Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 142/ШШ2017/00262

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж

Нэхэмжлэгч: Орхон аймаг Жаргалант сум Улаантолгой баг Тариаланчид 11-7 тоотод оршин суух, Дураал овгийн Буян-Оршихын Оюунчимэг /БЗ67072103/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймгийн Жаргалант сумын Соёл мэдээллийн төвд хариуцагдах, 

“Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Оюунчимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг, хариуцагч Б.Оюунгэрэл, хариуцагчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хулан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Б.Оюунчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Жаргалант сумын Соёл мэдээллийн төвд 22 дахь жилдээ ажиллаж байна. Би номын санч, үйлчлэгчээр ажиллаж байтал СМТ-ын захирал Б.Оюунгэрэл 2016-08-18-ны өдрийн 23 тоот тушаал гарган, намайг үндэслэлгүйгээр ажлаас халж хохироосонд гомдолтой байна. Би ажил таслаж байгаагүй, ямар нэгэн зөрчил дутагдал гаргаагүй учир надад ажлаас халагдах ямар нэгэн шалтгаан байхгүй болно. Би байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээг зөрчөөгүй, хөдөлмөрийн хуулинд заасан сахилгын шийтгэл огт хүлээж байгаагүй билээ. Гэтэл Б.Оюунгэрэл захиралын тушаалд намайг хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан гэж ажлаас халсан бололтой юм. Энэ нь намайг гүтгэсэн хэрэг бөгөөд түүний хууль эрх зүйн мэдлэггүй болох нь тодорхой харагдлаа. Мөн тушаалд ажил хүлээлцэх комиссийн бүрэлдэхүүнд гишүүдэд Б.Оюунгэрэл эрхлэгч гэж бичсэн байгаа нь өөрийгөө ажил хүлээлцэх комисст оруулсан нь ямар учиртай юм бол. Б.Оюунгэрэл нь ээлжийн амралттай байхдаа намайг ажлаас халах тушаал гаргаж байгаа нь тэр хүний ёс зүйд нийцэхгүй бөгөөд энэ нь хүчин төгөлдөр эрхийн акт биш гэж үзэж байна. Иймд Б.Оюунгэрэл захирлын 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 23 тоот тушаалыг хүчингүйд тооцож, намайг Жаргалант сумын Соёл мэдээллийн төвийн номын санч-үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү. Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү. Миний бие Б.Оюунчимэг нь Орхон аймгийн Жаргалант сумын Соёл мэдээллийн төвийн дарга Б.Оюунгэрэлийн 2016-08-18-ны өдрийн 23 тоот тушаалаар ажлаас халагдсан бөгөөд 2016 оны 08 дугаар сарын 18-ны өглөө ажилдаа ирээд ажлаа хийж байгаад Б.Оюунгэрэлийн өрөөнд цэвэрлэгээний материал авахаар ортол Б.Оюунгэрэл нь надад хандан “би чамайг ажлаас халж байна” гэж хэлсэн, тэгэхлээр нь би "яагаад, ямар үндэслэлээр халж байгаа юм бэ” гэхэд, “чи ажил тасалсан, архи уусан” гэж хэлсэн ба миний бие хэзээ ажил тасалсан, хэзээ архи уусан зөрчил гаргасан талаар лавлахад надад ямар ч хариулт хэлээгүй, ингээд тушаалыг хүлээж авсан. Гэтэл уг тушаалд хэзээ ямар сахилгын зөрчил гаргасан талаар огт дурьдаагүй байсан, энэ асуудлаар шүүхэд хандсан билээ. Тэгээд намайг ажлаа 2 хоногийн дараа буюу 2016 оны 08 дугаар сарын 20-нд хүлээлгэж өг гэж хэлсэн ба миний бие 18-нд халагдсан ч 19, 20, 21, 22-ны даваа гаригт ажлаа хүлээлгэж өгсөн. Миний бие тус тушаалыг хараад ажил хүлээлцсэний дараа “...үндэслэлгүй халсан байна, яагаад намайг халж байгаа юм бэ....” гэж дахин дахин асуухад 2016 оны 06 дугаар сарын сүүлээр 2 хоног ажил тасалсан, мөн тэр үедээ ажлын байранд архи уусан...” гэж халж байгаа тухайгаа хэлсэн. Иймээс энэхүү тушаалыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж дараах нэмэлт тайлбарыг гаргаж байна. Миний бие ажлын байранд архи уугаагүй бөгөөд 2016 оны 06 дугаар 21-нд ажил тарсны дараа Улаантолгой багийн Засаг дарга Ц.Бямбасүрэнтэй ажлын өрөөнд Жаргалант суманд хэрэгжиж байсан “хашаажуулах, ногоожуулах төсөл” бичиж байтал хэн нэгэн нь Соёлын төвийн хаалгыг түгжиж явсан байсан ба тухайн үед нь техникч-харуул Лхагвадавааг дуудаж онгойлгуулсан. Энэ үед ямарч архи дарс хэрэглээгүй бөгөөд Б.Оюунгэрэл нь хожим Лхагвадавааг дуудаж байгаад ...намайг архи уусан.,.гэсэн бичиг бичүүлж авсан байдаг. Энэ үндэслэлээрээ намайг халсан гэх атлаа тушаалдаа дурьдаагүй байдаг ба энэ нь хууль бус юм. 2016 оны 06 дугаар сард намайг ажил тасалсан гэж халсан тухайгаа Б.Оюунгэрэл хэлж байсан бөгөөд 2016 оны 06 дугаар сард би огт ажил таслаагүй. Харин хүндэтгэн үзэх шалтгаанаар миний бие 2016 оны 06 дугаар сарын 08-ны үдээс хойш нягтлан бодогч Э.Оюунд мэдэгдэж үдээс хойших 4 цагийн чөлөө аваад явсан. Энэ талаар Буян, Лхагвадаваа ч бас мэднэ. Мөн Б.Оюунгэрэл нь надад ээлжийн амралтын мэдэгдэл олгохдоо 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр ажилд орохоор мэдэгдэл өгсөн ба ийнхүү хугацааг миний ээлжийн амралтын эдлэх ёстой хоногоос илүү хугацаагаар олгосон нь 2016 оны 07 дугаард улсын баяр наадам, сумын баяр наадам болохтой холбогдуулан ээлжийн амралтын дундуур ажиллахтай холбоотой байсан бөгөөд баяр ёслолын өдрөөр ажилласны нэмэгдэл өгөх боломжгүй гэж хэлээд амрах хугацааг сунгасан, Гэтэл шүүхэд өгсөн ээжлийн амралтын мэдэгдэлдээ намайг 2016 оны 08 дугаар сарын 4-ний өдөр ажилд орохоор мэдэгдэх хуудас өгсөн баримтыг шүүхэд гаргаж өгсөнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн намайг наадмын үеэр ээлжийн амралттай байхдаа ажилласан болохыг миний хамт олон төдийгүй, тус сумын Засаг даргын тамгын газрын ажилтууд, Жаргалант сумын иргэд ч мэднэ. Ийм байтал намайг ажилласан нь үнэн болохыг тодорхойлсон нягтлан бодогч Э.Оюуныг албан тушаалын эрх мэдлээ ашиглан дарамталж миний эсрэг тодорхойлолт гаргуулсан байна. Мөн гэрчээр оролцуулахаар шүүхээс шийдвэрлэсэн бүжгийн багш, арга зүйч Б.Буянг өмнөх шүүх хуралдаан дээр Б.Оюунгэрэл дагуулж ирэн хэргийн материалыг танилцуулсан байх хэргийн талаар юу гэж мэдүүлэг өгөхийг хүртэл заасан байна. Гэрчийг ийнхүү хэргийн материал танилцуулж өөртөө ашигтай мэдүүлэг өгөхөөр оролдож байгаа мөн хэргийн талаар мэдэх Э.Оюуныг дарамталж байгаа Жаргалант сумын Соёл мэдээллийн төвийн эрхлэгч Б.Оюунгэрэлд хуулийн хариуцлага хүлээлгэх шаардлагатай гэж үзэж байна. Уг нь Б.Буянг хэргийн талаар Б.Оюунгэрэл ятгаагүй, хэргийн материал танилцуулаагүй бол миний бие гэрчээр оролцуулах шаардлагатай гэж үзэж байсан юм. Миний бие Б.Оюунчимэг нь Орхон аймгийн Жаргалант сумын Соёл мэдээллийн төвд холбогдуулан ажил эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, мөн хариуцагчаас гаргаж өгсөн баримтыг үгүйсгэх, няцаах зорилгоор дараах нэмэлт тайлбарыг нотлох баримтын хамт гаргаж байна. Үүнд: хариуцагчаас намайг ажлын байрандаа архи уудаг тухай огт үндэслэлгүй худал тайлбар гаргасан байх бөгөөд техникч, харуул БЛхагвадавааг дарамталж байж худал тайлбар бичүүлэн үүнийгээ хэрэгт нотлох баримтаар өгсөн байна. Хэн, хэзээ үйлдсэн нь тодорхойгүй "Б. Лхагвадаваа" гэх нэртэй бичгийг шүүхэд гаргаж өгсөн байгаа нь миний талаарх худал зүйлийг бичсэн байна. Харин миний бие БЛхагвадаваагаас асуухад Б.Оюунгэрэл нь түүнийг албан тушаалаараа шахалтанд оруулж байж "...2016-06-21-нд ...өрөөндөө дотроосоо цоожлоод Б.Оюунчимэг, Бямбасүрэн нар архидсан ..." гэх бичгийг хийлгэсэн байх ба энэ талаараа өөрөө нотариат дээр очиж баталгаат гарын үсэгтэй бичиг хийж өгсөн ба үүнийг нотлох баримтаар гаргаж байна. Мөн надтай хамт архидсан гэж Б.Оюунгэрэлийн дарамталж байсан бичүүлсэн бичигт байгаа Улаантолгой багийн Засаг дарга Ц.Бямбасүрэн нь мөн "архи уусан" гэх гүтгэлгийг худал болохыг тодорхойлсон бичгийг өөрийн гараар надад бичиж өгсөн болно. Эрхлэгч Б.Оюунгэрэл нь намайг ажлаас 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр ажлаас халах тухай тушаал гаргасан бөгөөд намайг хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхаж бодлого явуулж 2016 оны 06 дугаар сард ажил тасалсан гэж үзэж ажлаас халсан билээ. Гэтэл энэ үед буюу тушаал гаргах үедээ эрхлэгч Б.Оюунгэрэл нь ээлжийн амралттай байсан бөгөөд амралттай байх үедээ ийнхүу ажлаас халах тушаал гаргасныг нотлох Орхон аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр 28-ны өдрийн 01/449 дугаартай албан бичгийг нотлох баримтаар гаргаж байна. Энэ албан бичиг нь түүнийг ажилдаа орсон байсан гэх худал тайлбарыг үгүйсгэх юм. Нөгөө талаас Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Боловсрол соёлын газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 296 дугаартай албан бичгийг мөн нотлох баримтаар гаргаж байна. Мөн Жаргалант сумын Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А/140 дугаартай захирамжаар Б.Оюунгэрэлийн ээлжийн амралтын хугацааг дуусгавар болгож байгаа тухай захирамжийг мөн нотлох баримтаар гаргаж байна. Энэ нь Б.Оюунгэрэлийг 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ажилд орсныг нотлон харуулж байгаа юм. Миний бие Жаргалант сумын номын санчаар 20 гаруй жил ажилласан мэргэжлийн туршлагатай ажилтан бөгөөд Б.Оюунгэрэл нь намайг ажилд тэнцэхгүй байгаа мэтээр үзэж байгаа нь үндэслэлгүй юм. Миний бие 20 гаруй жил мэргэжлээрээ ажилласан туршлагатай ажилтан бөгөөд ажиллаж байх хугацаандаа өөрийн санаачлагаараа мэргэжил ур чадвараа дээшлүүлэн ажиллаж ирсэн. Үүнийг нотлох баримт болох 3 жилд нэг удаа явагддаг номын санчдын мэргэшүүлэх сургалтанд тогтмол хамрагдаж байгаа бөгөөд үүнийг нотлох баримтууд хэрэгт авагдсан байгаа. Миний бие 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс ээлжийн амралтаа авсан боловч 2016 оны 07 дугаар сард сумын баяр наадмын үеэр ажиллах шаардлагын дагуу 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүртэл ээлжийн амралт олгохоор мэдэгдэх хуудсыг Б.Оюунгэрэл өөрөө надад бичиж олгосон. Үүний дагуу миний бие ээлжийн амралтаа эдэлж байгаад 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр ажилдаа орж, 2016 оны 07 дугаар сарын 23-ны өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан ба ийнхүү ажилласан хугацааг Б.Оюунгэрэл цагийн бүртгэлийг нөхөн хийж намайг ээлжийн амралттай байсан мэтээр тэмдэглэсэн нь үндэслэлгүй юм. Үүнийг үгүйсгэх нотлох баримт болох Б.Оюунгэрэлийн өөрөө надад гардуулан өгсөн ээлжийн амралтын мэдэгдэх хуудас, намайг ээлжийн амралтын дундуур ажилласан болохыг нотлох нягтлан бодогч Э.Оюуны тодорхойлолт зэрэг байна. Б.Оюунгэрэл нь намайг ажилд тэнцэхгүй гэж үзэж ялгаварлах атлаа үнэн хэрэгт миний талаарх ажил байдлын тодорхойлолтоо миний ажилласан байдал, мэргэжлийн ур чадвар зэргийг бодитоор бичиж, өөрөө гарын үсэг зурж байсан байх ба энэ нь одоо шүүхэд худал тайлбар болж байна. Иймээс үүнийг нотлох Б.Оюунгэрэлийн бичсэн миний талаарх ажил байдлын тодорхойлол байгаа гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Оюунчимэгийг Жаргалант сумын соёл мэдээллийн төвийн эрхлэгчийн 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 23 дугаартай тушаалаар халсан нь үндэслэлтэй. Б.Оюунчимэг хүндэтгэн үзэх шалгаангүйгээр ажил таслаж, Соёл мэдээллийн төвд сонгуулийн хэсгийн хороо байрлаж байхад ажлын байран дээр архи уусан. Нотлох баримтууд байгаа. Соёл мэдээллийн төвийн эрхлэгч Оюунгэрэл би БСГ-ын даргын 296 тоот дугаартай албан тоотын дагуу 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ажилдаа орж 15-ны өглөө Сумын засаг дарга Х.Бөхтулгад албан ёсоор мэдэгдсэн. Б.Оюунчимэгийг ээлжийн амралттай үедээ халаагүй болно. Иймд Б.Оюунчимэгийн хөдөлмөрийн гэрээг цуцлаж, ажлаас халах үндэслэлтэй тул Б.Оюунчимэгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2016 оны 06 дугаар сарын 6, 7-нд ажил тасалсан, 30-нд мөн ажилдаа ирээгүй, 8 дугаар сарын 04-нд ээлжийн амралтаа дуусгаад ажилдаа орох байсан, 16-нд ажилдаа орсон. Ээлжийн амралтын мэдэгдэлийг 8-нд орно гэснийг Б.Оюунчимэг 1-ийн тоо өмнө нэмж тавьсан байх, би тийм ээлжийн амралтийн мэдэгдэл өгөөгүй, мэдэгдэлээ аваагүй явсан. Миний гарын үсэг бол мөн. 8 сарын цагийн блансыг би анзаараагүй гарын үсэг зурсан байсан ... гэжээ.

                                                                    ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч Б.Оюунчимэг нь Орхон аймгийн Жаргалант сумын Соёл мэдээллийн төвийн номын санч, үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Орхон аймгийн Жаргалант сумын Соёл мэдээллийн төвд номын санч-үйлчлэгчээр ажиллаж байсан Б.Оюунчимэгийг  Соёл мэдээллийн төвийн захиралын 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 23 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131.1.3 дахь заалт, байгууллагын дотоод журмын 8.2.2, 8.2.3, 11.1.1, 11.1.2,11.1.4-ын 6 дахь заалт, хөдөлмөрийн гэрээний 5.1.1 дэх заалт зэргийг үндэслэн ажлаас нь чөлөөлсөн болох нь зохигчдын тайлбар, хэргийн 4 дүгээр хуудаст авагдсан тушаалын хуулбар зэргээр нотлогдсон байна.

Хариуцагч тушаалын үндэслэлээ: ” ... Б.Оюунчимэг хүндэтгэн үзэх шалгаангүйгээр 2016 оны 06 дугаар сарын 6, 7-ны өдрүүдэд ажил тасалсан, 30-нд мөн ажилдаа ирээгүй, 8 дугаар сарын 04-нд ээлжийн амралтаа дуусгаад ажилдаа орох байсан, 16-нд ажилдаа орсон тул ажил тасалсан гэж үзэж байгаа...” гэж мэтгэлцсэн.

Б.Оюунчимэгийн ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.1.1-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн, эсвэл согтуу ирсэн” бол хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцож хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар заасан, хөдөлмөрийн дотоод журмын 11.1.2,11.1.4-д энэ талаар мөн заасан байх ба Б.Оюунчимэгийг дээрх үндэслэлээр ажлаас халсан нь үндэслэлгүй байна.

Учир нь 2016 оны 06 дугаар сарын 6, 7-ны өдрүүдэд ажил тасалсан байдал нотлогдоогүй бөгөөд, хариуцагчийн төлөөлөгч Б.Оюунгэрэлийн: “...6, 7-нд өглөө ажилдаа ирчээд гарсан юм шиг байгаан, тэгээд архи уусан, тэр нь нотлогдохгүй тул ажил тасалсан гэж үзэж ажлаас халсан гэсэн тайлбараар ажлаа тасалсан гэдэг нь үгүйсгэгдсэн. Мөн гэрч Э.Оюун: “ сонгуулийн байр засах гээд Соёлын төв дээр очиход Б.Оюунчимэг эгч байхгүй байсан, утсаар нь асуухад би банкин дээр байна гэж хэлсэн...” гэж мэдүүлсэн бөгөөд ажилчдын цагийн бүртгэл засвартай, хэрэгт өгсөн хувийг нотариатаар гэрчлүүлсэн хэдий ч, эх хувь нь байхгүй байгаа нотариат эх хувь байхгүй бол батлахгүй гээд байхаар нь хуулбар дээр нь тамгаа дарж батлуулсан гэж хариуцагчийн төлөөлөгч тайлбарласан. Иймд 6, 7-ны өдрүүдэд Б.Оюунчимэгийн ажил тасалсан байдал нотлогдоогүй гэж үзнэ. 

Б.Оюунчимэг нь 2016 онд Сонгуулийн байгууллагад ажиллах сургалтанд хамрагдаж, 1599 дугаар хэсгийн хорооны зохион байгуулагчаар ажилласан болох нь хэрэгт ирүүлсэн сонгуулийн зохион байгуулагчийн үнэмлэх, сургалтанд хамрагдсан тухай гэрчилгээ, гэрч Б.Бямбадоржийн мэдүүлгээр нотлогдсон.

Гэрч Б.Бямбадорж: “ ...Сонгууль 2016 оны 06 дугаар сарын 29-нд болсон. Тэр шөнө сонгуулийн хэсгийн хорооныхон нойргүй ажилласан тул маргааш нь биднийг амар гэсэн...” гэж мэдүүлсэн бөгөөд Б.Оюунчимэгийг 06 дугаар сарын 30-нд ажил тасалсан гэх үндэслэлгүй.

Харин Б.Оюунчимэг нь ээлжийн амралтаа 2016 оны 07 дугаар сарын 01-нээс эхлэн эдэлсэн байх бөгөөд, ээлжийн амралтын мэдэгдэл хоёр өөр байгаа, түүн дээр ажилдаа орох хугацааг зөрүүтэй тавьсанаас талуудын хооронд маргаан үүссэн.

Зохигчид ээлжийн амралтын мэдэгдэл дээрх гарын үсгүүдээ хэн аль нь хүлээн зөвшөөрч байх боловч, хариуцагчийн төлөөлөгч 8 сарын 04-нд орох ээлжийн амралтын мэдэгдэлээ нэхэмжлэгчид гардуулж өгөөгүй гэдгээ тайлбарласан, харин нэхэмжлэгч надад 8 сарын 18-нд ажилдаа орно гэсэн мэдэгдэл л өгсөн гэж тайлбарладаг. 

Нэхэмжлэгч Б.Оюунчимэг Жаргалант сумын наадам болох үед ээлжийн амралтаа авсан байсан бөгөөд баяр наадмын үеэр ажиллаж байсан болох нь гэрч Э.Оюуны мэдүүлэг нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдсон.

Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын  9 дүгээр зүйлд “ Амралтын ба баяр ёслолын өдөр ажилласан үед цалингийн сан хүрч байгаа тохиолдолд мөнгийг, хүрэхгүй тохиолдолд дараагийн өдрүүдэд нөхөж амраана” гэж заажээ. Тиймээс ээлжийн амралттай байх хугацаандаа баяр ёслолын үеэр ажиллаад нөхөж амарсан асуудал нь ажил тасалсан гэж үзэх шалтгаан болохгүй.

Ээлжийн амралтын мэдэгдэлийг 8 дугаар сарын 18-нд орно гэж гардуулсан, 8 дугаар сарын цалингийн блансаар Б.Оюунчимэгийг ээлжийн амралттай гэж тэмдэглэгдсэн зэрэг нь ажил тасалсан гэж үзэх үндэслэл болохгүй байна.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т “сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасан.

2016 оны 6 сарын 6, 7-нд ажил тасалсан гэж цалинг суутгасан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т “сахилгын шийтгэлийг илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасантай нийцэхгүй байна.

Хариуцагчийн өмгөөлөгч сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар гэдэг ерөнхий хугацаандаа орно гэж мэтгэлцэж байх боловч энэ нь дээрх үндэслэлд хамаарахгүй, хууль тогтоогч нэгэнт сахилгын зөрчлийг илрүүлсэнээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж тодотгосон байгааг анхаарах нь зүйтэй.

Иймд Жаргалант сумын Соёл мэдээллийн төвийн захиралын 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн “Б.Оюунчимэгийн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан” 23 дугаартай тушаал үндэслэлгүй байх тул Б.Оюунчимэгийг тус төвийн номын санч, үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 08 дугаар сарын 18-наас 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх /571 533 : 21,5= 26 583 х 135 ажлын өдөр/ цалинтай тэнцэх нөхөх олговор 3 588 695 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь, Жаргалант сумын Соёл мэдээллийн төвийн захиралын 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 23 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах шаардлага гаргасан бөгөөд үүнийг нэхэмжлэлийн шаардлага гэж үзэж шийдвэрийн тогтоох хэсэг тусгах шаардлагагүй, нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж буй хэлбэр гэж үзсэн болно. 

 Нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар 70 200 төгрөг улсын орлогод оруулсныг буцаан олгож, хариуцагчаас 72 369 төгрөг гаргуулан улсын орлогод оруулаар заалаа.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                                                                                       ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Б.Оюунчимэгийг  Орхон аймгийн Жаргалант сумын Соёл мэдээллийн төвийн номын санч-үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор 3 588 695 төгрөгийг Орхон аймгийн Жаргалант сумын Соёл мэдээллийн төвөөс гаргуулан Б.Оюунчимэгт олгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар нэхэмжлэгч Б.Оюунчимэгийн цалинтай тэнцэх нөхөх олговор 3 588 965 төгрөгнөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган авч зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг “Орхон аймгийн Жаргалант сумын Соёл мэдээллийн төв”-д даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар 70 200 төгрөг улсын орлогод оруулсныг  Б.Оюунчимэгт буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчаас 72 369 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай.

4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ХИШИГДАВАА

.