Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2018/01192

 

М Т Н ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШШ2018/00222 дугаар шийдвэртэй,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 742 дугаар магадлалтай,

М Т Н ХХК-ийн нэхэмжлэлтэй

Э М ХХК, Г С А З  ХХК-д тус тус холбогдох,

Э М ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 08 дугаар тогтоол, гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Тариф тогтоох тухай” А/145 дугаар тушаал, Г С А З  ХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн GSR-16-B/278 тоот шийдвэрүүдийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Э М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хатанбаатар, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч М Т Н ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Э М ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт нь 2016 оны 12 сарын 26-нд Тариф тогтоох тухай А/145 дугаар тушаал гаргасан. Уг тушаал, тушаалын үндэслэл болсон Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол, Г С А З  ХХК-ийн шийдвэр зэрэг нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дараах байдлаар зөрчиж байна. Үүнд: Үндсэн хуульд заасан хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, эрх зөрчигдөж байна. Учир нь шударгаар олж авч байгаа хөрөнгөөс хуульд заагаагүй үндэслэлээр хураамж авч байна. Компанийн тухай хуулийн 3.1-д заасны дагуу манай компани нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг өөрийн тусгайлсан эд хөрөнгөтэй, үндсэн зорилго нь ашгийн төлөө ажилладаг хуулийн этгээд болно. Хууль бусаар хураамж авах нь компанийн хууль ёсны ашиг сонирхолд болон мөнгөн орлогод сөргөөр нөлөөлж байна. Компанийн гэрчилгээн дээр бичигдсэн үйл ажиллагааны чиглэлийг харахад гадаад худалдаа, автомашинаар ачаа тээвэр хийх хэмээн заасан ба үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд Монгол Улсаас БНХАУ-руу автомашинаар нүүрс тээвэрлэдэг тул өөрийн эрхийг хууль бус үйл ажиллагаанаас хамгаалах зорилготой болно. А/145 дугаар тушаалын дагуу тогтоосон хураамжийг эс зөвшөөрөн тухайн үед нь Э М ХХК-д болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хандаж байсан ч асуудал шийдвэрлэгдээгүй. Авто замын тухай хууль нь 2017 оны 5 сарын 11-ний, Цагдаагийн албаны тухай хууль нь 2017 оны 3 сарын 2-ны өдрийн хуулиар тус тус хүчингүй болсон тул тэдгээрийн холбогдох заалтыг хууль зүйн үндэслэл болгосон тушаалын үйлчлэл дуусгавар болох ёстой юм. Хууль зүйн үндэслэл болсон заалтууд дунд хураамж тогтоох эрхийг гүйцэтгэх захиралд олгоогүй. Өөрөөр хэлбэл эрх олгогдоогүй байхад бусдаас мөнгө хураах үйл ажиллагаа явуулж байна. Тушаалын аль ч заалтаар Г С А З  ХХК-д үүрэг хүлээлгээгүй ч 2016 оны 12 сарын 27-ны 03/673 тоот албан бичгээр хууль бус хураамжийг авахыг даалгасан байна. Хууль бус шийдвэрийг хэрэгжүүлж байгаа тухайн хуулийн этгээдийг хамтран хариуцагчаар татаж байгаа болно. Иймд Э М ХХК-ийн гүйцэтгэх захирлын Тариф тогтоох тухай 2016 оны 12 сарын 26-ны өдрийн А/145 дугаар тушаал, Э М ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 2 сарын 26-ны өдрийн 08 дугаар тогтоол, хууль бус шийдвэрийг үндэслэн хураамж авч байгаа Г С А З  ХХК-ийн 2016 оны 12 сарын 28-ны GSR-16-В/278 тоот шийдвэрийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Э М ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарт: Э М ХХК нь Засгийн газрын 2007 оны 266-р тогтоолоор болон Төрийн өмчийн хорооны 52 дугаар тогтоолын дагуу үүсгэн байгуулагдсан төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани юм. Компанийн дүрмийн 2.2-д ашгийн төлөө хуулийн этгээд байна гэж заасан. Э М ХХК нь Засгийн газрын 2013 оны нүүрсний экспортыг дэмжих талаар зарим арга хэмжээний тухай 299 дүгээр тогтоолын дагуу Таван толгой-Гашуунсухайт чиглэлд Говийн зам компанийн барьсан авто замыг Хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр 2014 оны 2 сарын 13-ны өдөр шилжүүлэн авсан бөгөөд зээлийн санхүүжилтийг авто зам ашигласны хураамжаас төвлөрүүлэх замаар эргүүлэн төлөх үүрэгтэйгээр ажилладаг. Энэхүү зам нь Говийн зам ХХК-ийн мэдэлд байхдаа зам ашигласны төлбөр нь 1 тонн тутамд 4.5 ам.доллар байсныг манай компани 1 тонн тутамд 1.5 ам.доллар болгож бууруулсан. 2014-2015 онуудад нүүрсний зах зээлийн уналттай холбогдуулан авто зам ашигласны төлбөрийг нүүрс тээвэрлэгч нарын хүсэлтийг харгалзан 1.25 ам.доллар, 1 ам.доллар зэргээр тус тус бууруулж байсан. Энэ хугацаанд Э М ХХК нь авто замын хураамжаараа зөвхөн зам засвар, арчилгаа болон үйл ажиллагаатай холбоотой зардлаа санхүүжүүлж Хөгжлийн банкны зээлээ төлж чадахгүйд хүрч зээлийн хүү, алданги 13.3 тэрбумд хүрээд байна. Энэ асуудалтай холбогдож гарсан Засгийн газрын 2017 оны 11 сарын 16-ны өдрийн 449 дүгээр тогтоолоор Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн авто замын санхүүжилттэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн ба уг тогтоолын 3 дугаар хэсэгт авто замаар бүтээгдэхүүн тээвэрлэх тарифыг тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнэ ханштай уялдуулан тогтоож, орлого нэмэгдүүлэх арга хэмжээ авч, зам ашиглалтын орлогоос Хөгжлийн банкны зээл, зээлийн хүүгийн төлбөрийн тодорхой хэсгийг төлж барагдуулахыг Э М ХХК-д даалгаж үнийг ихэсгэх, багасгах эрхийг олгосон. Э М ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 2 сарын 26-ны Нүүрс тээвэрлэх тарифыг тогтоох тухай 08 тоот тогтоолоор гүйцэтгэх захиралд шаардлагатай тохиолдолд Таван толгой ордод үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, нүүрс тээвэрлэгч компаниудтай хамтран нүүрс тээвэрлэх тарифыг шинэчлэн /ихэсгэх, багасгах/ тогтоох арга хэмжээ авч ажиллахыг гүйцэтгэх захиралд үүрэг болгосон. Цагдаагийн байгууллагын хамгаалалтад авах онц чухал объектын жагсаалтад Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 239 км авто замыг хамааруулсан ба хамгаалалттай холбогдон гарах зардал 2,2 тэрбум төгрөгийг тухай авто замаар тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, аж ахуй нэгжтэй хамтран шийдвэрлэхийг Э М ХХК-д үүрэг болгосон. Э М ХХК-ийн зүгээс түүхий эдийн үнэ ханшийн өсөлт, Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт, цагдаагийн байгууллагатай холбоотой зардал болон авто замын их засварын ажлын өртөг зэргийг тооцон гүйцэтгэх захирлын 2016 оны 12 сарын 26-ны өдрийн А/145 тоот тушаалаар авто зам ашиглалтын тарифын үнийг 200 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Энэхүү тушаалын хэрэгжилтийг хангах зорилгоор нүүрс тээвэрлэгч компаниудын төлөөлөлтэй уулзаж 2017 оны 1 сарын 1-ний өдрөөс дээрх тогтоол хэрэгжиж эхэлсэн талаар мэдээлэл өгсөн бөгөөд авто зам ашиглагч компаниуд уг шийдвэрийг хүлээн зөвшөөрч батлагдсан тарифын дагуу гэрээ байгуулан үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа. Тарифт өөрчлөлт оруулсантай холбогдуулан М Т Н Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт тэр даруй хандсан боловч зүй ёсны Монополь байдалтай аж ахуй нэгж эрхлэгчээр тогтоосон тухай албан хариуг өгсөн байдаг.

Э М ХХК нь Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа холбогдох хууль тогтоомжийн хүрээнд Монгол Улсын Засгийн газраас чиглэл болгосны дагуу авто зам ашиглалтын тарифыг тогтоож мөрдүүлдэг бөгөөд цаашид зах зээлийн ханш болон бусад холбогдох хүчин зүйлстэй уялдуулан нэмэгдүүлэх эсвэл бууруулах арга хэмжээг тухай бүр авч хэрэгжүүлж ажилладаг. Э М ХХК ч ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд зээлийн нөхцөлөөр шилжүүлж авсан өөрийн эзэмшлийнхээ авто замын тарифыг Компанийн тухай хуулийн 76.1.18-д зааснаар Төлөөлөн удирдах зөвлөлийн эрх олгогдсоноор гүйцэтгэх захирал холбогдох тушаал, шийдвэрээ нүүрсний зах зээлийн үнэ ханштай уялдуулан тариф тогтоох эрхээ хуулийн дагуу хэрэгжүүлсэн. М Т Н ХХК-ийн ямар эрх ашгийг хэн хэрхэн яаж хөндсөн, ямар хэмжээний хохирол учирсан эсэх нь тодорхойгүй, нотолгоогүй, нотлох боломжгүй байна. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Г С А З  ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарт: Э М ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 029 дүгээр тогтоолоор Эрдэнэс таван толгой ХХК-ийг Таван толгойн ордод олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа бусад байгууллагуудтай гэрээ, хэлэлцээр хийж, хөрөнгө оруулах замаар Э М ХХК-ийн эзэмшилд байгаа Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн хүнд даацын хатуу хучилттай авто замын ашиглалт, засвар, арчилалт үйлчилгээ, хамгаалалт, байнгын бэлэн байдал, аюулгүй, найдвартай үйл ажиллагааг хангах үүрэг бүхий Г С А З  ХХК-ийг байгуулж чиглэл өгч ажиллаж байна. Г С А З  ХХК нь гэрээний үндсэн дээр Э М ХХК-ийн эзэмшлийн Гашуун сухайт-Тавантолгой чиглэлийн 247 км замын арчлалт, засвар үйлчилгээ, арчилгааг, хамгаалалт, байнгын бэлэн байдал, аюулгүй, найдвартай үйл ажиллагааг хариуцан ажиллаж нүүрс тээвэрлэгч компаниудтай гэрээгээр тохирсон зам ашиглах төлбөрийг төвлөрүүлж ажилладаг гүйцэтгэгч байгууллага юм. Манай компани Иргэний хуулийн дагуу гэрээгээр ажил гүйцэтгэгч компани бөгөөд гэрээний дагуу захиалагчийн гаргасан тушаал шийдвэрийг дагаж мөрдөх үүрэгтэй бөгөөд зам эзэмшигчийн зүгээс авто зам ашиглалт, нүүрс тээврийн тарифыг 2017 оны 1 сарын 01-ний өдрөөс эхлэн 1 тонн тутамд 3.200 төгрөг байхаар тогтоосныг хэрэгжүүлэн аж ахуйн нэгж байгууллага компаниуд хүлээн зөвшөөрч гэрээ байгуулан хамтран ажиллаж байгаа. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШШ2018/00222 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч М Т Н ХХК-ийн хариуцагч Э М ХХК, Г С А З  ХХК нарт холбогдуулан гаргасан Э М ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 12 сарын 26-ны өдрийн А/145 дугаартай Тариф тогтоох тухай тушаал, Э М ХХК-ийн ТУЗ-ын 2015 оны 2 сарын 26-ны өдрийн 08 дугаартай Нүүрс тээвэрлэлтийн тарифыг тогтоох тухай тогтоол, Г С А З  ХХК-ийн 2016 оны 12 сарын 28-ны өдрийн GSR-16-B/278 дугаартай авто зам ашиглалтын талаар гаргасан шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж  шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 742 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШШ2018/00222 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нацагдорж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянах ёстой ч гомдолд дурьдсан нэг ч үндэслэлийг хянаж үзсэнгүй. Түүнчлэн магадлал гарсан уу хэмээн шүүхээс лавлахад шуудангаар явуулсан гэсэн ч ирэхгүй байхаар нь анхан шатны шүүхэд очиход хариуцагч руу шуудангаар явуулчихаад нэхэмжлэгч хэмээн засвзар оруулсан байсан. ЗГ-ын 2015.11.16-ны 449 дүгээр тогтоолын заалтыг иш татан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Гэвч 449 дүгээр тогтоолд бүтээгдэхүүн тээвэрлэх тарифыг зах зээлийн үнэ ханштай уялдуулан тогтоох” хэмээн заасан байх бөгөөд уг өгүүлбэр нь бүтээгдэхүүнийг ямар үнэ хөлстэйгээр тээвэрлэх вэ” гэдгийг зах зээлийн үнэ ханштай уяалдуулан тогтоох эрхийг олгосон хэмээн ойлгогдож байх бөгөөд хүчингүй болгуулахаар маргаж буй 2 актын аль нь ч 49 дүгээр тогтоолыг хууль зүйн үндэслэл болгоогүй болно.

Авто замын тухай хууль /1998/-ийн 21 дүгээр зүйлийн 21.1-т авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах журам, төлбөрийн хэмжээг Засгийн газар, аймаг нийслэлийн Засаг дарга тогтооно хэмээн заасан. Тэгэхээр Засгийн газар эсхүл Засаг дарга журам гаргаж, төлбөрийн хэмжээг тогтоох ёстой байхад Э М ХХК нь 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 8 дугаар тогтоолоороо төлбөр тогтоон, төлбөрийн хэмжээ өөрчлөн тогтоохыг гүйцэтгэх захиралд зөвшөөрч хууль зөрчиж байна.    Авто замын тухай хууль /1998/-ийн 11 дүгээр зүйлийн 11.1-т зааснаар авто замыг олон улсын чанартай, улсын чанартай, орон нутгийн чанартай, аж ахуйн нэгж, байгууллагын дотоодын хэмээн ангилсан байх бөгөөд Э М ХХК нь уг замыг өөрийнх нь өмч мөн гэдгийг баримтаар нотолж чадаагүй тул дотоодын зам биш гэж үзнэ. Иймд аль нэг ангилалд замыг хамааруулаагүй бол ТУЗ болон гүйцэтгэх захирал төлбөр тогтоосон тушаал гаргах нь хуульд нийцсэн гэдэг дүгнэлтийг хийх боломжгүй юм. Г С А З  XXК нь "гэрээ шинэчлэн байгуулаагүй бол уурхайн ачилтад оруулахгүй зам ашиглуулахгүй” гэсэн тул шийдвэрийг хүчингүй  болгуулахаар шүүхэд хандсан ба хууль бус тогтоол, тушаалыг хэрэгжүүлж байгаа нь хууль бус юм.

Иймд нэхэмжлэлийг хангасан өөрчлөлтийг шийдвэр, магадлалд оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

М Т Н ХХК нь, Э М ХХК болон Г С А З  ХХК-д холбогдуулж Э М ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 08 дугаар тогтоол, гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Тариф тогтоох тухай” А/145 дугаар тушаал, Г С А З  ХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн GSR-16-B/278 тоот шийдвэрүүдийг хүчингүй болгох нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ, тушаалын үндэслэл болсон Автозамын тухай болон Цагдаагийн байгууллагын тухай хууль хүчингүй болсон, тушаал гаргах эрхгүй этгээд шийдвэр гаргаснаар компанийн ашиг орлогыг багасгаж, өмчлөх эрхийг хязгаарлаж байна гэснийг хариуцагч Засгийн газрын шийдвэрийн дагуу зам барихад зарцуулсан зээлийг банкинд төлөх, мөн арчлалт хамгаалалт, засвар үйлчилгээг хийхийн тулд замыг ашиглагч компаниудтай гэрээ байгуулсан гэж маргасан байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй,  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдаа гаргаагүй байна.

Монгол улсын Засгийн газрын 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд Хөгжлийн банкны санхүүжилтээр Говийн зам ХХК-ийн барьсан 247 км автозамыг төрийн өмчид худалдан авч, Э М ХХК-ийн мэдэлд шилжүүлэн өгч, улмаар 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 449 дүгээр тогтоолоор тус замаар бүтээгдэхүүн тээвэрлэх тарифыг тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнэ ханштай уялдуулан тогтоож, орлого нэмэгдүүлэх арга хэмжээ авч, зам ашиглалтын  орлогоос  Хөгжлийн банкны зээл, зээлийн хүүгийн тодорхой хэсгийг төлж барагдуулахыг Э М ХХК-д даалгажээ.

Түүнчлэн Монгол улсын Засгийн газрын 2016 оны 100 дугаар тогтоол, уг тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулсан 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 211 дүгээр тогтоолуудад Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 247 км автозамыг цагдаагийн байгууллагын хамгаалалтад авах онц чухал объектын жагсаалтад оруулж, хамгаалалтад шаардагдах хөрөнгийг тухайн автозамаар тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгжтэй хамтран шийдвэрлэхийг Э М ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл, Өмнөговь аймгийн Засаг даргад үүрэг болгосон байна.

Үүний дагуу Э М ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 08 дугаар тогтоол, Э М ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Тариф тогтоох тухай” А/145 дугаар тушаалаар ашиглалт, үйлчилгээ, засвар арчлалт, цагдаагийн тасаг ажиллуулахтай холбоотой замаар зорчих тээврийн хэрэгслээс автозам ашиглалтын хураамжийн төлбөрийг 1 тонн нүүрс тутамд 3200 төгрөг байхаар шинэчлэн тогтоожээ.

Дээрх шийдвэрийг эрх бүхий этгээд гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШШ2018/00222 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 742 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ