Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2017/0597

 

2017 оны 8 сарын 17 өдөр                   Дугаар 221/МА2017/0597                          Улаанбаатар хот

        

“М К К” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.П, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, Д.Б, Д.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.М, хариуцагч Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2017/0453 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор, “М К К” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2017/0453 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 13 дугаар зүйлийн 13.3, 24 дүгээр зүйлийн 24.4, 26 дугаар зүйлийн 26.1, 40 дүгээр зүйлийн 40.2.1, 40.2.3, 40.3, 43 дугаар зүйлийн 43.1, 47 дугаар зүйлийн 47.1.6, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1, 4, 30 дугаар зүйлийн 1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5, 21 дүгээр зүйлийн 2, 3, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.3, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1, 23 дугаар зүйлийн 23.3.4-д заасныг тус тус баримтлан “М К К” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн хуралдааны 14 дүгээр тэмдэглэлийн “Э Ү” ХХК болон “М” ХХК-д холбогдох хэсгийг болон Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “Чиглэл өгөх тухай” ХЭГ/497 тоот албан бичиг, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “Чиглэл өгөх тухай” ХЭГ/500 тоот албан бичгийг тус тус илт хууль бус болохыг тогтоож, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Төрийн өмчийн төлөөлөгчийг томилж, удирдамж батлах тухай” А/50 тоот тушаал, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “Удирдамж өгөх тухай” А-1/666 тоот албан бичиг, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “Э Ү” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн өөрчлөлт, дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэсэн бүртгэл болон дахин олгосон гэрчилгээг тус тус хүчингүй болгож, “Э Ү” ХХК-ийн нийт энгийн хувьцааны 49 хувийг эзэмшигчээр “М К К” ХХК-ийг бүртгэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “М К К” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 453 дугаар шийдвэртэй танилцаад эс зөвшөөрч, дараах үндэслэлээр энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Уг хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Батзориг нь хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн буюу хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Тухайлбал,

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын Засгийн газар бол төрийн гүйцэтгэх дээд байгууллага мөн” гэж, Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна” гэж, Дөчин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно” гэж тус тус хуульчилсан байна.

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийг хянах, хүчингүй болгохтой холбогдох харилцааг зохицуулж байгаа дээрх зохицуулалтаас үзэхэд Засгийн газар төрийн гүйцэтгэх дээд байгууллага болохын хувьд түүний шийдвэр хуульд нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгохоор Үндсэн хуулиар тусгайлан тогтоосон байна.

Дээр дурдсан үндэслэлээр “М К К” ХХК-ийн нэхэмжлэлтэй Монгол Улсын Засгийн газарт холбогдох маргаан нь захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус маргаан байтал захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэсэн явдал нь Үндсэн хуулиар тусгайлан тогтоосон Засгийн газар, Улсын Их Хурлын эрх хэмжээнд халдсан төдийгүй Үндсэн хуулийн Дөчин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт нийцэхгүй байна.

Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай” 2005 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 02 дугаар дүгнэлтийн үндэслэл хэсгийн 1-д “...Хууль тогтоогчоос Засгийн газрын шийдвэрийг захиргааны хэргийн шүүх хянаж байхаар хуульчилсан нь Үндсэн хуулиар тусгайлан тогтоосон Засгийн газар, Улсын Их Хурлын эрх хэмжээнд халдсан гэх үндэслэл тогтоогдож байна. Захиргааны хэргийн шүүхэд төрийн гүйцэтгэх дээд байгууллагын шийдвэрийг хянах эрх хэмжээ Үндсэн хуулиар олгогдоогүй байна...” гэж дүгнэсэн бөгөөд энэхүү шийдвэр нь одоо ч хүчин төгөлдөр хэвээр байгаа болно.

Мөн түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Хэрэг хянан шийдвэрлэхэд хэрэглэх хууль, Монгол Улсын олон улсын гэрээ нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй байна гэж шүүгч, шүүх бүрэлдэхүүн үзвэл тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, Улсын Дээд шүүхэд энэ талаар саналаа гаргана” гэж заасны дагуу хууль дээдэлж ажиллах учиртай. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Батзориг нь дээр дурдсан эрхээ хэрэгжүүлэх бүрэн боломжтой байсныг энд дурдах нь зүйтэй.

Иймд дээр дурдсан үндэслэл, шаардлагыг харгалзан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 453 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг мэргэн шүүгчээс хүсье” гэжээ.

Хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: “... 1. “Монголиан коппер корпорэйшн” ХХК нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрыг хариуцагчаар татаж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын харъяа Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хийгдсэн “Э Ү” ХХК, “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн өөрчлөлт, дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэж, гэрчилгээ дахин олгосон үйлдлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3 дахь хэсэгт “Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой” гэж заасны дагуу шүүхээс нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзана гэж заасан.

Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй.” гэж, 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт “Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана” гэж тус тус заасан байна.

“Монголиан коппер корпорэйшн” ХХК нь “Э Ү” ХХК-ийн 49 хувийн хувьцааг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт шилжүүлэн, дүрмийн зарим заалтын өөрчлөлт болон захирлыг өөрчилж, улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон бүртгэлтэй холбогдуулан ямар нэг хүсэлт гомдлыг холбогдох байгууллага, албан тушаалтанд гаргаж хянан шийдвэрлүүлээгүй тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгөх тухай хүсэлтийг шүүхэд удаа дараа гаргасан боловч хуулийн шаардлагыг биелүүлэлгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, шүүхийн шийдвэр гаргасан.

2. Тус газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хийгдсэн “Э Ү” ХХК, “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн өөрчлөлт, дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэж, гэрчилгээ дахин олгох улсын бүртгэлийг хөтлөхдөө холбогдох хууль тогтоомж, Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэрийг баримталж ажилласан бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд дээрх шүүхийн шийдвэрийн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна.

Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн хуралдааны 14 дүгээр тэмдэглэлээр Улсын Их Хурлын 2017 оны 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн дүгнэлт удааширч байгааг харгалзан “Э Ү” ХХК, “М” ХХК-уудын компаниудын төлөөлөн удирдах зөвлөлийг 100 хувь төрийн төлөөллөөр бүрдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.М, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Н нарт даалгасны дагуу Засгийн газрын хэрэг эрхлэх газар нь 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ХЭГ/497 дугаар албан бичгээр дээрх компаниудыг төрийн өмчийн үйлдвэрийн газар болгох зорилгоор тус компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулж, дүрмийг шинэчлэн батлах арга хэмжээ авах чиглэлийг, мөн өдрийн ХЭГ/500 дугаар албан бичгээр “Э Ү” ХХК-ийн төрийн өмчийн төлөөллөөр томилон ажиллуулах албан тушаалтны чиглэлийг тус тус Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт өгсөн байна.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга нь 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/50 дугаар тушаалаар “Э Ү” ХХК болон “М” ХХК-ийн 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр болох хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралд төрийн өмчийг төлөөлөн оролцох төлөөлөгчдийг томилж, тус хуралд дээрх компаниудын нийт хувьцааг 100 хувь Монгол Улсын төрийг төлөөлж Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар эзэмших санал өгөхөөр удирдамж баталжээ.

Улмаар “Э Ү” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор тус компанийн дүрмийг өөрчлөн найруулж, 02 дугаар тогтоолоор төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг шинээр томилсон байх ба Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны А-1/666 дугаар албан бичгээр “Э Ү” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн хурлаар хэлэлцэх асуудал, хурлаас гарах шийдвэрт өгөх удирдамж, чиглэлийг төлөөлөн удирдах зөвлөлд төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлж буй гишүүдэд өгсөн байна.

Нэхэмжлэгч “М К К” ХХК нь Засгийн газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дээрх шийдвэрүүд болон Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “Э Ү” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн өөрчлөлт, дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэж, гэрчилгээ дахин олгосон үйлдэл нь тус компанийн 49 хувийн хувьцааг эзэмшигч “М К К” ХХК-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж нэхэмжлэл гаргажээ.

Монгол Улсын Их Хурлын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоолоор “М К К” ХХК-д шилжсэн “Э Ү” ХХК, “М” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг Хөгжлийн банк болон Монголбанкнаас Худалдаа хөгжлийн банкинд байршуулсан мөнгөн хөрөнгө, ногдол ашиг, вексель зэрэг эх үүсвэрээс суутган тооцох хэлцэл хийж, төрийн өмчид авах арга хэмжээг зохион байгуулах, төрийн өмчит үйлдвэрийн газрын статустайгаар ажиллуулах арга хэмжээ авч ажиллахыг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо болон Засгийн газарт даалгасан байна. Гэтэл Засгийн газраас дээрх арга хэмжээг зохион байгуулахдаа нэхэмжлэгч “М К К” ХХК-тай хэлцэл хийгээгүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон.

Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5-д зааснаар төрийн өмчит хуулийн этгээдийг байгуулах, өөрчлөх, татан буулгах тухай шийдвэр гаргах, түүний дүрмийг батлах нь Засгийн газрын бүрэн эрхийн асуудал байтал Засгийн газраас “Э Ү” ХХК-ийг төрийн өмчит хуулийн этгээдийн статустайгаар байгуулах шийдвэрийг бичгээр гаргаагүй атлаа 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн хуралдааны тэмдэглэлээр “Э Ү” ХХК, “М” ХХК-уудын төлөөлөн удирдах зөвлөлийг 100 хувь төрийн төлөөллөөр бүрдүүлэх ажлыг зохион байгуулахыг Засгийн газрын хэрэг эрхлэх газар болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Мөн хариуцагч нар “Э Ү” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид авах үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх “М К К” ХХК-ийг оролцуулах, тайлбар сонсох, захиргааны актыг мэдэгдэх зэрэг ажиллагааг явуулалгүй Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зарчмыг зөрчжээ.

Иймд дээрх үндэслэлүүдээр Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 14 дүгээр хуралдааны тэмдэглэл болон түүнд үндэслэн гарсан Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ХЭГ/497, ХЭГ/500 дугаар албан бичгүүдийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэх үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоож, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/50 дугаар тушаал, 2017 оны 04 дүгээр сарын 03-ны А-1/666 дугаар албан бичгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

“Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “Э Ү” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн өөрчлөлт, дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэж гэрчилгээ дахин олгосон үйлдлийг хүчингүй болгуулах, 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүчингүй болгосон “Э Ү” ХХК-ийн 49 хувийн эзэмшигчийн бүртгэлийг сэргээн бүртгэж, гэрчилгээ шинээр олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд,

Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичгийг зааснаас гадна Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-д хуулийн этгээдийн эрх шилжүүлэх өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл, эрх шилжүүлж байгаа тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр, дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт, Иргэний хуульд заасан холбогдох гэрээ, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримт бичгүүдийг бүрдүүлэхээр заажээ.

Гэтэл хариуцагч захиргааны байгууллага “Э Ү” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн өөрчлөлт, дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэхдээ хуулийн дээрх заалтыг зөрчиж, Иргэний хуульд заасан холбогдох гэрээгүйгээр хуулийн этгээдийн эрх шилжүүлэх өөрчлөлтийг бүртгэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

Хариуцагч Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус маргаан байтал захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэсэн явдал нь Үндсэн хуулиар тусгайлан тогтоосон Засгийн газар, Улсын Их Хурлын эрх хэмжээнд халдсан төдийгүй Үндсэн хуулийн Дөчин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт нийцэхгүй” гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 12-т Монгол Улсын иргэн “төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй”, мөн зүйлийн 14-т “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх... шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах... эрхтэй” гэж, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын Наймдугаар зүйлд “Үндсэн хууль бусад хуулиар олгосон эрх нь зөрчигдвөл хүн бүр эрх мэдэл бүхий үндэсний шүүхээр эрхээ бүрэн сэргээн тогтоолгох эрхтэй” гэж тус тус зааснаас үзвэл улс төрийн шийдвэр гаргах үйл ажиллагаанаас бусад байдлаар гарсан Засгийн газрын шийдвэр хүний эрхийг зөрчсөн эсэх асуудлыг хянан шийдвэрлэх нь шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарах юм. Тодруулбал, энэ нь Үндсэн хуулийн Дөчин тавдугаар зүйлийн 2-т заасан Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгох эрхийг хөндөхгүй бөгөөд гагцхүү хүний эрхийн зөрчилтэй холбогдуулан иргэн, хуулийн этгээдээс гаргасан нэхэмжлэлийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах юм.

Нөгөөтэйгүүр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар захиргааны хэргийн шүүх нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийг хянан шийдвэрлэдэг бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно”, 5.1.1-д “төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага” гэж заасан төдийгүй маргаан бүхий актууд нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн эрх зүйн шууд үр дагавар бий болгосон, захиргааны актын шинжийг агуулж байх тул нэхэмжлэгч нь захиргааны актын улмаас зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцжээ.

Мөн нэгэнт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаар татагдсан этгээд болох Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, татгалзсанаа илэрхийлсэн байх тул урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулахаар тус газарт дахин хандах шаардлагагүй төдийгүй уг асуудлыг шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 2749 дүгээр захирамж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 221/ШТ2017/0333 дугаар тогтоол хуулийн хүчин төгөлдөр байх тул энэ талаарх хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй юм.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2017/0453 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                                                    

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                     О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                                    Г.БИЛГҮҮН