Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2018/01227

 

С.С-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2018/00231 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 815 дугаар магадлалтай,

С.С-ын нэхэмжлэлтэй

БХЗХТБАА-нд холбогдох,

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.С-, өмгөөлөгч С.Хишигбаяр, гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.Төмөрцэцэг, нарийн бичгийн дарга Б.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч С.С-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Батхаан трейд ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Мэдээлэл сан хадгаламж зээлийн хоршооноос зээл авсан. Зээлийн асуудлыг Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 702 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2003 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 535 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2003 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 685 тоот тогтоолоор шийдвэрлэсэн. Улсын Дээд шүүхээс Мэдээлэл сан хадгаламж зээлийн хоршоонд 188.612.500 төгрөгийг С.С- нь төлөхөөр шийдвэрлэсэн. Энэ тогтоолын дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба ажиллагаа явуулахдаа дараах байдлаар хууль зөрчсөн. Үүнд Батхаан трейд ХХК-ийн захирал С.С-ын эзэмшилд байсан төмрийн худалдааны захыг 2003 оны 10 дугаар сарын 29-ний өдөр эд хөрөнгө битүүмжлэх тухай 0001707 актаар битүүмжлэхдээ зах дээр нь очиж үзэлгүйгээр акт үйлдсэн. Хөндлөнгийн гэрчийг оролцуулаагүй. Мөн 2003 оны 10 дугаар сарын 29-ний өдрөө төмрийн худалдааны захад очиж үзэлгүйгээр нэхэмжлэгчийн барилгын хэрэглээний 133 нэр төрлийн төмөр материалуудыг хураах тухай эд хөрөнгө хураах 000034 тоот акт гаргасан ба хөндлөнгийн гэрчийг оролцуулаагүй. Эд хөрөнгө, төмрийн захын хашаа зэрэгт нэг бүрчлэн үзлэг хийгээгүй, хөрөнгийн тоо хэмжээнд бүртгэл хийгээгүй, тэмдэглэл хөтлөөгүй, албан тасалгаандаа дээрх актуудыг гаргасан. Шинжээч томилох тухай 112 тоот тогтоолыг гаргахдаа эд хөрөнгийн тооллогын комиссын бичиг баримтыг 2003 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хуурамчаар нөхөн үйлдэж, шийдвэр гүйцэтгэлийн материалд хавсаргасан. Мөн эд хөрөнгийн үнэлгээ нь шинжээч томилсон тогтоолын өмнөх өдөр 2003 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр комиссын гишүүдийн гарын үсэгтэй бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн. Шийдвэр гүйцэтгэгч Д.Анхтуяа нь төмрийн худалдааны захын эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалтын талаар ямар ч арга хэмжээ аваагүй, хяналт тавиагүйн улмаас Мэдээлэл сан хадгаламж зээлийн хоршооны захирал Д.С- нь битүүмжлэх болон эд хөрөнгийг хураасан акт үйлдэгдсэний дараа төмрийн захад зөвшөөрөлгүйгээр хууль бусаар халдаж өөрийн харуул хамгаалалтыг тавьж, төмрийн зах дээр байсан барилгын хэрэглээний төмөр, материалуудыг дур мэдэн үнэ хямдруулан худалдан борлуулж, эд хөрөнгийг үрэн таран хийсэн. Борлуулалтын орлогуудыг нь шийдвэр гүйцэтгэлийн дансанд тушаагаагүйн улмаас төлсөн төлбөрөөс хасалт хийгээгүй. Тухайн үед зах дээр байсан барилгын төмөр материалуудыг нэг бүрчлэн үнэлэхэд 273.000.000 төгрөгийн үнэ бүхий 133 нэр төрлийн барилгын хэрэглээний төмөр хийцийн тоног төхөөрөмжүүд байсан. Анх Мэдээлэл сан хадгаламж зээлийн хоршооноос 2001 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс нийт 197.265.000 төгрөгийн зээл авч дараах байдлаар зээлийн төлбөрийг төлсөн. Үүнд: Зээлд 210.883.862 төгрөг, 2003 оны 6 дугаар сарын 13-аас 2003 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн хооронд анхан шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд 3.999.884 төгрөг, 2003 оны 7 дугаар сарын 05-аас 2006 оны 8 дугаар сарын 30-ны хооронд 49.266.378 төгрөгийг төлсөн. Барилгын хэрэглээний төмөр материалын захад байсан 273.000.000 төгрөгийн бараа материалаас зарагдсан 100.000.000 төгрөгийг бэлнээр Мэдээлэл сан хадгаламж зээлийн хоршоонд төлсөн. Дээрх төлбөр төлсөн баримтууд, шийдвэр гүйцэтгэлийн материалаас үзэхэд зарим төлбөрүүдийг хасалт хийгээгүй, анхны төлөх үнийн дүнд өөрчлөлт оруулалгүйгээр өнөөдрийг хүртэл Улсын Дээд шүүхийн тогтоолоор шийдвэрлэсэн 188.612.500 төгрөгийн төлбөр нэхэмжлэгдсээр байна. Төлбөр авагч 28.612.500 төгрөг хүлээн авсан нь үнэн болно гэсэн баримт байхад шийдвэр гүйцэтгэгч нь төлбөрөөс хасалт хийгээгүй. 2003 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр төлбөр авагч Мэдээлэл сан хоршооны албан бичигтээ 8.144.832 төгрөгийг өрийн үлдэгдлээс хасч тооцно уу гэснийг төлбөрөөс хасалт хийгээгүй. Өндөр насны тэтгэврийн дансыг битүүмжлэхдээ 1.300.000 төгрөгийг авсан нь хасагдаагүй. Эд хөрөнгө битүүмжлэх болон эд хөрөнгө хураах актууд гарах үед нэхэмжлэгчийн эзэмшилд байсан барилгын хэрэглээний төмөр материалын зах дээр 173.000.000 төгрөгийн үнэ бүхий төмөр материал, 100 х 60 метрийн харьцаатай төмрийн захын модон хашаа, газар эзэмших эрх нь байхгүй болсон. Энэ нь төлбөл зохих 135.346.238 төгрөгөөс 37.653.752 төгрөгийн үнэ бүхий материал илүү байсан. Иргэн С.С- нь төлбөл зохих төлбөрөө бэлэн мөнгөөр, эд материалаар бүрэн төлж, илүү төлөлттэй дуусгасан. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцож, гүйцэтгэх баримт бичгийг хааж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батмөнхийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудсыг 2003 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Төлбөр төлөгч нь төлбөр төлөөгүй тул 2003 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 162 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Д.Анхтуяа С.С-ын Батхаан трейд ХХК-ийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байрлах төмрийн захыг, төмөр материалын хамт битүүмжилж, 0000304 дугаар эд хөрөнгө хураах актаар хураан, Баянзүрх дүүргийн газрын албанд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2003 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2/6545 дугаар албан бичиг хүргүүлж, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн. Төмрийн захыг 2002 онд Улсын мөрдөх байцаах газраас битүүмжлэн Мэдээлэл сан хадгаламж зээлийн хоршооны захирал Д.С-д хүлээлгэн өгсөн байдаг бөгөөд битүүмжлэгдсэн төмрийг төлбөр төлөгчийн хяналтад худалдан борлуулахаар талууд харилцан тохиролцож, төлбөр авагч тал, төлбөр төлөгчийн эгч С.Үржинсүрэн нар хамтран худалдан борлуулж, төлбөрөөс 48.000.000 төгрөгийг барагдуулж, одоо 140.600.000 төгрөгийн төлбөр төлөгдөөгүй үлдэгдэлтэй байна. Үүнээс өөр төлбөр төлсөн баримтыг төлбөр авагч гаргаж өгөөгүй учир үлдэгдэлтэй гэж үзэж байгаа. Иймд С.С-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2018/00231 дүгээр шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дах хэсэгт заасныг баримтлан С.С-аас 189.661.562 төгрөг гаргуулж, Мэдээлэл сан хадгаламж зээлийн хоршоонд олгохоор шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 702 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2003 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 535 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2003 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 685 дугаар тогтоолын дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч С.С-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 815 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2018/00231 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.С-ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч С.С- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Төлбөр авагч Мэдээлэл сан ХЗХ-ны захирал Д.С- нь зээлийн барьцаанд байсан төмрийн захыг 2002.09.26-ны өдөр Улсын мөрдөн байцаагч С.Амартүвшингийн хамт “Хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл” үйлдэж, 230.000.000 төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилж, хамгаалагчаар Н.Найданг томилж, хадгалалтандаа авсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа. 2002.09.29-ний өдөр Д.С-, Д.Гэрэлцэцэг, “Батхаан трейд” ХХК-ийн захирал С.С- нарыг байлцуулан “Батхаан трейд” ХХК-ийн Баянзүрх дүүрэгт байсан төмрийн захын бараа материалын тооллогын бүртгэл үйлдэж, зээлийн барьцаанд байсан бүх эд хөрөнгийг төлбөр авагч хүлээж авсан бөгөөд цаашид үргэлжлүүлэн борлуулалт хийж борлуулалтын орлогоо авч байсан нь №53-254 дугаарын баримтуудаар төлсөн нь нотлогдож байгаа. Тухайн үед зах дээр байсан барилгын төмөр материалуудыг нэг бүрчлэн үнэлэхэд 273.000.000 төгрөгийн үнэ бүхий 133 нэр төрлийн барилгын хэрэглээний төмөр материалууд, алтны уурхайн болон төмөр хийцийн тоног төхөөрөмжүүд байсан. Төлбөр төлөгч нь зээлийн төлөлтийн хувьд төлбөр авагч нь 28.612.500 төгрөг хүлээн авсан нь үнэн болно” гэсэн баримт байхад шийдвэр гүйцэтгэгч төлбөрөөс хасалт хийгээгүй.

Шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ шийдвэр гүйцэтгэгч Д.Анхтуяа нь дараахь хууль бус үйлдлүүдийг хийсэн. Үүнд:

1. 2003.10.29-ний өдөр “Батхаан трейд” ХХК-ийн захирал С.С- миний эзэмшилд байсан Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж байсан барилгын материалын хэрэглээний төмрийн худалдааны захыг 2003.10.29-ний өдөр “Эд хөрөнгө битүүмжлэх” тухай №0001707 актаар битүүмжлэхдээ төмрийн худалдааны зах дээр нь очиж үзэлгүйгээр албан тасалгаандаа акт үйлдсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасныг бүхэлд нь зөрчиж, захиран зарцуулах эрхийг хязгаарласан.

2. 2003.10.29-ний өдрөө “Барилгын материалын хэрэглээний төмрийн худалдааны зах”-д очиж үзэлгүйгээр миний эзэмшилд байсан барилгын хэрэглээний 133 нэр төрлийн төмөр материалуудыг хураан авч “Эд хөрөнгө хураах” тухай №000034 тоот акт гаргахдаа хөндлөнгийн 2-оос дээш гэрчийг оролцуулаагүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийг зөрчсөн.

3. БЗД-ийн шийдвэр гүйцэтгэгч Д.Анхтуяа нь дээрх хууль бус актуудыг гаргахдаа “Батхаан трейд” ХХК-ийн төмрийн зах дээр очиж үзэлгүйгээр барилгын хэрэглээний төмөр материалууд болон бусад эд хөрөнгө, төмрийн захын хашаа зэрэг эд хөрөнгөнд нэг бүрчлэн үзлэг хийгээгүй, хөрөнгийн тоо хэмжээнд бүртгэл хийгээгүй, хөрөнгийн тэмдэглэл хөтлөөгүй тул албан тасалгаандаа дээрх актуудыг нөхөж гаргасан нь эд хөрөнгийг хамгаалах, битүүмжлэх ажиллагааг хууль бусаар үйлдсэн байсан.

4. Шинжээч томилох тухай 112 тоот тогтоолыг гаргахдаа эд хөрөнгийн тооллогын комиссын бичиг баримтыг 2003.11.13-ны өдөр хуурамчаар нөхөн үйлдэж шийдвэр гүйцэтгэлийн материалд хавсаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийг бүхэлд нь зөрчиж шинжээчийн дүгнэлтийг гаргахдаа “шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд шинжээч оролцох” гэсэн заалтыг ноцтой зөрчиж шинжээчийн дүгнэлтийг хууль ёсны дагуу гаргаагүй. Үнэлгээчин нь 19 нэр төрлийн төмрийг үнэлсэн үнэлгээ бүхий баримтыг үйлдэхдээ ямар байгууллагын хэн гэдэг үнээлгээчин үнэлсэн эсэх нь тодорхойгүй, үнэлгээний комиссын шийдвэр гэх бичиг баримт нь дарга, гишүүдийн гарын үсэг зурагдаагүй, өөр өөр төрлийн төмөр материалыг нэг ижил үнээр хэт хямдхан үнийн дүн бичсэн бичиг баримтыг хуурамчаар үйлдэж гүйцэтгэлийн материалд хавсаргасан. Эндээс үзэхэд шинжээч томилох тухай 112 тоот тогтоолыг үйлдсэн боловч эд хөрөнгийн хуурамч үнэлгээ гаргасан байсан.

Шийдвэр гүйцэтгэгч нь Төмрийн худалдааны захын эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалтын талаар ямар ч арга хэмжээ аваагүй, хяналт тавиагүйн улмаас Мэдээлэл сан ХЗХ-ны захирал Д.С- нь битүүмжлэх болон эд хөрөнгийг хураасан акт үйлдэгдсэний дараа төмрийн захад өөрийн харуул хамгаалалтыг тавьж, төмрийн зах дээр байсан барилгын хэрэглээний төмөр материалуудыг дур мэдэн үнэ хямдруулан худалдан борлуулж, эд хөрөнгийг үрэн таран хийж байхад дээрх хууль бус үйлдлүүдийг таслан зогсоох арга хэмжээ авалгүй, борлуулалтын орлогуудыг шийдвэр гүйцэтгэлийн дансанд тушаалгаагүйн улмаас төлсөн төлбөрөөс хасалт хийгдээгүй байсан зэрэг хууль бус үйлдэл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.1-д заалтыг зөрчсөн. Мөн төлбөр төлөгчийн эд хөрөнгийг худалдан борлуулах, битүүмжилж, эд хөрөнгийг захиран зарцуулахыг хориглосон акт, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31, 36.1.1, 36.2, 36.5, 36.7-д заасны дагуу битүүмжлэх, хураан авахдаа эд хөрөнгийн жагсаалт үйлдээгүй, эд хөрөнгийн чанар, хэрэгцээ, элэгдэлийн байдлыг актанд тусгаагүй, хадгалалт хамгаалалт хийгээгүй тул дээрх ажиллагааг хууль ёсны дагуу явуулаагүй. Иргэн С.С- миний бие төлбөл зохих төлбөрөө бэлэн мөнгөөр болон эд материалаар бүрэн төлж, илүү төлөлттэй дуусгасан бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн хууль бус буруутай үйл ажиллагаанаас болж 2003 оноос одоог хүртэл 15 жилийн хугацаанд бие сэтгэлээрээ хохирч, өндөр насны тэтгэвэр болон харилцах дансаа хаалгаж, ямар ч бизнесийн үйл ажиллагаа явуулах боломжгүй хохирсоор байна.

            Дээрх зөрчил дутагдал, хууль бус үйл ажиллагаануудыг анхан болон давж заалдах шатны шүүх дутуу хянаж, шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхэд төлбөр төлөгч С.С-аас төлбөр төлсөн тухай №1-183 дугаартай төлбөр төлсөн шүүхийн шийдвэрээс өмнө болон дараа нь төлсөн баримтуудыг шүүхэд хүлээлгэн өгсөн боловч давж заалдах шатны шүүхийн материалд хавсаргаж ирээгүй байсан. Харин давж заалдах шатны шүүхэд төлбөр авагч Д.С-ээс ирүүлсэн улаан хавтастай төлбөр төлсөн дутуу баримтыг үндэслэж магадлал гаргасанд гомдолтой байна. Өнөөдрийн байдлаар битүүмжлэгдсэн, хураагдсан эд хөрөнгүүд шийдвэр гүйцэтгэлийн алба, хариуцагч, төлбөр авагч, төлбөр төлөгчид аль алинд нь байхгүй болсоныг шүүх анхаарч зөвөөр шийдэж чадсангүй. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба болон БХЗХТБАА- гэсэн 2 байгууллагын хооронд хохирсоор байна. Иргэн С.С- би 37.653.752 төгрөгийн илүү төлөлттэй байгаа тул төлбөл зохих төлбөрийг бүрэн төлсөн. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-д заасныг үндэслэн БХЗХТБАА-ны шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцож шийдвэр гарган, гүйцэтгэх баримт бичгийг хааж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч С.С- нь БХЗХТБАА-нд холбогдуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсныг тогтоолгох нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 Шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хуулийн шаардлагыг хангаагүй байх тул тэдгээрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 16 дугаар зүйлийн 16.1.2-т зааснаар “төлбөр төлөгч төлбөрөө бүрэн төлсөн бол шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцож шийдвэр гарган, гүйцэтгэх баримт бичгийг хаана” гэж заажээ.

 Нэхэмжлэгч С.С- нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар төлбөрт битүүмжлэгдэн, хураагдаж, төлбөр авагчид хариуцуулсан хөрөнгөөр төлбөрийн үлдэгдэл төлөгдсөн гэж үзэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсныг тогтоолгох нэхэмжлэл гаргасныг, хариуцагч шийдвэр гүйцэтгэлийн баримт бичигт төлбөр төлсөн тухай баримт байхгүй, төлбөр авагч төлбөрөөс 48.000.000 төгрөг төлөгдсөн талаар тайлбар гаргасан, төлбөр төлснөө нэхэмжлэгч нотлоогүй гэж нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.

Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо анхан шатны шүүх гомдол гаргах хугацаа өнгөрсөн үндэслэлээр, давж заалдах шатны шүүх дээрх дүгнэлтээс гадна нэхэмжлэгч шаардлагаа нотлоогүй гэж үзсэн ба хоёр шатны шүүхийн эдгээр дүгнэлт учир дутагдалтай  болжээ.

С.С- нь Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 702 дугаар шийдвэрийн дагуу Мэдээлэл сан ХЗХ-д 188.000.000 төгрөгийн төлбөртэй нь тогтоогджээ.

Дээрх шийдвэрийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба албадан гүйцэтгэх ажиллагааг явуулж, энэ ажиллагааны явцад төлбөр төлөгч С.С-ын Батхаан трейд ХХК-ийн нэр дээр ажиллуулж байсан Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Офицерүүдийн ордны Аюулгүйн тойргийн зүүн талд байрлах төмрийн захын үйл ажиллагаа болон барилгын хэрэглээний төмрийг 2003 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 0001707 тоот актаар битүүмжилж, мөн өдрөө 000034 тоот тогтоолоор хураан авсан, 2003 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр үнэлгээ тогтоолгохоор шинжээч томилжээ.

Төлбөр авагч, төлбөр төлөгч нар тухайн битүүмжлэгдсэн бараа материалаас хамтран зохих хэсгийг худалдаж орлогыг төлбөрт тооцсныг үгүйсгээгүй хэдий ч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар төлбөрт битүүмжлэгдэн, хураагдаж, төлбөр авагчид хариуцуулсан Батхаан трейд ХХК-ийн төмрийн захын хашаа, эзэмшлийн газар, бусад эд хөрөнгө хэрхэн үнэлэгдэх, эдгээр хөрөнгийг хэн хэрхэн зарцуулсан нь тодорхой бус, шийдвэр гүйцэтгэх байгууллага шийдвэрийг биелүүлэх талаар энэ хугацаанд ямар ажиллагаа хийсэн нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шийдвэр гүйцэтгэгч битүүмжилсэн, барьцаалсан эд хөрөнгийг төлбөр төлөгч болон бусад этгээдэд хадгалуулж болдог ба мөн хуулийн 38.2-т хадгалагч эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй байна.

БХЗХТБАА-ны Мэргэжлийн удирдлагын зөвлөлийн 2012 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн хуралдааны тэмдэглэлээс үзвэл, шийдвэр гүйцэтгэгч Э.Дүүрэнцэнгэл нь “...төмрийн захыг битүүмжилж, хурааж, төлбөр авагч Мэдээлэл сан ХЗХ-ны захирал Д.С-д хүлээлгэж өгсөн, баримт байдаг, зах доторхи төмрийг үнэлүүлэхээр шинжээч томилсон боловч үнэлгээ хийгдээгүй, Д.С-ийн өөрийнх нь бичиж өгсөн хүсэлт, тэмдэглэл байдаг, тэмдэглэлдээ захаа төмрийн хамт төлбөрт тооцон худалдсан байдаг. Одоо захын газар дээр орон сууц баригдсан байгаа.” гэсэн танилцуулгыг хийсэн, дэд дарга Н.Бямбадорж “...газрын албан дээр очиж, хаана, хэзээ, хэн гэдэг хүнд газар шилжүүлснийг тодруулах, өмнө хариуцан ажиллаж байсан шийдвэр гүйцэтгэгч н.Анхтуяа, төлбөр авагч Д.С-, төлбөр төлөгч С.С- нартай уулзан тодруулж танилцуул” гэсэн үүргийг өгсөн боловч энэ талаар ажиллагаа хийсэн эсэх нь тодорхой бус байна.

Дээрх байдлыг тодорхой болгохгүйгээр хариуцагч болон гуравдагч этгээдийн   тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох эрх зүйн дүгнэлт хийхэд учир дутагдалтай байна.

Иймд нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2018/00231 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 815 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг шүүгчийн захирамж гарган буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ