Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2018/01151

 

Л.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2018/00203 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 800 дугаар магадлалтай,

Л.Бгийн нэхэмжлэлтэй

С.Мт холбогдох

Орон сууц худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 50 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч С.Мын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.АмарЛ.Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

          Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдөр н.МөнхЛ.Бгийн тухайн үед өмчлөлд байсан Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хорооллын 1 дүгээр байрны 39 тоотод байрлах 12 м.кв талбайтай 1 өрөө орон сууыг 50 000 000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээ хэлцэл хийгдсэн байна. Энэхүү гэрээний 2-т худалдан авагч тал нь худалдагч талтай харилцан зөвшилцсний үндсэн дээр 50 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон, 3-т 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдөр төлбөрийг төлж барагдуулсан төлбөрийг бэлнээр төлсөн гэж яригддаг. Уг гэрээг байгуулах болсон шалтгаан нь 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Техник форум ХХК-ийг төлөөлж худалдааны маркетингийн дарга С.М, Лайм инвест ХХК-ийн захирал н.Барсбаатар нарын хоорондоо техник худалдах-худалдан авах санхүүгийн түрээсийн гэрээг байгуулагдсан. Цаг хугацааны хувьд энэ 2 гэрээ нэг өдөр байгуулагдсан. Учир нь: Техник форум ХХК-иас санхүүгийн түрээсийн гэрээгээр авто ачигчийг ямар нэгэн төлбөргүйгээр зарж байгаа тохиолдолд заавал барьцаа шаардлагатай болохыг Лайм инвест ХХК-д танилцуулсан. Тухайн үед Лайм инвест ХХК-д н.Пүрэвдорж, н.Моломжамц нар хөрөнгө оруулж, хамтран ажилладаг байсан эдгээр хүмүүст барьцаа шаардлагатай болохыг хэлэхэд н.Пүрэвдоржийн эхнэр буюу нэхэмжлэгч Л.Бгийн өмчлөлд байсан орон сууцыг барьцаанд тавихаар болж "барьцааны гэрээ хийлгүй орон сууц худалдах-худалдан авах гэрээ хийе та нар ковшын 52 000 ам.долларыг хүүтэй, хугацаандаа төлвөл асуудалгүй байрыг шилжүүлээд өгнө" гэж Л.Бтай гэрээ байгуулсан. Тухайн үед 50 000 000 төгрөгийг С.Маас Л.Бд бодитой өгсөн баримтгүй, мөнгийг аваагүй. Санхүүгийн түрээсийн гэрээг 2 сарын хугацаатай байгуулаад 2012 оны 08 дугаар сарын 26-ны өдөр нийт 54 106 ам.доллар төлснөөр дуусгавар болох байсан. Бид нарт Лайм инвест ХХК энэ төлбөрийг төлөөгүй, 19 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн, 20 000 000 төгрөгийг Техник форум ХХК-д хамааралгүй н.Төмөрбаатар гэдэг хүнд өгсөн байдаг. Ингээд 39 000 000 төгрөгийг өгсөн гэж бодож байхад бодит байдал дээр 19 000 000 төгрөг өгсөн байна. Улмаар 2 талын хооронд маргаан үүсээд энэ гэрээний харилцаа зогсонги байдалд орж Техник форум ХХК-ийн тухайн үеийн захирал байсан н.Уранчимэг төлөөлөөд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд 79 690 ам.доллар гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг 2014 оны 01 дүгээр сарын 24-ний 451/2088/Б дугаар шүүгчийн захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ нэхэмжлэлд 19 000 000 төгрөг төлснийг хүлээн зөвшөөрдөг, ямар нэгэн байдлаар барьцааны зүйл тавьж 50 000 000 төгрөгийг Лайм инвест ХХК төлсөн талаар дурдаагүй хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна. Тухайн үл хөдлөх хөрөнгө С.Мын нэр дээр байсан, улсын бүртгэлд хэзээ бүртгүүлсэн асуудал яригддаг. Улсын бүртгэлд 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 1 000 00 төгрөгийн үл хөдлөх хөрөнгийн орлогын 2 хувийн татвар төлсөн гүйлгээ хийгдэж уг мөнгийг С.М төлсөн байдаг боловч хуульд зааснаар орлого олж байгаа этгээд буюу 50 000 000 төгрөгийг авч байгаа Л.Б уг мөнгийг төлөх ёстой. Гэтэл С.М төлсөн үйлдэл техник худалдах-худалдан авах санхүүгийн түрээсийн гэрээний үүрэг биелэгдэхгүй, зогсонги байдалд орж төлбөрөө авч чадахгүй байсантай холбоотойгоор С.М тухайн үл хөдлөх хөрөнгийг өөр дээр шилжүүлж авсан. Ингээд 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр С.М “М”т групп ХХК-д бэлэглэлийн гэрээгээр худалдах-худалдан авах гэрээгээр олж авсан үл хөдлөх хөрөнгийг шилжүүлсэн. Энэ хооронд нэхэмжлэгч нь худалдах-худалдан авах гэрээ, орон сууц худалдах-худалдан авах гэрээ, 2015 оны 01 дүгээр сард хийгдсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шүүхэд нэхэмжлэлээ гаргасан боловч 2 шатны шүүхийн шийдвэрээр гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох боломжгүй гэж шийдвэр гарсан. Гэхдээ 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр давж заалдах шатны шүүхийн 1751 дүгээр магадлалд "нэхэмжлэгч тухайн орон сууц худалдах-худалдан авах гэрээний төлбөрийг шаардсан шаардлага байхгүй учраас үүнийг шийдвэрлэх боломжгүй" гэж дүгнэсэн байдаг. Иймд иргэний журмаар шийдвэрлэгдэхгүй, учраас шийдвэр авсны дараа Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргасныг ажиллагаа хийж 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 4773 дугаар прокурорын тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Уг тогтоол нь С.Мын өгсөн тайлбарыг үндэслэн хэрэгсэхгүй болгосон тул шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулахаар хүсэлт гаргах хооронд хуучин Техник форум ХХК-д захирал байсан н.Уранчимэг нь Л.Б болон түүний нөхөр н.Пүрэвдорж нарт "байрыг чинь удахгүй шилжүүлж өгнө" гэж шинээр илэрсэн нөхцөл байдлыг хянуулах хугацааг өнгөрүүлснээр түүнтэй холбоотой асуудал шийдвэрлэгдээгүй. Гэтэл “М”т групп ХХК-иас хүмүүс ирээд "байраа чөлөөлж өг, бид өөрсдийнхөө байранд орно" гээд хүчээр орон сууцнаас гаргасан. Иймд шүүхээс худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр гэж тооцсон учир Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу С.Маас 50 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.АмарЛ.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үл хөдлөх хөрөнгийн 2 хувийн татварыг С.М төлснөөс болоод гэж тайлбарлаж байна. Бодит нөхцөл байдалд хэн төлбөр төлөх ёстой гэдгийг мэдэхгүй явдаг. Үүнийг худалдаж боруулсныхаа орлогоос худалдагч нь төлөх естой байдаг. Хүчин төгөлдөр хэлцэл хийгдээгүй, мөнгө төгрөг өгөхөд нөгөө тал төлснийг мөнгөө өгөөгүй болохыг нотолно гэж байгаа боловч энэ нь нотолгоо болж чадахгүй. Гэрээний он, cap адилхан гэж байгаа боловч уг гэрээ хэрэгт байхгүй. Гол нотлох баримт болох прокурорын хэрэгсэхгүй болгосон тогтоол аваагүй, барьцаанд байр тавиагүй. Харин нэхэмжлэгчийн хэлж буй зүйл нь хэрэгт авагдсан шүүгчийн захирамжаар эвлэрээд, асуудал шийдвэрлэгдсэн. Уг асуудлаар шүүхэд хандсан ч гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь тогтоогдоод давж заалдах шатны шүүхийн магадлалд "нөгөө тал нэхэмжлэл дээр мөнгө авсан, өгсөн гэх асуудал гаргаагүй учраас дүгнэлт хийх боломжгүй" гэсэн агуулгатай гарсан. Мөн талуудын хооронд үүсэн маргааны үндэслэл болсон гэрээний 3 дугаар зүйлд маш тодорхой заасан байхад мөнгө аваагүй гэж тайлбарлах боломжгүй. 2012 оны 06 дугаар сарын 26-ны өдөр мөнгө аваагүй байсан бол өнөөдөр 6 жилийн хугацаа өнгөрсөн, нотлох баримт байхгүй, бэлнээр төлж дууссан талаар гэрээндээ тусгаж баталгаажуулахаас өөр ямар байдлаар нотлох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд энэ хэрэгт хамааралгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар нотлох баримтгүй. Үнэн зөв тайлбар гаргасан бол н.Моломжамц, Пүрэвдорж нарыг гуравдагч этгээдээр татан оролцуулах байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

          Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2018/00203 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар С.Маас орон сууц худалдах-худалдан авах гэрээний үүрэг 50 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн Л.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 408 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 13063 дугаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжийн үйлчлэлийг дуусгавар болгож шийдвэрлэжээ.

 

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 800 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2018/00203 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Маас орон сууц худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 50 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Бд олгосугай гэж өөрчлөн найруулж, 2 дахь заалтад үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч С.Маас улсын тэмдэгтийн хураамжид 407 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Бд олгосугай гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 408 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

          Хариуцагч С.М хяналтын гомдолдоо: Магадлалаар хэргийг илт хууль бусаар шийдвэрлэж анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөн, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Уг магадлалд хариуцагчийн зүгээс бүхэлд нь гомдолтой байна. Учир нь нэхэмжлэгч Л.Б болон хариуцагч С.М нар 2012 оны 6 сарын 22-ны өдөр нэхэмжлэгчийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 8-р хороо, 1-39 тоот хаягт байрлах 12м.кв нэг өрөө байрыг худалдах худалдан авах гэрээг байгуулж гэрээний үнийн дүн болох 50 сая төгрөгийг тухайн өдөртөө С.М Л.Бд бэлнээр хүлээлгэн өгсөн байдаг. Хүлээн авсан баримт үйлдэхийн оронд талууд гэрээн дээр шууд төлбөрийг бэлнээр төлсөн гэдгээ дурдаад нотариатч түүнийг нь баталсан. Мөнгөө төлсөн авсан гэдгээ талууд хүлээн зөвшөөрөөд гэрээндээ маш тодорхой дурдсан хөдлөшгүй баримт байсаар байхад давж заалдах шатны шүүх мөнгөө төлөөгүй байна гэж маш цочирдом дүгнэлт хийж хариуцагчийг хохироолоо. Давж заалдах шатны шүүх “хэрэгт авагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээний 3 дахь заалтад “худалдан авагч тал төлбөрийг 2012 оны 6 сарын 26 ны өдөр төлж барагдуулсан байна. Төлбөрийг бэлнээр төлж дууссан” гэж хоёрдмол агуулгатай заалтыг оруулсан боловч...” гэж дүгнэсэн. Төлбөрийг бэлнээр төлж дууссан гэдэг нь яаж уншиж ойлгохоороо хоёрдмол агуулгатай болж байгааг ойлгохгүй байна. Монгол хэлээр уншиж ойлгох хэнд ч тодорхой зүйлийг илт гуйвуулж анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж нэхэмжлэлийн шаардлагыг хангасанд гомдолтой байна. Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1 д заасан үндэслэл байх тул Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 сарын 30-ны өдрийн 850-р магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

          Давж заалдах шатны шүүх хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд хэрэгт байгаа баримтад тулгуурлан, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, нэхэмжлэлийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн байна. Магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

          Нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч С.Маас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 50 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг гаргасан ба хариуцагч маргаж, “...гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний үүргийн талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан, гэрээний 3-д төлбөр төлөгдсөн болохыг тодорхой заасан...” тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж тайлбарлажээ.

          Зохигчдын хооронд гэрээний дагуу 50 000 000 төгрөг төлөгдсөн эсэх асуудал маргааны зүйл болсон байна.        

          2012 оны 06 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан орон сууц худалдах-худалдан авах гэрээгээр Л.Б нь С.Мт Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 1-39 тоот орон сууцыг 50 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авагч үнийг төлөх үүрэг тус тус хүлээсэн, нэхэмжлэгч нь С.Мт орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлсэн баримт хэрэгт авагджээ. Л.Б нь С.М, “М” групп ХХК-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж, орон сууцыг бодит байдалд худалдаагүй, нөхөр Г.Пүрэвдорж, түүний найз Ц.Моломжамц нар Лайм инвест ХХКомпанийн нэрээр тоног төхөөрөмж худалдан авахын тулд барьцаа болгож, С.Мт шилжүүлэхдээ худалдах-худалдан авах гэрээ байгуулсан тул хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байжээ. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2016/03112 дугаар шийдвэрээр Л.Бгийн дээрх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1751 дүгээр магадлалаар хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээсэн байна.       

          Шүүхийн хүчин төгөлдөр дээрх шийдвэрээр худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр эсэх асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд орон сууцны үнийг төлсөн эсэх үйл баримт маргааны зүйл болоогүй, зохигчид энэ талаар мэтгэлцээгүй тул 50 000 000 төгрөг гаргуулах Л.Бгийн нэхэмжлэлийг шүүх хянан шийдвэрлэсэн нь хууль зөрчихгүй юм.

          Зохигчдын байгуулсан орон сууц худалдах-худалдан авах гэрээний 3 дахь заалтад “худалдан авагч тал төлбөрийг 2012 оны 06 дугаар сарын 26-ны өдөр төлж барагдуулсан байна. Төлбөр бэлнээр төлж дууссан.” гэж тусгагдсан боловч орон сууцны үнэ төлөгдөөгүй үйл баримт хэрэгт байгаа баримтын хэмжээнд тогтоогджээ. 2012 онд гэрээг байгуулсан атал худалдагч тал болох Л.Б нь орон сууцыг 2017 оны 04 дүгээр сар хүртэл эзэмшиж ашиглаж байсан байна. Түүнчлэн С.Мт холбогдуулж эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 4773 дугаар прокурорын тогтоолд С.М нь “...”М” группт борлуулалтын менежер хийж байсан, ...Лайм инвест ХХК нь 53 000 ам.долларын ковшийн үнэд 1 өрөө байр барьцаалсан, тэгээд “М” ХХК-д төлбөрөө төлөөгүй тул уг орон сууцыг “М” ХХК-д шилжүүлсэн...” гэсэн, Г.Пүрэвдорж нь “ ...найз Ц.Моломжамц нь ковш авах гэсэн юм барьцаа байвал өгөөч гэсний дагуу байрыг барьцаанд шилжүүлсэн...” гэх, Ц.Моломжамцын “...С.М, түүний эхнэр Л.Б байраа барьцаалахыг зөвшөөрсөн...” гэсэн тайлбар тус тус тусгагдснаас үзвэл 50 000 000 төгрөгийг төлөөгүй гэх нэхэмжлэлийн шаардлага нотлогджээ.        

          Давж заалдах шатны шүүх С.Маас 50 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Бд олгож, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.      

          Худалдан авагч С.М нь орон сууц, орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж авсан тул үнийг төлөх үүрэгтэй. Тэрээр гэрээний дагуу 50 000 000 төгрөгийг хүлээлгэж өгсөн гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй, нэхэмжлэлийг үгүйсгэж чадаагүй байв.

Давж заалдах шатны шүүх шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримт, нэхэмжлэлийн агуулга, гэрээний талуудын үүрэг, хөөн хэлэлцэх хугацаа зэрэг эрх зүйн асуудлаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, уг дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхино.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 800 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 407 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ЦАГААНЦООЖ

                        ШҮҮГЧ                                                     П.ЗОЛЗАЯА