Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 222

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, Их тойруу, Премиум палас 802 тоот хаягт байрлах М ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө-15, 1501 тоот хаягт байрлах Э ХХК

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Моннис цамхаг 1401 тоот хаягт байрлах Г ХХК нарт холбогдох

Тушаал шийдвэр хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Нацагдорж, хариуцагч Э ХХК-ийн төлөөлөгч Д.Хатанбаатар, С.Асланбек, хариуцагч Г ХХК-ийн төлөөлөгч С.Төмөрхуяг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандшир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт нь 2016 оны 12 сарын 26-нд “Тариф тогтоох” тухай А/145 дугаар тушаал гаргасан. Уг тушаал, тушаалын үндэслэл болсон Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол, Г ХХК-ийн шийдвэр зэрэг нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол дараах байдлаар зөрчигдөж байна. Үүнд: Үндсэн хуульд заасан “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, эрх” зөрчигдөж байна. Учир нь шударгаар олж авч байгаа хөрөнгөөс хуульд заагаагүй үндэслэлээр хураамж авч байна. Компанийн тухай хуулийн 3.1-д заасны дагуу манай компани нь “тодорхой тооны хувьцаанд хуваагддаг өөрийн тусгайлсан эд хөрөнгөтэй, үндсэн зорилго нь ашгийн төлөө ажилладаг хуулийн этгээд болно. Хууль бусаар хураамж авах нь компанийн хууль ёсны ашиг сонирхолд болон мөнгөн орлогод сөргөөр нөлөөлж байна. Компанийн гэрчилгээн дээр бичигдсэн үйл ажиллагааны чиглэлийг харахад “гадаад худалдаа”, “автомашинаар ачаа тээвэр хийх” хэмээн заасан ба үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд Монгол Улсаас БНХАУ-руу автомашинаар нүүрс тээвэрлэдэг тул өөрийн эрхийг хууль бус үйл ажиллагаанаас хамгаалах зорилготой болно. Э ХХК-ийн Гүйцэтгэх захирлын А/145 дугаар тушаалын дагуу тогтоосон хураамжийг эс зөвшөөрөн тухайн үед нь Э ХХК-д болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хандаж байсан ч асуудал шийдвэрлэгдээгүй. Иймд хууль бус шийдвэрийг хүчингүй болгосноор манай зөрчигдсөн эрх сэргэж, үйл ажиллагааны орлого нэмэгдэж, ашигтай ажиллаж эхлэх тул дараах үндэслэлээр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна. Үүнд: Авто замын тухай хууль нь 2017 оны 5 сарын 11-ний, Цагдаагийн албаны тухай хууль нь 2017 оны 3 сарын 2-ны өдрийн хуулиар тус тус хүчингүй болсон тул тэдгээрийн холбогдох заалтыг хууль зүйн үндэслэл болгосон тушаалын үйлчлэл дуусгавар болох ёстой юм. Хууль зүйн үндэслэл болсон заалтууд дунд “хураамж тогтоох эрх”-ийг гүйцэтгэх захиралд олгоогүй байна. Өөрөөр хэлбэл эрх олгогдоогүй байхад бусдаас мөнгө хураах үйл ажиллагаа явуулж байна. Тушаалын аль ч заалтаар Г ХХК-д үүрэг хүлээлгээгүй ч 2016 оны 12 сарын 27-ны 03/673 тоот албан бичгээр “хууль бус хураамж”-ийг авахыг даалгасан байна. Иймд хууль бус шийдвэрийг хэрэгжүүлж байгаа тухайн хуулийн этгээдийг хамтран хариуцагчаар татаж байгаа болно. Иймд Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын “Тариф тогтоох” тухай 2016 оны 12 сарын 26-ны    өдрийн А/145 дугаар тушаал, Э ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 2 сарын 26-ны өдрийн 08 дугаар тогтоол, хууль бус шийдвэрийг үндэслэн хураамж авч байгаа Г ХХК-ийн 2016 оны 12 сарын 28-ны GSR-16-В/278 тоот шийдвэрийг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч Э ХХК, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э ХХК нь Засгийн газрын 2007 оны 266-р тогтоолоор болон Төрийн өмчийн хорооны 52 дугаар тогтоолын дагуу үүсгэн байгуулагдсан төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани юм. Компанийн дүрмийн 2.2-д “ашгийн төлөө хуулийн этгээд байна” гэж заасан. Э ХХК нь Засгийн газрын 2013 оны “Нүүрсний экспортыг дэмжих талаар зарим арга хэмжээний тухай ” 299 дүгээр тогтоолын дагуу Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд Говийн зам компанийн барьсан авто замыг Хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр 2014 оны 2 сарын 13-ны өдөр шилжүүлэн авсан бөгөөд зээлийн санхүүжилтийг авто зам ашигласны хураамжаас төвлөрүүлэх замаар эргүүлэн төлөх үүрэгтэйгээр ажилладаг. Энэхүү зам нь Говийн зам ХХК-ийн мэдэлд байхдаа зам ашигласны төлбөр нь 1 тонн тутамд 4.5 ам.доллар байсныг манай компани 1 тонн тутамд 1.5 ам.доллар болгож бууруулсан. 2014-2015 онуудад нүүрсний зах зээлийн уналттай холбогдуулан авто зам ашигласны төлбөрийг нүүрс тээвэрлэгч нарын хүсэлтийг харгалзан 1.25 ам доллар, 1 ам доллар зэргээр тус тус бууруулж байсан. Энэ хугацаанд Э ХХК нь авто замын хураамжаараа зөвхөн зам засвар, арчилгаа болон үйл ажиллагаатай холбоотой зардлаа санхүүжүүлж Хөгжлийн банкны зээлээ төлж чадахгүйд хүрч зээлийн хүү, алданги 13.3 тэрбумд хүрээд байна. Энэ асуудалтай холбогдож гарсан Засгийн газрын 2017 оны 11 сарын 16-ны өдрийн 449 дүгээр тогтоолоор Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн авто замын санхүүжилттэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн ба уг тогтоолын 3 дугаар хэсэгт авто замаар бүтээгдэхүүн тээвэрлэх тарифыг тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнэ ханштай уялдуулан тогтоож, орлого нэмэгдүүлэх арга хэмжээ авч, зам ашиглалтын орлогоос Хөгжлийн банкны зээл, зээлийн хүүгийн төлбөрийн тодорхой хэсгийг төлж барагдуулахыг Э ХХК-д даалгаж үнийг ихэсгэх, багасгах эрхийг олгосон. Э ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 2 сарын 26-ны “Нүүрс тээвэрлэх тарифыг тогтоох тухай” 08 тоот тогтоолоор гүйцэтгэх захиралд шаардлагатай тохиолдолд Таван толгой ордод үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, нүүрс тээвэрлэгч компаниудтай хамтран нүүрс тээвэрлэх тарифыг шинэчлэн /ихэсгэх, багасгах/ тогтоох арга хэмжээ авч ажиллахыг гүйцэтгэх захиралд үүрэг болгосон. Эдгээр тогтоолын хэрэгжилтийг хангаж Э ХХК-ийн гүйцэтгэх  захирал Засгийн газар болон ТУЗ-өөс олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд 2015 оны 3 сарын 31-ний А/36 тоот тушаалаар 1 тонн тутамд 1 ам доллар, 2016 оны 8 сарын 19-ны А/77 тоот гүйцэтгэх захирлын тушаалаар 1 тонн тутамд 200 төгрөг байх мөн тушаалаар 2017 оны 1 сарын 1-нээс 1 тонн тутамд 3,000 төгрөг байхаар шийдвэр гаргасан ба тээвэрлэгч компаниуд гэрээгээ байгуулан ажиллаж байсан. 2014 оны Засгийн газрын 100-р тогтоолоор “Цагдаагийн байгууллагын хамгаалалтад авах онц чухал объектын жагсаалт батлах тухай” тогтоол батлагдсан. Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 211 дүгээр тогтоолоор хавсралтад өөрчлөлт оруулж “Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд сумаас Гашуунсухайт дахь хилийн боомт хүртэлх 247 км, мөн аймгийн Гурвантэс сумаас Шивээхүрэн дэх хилийн боомт хүртэлх 112 км хатуу болон засч сайжруулсан авто зам, түүний ойр орчин” гэж нэмж зохих санхүүжилтийг гаргаж тогтоолын хэрэгжилтийг хангахыг даалгасан. Энэ тогтоолын дагуу цагдаагийн байгууллагын хамгаалалтад авах онц чухал объектын жагсаалтад Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 239 км авто замыг хамааруулсан ба хамгаалалттай холбогдон гарах зардал 2,2 тэрбум төгрөгийг тухай авто замаар тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, аж ахуй нэгжтэй хамтран шийдвэрлэхийг Э ХХК-д үүрэг болгосон. Э ХХК-ийн зүгээс түүхий эдийн үнэ ханшийн өсөлт, Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт, цагдаагийн байгууллагатай холбоотой зардал болон авто замын их засварын ажлын өртөг зэргийг тооцон гүйцэтгэх захирлын 2016 оны 12 сарын 26-ны өдрийн А/145 тоот тушаалаар авто зам ашиглалтын тарифын үнийг 200 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Энэхүү тушаалын хэрэгжилтийг хангах зорилгоор нүүрс тээвэрлэгч компаниудын төлөөлөлтэй уулзаж 2017 оны 1 сарын 1-ний өдрөөс дээрх тогтоол хэрэгжиж эхэлсэн талаар мэдээлэл өгсөн бөгөөд авто зам ашиглагч компаниуд уг шийдвэрийг хүлээн зөвшөөрч батлагдсан тарифын дагуу гэрээ байгуулан үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа. Тарифт өөрчлөлт оруулсантай холбогдуулан М Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт тэр даруй хандсан боловч зүй ёсны Монополь байдалтай аж ахуй нэгж эрхлэгчээр тогтоосон тухай албан хариуг өгсөн байдаг. Мөн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас Э ХХК-д мэдэгдэл ирсний дагуу тариф нэмэгдсэн талаарх холбогдох бүх тушаал шийдвэр, нотлох баримтыг хавсралтаар хүргүүлж нүүрс тээврийн тарифыг үндэслэлгүй нэмээгүй гэдгээ баталсан. Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2016 оны 12 сард Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 239 км замын ашиглалт, засвар арчлалтын ажлын байдалд шалгалт хийж 5 шаардлага бүхий дүгнэлтээ ирүүлсэн. Энэхүү дүгнэлтэд жилд хийгдэж байгаа замын засвар үйлчилгээг нэмэгдүүлэх, усны далан барих, тээвэрлэгчдийн аюулгүй байдал тав тухыг хангасан зогсоол, амрах талбайг төлөвлөж барих гэх мэт шаардлагууд тавьсан ба эхний ажлуудыг санхүүгийн боломжоороо үе шаттай хийхээр ажиллаж байна. Гэтэл нэхэмжлэгч М ХХК нь нэхэмжлэлдээ шударгаар олж авч байгаа хөрөнгөөс хуульд заагаагүй үндэслэлээр хураамж авч байна, М ХХК ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд өөрийн эрхийг хууль бус үйл ажиллагаанаас хамгаалах зорилготой гэх мэт тодорхой биш хууль зүйн үндэслэл тооцоо судалгаагүй нотлох баримтгүй нэхэмжлэл гаргасан байна. Э ХХК нь Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа холбогдох хууль тогтоомжийн хүрээнд Монгол Улсын Засгийн газраас чиглэл болгосны дагуу авто зам ашиглалтын тарифыг тогтоож мөрдүүлдэг бөгөөд цаашид зах зээлийн ханш болон бусад холбогдох хүчин зүйлстэй уялдуулан нэмэгдүүлэх эсвэл бууруулах арга хэмжээг тухай бүр авч хэрэгжүүлж ажилладаг. Э ХХК ч ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд зээлийн нөхцөлөөр шилжүүлж авсан өөрийн эзэмшлийнхээ авто замын тарифыг Компанийн тухай хуулийн 76.1.18-д зааснаар Төлөөлөн удирдах зөвлөлийн эрх олгогдсоноор гүйцэтгэх захирал холбогдох тушаал, шийдвэрээ нүүрсний зах зээлийн үнэ ханштай уялдуулан тариф тогтоох эрхээ хуулийн дагуу хэрэгжүүлсэн. Энэ шийдвэрийг тээвэр эрхэлдэг компаниуд хүлээн зөвшөөрч Иргэний хуулийн 40.1-д заасны дагуу талууд харилцан гэрээгээ байгуулан хамтран ажиллаж байгаа. Манай компани нь нүүрс тээврийн авто замынхаа аюулгүй байдал, засвар үйлчилгээг хариуцан жил бүр хөрөнгө мөнгө төвлөрүүлэн засвар арчлалтыг тухай бүрд хийж гүйцэтгэх мөн шинээр дэд бүтцийн олон ажлууд хийж зах зээлийн зарчмаар ажиллаж Монгол Улсын эдийн засагт тодорхой хувь нэмрээ оруулан ажиллаж байна. М ХХК-ийн ямар эрх ашгийг хэн хэрхэн яаж хөндсөн, ямар хэмжээний хохирол учирсан эсэх нь тодорхойгүй, нотолгоогүй, нотлох боломжгүй байна. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ” гэв.

Хариуцагч Г ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: “Э ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 029 дүгээр тогтоолоор Эрдэнэс таван толгой ХХК-ийг Таван толгойн ордод олборлолтын үйл ажиллагаа  явуулж байгаа бусад байгууллагуудтай гэрээ, хэлэлцээр хийж, хөрөнгө оруулах замаар Э ХХК-ийн эзэмшилд байгаа Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн хүнд даацын хатуу хучилттай авто замын ашиглалт, засвар, арчилалт үйлчилгээ, хамгаалалт, байнгын бэлэн байдал, аюулгүй, найдвартай үйл ажиллагааг хангах үүрэг бүхий Г ХХК-ийг байгуулж чиглэл өгч ажиллаж байна. Г ХХК нь гэрээний үндсэн дээр Э ХХК-ийн эзэмшлийн Гашуун сухайт-Тавантолгой чиглэлийн 247 км замын арчлалт, засвар үйлчилгээ, арчилгааг, хамгаалалт, байнгын бэлэн байдал, аюулгүй, найдвартай үйл ажиллагааг хариуцан ажиллаж нүүрс тээвэрлэгч компаниудтай гэрээгээр тохирсон зам ашиглах төлбөрийг төвлөрүүлж ажилладаг гүйцэтгэгч байгууллага юм. Манай компани Иргэний хуулийн дагуу гэрээгээр ажил гүйцэтгэгч компани бөгөөд гэрээний дагуу захиалагчийн гаргасан тушаал шийдвэрийг дагаж мөрдөх үүрэгтэй бөгөөд зам эзэмшигчийн зүгээс авто зам ашиглалт. нүүрс тээврийн тарифыг 2017 оны 1 сарын  -ний өдрөөс эхлэн 1 тонн тутамд 3,200 төгрөг байхаар тогтоосныг хэрэгжүүлэн аж ахуйн нэгж байгууллага компаниуд хүлээн зөвшөөрч гэрээ байгуулан хамтран ажиллаж байгаа. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад                                                               

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Э ХХК,  Г ХХК нарт холбогдуулан Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 12 сарын 26-ны өдрийн А/145 дугаартай “Тариф тогтоох тухай”  тушаал, Э ХХК-ийн ТУЗ-ын 2015 оны 2 сарын 26-ны өдрийн 08 дугаартай “Нүүрс тээвэрлэлтийн тарифыг тогтоох тухай” тогтоол, Г ХХК-ийн 2016 оны 12 сарын 28-ны өдрийн GSR-16-B/278 дугаартай авто зам ашиглалтын талаар гаргасан шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд дээрх тушаал, тогтоол, шийдвэрүүд нь нэхэмжлэгчийн хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхийг зөрчиж, хуульд заагаагүй үндэслэлээр хураамж авч байгаа ба хууль бусаар хураамж авах нь компанийн хууль ёсны ашиг сонирхол болон мөнгөн орлогоор сөргөөр нөлөөлж байгаа тул хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарласан.

Хариуцагч нар нь авто зам ашиглалтын тариф тогтоосон тушаал, авто зам ашиглалтын талаар гаргасан шийдвэр, тогтоол нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

М ХХК болон Г ХХК нарын хооронд 2017 оны 6 сарын 6-ны өдөр “Авто зам ашиглалтын гэрээ” нэртэй гэрээ байгуулагдаж, М ХХК нь Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх тусгай зориулалтын хатуу хучилттай авто замаар тээвэр хийх, авто зам ашиглалтын төлбөрийг авто зам эзэмшигчид төлөхөөр харилцан тохиролцсон байна.

Нэхэмжлэгч нь дээрх гэрээний дагуу Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх тусгай зориулалтын хатуу хучилттай авто замаар тээвэр хийж, авто зам ашиглалтын төлбөрийг авто зам эзэмшигчид төлж тодорхой хугацаанд үйл ажиллагаа явуулсан боловч Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 12 сарын 26-ны өдрийн А/145 дугаартай “Тариф тогтоох тухай”  тушаал, Э ХХК-ийн ТУЗ-ын 2015 оны 2 сарын 26-ны өдрийн 08 дугаартай “Нүүрс тээвэрлэлтийн тарифыг тогтоох тухай” тогтоол, Г ХХК-ийн 2016 оны 12 сарын 28-ны өдрийн GSR-16-B/278 дугаартай авто зам ашиглалтын талаар гаргасан шийдвэр нь хуульд заагаагүй үндэслэлээр хураамж авч байгаа тушаал, шийдвэр, тогтоол гэж үзэн хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж нэхэмжлэлийн үндэслэлийг тайлбарласан ба аливаа иргэн, хуулийн этгээд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7 дахь заалтад заасан бусдын эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгуулах аргаар эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч нарыг хууль бусаар хураамж авч байгаа гэх нэхэмжлэлийн үндэслэлээ Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 12 сарын 26-ны өдрийн А/145 дугаартай “Тариф тогтоох тухай”  тушаалын үндэслэл болсон Автозамын тухай хууль нь 2017 оны 5 сарын 11-ний өдрийн хуулиар, Цагдаагийн албаны тухай хууль нь 2017 оны 3 сарын 2-ны өдрийн хуулиар тус тус хүчингүй болсон тул тэдгээрийн холбогдох заалтыг хууль зүйн үндэслэл болгосон тушаалын үйлчлэл дуусгавар болох ёстой, хууль зүйн үндэслэл болсон заалтууд дунд хураамж тогтоох эрхийг гүйцэтгэх захиралд олгоогүй, мөн Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх тусгай зориулалтын хатуу хучилттай авто зам нь төрийн өмч тул төрийн өмчийн замыг ашиглахтай холбоотой тариф тогтоох эрхийг хуулиар олгосон байх ёстой байхад компанийн гүйцэтгэх захирлын тушаалаар тогтоосон нь үндэслэлгүй гэж тайлбарласан.

Э ХХК-ийн ТУЗ-ийн 2015 оны 2 сарын 26-ны өдрийн 08 дугаартай “Нүүрс тээвэрлэлтийн тарифыг тогтоох тухай” тогтоол /хх-59 тал/-оор Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн авто замаар нүүрс тээвэрлэх тарифыг 2015 оны 3 сарын 1-ний өдрөөс эхлэн 1 тонн тутамд 1.25 ам.доллар буюу 2,500 төгрөг байхаар тооцож компанид төвлөрүүлэх арга хэмжээ авахыг гүйцэтгэх захиралд зөвшөөрч, шаардлагатай тохиолдолд Таван толгой ордод олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, нүүрс тээвэрлэгч компаниудтай хамтран авто замаар нүүрс тээвэрлэх тарифыг шинэчлэн тогтоох арга хэмжээ авч ажиллахыг гүйцэтгэх захиралд үүрэг болгосон байх ба Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 12 сарын 26-ны өдрийн А/145 дугаартай “Тариф тогтоох тухай” тушаал /хх-55 тал/-аар Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн авто замтай холбоотой зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүү болон зам засвар болон засвар арчлалтын зардал, гэрээт цагдаагийн тасаг ажиллуулахтай холбогдуулан авто зам ашиглалт, зохицуулалтын хураамжийг 1 тонн тутамд 3,200 төгрөгөөр тогтоосон, улмаар Э ХХК-ийн Тэргүүн дэд захирлын 2016 оны 12 сарын 27-ны өдрийн 03/673 дугаартай “Авто зам ашиглалтын тарифын тухай” албан бичиг /хх-56 тал/-ээр Г ХХК-д авто замыг хариуцагч байгууллагын хувьд Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 12 сарын 26-ны өдрийн А/145 дугаартай “Тариф тогтоох тухай” тушаалын хэрэгжилтийг хангаж, тээврийн компаниудад урьдчилан мэдэгдэж хамтран ажиллахыг мэдэгдсэн, Гашуун сухай авто зам ХХК нь 2016 оны 12 сарын 28-ны өдрийн GSR-16-B/278 дугаартай “Авто зам ашиглалтын тухай” албан бичиг /хх-83 тал/-ээр нийт тээвэрлэгчдэд хандан Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 12 сарын 26-ны өдрийн А/145 дугаартай “Тариф тогтоох тухай” тушаалаар тогтоосон тарифын дагуу тгэрээ байгуулсан аж ахуйн нэгжийн тээврийн хэрэгслүүдийг уурхайд ачилтад оруулах болон зам ашиглуулах болсон тул нэмэлт өөрчлөлт орсон гэрээний хуулбараа ирүүлэн тээврийн хэрэгслийн бүртгэлийг шинэчлүүлэх талаар мэдэгдсэн байна.

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 8 сарын 16-ны өдрийн 299 дугаартай “Нүүрсний экспортыг дэмжих талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолоор Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд Говийн зам ХХК-ийн барьсан авто зам, Энержи ресурс ХХК-ийн Гашуунсухайт боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх зориулалтаар барьсан дэд бүтцийг төрийн өмчид худалдан авч Эрдэнэс МГЛ ХХК-ийн мэдэлд шилжүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарт даалгаж, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 11 сарын 16-ны өдрийн 449 дугаартай “Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн авто замын санхүүжилтийн тухай” тогтоолоор Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн авто замаар бүтээгдэхүүн тээвэрлэх тарифыг тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнэ ханштай уялдуулан тогтоож, орлого нэмэгдүүлэх арга хэмжээ авч, зам ашиглалтын орлогоос Хөгжлийн банкны зээл, зээлийн хүүгийн төлбөрийн тодорхой хэсгийг төлж барагдуулахыг Э ХХК-ийн гүйцэтгэх захиралд даалгасан байна.

Дээр дурдсан тогтоолууд хэрэгт нотлох баримтын шаардлага хангахгүй байдлаар буюу хуулбар байдлаар авагдсан боловч эдгээр тогтоолууд болон тогтоолын агуулга нь Төрийн мэдээлэл эмхэтгэл болон эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем www.legalinfo.mn сайтад нийтлэгдсэн, шүүхэд болон хэргийн оролцогчдод илэрхий байхаас гадна тухайн үйл баримтын талаар мэдээлэлтэй байх боломжтой тодорхой хүрээний хүмүүст илэрхий нийтэд илэрхий үйл баримт байна.

Дээрх тогтоолуудын агуулгаас үзэхэд Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх тусгай зориулалтын хатуу хучилттай авто замыг төр өөрийн өмчид худалдан авч, Э ХХК-ийн мэдэлд шилжүүлсэн байх ба Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дахь заалтын 3 дахь хэсэгт “Төрийн өөрийн өмчид төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн төрд ногдох хувь хөрөнгө хамаарна” гэж заасны дагуу Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх тусгай зориулалтын хатуу хучилттай авто зам нь төрийн өөрийн өмчид хамаарна гэж үзэх үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх тусгай зориулалтын хатуу хучилттай авто замыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дахь заалтад заасан Үндсэн хууль, бусад хуулиар нийтийн зориулалтаар ашиглахаар бүх ард түмний өмч болгон заасан зүйлс буюу төрийн нийтийн зориулалттай өмч гэж үзэх үндэслэлгүй байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь заалтад “Төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгө, хуулийн этгээдийн эрх хэмжээнд хамааруулснаас бусад хөдлөх хөрөнгийг Засгийн газрын шийдвэрээр, Засгийн газраас зөвшөөрөл олгосон тохиолдолд төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын шийдвэрээр шилжүүлж болно” гэж заасан, Засгийн газрын тогтоолоор Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх тусгай зориулалтын хатуу хучилттай авто замыг Э ХХК-ийн мэдэлд шилжүүлсэн байх тул Э ХХК-ийг тухайн авто замтай холбоотой шийдвэр гаргах эрхгүй этгээд гэж үзэх үндэслэлгүй байна.

1998 онд батлагдсан Авто замын тухай хуулийн 11 дүгээр зүйлд авто замыг олон улсын чанартай авто зам, улсын чанартай авто зам, орон нутгийн чанартай авто зам, аж ахуйн нэгж, байгууллагын дотоодын авто зам гэж ангилж, авто замыг тодорхой ангилалд хамааруулах, нэг ангиллаас нөгөө ангилалд шилжүүлэх асуудлыг авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шийдвэрлэхээр заасан, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дахь заалтад олон улсын болон улсын чанартай зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс төлбөр авах журам, төлбөрийн хэмжээг Засгийн газар, орон нутгийн чанартай болон аж ахуйн дотоодын замаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс төлбөр авах журам, төлбөрийн хэмжээг аймаг, нийслэлийн Засаг дарга тогтоохоор заасан, 2017 онд батлагдсан Авто замын тухай хуулийн 15 дугаар зүйлд авто замыг олон улсын чанартай авто зам, улсын чанартай авто зам, орон нутгийн чанартай авто зам, нийслэлийн авто зам, тусгай зориулалтын авто зам, аж ахуйн нэгж, байгууллагын дотоодын авто зам гэж ангилж, авто замыг тодорхой ангилалд хамааруулах, нэг ангиллаас нөгөө ангилалд шилжүүлэх асуудлыг авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шийдвэрлэхээр заасан, мөн хуулийн 30 дугаар зүйлд олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах замын чиглэл, замын урт, төлбөрийн хэмжээг Засгийн газар, нийслэл, орон нутгийн чанартай авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах замын чиглэл, замын урт, төлбөрийн хэмжээг тухайн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тус тус тогтоохоор, олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах журмыг авто замын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Нийслэл, орон нутгийн чанартай болон авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах үйл ажиллагааны журмыг аймаг, нийслэлийн Засаг дарга баталж, мөрдүүлэхээр тус тус заасан байна.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Зам тээврийн хөгжлийн яамнаас авсан лавлагаагаар Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн авто замын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн байдал, үндсэн хөрөнгийн бүртгэгдсэн байдлын талаарх мэдээлэл Зам тээврийн хөгжлийн яаманд бүртгэгдээгүй болох нь тогтоогдсон тул уг чиглэлийн авто замыг тодорхой ангилалд хамааруулах талаар авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр гараагүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

            Э ХХК нь Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн авто замыг Засгийн газрын тогтоолын дагуу өөрийн мэдэлд шилжүүлэн авч, тариф тогтоон авто замын төлбөр хураамж авах үйл ажиллагааг явуулж байгаа бөгөөд тухайн чиглэлийн авто замыг Авто замын тухай хуульд заасан тодорхой ангилалд хамааруулах талаар авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр гараагүй байх тул уг авто замыг ашигласны төлбөр тогтоох этгээдийг хуулиар тогтоосон гэж үзэхгүй, Засгийн газрын тогтоолоор эрх олгосны дагуу авто зам ашигласны төлбөрийн хэмжээг тогтоох талаар гарсан Э ХХК-ийн ТУЗ-ийн тогтоол, гүйцэтгэх захирлын тушаал, уг тушаалыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гарсан Г ХХК-ийн шийдвэрийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй, Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 12 сарын 26-ны өдрийн А/145 дугаартай “Тариф тогтоох тухай”  тушаалын үндэслэл болсон Автозамын тухай хууль нь 2017 оны 5 сарын 11-ний өдрийн хуулиар, Цагдаагийн албаны тухай хууль нь 2017 оны 3 сарын 2-ны өдрийн хуулиар тус тус хүчингүй болсон нь тушаалын үйлчлэлийг дуусгавар болох үндэслэл болохгүй тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч М ХХК-ийн хариуцагч Э ХХК,  Г ХХК нарт холбогдуулан гаргасан Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 12 сарын 26-ны өдрийн А/145 дугаартай “Тариф тогтоох тухай”  тушаал, Э ХХК-ийн ТУЗ-ын 2015 оны 2 сарын 26-ны өдрийн 08 дугаартай “Нүүрс тээвэрлэлтийн тарифыг тогтоох тухай” тогтоол, Г ХХК-ийн 2016 оны 12 сарын 28-ны өдрийн GSR-16-B/278 дугаартай авто зам ашиглалтын талаар гаргасан шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт  хэвээр үлдээсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Б.УУГАНБАЯР