| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Батзориг |
| Хэргийн индекс | 149/2017/00113/Э |
| Дугаар | 16 |
| Огноо | 2018-02-07 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | М.Энхбаатар |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 16
Б.Отгонсүхэд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч,
Ерөнхий шүүгч Б.Батзориг
Шүүгчид Я.Туул
Д.Буянжаргал
Оролцогчид:
Прокурор М.Энхбаатар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сувд нарыг оролцуулж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан, 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 154 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Баяраагийн Отгонсүхэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 201618020206 дугаартай, 149/2017/00113/Э индэкстэй, 2 хавтас хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд ерөнхий шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Баянгол суманд 1988 оны 08 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 1, ганцаараа амьдрах, Сэлэнгэ аймаг Баянгол сумын Баян 2 дугаар баг, 2 дугаар хэсэг №4-05 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, хоёр удаагийн ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Баяраагийн Отгонсүх /Регистрийн дугаар: МБ88081513/
Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:
Б.Отгонсүх нь 2016 оны 07 сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян 2 дугаар багийн нутаг дэвсгэр Суварганы өвөр гэх газар оршин суух иргэн Ц.Чулуунхүүгийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж 2.945.000 төгрөгийн эд зүйл болон 3.030.000 төгрөгийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх Б.Отгонсүхэд холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд 154 дугаартай шийтгэх тогтоолоор:
-Шүүгдэгч Боржигон овогт Баяраагийн Отгонсүхийг бүлэглэн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
-2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасныг журамлан шүүгдэгч Б.Отгонсүхэд Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэнийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилж,
-2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Отгонсүхийг эд хөрөнгө хураахгүйгээр 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Отгонсүхэд оногдуулсан 02 жилийн хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Отгонсүхээс 5.525.000 төгрөгийг гаргуулж Сэлэнгэ аймаг Баянгол сумын Баян 2 дугаар баг, Баянгол ам гэх газар оршин суух, хохирогч Хөндлөнгийнхэн овогт Цээзэнхүүгийн Чулуунхүүд /РД:МБ69020336/ олгож,
-Энэ хэргийн улмаас 55-09 УНЭ улсын дугаартай Сонота-6 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож,
-Б.Отгонсүх нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдан,
-Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Отгонсүхэд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
“Б.Отгонсүхэд холбогдох хэрэгт 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийлгүүлэх хүсэлт гаргасан боловч шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12-т зааснаар хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэж орхиж уг хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэл муутай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Хавтаст хэрэгт Б.Отгонсүх нь би Баяраа гэдэг хүнтэй Баянгол сум руу явж хонь авсан. Тэгээд Чулуунхүү гэдэг айлд цай уухаар очсон тэр үед гэр нь цоожтой байсан би буугаад, бие засчихаад ирэхэд Баяраа ах цоожийг нь эвдэж ороод даавуунд юм боогоод гарсан харин би нэг мөнгөн аяга л авсан. Тэгээд Улаанбаатар хот ороод намайг цайны газраас хоол аваад ир гэж 30000 төгрөг өгсөн би хоол аваад гараад иртэл Баяраа ах байхгүй намайг орхиод явчихсан байсан миний хонийг ч гэсэн өгөөгүй аваад явчихсан. Гэтэл Баяраа ах дараа нь нас барьсан байсан гэдэг. Уг хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т заасан нотолбол зохих байдал нотлогдоогүй гэж үзэж байна. Учир нь Чулуунхүүгийн гэрт бэлэн 3030000 төгрөг байсан эсэх түүнийг ямар их сурвалжаас олж авсан талаар мэдүүлгийн эх сурвалжаа зааж чадаагүй, 2945000 төгрөгний эд зүйл байсан талаар хангалттай нотлоогүй ганцхан хохирогчийн мэдүүлгээр л Отгонсүхийг яллаж байна. Б.Отгонсүх л би орж мөнгөн аяга авсан гэж мэдүүлдэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2-т Сэжигтэн, яллагдагч шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй гэж заасан байсан. Гэтэл шүүх шүүдэгчийг хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн гэж дүгнэж хэт яллах талыг барьж, ойлгомжгүй шийдвэр гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэж заажээ. Гэтэл шүүх Б.Отгохсүхийг Ц.Баяраатай бүлэглэж хулгай хийсэн гэж дүгнэчихээд хохирол 5525000 төгрөгийг Б.Отгонсүхээс гаргуулах нь зүйтэй гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн Б.Отгонсүх нь бусдад төлөх төлбөргүй гэж шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт заасан байдаг бусдад төлөх төлбөргүй бол энэ хүн 2 жилийн хорих ял оногдуулахгүйгээр тэнсэгдэх боломжтой, мөн Б.Отгонсүхийг гэм буруутай гэж үзэх юм бол өөрт оногдох хохиролыг нь зөв тогтоох нь ач холбогдолтой байна. Иймд Б.Отгонсүхэд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтдээ:
“Хэргийн материал болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдолтой танилцсан. Б.Отгонсүх нь гэмт хэрэг үйлдсэн гэдгээ мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгийн явцад нотолдог. Гэрч Батгэрэл, Ганчимэг нарын мэдүүлэг болон мэдүүлгийг газар дээр нь шалгасан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл зэргээр нотлогддог. Б.Отгонсүхийн сэтгэцийн байдлыг шүүхээс шинжээч томилон хэрэг хариуцах чадвартай гэдгийг нотолсон. Б.Отгонсүх нь өмнө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан байдаг. Үүнээс үзэхэд Б.Отгонсүхэд ял шийтгэсэн нь үндэслэлтэй, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан хүн ахин гэмт хэрэг үйлдсэн, бие сэтгэцийн байдлыг харгалзан ялаас мултрах, ял завших гээд байгаа нь харагдаж байх тул үндэслэл муутай гэж үзэж байна. Тиймээс шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна” гэжээ.
Тодорхойлох нь:
Шүүгдэгч Б.Отгонсүх нь 2016 оны 07 сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян 2 дугаар багийн нутаг дэвсгэр Суварганы өвөр гэх газар оршин суух иргэн Ц.Чулуунхүүгийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж 2.945.000 төгрөгийн эд зүйл болон 3.030.000 төгрөгийг хулгайлсан гэмт хэрэгт холбогдож прокуророос Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд шүүгдэгчийг дээр дурьдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, хэргийн зүйлчлэлийг өөрчлөн Эрүүгийн хуулийн /2002 оны/ 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэжээ.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн хэргийн материалыг судлан үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотловол зохих байдал бүрэн нотлогдооогүй байхад дан ганц шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгийг үндэслэл болгон шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй, шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгон хэргийг шүүхийн урьчилсан хэлэлцүүлгийн шатнаас дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Учир нь: Шүүгдэгч Б.Отгонсүх нь мөрдөн байцаалтын шат болон шүүхийн хэлэлцүүлэгт удаа дараа өгсөн мэдүүлэгтээ хэрэг учрал болсон гэх тухайн өдөр хохирогчийн гэрт талийгаач Баяраатай хамт очсон, ганц мөнгөн аяга авсан, хотод ирээд надад 30000 төгрөг өгсөнөөс өөр зүйл би аваагүй гэж мэдүүлдэг бөгөөд хохирогчийн хулгайд алдсан гэх эд зүйлийн дотор мөнгөн аяганы талаар ер дурьдагдаагүй, хулгайд алдсан гэх их хэмжээний бэлэн мөнгө, эд зүйл байсан эсэх нь хохирогчийн мэдүүлгээс өөр нотлох баримтаар нотлогдоогүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ үндэстэй эсэх нь эргэлзээтэй байхад дан ганц шүүгдэгчийн мэдүүлэг болон дээр дурьдсан хохирогчийн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, шүүгдэгчийг тухайн өдөр тэнд явж байсныг гэрчилсэн гэрч нарын мэдүүлгийг үндэслэн шүүгдэгчийг дээр дурьдсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй болсон байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.6 дугаар зүйлийн 1.1, 39.8 дугаар зүйлийн 1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 154 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож Б.Отгонсүхэд холбогдох эрүүгийн хэргийг урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүхэд очтол Б.Отгонсүхэд урьд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Я.ТУУЛ
Д.БУЯНЖАРГАЛ