Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 382

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: “Э” ХХК,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч З.Ц, Б.Х,

Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Х, З.Ц нарын 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ************** дүгээр актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц, хариуцагч З.Ц, Б.Х, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Э ” ХХК-ийн захирал Э.Г, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц нар шүүхэд болон шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ: ““Э ” ХХК нь 2012-2013 онуудад улсын болон хувийн компаниудтай гэрээгээр авто замын өргөтгөл, шинэтгэл, барилгын гадна тохижилт, авто зогсоол, хөл бөмбөгийн талбай, хүүхдийн тоглоомын талбай, үерийн ус зайлуулах байгууламж, орон сууцны барилгад туслан гүйцэтгэгч зэрэг барилга байгууламжийн ажлыг чанартай хийж гүйцэтгэж байсан. 

Тухайлбал, “СЭСГ” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу Улаанбаатар хотын “Ажилчны гудамжны 3.4 км авто замын өргөтгөл шинэчлэлт төслийн 500 метр авто замын ажлыг Монгол Улсын чанар, стандартад нийцүүлэн хийж гүйцэтгэсэн. Мөн Батлан хамгаалах яамны Зэвсэгт хүчний харьяа 084-р ангийн жагсаалын талбайн тохижилт, иргэн Х.Н-н 172 м.кв авто зам, 28 м.кв явган зам талбайн ажил, “ЭСГ” ХХК-тай хийгдсэн гэрээний дагуу сургуулийн гаднах чулуун талбайн тохижилт, хөл бөмбөгийн талбай, үзэгчдийн суудал, үерийн ус зайлуулах байгууламж, авто машины зогсоол, зам талбай, “ШД” ХХК-тай хийсэн гэрээний дагуу 945 м.кв барилгын гадна зам талбай, 225 м.кв-т хүүхдийн тоглоомын талбайн тохижилт, Зэвсэгт хүчний харьяа тагнуулын газрын сургалтын жагсаалын талбайн тохижилт, авто машины зогсоол, явган зам талбай, “Р” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу Баянзүрх дүүргийн “Ургах наран” хорооллын 6, 11-р барилгын гадна талын авто зам, авто зогсоолын хучилт, бордиур, бэлтгэл ажил, Сүхбаатар дүүргийн 5-р хороо, авто машины зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, “Д” ХХК-н АХЦССтанцын барилга, зам талбайн ажил, Баянзүрх дүүргийн Цагдаагийн ажилчдын 360 айлын орон сууцны барилгын ажлын туслан гүйцэтгэгч, Хан-Уул дүүрэг Ерөнхийлөгчийн тамгын газрын ажилчдын 180 айлын орон сууцны барилгын ажилд туслан гүйцэтгэгч зэрэг ажлуудыг 2011-2013 онуудад хийж байсан. 

Дээрх ажлуудыг хийж гүйцэтгэхэд шаардагдах барилгын материалын зарим хэсэг /цемент, бетон зуурмаг, арматур барилгын бусад материал/-ийг Ц.Т гэдэг хүнээр зуучлуулж, “СС” ХХК-тай бараа материал худалдан авахаар гэрээ байгуулаад, нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн барилгын бараа материалыг худалдан аваад, түүгээрээ бүтээн босголтын ажлаа хийж гүйцэтгэсэн. Худалдан авсан бараа материалынхаа НӨАТ-ын падааныг Ц.Т-аар бичүүлэн авч, тайлан тооцоондоо тусгадаг байсан бөгөөд татварын тайлан тооцоог цаг тухайд нь үнэн зөвөөр тайлагнаж, төлөх ёстой татварыг хугацаанд нь төлж байсан. Гэтэл 2013 оны 4 дүгээр улиралд нэр бүхий аж ахуйн нэгжүүд НӨАТ-ын падаан хуурамчаар бичиж, худалдсан хэрэг гарч, тэдний НӨАТ-ын падаанаар хасалт хийсэн аж ахуйн нэгжүүдийн тайланг засуулж,  татварыг нөхөн төлүүлэх болсон.

“СС” ХХК-ийн НӨАТ-ын падаан гэдэг нь Ц.Т-ын бичиж өгч байсан НӨАТ-н падаан байсан бөгөөд тухайн үед “СС” ХХК-аас авч байсан НӨАТ-ын падаан нь цахим тайланд тусгахад ямарч хүндрэл гарч байгаагүй. Тухайн үед “СС” ХХК борлуулалтаа тайландаа тусгагдсан,  бүтээн байгуулалтыг материал худалдан авч гэрээний дагуу гүйцэтгэж, хүлээлгэн өгсөн бүх бичиг баримт, тайлбарыг Татварын ерөнхий газарт гаргаж өгснийг хянаад “СС” ХХК нь борлуулалтандаа тусгасан байна гээд холбогдолгүй болсон. Мөн Татварын ерөнхий газрын шалгалтаас 2 сарын дараа Сүхбаатар дүүргийн хяналт шалгалтын 2 байцаагч шалгахад Татварын ерөнхий газарт гаргаж өгсөн баримт, тайлбарыг үзээд мөн адил дүгнэлт гаргасан.

2014 оны сүүлээр Сүхбаатар дүүргийн татварын хяналт шалгалтын улсын байцаагч Б.Б, Б.Х нар манай компанид санхүүгийн төлөвлөгөөт шалгалт хийж, 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн *******00805 тоот дүгнэлт бичин, хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн.

Энэ асуудлаар Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгагдаж байхдаа Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсээс “СС” ХХК нь тухайн худалдан авалт хийсэн падаануудыг борлуулалтын орлогодоо тусгасан эсэхийг тодруулахаар мөрдөн байцаагч Б.М албан тоот явуулсан боловч авч чадахгүй байсаар байгаад Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль гарснаар өршөөлд хамрагдлаа гэж хэргийг хаасан. Эцсийн дүндээ шалгагдаж байсан Ц.Т өршөөлд хамрагдаж, манай компани улсад учруулсан хохирлыг төлөх болоод байна.

Энэ хэргийг шалгасан татварын байцаагч болон хяналтын прокурор нар анхнаасаа “СС” ХХК НӨАТ-ын падаан хуурамчаар бичиж байсан гэдгийг л үндэс болгож, Ц.Т нь өөрийн борлуулсан материалд “СС” ХХК-ийн НӨАТ-ын падаан бичиж өгч байсан гэдэгт анхаарлаа хандуулаагүй бөгөөд мөн мөрдөн байцаалтын сүүлийн шатанд “Өршөөлийн хууль” гарахыг хүлээзнэсэн байдалтай, хайнга хандсанаар манай компани хилсээр 18.573.936,35 төгрөгийн төлбөр төлөх болоод байна.

Татварын улсын байцаагч нар “Э ” ХХК-д ямар төрлийн татвар ногдуулж байгаа нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл актад Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.4 дэх заалтыг зөрчсөн гэдэг боловч хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийг зөрчсөн гэж байна. Гэтэл актад тус зүйл заалтыг баримталж акт тогтоов гэсэн үг үсэг байхгүй байгаа нь акт хууль зүйн үндэслэлгүй болохыг харуулж байна. 

Тухайн үед 2006 оны 06 дугаар сарын 29-ний өдөр батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль үйлчилж байсан бөгөөд хуулийн 3 дугаар зүйлд “...Хувь хүн, хуулийн этгээдийн Монгол Улсад импортоор оруулсан, эсхүл Монгол Улсаас экспортод гаргасан болон Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулахад энэ хууль үйлчилнэ” гэж хуулийн үйлчлэх хүрээг, 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “....борлуулалт гэж барааг бусдын өмчлөлд шилжүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхийг”, 4.1.2-д “... бараа гэж мөнгөн хөрөнгөнөөс бусад бүх төрлийн хөрөнгийг”, 5 дугаар зүйлийн 5.1-д “...Бараа, ажил, үйлчилгээг аливаа хэлбэрээр борлуулахгүй, аж ахуйн үйл ажиллагааны бус, зөвхөн өөртөө хэрэглэх зориулалтаар худалдан авч, импортоор оруулсан хувь хүнийг албан татвар төлөгч гэнэ” гэж заасан байх бөгөөд худалдан авагч буюу “Э ” ХХК-ийг борлуулагч гэж ойлгохгүй. 

Иймд “СС” ХХК нь борлуулалтдаа тусгачихсан, худалдан авагч “Э ” ХХК нь худалдан авалтдаа тусгасан нь хуулийн дагуу учир нэмэгдсэн өртгийн албан татварыг давхардуулан ёсгүй бөгөөд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар “СС” ХХК борлуулсан бараа материалд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөх ёстой. Гэтэл бараа материалтай холбоотой татварыг нэхэмжлэгч “Э ” ХХК-д ногдуулж байгаа нь үндэслэлгүй тул Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ************** дугаартай актыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч З.Ц, Б.Х, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Номин-Эрдэнэ нар шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Татвар төлөгчийн 5287901 дугаартай “Э ” ХХК-ийг 2009 оны 01 дүгээр сарын 01-2012 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацааны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд Татварын хяналт шалгалт хийх томилолт, Татварын хяналт шалгалтын ерөнхий удирдамжийн дагуу Б.Х, Б.Б нар иж бүрэн шалгалт хийж, 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр *******00805 тоот дүгнэлт бичиж, цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн.

Дээрх дүгнэлтийг үндэслэн Цагдаагийн ерөнхий газрын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч цагдаагийн хошууч Н.Д 2014 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Эрүүгийн хуулийн 166.2 дахь хэсэгт зааснаар хэрэг үүсгэн, цагдаагийн дэслэгч Б.М мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгаж, хэргийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар шилжүүлснийг Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.М хүлээн авч хянаад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээчийн 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 129 дүгээр дүгнэлтийг үндэслэн 18.573.936,35 төгрөгийг улсад төлүүлэхээр тогтоож, 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хэргийг хэрэгсэхгүй болгож тухай 924 дүгээр тогтоолыг гаргасан.

Дээрх тогтоолд 2012, 2013 онуудад “СС” ХХК-иас бараа материал худалдан аваагүй атлаа нийт 7 удаагийн худалдан авалтаар 185.739.363,45 төгрөгийн бараа материалын үнэ гэж бичиж үнийн дүн, утгыг зориуд өөрчлөн бичиж, аж ахуйн нэгж байгууллагаас эрх олгосон баримт бичгийг зориуд хуурамчаар үйлдсэний улмаас 18.573.936,35 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь тогтоогдсон ба “Э ” ХХК-ийн захирал Э.Г, Э.Г нар нь “Татвар ногдох их хэмжээний орлогыг бууруулах замаар татвар төлөхөөс зайлсхийсэн” гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн.  

“Э ” ХХК нь 2012 онд “СС” ХХК-иас 2012 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн нэмэгдсэн өртгийн албан татварын *******2771 тоот падаанаар 34.545.455 төгрөгийн, 2012 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн нэмэгдсэн өртгийн албан татварын *******82115 тоот падаанаар 36.363.636 төгрөгийн, 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн нэмэгдсэн өртгийн албан татварын *******58295 тоот падаанаар 35.596.636 төгрөгийн, 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн нэмэгдсэн өртгийн албан татварын *******497 тоот падаанаар 15.388.182,18 төгрөгийн, 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн нэмэгдсэн өртгийн албан татварын *******494 тоот падаанаар 16.572.727,27 төгрөгийн, 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн нэмэгдсэн өртгийн албан татварын *******774 тоот падаанаар 29.825.000 төгрөгийн, 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн нэмэгдсэн өртгийн албан татварын *******775 тоот падаанаар 17.447.727 төгрөгийн, нийт 185.739.363,45 төгрөгийн бараа материал худалдан авсан гэж нэр, тамга бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын падаан бичүүлэн, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд тусган, татвар ногдуулах орлогыг бууруулсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйл заалтыг зөрчиж, татварт ногдох орлогоо бууруулсан учир Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийг үндэслэж татварын улсын байцаагчийн 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн *******0******* тоот актаар нийт 185.739.363,45 төгрөгийн зөрчилд ногдуулсан 18.573.936,35 төгрөгийн нөхөн төлбөрийг төлүүлэхээр тогтоосон. Акт тавьснаар 2 татвар ногдуулаад байгаа зүйл байхгүй.

“СС” ХХК нь цагдаа дээр шалгагдаад, өршөөлд хамрагдсан. “Э ” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан гэм буруутай гэдгээ илэрхийлсний үндсэн дээр өршөөгдөж, эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болсон нь захиргааны хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

Иймд татварын улсын байцаагч нарын акт үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Э ” ХХК нь Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Х, З.Ц нарт холбогдуулан “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Х, З.Ц нарын 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ************** дугаар актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч  Б.Х, З.Ц нар нь Сүхбаатар дүүргийн  Прокурорын газрын хяналтын прокурорын 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 924 дүгээр тогтоол, эрх бүхий байгууллагаас олгосон хяналт шалгалт хийх томилолтын дагуу “Э ” ХХК-ийн 2009-2013 онуудын албан татварын ногдуулалт, төлөлтийн байдлыг 2014 онд шалгаж, илрүүлсэн зөрчилд бичигдсэн татварын улсын байцаагчийн 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн *******00805 дугаар дүгнэлтийн хүрээнд хэсэгчилсэн шалгалтыг хийж, татварын улсын байцаагчийн 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ************** дүгээр актаар  “СС” ХХК-иас 2012 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн нэмэгдсэн өртгийн албан татварын *******2771 дугаар падаанаар 34.545.455 төгрөгийн, 2012 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн нэмэгдсэн өртгийн албан татварын *******82115 дугаар падаанаар 36.363.636 төгрөгийн, 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн нэмэгдсэн өртгийн албан татварын *******58295 дугаар падаанаар 35.596.636 төгрөгийн, 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн нэмэгдсэн өртгийн албан татварын *******497 дугаар падаанаар 15.388.182,18 төгрөгийн, 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн нэмэгдсэн өртгийн албан татварын *******494 дугаар падаанаар 16.572.727,27 төгрөгийн, 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн нэмэгдсэн өртгийн албан татварын *******775 дугаар падаанаар 17.447.727 төгрөгийн, нийт 185.739.363,45 төгрөгийн бараа, материалыг худалдан авсан гэж нэмэгдсэн өртгийн албан татварын падаан хуурамчаар бичүүлэн авч, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд тусган, татвар ногдуулах орлогыг бууруулсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан ... нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй ... “ гэсэн заалтыг зөрчсөнийг тэмдэглээд шалгалтаар илэрсэн төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах орлогыг бууруулсан гэх нийт 185.739.363,45 төгрөгийн зөрчилд 18.573.936,35 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг нөхөн ногдуулжээ.

Дээрх татварын улсын байцагчийн актыг эс зөвшөөрч “Э” ХХК  нь Нийслэлийн Татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан байх бөгөөд тус Маргаан таслах зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 069 дүгээр тогтоолоор татварын улсын байцаагчийн 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ************** дугаартай актыг хэвээр баталжээ.

“Э ” ХХК нь дээрх тогтоолыг эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан байх бөгөөд Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 069 дугаартай тогтоолыг хэвээр баталжээ.

Нэхэмжлэгч “Э ” ХХК нь нэхэмжлэлийн үндэслэлээ “2014 оны сүүлээр Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын улсын байцаагч Б.Б, Б.Х нар манай компанид төлөвлөгөөт шалгалт хийж, ... дүгнэлт бичин хуулийн байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн. Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгагдаж байгаад Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж, хэргийг хаасан. Гэтэл эцсийн дүндээ ... манай компани улсад учруулсан хохирлыг төлөх болоод байна. ... НӨАТ-ын падаанаар худалдан авсан бараа, материалыг манай компани нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн худалдан авалтдаа шивсэн, “СС” ХХК нь борлуулалт талдаа тусгасан. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар “СС” ХХК нь борлуулсан  бараа,  материалд  ногдох нэмэгдсэн  өртгийн албан  татварыг төлөх ёстой” гэж маргажээ.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.Х, Б.Б нар нь “Э ” ХХК-ийн 2009, 2010, 2011, 2012, 2013 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдлыг шалгаж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулж, татвар төлөхөөс зайлсхийсэн гэх нийт 185.739.363,45 төгрөгийн зөрчлийг эрүүгийн журмаар шалгуулахаар 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр *******00805 дугаар дүгнэлт бичсэн, Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс тус компаний захирал Э.Г, нягтлан бодогч Э.Г нарт Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлийн 166.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн, 2012, 2013 онд “СС” ХХК-иас бараа, материал худалдан аваагүй атлаа нийт 7 удаагийн худалдан авалтаар 185.739.727 төгрөгийн бараа, материал худалдан авсан мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тайлагнаж, улсын төсөвт төлөх 18.573.936,35 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэнийг мөрдөн байцаалтын ажиллагаагаар шалган тогтоож, “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн” зэргийг үндэслэн холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг прокурорт хүргүүлсэн, улмаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 924 дүгээр тогтоолоор Э.Г, Э.Г нарт холбогдох эрүүгийн хэргийг Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгожээ.

Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2-т “татвар төлөгчид татварын хууль тогтоомжийн дагуу ногдох татварыг тодорхойлох, эд хөрөнгө битүүмжлэх, энэ хуулийн 74 дүгээр зүйлд заасан хариуцлага хүлээлгэхэд акт үйлдэх”-ээр, 33 дугаар зүйлийн 33.2.6-д “татварын алба нь татварын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, эсхүл их хэмжээний татвар ногдох орлогыг нуусан буюу бусад хэлбэрээр татвар төлөхөөс зайлсхийсэн этгээдэд эрүүгийн хэрэг бүртгэлт хийлгэхээр дүгнэлт бичих”-ээр, 74 дүгээр зүйлийн 74.1-д “Дараахь үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол ... татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлэх”-ээр тус тус заажээ

Маргааны үйл баримтуудаас үзэхэд хариуцагч татварын улсын байцаагч нар нь Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “... ялаас өршөөн хэтрүүлэх, ... эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь тухайн гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлөхөөс чөлөөлөхгүй” гэж заасныг баримтлан 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн *******00805 дугаар дүгнэлт гаргах болсон баримтанд тулгуурлан гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр татварын улсын байцаагч нар нь 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ************** дугаар актыг бичжээ.

Өөрөөр хэлбэл маргаан бүхий актыг бичсэн зорилго нь өршөөлд хамрагдсан этгээдийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхэд чиглэгдсэн байх бөгөөд харин шинээр зөрчил буюу “ногдуулж төлөөгүй татвар”-ыг илрүүлж, нөхөн татвар ногдуулаагүй байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “... бараа” гэж мөнгөн хөрөнгөнөөс бусад бүх төрлийн эд хөрөнгийг” ойлгохоор, 14 дүгээр зүйлийн 14.1.1-д “үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцох”-оор, 14 дүгээр зүйлийн 14.3-т “худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж тус тус заажээ.

Уг хуулийн зохицуулалтын агуулгаас үзэхэд өөрийн эрхэлдэг үйлдвэрлэл, үйлчилгээнд ашиглах зориулалтаар бусдаас худалдан авсан барааны хувьд түүнийг худалдан авахдаа төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг тухайн этгээдийн төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцохоор, харин худалдан авагч нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь падаан, холбогдох санхүүгийн баримтуудаар тогтоогдсон байх хуулийн зохицуулалттай байна. 

Нэхэмжлэгч “Э ” ХХК нь 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “СС” ХХК-тай “Бараа, материал нийлүүлэх” 11/104 дугаар гэрээ  байгуулж, уг компаниас нэмэгдсэн өртгийн албан татварын *******2771 дугаар падаанаар 2012 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 34.545.455 төгрөгийн, *******82115 дугаар падаанаар 2012 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 36.363.636 төгрөгийн, *******58295 дугаар падаанаар 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 35.596.636 төгрөгийн, *******497 дугаар падаанаар 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 15.388.182,18 төгрөгийн, *******494 дугаар падаанаар 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 16.572.727,27 төгрөгийн, *******774 дугаар падаанаар 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 29.825.000 төгрөгийн, *******775 дугаар падаанаар 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 17.447.727 төгрөг, нийт 185.739.363,45 төгрөгийн худалдан авалт хийсэн, худалдан авсан барилгын бараа, материалын үнийг бэлнээр төлсөн болох нь хэрэгт цугларсан Барилгын материал нийлүүлэх гэрээ, “СС” ХХК-ийн кассын орлогын ордер, зарлагын баримт, худалдан авалтын дэвтэр, борлуулалтын дэвтэр, борлуулалтын бүртгэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.

Нэхэмжлэгч “Э ” ХХК нь дээрх 185.739.363,45 төгрөгийн худалдан авалтыг /НӨАТ-тэй үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан/ хийснээр НӨАТ-ын 2012, 2013 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгасан, бэлтгэн нийлүүлэгч “СС” ХХК нь борлуулсан бараа, материалын үнийг Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн борлуулалт хэсэгт тусгасан байх тул нэхэмжлэгч “Э ” ХХК-ийг “бодиттойгоор худалдан авалт хийсэн” гэж үзэхээр байна. Иймд хариуцагчийн “... бараа, материал худалдан аваагүй, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан хий бичилттэй” гэсэн тайлбар үндэслэлгүй байна.  

Дээрх хэргийн нөхцөл байдлуудаас үзэхэд нэхэмжлэгч “Э ” ХХК нь гэрээний үндсэн дээр өөрийн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараанд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцсоныг шүүх буруутгах үндэслэлгүй байна. Тодруулбал нэхэмжлэгч “Э ” ХХК нь бараа, материалыг худалдан авахдаа худалдагчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь санхүүгийн анхан шатны баримтуудаар тогтоогдож  байх тул  түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч тооцох үндэслэлтэй.

Иймд маргаан бүхий актаар татварын улсын байцаагч нар нь “Э ” ХХК-ийн төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчил гаргасан гэж үзэж нийт 185.739.363,45 төгрөгийн зөрчилд 18.573.936,35 төгрөгийн нөхөн татвар ногдуулсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсгийг тус тус  зөрчсөн байна. 

 Дээрх  үндэслэлүүдээр  маргаан  бүхий  татварын  улсын  байцаагчийн  акт 

холбогдох хуулийг зөрчсөн, уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны зөрчигдсөн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. 

Магадлагч татварын улсын байцаагч Г.Г нь маргаан бүхий татварын улсын байцаагчийн ************** дугаар актад холбогдох нэмэгдсэн өртгийн албан татварын маргааныг магадлан шалгаад магадлагчийн дүгнэлт  гаргасан байх бөгөөд уг дүгнэлтэд нэхэмжлэгч “Э” ХХК-ийн 2012-2013 оны худалдан авалтуудыг “бодитоор хийгдсэн” гэж үзсэнийг дурдах нь зүйтэй.

 

                 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч “Э ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч  Б.Х, З.Ц нарын 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ************** дүгээр актыг бүхэлд нь хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйлийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч “Э ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээж, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Э ” ХХК-д олгосугай. 

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.БАТСҮРЭН