлын 2017 оны 23 дугаар тогтоолын дагуу уг компанийн улсын бүртгэлд ямар нэг өөрчлөлт ороогүй байна.
Мөн түүнчлэн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд “МКК” ХХК-ийн “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын харъяа Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт 2017 оны 04 дүгээр 03-ны өдөр хийгдсэн "ЭҮ” ХХК, “МРЦ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн өөрчлөлт, дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэж, гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлтэй захиргааны хэрэг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байна.
Гэтэл 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр “МКК” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа “2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүчингүй болгосон нэхэмжлэгчийн “ЭҮ” XXК, “МРЦ” ХХК-ийн 49 хувьцаа эзэмшигчийн бүртгэлийг сэргээн бүртгэх, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг шинээр олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий харьяа Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт даалгах” гэж нэмэгдүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал “ЭҮ” ХХК-ийн хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулсныг 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр улсын бүртгэлд бүртгэсэн талаар хуульд заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гомдол гаргаагүй бөгөөд бүртгэлийн байгууллагын зүгээс ямар нэг эс үйлдэхүй гаргаагүй байхад шүүх уг нэхэмжлэлийг хүлээн авч байгаа нь хуульд нийцэхгүй байна.
Хууль, тогтоомжид сэргээн бүртгэх гэдэг ойлголт байхгүй. Шүүх маргаан бүхий бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэлээ гэхэд уг бүртгэлийг хийгдээгүй гэж тооцон буцаан маргаан бүхий бүртгэлээс өмнөх байдалд очно. Иймд нэхэмжлэгч талын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн үндэслэл нь эрх зүйн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь
Шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар болон хариуцагч байгуулагуудын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдааны үед нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсныг дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх хэсгийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.
“МКК” ХХК-иас 2018 оны 01 дүгээр сарын 11, 2018 оны 01 дүгээр сарын 25, 02 дугаар сарын 09-ний өдрүүдэд тус тус нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, нэмэгдүүлснийг хариуцагч Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газруудын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр гардуулсан боловч шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй, Монгол Улсын Засгийн газарт тус шүүхээс 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 1/995 тоот албан бичгээр мөн хариу тайлбарыг шаардсан боловч ирүүлээгүй.
Түүнчлэн нэхэмжлэгч “МКК” ХХК-иас 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэснийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л-д 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр гардуулж, 02 дугаар сарын 26-ны өдөр хариу тайлбар өгөх хугацааг тогтоож өгсөн боловч мөн л шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбарыг ирүүлээгүй байх тул хариуцагч байгууллагуудын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг өмнө шүүхэд гаргасан хариу тайлбартай хамтатган үзэж хэргийг шийдвэрлэсэн болно.
Учир нь хариуцагч байгууллагуудын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-д “шүүхээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн талаар бичгээр тайлбар гаргах, шаардсан нотлох баримтыг гаргаж өгөх” гэж заасан хугацааг шүүхээс олгосон, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.1-д “Төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлд тусгайлан заасан тохиолдолд дараахь эрх эдэлнэ: нэхэмжлэлд гарын үсэг зурах, хариу тайлбар гаргах” гэж заасны дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт хариу тайлбар гаргах эрхийг тус тусын итгэмжлэлээр олгосон байна.
“МКК” ХХК-ийн зүгээс Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан Засгийн газрын 2017 оны 14 дүгээр тэмдэглэл, 2017 оны ХЭГ/497, 500 дугаар албан бичиг, 2018 оны 7 дугаар тогтоолыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг дараахь байдлаар шийдвэрлэлээ.
Засгийн газрын 2017 оны 14 дүгээр тэмдэглэлийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” 109 дүгээр зүйлийн 109.2-д “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж тус тус заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 14 дүгээр тэмдэглэлийн 1 дэх заалтаар Засгийн газрын гишүүдэд тодорхой үүрэг өгсөн шийдвэр байх бөгөөд энэ нь агуулгын хувьд нэхэмжлэгчийг эрх ашгийг хөндөөгүй, хамааралгүй акт байх тул хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Өөрөөр хэлбэл Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 14 дүгээр тэмдэглэлийн 1 дэх заалт нь “МКК” ХХК-ийн субьектив эрхтэй холбоогүй, эрх зүйн харилцаа үүсгээгүй, уг заалтын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй болох нь илт байна.
Харин дээрх тэмдэглэлийн 2 дах заалтаар “ЭҮ” ХХК, “МРЦ” ХХК-ийн талаар зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2017 оны 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн дүгнэлт удааширч байгааг харгалзан дээрх компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлийг 100 хувь төрийн төлөөллөөр бүрдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.М, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтыг газрын даргад тус тус даалгажээ.
Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7-д “Дараах асуудлыг зөвхөн хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ: төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг сонгох, бүрэн эрхийг нь хугацаанаас нь өмнө дуусгавар болгох” гэж зааснаас үзэхэд “ЭҮ” ХХК, “МРЦ” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийг томилох эрх нь тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хуралд байна.
Дээрх 2 компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал нь 2016 оны 06 дугаар сарын 27, 11 дүгээр сарын 02-ны өдөр тус тус хуралдан компанийн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг баталж, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлсэн байхад тухайн компанийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан дүрмийг зөрчиж, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг 100 хувь төрийн төлөөллөөр бүрдүүлэхээр шийдвэрлэсэн нь 49 хувийн хувьцаа эзэмшигчийн чиг үүргийг хэрэгжүүлж байсан “МКК” ХХК-ийн хэрэгжүүлэх хувьцаа эзэмшигчдийн эрхэд халдсан гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл, дээрх 2 компанийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан дүрмээр төрийн төлөөлөл буюу Төрийн өмчийн бодлого зохицуулалтыг газраас төлөөлөн удирдах зөвлөлийн 4 гишүүн, “МКК” ХХК-ийн зүгээс 3 гишүүнийг тус тус томилохоор заасан байхад Монгол Улсын Засгийн газар хуулиар тусгайлан эрх олгогдоогүй асуудлаар тэмдэглэл гаргасан гэж үзэхээр байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар төрийн өмчит хуулийн этгээд /100 хувь төрийн өмчит ХХК зэрэг/ болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийг ялган заагласан бөгөөд хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Төрийн өмчийн хувьцаатай буюу төр хувь хөрөнгөө оруулсан хуулийн этгээдийг төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд гэнэ” гэж, 21.2.2-д Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөлөгчийг дараах байдлаар томилно: төрийн өмчийн оролцооны хувь хэмжээтэй хувь тэнцүүлэн тухайн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд төрийг төлөөлөх гишүүний нэрийг төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлж байгаа этгээд тухайн компанийн нэр дэвшүүлэх хороонд санал болгох бөгөөд нэр дэвшүүлэх хороо тэрхүү нэр дэвшигдэж байгаа этгээд нь хуульд заасны дагуу төрийг төлөөлөх этгээд мөн бол төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилуулахаар хувьцаа эзэмшигчдийн хуралд шууд оруулах үүрэгтэй” гэж зааснаас үзэхэд ч төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг чөлөөлж томилох эрх нь Засгийн газарт олгогдоогүй байна.
Засгийн газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн зарчим бол Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ёсоор ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх явдал мөн”, 7 дугаар зүйлийн 7.2-д “Үндсэн хууль, бусад хуулийг биелүүлэх зорилгоор тогтоол, захирамж гаргаж биелэлтийг хангана” гэж зааснаас үзэхэд Засгийн газар нь 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн тэмдэглэлээр тухайн асуудлыг шийдвэрлэхээр чиглэл өгч шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж заасны дагуу илт хууль бус захиргааны акт байна.
Өөрөөр хэлбэл, компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг томилох эрх нь Компанийн тухай хуулиар зөвхөн хувьцаа эзэмшигчдийн хуралд олгогдсон байхад Засгийн газар өөрт хамааралгүй, эрх хэмжээ олгогдоогүй асуудлаар шийдвэр гаргасан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.2-д “захиргааны акт, захиргааны гэрээ нь илт хууль бус болохыг тогтоох” гэж зааснаар Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 14 тэмдэглэлийн 2 дахь заалтыг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэлээ.
2. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ХЭГ/497 дугаар албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд.
Дээрх албан бичгээр Засгийн газраас Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт хандан Монгол Улсын Их Хурлын 2017 оны 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээ авч, хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулж, дүрмийг шинэчлэн батлах чиглэл өгчээ.
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж зааснаас үзэхэд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ХЭГ/497 тоот албан албан бичиг нь дотоод зохион байгуулалтын хүрээнд харьяа байгууллагадаа чиглэл өгсөн /гадагш чиглээгүй/ албан бичиг байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэж зааснаар тухайн албан бичгийг захиргааны акт гэж үзэхээргүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
3. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ХЭГ/500 дугаар албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд.
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-д “Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна” гэж зааснаас үзэхэд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ХЭГ/500 дугаар албан албан бичиг нь Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн хуралдааны 14 дүгээр тэмдэглэлийн 2 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор гарсан байх бөгөөд шүүхээс уг заалтыг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн тул уг захиргааны актыг үндэслэн гарсан дээрх албан бичиг нь мөн илт хууль бус байна.
Учир нь “ЭҮ”, “МРЦ” ХХК-ийн тус тус Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг томилох эрх нь тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хуралд байхад “МКК” ХХК-ийн хэрэгжүүлэх хувьцаа эзэмшигчийн эрхэд халдаж Монгол Улсын Засгийн газраас тус албан бичгээр албан тушаалтнуудыг томилон ажиллуулах үүрэг өгсөн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж заасны дагуу илт хууль бус захиргааны акт гэж үзэхээр байна.
4. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 7 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд.
Уг тогтоолын 2, 3, 4, 7 дугаар заалтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэж үзэж нэхэмжлэлийн дээрх шаардлагатай холбоотой хэсгийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Учир нь Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 7 дугаар тогтоолын 2 дахь заалтаар “МУХБ, “КЭС” ХХК-ийн хооронд 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ, тэдгээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу “КЭС” ХХК-д олгосон зээлийн үндсэн төлбөр, хурамтлагдсан хүүгийн авлага, түүнтэй холбогдох гэрээ, эрх үүрэг, бусад баримт бичгийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон Засгийн газарт шилжүүлэх, өглөг, авлагын тооцоо нийлэх ажлыг зохион байгуулах”-ыг, 3 дахь заалтаар “Монгол Улсын Хөгжлийн банкнаас Худалдаа хөгжлийн банкинд олгосон энэ тогтоолын хавсралтад заасан дамжуулан зээлдүүлэх гэрээний үндсэн төлбөр, хуримтлагдсан хүүгийн авлага, түүнтэй холбогдох гэрээ, эрх, үүрэг, бусад баримт бичгийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон Засгийн газарт шилжүүлэх, өглөг авлагын тооцоо нийлэх ажлыг зохион байгуулах”-ыг, 4 дэх заалтаар “Монголбанк, Худалдаа хөгжлийн банк хооронд 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан гэрээний дагуу Худалдаа хөгжлийн банкнаас Монголбанкны авлага, түүнтэй холбогдох гэрээ, эрх, үүрэг, бусад баримт бичгийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон Засгийн газарт шилжүүлэх, өглөг, авлагын тооцоо нийлэх ажлыг зохион байгуулах”-ыг холбогдох байгууллагуудад даалгаж, 7 дахь заалтаар уг тогтоолын хэрэгжилтийг хуулийн хүрээнд хангуулж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Н, Сангийн сайд Ч.Х, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газарт даалгасан бөгөөд холбогдох албан тушаалтнуудад тодорхой үүрэг өгсөн шийдвэр байх тул энэ нь агуулгын хувьд нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөөгүй байна.
Учир нь маргаан бүхий тогтоолыг 2, 3, 4, 7 дэх заалтуудад дурдсан КЭС” ХХК, ХХБ ХХК нь тус тус нэхэмжлэгч “МКК” ХХК-тай Компанийн тухай хууль, Өрсөлдөөний тухай хуульд тус тус заасан хамаарал бүхий этгээд биш болох нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас тус шүүхэд 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 12/1196 дугаар албан бичгээр тогтоогдож байна.
Монголбанкны 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А-6/142 дугаар албан бичгээр Монголбанкинд “МКК” ХХК-д зээл олгоогүй бөгөөд Төв банкны тухай хуульд заасны дагуу зөвхөн Засгийн газар болон арилжааны банкинд зээл олгодог талаар дурджээ.
Мөн Хөгжлийн банкнаас 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 03/174 дүгээр албан бичгээр “МКК” ХХК нь 2016 оноос хойш Монгол Улсын Хөгжлийн банкнаас ямар нэгэн зээл аваагүй болно” гэсэн байх бөгөөд дээрх албан бичгүүдээс үзэхэд Засгийн газрын 2018 оны 07 дугаар тогтоолыг 2, 3, 4, 7 дахь заалт нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөөгүй харин КЭС ХХК, Худалдаа хөгжлийн банк ХХК, Монгол Улсын Хөгжлийн банк, Монголбанк зэрэг хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзсэн тохиолдолд дээрх байгууллагууд шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж зааснаар дээрх заалтуудтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 7 дугаар тогтоолын 1, 5, 6 дахь заалтыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд:
Монгол Улсын Их Хурлын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаараар тогтоолоор “Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 15 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 6, 7 дахь заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, “ЭҮ” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг зөрчиж эдгээр аж ахуйн нэгжийн 49 хувийн энгийн хувьцааг худалдаж авах төрийн давуу эрхэд хууль бусаар халдсан байх тул Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “ЭҮ” ХХК болон “МРЦ” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 330 дугаар тогтоолын 1 дүгээр заалтыг хүчингүй болсонд тооцож, Оросын Холбооны Улсын Засгийн газрын эзэмшлээс “МКК” ХХК-д шилжсэн “ЭҮ” ХХК, “МРЦ” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид шилжүүлэн авах асуудлыг яаралтай шийдвэрлэж, төрийн өмчит үйлдвэрийн газрын статустайгаар ажиллуулах арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо /Ш.Р/, Монгол Улсын Засгийн газар /Ж.Эрдэнэбат/-т даалгаж, “ЭҮ” ХХК, “МРЦ” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг Хөгжлийн банк болон Монголбанкнаас Худалдаа хөгжлийн банкинд байршуулсан мөнгөн хөрөнгө, ногдол ашиг, вексель зэрэг эх үүсвэрээс суутган тооцох хэлцэл хийж төрийн өмчид авах арга хэмжээг зохион байгуулахыг Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо /Ш.Р/, Монгол Улсын Засгийн газар /Ж.Э/-т даалгаж, хууль тогтоомж удаа дараа зөрчсөн Монголбанк, Засгийн газар, Худалдаа хөгжлийн болон Улаанбаатар хотын банкны удирдах ажилтнуудад холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газар /Ж.Э/-т даалгажээ.
Өөрөөр хэлбэл, уг тогтоолоор Монгол Улсын Засгийн газарт:
-“ЭҮ” ХХК, “МРЦ” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид шилжүүлэн авах асуудлыг яаралтай шийдвэрлэж, төрийн өмчит үйлдвэрийн газрын статустайгаар ажиллуулах;
- “ЭҮ” ХХК, “МРЦ” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг Хөгжлийн банк болон Монголбанкнаас Худалдаа хөгжлийн банкинд байршуулсан мөнгөн хөрөнгө, ногдол ашиг, вексель зэрэг эх үүсвэрээс суутган тооцох хэлцэл хийж, төрийн өмчид авах арга хэмжээ зохион байгуулахыг тус тус үүрэг болгожээ.
Монгол Улсын Их Хурлын дээрх тогтоолыг үндэслэж Засгийн газраас 2017 оны ХЭГ/497 дугаар албан бичгээр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт хандан “ЭҮ” ХХК, “МРЦ” ХХК-иудыг төрийн өмчит үйлдвэрийн газар болгох зорилгоор тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулж, дүрмийг шинэчлэн батлах үүргийг өгч байсан атлаа маргаан бүхий Засгийн газрын 2018 оны 07 дугаар тогтоолын 6 дахь заалтаар 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид бүртгэн 100 хувь төрийн өмчийн хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хэлбэрээр ажиллуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар Төрийн өмчит үйлдвэрийн газар болон төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани нь тус тус ялгаатай ойлголтууд бөгөөд нэгэнт Монгол Улсын Их хурлын 2017 оны 23 дугаар тогтоолоор “төрийн өмчит үйлдвэрийн газар байгуулж, суутган тооцох хэлцэл хийх” тодорхой 2 үүргийг өгсөн байхад уг тогтоолыг хэрэгжүүлэхдээ холбогдох хуулиудыг зөрчсөн байна гэж шүүх дүгнэлээ.
Түүнчлэн Монгол Улсын Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ”, 42 дугаар зүйлийн 42.1-д “Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ”, 43 дугаар зүйлийн 43.2.1-д “талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан”, 43.2.2-д “хэлцэл хийх тухай саналыг зөвшөөрсөн талын хүсэл зоригийг илэрхийлсэн захидал, цахилгаан, албан бичиг, телефакс, эдгээртэй адилтгах бусад баримт бичгийг нөгөө тал хүлээн авсан” гэж тус тус заасны дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд, Монгол Улсын Ерөнхий сайдын 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 151 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэл, шийдвэр зэргээс тус тус үзэхэд хариуцагч Засгийн газрын зүгээс нэхэмжлэгч “МКК” ХХК-тай хэлцэл хийсэн гэж үзэхээргүй байна.
Монгол Улсын Их хурлын тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн 20 дугаар зүйлд “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална” гэж заасны дагуу хуулийн нэгэн адил хүчин чадалтай бөгөөд Засгийн газрын зүгээс уг тогтоолыг хэрэгжүүлэхдээ дээр дурдсан хуулиуд болон Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтуудыг тус тус зөрчсөн байна.
Монгол Улсын Засгийн газар нь маргаан бүхий 2018 оны 07 дугаар тогтоолыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, 27 дугаар зүйлийн 27.5-д “Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна” гэж заасныг хэрэгжүүлээгүй байна.
Иймд дээрх байдлыг нэгтгэн дүгнээд Монгол Улсын Засгийн газар нь 2018 оны 07 дугаар тогтоолын 1 дэх заалтаар “Оросын Холбооны Улсын Засгийн газрын эзэмшлээс “МКК” ХХК-д шилжсэн “ЭҮ” ХХК, “МРЦ” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцаанд төлсөн 400.27 /дөрвөн зуун сая хоёр зуун далан мянган/ сая ам.долларын төлбөрийг хавсралтад дурдсан эх үүсвэрийн дарааллаар суутган тооцсугай” гэж, 5 дахь заалтаар “ЭҮ” ХХК-ийн энгийн хувьцааны 49 хувийг Монгол Улсын Засгийн газар эзэмшихтэй холбогдуулан оросын талын хувьцаа эзэмшигчид 2013, 2014 онд олгохоор зарласан ногдол ашгийн төлбөрийг Засгийн газарт шилжүүлэн бүртгэх, тооцоо нийлэх ажлыг зохион байгуулахыг Сангийн сайд Ч.Х, Төрийн өмчийн бодлого, зохицулалтын газар (Ц.Н), “ЭҮ” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (У.Б)-д тус тус даалгасугай” гэж, 6 дахь заалтаар “ЭҮ” ХХК, “МРЦ” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид бүртгэн авах арга хэмжээг зохион байгуулах”-ыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүү, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга (Ц.Ням-Осор)-т тус тус даалгасан нь дээр дурдсан хуулиуд болон Монгол Улсын Их хурлын 2017 оны 23 дугаар тогтоолоор хариуцагч Засгийн газар өөрт олгосон эрх хэмжээгээ хэтрүүлсэн байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “Дараахь тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно: иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж заасны дагуу илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэлээ.
“МКК” ХХК-иас Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт холбогдуулан Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/50 дугаар тушаал, 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А-1/666 дугаар албан бичиг, 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 06 тогтоол, 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах шаардлага гаргасан
5. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/50 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д “Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага төрийн өмчийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, хамгаалах ажлыг эрхлэн гүйцэтгэх үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг мөн”, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-д “Агентлагийн дарга энэ хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана” гэж заасны дагуу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга тушаал гаргах бүрэн эрхтэй байна.
Гэвч Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2-т “Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дарга, орон тооны бус найман гишүүнээс бүрдэнэ. Дарга, орон тооны бус гишүүнийг Засгийн газар томилж, чөлөөлнө”, 11 дүгээр зүйлийн 11.6-д “төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөлөгчийг томилж, түүний үйл ажиллагаанд хяналт тавих” гэж тус тус зааснаас үзэхэд Төрийн өмчийн төлөөлөгчийг томилох бүрэн эрх нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга, найман гишүүний хамтын хуралдааны шийдвэрээр /тушаал биш тогтоолоор/ томилогдохоор байх бөгөөд энэ асуудлыг шийдвэрлэхээр тус газрын хуралдаанаас Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргад тусгайлан эрх олгоогүй байна.
Өөрөөр хэлбэл, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга болон тус газрын орон тооны бус найман гишүүний хамтаар батлан гаргадаг шийдвэрийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар тусгайлан зааглан тогтоосон байх бөгөөд хуулиар эсхүл тодорхой шийдвэрээр эрх олгосон тохиолдолд тус газрын дарга дангаараа шийдвэрлэх боломжтой.
Иймд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж заасны дагуу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/50 дугаар тушаалаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга нь дангаараа төрийн өмчийн төлөөлөгч томилсон нь эрх зүйн үндэслэлгүй байх тул илт хууль бус захиргааны акт гэж үзэхээр байна.
6. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А-1/666 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А-1/666 дугаар “Удирдамж өгөх тухай” албан бичгээр “ЭҮ” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлд төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлж буй гишүүдэд “Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх хороодыг байгуулах, Компанийн Ерөнхий захиралтай Контрактын гэрээ байгуулах, Компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах”-ыг тус тус үүрэг болгожээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэж заасны дагуу уг албан бичгийг үндэслэж “ЭҮ” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс нэгэнт шийдвэр гарсан, өөрөөр хэлбэл уг захиргааны акт нь нэгэнт хэрэгжсэн учраас түүнийг хүчингүй болгосон ч нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхээргүй байх тул хүчингүй болгох шаардлагагүй, харин хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэлээ.
Учир нь уг захиргааны актын үндэслэл болсон Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 14 дүгээр тэмдэглэлийн 2 дахь заалт, 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ХЭГ/500 дугаар албан бичгийг тус шүүхээс илт хууль бус болохыг тогтоосон тул дээрх захиргааны актуудыг үндэслэн гарсан маргаан бүхий Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А-1/666 дугаар албан бичиг нь хууль бус байсан байна.
7, 8. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 06, 07 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д “Засгийн газар нь төрийн өмчийн бүрэн бүтэн байдлыг Улсын Их Хурлын өмнө хариуцах бөгөөд энэ талаар дараахь бүрэн эрхтэй: хуульд өөрөөр заагаагүй бол төрийн өмчит хуулийн этгээдийг байгуулах, өөрчлөх, татан буулгах тухай шийдвэр гаргах, түүний дүрмийг батлах” гэж заасны дагуу төрийн өмчит хуулийн этгээдийн дүрмийг батлах эрх Засгийн газарт байна.
Монгол Улсын Засгийн газрын хуралдааны 2018 оны 2 дугаар тэмдэглэлийн 2 дахь хэсэгт “ЭҮ” ХХК болон “МРЦ” ХХК-ийн энгийн хувьцааны 49 хувийг төрийн өмчид шилжүүлэн авсантай холбогдуулан эдгээр төрийн өмчит хуулийн этгээдийн дүрмийг холбогдох хууль тогтоомжийн дагуу баталж мөрдүүлэхийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Ц.Н)-т даалгаж” шийдвэрлэсний дагуу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар хуралдаж 2018 оны 06, 07 дугаар тогтоолыг баталсан.
Гэвч уг захиргааны акт гарах үед “ЭҮ” ХХК, “МРЦ” ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Төрийн өмчийн хувьцаатай буюу төр хувь хөрөнгөө оруулсан хуулийн этгээдийг төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд гэнэ” гэж заасны дагуу 51 хувийн төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд байх тул Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д “компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах буюу компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах” гэж заасны дагуу дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах эрх зөвхөн дээрх 2 компанийн хувьцаа эзэмшигчдийн хуралд байсан байна.
Гэтэл компанийн хувьцаа эзэмшигчийн хурлыг зарлан хуралдуулалгүйгээр тус компанийн дүрмийг шинэчлэн баталсан нь тухайн үед 49 хувийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлж байсан “МКР” ХХК-ийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-д “Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна” гэж заасны дагуу дээрх хоёр тогтоол нь Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 07 дугаар тогтоолын 6 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор гарсан байх бөгөөд шүүхээс уг заалтыг илт хууль бус болохыг тогтоосон тул уг захиргааны актыг үндэслэн гарсан дээрх тогтоолууд мөн илт хууль бус байна.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ХЭГ/497 дугаар албан бичгээр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргад “ЭҮ” ХХК, “МРЦ” ХХК-ийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгох зорилгоор тус компаниудын Хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулж, дүрмийг шинэчлэн батлах арга хэмжээ авах тухай” чиглэл өгсөн атлаа Засгийн газрын 2018 оны 07 дугаар тогтоолын 6-д “ЭҮ” ХХК, “МРЦ” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид бүртгэн авах арга хэмжээг зохион байгуулж, 100 хувь төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани байгуулахыг холбогдох газруудад даалгасан нь үндэслэлгүй бөгөөд Монгол Улсын Их хурлын 2017 оны 23 дугаар тогтоолыг зөрчсөн байна.
“МКК” ХХК-ийн зүгээс Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “ЭҮ” ХХК, “МРЦ” ХХК-ийн улсын бүртгэлд оруулсан нэмэлт өөрчлөлтийг хүчингүй болгуулах, 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүчингүй болгосон нэхэмжлэгчийн “ЭҮ” ХХК, “МРЦ” ХХК-ийн 49 хувийн хувьцаа эзэмшигчийн бүртгэлийг сэргээн бүртгэх, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг шинээр олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах, 2018 оны 01 дүгээр сарын 15, 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн “ЭҮ” ХХК, “МРЦ” ХХК-ийн улсын бүртгэлд тус тус оруулсан нэмэлт өөрчлөлтийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
9, 10. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хийгдсэн “ЭҮ” ХХК, “МРЦ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн өөрчлөлт, дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэж, гэрчилгээ дахин олгосон үйлдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Монгол Улсын Их хурлын 2017 оны 23 дугаар тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн хуралдааны 14 дүгээр тэмдэглэл, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ХЭГ/497, ХЭГ/500 дугаар албан бичгийг тус тус үндэслэн “ЭҮ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хуралдаж, тус компанийн 100 хувийн нийт хувьцааг төрийн өмчлөлд шилжүүлсэн тул компанийн дүрмийг өөрчлөн баталж 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.
Нэгэнт Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 14 дүгээр тэмдэглэл, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын ХЭГ/500 дугаар албан бичгийг шүүхээс илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож шийдвэрлэсэн тул уг захиргааны актыг үндэслэн гарсан захиргааны байгууллага албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаа мөн илт хүчин төгөлдөр бус байна.
Харин Монгол Улсын Их Хурлын 2017 оны 23 дугаар тогтоолын 2 дахь заалтаар “Оросын Холбооны Улсын Засгийн газрын эзэмшлээс “МКК” ХХК-д шилжсэн “ЭҮ” ХХК, “МРЦ” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид шилжүүлэн авах асуудлыг яаралтай шийдвэрлэж, төрийн өмчит үйлдвэрийн газрын статустайгаар ажиллуулах арга хэмжээ авч ажиллах”-ыг Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо /Ш.Р/, Монгол Улсын Засгийн газар /Ж.Эрдэнэбат/-т даалгасны дагуу Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ХЭГ/497 дугаар албан бичгээр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт хандаж “ЭҮ” ХХК, “МРЦ” ХХК-ийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгох зорилгоор тус компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулж, дүрмийг шинэчлэн батлах арга хэмжээ авах чиглэлийг өгсөн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д “Захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэж заасан бөгөөд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хийсэн дүрмийн өөрчлөлт нь нэгэнт хэрэгжсэн байх тул шүүхээс хүчингүй болгох шаардлагагүй, харин хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэлээ.
11. 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүчингүй болгосон нэхэмжлэгчийн “ЭҮ” ХХК, “МРЦ” ХХК-ийн 49 хувийн хувьцаа эзэмшигчийн бүртгэлийг сэргээн бүртгэх, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг шинээр олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хийгдсэн “ЭҮ” ХХК, “МРЦ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн өөрчлөлт, дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэж, гэрчилгээ дахин олгосон үйлдэл нь хууль бус байсан болохыг шүүхээс тогтоосон тул өмнөх улсын бүртгэл дахин сэргэх эрх зүйн үр дагаврыг үүсгэнэ.
Түүнчлэн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлээр Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын бүрэн эрхийг тогтоосон байх бөгөөд Улсын ерөнхий бүртгэгч нь хуулийн этгээдийн улсын бүртгэл хийх эрх хэмжээгүй байх тул Улсын ерөнхий бүртгэгч, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэл хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
12, 13. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны 01 дүгээр сарын 15, 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн “ЭҮ” ХХК, “МРЦ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн өөрчлөлт, дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэж, гэрчилгээ дахин олгосон үйлдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх”, 11 дүгээр зүйлийн 11.5.2-т “энэ хуулийн 5.3-5.5-д заасан улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, түүнд хавсаргасан нотлох баримт бичгийг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах, 18 дугаар зүйлийн 18.1.8-д “.Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно: Улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгох”, 18.1.9-д “Улсын бүртгэгч өөрийн хувийн дугаар бүхий тэмдгийг ашиглах” гэж тус тус заажээ.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 06, 07 дугаар тогтоолын тус тус 2 дах заалтаар “ЭҮ” ХХК, “МРЦ” ХХК-ийн дүрмийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох хууль тогтоомжийн дагуу бүртгүүлэхийг “ЭҮ” ХХК-ийн Х.Б даалгасан боловч дээрх бүртгэл хийх үндэслэл болсон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 06, 07 дугаар тогтоолыг илт хууль бус захиргааны акт болохыг шүүхээс тогтоож шийдвэрлэсэн.
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-д “Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна” гэж заасан тул дээрх Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 06, 07 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор гарсан “ЭҮ” ХХК, “МРЦ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн өөрчлөлт, дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэсэн үйлдэл нь мөн илт хууль бус байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т “Захиргааны акт, захиргааны гэрээ нь илт хууль бус болохыг тогтоох” гэж заасны дагуу Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны 01 дүгээр сарын 15, 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн “ЭҮ” ХХК, “МРЦ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн өөрчлөлт, дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэж, гэрчилгээ дахин олгосон үйлдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.2, 106.3.3, 106.3.13, 109 дүгээр зүйлийн 109.2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 7 дугаар зүйлийн 7.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5, 91 дүгээр зүйлийн 91.1, 91.2, 11 дүгээр зүйлийн 11.6, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2.2, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 11 дүгээр зүйлийн 11.5.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 27 дугаар зүйлийн 27.5, 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.3, Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1, 62.1.7, Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 43.2.2, Монгол Улсын Их Хурлын 23 дугаар тогтоолыг тус тус баримтлан нэхэмжлэгч “МКК” ХХК-иас Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 14 дүгээр тэмдэглэлийн 2 дахь заалт, 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ХЭГ/500 дугаар албан бичиг, 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 07 дугаар тогтоолын 1, 5, 6 дахь заалт, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/50 дугаар тушаал, Төрийн өмчийн бодлого, зохицуулалын газрын 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 06, 07 дугаар тогтоолууд, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “ЭҮ” ХХК-ийн, 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн “МРЦ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн өөрчлөлт, дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгэсэн үйлдлийг тус тус илт хууль бус болохыг тогтоож, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 1-А/666 дугаар албан бичиг, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “ЭҮ” ХХК, “МРЦ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн өөрчлөлт дүрмийн шинэчилсэн найруулгыг тус тус бүртгэсэн үйлдлийг хууль бус байсан болохыг тогтоож, “2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүчингүй болгосон нэхэмжлэгчийн “ЭҮ” ХХК, “МРЦ” ХХК-ийн 49 хувийн хувьцаа эзэмшигчийн бүртгэлийг сэргээн бүртгэх, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг шинээр олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.1.5, 54.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “МКК” ХХК-иас Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан “Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 14 дүгээр тэмдэглэлийн 1 дэх заалт, 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ХЭГ/497 дугаар албан бичиг, 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 07 дугаар тогтоолын 2, 3, 4, 7 дахь заалтуудыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /Далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас нийт 35100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөгийг тус бүр хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Ц.ОДМАА
ШҮҮГЧИД У.БАДАМСҮРЭН
Д.ОЮУМАА