Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2018/01190

 

Б.Н-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2018/00323 дугаар шийдвэртэй,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 829 дүгээр магадлалтай,

Б.Н-ын нэхэмжлэлтэй                                 

НШШГгазарт холбогдох,

Үл хөдлөх хөрөнгө үнэлсэн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Б.Н-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Кибернетик ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, иргэн Б.Н-т холбогдох иргэний хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар эвлэрлийн гэрээг батлан, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн. НШШГгазраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа бөгөөд төлбөр төлөгч Б.Н-, эцэг Л.Баасанхүү, Б.Жавзандулам нарын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2205031086 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 14 дүгээр байрны 30 тоот дахь, 29 м.кв талбайтай орон сууцнаас төлбөр гаргуулахаар үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний талаарх саналаа өг гэсний дагуу 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр саналаа өгсөн. Гэтэл 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гэсэн огноотой, 2 өрөө орон сууцны үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу мэдэгдэж байна гэсэн агуулга бүхий мэдэгдлийг НШШГгазрын 4/28274 тоот албан бичгээр төлбөр төлөгчид ирүүлжээ. Шийдвэр гүйцэтгэгч н.Буянбадрах нь шинжээчийг хэрхэн томилсон нь тодорхойгүй, дээрх албан бичигт дурдсан үнэлгээчин нь ямар аргачлал, үндэслэлээр уг орон сууцыг 67.450.000 төгрөгөөр үнэлсэн нь ойлгомжгүй, төлбөр төлөгчийн зүгээс хөндлөнгийн шинжээчээр хөрөнгийн үнэлгээг хийлгэсэн гэж хүлээн зөвшөөрөх боломжгүй тул энэхүү үндэслэлгүй үнэлгээг үндэслэн албадан дуудлага худалдаа зохион байгуулах гэж байгаа нь төлбөр төлөгчийн эрх ашгийг хөндөж байна. Иймд НШШГгазраас Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 14 дүгээр байрны 30 тоот 29 м.кв талбай бүхий орон сууцыг үнэлсэн үнэлгээ тогтоосон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Буянбадрахын шүүхэд гаргасан тайлбарт: Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 14 дүгээр байрны 30 тоот орон сууцыг хөндлөнгийн хөрөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлгээ хийлгэсэн. Төлбөр төлөгч Б.Н-, хамтран өмчлөгч Л.Баасанхүү, Б.Жавзандулам нарын өмчлөлийн орон сууцыг 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр битүүмжилж, 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар нь дуудлага худалдааны санал болгох доод үнийн талаар тохиролцоогүй тул хөндлөнгийн үнэлгээний БЭСГЭ ХХК-ийг 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 320 дугаар тогтоолоор шинжээчээр томилж, 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийг 67.450.000 төгрөгөөр үнэлсэн байсан тул үнэлгээний 70 хувь буюу 47.215.000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон тухай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгчид мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2018/00323 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан НШШГгазарт холбогдох, Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, Хасбаатарын гудамж, 14 дүгээр байрны 30 тоот дахь, 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 67.450.000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн 2017-11-13 өдрийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Б.Н-ын гомдлыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэх хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 829 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2018/00323 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Аззаяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан болон давж заалдах шатны шүүх нь хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын шүүхийн хэлэлцүүлгийн явцад гаргасан тайлбарыг зөв үнэлж дүгнэж чадаагүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар нь дуудлага худалдаанд санал болгох үнийн талаар тохиролцоогүй гэж үзэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.2.2 дахь хэсэгт заасны дагуу шинжээчээр үнэлгээ тогтоолгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэжээ. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад шинжээчээр томилогдсон “Бэсгэ” ХХК-ийг хэрхэн томилсон, хөндлөнгийн, ашиг сонирхлын зөрчилгүй шинжээчийг томилсон эсэхийг нэхэмжлэгч хариуцагчаас тодруулж асуухад хариуцагч нь “шинжээчийг манай байгууллага сонгон шалгаруулдаг бөгөөд сонгон шалгаруулсан шинжээчдээс шийдвэр гүйцэтгэгч нарт тойргийн оноолтын журмаар шинжээч оноон томилдог талаар тайлбарыг гаргасан тул хариуцагч байгууллагаас үнэлгээ хийх шинжээчдийг хэрхэн сонгон шалгаруулсан талаарх баримтыг гаргуулахад сонгон шалгаруулсан баримт бус харин шинжээч “Бэсгэ” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний хуулбарыг гаргаж өгсөн. Үүгээр ашиг сонирхлын зөрчилгүй, хөндлөнгийн шинжээч томилсон гэх тайлбар нь үгүйсгэгдэж байхад энэ нөхцөл байдлыг гуйвуулан хэд хэдэн үнэлгээний байгууллагыг сонгон шалгаруулж, шинжээч томилох тогтоолд заасан хөрөнгийг үнэлүүлэх ажлыг гүйцэтгүүлэхээр албадан дуудлага худалдаа эрхлэгчээс нэрийг нь санал болгосон “Бэсгэ” ХХК-ийг шинжээчээр томилсон байна гэж үндэслэлгүй дүгнэлт хийжээ.

Түүнчлэн “шинжээч орон сууцыг зах зээлийн жишиг хандлагын аргаар үнэлэхдээ ижил байршилд байгаа, ижил хэмжээтэй орон сууцыг жишиг болгон авч худалдахаар санал болгож байгаа үнийг судалж 67.450.000 төгрөгөөр үнэлсэн” гэсэн нь зах зээлийн жишиг үнийн хандлагаар үнэлэхдээ харгалзах ёстой “ижил нөхцөл”-ийг харгалзаагүй гэдгийг тайлбарласан нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээж авалгүй нэг талыг баримталсан дүгнэлт хийсэн нь тодорхой байна. Харьцуулан жишсэн гэх байрнууд нь угсармал хийцтэй, цутгамал хийцтэй зэргээр хийцийн хувьд ялгаатай, давхар өөр, ашиглалтад орсон хугацааны хувьд ялгаатай /1987, 1995/, байршлын хувьд БГД, 6-р бичил хороолол гэх боловч нэхэмжлэгчийн орон сууцны байрны сургууль, цэцэрлэг, автобусны буудалтай ойр зэрэг давуу талтай харьцуулалгүй, үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг тодорхойлох гол нөхцлийг тусгаагүй, харьцуулалгүй хийсэн үнэлгээг хууль зөрчөөгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Гэтэл давж заалдах шатны шүүх нь талуудын маргаагүй хэсгийг хянах хэсгийн үндэслэл болгож бичээд, маргаж буй хэсэг дээр үндэслэлтэй дүгнэлт хийж чадалгүй төлбөр төлөгчийн зүгээс хөндлөнгийн шинжээчээр хөрөнгийн үнэлгээг хийлгэсэн гэж хүлээн зөвшөөрөх боломжгүй гэх тайлбараа нэхэмжлэгч баримтаар нотлоогүй байна” гэжээ. Шинжээчийг төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч томилоогүй тул үүнийг баримтаар нотлох үүрэг хүлээхгүй, шинжээч томилсон хариуцагч нь хэрхэн хөндлөнгийн шинжээч томилсноо тайлбарлах үүрэг хүлээх байтал нэхэмжлэгч, хариуцагчийн байрыг сольж үүрэг хүлээлгэн, үүнийгээ нотолж чадаагүй гэж тайлбарлаж буй нь үндэслэлгүй, хуульд нийцэхгүй байна.

Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Б.Н- нь НШШГгазарт холбогдуулан төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрчээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2016/0077 дугаар захирамжаар Б.Н- 68.569.013 төгрөгийг Кибернетик ББСБ ХХК-д төлөх үүргийг хүлээжээ.

Дээрх шийдвэрийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба албадан гүйцэтгэх явцдаа  барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн хурааж, дуудлага худалдаа явуулахаар шийдвэрлэж, орон сууцны үнийн саналыг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нараас  авсан боловч харилцан тохиролцоогүй тул 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 320 дугаар тогтоолоор Бэсгэ ХХК-ийг шинжээчээр томилж, үнэлгээг тогтоолгосон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг зөрчөөгүй байна. 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий этгээд болох Бэсгэ XXK нь төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг өртгийн хандлагын, зах зээлийн жишиг үнийн хандлагын аргаар тус тус үнэлсэн нь үнэлгээний тайланд тусгагдсан байна. Нэхэмжлэгч нь үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг тодорхойлохдоо харьцуулбал зохих нөхцлийг бүрэн харгалзаагүй гэх боловч энэ талаарх баримтыг шүүхэд гаргаагүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй тул Бэсгэ XXK-ийн үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэж үзэх боломжгүй юм.

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь шинжээчид дүгнэлт өгөхөөс зайлсхийх, татгалзах, санаатайгаар худал дүгнэлт гаргах тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэх талаар урьдчилан сануулж, танилцуулсан нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасантай нийцсэн байх тул ашиг сонирхлын зөрчилгүй шинжээч томилсон болохоо нотлоогүй гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааны талаар хуульд нийцсэн дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2018/00323 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 829 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ