| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Сосорбарам |
| Хэргийн индекс | 179/2017/0352/Э |
| Дугаар | 0001 |
| Огноо | 2018-02-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.О |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 0001
Л.Нт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Хэргийн индекс 179/2017/0352/Э
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй,
Прокурор: Л.Отгончимэг
Шүүгдэгч: Л.Н,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Баянбилэг,
Хохирогч: А.Д,
Нарийн бичгийн дарга: Э.Мөнхгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 324 дүгээр цагаатгах тогтоолтой Л.Нт холбогдох 1738003450150 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, ......... овогт Л-гийн Н, 1995 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар: ...................../.
Шүүгдэгч Л.Н нь 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн ......... сумын нутаг дэвсгэрт А.Дын эрүүл мэндэд тархи доргилт, эрүүний үеийн зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 324 дүгээр цагаатгах тогтоолоор шүүгдэгч Л-ийн Н-ыг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр цагаатгаж, хохирогч А.Д нь 500,000 төгрөг нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн 1738003450150 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол, төлбөргүй болохыг тус тус дурдаж, цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Нт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэжээ.
Прокурор Б.А эсэргүүцэлдээ: ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн үндэслэлээр Л.Ныг цагаатгасан анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Үүнд: - Хохирогч А.Дын: “..2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр би ... гэртээ байж байсан чинь манай өвөлжөөний хашааны гадаа Цэцэгболд гэдэг айлын үхэр ирсэн ... би үхрийг нь гол гаргаад туусан чинь Ц-ын хүү ирээд “та яагаад манай үхрийг туугаад байгаа юм. Чамайг амьтан болгоно, үнс нурам болгоноо гээд мотоцикльтойгоо тойроод байсан. 2 дахь удаагаа тойрохдоо зүүн талын шанаа руу цохиод авсан ... 500,000 төгрөг нэхэмжилнэ ... “ гэх мэдүүлэг /хх- ийн 12-16 дугаар хуудас/,
- Гэрч Ю.Ц-ийн: “... А.Д гуай эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх үедээ хүнд зодуулсан тэгээд хууч хөдөлчихлөө л гэж ярьж байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,
-Гэрч Б.С-ийн: “... 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр би ......... сумын ...... багт........гэх газарт А.Д гэдэг хүний нуруугаар хатгаад, толгой өвдөөд байна гэсний дагуу очиход гэртээ хөдөлж чадахгүй хэвтэж байсан. Надтай муухан шиг ярьж байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,
-Шүүхийн шинжилгээний албаны шинжээч М.Батмөнхийн: “...А.Дын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ...” гэсэн 638 дугаартай дүгнэлт /хх-ийн 24-р хуудас/, 2017 оны 11 дүгээр сарын 01-нд нэмэлт шинжилгээ хийсэн: "... А.Дын биед тухайн үед тархи доргилт, нэмэлтээр эрүүний үений зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. 4. А.Дын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ...” гэсэн 664 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 28 дугаар хуудас/,
-Хохирогч А.Дын өвчний түүхийн хуулбар /хх-ийн 31-41 дүгээр хуудас/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Нын үйлдсэн гэмт хэрэг тогтоогдсон байна.
Түүнчлэн хэргийг шалгах явцад гэрч Т.Ц-ын мөрдөн байцаалтанд өгсөн “... 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ... намайг “та яагаад хүүхэд зодоод байгаа юм бэ” гэхэд урдаас хэрэлдээд “танай хүүхэд намайг алгадсан гээд эрүүгээ үзүүлээд байсан” /хх-ийн 17 дугаар хуудас/, яллагдагч Л.Н-ын “... үүний дараа Б гэдэг хүүхэд нь надтай таараад чи яагаад манай ээжийг зоддог юм бэ? иймээ тиймээ юм болох юм бол чамайг ална шүү гэж намайг заамдаж авсан” /хх-ийн 49 дүгээр хуудас/, гэрч Ю.Ц-ийн: “... А.Д гуай эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх үедээ хүнд зодуулсан тэгээд хууч хөдөлчихлөө л гэж ярьж байсан” /хх-ийн 12-13 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд болон Өвчтөний түүхэнд 2017.10.24-нд “7 хоногийн өмнө хүнд зодуулж, эрүүнд гэмтэл авч Мөрөн явж рентгэнд харуулж, гэртээ хариад шөнөжин өвдөж, амьсгаадаж, салганаж эхэлсэн. Дуудлага өгч түргэнээр ирсэн”, 2017.10.25-нд “... хүзүү хөдлөхгүй, ам ангайлт хязгаарлагдмал”, 2017.10.26-нд “Толгой өвдөнө ... хүзүүний хөдөлгөөн хязгаарлагдмал ... вр: Ц ”, 2017.10.27-нд “... хүзүүний хөдөлгөөн хязгаарлагдмал, хөдлөхөд амьсгаадна. Ам ангайлт хязгаарлагдсан ... вр: Ц ”, 2017.10.30-нд “ ... хүзүүний хөдөлгөөн урьдынхаас дээрдсэн ... вр: Ц” /хх-ийн 35-41 дүгээр хуудас/ гэж тэмдэглэгдсэн байгааг шүүх анхаарч үзэлгүйгээр гэрч Ю.Ц, Б.С нарын мэдүүлэгт үндэслэн шинжээчийн 638, 664 дугаартай дүгнэлтүүдийг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй хэргийг цагаатгасан нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.
Мөн хохирогч А.Д нь 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр буюу Л.Ноос 7 хоногийн өмнө Цагдаагийн байгууллагад хандаж бусдад зодуулсан талаараа гомдол гаргасан, гэрч Т.Ц нь Л.Нын төрсөн эх нь байдаг учраас Л.Ныг хамгаалсан шинжтэй мэдүүлэг өгсөн. Гэрч Ю.Ц нь өвчтөний түүхэнд нь хохирогч А.Дыг “7 хоногийн өмнө хүнд зодуулсан, хүзүүний хөдөлгөөн хязгаарлагдмал, ам ангайлт хязгаарлагдсан” гэсэн зовиурыг тэмдэглэсэн атлаа “энэ талаар надад ямар нэгэн зүйл ярьж эмчлүүлээгүй” гэх мэдүүлэг өгсөн нь бодит байдалд нийцэхгүй байна гэж үзэж байна.
Иймд Л.Н-т холбогдох Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 324 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар Прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.
Хуралдаанд оролцсон прокурор: Эсэргүүцлээ дэмжиж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.Н нь 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн ..... сумын нутаг дэвсгэрт А.Д-ын эрүүл мэндэд тархи доргилт, эрүүний үеийн зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх “хохирогчийн мэдүүлгээр шүүгдэгчийн гэм буруутайг нотлох үндэслэл болохгүй” гэсэн дүгнэлт хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Учир нь 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр уг үйл явдал болохоос өмнө хохирогчийн биед ямар нэгэн гэмтэл үүссэн байсныг нотлох баримт хэрэгт авагдаагүй, халдлага болсон гэх газарт шүүгдэгч Л.Н, хохирогч А.Д нараас өөр хүн байгаагүй, хохирогч нь Л.Нт цохиулснаа тэр өдөрт нь түүний ээжид хэлж байсан талаар гэрч Т.Ц “... 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ... намайг “та яагаад хүүхэд зодоод байгаа юм бэ” гэхэд урдаас хэрэлдээд “танай хүүхэд намайг алгадсан гээд эрүүгээ үзүүлээд байсан” /хх-ийн 17 дугаар хуудас/ гэж мэдүүлжээ.
Түүнчлэн хохирогч А.Д өөрт нь хүч хэрэглэн халдсан хүнийг нэрлэн зааж хэлсэн, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Анхан шатны шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг хэргийн нөхцөл байдал, хохирогчийн биед учирсан гэмтлийн шинж чанар болон бусад баримттай харьцуулан үнэлээгүй, шинжээчийн дүгнэлт, хохирогчийн мэдүүлгийг үгүйсгэсэн үндэслэлээ тогтоолд тодорхой тусгаагүй байна.
Иймд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 324 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Шүүгдэгч Л.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРХҮҮ
ШҮҮГЧИД Ё.БЯМБАЦЭРЭН
Б.СОСОРБАРАМ