Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 00800

 

       Л.Б-ийн нэхэмжлэлтэй,

     иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2018/00203 дугаар шийдвэртэй, Л.Б-ийн нэхэмжлэлтэй, С.М-т холбогдох

   Орон сууц худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 50 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

      Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч Б.Э шүүх  хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдөр н.М-ийн тухайн үед өмчлөлд байсан Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хорооллын 1 дүгээр байрны 39 тоотод байрлах 12 м.кв талбайтай 1 өрөө орон сууыг 50 000 000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээ хэлцэл хийгдсэн байна. Энэхүү гэрээний 2-т худалдан авагч тал нь худалдагч талтай харилцан зөвшилцсөний үндсэн дээр 50 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон, 3-т 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдөр төлбөрийг төлж барагдуулсан төлбөрийг бэлнээр төлсөн гэж яригддаг. Уг гэрээг байгуулах болсон шалтгаан нь 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдөр “Т” ХХК-ийг төлөөлж худалдааны маркетингийн дарга С.М, “Л” ХХК-ийн захирал н.Б нарын хоорондоо техник худалдах-худалдан авах санхүүгийн түрээсийн гэрээг байгуулагдсан. Цаг хугацааны хувьд энэ 2 гэрээ нэг өдөр байгуулагдсан. Учир нь: “Т” ХХК-иас санхүүгийн түрээсийн гэрээгээр авто ачигчийг ямар нэгэн төлбөргүйгээр зарж байгаа тохиолдолд заавал барьцаа шаардлагатай болохыг “Л” ХХК-д танилцуулсан. Тухайн үед “Л” ХХК-д н.П, н.М нар хөрөнгө оруулж, хамтран ажилладаг байсан эдгээр хүмүүст барьцаа шаардлагатай болохыг хэлэхэд н.П-ийн эхнэр буюу нэхэмжлэгч Л.Б-ийн өмчлөлд байсан орон сууцыг барьцаанд тавихаар болж "барьцааны гэрээ хийлгүй орон сууц худалдах-худалдан авах гэрээ хийе та нар ковшын 52 000 ам.долларыг хүүтэй, хугацаандаа төлвөл асуудалгүй байрыг шилжүүлээд өгнө" гэж Л.Б-тай гэрээ байгуулсан. Тухайн үед 50 000 000 төгрөгийг С.М-аас Л.Б-д бодитой өгсөн баримтгүй, мөнгийг аваагүй.

     Санхүүгийн түрээсийн гэрээг 2 сарын хугацаатай байгуулаад 2012 оны 08 дугаар сарын 26-ны өдөр нийт 54 106 ам.доллар төлснөөр дуусгавар болох байсан. Бид нарт “Л” ХХК энэ төлбөрийг төлөөгүй, 19 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн, 20 000 000 төгрөгийг “Т” ХХК-д хамааралгүй н.Т гэдэг хүнд өгсөн байдаг. Ингээд 39 000 000 төгрөгийг өгсөн гэж бодож байхад бодит байдал дээр 19 000 000 төгрөг өгсөн байна. Улмаар 2 талын хооронд маргаан үүсээд энэ гэрээний харилцаа зогсонги байдалд орж “Т” ХХК-ийн тухайн үеийн захирал байсан н.У төлөөлөөд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд 79 690 ам.доллар гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг 2014 оны 01 дүгээр сарын 24-ний 451/2088/Б дугаар шүүгчийн захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ нэхэмжлэлд 19 000 000 төгрөг төлснийг хүлээн зөвшөөрдөг, ямар нэгэн байдлаар барьцааны зүйл тавьж 50 000 000 төгрөгийг “Л” ХХК төлсөн талаар дурдаагүй хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна.

     Тухайн үл хөдлөх хөрөнгө С.М-ын нэр дээр байсан, улсын бүртгэлд хэзээ бүртгүүлсэн асуудал яригддаг. Улсын бүртгэлд 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 1 000 00 төгрөгийн үл хөдлөх хөрөнгийн орлогын 2 хувийн татвар төлсөн гүйлгээ хийгдэж уг мөнгийг С.М төлсөн байдаг боловч хуульд зааснаар орлого олж байгаа этгээд буюу 50 000 000 төгрөгийг авч байгаа Л.Б уг мөнгийг төлөх ёстой. Гэтэл С.М төлсөн үйлдэл техник худалдах-худалдан авах санхүүгийн түрээсийн гэрээний үүрэг биелэгдэхгүй, зогсонги байдалд орж төлбөрөө авч чадахгүй байсантай холбоотойгоор С.М тухайн үл хөдлөх хөрөнгийг өөр дээр шилжүүлж авсан. Ингээд 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр С.М “М” ХХК-д бэлэглэлийн гэрээгээр худалдах-худалдан авах гэрээгээр олж авсан үл хөдлөх хөрөнгийг шилжүүлсэн. Энэ хооронд нэхэмжлэгч нь худалдах-худалдан авах гэрээ, орон сууц худалдах-худалдан авах гэрээ, 2015 оны 01 дүгээр сард хийгдсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шүүхэд нэхэмжлэлээ гаргасан боловч 2 шатны шүүхийн шийдвэрээр гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох боломжгүй гэж шийдвэр гарсан. Гэхдээ 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр давж заалдах шатны шүүхийн 1751 дүгээр магадлалд "нэхэмжлэгч тухайн орон сууц худалдах-худалдан авах гэрээний төлбөрийг шаардсан шаардлага байхгүй учраас үүнийг шийдвэрлэх боломжгүй" гэж дүгнэсэн байдаг. Иймд иргэний журмаар шийдвэрлэгдэхгүй, учраас шийдвэр авсны дараа Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргасныг  ажиллагаа хийж 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 4773 дугаар прокурорын тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Уг тогтоол нь С.М-ын өгсөн тайлбарыг үндэслэн хэрэгсэхгүй болгосон тул шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулахаар хүсэлт гаргах хооронд хуучин “Т” ХХК-д захирал байсан н.У нь Л.Б болон түүний нөхөр н.П нарт "байрыг чинь удахгүй шилжүүлж өгнө" гэж шинээр илэрсэн нөхцөл байдлыг хянуулах хугацааг өнгөрүүлснээр түүнтэй холбоотой асуудал шийдвэрлэгдээгүй.

          Гэтэл “М” ХХК-иас хүмүүс ирээд "байраа чөлөөлж өг, бид өөрсдийнхөө байранд орно" гээд хүчээр орон сууцнаас гаргасан. Иймд шүүхээс худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр гэж тооцсон учир Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу С.М-аас 50 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

  Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үл хөдлөх хөрөнгийн 2 хувийн татварыг С.М төлснөөс болоод гэж тайлбарлаж байна. Бодит нөхцөл байдалд хэн төлбөр төлөх ёстой гэдгийг мэдэхгүй явдаг. Үүнийг худалдаж боруулсныхаа орлогоос худалдагч нь төлөх естой байдаг. Хүчин төгөлдөр хэлцэл хийгдээгүй, мөнгө төгрөг өгөхөд нөгөө тал төлснийг мөнгөө өгөөгүй болохыг нотолно гэж байгаа боловч энэ нь нотолгоо болж чадахгүй. Гэрээний он, cap адилхан гэж байгаа боловч уг гэрээ хэрэгт байхгүй. Гол нотлох баримт болох прокурорын хэрэгсэхгүй болгосон тогтоол аваагүй, барьцаанд байр тавиагүй. Харин нэхэмжлэгчийн хэлж буй зүйл нь хэрэгт авагдсан шүүгчийн захирамжаар эвлэрээд, асуудал шийдвэрлэгдсэн. Уг асуудлаар шүүхэд хандсан ч гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь тогтоогдоод давж заалдах шатны шүүхийн магадлалд "нөгөө тал нэхэмжлэл дээр мөнгө авсан, өгсөн гэх асуудал гаргаагүй учраас дүгнэлт хийх боломжгүй" гэсэн агуулгатай гарсан.

        Мөн талуудын хооронд үүсэн маргааны үндэслэл болсон гэрээний 3 дугаар зүйлд маш тодорхой заасан байхад мөнгө аваагүй гэж тайлбарлах боломжгүй. 2012 оны 06 дугаар сарын 26-ны өдөр мөнгө аваагүй байсан бол өнөөдөр 6 жилийн хугацаа өнгөрсөн, нотлох баримт байхгүй, бэлнээр төлж дууссан талаар гэрээндээ тусгаж баталгаажуулахаас өөр ямар байдлаар нотлох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд энэ хэрэгт хамааралгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар нотлох баримтгүй. Үнэн зөв тайлбар гаргасан бол н.М, П нарыг гуравдагч этгээдээр татан оролцуулах байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

     Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар С.М-аас орон сууц худалдах-худалдан авах гэрээний үүрэг 50 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн Л.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 408 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж,

     Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 13063 дугаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжийн үйлчлэлийг дуусгавар болгож шийдвэрлэжээ.

        Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүхэд  нэхэмжлэгчээс өөрөө нотлох баримтаар гаргаж өгөх боломжгүй, өөр хуулийн этгээд буюу шүүх, прокурорын архивт байгаа нэхэмжлэгч этгээдээс өөр этгээдүүдэд хамаарах нотлох баримтыг гаргуулахаар хүсэлт гаргасан боловч уг хүсэлтийг үндэслэлгүйгээр хангахаас татгалзаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Орон сууц худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 50 000 000 төгрөгийг хариуцагч С.М-аас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж, нотлохоор талуудын хооронд хийгдсэн гэрээ, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 4773 дугаар прокурорын тогтоол, С.М-ын үл хөдлөх хөрөнгийн татвар төлсөн гүйлгээний баримт, орон сууц худалдах-худалдан авах гэрээг байгуулахдаа яагаад 50 000 000 төгрөгийн төлбөр хийгдээгүй болохыг нотлохоор “Л” ХХК болон “Т” ХХК-ийн хоорондох эвлэрснийг баталсан шүүгчийн захирамжийг гаргаж өгсөн. Эдгээр баримтуудаар С.М орон сууцны төлбөр 50 000 000 төгрөгийг Л.Б-д төлөөгүй болохыг нотолсон нотлох баримт гаргаж өгөөгүй.

          Дээрхээс үзэхэд шүүх нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаагүй, хариуцагч татгалзлын үндэслэлээ нотолсон баримт гаргаж өгөөгүй, нотлоогүй зэргийг харгалзаж үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн нь эргэлзээтэй, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.   Шүүх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж буруу дүгнэсэн. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т "үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил" гэж заасан бөгөөд дээрх гэрээний дагуу шаардах эрх энэ хөөн хэлэлцэх хугацаанд хамаарах ёстой.

      Гэтэл шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг 3 жил гэж шийдвэрийн үндэслэл болгосон нь хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэж дүгнэх үндэслэлтэй. Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

       Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмыг зөрчсөн боловч давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн үйл баримтыг талаар дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

   Талуудын хооронд 2012 оны 06 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан “Орон сууц худалдах-худалдан авах гэрээ”-гээр худалдагч тал буюу нэхэмжлэгч Л.Б нь худалдан авагч буюу С.М-т Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 1-39 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг 50 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон үйл баримт хэрэгт авагдсан орон сууц худалдах-худалдан авах гэрээ, талуудын тайлбараар тогтоогдсон, энэ талаар маргаагүй.

        Хэрэгт авагдсан орон сууц худалдах-худалдан авах гэрээний 3 дахь заалтад “Худалдан авагч тал төлбөрийг 2012 оны 06 дугаар сарын 26-ны өдөр төлж барагдуулсан байна. Төлбөр бэлнээр төлж дууссан” гэж хоёрдмол агуулгатай заалтыг оруулсан боловч мөнгийг төлсөн талаар баримт байхгүй байх тул зөвхөн гэрээний уг заалтыг үндэслэн 50 000 000 төгрөгийн гэрээний үүргийг биелүүлсэн буюу бэлнээр болон дансаар нэхэмжлэгч талд өгсөн гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй юм.

       Анхан шатны шүүх мөнгөн хөрөнгийг хүлээж аваагүй гэх үйл баримтыг биш, хүлээлгэж өгсөн гэх үйл баримттай холбоотой нөхцөл байдлын талаар зөв дүгнэлт хийж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл, худалдагч нь худалдан авагчийн өмчлөлд хөрөнгө шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэг үүсгэдэг худалдах-худалдан авах гэрээний дагуу хариуцагч С.М 50 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Л.Б-д хүлээлгэж өгсөн гэх баримт хэрэгт авагдаагүй болно. Мөн хариуцагч С.М нь гэрээний дагуу 50 000 000 төгрөгийг хүлээлгэж өгсөн гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухйа хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

       Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.М-аас орон сууц худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 50 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Л.Б-д олгох нь зүйтэй.

    Түүнчлэн хөөн хэлэлцэх хугацааны талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болоогүй. Талуудын хооронд үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх, түүний үнийг төлөхөөр тохиролцсон худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байх тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах 6 жилийн хөөн хэлэлцэх хугацаа хамаарах юм.

     Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

       1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2018/00203 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.М-аас орон сууц худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 50 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Б-д олгосугай” гэж өөрчлөн найруулж, 2 дахь заалтад ”үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч С.М-аас улсын тэмдэгтийн хураамжид 407 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Б-д олгосугай” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 408 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                    ШҮҮГЧИД                                 Т.ТУЯА

                                                                                                      Д.БАЙГАЛМАА