Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2022/0151

“Чо” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Лхагвасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл

Илтгэсэн шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гомдол гаргагчийн төлөөлөгч Ө.Б, гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.Б нар

Гомдлын шаардлага: “Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн улсын байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0066924 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 892

Гомдол гаргагч: “Чо” ХХК

Хариуцагч: Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар

Гуравдагч этгээд: “Са” ХХК

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Гомдол гаргагчийн өмгөөлөгч Я.Б, Ш.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Г.Н, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батмаа

Хэргийн индекс: 128/2019/1004/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч “Чо” ХХК нь “Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн улсын байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0066924 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 892 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар “Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 2, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсгийг тус тус баримтлан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн Эм биобэлдмэлийн хяналтын улсын байцаагчид холбогдуулан гаргасан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн Эм биобэлдмэлийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0066924 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий “Чо” ХХК-ийн гомдлыг хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар “Өршөөл үзүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн улсын байцаагч Д.Оюунбилэгийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Чо” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгосон торгуулиас чөлөөлж” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагчийн төлөөлөгч нь дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

3.1. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тухайд:

3.1.1. Анхан шатны шүүхийн шүүгч нь шийдвэрээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1-т заасан 5 хоногийн хугацаанд бичгээр үйлдэн гаргаагүй, шийдвэр гаргах хугацааг 10 хоног хэтрүүлж хууль зөрчсөн атлаа, шийдвэрийг гарсан өдөрт нь нэхэмжлэгчид мэдэгдээгүй гуравдагч этгээдэд дангаар нь мэдэгдэж 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гардуулсан байгаа ба гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргасан, гомдлыг нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлж байгаа талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр мэдэгдсэнээр шүүхийн шийдвэр гарсныг нэхэмжлэгч тал мэдэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн болно.

3.1.2. Улмаар нэхэмжлэгч тал шүүхийн шийдвэрийг гардан авч, давж заалдах гомдол гаргах эрхийг нь хангахгүйгээр, хэргийг давж заалдах шатны шүүхэд хүргүүлж байгаа нь шүүгч хувийн сонирхолтой гэж хардахуйц ёс зүйн ноцтой алдаа гаргасан, нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл гэдгийг анхаарна уу.

3.1.3. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй атлаа хэрэгт хамааралгүй 2016, 2017 оны гаалийн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг гуравдагч этгээдийн хүсэлтээр цуглуулж, уг үйл баримтаа шүүхийн шийдвэрт тусгасан байгаа нь шүүгч “Чо” ХХК-ийг гадаад дахь харилцагч түнш компаниудад нь хууль бус ажиллагаа явуулдаг, дандаа хуурамч баримт гаргаж лиценз авдаг гэж харагдуулахыг зорьсон, энэ зорилгоор байнга ярьдаг “Са” ХХК-ийн зорилтыг хангасан буюу энэ компанид илт үйлчилсэн, нэг талыг хэт баримталсан байна.

3.1.4. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д “Захиргааны хэргийн шүүх хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах бөгөөд уг баримтыг шаардан гаргуулж болохгүй” гэж, 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг тус тус зөрчсөн.

3.1.5. Тодруулбал,     нэхэмжлэгч “Чо” ХХК нь “хариуцагч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн улсын байцаагч Д.Оюунбилэгийн “Чо” ХХК-ийн “2019 оныхоос зөвхөн нэг удаагийн” импортоор эм, эмнэлгийн хэрэгсэл оруулахад шаардагдах лицензийн мэдүүлгийг бүрдүүлсэн үйл баримтыг зөрчил гэж үзээд шалган шийдвэрлэхдээ хууль зүйн фактад нийцэхгүй, компанийн гаргаагүй үйлдлийг компанийн зөрчил болгож хариуцлага хүлээлгэснийг хуульд нийцээгүй" гэж шүүхэд маргасан болно.

3.1.6. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь өөрийн компанийн ажилтан нь ажил үүргийн хуваарийн дагуу компанийн нэр дээр 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Япон Улсын “TERUMO corporation” компанийн “судасны дамжуулагч гуурс”-ны Эм, эмнэлгийн хэрэгслийн импортын /экспорт/ 003/19/6443 дугаартай лицензийг авахаар баримт бүрдүүлэх мэдүүлэгтээ “үйлдвэрлэгчийн нэр” хүснэгтэд “TERUMO corporation” гэж бичих байсныг урьд өдөр нь бичиж байсан мэдүүлгээ ашиглан бөглөхдөө “MEDTRONIC INC” гэдэг нэрийг солихгүйгээр лиценз үүсгэн, “ISPL MEDICAL” компанийн итгэмжлэл, зөвшөөрөл, худалдааны гэрээг хавсарган гаалийн бүрдүүлэлт хийсэн техникийн алдаа байхад хуурамч бичиг баримт үйлдсэн гэж үзсэн байцаагчийн шийтгэвэр үндэслэлгүй, зөрчил биш гэж маргасан.

3.1.7. Ийм байхад анхан шатны шүүх шийдвэртээ гуравдагч этгээд “Са” ХХК-ийн гаргасан нотлох баримт гэх “Чо” ХХК-ийн 2016, 2017 оны хуурамч бичиг баримтууд гэх жагсаалтыг нэг бүрчлэн шийдвэрт тусгаж бичсэн нь хэрэгт огт хамааралгүй буюу маргаан бүхий актад тусгагдаагүй үйл баримтыг тусгасан нь илэрхий санаатай Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийг зөрчсөн үйлдэл юм.

3.1.8. Хэрэв шүүх энэ үйл баримтыг хэрэгт хамааралтай гэж үзсэн бол нэхэмжлэгчээс энэ талаарх үйл баримтыг няцаах тайлбар, нотлох баримт гаргах боломж олгоогүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил юм.

3.1.9. Гуравдагч этгээд “Са” ХХК нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авмагцаа манай гадаад дахь харилцагч компаниуд руу уг шүүхийн шийдвэрийг /энэ үед манайх шүүхийн шийдвэр гарсныг ч огт мэдээгүй байсан/ хүргүүлж, “Чо” ХХК бол ийм хуурамч баримт үйлддэг, үүнийг нь шүүх тогтоочихсон тул энэ компанитай гэрээгээ цуцалж, манай компанитай гэрээ байгуул, байгуулахгүй бол танай толгой компани руу нь мэдэгдэнэ гэх сүрдүүлсэн захидлыг бичсэн байсан ба манай түнш компаниудаас манайхаас энэ талаар лавлаж захидал ирүүлсэн болно.

3.1.10. Энэ үйл баримтаас харвал “Са” ХХК нь манай харилцагч компанийг булаан авах зорилготой энэхүү асуудлыг эхлүүлсэн байдаг ба энэ талаараа ч ил зарладаг байхад анхан шатны шүүхийн шүүгч нар энэ зорилгыг нь хангаж өгсөн гэдэг нь илэрхий байна.

3.2. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримт цуглуулаагүй, байгаа нотлох баримтыг үнэлээгүй тухайд,

3.2.1. Анхан шатны шүүх ”байцаагч нь хяналт, шалгаж хийх эрхтэй, харьяалал зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь илт хууль бус байна.

3.2.2. Гомдол гаргагч нь байцаагчийг хяналт шалгалт хийх эрхгүй гэж маргаагүй, харин Буянт ухаа нисэх буудлын хилийн бүсийн хяналт шалгалтын байцаагч нь хяналт шалгалт явуулаад манай лицензийг “техникийн алдаа гаргасныг мэдсэн, үүнийг техникийн алдаа байсныг мэдэж, хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрч” шийдвэрлэсэн, оруулж ирсэн бараа бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, манай улсад зөвшөөрөгдсөн зэргийг шалгах эрх хэмжээнийхээ хүрээнд шалгаж зөрчилгүй гэж үзсэн.

3.2.3. Ингэж хилийн хяналт шалгалтын байцаагч нэгэнт шалгачихсан зүйлийг хилийн хяналт шалгалт хийх эрхгүй, зөвхөн эм эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдлын хадгалалт, хамгаалалт хариуцсан байцаагч давхар хилийн хяналт шалгалт явуулах эрхгүй гэж маргасан.

3.2.4. Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоолоор “хилийн хяналт шалгалтын байцаагчийн шалгасан асуудлыг хариуцагч шалгах эрхтэй эсэхийг шүүх шалгаж тогтоох, мөн “Чо” ХХК ингэснээр ашиг олох эсэхийг шалгаж тогтоох, зөвшөөрөлтэй барааг буруу мэдүүлсэн бол гомдол гаргагч этгээдэд ямар ашигтайг шалгаж тогтоо гэх агуулгатай даалгавар”-ыг анхан шатны шүүхэд өгсөн байхад уг шүүх энэ маргааны үйл баримтыг ялгаж дүгнэлт өгсөнгүй зориуд орхигдуулсан, гомдол гаргагчийн тайлбарыг зориуд гуйвуулж, Улсын дээд шүүхийн даалгасан асуудлыг биелүүлсэнгүй.

3.2.5. Ялангуяа “Чо” ХХК энэ алдааг гаргаснаар “Са” ХХК-д ямар хохирол, ашигтайг огт дүгнэж өгсөнгүй.

3.2.6. Анхан шатны шүүх ийнхүү дүгнэх ёстой байсан бол хилийн бүсэд шалгалт явуулсан хяналтын байцаагчийн хилээр нэвтрэхийг зөвшөөрсөн талаарх нотлох баримтыг цуглуулаагүй атлаа дээрх байдлаар дүгнэлт хийсэн нь нэг талыг хэт барьсан шийдвэр гэж үзэж байна.

3.2.7. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ Үндэслэх хэсгийн 1.6-д “Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9, 10.9.12-т заасан “Мэргэжлийн хяналтын улсын байцаагч дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, хуульд заасны дагуу хариуцлага ногдуулах” гэснийг барьж шалгалт хийх эрхтэй” гэж дүгнэсэн нь хариуцагч аль дуртай нутаг дэвсгэр дээр очиж, өөр байцаагч шалгаж тогтоосон асуудлыг дахин шалгаж тогтоох эрхтэй гэж дүгнэсэн дүгнэлт гэж ойлгогдож, энэхүү хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

3.2.8. Учир нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9, 10.9.12 дахь заалтуудыг ийнхүү явцуу утгаар тайлбарлаж хэрэглэж байгаа нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Шүүгч дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 16.1.1-д “шүүх хуралдааныг даргалах” гэж заасан заалтыг “Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгч нь Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн шалгаж шийдвэрлэх хэргийг хэн нэгний хүсэлтээр хуралдааныг даргалж шийдвэрлэх эрхтэй гэж тайлбарласантай утга нэг болно.

3.2.9. Иймд Буянт ухаа нисэх буудлын хилийн бүсэд хяналт шалгалт явуулах эрх бүхий этгээд нь хийчихсэн шалгалтыг “Са” ХХК-ийн хүсэлтээр зөвхөн Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт шалгалт хийх эрхтэй хариуцагчийг зөвтгөсөн анхан шатны шүүхийн шийдвэр илт хуульд нийцээгүй.

3.2.10. Анхан  шатны шүүх шийдвэрийнхээ 2.2, 2.3, 2.4-т “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-д заасныг зөрчин үйлдвэрлэгчийн мэдээллийг буруу мэдээлсэн, захирал нь үүнийгээ зөвшөөрсөн, мэдүүлэгт “TERUMO corporation” компанийн нэрийг бус “MEDTRONIC INC” гэж мэдүүлснийг техникийн алдаа гэж үзэхгүй, зөвхөн тоо болон бичиглэлийн алдааг техникийн алдаа гэж үзнэ” гэж дүгнэжээ.

3.2.11. Шүүх энэхүү дүгнэлтээ хийхдээ Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1, 1.3 дугаар зүйлийн 1, 2.1 дүгээр зүйлийн 3 дахь заалтуудыг огт хэрэглэсэнгүй, гаргасан гэх зөрчил нь эдгээр заалттай хэрхэн нийцэж байгаа талаар огт дүгнэлт өгсөнгүй.

3.2.12. Учир нь нэхэмжлэгчээс энэ заалтуудын дагуу “Чо” ХХК-ийн гаргасан алдаа нь Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил биш гэж маргасан байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн энэхүү үндэслэл огт тайлбар өгөөгүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчимд огт нийцэхгүй байна.

3.2.13. Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино” гэж, 1.3 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна” гэж, 2.1 дүгээр зүйлийн 3-т “Хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан шийтгэл оногдуулна” гэж, мөн зүйлийн 5-д “Зөрчил үйлдсэн хүнд шийтгэл оногдуулсан нь тухайн зөрчлийг үйлдсэн хуулийн этгээдийг шийтгэл, албадлагын арга хэмжээнээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж тус тус заасан байна.

3.2.14. 3өрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3 болон 5 дахь заалтуудаас харвал “хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө зөрчил гаргах” гэсэн ойлголт хүний үйлдсэн зөрчил хуулийн этгээдэд хамааралтай боловч зөрчил гаргасан тухайн хүн хариуцлага хүлээнэ гэсэн хоёр өөр зарчмыг агуулсан байна.

3.2.15. Нэхэмжлэгч “Чо” ХХК нь Польш Улсын “ISPL MEDICAL” компанитай гэрээ байгуулан АНУ-ын “MEDTRONIC INC”, Япон Улсын “TERUMO corporation”, Польш Улсын “BALTOM”, АНУ-ын “THREE PIRERS” компаниудын бүтээгдэхүүнүүдийг худалдан авах итгэмжлэл, зөвшөөрөлтэй компани юм.

3.2.16. Компанийн ажилтан М.Болорцэцэгийн мэдүүлсэн 2 бараа нь хоёул “ISPL MEDICAL” компаниас “MEDTRONIC INC” компанийн ийм барааг, “TERUMO corporation” компанийн ийм барааг манай компанид худалдахыг зөвшөөрсөн гэх захидлыг нотлох баримтаар гаргаж өгсөн байхад анхан шатны шүүх энэ үйл баримтад дүгнэлт өгөөгүй зориуд орхигдуулсан, ийм нотлох баримт хэрэгт авагдсан байхад “байхгүй” гэж дүгнэлт хийсэн нь илт хууль бус.

3.2.17. Манай компани дээрх компаниудын эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, нүдний эм хэрэгсэл, лабораторийн оношлуур, урвалж хэрэгслийг Монгол Улсад импортлох ХХ-09/23/3384 тусгай зөвшөөрөл эзэмшигч компани юм.

3.2.18. Гэтэл энэ баримт хэрэгт авагдсан байхад анхан шатны шүүх тусгай зөвшөөрөлгүй гэж илт хууль бус дүгнэлт хийсэн.

3.2.19. Нөгөө талаас нь үзвэл манай компанийн Хангамжийн албаны дарга нь ажлын байрны тодорхойлолтын дагуу “Эмнэлгийн хэрэгсэлд импортын лиценз үүсгэх, гаалийн бүрдүүлэлт хийх” үүргийг хүлээдэг.

3.2.20. Гомдол гаргагч компанийн ажилтан нь ажил үүргийн хуваарийн дагуу компанийн нэр дээр 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Япон Улсын “TERUMO corporation” компанийн “судасны дамжуулагч гуурс”-ны Эм эмнэлгийн хэрэгслийн импортын /экспорт/ 003/19/6443 дугаартай лицензийг авахаар баримт бүрдүүлэх мэдүүлэгтээ “үйлдвэрлэгчийн нэр” хүснэгтэд “TERUMO corporation” гэж бичих байсныг урьд өдөр нь бичиж байсан мэдүүлгээ ашиглан бөглөхдөө “MEDTRONIC INC” гэдэг нэрийг солихгүйгээр лиценз үүсгэн, “ISPL MEDICAL” компанийн итгэмжлэл, зөвшөөрөл, худалдааны гэрээг хавсарган гаалийн бүрдүүлэлт хийсэн байсан.

3.2.21. М.Болорцэцэгийн энэ үйлдэл нь санаатай болоод Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3-т заасан “Хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө” гэсэн гипотези шинж байхгүй байсан

3.2.22. Учир нь “TERUMO corporation” гэж бичих байсныг “MEDTRONIC INC” гэж бичсэнээр уг бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх, бүтээгдэхүүний чанарт өөрчлөлт орох зэрэг ашигтай байдал үүсэхгүй, манай компани ашиг олох боломж байхгүй, судасны мэс засалд хэрэглэдэг байхад хэвлийн мэс засалд хэрэглэнэ гэж бусдыг хуурч мэхлэн зарж борлуулах боломжгүй, барааны код нь өөрчлөгдөхгүй, татвараас зайлсхийхгүй, иргэд, улс оронд эдийн засгийн болон эрүүл мэндийн хохирол учраагүй, “Са” ХХК-ийн нэр төрд халдаагүй, алдагдал авчраагүй, ийм нотлох баримт байхгүй юм.

3.2.23. Гомдол гаргагч “Чо” ХХК нь алдаатай мэдүүлгээр оруулж ирсэн 100 ширхэг “судасны дамжуулагч гуурс” нь бизнесийн зорилгогүй буюу манай компани нийгмийн хариуцлагын хүрээнд манай улсад эмчлэгддэггүй зүрхний хүнд өвчтэй 30 гаруй хүнийг эмчлүүлэхээр Гүрж улсаас өндөр зэрэглэлийн мэргэшсэн эмч нарыг зуучлан ирүүлж, эдгээр эмч нар нь хүмүүнлэгийн зорилгоор манай Улсын төв 3 дугаар эмнэлэгт ирсэн ба эдгээр өвчтөнүүдэд хагалгаа хийхэд шаардлагатай судасны дамжуулагч гуурсыг маш яаралтай горимоор нийлүүлэх оруулах явцад гаргасан техникийн алдаа байсан.

3.2.24. Анхан шатны шүүх гомдол гаргагчийг ийнхүү тайлбарласаар байхад энэхүү үйл баримтыг шалгаж тогтоогоогүй, энд холбогдох нотлох баримтыг цуглуулаагүй, өөрөөр хэлбэл, энэхүү техникийн алдаатай мэдүүлгээр орж ирсэн 100 ширхэг судасны дамжуулагч гуурс нь ашгийн төлөө байсан эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай байсан.

3.2.25. Анхан шатны шүүх “тоо, үсгийн бичиглэлийн алдааг техникийн алдаа гэж үзнэ” гэсэн атлаа бичилтийн алдаа гэж гомдол гаргагчийн тайлбарлаж байгааг өөрийнх нь дүгнэлтээс юу нь өөр болохыг тайлбарлахгүй байгаа, “үгийн алдааг” алдаа гэж үзэхгүй зөрчил болгож байгаа талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй байгаа нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй байна.

3.2.26. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-т “Анхан шатны шүүхийн шийдвэр болон магадлал, тогтоолд үг, үсэг, тооны зэрэг илэрхий алдаа байгаа бол тухайн шийдвэрийг гаргасан шүүгч, шүүх бүрэлдэхүүн залруулга хийж болно” гэж заасан байгаагаас үзвэл шүүх техникийн шинжтэй алдаа гаргах боломжтой гэдгийг хууль тогтоогч нар харж, тогтоосон, нөгөө талаас “үгийн алдаа”-г техникийн алдаа гэж үзэхээр хуульчилсан жишиг хууль байхад анхан шатны шүүх нэхэмжлэгч компанийн гаргасан үгийн алдааг алдаа гэж үзэхгүй байх хууль зүйн үндэслэл байхгүй болно.

3.2.27. Гаалийн мэдүүлэгт “тооны” алдаа нь ноцтой алдаад орно. Учир нь аливаа этгээд гаалийн үнэ, бараа бүтээгдэхүүний тоо, хэмжээг илэрхийлэх тоог алдаж бичвэл гаалийн мэдүүлэгт буруу мэдүүлсэн, татвараас зайлсхийсэн гэдэг хамаарах ноцтой алдаа болдог гэдгийг шүүх огт ялгаж чадсангүй.

3.2.28. Эдгээрээс гадна анхан шатны шүүх “хэлбэрийн төдий зөрчил” гэдэг эрх зүйн ойлголтыг огт мэдэхгүй байна. Энэ бол эрх зүйн зарчмын ойлголт. Учир нь зориуд биш санаатай биш гарсан зөрчил хэлбэрийн хувьд зөрчил гэж харагдавч, зорилго сэдэлт нь зөрчлийг мэдсээр байж, зориуд санаатайгаар гаргасан үйлдлээс өөр үр дагавартай байдгийг дэлхийн бүх хуульч эрдэмтэн, мэргэшсэн хуульчид мэддэг ба үүнийг ялгаж, ялгамжтай шийдвэрлэдэг. Манай эрүүгийн хэргийн шүүхүүдийн зөрчлийн хэргийг шийдвэрлэсэн шийдвэрт ч энэхүү ойлголт олонтаа туссан байхад судалгаа хийдэггүй, шинжлэх ухаан, эрх зүйн орчин үеийн шинэлэг ойлголтын ном сурах бичиг уншиж судалдаггүй, онолын суурь мэдлэггүй байна.

3.2.29. Анхан шатны шүүх шийдвэртээ Ө.Байгальмаа захирал, М.Болорцэцэг нар зөрчил гаргаснаа зөвшөөрсөн гэж дүгнэжээ.

3.2.30. Эдгээр хүмүүс “сертификатыг хүсэхдээ үйлдвэрлэгчийн нэрийг сольж бичээгүй алдаа гаргаснаа зөвшөөрсөн” нь Зөрчлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасан зөрчлийг гаргаснаа зөвшөөрсөн гэсэн ойлголт огт биш. Анхан шатны шүүх энэхүү ойлголтыг ялгаж салгаж огт дүгнэлт өгч чадсангүй.

3.3. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг буруутгахдаа маш олон хууль, журмын заалтуудыг барьж дүгнэлт хийсэн нь их хууль хэрэглэж маргааныг шийдвэрлэсэн хариуцлагатай шүүх, шүүгч мэтээр харагдуулахыг хүссэн боловч энэ нь маргаанд хамааралгүй, уг үйл баримтад хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байгаа нь хууль хэрэглээний алдаа юм.

3.3.1. Тухайлбал, Аж ахуйн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.3, 15 дугаар зүйлийн 15.1, 15.2-т заасныг хэрэглэсэн нь энэхүү маргаанд хэрэглэл, баримтлах үндэслэл огт байгаагүй юм.

3.3.2. Эдгээр заалтууд нь эм эмнэлгийн хэрэгслийг тусгай зөвшөөрлөөр эрхлэх гэсэн заалтууд. Гомдол гаргагч эдгээр заалтуудыг огт зөрчөөгүй, зохих тусгай зөвшөөрлүүд бүгд байгаа, маргаан бүхий акт нь гомдол гаргагчийг тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан гэж үзээгүй тул шүүх хэрэгт хамааралгүй хуулийн заалтууд, дээр ийм агуулгатай журмын заалтуудыг хэдэн арваар нь заан нэрлэж, маргаан шийдвэрлэхдээ баримталж гомдол гаргагчийг буруутгаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна.

3.3.3. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ 3.5-д “албан ёсны гэрээт борлуулагчтай хийсэн худалдааны гэрээ хавсаргаагүй, чанарын сертификатгүй, судасны дамжуулагч гуурс нь тархи мэдрэлийн бүтээгдэхүүнд хамаарахгүй, үйлдвэрлэгчийн зөвшөөрөл нь албан ёсны бланк биш, гэрээгүй зэрэг зөрчил гаргасан гэж илт журмын биш, хууль бус дүгнэлт өгсөн зарим асуудал нь зөвхөн “Са” ХХК-ийн гаргасан аман тайлбарыг нотлох баримтаар үнэлж, энэхүү компанид илт үйлчилж, уг компанийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлсэн илэрхий нэг талыг баримталсан нь байна.

3.3.4. Тухайлбал “судасны дамжуулах гуурс нь тархи мэдрэлийн бүтээгдэхүүнд хамаарахгүй” гэсэн энэхүү ноцтой дүгнэлтийг юуг үндэслэн тогтоож байгаагаа шүүх тайлбарлаагүй. Энэ нь цаасан сертификатыг хараад шууд ойлгох боломжгүй, тэнд ийм мэдээлэл агуулагдаагүй, талууд энэ талаар огт маргаагүй ба шүүгч хүний энгийн мэдлэгийн хүрээнд тодорхойлох боломжгүй, мэргэжлийн бус хүн мэдэх огт боломжгүй “тусгай мэдлэг шаардсан” зүйл билээ.

3.3.5. Шүүгч үүнийг хаанаас, хэрхэн олж мэдсэн нь тодорхой биш, талууд энэ талаар маргаагүй, ийм тайлбар шүүх хуралдаан дээр огг гараагүй, шүүгч ч өөрөө шүүх хуралдаан дээр хөндөж яриагүй үйл баримт юм.

3.3.6. Анхан шатны шүүх ийнхүү дүгнэх байсан бол энэ талаар талуудыг тайлбар гаргуулаагүй, энд холбогдох нотлох баримтыг цуглуулаагүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт огт авагдаагүй, шаардлагатай бол шинжээч томилох ёстой байхад энэ ажиллагааг огт хийгээгүй болно.

3.3.7. Маш ноцтой гэж үзэхээр дүгнэлт нь “үйлдвэрлэгчийн зөвшөөрөл нь албан ёсны бланк биш” гэж анхан шатны шүүх дүгнэжээ.

3.3.8. Анхан шатны шүүгч нар Бүгд Найрамдах Польш Улсад үйл ажиллагаа явуулдаг “ISPL MEDICALSp.z.o.o-н бланкыг албан ёсны биш гэдгийг яаж мэдсэн, тус компанийн албан ёсны бланк ямар байдгийг шүүгч хаанаас, хэрхэн мэдсэн байж болох зэрэг нь хардлага төрүүлж байна.

3.3.9. Энэ талаар шүүх хуралдаан дээр огт яригдаагүй, талууд маргаагүй, мэтгэлцээгүй, албан болон албан биш бланкийн талаарх нотлох баримт хэрэгт огт авагдаагүй, зөрчлийн хэрэг гэж шалгасан хариуцагч ч энэ талаар дүгнээгүй, шүүгч нар шүүх хуралдаан дээр тодруулж асуугаагүй зүйлийг дүгнэсэн нь ноцтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил.

3.3.10. Ийнхүү анхан шатны шүүх хууль бусаар, хэрэгт авагдаагүй, шүүх хуралдаанд яригдаагүй байхад манай компанийг хуурамч бланк ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэх агуулгатай шүүхийн дүгнэлтийг хийж өгч “Са” ХХК-ийн эздийг гадаад түншүүд рүү минь захидал бичих боломжийг олгосон гэж ойлгогдож байна.

3.3.11. Ийм мэдээллийг шүүгч шүүх хуралдааны бус журмаар мэдсэн гэж үзэж байгаа ба иймэрхүү гүтгэлгийг ганцхан “Са” ХХК-ийн эзэд л хийж чадна.

3.3.12. Дахин хэлэхэд шүүх хуралдаанд талууд яриагүй асуудлаар шүүгч хэрхэн дүгнэлт хийсэн нь огт ойлгогдохгүй байгаа ба гуравдагч этгээд “Са” ХХК-аас энэ талаар шүүх хуралдааны бус замаар мэдсэн гэж үзэж байна.

3.4. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг үйлдвэрлэгчийн гэрээгүй гэж илт үндэслэлгүй дүгнэлт хийжээ.

3.4.1. Эм, эмнэлгийн хэрэгсэлд импорт, экспортын лиценз олгох журмын 2.2.1-т “Эм, эмнэлгийн хэрэгслийн импортлогч нь гадаад улсын эмийн үйлдвэрлэгч, эсхүл түүний албан ёсны гэрээт борлуулагчтай байгуулсан худалдааны гэрээг хавсаргана” гэж заасан.

3.4.2. Эндээс харвал импортлогч нь зөвхөн үйлдвэрлэгчийн бус, албан ёсны гэрээт борлуулагчтай байгуулсан худалдааны гэрээг хавсаргаж болохоор заасан байдаг ба бид үйлдвэрлэгчтэй бус, харин Япон Улсын “TERUMO corporation” компанийн албан ёсны дистрибьютер “ISPL MEDICAL” компанийн итгэмжлэл, зөвшөөрөл, худалдааны гэрээг хавсарган гаалийн бүрдүүлэлт хийсэн гэдгээ анхан шатны шүүгч нарт тайлбарлан, нотлох баримтыг судлуулсан байхад ийм дүгнэлт хийсэн нь ч хардлага төрүүлж байна.

3.4.3. Улсын дээд шүүхийн тогтоолд зааснаар гомдол гаргагчийн ямар ашиг сонирхол зөрчигдсөнд анхан шатны шүүх дүгнэлт өгөх ёстой.

3.4.4. Гуравдагч этгээд “Са” ХХК нь өөрийгөө Япон Улсын “TERUMO corporation” компанийн албан ёсны дистрибьютер гэж тайлбарладаг нь тус компаниас бус БНХАУ-ын Perseverance Medical Technology /Tiangin/ Co.Ltd, Huachuang High-tech medical equipment Co.Ltd гэх албан ёсны хаяг, мэдээлэлгүй компаниас импортолдог нь эргэлзээтэй, энэ талаар анхан шатны шүүх шалгаж тогтоогоогүй.

3.4.5. Учир нь “Са” ХХК нь “TERUMO corporation” компанийн албан ёсны борлуулагч бол яагаад “TERUMO corporation” компанийн борлуулагчийн жагсаалтад байхгүй байгаа гэдэг нь хардлага төрүүлж байгаа ба дээр дурдсан БНХАУ-ын хоёр компаниас импортолж байгаа, нөгөө талаас “TERUMO corporation” компаниасаа импортлохгүй байгаа нь тус компанийн баримт харин хуурамч байж болзошгүй байх магадлалтай тул эдгээр барааг хэрхэн бичиг баримт бүрдүүлж импортын лиценз гаргуулсныг, мөн 2019 оноос хойш хэдэн удаа хэдэн ширхэгийг тус бүр Замын-Үүд боомтоор оруулж ирснийг, мөн “TERUMO corporation” компанитай байгуулсан гэрээ, байгуулсан гэрээний холбогдох аль заалтаар БНХАУ-ын хоёр компаниас импортолж болох талаарх баримтуудыг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас гаргуулах, тайлбар авах, хэрэгт холбогдуулан хавсаргах, шалгаж тогтоох шаардлагатай байхад энэ ажиллагааг хийгээгүй байна.

3.4.6. “Са” ХХК нь зах зээлд шударгаар өрсөлдөж чадахгүй, ийнхүү хууль бус аргаар манай компанийг зах зээлээс шахах, гүтгэх ажиллагааг тогтмол явуулж байгаагийн нэг нь энэхүү маргаан бөгөөд анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг тогтоохгүйгээр нэг талд хэр үйлчилсэн гэж хардахуйц дүгнэлт хийхдээ шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй үйл баримтыг дүгнэсэн, шүүх мэдэх боломжгүй “тусгай мэдлэг шаардсан” асуудлаар дүгнэлт хийсэн, хэрэгт авагдаагүй үйл баримтыг нотлогдсон мэтээр үзсэн атлаа, хэрэгт байгаа нотлох баримтыг байхгүй гэж дүгнэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй зэрэг ноцтой алдааг гаргасан тул Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 892 дугаар шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү”,

4. Гуравдагч этгээдийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

4.1. “Чо” ХХК-ийг зөрчил үйлдсэн гэсэн улсын байцаагчийн шийтгэврийг анхан шатны шүүх 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 244 дүгээр шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 сарын 03-ны өдөр 367 дугаар магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн байсан.

4.2. Гэтэл уг шийдвэр, магадлалыг Улсын дээд шүүх 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 305 дугаар тогтоолоор хүчингүй болгож, дахин хянуулахаар анхан шатны шүүх рүү буцаасан. Буцаасан үндэслэлээ Улсын дээд шүүхийн тогтоолын ХЯНАВАЛ хэсгийн 15-д заахдаа: “нэхэмжлэгч “Чо” ХХК-ийн .... манай компани нь аль ч компанийн барааг оруулахад нуух, хаах, далдлах ... хуурч мэхлэх шаардлага огт байхгүй...” гэсэн гомдлыг шууд үгүйсгэх боломжгүй байх тул холбогдох баримтыг цуглуулж, тодруулж дүгнэх шаардлагатай байна” гэж заасан байдаг.

4.3. Тогтоолд заасны дагуу анхан шатны шүүх нь 2020 оны 08 дугаар сараас 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 1 жил 5 сарын дотор “Чоноготрейд” ХХК-ийн ... хуурч мэхлэх шаардлага огт байхгүй” гэсэн тайлбарыг үгүйсгэх дараах 2 дугаар хавтаст хэргийн 106-122, 171-1181, 193-203, 155-164, 218-231 дэх талуудад. 3 дугаар хавтаст хэргийн 60-71 талуудад, 4 дугаар хавтаст хэргийн 1-10, 11-15, 75, 93-102 талуудад байгаа нотлох баримтуудыг хангалттай цуглуулсан байдаг.

4.4. Шүүх хуралдаан дээр гуравдагч этгээдээс хэрэгт байгаа эдгээр баримтуудьг “Чо” ХХК-ийн үйлдсэн бусад шалгагдаагүй гэмт үйлдэл, эөрчлүүд буюу Улсын дээд шүүхийн тогтоолын дагуу цуглуулсан нотлох баримтууд ба үйл баримтыг тодруулж, дүгнэх талаар” гэж хэлэлцүүлсэн болох нь шүүхийн шийдвэрийн ТОДОРХОЙЛОХ хэсэгт (8-13 тал) бичигдсэн байна. Мөн шүүх хуралдааны тэмдэглэлд (5-10 тал) бас бүрэн бичигдсэн байна.

4.5. Улмаар гуравдагч этгээд “Са” ХХК-ийн өмгөөлөгчөөс “... Иймээс бид тухайн зөрчлийн хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан өршөөгдчихсөн учраас Зөрчлийн хэргээс гадна дээд шүүхийн тогтоолын дагуу нотлох баримтыг цуглуулж хэргийн үйл баримтыг тодруулах шаардлагатай гэсэн учраас үүнтэй холбоотой маш олон баримтыг шүүхээс цуглуулсан тул үйл баримт бүрт дүгнэлт өгөөсэй гэж хүсэж байна” (14 тал) гэсэн нь тэмдэглэгдсэн байна.

4.6. Гэтэл анхан шатны шүүх нь Улсын дээд шүүхийн тогтоолын дагуу “Чо” ХХК-ийн ... хуурч мэхлэх шаардлага огт байхгүй” гэсэн тайлбарыг үгүйсгэх нотлох баримтуудыг цуглуулж, хэрэгт хавсарган, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн хэрнээ шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэгтээ хэрхэн үнэлж, дүгнэснээ бичээгүй байна.

4.7. Иймд шүүхийн журмаар, хуульд заасан арга, хэрэгслээр олж авсан, хавтаст хэрэгт байгаа, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дараах “Чо” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Буянт-Ухаа дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба, Буянт-Ухаа дахь Гаалийн газарт эмнэлгийн хэрэгсэл хилээр нэвтрүүлэхдээ мэдүүлсэн бичиг баримтуудад, 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Эрүүл мэндийн хөгжлийн төвд импортын лиценз мэдүүлэхдээ бүрдүүлсэн бичиг баримтуудад, 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Эрүүл мэндийн хөгжлийн төвд импортын лиценз мэдүүлэхдээ бүрдүүлсэн бичиг баримтуудад, 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Буянт-Ухаа дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба, Буянт- Ухаа дахь Гаалийн газарт эмнэлгийн хэрэгсэл хилээр нэвтрүүлэхдээ мэдүүлсэн бичиг баримтуудад, 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Эрүүл мэндийн хөгжлийн төвд импортын лиценз мэдүүлэхдээ бүрдүүлсэн бичиг баримтуудад, 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Буянт-Ухаа дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба, Гаалийн Ерөнхий газрын Улс хоорондын шуудан илгээмжийн газарт эмнэлгийн хэрэгсэл хилээр нэвтрүүлэхдээ мэдүүлсэн бичиг баримтуудад, 2017 оны Улсын Гуравдугаар төв эмнэлгийн ШУГТЭ/2017 тендерт, 2018 оны Улсын Гуравдугаар төв эмнэлгийн ШУГТЭ/2018 тендерт шалгарахдаа ашигласан засварласан, хуурамч бичиг баримтуудад үнэлэлт, дүгнэлт өгч, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.

4.8. Учир нь эдгээр баримтууд нь Улсын Дээд шүүхийн тогтоолд заасанчлан “хэргийн байдлын талаарх хууль зүйн болон бодит үндэслэл” болох ба хэрэгжихгүй тохиолдолд өмнөх анхан шатны шүүхийн шийдвэр болон магадлалаас огт ялгарахгүй, буцаагдах үндэслэл хэвээр байхад эсрэгээр гэмт буруутнууд ял зэмлэлгүй инээж байна. Нөгөө талаас монголчууд бидний эрүүл мэндээр байнга тоглодог, тендерээр байнга мөнгө хулгайлдаг гэмт хэрэгтнүүдийн (хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд шалгадаггүй) олон жил үйлдсэн гэмт хэрэг, тэдгээрийн бөгс долоогчдын 2017 оноос хойш шүүх хуралдаан дээр шүүгч нарын өөдөөс харж байгаад үргэлж худал ярьдаг бүх зүйл нь нотлох баримтаар тогтоогдож, нотлогдож байгаа ч “шүүхийн дүгнэлтгүй”-ээр эдгээр баримтууд хэнд ч хэрэггүй, хоосон цаас болоод байна” гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдлуудыг үгүйсгэж, бичгээр тайлбар гаргаагүй ба анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлуудыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв.

3. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах Зөрчлийн тухай хууль болон Эм, эмнэлгийн хэрэгслийг импортлох тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

4. “Чо” ХХК нь эмнэлгийн хэрэгслийг Эрүүл мэндийн яамнаас импортын лиценз авахдаа үйлдвэрлэгчийн мэдээллийг буруу мэдүүлсэн, өөр бүтээгдэхүүний бичиг баримтаар бараа бүтээгдэхүүн импортолсон гэх үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эм биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 0066924 дүгээр шийтгэлийн хуудсаар “Чо” ХХК-д 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох шийтгэл оногдуулжээ.

5. Уг шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар “Чо” ХХК-аас гомдол гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч, хянан шийдвэрлэхдээ “...”Чо” ХХК нь Эрүүл мэндийн яамны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төвийн цахим серверт 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр импортын лицензийг цахимаар оруулан мэдүүлэхдээ ... үйлдвэрлэгчийн нэр гэдэгт MEDTRONIC INC гэж бичсэн, энэ нь бодит байдал дээр Radifocus introducer гэдэг нь Япон улсын TERUMO corporation компанийн үйлдвэрлэсэн зүрхний мэс заслын үед судсанд хэрэглэдэг эмнэлгийн хэрэгслийн нэр байна. Харин RS+A60K10SQ RS+A70K10SQ RS+A80K10SQ гэдэг нь Radifocus introducer-ийн код байх бөгөөд MEDTRONIC INCгэдэг нь АНУ-ын үйлдвэрлэгчийн нэр байхад импортын лицензийг цахимд оруулахдаа буруу оруулсан ... импортын лицензийг цахимд оруулсны дараа үйлдвэрлэгч болох Япон улсын TERUMO corporation компанийн бичиг баримтыг журамд заасны дагуу хавсаргаж өгөөгүй уг баримт бичгийн оронд АНУ-ын MEDTRONIC INCгэж буруу мэдүүлсэн, лиценз хүссэн өргөдөлдөө өөр үйлдвэрлэгчийн баримт хавсаргасан, албан ёсны гэрээт борлуулагчтай байгуулсан худалдааны гэрээгүй, Япон улсын TERUMO corporationкомпанийн ISO гэрчилгээ байхгүй, хавсаргаж өгсөн баримт нь AНУ-ын MEDTRONIC INCкомпанийн ISO гэрчилгээг өгсөн, мөн япон улсын TERUMO corporationкомпанийн үйлдвэрлэсэн /introducer radifocus/ дамжуулагч гуурсны чанарын сертификат байхгүй, хавсаргаж өгсөн баримт нь АНУ-ын MEDTRONIC INCкомпанийн зүрх судасны эмтэй стент-ийн сертификат байна” гэсэн дүгнэлтийг хийж гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.

6. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-т “Импортын болон экспортын лицензийн бичигт эм, эмнэлгийн хэрэгслийн нэр, хэлбэр, тун, тоо хэмжээ, үйлдвэрлэгчийн нэр, улсын хилээр нэвтрүүлэх хугацаа, хилийн боомтыг заасан байна”, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/407 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Эм, эмнэлгийн хэрэгсэлд импорт, экспортын лиценз олгох журам батлах тухай” журмын 2.1.4-т “лиценз хүссэн өргөдөлд тухайн ачилтаар импортлох эм, эмнэлгийн хэрэгслийн нэр төрөл, тун хэмжээ, савлалт, үйлдвэрлэгчийн нэр, тоо хэмжээ, хилийн боомтыг тодорхой заасан байна;”, 29 дүгээр зүйлийн 29.2-т “Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.”, Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 2-т “Эм, эмийн түүхий эд, эмнэлгийн хэрэгсэл импортлох, эсхүл экспортлоход тавигдах шаардлага, эсхүл хориглох зүйлийг зөрчсөн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10 дугаар хэсэгт “мэргэжлийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн ... 6.6 дугаар зүйлд заасан зөрчил” гэж тус тус заажээ.

7. Уг хуулийн зохицуулалтаас үзвэл Эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага эм, эмнэлгийн хэрэгсэл оруулж ирэхдээ импортын лицензийн бичигт эм, эмнэлгийн хэрэгслийн нэр, хэлбэр, тун, тоо хэмжээ, үйлдвэрлэгчийн нэр, улсын хилээр нэвтрүүлэх хугацаа, хилийн боомтыг бичсэн байх ба ийнхүү эм, эмийн түүхий эд, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн импортлоход тавигдах шаардлагыг зөрчсөн бол мэргэжлийн хяналтын улсын байцаагч зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор байх тул хариуцагч өөрийн бүрэн эрх хэмжээний хүрээнд импортын лиценз авахдаа үйлдвэрлэгчийн мэдээллийг буруу мэдүүлсэн, өөр бүтээгдэхүүний бичиг баримтаар бараа бүтээгдэхүүн импортолсон бараа бүтээгдэхүүнийг хурааж, түүнд 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан үйлдлийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

8. Хэдийгээр “Чо” ХХК-аас “манай компанийн ажилтан М.Болорцэцэг нь ажил үүргийн хуваарийн дагуу компанийн нэр дээр 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Япон Улсын “TERUMO corporation” компанийн “судасны дамжуулагч гуурс”-ны Эм, эмнэлгийн хэрэгслийн импортын /экспорт/ 003/19/6443 дугаартай лицензийг авахаар баримт бүрдүүлэх мэдүүлэгтээ “үйлдвэрлэгчийн нэр” хүснэгтэд “TERUMO corporation” гэж бичих байсныг урьд өдөр нь бичиж байсан мэдүүлгээ ашиглан бөглөхдөө “MEDTRONIC INC” гэдэг нэрийг солихгүйгээр лиценз үүсгэн, “ISPL MEDICAL” компанийн итгэмжлэл, зөвшөөрөл, худалдааны гэрээг хавсарган гаалийн бүрдүүлэлт хийсэн техникийн алдаа байхад хуурамч бичиг баримт үйлдсэн гэж үзсэн хариуцагчийн шийтгэлийн хуудас үндэслэлгүй” гэж тайлбарлаж байх боловч хуулийн этгээдийн нэрийн өмнөөс итгэмжлэгдсэн ажилтан импортын лицензийн бичигт эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэгчийн нэрийг буруу бичсэнийг Зөрчлийн тухай хуульд тусгайлан зөрчил гэж хуульчилснаас гадна компанийн ажилтан алдаа гаргасан нь тухайн хуулийн этгээдийг эм, эмийн түүхий эд, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн импортлоход тавигдах шаардлагыг зөрчөөгүй гэж үзэх боломжгүй.

9. Гомдол гаргагчийн “хилийн хяналт шалгалтын байцаагч нэгэнт шалгачихсан зүйлийг хилийн хяналт шалгалт хийх эрхгүй, зөвхөн эм эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдлын хадгалалт, хамгаалалт хариуцсан байцаагч давхар хилийн хяналт шалгалт явуулах эрхгүй” гэх гомдлын тухайд

10. Одоо мөрдөгдөж буй Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6-д “Дараах эрх бүхий албан тушаалтан доор дурдсан харьяаллын дагуу зөрчлийг шалган шийдвэрлэнэ”, 6.11-т “гаалийн улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн ... 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчил” гэж хуульчилсан байх боловч маргаан бүхий шийтгэлийн хуудас гарах үед мөрдөгдөж байсан буюу 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн өөрчлөлт орохоос өмнө Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 6.10-т “мэргэжлийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн ... 6.6 ... дүгээр зүйлд заасан зөрчил”  гэж тус тус зааснаас үзэхэд хэдий хилийн хяналт шалгалтын улсын байцаагч шалгаж нэвтрүүлсэн ч Зөрчлийн тухай хуулийн 6.6.2-т заасан зөрчлийг гомдлын дагуу хариуцагч улсын байцаагч шалгах бүрэн эрхтэй байх тул гомдол гаргагчийн дээрх гомдлын үндэслэл няцаагдаж байна.

11. Мөн Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна” гэж заасан бөгөөд зөрчил гаргасан гомдол гаргагчид оногдуулсан 0066924 дугаартай шийтгэлийн хуудас нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

12. Түүнчлэн гомдол гаргагчийн зөрчил гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх энэ тохиолдолд гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн “... “Чо” ХХК-ийн засварласан, хуурамч бичиг баримтуудад үнэлэлт, дүгнэлт өгч, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 892 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах гомдлуудыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу гомдол гаргагчийн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮГЧ                                                                      Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                       А.САРАНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ