Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 1385

 

 

 

 

 

 

 

 

   2020        07           29                                   2020/ШЦТ/1385

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,

   Нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,

Улсын яллагч Р.Батнасан,

Шүүгдэгч Г.С, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг, Б.Батбаяр нарыг оролцуулан шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

          Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Г.С холбогдох эрүүгийн 1902 00000 0112 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч улс төрд нөлөө бүхий этгээд болох Г.С нь Монгол Улсын Их хурлын гишүүний бүрэн эрхийг хэрэгжүүлэх явцдаа:

 

Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан: гишүүний нэр хүнд, бүрэн эрхийг хувийн ашиг сонирхлын үүднээс ашиглах, 37.1.4-т заасан: гишүүний нэр хүнд, эрх мэдлийг ашиглан үнэт цаас, эд хөрөнгө олох давуу эрх эдлэх, бусдад давуу байдал олгох үйл ажиллагаа явуулах, 37.1.7-д заасан: хууль бус шийдвэр гаргуулахаар бусдад нөлөөлөх зэрэг гишүүнд хориглосон хэм хэмжээг  зөрчиж, Монгол Улсын их хурлын гишүүний албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдэл хийж, өөрийн үүсгэн байгуулсан, захирлаар  төрсөн хүү С.Ахмед, менежерээр эхнэр Б.Алтанчимэг ажилладаг өөрийн хамаарал бүхий “Монгол шаазан” ХХК-нд “Малын тэжээл үйлдвэрлэх” төслийн зориулалтаар урт хугацааны, хөнгөлөлттэй зээл авахын тулд Улсын Их Хурлын гишүүн бөгөөд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригт хууль бусаар нөлөөлөн мөн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 4081 дугаартай “Монгол шаазан” ХХК-ийн төслийг дэмжиж зээл олгохыг хүссэн агуулга бүхий Монгол Улсын их хурлын гишүүний албан бичгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригт  хүргүүлж, “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригийг Төсөл сонгон шалгаруулах хорооны дарга Д.Энхбат, гишүүн С.Төгсбилэг нарт тухайн төслийг “улс төрд нөлөө бүхий, нэр бүхий хүмүүстэй холбоотой, хамаарал бүхий учраас шалгаруулахад анхаарах, заавал шалгаруулах, онцгой анхаарч шалгаруулах” шаардлагатай гэж хэлж, хууль бус үүрэг чиглэл өгч нөлөөлөх байдлаар гэмт хэрэг үйлдэхийг удирдаж, хийх ёсгүй үйлдэл хийж,  2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/88 дугаар тушаалаар  “Монгол шаазан” ХХК-нд 950.000.000 /есөн зуун тавин сая/ төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргаж, бусдад буюу Г.Сд өөрт нь болон түүний гэр бүлд эдийн засгийн давуу байдал бий болгосон” гэмт хэргийг үйлдэхэд зориуд хүргэж, хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.С мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрийн хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт үзлэг хийсэн тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан баримтууд /Хэргийн 1 дүгээр хавтасны  хэргийн 18-33/, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 332 дугаартай “Хоргын хүү дэлгэрэх” ЗГБХ нөхөрлөлд хаягласан, Жижиг дунд үйлдвэр хоршооны  бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдоржийн гарын үсэгтэй 00000671 код дугаартай албан бичгийг хойшлуулшгүйгээр хураан авсан тэмдэглэл, баримтууд /Хэргийн 1 дүгээр хавтасны 36-40/, ”Монгол шаазан” ХХК-ийн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд хүргүүлсэн төслийн материал /Хэргийн 1 дүгээр хавтасны 41-128/, Г.Сы гэрчээр өгсөн мэдүүлэг /Хэргийн 1 дүгээр хавтасны 174-176/, гэрч Б.Мядагмаагийн мэдүүлэг /Хэргийн 1 дүгээр хавтасны 187/, гэрч О.Бадамхандын мэдүүлэг /Хэргийн 1 дүгээр хавтасны 188-189/, гэрч Ц.Гарамхандын мэдүүлэг/Хэргийн 1 дүгээр хавтасны 206-208/, гэрч И.Баярцэцэгийн мэдүүлэг /Хэргийн 1 дүгээр хавтасны 213-214/, ”Монгол шаазан” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа/Хэргийн 2 дугаар хавтасны 47-197/, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 8/2492 дугаартай албан бичиг, холбогдох баримтууд /Хэргийн 2 дугаар хавтасны 205-208/, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 08/4871 дугаартай албан бичиг /Хэргийн 2 дугаар хавтасны 227/, Б.Алтанчимэгийн Худалдаа хөгжлийн банканд 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр нээлгэсэн хадгаламжийн 495077109 дугаартай хадгаламжийн данстай холбоотой баримт бичиг /Хэргийн 3 дугаар хавтасны 89- 92, 172-179/, С.Ахмедын Худалдаа хөгжлийн банкны 499170140 дугаартай харилцах дансны гүйлгээний хуулга /Хэргийн 3 дугаар хавтасны 114-117/, Г.Сы Хаан банкны 5176017439 дугаартай  депозит дансны хуулга /Хэргийн 3 дугаар хавтасны 161-165/, ”Монгол шаазан” ХХК-ийн Жижиг дунд үйлдвэр эрхлэгчээр бүртгүүлэхээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт гаргасан баримт бичгүүд /Хэргийн 3 дугаар хавтасны 200-215/, Г.С, Б.Алтанчимэг нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /Хэргийн 3 дугаар хавтасны 228/, ”Монгол шаазан” ХХК-д Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр олгосон Жижиг дунд үйлдвэр эрхлэгчээр бүртгэсэн 790 дугаартай албан бичиг /Хэргийн 3 дугаар хавтасны 215/  зэрэг нотлох баримтуудыг судлав.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч Д.Тунгалаг, Б.Батбаяр нар бичгийн баримтуудыг шинжлэн судалсантай холбоотойгоор дараах бичгийн баримтуудыг нотлох баримтаас хасуулах хүсэлтийг гаргажээ.

 

          1. Хэргийн 1 дүгээр хавтаст хэргийн 146 дугаар хуудсанд авагдсан Монгол шаазан ХХК-тай 2018 оны 11 сарын 06-ны байдлаар тооцоо нийлсэн акт эргэлзээтэй, зөрүүтэй байна. Энэ баримтаар 2018 оны 06 сарын 14-ний өдрөөс 2018 оны 11 сарын 20-ны хүртэл нийт 961,321,918 төгрөг төлөгдсөн төлсөн хүү 11,321,918 төгрөг байна. 2018 оны 12 сарын 31-ий байдлаар хүүнд 14,757,534 төгрөг төлөхөөр байна зөрүү 3,435,616 төгрөг байна гэсэн мөн хэргийн 4 дүгээр хавтас 94 дүгээр хуудаст ЖДҮ дэмжих сангийн 2019 оны 03 сарын 26-ны өдрийн 1/223 тоот албан бичгээр Монгол Шаазан ХХК нь зээлээ бүрэн төлж хаасан талаар байна.

 

          2. Хэрэгт авагдсан шинжилгээ хийлгэх тогтоолууд нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 7, 9, 10 дугаар зүйлийн 10.4.3 дахь хэсгүүдэд заасныг зөрчиж хийгдсэн байна. Хэргийн 1 дүгээр хавтасны 217, 2 дугаар хавтаст хэргийн 001 , 022, 034, 4 дүгээр хавтаст хэргийн 174 дүгээр хуудсуудад авагдсан Шинжээч томилсон тухай мөрдөгчийн тогтоолуудтай яллагдагч болон түүний өмгөөлөгчийг танилцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Шинжилгээ хийлгэх үед оролцогчийн эрхийг хязгаарласан байна.

 

          3. Мөн хуулийн 27.4 дүгээр зүйлд зааснаар хэрэгт шинжилгээний байгууллагаас гадуур шинжилгээнүүдийг хийлгэсэн байна. Нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй эсэх талаар гаргасан 2019 оны 01 сарын 14-ны өдрийн 01 тоот дүгнэлт 2 хх-003-004, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад өртэй эсэх талаар 2019 оны 01 сарын 15-ны өдрийн дугааргүй дүгнэлт 2хх-025, Монгол шаазан ХХК-ны ЖДҮ хөгжүүлэх сангаас зээл авсан төслийн материал зарцуулалтын баримтанд шинжилгээ хийсэн Тэд Аудит ХХК-ны 2018 оны 12 сарын 25-ны өдрийн 02/07 дугаартай дүгнэлт 2 хх-36-41, 4 дүгээр хавтаст хэргийн 176-179 дүгээр хуудаст авагдсан 2019 оны 02 сарын 22-ны өдрийн дугааргүй дүгнэлт зэрэг болно. Гэтэл мөрдөгч эдгээр дүгнэлтүүдийг гаргуулахаар шинжээчээр томилохдоо шинжээчээр ажиллах хүн, байгууллагын тусгай мэдлэг, мэргэжил, чадварыг нотолсон баримт бичиг, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл байгаа эсэхийг шалгаж, тухайн хүн шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулах ажиллагааг явуулахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. Мөн 4 дүгээр хавтаст хэргийн 174 дүгээр хуудаст АТГ-н мөрдөгч С.Батнасан 2018 оны 12 сарын 21 өдөр “Тод үнэлгээ” ХХК, “Хос стандарт” ХХК-ниудыг шинжээчээр томилж тогтоол гаргасан бөгөөд шинжээч нарт тогтоолыг танилцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 3, 27.4 дүгээр зүйлүүлийг тус тус зөрчсөн байна. Хэргийн 4 дүгээр хавтасны 176-185 хуудаст авагдсан Тэд Аудит ХХК-ны 2019 оны 02 сарын 22-ны өдрийн дүгнэлт нь шинжилгээ хийлгэх шийдвэргүй байхад гаргасан байгаа нь нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна. Мөн шинжээчийн дүгнэлтэнд дурдагдсан эх сурваджууд нь хэрэгт авагдсан баримтуудаас эрс зөрүүтэй, эргэлзээтэй байхаас гадна хэрэгт эдийн засгийн үнэлгээ хийх

 

          4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.7 дугаар зүйлд заасныг ноцтой зөрчиж хэрэгт авагдсан дээрх шинжээчийн дүгнэлтүүдийг хэргийн оролцогч нарт огт танилцуулаагүй байна. б.Хэргийн 1 дүгээр хавтаст хэргийн 1,3,6-11,20222,25-29, 134-142, 215-223, 246- 250, 2 дугаар хавтаст хэргийн 1-5, 20-28,33 , 3 дугаар хавтаст хэргийн 200, 4 дүгээр хавтаст хэргийн 24-32, 48,93-95, 172-178, 185-190, 195, 203, 5 дугаар хавтаст хэргийн 222-234 дүгээр хуудсуудад авагдсан НИЙТ 93 хуудасны баруун доод хэсэгт “дугаар 61-...., хуулбар үнэн, Авилгатай тэмцэх газар” гэх дардастай бичгийн баримтууд нь хаанаас, хэний шийдвэрээр хуулбарлан авагдсан болох нь ойлгомжгүй, эргэлзээтэй, эх сурвалж нь тодорхойгүй байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

 

          5. Яллагдагчийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан яллагдагч шинжээч томилсон тогтоол, шинжээчийн дүгнэлт, мөрдөн байцаалт дууссаны дараа хавтаст хэргийн материалтай танилцах эрхүүдийг зөрчсөн байна. 6 дугаар хавтаст хэргийн 13 дугаар хуудаст “Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл” авагдсан байх бөгөөд 2020 оны 02 сарын 18-ны өдөр 1262 хуудас хэргийн материалыг яллагдагчийн өмгөөлөгчид Э.Энхбаатарт танилцуулж, харин яллагдагчид танилцуулаагүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар бүлэгт заасан журмуудыг ноцтой зөрчиж яллагдагчийн эрхийг хязгаарласан байна.

 

          6. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэсэн заалт зөрчигдсөн байна. Өөрөөр хэлбэл түүний мөрдөн байцаалтын шатанд сонгон авсан өмгөөлөгч Э.Энхбаатар нь өмгөөллийн үйл ажиллагаа явуулах эрхгүй этгээд байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул түүний оролцсон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаануудыг үнэлэх боломжгүй байна. Хэргийн 5 дугаар хавтаст хэргийн 150-151 дүгээр хуудаст авагдсан 2019 оны 12 сарын 27-ны 35 тоот шийтгэх тогтоолын хуулбарын эх сурвалж тодорхойгүй байгаа нь нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч улс төрд нөлөө бүхий этгээд болох Г.С нь Монгол Улсын Их хурлын гишүүний бүрэн эрхийг хэрэгжүүлэх явцдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдэл хийж, өөрийн үүсгэн байгуулсан, захирлаар  төрсөн хүү С.Ахмед, менежерээр эхнэр Б.Алтанчимэг ажилладаг өөрийн хамаарал бүхий “Монгол шаазан” ХХК-нд “Малын тэжээл үйлдвэрлэх” төслийн зориулалтаар урт хугацааны, хөнгөлөлттэй зээл авахын тулд 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 4081 дугаартай “Монгол шаазан” ХХК-ийн төслийг дэмжиж зээл олгохыг хүссэн агуулга бүхий Монгол Улсын их хурлын гишүүний албан бичгийг Улсын Их Хурлын гишүүн бөгөөд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригт хүргүүлж хууль бусаар нөлөөлөн, түүнийг “төсөл сонгон шалгаруулах хорооны дарга Д.Энхбат, гишүүн С.Төгсбилэг нарт тухайн төслийг “улс төрд нөлөө бүхий, нэр бүхий хүнтэй холбоотой, хамаарал бүхий учраас шалгаруулах шаардлагатай гэж хэлж, хууль бус үүрэг чиглэл өгч нөлөөлөх байдлаар гэмт хэрэг үйлдэхийг удирдаж, хийх ёсгүй үйлдэл хийж, 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/88 дугаар тушаалаар  “Монгол шаазан” ХХК-нд 950.000.000 /есөн зуун тавин сая/ төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргаж, бусдад буюу Г.Сд өөрт нь болон түүний гэр бүлд эдийн засгийн давуу байдал бий болгосон” гэмт хэргийг үйлдэхэд зориуд хүргэж, хатгагчаар хамтран оролцсон гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Үзлэг хийсэн тэмдэглэл: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрийн хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт хийв. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрийн хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдоржийн гаргасан 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 332 дугаартай тодорхойлолтыг тодруулахаар бичиг хэргийн ажилтан Б.Мядагмаагийн компьютероос шүүлт хийж хайхад “Хоргын хүү дэлгэрэх” ЗГБХ нөхөрлөлд олгосон тодорхойлолт гарч ирэв. Уг нөхөрлөлийн ирүүлсэн ирүүлсэн хүсэлт болон хавсралт материалуудыг мэргэжилтэн О.Бадамхандаар гаргуулан авч тэмдэглэлд хавсаргахаар тогтов. 332 дугаартай тодорхойлолтын үлдэх хувийг гэрэл зургаар бэхжүүлэн авч тэмдэглэлд хавсаргахаар тогтов. /хэргийн 1 дүгээр хавтасны 18 дугаар хуудас/,

 

”Монгол шаазан” ХХК-ийн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд хүргүүлсэн төслийн материалд хавсаргасан 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 332 дугаартай “Монгол шаазан” ХХК-г жижиг дунд үйлдвэр  эрхлэгчээр бүртгэсэн Жижиг, дунд үйлдвэр хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдоржийн гарын үсэг бүхий албан бичиг /хэргийн 1 дүгээр хавтасны 105 дугаар хуудас/,

 

Монгол Улсын Их хурлын гишүүн Г.Сы 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сайд Б.Батзоригт хаягласан “Монгол шаазан” ХХК-ийн төслийг дэмжиж зээл олгохыг хүссэн агуулга бүхий 4081 дугаартай албан бичиг /хэргийн 1 дүгээр хавтасны 104 дүгээр хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд С.Төгсбилэгийн гэрчээр өгсөн мэдүүлэг: 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс мөн сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд төслийг хүлээж авсан. Иргэд, хуулийн этгээдүүдээс нийт 1031 төсөл хүлээж авсан. Хүлээн авсан төслүүдэд Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээл төслийн хэлтсийн мэргэжилтэн нар анхан шатны шалгаруулалтыг явуулж 498 төслийг шалгаруулж, төсөл сонгон шалгаруулах хороонд танилцуулагдахаар болсон. Төсөл сонгон шалгаруулах хорооны хуралдаан 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр буюу 1 өдрийн дотор болж дээрхи 498 төслүүдийг төсөл нэг бүрээр авч хэлэлцсэн. Ийнхүү шалгаруулалтаар нийт 134 иргэн, хуупийн этгээдийг шалгаруулсан. Дээрхи 134 иргэн, хуулийн этгээдийг сонгон шалгаруулахад салбар хариуцсан сайд Б.Батзоригийн зүгээс надад дараах иргэн, хуулийн этгээдийг дэмжихийг даалгасан. Улсын Их хурлын гишүүн Г.Сы гэх "Монгол шаазан" ХХК, Надад дээрхи нэрсийг Б.Батзориг сайд нэг өдөр бүгдийг нь шууд хэлэхгүй л дээ. Нэг хоёроор нь цувуулж увуулаад л хэлдэг байсан. Мөн дээрхи албан тушаалтнууд нь хуулийн этгээдүүдтэйгээ ямар хамааралтай болохыг би мэдээгүй. Ямар ч байсан сайд надад хэлэхдээ түүний компани шүү л гэж албан тушаалтны нэр, хуулийн этгээдийн нэрийг хэлдэг. Хэлэхдээ надад цаасанд бичсэн байдлаар бус зөвхөн амаараа п хэлдэг байсан. Тэгээд надад Б.Батзориг сайдын захиж хэлсэн хуулийн этгээд, иргэдийн төсөлд хорооны хурал дээр санал авахад миний зүгээс дэмжих саналыг өгдөг. Мөн хорооны дарга буюу Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат хорооны гишүүддээ хандаж хорооны хурал дээр албаны байдлаар “дээрээс чиглэлтэй төслүүд байгаа шүү" гэж хэлээд хурлыг удирдаад дээрхи төслүүд дэмжигдээд шийдвэрлэгддэг /хэргийн 1 дүгээр хавтасны 134-136/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Алтанчимэгийн мэдүүлэг: Манай нөхөр Г.С нь 1985 онд Москвад хими технологийн инженерээр төгсөж ирээд шаазан ваарны үйлдвэрт ажилд орж байсан гэдэг. Уг үйлдвэрээс ажлын гараагаа эхлэж яваад "Монгол шаазан” ХХК үүсгэн байгуулж байсан. Нэг гишүүнтэй бөгөөд захирлаар нь 2012 оныг хүртэл ажилласан. Хүү С.Ахмедийг захирлаар нь 2018-03-06-ны өдөр бүртгэсэн байна. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан ба “Монгол шаазан” ХХК-ийн хооронд 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан. Гэрээг байгуулах үйл явц Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны нэг давхрын 13 тоот өрөөнд хүүгийн хамтаар орж гэрээнд гарын үсэг зурсан. миний бие зээлийн гэрээний зээлдэгчийг төлөөлөх хэсэгт хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурсан. “Монгол шаазан” ХХК-ийг төлөөлж С.Ахмед гарын үсэг зурж баталгаажуулсан. Энэ хүн бол миний хүү юм. Би тухайн үед компанийн менежерээр ажиллаж байсан. Одоо захирлыг орлоод ажиллаж байна. Компанийн хувьд 2010 оноос хойш түрээсийн үйл ажиллагаа явуулж байна. Манай гэр бүлийн бизнес юм. Баян-Өлгий аймгийн Ногоон нуур суманд малын тэжээлийн үйлдвэр барих талаар ярьж байсан. Тус суманд хуучнаар тэжээлийн үйлдвэрийн хуучин үйлдвэрийн барилга байдаг. Калимат гэдэг эзэнтэй, энэ хүнтэй 2017 онд байна уу уулзаад обьектоо зарах уу гэхэд зарна л гэсэн. Бид шинээр газар аваад барилга барихаар зардал өндөр гарна, тийм учраас худалдаад авсан нь ашигтай гэж үзсэн. Энэ хүн 150,0 сая орчим төгрөгөөр өгнө гэж байсан. Ингээд бид 2018 оны 06 дугаар сарын сүүлээр байна уу Калиматтай утсаар зээл бүтчихлээ, одоо наад обьектыг чинь авья гэхэд үнээ өсгөөд 200,0 сая төгрөг гэж хэлсэн. “Малын тэжээлийн үйлдвэрийн” төсөл-г манай хүү л хийсэн, хэрхэн яаж төсөл боловсруулж хийсэн талаар мэдэхгүй /хэргийн 1 дүгээр хавтасны 162-164/,

 

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан ба “Монгол шаазан" ХХК-ийн хооронд 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Зээлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулж компанийн Худалдаа хөгжлийн банкин дахь 499125307 дугаартай дансанд 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 950,0 сая төгрөгийг шилжүүлсэн,

 

Компанийн данснаас 2018 оны 06 дугаар сарын 21-нд 189,000.000 төгрөгийг бэлнээр авч үлдэгдэл 10.744,205.73 төгрөгөөс 2018.07.04-нд 1,605.000 төгрөгийг “Монгол шаазан” ХХК-аас Ахмед сургалтын төлбөрт утгатайгаар 499170140 тоот дансанд шилжүүлсэн. Хүүдээ Америкийн нэгдсэн улсын Сант Луйс хотлуу байрны урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн, гэхдээ хүүхэд яваагүй, бэлтгэл ажлын төлбөр мөнгө өгсөн. Мөн 2018.07.06-нд 2,500.000 төгрөгийг “Монгол шаазан” ХХК-аас эмчилгээний төлбөр. /Хаан банк 5176017439 С/ гэсэн утгатайгаар шилжүүлсэн. Нөхөр Солонгос улсад ажлаар явах үед нь эм захиж дансанд нь дээрх мөнгийг хийсэн. Би тус улсад эмчилгээ хийлгэдэг, хяналтад байдаг юм. Хүүгийн тийзний төлбөрийг захиалж түүний хувийн 499170140 дугаарын дансанд 2018.07.18-нд 4,708,150.0 төгрөгийг “Монгол шаазан” ХХК-аас С.Ахмедийн тийзний төлбөрт гэсэн утгатайгаар тус тус шилжүүлсэн. Би өөрийн түрээсийн орлого орж ирэх хүртэл дээрх төслийн зээлийн мөнгөнөөс төлбөр хийсэн.  “Монгол шаазан” ХХК нь Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчээр бүртгүүлэх хүсэлтээ 2018 оны 04-р сарын 25-ны өдөр яаманд гаргасан байна. Энэ албан бичгийг харлаа, би бичиж, гарын үсгийг захирал С.Ахмед зурсан байна /хэргийн 1 дүгээр хавтасны 165-167/,

 

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Бадамхандын мэдүүлэг: “Монгол шаазан” ХХК-нь Жижиг, дунд үйлдвэр эрхпэгчээр бүртгэж өгнө үү гэсэн хүсэлтийг 2018-04-25-ны өдөр манай байгүуллагад ирүүлснийг 2018-04-26-ны өдөр хүлээн авч надад газрын даргаас цохолтоор ирүүлсэн. Үүний дагуу материалыг хүлээн авч хянан үзээд Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн холбогдох заалтыг хангаж байгаа учраас тодорхойлолтыг олгосон. Тухайлбал “Монгол шаазан” “Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчээр бүртгэсэн" тухай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын 2018 оны 04 дугаар сарын 27-ны өдрийн 790 дугаартай тодорхойлолтыг гаргаж өгсөн. Өөрөөр хэлбэл 1 хоногийн дотор гаргаж өгсөн. “Монгол шаазан” ХХК нь төслийн материалдаа “Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчээр бүртгэсэн” тухай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 332 дугаартай тодорхойлолтын хуулбарыг үзэж харлаа. Манай байгууллагад уг цаг хугацаагаар бүртгүүлэх хүсэлтээ гаргасан зүйл байхгүй. Хэрэв байсан бол материал нь гарч ирэх ёстой, дээрх цаг хугацаагаар бүртгүүлэх хүсэлт гаргасан материал байхгүй байна. Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчээр бүртгэсэн” тухай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг. дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн                 332 дугаартай тодорхойлолтыг бичсэн албан тоотод тавигдсан бичиг хэргээс өгсөн “дугаар, албан тоотын баруун доод буланд шифрлэгдсэн дугаар” давхцах ёсгүй. Үүнийг бичиг хэргээс хөтлөөд явна. Мөн “Хоргын хүү дэлгэрэх” ЗГБХ нөхөрлөлийг Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчээр бүртгэж 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 332 дугаартай тодорхойлолтыг гаргаж өгсөн. Өөрөөр хэлбэл миний бие тухайн нөхөрлөлийн материалыг хянаж үзээд дээрх тодорхойлолтыг гаргаж өгсөн. Уг албан бичгийн дугаар нэг, харин баруун доод буланд 00000671 гэж шифрлэгдсэн байсан /хэргийн 1 дүгээр хавтасны 190-191/,

 

             Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Калиматын мэдүүлэг: “Ачит алхабы”           ХК-н тухайд анх тэжээлийн аж ахуй байсан ба би 1997 оны үеэс хувьцааг нь худалдаж авч эхлээд одоогийн байдлаар 82 хувийн хувьцааг нь эзэмшдэг, 14 хувийг миний төрсөн ах Рахметийн салсан эхнэр Бахытгүл /Казакстан улсын иргэн болсон/ эзэмшдэг. Үлдсэн хувьцааг нь 60 гаруй хүн эзэмшдэг ба янз бүрийн хүмүүс байдаг. Г.С нь миний ээж Асыхбайн Көшкенбайн төрсөн ах А.Гомбожайн хүү юм. Өөрөөр хэлбэл миний үеэл ах юм. Г.С ахад 2010 онд Баян-Өлгий аймагт байхдаа "Ачит алхабы’ ХК-н 84 хувийн хувьцаагаа худалдах талаар санал болгоход 100 сая төгрөгөөр худалдаж авъя гэж санал тавьж байсан, тухайн үед манай хуучин эхнэр /нас барсан/ өгчих гэж байсан ба би өгөөгүй өнгөрч байсан. “Ачит алхабы" ХК нь Ногоон нуур сумын төвд 3 га газартай, мөн хуучин тэжээлийн аж ахуйн зориулалтаар үйл ажиллагаа явагдаж байсан 6-с 7 обьекттой юм. Дараа нь 2018 оны 03-р сарын үед Г.С ахын гэрт байхад эхнэр Б.Алтанчимэг нь надаас тэжээлийн аж ахуйгаа зарах чинь хэвээрээ юу гэх утгаар нэг их ач холбогдол өгөлгүй асууж байсан ба би бол дотроо дээрх компанийн хувьцаагаа тэр чигээр нь зарна гэсэн ойлголтоор 150 сая төгрөгөөр худалдана гэж хариу хэлж байсан Дараа нь 2018 оны 07 дугаар сарын үед Б.Алтанчимэг эгч надаас дахиад асуухад нь одоо бол 200 сая төгрөгеөр өгмөөр байна, 150 сая төгрөгөөр арай өгөхгүй гэж хэлж байсан, яг 190-д 180-д өгчих, авчих гэх зэргээр наймаалцаж ярилцаж байгаагүй. 200 сая төгрөгөөр өгнө гэхэд авъя, тэгье гэх зэргээр яриа өрнөж байгаагүй өнгөрч байсан. Б.Алтанчимэг эгч надтай уулзъя гээд манай гэрийн гадаа ирээд Б.Аптанчимэг эгчийн Приүс маркын автомашинд нь уулзахад “бид нар танай компанийг худалдаж авахаар төсөл бичсэн байсан, тэгээд надаас байцаалт авсан” гэж хэлсэн ба чамаас асуувал чи хэлнэ биз дээ” гэхэд нь би “мэддэгээ хэлнэ” гэсэн. Б.Алтанчимэг эгч бид 2-ын дунд албан ёсоор наймаа хийхээр гэрээ хэлцэл хийгээгүй, наймаалцаж ярилцсан, үнэ тохиролцсон яриа ч болж өнгөрөөгүй, яриан дундаа ярилцаад өнгөрч байсан л удаатай, би хувьдаа надаас яг худалдаж авна гэж ойлгож байгаагүй /хэргийн 1 дүгээр хавтасны 192-193/,

 

            Г.С, түүний гэр бүл Б.Аптанчимэг нарын зүгээс “Ачит алхабы” ХК-нд бүртгэлтэй Баян-Өлгий аймгийн Ногоон нуур суманд байрлах үйлдвэр үйлчилгээний талбай бүхий газарт Малын тэжээлийн үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэхээр 2018 онд болон мөн оны 04 дүгээр сард ярьсан тохирсон зүйл байхгүй. Мөн дээрх төсөл хэрэгжүүлэхээр Хамтран ажиллах гэрээ байгуулсан зүйл байхгүй бөгөөд би зурагт, хэвлэл мэдээллийн хэрэгслээс түүнийг жижиг дунд үйлдвэрийн сангаас зээл авсан гэдэг асуудлыг мэдэж авсан. Мөн надтай төсөл хэрэгжүүлэх асуудлаар нэг ч зүйл яриагүй /хэргийн 1 дүгээр хавтасны 195-196/,

 

            “Тэд-Аудит” ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 02/07 дугаартай шинжээчийн дүгнэлт: Татварын ерөнхий газраас ирүүлсэн 2018.11.19-ны 12/3827 тоотын аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлангийн мэдээллийн хавсралтад "Монгол шаазан” ХХК нь 2017 оны 4 дүгээр улирлын эцэст 1.341,1 мянган төгрөг, мөн 2018.11.21-ний өдрийн 01/3943 тоотод тус компани цалин хөлс түүнтэй адилтгах орлогын татвар 642,2 мянган төгрөг, дотоодын бараа үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татвар 16.150,0 мянган төгрөг, үл хөдлөх эд хөрөнгийн татвар 168,0 мянган төгрөг, аж ахуй нэгжийн орлогын албан татвар 4.001,7 мянган төгрөгийн дутуу төлөлттэй байсан байна. 2018.11.28-ны 01/3943 тоотоор цалин хөлс болон түүнтэй адилтгах орлого 642,1 мянган төгрөг, дотоодын бараа үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татвар 16.149,9 мянган төгрөг, үл хөдлөх хөрөнгийн албан татвар 168,0 мянган төгрөг, аж ахуй нэгжийн орлогын албан татвар 4.001,7 мянган төгрөгийн дутуу төлөлттэй байна. Төслийн материалд авагдсан ҮТАлбаны 18004160614940 тодорхойлолтод тус компани 2016, 2017 онд аж ахуй нэгжийн орлогын албан татвар 9.716,7 мянган төгрөг, дотоодын бараа үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татвар 2016 онд 23.392,7 мянган төгрөг, 2017 онд 20.053,4 мянган төгрөг, цалин хөлс түүнтэй адилтгах орлогын татвар 2017 оны эхэнд 265,0 мянган төгрөг, оны эцэст 601,5 мянган төгрөгийн өртэй байсан байхад сангийн зээлээс төсөлд олгосон нь Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2017 оны А-76 тоот тушаалаар батлагдсан “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журам"-ын хоёр буюу “Хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр, нөхцөл”-ийн 2.6.6. “ харилцдаг татварын байгууллагын хугацаа хэтэрсэн өртэй” зээл хүссэн жижиг дунд үйлдвэр эрхлэгч хөнгөлөлттэй зээлд хамрагдахгүй гэснийг зөрчсөн байна. Татварын ерөнхий газрын 2019.01.30-ны 09/313 тоотоор ирүүлсэн Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч О.Бадамсүрэнгийн 2019.01.25-ны өдрийн шинжээчийн 163 дугаар дүгнэлтэд: Тус компани 2018.04.16 хугацаа хэтэрсэн 30.371,7 мянган төгрөгийн өртэй, төслийн материалд авагдсан өргүй гэх тодорхойлолт нь татварын ерөнхий мэдээллийн санд буй мэдээлэлттэй тохирохгүй байна. Захирлын нэр зөрүүтэй гэсэн байна.

 

Монгол банкны 2018 оны 11 сарын 28-ны өдрийн А-6/1456 тоотын зээлийн мэдээллийн сангийн хавсралтад “Монгол шаазан” ХХК зээлийн үлдэгдэл өргүй байна. Төслийн материалд банкны өртэй эсэх тодорхололт хавсаргаагүй байх тул Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2017 оны А-76 тоот тушаалаар батлагдсан “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журам”-ын дөрөв буюу “Төсөл тавигдах шаардлага”-ын 4.8.7. “ зээлийн өрийн хэвийн үлдэгдэлтэй бол уг зээлтэй холбоотой баримт зээлийн гэрээ, зээлийн дансны хуулга, тодорхойлолт, зээлийн зарцуулалтын тооцоо гэх мэт тодорхойлолт хавсаргана гэснийг зөрчсөн байна.

 

Төслийн материалд 2016 оны санхүүгийн тайланг хавсаргаагүй нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сайдын 2017.06.14-ний өдрийн А-76 тоот тушаалаар батлагдсан Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журмын 4.8.8 “...сүүлийн хоёр жилийн санхүүгийн тайлан” хавсаргана гэснийг зөрчсөн байна.

 

Төслийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тоног төхөөрөмж 649.000,0 мянган төгрөг, барилга байгууламж 600.000,0 мянган төгрөг, маркетингийн зардал 30.000,0 мянган төгрөг, үйл ажиллагааны зардалд 300.000,0 мянган төгрөг, бусад зардалд 65.000,0 мянган төгрөг нийт 1.644.000,0 мянган төгрөгийн төслийн зээлийн болон нийт дүнгээс зөрүүтэй тооцоо хийгдсэн нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сайдын 2017.06.14-ний өдрийн А-76 тоот тушаалаар батлагдсан Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журмын 4.2.4 “...нийт хөрөнгө оруулалтын хэмжээ...” төсөлд тавигдах шаардлагыг зөрчсөн байна.

 

Төслийн материалд банкны тодорхойлолтгүй, санхүүгийн тайлан бүрэн хавсаргаагүй, татварын өртэй тодорхойлолт хавсаргасан байхад тус төслийг сонгон шалгаруулсан гэж үзэхээр байна.

 

“Монгол шаазан” ХХК-ийн “Малын тэжээлийн үйлдвэрийн төсөл-ийн Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлээр авах зээлээс 1.400.000,0 мянган төгрөгөөс тоног төхөөрөмж /сепаратор бэлтгэхэд 649.000,0 мянган төгрөг, барилга байгууламж буюу үйлдвэрийн зориулалттай объектод 600.000,0 мянган төгрөг, маркетингийн болон үйл ажиллагааны зардалд 395.000,0 мянган төгрөг төсөвлөсөн байна. ”Монгол шаазан” ХХК-ийн дансанд орсон Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн төслийн зээлийг орлого орсон өдрөөс зарцуулж дуусах хүртэлх хугацаагаар,баримт гүйлгээ нэг бүрээр хөөн шалгахад дараах байдлаар дэлгэрэнгүй тооцогдож байна. Үүнд:

 

Тус      компанийн худалдаа хөгжлийн банкны 499125307 дугаар харилцах дансанд 2018 оны 06 сарын 14-ний өдөр “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын А-88 дугаар тушаалын дагуу” гэсэн гүйлгээгээр Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас “Малын тэжээлийн үйлдвэрийн төсөл”-ийн зээлийн 950.000.0 мянган төгрөгийн санхүүжилт орж ирсэн байна.

 

Үүнээс Б.Аптанчимэгийн Худалдаа хөгжлийн банк дахь 495077109 дансанд 750.000,0 мянган төгрөг, бэлнээр 189.900,0 мянган төгрөг гарган авч, С.Ахмедед сургалтын төлбөр, тийзний төлбөрт 6.313,1 мянган төгрөг, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн төрийн банкны 100900037019 дансанд 468,5 мянган төгрөгийг тус тус шилжүүлж, нийгмийн даатгалын шимтгэлд 299,8 мянган төгрөг төлсөн байна.

 

Б.Аптанчимэгийн Худалдаа хөгжлийн банк дахь тусгай нөхцөлтэй хадгаламжийн 495077109 дансанд 2018.06.15-ны өдрийн 18 сарын хугацаатай жилийн 15,1 хувийн мөнгөн хадгаламжийн гэрээний дагуу компанийн төслийн зээлийн санхүүжилтээс 932.000,0 мянган төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн ба уг хадгаламжид 7.880,5 мянган төгрөгийн хүүгийн орлого тооцогдсон байна.

 

Тус хадгаламжийн данснаас 2018.11.05 болон 06-ны өдрүүдэд 932.000,0 мянган төгрөгийн зарлага гарч “Монгол шаазан” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь 499125307 дугаар дансанд Б.Алтанчимэгээс “төслийн мөнгө” гэсэн гүйлгээгээр шилжүүлсэн байна.

 

“Монгол шаазан” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 499125307 дугаар харилцах данснаас 2018.11.06-нд Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн төрийн банкны 100900037019 дансанд 951,327,4 мянган төгрөгийг шилжүүлж, төслийн зээлийг буцааж төлсөн байна. Иймд “Монгол шаазан” ХХК-д Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгосон зээлийг буцааж төлөх хүртэлх 5 сарын хугацаанд зориулалтын дагуу зарцуулаагүй байсан байна /хэргийн 2 дугаар хавтасны 36-41/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Саулегийн мэдүүлэг: Хэзээ гэдгийг нь одоо санахгүй байна, ямар ч байсан зарлагдаж байх үед Г.С гишүүн надтай утсаар яриад “манай эхнэр очно төсөл бичих талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөөч” гэж хэлж байсан, тэгээд эхнэр Б.Алтанчимэг нь ажил дээр ирж өрөөнд уулзаад “бид нар жижиг дунд үйлдвэрээс төсөл авах гэсэн юм аа, төсөл бичих талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөөч” гэж хэлэхэд нь би тухайн үед сангийн захирал байсан С.Төгсбилэгтэй уулз гээд явуулж байсан санагдаж байна. Тэгээд би С.Төгсбилэгт Г.С гишүүний эхнэр нь шүү, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөөрэй гэж бас хэлж байсан С.Төгсбилэг нь өөрөө мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөөгүй байх, цаашаа яасан талаар нь мэдэхгүй ба төсөл сонгон шалгаруулалт явагдаж дууссаны дараа буюу жижиг дунд үйлдвэрийн хэрэг нийтэд ил болж шуугиагүй байх үед Г.С надад төсөл авсан гээд хэлж байсан. /хэргийн 5 дугаар хавтасны 242-243/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

 

Иймд шүүгдэгч улс төрд нөлөө бүхий этгээд болох Г.С нь Монгол Улсын Их хурлын гишүүний бүрэн эрхийг хэрэгжүүлэх явцдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдэж хийж, өөрийн үүсгэн байгуулсан, захирлаар төрсөн хүү С.Ахмед, менежерээр эхнэр Б.Алтанчимэг ажилладаг, өөрийн хамаарал бүхий “Монгол шаазан” ХХК-нд “Малын тэжээл үйлдвэрлэх” төслийн зориулалтаар урт хугацааны, хөнгөлттэй зээл авахын тулд 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 4081 дугаартай “Монгол шаазан” ХХК-ний төслийг дэмжиж зээл олгохыг хүссэн агуулга бүхий Монгол Улсын их хурлын гишүүний албан бичгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригт хүргүүлж, хууль бусаар нөлөөлөн түүнийг “Төсөл сонгон шалгаруулах хорооны дарга Д.Энхбат, гишүүн С.Төгсбилэг нарт тухайн төслийг улс төрд нөлөө бүхий нэр бүхий хүнтэй холбоотой хамаарал бүхий учраас шалгаруулах шаардлагатай гэж хэлж, хууль бус үүрэг чиглэл өгч нөлөөлөх байдлаар гэмт хэрэг үйлдэхийг удирдаж, хийх ёсгүй үйлдэл хийж, “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журам”-д заасан шаарлагуудыг зөрчиж 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/88 дугаар тушаалаар “Монгол шаазан” ХХК-нд 950.000.000 /есөн зуун тавин сая/ төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргаж, бусдад буюу Г.Сд өөрт нь болон түүний гэр бүлд эдийн засгийн давуу байдал бий болгосон” гэмт хэргийг үйлдэхэд зориуд хүргэж, хатгагчаар хамтран оролцсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хуульд заасан ял шийтгэл оногдулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч нар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан “нотлох баримт цуглуулж бэхжүүлэхэд хууль зөрчсөн талаар, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг хязгаарласан, зөрчсөн талаар, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх” тухай агуулгатай хүсэлтүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар, мөн тэдний зүгээс анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “нотлох баримтаас хасуулах, нотлох баримтад тооцохгүй байх” тухай хүсэлтүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 35.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар хянаж үзээд шүүх хүсэлтийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна. Үүнд:

 

Шүүгдэгч Г.Сы хэргийг тусгаарласан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчөөгүй.

 

Хэрэгт авагдсан “Хуулбар үнэн” тэмдэг дарсан баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйл, 16.6 дугаар зүйлд “хуулийн этгээд, албан тушаалтан, иргэний баталсан болон бичсэн баримт бичиг, эрүүгийн хэрэгт ач холбогдолтой баримтат мэдээллийг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлсэн тохиолдолд нотлох баримт болно... хуулбарлан авна... нотлох баримтыг тухай төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлнэ.” гэж заасантай нийцсэн байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Г.Сы холбогдсон эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаа нь өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй тохиолдол биш тул өмгөөлөгчийн эрхгүй Э.Энхбаатар гэгчийн оролцсон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны баримтуудыг нотлох баримтаас хасах шаардлагагүй.

 

Шүүгдэгч Г.Сыг 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр яллагдагчаар татсан тул түүнээс өмнөх хугацаанд шинжээч томилсон тогтоолуудыг түүнд танилцуулах боломжгүй, харин түүнээс хойш шинжээч томилсон тогтоол, шинжээчийн дүгнэлттэй танилцах боломжыг олгосон боловч яллагдагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар эрх бүхий албан тушаалтан дуудахад ирдэггүй, өөрөө танилцах эрхээ эдлэхгүй байсан болох нь хавтаст хэргийн материалд авагдсан баримтуудаас харагдаж байна.

 

Хэргийн 2 дугаар хавтасны 36 дахь талд байх шинжээчийн дүгнэлтийн огноо 2018 оны 12 дугаар сарын 25 гэж бичигдсэн нь техникийн шинжтэй алдаа байна гэж шүүх дүгнэлээ. Учир нь уг дүгнэлтийн 2 дахь талд 2019 оны 1 сарын үйл баримтыг дурдсан байна.

 

Гэрч нарын мэдүүлэгт ноцтой зөрүүтэй зүйлс байхгүй тул тэднийг дахин асуух, нүүрэлдүүлэн байцаах, шинээр гэрчээр байцаалгах шаардлагагүй гэж үзлээ.

 

“Монгол шаазан” ХХК нь Жижиг Дунд Үйлдвэрийг дэмжих сангаас авсан зээлээ төлсөн.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлэхдээ шүүгдэгч Г.Сыг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан их хэмжээний хохирол учруулсан гэсэн шинжээр буруутгаагүйг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч Г.Сд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлагыг түүнд хүлээлгэх нь хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь авлигын гэмт хэргийн нэг төрөл бөгөөд уг гэмт хэрэг нь төрийн үйл ажиллагаа шударга, хууль ёсны байх эрх зүйт төрийн үнэт зүйлд болон эд хөрөнгийн эрхэд нь халддаг давхар объекттой гэмт хэрэг юм.

Нийгмийн харилцааг зохицуулах, улс орон даяар заавал дагаж мөрдөх шинжтэй хууль баталдаг хууль тогтоох байгууллагын гишүүн нь өөрийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хууль зөрчиж шударга бусаар өөртөө болон хамаарал бүхий этгээдүүддээ давуу байдал бий болгох нь эрх зүйт төрийн шударга ёсны, хууль ёсны зарчмыг зөрчиж байгаа төдийгүй төрд итгэх иргэдийн итгэлийг хөсөрдүүлж цаашлаад хууль ёсны дагуу шударгаар өрсөлдөн хөдөлмөрлөх иргэдийн эрхэд халдаж хор уршиг учруулж байгаа нь уг гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинжийг ихэсгэдэг тул хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг болж хуульчлагдсан.

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэргийн хатгагчид гэмт хэргийн гүйцэтгэгчид оногдуулах ялаас багагүй ял оногдуулах талаар тодорхой заасан.

 

          Тус шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор дээрх хэргийн гүйцэтгэгч нар өөрсдийн гэм бурууг хүлээсэн үндэслэлээр прокурортой эрүүгийн хариуцлагын талаар тохиролцсон саналын хүрээнд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж торгуулийн ял оногдуулжээ. Уг шийдвэр нь хүчин төгөлдөр бөгөөд нийтэд ил, олж үзэхэд саадгүй байна.

 

          Шүүгдэгч Г.С нь түүнийг шүүхээс гэм буруутайд тооцох хүртэл гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй.

 

Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сд нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

          Шүүгдэгч Г.С нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, түүний биеийн байцаалттай холбоотой болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал бүхий баримт авагдаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Т овогт Г.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгох гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд хатгагчаар оролцон үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жил хорих ялаар шийтгэсүгэй.

         

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Сд оногдуулсан 3 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С нь түүнд оногдуулсан 3 жил хорих ялыг эдэлж дууссаны дараа түүний нийтийн албанд томилогдох эрхийг хасах 5 жилийн ялын хугацааг тоолж эхлэхийг дурдсугай.

 

          5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

         

          6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 332 дугаартай 00000671 шифртэй “Хоргын хүү дэлгэрэх” ЗГБХ нөхөрлөлд хандсан тодорхойлолтын эх хувь, “Монгол шаазан” ХХК-ийн Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд хүргүүлсэн 86 хуудас төслийн материалыг тус тус хэрэг хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээсүгэй.

 

          7. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний биеийн байцаалттай холбоотой барим бичиг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

          8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Сд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.МӨНХТУЛГА