Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 00203

 

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 24 өдөр                  Дугаар183/ШШ2018/00203                              Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

  Нэхэмжлэгч: Л.Б  гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С.М-д холбогдох,

орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүрэг 50 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Амарбаясгалан, нарийн бичгийн даргаар М.Шолпан нар оролцов.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Талуудын хооронд 2012.06.22-ны өдөр н.Мөнхбаясгалангийн тухайн үед өмчлөлд байсан Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 хорооллын 1 байрны 39 тоотод байрлах 12 м.кв 1 өрөө байрыг 50 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ хэлэлцээр хийгдсэн байгаа. Энэхүү гэрээний 2-т худалдан авагч тал нь худалдагч талтай харилцан зөвшилцсөний үндсэн дээр 50 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон байсан, гэрээний 3-р зүйлд 2012.06.22-ний өдөр тухайн төлбөрийг төлж барагдуулсан, төлбөрийг бэлнээр төлж дууссан гэж яригддаг. Уг  гэрээг хийх болсон нь учир шалтгаан нь тухайн өдөр буюу 2012.06.22-ны өдөр Техник форум ХХК, түүнийг төлөөлж тус компанийн худалдааны маркетингийн дарга С.М, Лайм инвест ХХК-ийн захирал н.Барсбаатар нарын хоорондоо техник худалдах, худалдан авах санхүүгийн түрээсийн гэрээг байгуулсан  байдаг. Цаг хугацааны хувьд энэ хоёр нэг өдөр байгуулагдсан гэрээ, яагаад гэвэл Техник форум ХХК-иас санхүүгийн түрээсийн гэрээгээр авто ачигчийг ямар нэгэн төлбөргүйгээр зарж байгаа тохиолдолд заавал барьцаа шаардлагатай болохыг Лайм инвест ХХК-д танилцуулсан байдаг. Тухайн үед Лайм инвест ХХК-д Пүрэвдорж, Моломжамц нар хөрөнгө оруулж, хамтран ажилладаг байсан байна. Иймээс эдгээр хүмүүст барьцаа шаардлагатай болохыг хэлж, ямар боломж байгаа эсэхийг асуухад н.Пүрэвдоржийн эхнэр буюу нэхэмжлэгч Л.Бгийн өмчлөлд байсан орон сууцыг барьцаанд тавихаар болоод “барьцааны гэрээ хийхгүйгээр шууд орон сууц худалдах худалдан авах гэрээ хийе та нар ковшныхаа 52 мянган ам.долларыг хүүтэй хугацаандаа төлчихвөл асуудалгүй байрыг шилжүүлээд өгнө” гэж Л.Бтай гэрээ байгуулагдсан. Тухайн үед 50 000 000 төгрөгийг С.Маас Л.Бд бодитой өгсөн зүйл байхгүй, баримт байхгүй. Л.Б уг мөнгийг огт аваагүй. Ингээд санхүүгийн түрээсийн гэрээг 2 сарын хугацаатай байгуулаад 2012.08.26-ны өдөр нийт 54 106 ам.доллар төлснөөр дуусгавар болох байсан. Бид нарт Лайм инвест ХХК энэхүү төлбөрийг төлөөгүй, 19 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн байдаг, 20 000 000 төгрөгийг Техник форум ХХК-ийн ажилтан ажлыг танилцуулсан н.Төмөрбаатар гэдэг хүнд өгсөн байдаг. Ингээд 39 000 000 төгрөгийг өгсөн байгаа гэж бодоод явж байхад бодит байдал дээр 19 000 000 төгрөг өгсөн байна. н.Төмөрбаатар нь Техник форум ХХК-д огт хамааралгүйгээр уг мөнгийг залилан мэхэлж 20 000 000 төгрөгийг авсан нөхцөл байдал бий болсон байдаг. Улмаар 2 талын хооронд маргаан үүсээд энэ гэрээний харилцаа зогсонги байдалд орж, Техник форум ХХК-ийн тухайн үеийн захирал байсан н.Уранчимэг төлөөлөөд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд 79 690 ам.долларыг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг 2014.01.24-ний 451/2088/Б дугаартай шүүгчийн захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Энэ нэхэмжлэлд 19 000 000 төгрөгийг төлснийг хүлээн зөвшөөрдөг, ямар нэгэн байдлаар барьцаан зүйл тавьж 50 000 000 төгрөгийг Лайм инвест ХХК төлсөн талаар дурдаагүйгээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна. Энэ үед тухайн үл хөдлөх хөрөнгө С.Мын нэр дээр байсан, улсын бүртгэлд хэзээ бүртгүүлсэн талаар асуудал яригддаг. Улсын бүртгэлд 2012.11.05-ны өдөр 1 000 00 төгрөгийн үл хөдлөх хөрөнгийн орлогын 2 хувийн татвар төлсөн гүйлгээ хийгдэж уг мөнгийг С.М төлсөн байдаг боловч хуульд зааснаар орлого олж байгаа этгээд буюу 50 000 000 төгрөгийг авч байгаа Л.Б уг мөнгийг төлөх ёстой байдаг. Гэтэл уг мөнгийг С.М төлсөн үйлдэл нь техник худалдах-худалдан авах санхүүгийн түрээсийн гэрээний үүрэг биелэгдэхгүй, зогсонги байдалд орж төлбөрөө авч чадахгүй байсантай холбоотойгоор С.М тухайн үл хөдлөх хөрөнгийг өөр дээр шилжүүлж авсан. Улмаар шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх тодорхой ажиллагаанууд хийгдсэн боловч ахицтай үр дүн гараагүй. Ингээд 2015.01.22-ны өдөр С.М Монтракт групп ХХК-д бэлэглэлийн гэрээгээр худалдах, худалдан авах гэрээгээр олж авсан үл хөдлөх хөрөнгийг шилжүүлсэн байдаг. Энэ хоорондоо нэхэмжлэгчийн хувьд худалдах худалдан авах гэрээ, орон сууц худалдах худалдан авах гэрээ, мөн 2015 оны 01 сард хийгдсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар өөрийнхөө харьяаллын шүүхэд нэхэмжлэлээ гаргасан боловч 2 шатны шүүхийн шийдвэрээр гэрээ хүчин төгөлдөр  байна гэж үзэж хүчин төгөлдөр бусд тооцох боломжгүй гэж шийдвэр гарсан. Гэхдээ 2016.10.17-ны өдөр Давж заалдах шатны шүүхийн 1751 тоот магадлалд “нэхэмжлэгч тухайн орон сууц худалдах худалдан авах гэрээний төлбөрийг шаардсан шаардлага байхгүй учраас үүнийг шийдвэрлэх боломжгүй” гэж дүгнэсэн байдаг. Иймээс иргэний журмаар явж шийдвэрлэгдэхгүй, амжилт олохгүй байсан учраас шийдвэрийг авсны дараа Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст орон сууцыг залилаад авсан гэх утга агуулгатай гомдол гаргасныг тус хэлтэс ажиллагаа хийгдээд 2016.11.15-ны өдөр 4773 дугаартай прокурорын тогтоолоор Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байдаг. Энэ тогтоолоос харахад “С.М нь 2012-2013 оны хооронд Монтракт групп ХХК-ийн борлуулалтын менежерээр ажиллаж байсан, Лайм инвест ХХК-ийн захирал н.Моломжамцтай 5300 ам.долларын үнэ бүхий ковш худалдах худалдан авах гэрээ байгуулан, барьцаа болгож н.Моломжамц болон түүний найз Пүрэвдорж нар нь Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 11 хороолол, 1 байр, 39 тоотод байрлах 12 м.кв 1 өрөө байрыг худалдах худалдан авах гэрээ хийж барьцаанд өгсөн, Лайм инвест ХХК нь мөнгө төлөхгүй 6 сар орчим болсон учраас тухайн байрыг би өөрийн нэр дээр авч Монтракт групп ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн” гэж өгсөн С.Мын тайлбарыг үндэслээд хэрэгсэхгүй болгосон байна. Улмаар уг тогтоолыг авч шинээр илэрсэн нөхцөл байдлыг хянуулахаар хүсэлт өгсөн боловч энэ хооронд хуучин Техник форум ХХК-д захирал байсан н.Уранчимэг нь Л.Б болон түүний нөхөр н.Пүрэвдорж нарт “байрыг чинь удахгүй шилжүүлж өгнө ” гэж цаг хугацаа хожиж шинээр илэрсэн нөхцөл байдлыг хянуулах хугацааг өнгөрүүлснээр түүнтэй холбоотой асуудал шийдвэрлэгдээгүй. Гэтэл Монтракт групп ХХК-иас хүмүүс ирээд  “байраа чөлөөлж өг, бид өөрсдийнхөө байранд орно” гээд хүчээр орон сууцнаас гаргасан. Иймд шүүхээс худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр гэж тооцсон учраас энэ гэрээний үүрэгтэй холбоотой 50 000 000 төгрөгийг нэхэмжилж авъя гээд шүүхэд хандсан, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу С.Маас 50 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Амарбаясгалан шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч талаас 3 үндэслэлээр тайлбарлаж байна. 1-рт нь үл хөдлөх хөрөнгийн 2 хувийн татварыг С.М төлснөөс болоод гэж тайлбарлаад байна. Бодит нөхцөл байдалд нь хэн төлбөрөө  төлөх ёстой гэдгийг мэдэхгүй явдаг. Үүнийг худалдаж боруулсаныхаа орлогоос худалдагч нь төлөх ёстой байдаг. Энэ талаар хэлж нотлоод өгсөнд нь баярлаж байна. Яагаад гэвэл хүчин төгөлдөр хэлцэл хийгдээгүй, мөнгө төгрөг өгөхөд ийм нөхцөл байдал болсон гэдгийг нотлоод өгч байна. Тэгэхээр нөгөө талын төлснийг мөнгөө өгөөгүй болохыг нотолно  гэж байгаа боловч энэ нь нотолгоо болж чадахгүй. 2-рт нь гэрээний  он, сар нь адилхан байна гээд байгаа боловч уг гэрээ хэрэгт байхгүй учраас мэдэхгүй байна. Гол нотлох баримт болгоод байгаа зүйл нь Прокурорын тогтоол байгаа.  Хариуцагч С.М нь Монтракт групп ХХК-д ажиллаж байгаад энэ компаниас гараад 3-4 жил болсон ямар ч холбоогүй. С.Мыг зовоогоод маш олон удаа цагдаад өгч, 2-3 удаа энэ асуудлаар дуудсан байдаг. Прокурорын хэрэгсэхгүй болгосон тогтоолоо ч аваагүй. Өнөөдрийн хуралдаанд С.Мыг бүрэн төлөөлөн оролцож байгаа учраас барьцаанд байр тавьсан асуудал байхгүй. Харин байгаа гэж нэхэмжлэгчийн хэлж байгаа зүйл нь хавтаст хэрэгт авагдсан шүүгчийн захирамжаар эвлэрээд, асуудлаа шийдвэрлэсэн. Улмаар энэ асуудлаар шүүхэд хандаад гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болгохоор зүтгэсэн боловч хүчин төгөлдөр хэлцэл биш болох нь тогтоогдоод, Давж заалдах шатны шүүхийн магадлалд “нөгөө тал нэхэмжлэл дээр мөнгө авсан, өгсөн гэх асуудлаар гаргаагүй учраас дүгнэлт хийх боломжгүй” гэсэн агуулгатай гарсан. Мөн талуудын хооронд үүсэн маргааны үндэслэл болсон гэрээний 3 дугаар зүйлд маш тодорхой заасан байхад одоо мөнгөө аваагүй гэж тайлбарлах боломжгүй. 2012.06.26-ны өдөр мөнгө үнэхээр аваагүй байсан бол өнөөдөр 6 жилийн хугацаа өнгөрсөн, нотлох ганц ч нотлох баримт байхгүй. Бэлнээр төлж дууссан талаар гэрээндээ тусгаж баталгаажуулахаас өөр ямар байдлаар нотлох вэ. Хавтаст хэрэгт байгаа бүх нотлох баримтууд нь энэ хэрэгт огт хамааралгүй. Манай талаас нотлох баримт өгөөгүй, өгөх ч шаардлага байхгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн яриад байгаа тайлбар нь ямар ч нотлох баримтгүй. Үнэхээр зөв тайлбарлаж байгаа бол н.Моломжамц, Пүрэвдорж нарыг гуравдагч этгээдээр татан оролцуулах байсан. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх Л.Бгийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч 2012.06.26-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 50 000 000 төгрөгийг хариуцагч С.Маас гаргуулахаар шаардсаныг хариуцагч “гэрээний үүрэг биелэгдсэн, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” гэх үндэслэлээр зөвшөөрөөгүй байна.

Хэргийн баримтаас үзэхэд Л.Б, С.М нарын хооронд 2012.06.26-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, энэхүү гэрээний дагуу худалдагч тал буюу Л.Б нь Сүхбаатар дүүргийн  8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 1-39 тоот хаягт байрлах, 12 м/кв нэг өрөө 0021129 тоот гэрчилгээтэй, 2203006479 тоот улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг С.Мын өмчлөлд шилжүүлэх үүргийг хүлээсэн байх бөгөөд гэрээний 2, 3-р зүйлд талууд харилцан тохиролцон орон сууцыг 50 000 000 төгрөгөөр үнэлж, худалдан авагч нь 2012.06.26-ны өдөр төлбөрийг бэлнээр төлж дууссан  болохыг тусгажээ.

 

Нэхэмжлэгч Л.Б дээрх орон сууц худалдах, худалдан авах гэрээ болон  С.Маас Монтрак групп ХХК-д орон сууц өмчлөх эрхийг шилжүүлсэн гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах, орон сууцны өмчлөх эрх сэргээлгэх, хариуцагчийн нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгө эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Монтрак групп ХХК болон С.М нарт холбогдуулан өмнө нь шүүхэд гаргасныг  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.04.08-ны өдрийн 101/ШШ2016/03112 дугаар шийдвэрээр Л.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Дээрх шүүхийн шийдвэрээс харахад Л.Б, С.М нарын хоорондын 2012.06.26-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг  хуульд нийцсэн, хүчин төгөлдөр хэлцлийн үндсэн дээр тухайн орон сууцны өмчлөгч С.М болсон,  улмаар бусдад шилжүүлэх захиран зарцуулах эрхтэй тул Монтрак групп ХХК-д хариу төлбөргүйгээр шилжүүлсэнийг хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2016.10.17-ны өдрийн 1751 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээжээ.

 

Мөн 2016.11.03-ны өдөр гаргасан “орон сууц залилан мэхэлж хохирол учруулсан” гэх Л.Бгийн СБ1-16541 дугаартай гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай  Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2016.11.15-ны өдрийн 4773 дугаар тухай прокурорын тогтоол хэрэгт авагдсан байна.

 

Нэхэмжлэгч Л.Б 2017.10.26-ны өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ “...орон сууц худалдах, худалдан авах гэрээг хийх болсон шалтгааныг өөрийн нөхөр Г.Пүрэвдорж болон түүний найз Ц.Моломжамц нарын хамтран үйл ажиллагаа явуулдаг Лайм инвест ХХК болон Техник форум ХХК-ийн хоорондын техник худалдах, худалдан авах санхүүгийн түрээсийн гэрээний барьцаанд тавих зорилгоор байрны үнэ 50 000 000 төгрөгийг төлсөн мэтээр байгуулсан” гэжээ.

 

Дээрх байдлаас үзэхэд талууд тухайн эд хөрөнгийг худалдах, худалдан авах санаа зорилгогүй, өөр гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах барьцааны зүйл болгосоныг нэхэмжлэгч зөвшөөрсөн, Лайм инвест ХХК болон Техник форум ХХК-ийн хоорондын техник худалдах, худалдан авах санхүүгийн түрээсийн гэрээний маргаанд талууд эвлэрсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014.01.24-ний өдрийн 451/2808/Б дугаар шүүгчийн захирамж гарсан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 25.2.2, 26 дугаар зүйлийн 26.2 дахь  хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг  өөрөө нотлох үүрэгтэй, мөн хэзээ, хэнээс, юу шаардахыг өөрөө шийдвэрлэдэг.

 

Гэвч С.Мт холбогдуулан гаргаж байсан Л.Бгийн өмнөх нэхэмжлэл, гомдол мэдээллийг шалгаж шийдвэрлэсэн эрхийн актуудаас харахад 2012.06.26-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулах болсон шалтгааныг өөр өөрөөр тайлбарласан, тухайлбал “...Лайм инвест ХХК болон Техник форум ХХК-ийн хоорондын техник худалдах, худалдан авах санхүүгийн түрээсийн гэрээний барьцаанд тавих зорилгоор, мөн Мөнхбаяр нь Баясгаланд зээл авч өгөх зорилготой байсан гэх, эцэст нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.04.08-ны өдрийн 101/ШШ2016/03112 дугаар шийдвэрийг үндэслэн худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн” гэж байрны үнэ нэхэмжилж байгаа нь хуулийн үндэслэлгүй байна.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч тал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох,  нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй болно.

 

Гэхдээ өөрийн шаардлага, тайлбарыг нотолно гэдэг нь тэдгээрт дурдагдаж буй үндэслэлийг бодит байдалд нийцсэн, үнэн зөв болохыг баримтаар тогтоохыг хэлэхээс гадна уг үндэслэл нь хуульд заагдсанаар зүй ёсны болохыг батлах ёстой боловч нэхэмжлэгч Л.Б нотолж чадаагүй, мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2, 75.2.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил өнгөрсөн байна.         

 

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 408 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, мөн хариуцагч С.Мын эд хөрөнгө болон мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээр битүүмжилсэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.12.04-ний өдрийн  13063  дугаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжийн үйлчлэлийг дуусгавар болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар С.Маас орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүрэг 50 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн Л.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 408 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.12.04-ний өдрийн  13063 дугаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжийн үйлчлэлийг дуусгавар болгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Д.ЭНХЦЭЦЭГ