Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2018/0329

 

 

“М к к” ХХК-ийн

нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газар,

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар,

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:   Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:       Л.Атарцэцэг

Б.Мөнхтуяа

Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч: Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох    

Нэхэмжлэлийн шаардлага: “1. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 14 дүгээр тэмдэглэлийг илт хууль бус болохыг тогтоолгох,

2. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “Чиглэл өгөх тухай” ХЭГ/497 тоот албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох,

3. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “Чиглэл өгөх тухай” ХЭГ/500 тоот албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох,

4. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Төрийн өмчийн төлөөлөгчийн томилж, удирдамж батлах тухай” А/50 дугаар тушаалыг хүчингүй болгуулах,

5. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “Удирдамж өгөх тухай” А-1/666 тоот албан бичгийг хүчингүй болгуулах,

6. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “Э ү” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн өөрчлөлт, дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэж, гэрчилгээ дахин олгосон үйлдлийг хүчингүй болгуулах,

7. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “М р” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн өөрчлөлт, дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэж, гэрчилгээ дахин олгосон үйлдлийг хүчингүй болгуулах,

8. 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүчингүй болгосон “Э ү” ХХК, “М р” ХХК-ийн 49 хувийн эзэмшигчийн бүртгэлийг сэргээн бүртгэж, гэрчилгээ шинээр олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах,

9. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Хувьцааг төрийн өмчид бүртгэх, холбогдох төлбөрийг суутган тооцох тухай” 07 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох,

10. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “Э ү” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэм батлах тухай 07 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах,

11. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “Мр” ХХК-ийн дүрэм батлах тухай 06 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах,

12. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “Э ү” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн өөрчлөлт, дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгэсэн үйлдлийг хүчингүй болгуулах,

13. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн “М р” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн өөрчлөлт, дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгэсэн үйлдлийг хүчингүй болгуулах

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2018/0272 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2018/0415 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Пүрэвтүвшин, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг, Д.Баттулга, өмгөөлөгч Б.Баасандорж, Г.Батбаяр,

Хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэхишиг,

Хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасүрэн, Ц.Оюунбилэг нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч болон хариуцагч Монгол Улсын Засгийн газар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2018/0272 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 7 дугаар зүйлийн 7.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5, 91 дүгээр зүйлийн 91.1, 91.2, 11 дүгээр зүйлийн 11.6, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2.2, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 11 дүгээр зүйлийн 11.5.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 27 дугаар зүйлийн 27.5, 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.3, Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1, 62.1.7, Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 43.2.2, Монгол Улсын Их Хурлын 23 дугаар тогтоолыг тус тус баримтлан нэхэмжлэгч “М к к” ХХК-иас Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 14 дүгээр тэмдэглэлийн 2 дахь заалт, 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ХЭГ/500 дугаар албан бичиг, 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 07 дугаар тогтоолын 1, 5, 6 дахь заалт, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/50 дугаар тушаал, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 06, 07 дугаар тогтоолууд, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “Эү” ХХК-ийн, 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн “М р” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн өөрчлөлт, дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгэсэн үйлдлийг тус тус илт хууль бус болохыг тогтоож, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 1-А/666 дугаар албан бичиг, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “Э ү” ХХК, “М р” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн өөрчлөлт дүрмийн шинэчилсэн найруулгыг тус тус бүртгэсэн үйлдлийг хууль бус байсан болохыг тогтоож, “2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүчингүй болгосон нэхэмжлэгчийн “Э ү” ХХК, “М р” ХХК-ийн 49 хувийн хувьцаа эзэмшигчийн бүртгэлийг сэргээн бүртгэх, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг шинээр олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.1.5, 54.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Монголиан коппер корпорейшн” ХХК-иас Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан “Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 14 дүгээр тэмдэглэлийн 1 дэх заалт, 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ХЭГ/497 дугаар албан бичиг, 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 07 дугаар тогтоолын 2, 3, 4, 7 дахь заалтуудыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ. 

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2018/0415 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2018/0272 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1, 9 дүгээр зүйлийн 5, 91 дүгээр зүйлийн 1, 2, 11 дүгээр зүйлийн 6, 21 дүгээр зүйлийн 2, 2-ийн 1, 2 дахь хэсэг, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5, 5 дугаар зүйлийн 5.4.3, 11 дүгээр зүйлийн 11.5.2, 11.5.3, Компанийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.4, 62 дугаар зүйлийн 62.1, 62.1.1, 62.1.7, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 43.2.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 5 дугаар зүйлийн 5.1.1, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.5, 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6, 47.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М к к” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Хувьцааг төрийн өмчид бүртгэх, холбогдох төлбөрийг суутган тооцох тухай” 7 дугаар тогтоолын 1, 5, 6 дахь заалтууд, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/50 дугаар тушаал, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 06, 07 дугаар тогтоолууд, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий  газрын 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “Э ү” ХХК-ийн, 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн “М р” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн өөрчлөлт, дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгэсэн үйлдлийг тус тус илт хууль бус болохыг тогтоож, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “Эрдэнэт ү” ХХК, “М р” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн өөрчлөлт, дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэж, гэрчилгээ дахин олгосон үйлдлийг хүчингүй болгуулах, 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүчингүй болгосон “Э ү” ХХК, “М р” ХХК-ийн 49 хувийн эзэмшигчийн бүртгэлийг сэргээн бүртгэж, гэрчилгээ шинээр олгохыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.1.5, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Хувьцааг төрийн өмчид бүртгэх, холбогдох төлбөрийг суутган тооцох тухай” 7 дугаар тогтоолын 2, 3, 4, 7 дахь заалтууд, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн хуралдааны 14 дүгээр тэмдэглэл, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн “Чиглэл өгөх тухай” ХЭГ/497, ХЭГ/500 дугаар албан бичгүүдийг илт хууль бус болохыг тогтоолгох, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А-1/666 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол    

3. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.П хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2018/0415 дугаартай магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4. Хэрэглэвэл зохих хуулийг (зохицуулалтыг) хэрэглээгүй тухай: Шүүх магадлалдаа Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Хувьцааг төрийн өмчид бүртгэх, холбогдох төлбөрийг суутган тооцох тухай” 7 дугаар тогтоолын 1,5,6 дугаар заалт илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн атлаа 2, 3, 4, 7 дугаар заалтад холбогдох шаардлагад холбоотой хэсгийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-т “Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна” гэж заасанд нийцээгүй байна.

5. Учир нь шүүхээс илт хууль болохыг тогтоосон Засгийн газрын 2018 оны 7 дугаар тогтоолын 1, 5, 6 дугаар заалтууд нь тус захиргааны актыг гаргах гол үндэслэл болсон заалтууд болох нь илэрхий байгаа. Тухайлбал, Засгийн газрын тогтоолын 1 дүгээр заалтад “Оросын Холбооны Улсын Засгийн газрын эзэмшлээс “М к к” ХХК-д шилжсэн “Э ү” ХХК, “М р” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцаанд төлсөн 400.27 сая ам.долларын төлбөрийг хавсралтад дурдсан эх үүсвэрийн дарааллаар суутган тооцсугай” гэж заасан бөгөөд 2, 3, 4 дүгээр заалтаар 1 дүгээр заалтыг хэрэгжүүлэхтэй холбоотой үүргийг харьяа яам, агентлаг, тэдгээрийг төлөөлөх эрх бүхий этгээдүүдэд даалгасан байдаг. Ийнхүү тогтоол гаргах гол үндэслэл болсон 49 хувийн энгийн хувьцаанд төлсөн 400.27 сая ам.долларын төлбөр, түүнд суутган тооцох эх үүсвэрийн дараалал нь илт хууль бус болсон тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар Засгийн газрын 2018 оны 7 дугаар тогтоол бүхэлдээ илт хууль бус болох учиртай.

6. Мөн анхан шатны шүүхийн 0272 дугаартай шийдвэрийн 34 дэх талд “... маргаан бүхий тогтоолын 2, 3, 4, 7 дэх заалтуудад дурдсан “К Э C” ХХК, “Х х б” ХХК нь тус тус нэхэмжлэгч “М к к” ХХК-тай Компанийн тухай хууль, Өрсөлдөөний тухай хуульд тус тус заасан хамаарал бүхий этгээд биш болох нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас тус шүүхэд ирүүлсэн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 1/1196 дугаар албан бичгээр тогтоогдож байна” гэж дүгнэсэн. Гэтэл нэхэмжлэгчээс 49 хувийн хувьцаанд төлсөн 400.27 сая ам.долларын төлбөрт холбоо хамааралгүй 13 эх үүсвэрээс харилцан суутган тооцох хүрээнд өглөг, авлагын тооцоо нийлэх ажлыг зохион байгуулах илт хууль бус үүргийг Засгийн газраас Монголбанк, Хөгжлийн банкаар гүйцэтгүүлэхээр даалгасныг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсгийг баримталж тогтоолыг бүхэлд нь илт хууль бус гэж дүгнээгүй нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэл болж байна.

7. Хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухай: Шүүх Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 14 дүгээр тэмдэглэлийн “Э ү” ХХК болон “М р” ХХК (цаашид “Үйлдвэрүүд” гэх)-д холбогдох хэсэг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “Чиглэл өгөх тухай” ХЭГ/497 тоот албан бичгийг дотоод зохион байгуулалтын хүрээнд харьяа байгууллагад чиглэл өгсөн буюу гадагш чиглээгүй гэж дүгнэсэн Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэл болно гэж үзэж байна.

8. Засгийн газрын 14 дүгээр тэмдэглэлийн Үйлдвэрүүдэд холбогдох хэсгийн тухай: 1 дүгээр хавтаст хэргийн 150 дахь талд Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 14 дүгээр тэмдэглэлийн Үйлдвэрүүдэд холбогдох хэсэг нь авагдсан байх бөгөөд 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа энэхүү хэсэгт холбогдуулан шаардлагаа тодорхойлсон болно. Засгийн газрын 14 дүгээр тэмдэглэлийн уг хэсэг нь Үйлдвэрүүдийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийг 49 хувийн хувьцаа эзэмшигчийн оролцоогүйгээр 100 хувь төрийн төлөөллөөр бүрдүүлэхийг даалгасан агуулгатай байх бөгөөд энэхүү шийдвэр нь эрх зүйн үр дагавар үүсгэн хэрэгжиж 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Үйлдвэрүүдийн ТУЗ-ийг 100 хувь төрийн төлөөллөөр бүрдүүлсэн байдаг.

9. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бүх компани өмчийн хэлбэр, эд хөрөнгийн болон үйлдвэрлэлийн хэмжээ, дотоод зохион байгуулалтаас үл хамааран дагаж мөрдөхөөр заасан Монгол Улсын Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт “Дараах асуудлыг зөвхөн хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ” гээд мөн зүйлийн 62.1.7 дахь заалтад “төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг сонгох, бүрэн эрхийг нь хугацаанаас нь өмнө дуусгавар болгох” гэсэн нь компанийн ТУЗ-ийн гишүүнийг сонгох, бүрэн эрхийг нь хугацаанаас нь өмнө дуусгавар болгох эрхийг гагцхүү тухайн компанийн 49 болон 51 хувийг эзэмшиж буй хувьцаа эзэмшигчдийг оролцуулсан хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэхээр хуульчилсан.

10. Гэтэл Монгол Улсын Засгийн газар Үйлдвэрүүдийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар нэгэнт томилогдсон ТУЗ-ийн гишүүдийн бүрэн эрхийг хугацаанаас өмнө дуусгавар болгох, ТУЗ-ийн гишүүдийг төрийн төлөөллөөс 100 хувь томилох буюу зөвхөн хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэх, бүрэн эрхэд нь хамаарах асуудлаар 51 хувийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлж байгаа Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт үүрэг даалгавар өгсөн нь тухайн асуудлыг компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын эрхэд халдсан, хувьцаа эзэмшигчдийн эрхийг хязгаарлах үр дагаврыг үүсгэсэн гадагш чиглэсэн шийдвэр юм.

11. Товчхондоо, нэхэмжлэгч нь хууль ёсны хувьцаа эзэмшигч болохын хувьд Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.2 дахь хэсэгт заасны дагуу хувьцаа эзэмшигчийн хуралд оролцож Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг сонгох, бүрэн эрхийг нь хугацаанаас нь өмнө дуусгавар болгох эрхтэй. Гэтэл энэхүү хууль тогтоомжоор олгогдсон эрхийг хязгаарласан тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзнэ.

12. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “Чиглэл өгөх тухай” ХЭГ/497 тоот албан бичгийн тухай: Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ХЭГ/497 тоот албан бичгээр “...УИХ-ын 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Э ү” ХХК, “М р” ХХК-ийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгох зорилгоор тус компаниудын Хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулж, дүрмийг шинэчлэн батлах ...” чиглэл өгсөн. Үйлдвэрүүдийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах, дүрмийг шинэчлэн батлах эрх нь 49 хувийн хувьцаа эзэмшигчийн саналын эрхээр баталгаажих зохицуулалттай. Тус албан бичгээр өгөгдсөн чиглэлийн дагуу Хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулж, дүрмийн шинэчилсэн найруулгыг баталснаар нэхэмжлэгчийн Үйлдвэрүүдийн 49 хувийн хувьцаа эзэмших эрх, түүгээр гэрчлэгдэх өмчлөлийн эрхүүд зөрчигдсөн байдаг. 

13. Тодруулбал, дээрх компаниудын Хувьцаа эзэмшигчдийг хуралдуулах, дүрэм батлах тухай чиглэл өгсөн өөр албан бичиг ямар нэгэн байгууллагаас гараагүй бөгөөд энэхүү албан бичгийг зохицуулалтын үр дагаварт 49 хувийн хувьцаа эзэмшигчийн хувьцаа болоод хувьцаагаар гэрчлэгдэх саналын эрх зөрчигдсөн. Тиймээс тус албан бичиг нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөнөөс гадна Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж заасны дагуу илт хууль бус захиргааны актын шинжийг агуулсан байдаг.

14. Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг баримтлан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2018/0272 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2018/0415 дугаартай магадлалын холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж, Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 7 дугаар тогтоолыг бүхэлд нь, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 14 дүгээр тэмдэглэлийн “Э ү” ХХК, “Монголросцветмет” ХХК-д холбогдох хэсэг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “Чиглэл өгөх тухай” ХЭГ/497 тоот албан бичгийг тус тус илт хууль бус болохыг тогтоон өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

15. Хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбаяр, Ж.Ганбат нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “М к к” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол улсын Засгийн газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2018/0415 дугаар магадлалтай танилцаад эс зөвшөөрч, дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

16. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Хууль дээдлэх нь шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж, мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт “Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянах ба хэргийн хоёр, түүнээс дээш оролцогч гомдол гаргасан, эсхүл нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн гомдол гаргасан тохиолдолд хэргийг бүхэлд нь хянан үзэх үүрэгтэй” гэж заасныг тус тус зөрчсөн байна.

17. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “...Монгол Улсын Засгийн газрын шийдвэр Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх буюу Үндсэн хуулийн зөрчлийн хэмжээнд авч үзэхээр маргааныг Монгол Улсын Үндсэн хуулийн цэц хянан шийдвэрлэхээр, харин Засгийн газрын шийдвэр нь Үндсэн хуулиас бусад хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх маргааныг Захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэхээр байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.” /магадлалын 17 дахь тал/ гэж зөвхөн Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах журмаар гаргасан гомдлын “...Улсын Их Хурал, Засгийн газар /бас Үндсэн хуулийн цэц/-аас өөр субъект Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгохгүй гэдгийг шууд тодорхойлсон байхад Захиргааны хэргийн шүүх захиргааны байгууллагад Засгийн газрыг хамааруулж, гаргасан шийдвэрийг нь хянан шийдвэрлэж байгаа нь Үндсэн хуулиар хуульчилсан Хууль тогтоох болон Гүйцэтгэх эрх мэдэлд халдсан үйлдэл гэж үзэж байна...” гэсэн тайлбарт л хууль зүйн дүгнэлт өгсөн байна.

18. Нэг. Нэхэмжлэгч “Мк к” ХХК-иас “Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Хувьцааг төрийн өмчид бүртгэх, холбогдох төлбөрийг суутган тооцох тухай” 07 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад хариуцагч талаас “К Э С” ХХК, Худалдаа хөгжлийн банк нь нэхэмжлэгч “М к к” ХХК-тай харилцан хамаарал бүхий этгээд, “Э ү” ХХК болон “М р” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг худалдан авахаар хууль бусаар хөрөнгө босгосон гэдгийг УИХ болон Засгийн газраас байгуулагдсан Ажлын хэсгийн шалгалтын материал, дүгнэлтээр тодорхой нотолсон баримтыг мөн “М к к” ХХК нь “Эү” ХХК, “М р” ХХК-ийн 49 хувийг шилжүүлэн авсантай холбоотойгоор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэгдэж байгаа талаархи нэмэлт тайлбарыг 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр тус тус шүүхэд гаргаж өгсөөр байтал дүгнэлт өгөөгүй, орхигдуулсан.

19. Тухайлбал, Нэхэмжлэгч “М к к” ХХК болон хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаагүй, хариуцагч талаас шүүхэд өгсөн хариу тайлбар, гомдол, нотлох баримт тус бүрд хууль зүйн дүгнэлт өгөөгүй байх тул магадлал нь хууль ёсны бус, үндэслэлгүй, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн.

20. Хоёр. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын Засгийн газар бол төрийн гүйцэтгэх дээд байгууллага мөн” гэж, мөн хуулийн Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна” гэж тус тус заасны дагуу Засгийн газраас Монгол Улсын Их Хурлын 2017 оны 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлж ажилласан.

21. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны 03 дугаар дүгнэлтээр “Э ү” ХХК, “М р” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн мэдэлд авахаар шийдвэрлэсэн Улсын Их Хурлын 2017 оны 23 дугаар тогтоолыг Монгол Улсын Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзсэн байдаг.

22. Улсын Их Хурлын 23 дугаар тогтоолын 2 дахь хэсэгт ““Мк к” ХХК-д шилжсэн .... 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид шилжүүлэн авах асуудлыг яаралтай шийдвэрлэж, төрийн өмчит үйлдвэрийн газрын статустайгаар ажиллуулах арга хэмжээ авч ажиллахыг...” гэж, мөн тогтоолын 3 дахь хэсэгт “....49 хувийн энгийн хувьцааг...эх үүсвэрээс суутган тооцох хэлцэл хийж төрийн өмчид авах арга хэмжээг зохион байгуулахыг Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо /Ш.Раднаасэд/, Монгол Улсын Засгийн газар /Ж.Эрдэнэбат/-т даалгасугай.” гэж тус тус заасан нь “М к н” ХХК-д хууль бусаар шилжсэн “Эү” ХХК, “М р” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг 100 хувь төрийн мэдэлд авахаар холбогдох байгууллагад даалгасан шийдвэр юм.

23. Тодруулбал, Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, магадлалын тогтоох хэсэгт баримталсан Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 43.2.2-т заасны дагуу “М к к” ХХК-д хууль бусаар шилжсэн 49 хувийн энгийн хувьцаанаас хэдэн хувийг нь төрд авах эсэхээр харилцан тохиролцож хэлцэл хийх бус 100 хувь төрийн мэдэлд “суутган тооцох хэлцэл” хийж авах Улсын Их Хурлын шийдвэр Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн дагуу эцсийн шийдвэр болоод байна.

24. Улсын Их Хурлын 23 дугаар тогтоолоор “49 хувийн энгийн хувьцааг суутган тооцох хэлцэл хийж төрийн өмчид авах”-аар заасан нь хууль зөрчин шударгаар олж аваагүй хувийн өмчийг хураан авахаар шийдвэрлэсэн Үндсэн хууль зөрчөөгүй шийдвэр.

25. Гэвч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “...Улсын Их Хурлын 2017 оны 23 дугаар тогтоолд хэлцэл хийх замаар төрийн өмчид авах арга хэмжээ зохион байгуулахаар заасан байхад дээрх байдлаар нэхэмжлэгчтэй ямарваа нэгэн хэлцэл хийхгүйгээр шийдвэрлэсэн нь....нотлогдсон” /магадлалын 15 дахь хуудас/ гэсэн нь үндэслэлгүй бөгөөд Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх УИХ-ын 23 дугаар тогтоолыг буруу тайлбарлан, эсрэгээрээ Улсын Их Хурлын тогтоол, Цэцийн шийдвэрийг үгүйсгэж шийдвэрлэжээ.

26. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн “Монгол Улсын Их Хурлын 2017 оны 23 дугаар тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай” 2018 оны 03 дугаар дүгнэлтийн 1-т “...23 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Төр нь ... хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.”, мөн зүйлийн 3 дахь хэсгийн “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно.”, Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтын “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө”, Дөчин тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно”,...гэж заасныг тус тус зөрчөөгүй байна.” гэж, шийдвэрлэсэн.

27. Уг дүгнэлтийн шийдвэрийн үндэслэл 7-д “...Оросын Холбооны Улсын “Р” корпораци болон “М к к” ХХК-ийн хооронд 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан “Худалдах, худалдан авах гэрээ”-нд Худалдан авагч нь урьдчилгаа төлбөрийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс өмнө төлсөн байхаар, мөн 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хувьцаа худалдах, худалдан авах тухай толгой гэрээг байгуулсан тухай тусгасан байгаа нь Монгол Улсын эрх бүхий байгууллага давуу эрхээсээ татгалзсан шийдвэр гаргахаас өмнө хэлцэл хийж байсныг нотолж байна.” гэж, мөн 8-д “Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа Үндсэн хууль болон бусад хуулийн холбогдох заалтыг зөрчсөн шийдвэрийг үндэслэл болгон хийсэн хэлцлээр шилжүүлсэн өмчлөлийн зүйлийн хувийн өмчийн эрх холбогдох этгээдэд шударгаар үүссэн гэж үзэх, энэхүү эрхийг хамгаалах хууль зүйн хангалттай үндэслэл бүрдээгүй байна.” гэсэн байна.

28. Иймд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2018/0272 дугаар шийдвэр болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2018/0415 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

29. Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюунбилэг, Б.Лхагвасүрэн нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “М к к” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2018/0415 дугаар магадлалыг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-т заасны дагуу шүүхээс хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж, дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

30. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “Э” ХХК-ийн, 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн “М р” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн өөрчлөлт, дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгэсэн үйлдлийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн.

31. “Э ү” ХХК, “М р” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын 2017 оны 23 дугаар тогтоол, “Хувьцааг төрийн өмчид бүртгэх, холбогдох төлбөрийг суутган тооцох тухай” Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 07 дугаар тогтоол, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2018 оны 06, 07 дугаар тогтоол болон холбогдох бусад баримт бичгүүдийг үндэслэн “Э ү” ХХК, “М р” ХХК-ийн 49 хувийг төрийн мэдэлд шилжүүлэн улсын бүртгэлд бүртгэсэн.

32. Улсын бүртгэлд бүртгэхдээ Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, Компанийн тухай хууль болон холбогдох эрх зүйн актад нийцүүлэн бүртгэсэн бөгөөд хуульд заасан улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй байсан болно.

33. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2018/0272 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2018/0415 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

34. Монгол Улсын Их Хурлын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоолоор “М к к” ХХК-д шилжсэн “Э ү” ХХК, “М р” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг Хөгжлийн банк болон Монгол банкнаас Худалдаа хөгжлийн банкинд байршуулсан мөнгөн хөрөнгө, ногдол ашиг, вексель зэрэг эх үүсвэрээс суутган тооцох хэлцэл хийж төрийн өмчид авах арга хэмжээг зохион байгуулах, төрийн өмчит үйлдвэрийн газрын статустайгаар ажиллуулах арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо болон Монгол Улсын Засгийн газарт даалгасан бөгөөд уг тогтоолын хэрэгжилтийг хангуулахтай холбоотой захиргааны акт буюу Монгол Улсын Засгийн газар, түүний харъяа байгууллагуудын шийдвэр, үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэж захиргааны хэргийн шүүхэд Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус холбогдуулан 13 шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

35. Анхан болон давж заалдах шатны шүүхээс Монгол Улсын Их Хурлын 2017 оны 23 дугаар тогтоолд заасан “Э ү” ХХК, “М р” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид авах үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх нэхэмжлэгч “М к к” ХХК-ийг шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцуулах, тэдний тайлбарыг сонсох, захиргааны актыг мэдэгдэх зэрэг ажиллагааг явуулалгүй, хэлцэл хийх замаар төрийн өмчид авах арга хэмжээг зохион байгуулаагүй нь холбогдох хууль тогтоомжид нийцээгүй, түүний эрхийг зөрчсөн талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийн зарим хэсэг болох Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/50 дугаар тушаал, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Хувьцааг төрийн өмчид бүртгэх, холбогдох төлбөрийг суутган тооцох тухай” 07 дугаар тогтоолын 1, 5, 6 дахь заалтууд, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 06, 07 дугаар тогтоолууд, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “Э ү” ХХК-ийн, 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн “М р” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн өөрчлөлт, дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгэсэн үйлдлийг тус тус илт хууль бус болохыг тогтоож, “2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүчингүй болгосон “Э ү” ХХК, “М р” ХХК-ийн 49 хувийн эзэмшигчийн бүртгэлийг сэргээн бүртгэж, гэрчилгээ шинээр олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, “Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “Чиглэл өгөх тухай” ХЭГ/497 тоот албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

36. Энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүхүүд хангалттай дүгнэсний зэрэгцээ уг асуудлаар хариуцагч нар тодорхой үндэслэл зааж маргаагүй учир хяналтын шатны шүүхээс дахин дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.  

37. Харин Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа нэхэмжлэлийн зарим шаардлагад хамаарах маргаан бүхий захиргааны актын эрх зүйн үйлчлэл гадагш чиглээгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байх тул магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын холбогдох хэсгийг хангах нь зүйтэй байна.  

38 (I). Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 14 дүгээр тэмдэглэл нь 2 заалттай бөгөөд уг тэмдэглэлийн 1 дэх заалтаар Засгийн газрын гишүүдэд тодорхой үүрэг өгсөн шийдвэр нь агуулгын хувьд нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөөгүй, түүнд хамааралгүй, уг заалтын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй гэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв юм.  

39. Гэвч дээрх тэмдэглэлийн 2 дахь заалтаар ““Э ү” ХХК, “М р” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн дүгнэлт удааширч байгааг харгалзан дээрх компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлийг 100 хувь төрийн төлөөллөөр бүрдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор нарт  даалгасан нь Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7-д заасан зөвхөн хувьцаа эзэмшигчдийн хуралд хадгалагдах бүрэн эрхийг үгүйсгэж хувьцаа эзэмшигчийн эрхийг хөндсөн эрх зүйн үр дагаврыг шууд бий болгосон, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан “хууль дээдлэх” Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн зарчимд харш, өөрөөр хэлбэл, Засгийн газар өөрт хамааралгүй, хуулиар эрх хэмжээ олгогдоогүй асуудлыг  шийдвэрлэсэн илт хууль бус “захиргааны акт” атал  давж заалдах шатны шүүхээс түүнийг “гадагш чиглээгүй, дотоод зохион байгуулалтын шинжтэй учир захиргааны акт биш” гэсэн дүгнэлт хийж Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан “Захиргааны акт”-ыг тодорхойлох хуульд заасан үндсэн шинжүүдийг буруу тайлбарласан байна. Анхан шатны шүүх энэ талаар зөв дүгнэжээ.

40 (II). Түүнчлэн, “Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “Удирдамж өгөх тухай” А-1/666 тоот албан бичигт тухайлан заасан компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх хороодыг байгуулах, компанийн ерөнхий захиралтай контрактын гэрээ байгуулах, компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай “удирдамж” нь “Э ү” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд үүрэг болгосон, заавал биелэгдэх шинжийг агуулсан, эрх зүйн үр дагаврыг шууд бий болгосон гадагш чиглэсэн захиргааны акт байхад давж заалдах шатны шүүхээс уг албан бичигтэй холбоотой шаардлагыг хүлээн авахаас татгалзсан нь буруу болжээ.   

41. Анхан шатны шүүхээс Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “Удирдамж өгөх тухай” А-1/666 тоот албан бичгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг “хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэсэн” нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д заасантай нийцсэн байна. Тухайн тохиолдолд “Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “Удирдамж өгөх тухай” А-1/666 тоот албан бичигт заасан удирдамж нэгэнт хэрэгжсэн боловч нэхэмжлэгчийн ашиг сонирхол байсан гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт буруу биш болно.  

42. (III). “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “Э ү” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн өөрчлөлт, дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэж, гэрчилгээ дахин олгосон үйлдлийг хүчингүй болгуулах”, “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “М р” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн өөрчлөлт, дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэж, гэрчилгээ дахин олгосон үйлдлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагуудыг анхан шатны шүүхээс хууль бус байсан болохыг тогтоосон нь буруу болохыг зөвтгөж, нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгосон  давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

43. Тодруулбал, шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “Э ү” ХХК, “М р” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн өөрчлөлт, дүрмийн нэмэлт өөрчлөлтийн бүртгэл хүчингүй болсон талаарх тайлбар, хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар уг бүртгэл хүчингүй болсон нь тогтоогдсон тул бүртгэл хууль зүйн үр дагаваргүй, хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх сэргэхгүй юм.

44 (IV). Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдааны шийдвэрийг эс зөвшөөрч 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар, 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Пүрэвтүвшин, 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тус тус давж заалдах гомдол гаргасныг анхан шатны шүүхээс 2018 оны  06 дугаар сарын 05-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлжээ.

45. Ийнхүү Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд тус хэргийг шилжүүлснээс хойш Цагдаагийн ерөнхий газрын даргаас Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд бөгөөд Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбаярт хүргүүлсэн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 01/485 дугаар албан бичиг, Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбаярын 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн нэмэлт тайлбарт дурдсан зарим асуудлыг анхан шатны шүүхээр хэлэлцээгүй болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байна. Хэргийн оролцогчдоос “давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй” гэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.3-т заасны дагуу хожим шинээр бий болсон нотлох баримт, түүнтэй холбоотой нэмэлт тайлбарын талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөөгүйг буруутгах хуулийн боломжгүй, нөгөөтэйгүүр “М кк” ХХК нь “Эрдэнэт ү” ХХК, “М р” ХХК-ийн 49 хувийг шилжүүлэн авсантай холбоотой эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэгдэж байгаа гэсэн үндэслэлээр хэргийг түдгэлзүүлэх” тухай Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг тус шүүхээс хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.   

46. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Хувьцааг төрийн өмчид бүртгэх, холбогдох төлбөрийг суутган тооцох тухай” 07 дугаар тогтоолын 2, 3, 4, 7 дахь  заалтуудад дурдсан “К Э C” ХХК, “Х хб” ХХК-тай нэхэмжлэгч “М к к” ХХК  Компанийн тухай хууль, Өрсөлдөөний тухай хуульд тус тус заасан хамаарал бүхий этгээд биш, Монгол банкнаас нэхэмжлэгчид зээл олгоогүй, нэхэмжлэгч компани 2016 оноос хойш ямар нэгэн зээл аваагүй зэргийг баримтаар тогтоож, нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөөгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт буруу биш байх тул “... “К Э С” ХХК, Х х банк нь нэхэмжлэгч “М к к” ХХК-тай харилцан хамаарал бүхий этгээд, “Э ү” ХХК болон “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг худалдан авахаар хууль бусаар хөрөнгө босгосон “...М к к” ХХК нь “Э ү” ХХК, “М р” ХХК-ийн 49 хувийг шилжүүлэн авсантай холбоотойгоор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэгдэж байгаа талаархи нэмэлт тайлбарыг 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр тус тус шүүхэд гаргаж өгсөөр байтал дүгнэлт өгөөгүй, орхигдуулсан” гэх хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй байна.  

47. (V) Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр болон 01 дүгээр сарын 19-ний өдөр “Э ү” ХХК, “М р” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн өөрчлөлт, дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэхдээ холбогдох хуулийн заалтууд, тухайлбал, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “бүртгэл үнэн зөв, бодитой, заавал биелэгдэх шинжтэй байх”, 3.1.5-д “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх”, 11 дүгээр зүйлийн 11.5.2-т “энэ хуулийн 5.3-5.5-д заасан улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, түүнд хавсаргасан нотлох баримт бичгийг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах”, 11.5.3-т “энэ хуулийн 11.5.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах” гэснийг тус тус зөрчиж бүртгэсэн талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтүүд хууль зүйн үндэслэлтэй байх тул “Улсын бүртгэлд бүртгэхдээ Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, Компанийн тухай хууль болон холбогдох эрх зүйн актад нийцүүлэн бүртгэсэн бөгөөд хуульд заасан улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй” гэх Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюунбилэг, Б.Лхагвасүрэн нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг мөн хангах боломжгүй юм.

48. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулахаар тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2018/0415 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...нэхэмжлэгч “М к к” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж…” гэсний дараа “Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 14 дүгээр тэмдэглэлийн 2 дахь заалт”, “...Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/50 дугаар тушаал...” гэсний дараа “Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “Удирдамж өгөх тухай” А-1/666 тоот албан бичиг” гэж тус тус нэмж, “...Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн хуралдааны 14 дүгээр тэмдэглэл...” гэснийг “Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн хуралдааны 14 дүгээр тэмдэглэлийн 1 дэх заалт” гэж өөрчлөн, “...ХЭГ/500 дугаар албан бичгүүдийг илт хууль бус болохыг тогтоолгох...” гэсний дараах “...Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А-1/666 дугаар албан бичиг...” гэснийг хасч, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Монгол Улсын Засгийн газар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч “М к к” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

 

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                            М.БАТСУУРЬ

                        ШҮҮГЧ                                                                       Х.БАТСҮРЭН