Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2018/01185

 

Р.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШШ2018/00091 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 858 дугаар магадлалтай,

Р.Бгийн нэхэмжлэлтэй

“А М” ХХК-д холбогдох

“А М” ХХК-ийн ерөнхий захирлын 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 25 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мөнхболдын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мөнхболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Номиндалай, түүний өмгөөлөгч Б.Энхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Ариун-Монгол ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж, эм зүйч менежерийн ажил албан тушаалд орсон. 2016 оны 03 сард эм ханган нийлүүлэх байгууллагын ажилтан ажлаас гарсан тул намайг оронд нь ажиллуулж байсан бөгөөд 2017 оны 03 дугаар сарын 27-ны Армон эм ханган нийлүүлэх байгууллагын агуулахын ажлыг би хүлээж авсан. Хажуугаар нь бас эм зүйч менежерийнхээ ч ажлыг хийсэн. Тухайн агуулахын ажлыг хүлээж авч эмийн хугацаа он, сар, өдрийг хянаж, борлуулалт муу, хугацаа нь дуусах дөхсөн бүтээгдэхүүнийг таньдаг эм хангамжийн газруудтай солилцоо хийж хугацааг нь уртасгасан. Мөн эмийн сангуудын захиалгыг нэгтгэх, үлдэгдэл их эмнүүдийг нь хооронд нь гүйлгэж захиалга хийх, байхгүй эмийг эмийн сангийн салбаруудад захиалах, эмийн солилцоо хийж ажилласан. Говь-Алтай аймгийн эмийн сан руу 918 000 төгрөгийн эм бараа явуулж, эмийн үнийг байгууллагын дансанд тушаасан. Хөрөнгийн тооллогыг тухайн байгууллага улиралд нэг удаа хийдэг байсан. Тооллогоор хариуцаж байсан зарим бараа бүтээгдэхүүн дутуу гэж тоолсныг хүлээн зөвшөөрөхгүй, буруу тоолсон гэж үзэж байна. Учир нь зарим бүтээгдэхүүн тооллогоор илүү гарсан. Өмнөх тооцоог дахиж харъя гэхэд захирлаас зөвшөөрөл авсан тохиолдолд хянуулж болно гэсэн. Ингээд 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр ажлаас халсан тушаал гарсан байсан. Иймд “А М” ХХК-ийн ерөнхий захирлын 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн тушаалыг хүчингүй болгуулж, эм зүйчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А М” ХХК-ийн эм зүйч менежерээр ажиллаж байсан Р.Б нь зохих зөвшөөрөлгүйгээр 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 918 000 төгрөгийн бүтээгдэхүүнийг Говь-Алтай аймгийн эмийн сан руу шилжүүлж, байгууллагын Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банкны дансыг өгөлгүйгээр, Хаан банк дахь хувийн дансандаа шилжүүлж авсан байсан бөгөөд 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр уг мөнгийг байгууллагад тушаасан. Мөн Р.Б нь 2017 оны 03 дугаар сарын тооллогоор 1 014 800 төгрөгийн 59 хайрцаг амло ам эм, бамбар чих цэвэрлэгч 12 буюу 3000 төгрөг, дибазол эм буюу 2000 төгрөг нийт 10 198 000 төгрөгийн эм бараа зэргийг дутагдуулсан нь хэрэгт баримтаар гаргаж өгсөн тооллогын баримт, хохирол төлүүлэх акт зэрэг бусад баримтаар тодорхой тогтоогдсон. Р.Б нь хөдөлмөрийн гэрээ, компанийн дотоод журмыг зөрчиж, өөрийн хариуцаж байсан эм бараанаас удаа дараа дутааж, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан, ажил олгогчийг итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан тул Хөдөлмөрийн тухай 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-т заасан үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн. Р.Б нь чанарын менежерээр ажиллаж байгаагүй, анх эм зүйч менежерээр ажилд авсан. “А М” ХХК-ийн эм зүйч менежер нь шаардлагатай үед чанарын менежер, худалдааны менежер, агуулахын эрхлэгч зэрэгт хөрвөн ажиллах чадвартай байхыг Р.Бд ойлгуулсны үндсэн дээр ажилд авсан. Иймд Р.Б нь ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргийн дагуу агуулахын эрхлэгчийн ажлыг хариуцан ажиллаж, цалин нь нэмэгдэж сард 800 000 төгрөг авч байсан. Р.Бд эм барааг худалдан борлуулах эрх олгоогүй. Иймд тус компанийн ерөнхий захирлын 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 25 тоот тушаалаар Р.Бг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШШ2018/00091 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Р.Бг “А М” ХХК-ийн эмч зүйч менежерийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч “А М” ХХК-иас 7 144 186 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Р.Бд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар хариуцагч “А М” ХХК нь нэхэмжлэгч Р.Бгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Р.Бгийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч “А М” ХХК-иас 129 256 төгрөг гаргуулж улсын төсвийн дансанд оруулахыг даалгаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 858 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШШ2018/00091 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч “А М” ХХК-д холбогдох “А М” ХХК-ийн ерөнхий захирлын 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 25 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай Р.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “А М” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 129 300 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мөнхболд хяналтын гомдолдоо: Магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Давж заалдах шатны шүүх хэргийг буруу ойлгож шийдсэнд нэхэмжлэгч тал гомдолтой байна. Хариуцагч “А М” ХХК-ийн захирал 2017.04.19-ний өдрийн 25 тоот тушаалаар Р.Бг агуулахад байсан эм бараа /амло ам 10мг, чих цэвэрлэгч хөвөн, дибазо/-г дутаасан гэж үзэж ажлаас халсан бөгөөд энэхүү 1 019 800 төгрөгний эм бараа агуулахаас дутсан гэдэг нь тогтоогддоггүй. Гэтэл шүүх “Говь-Алтай аймаг руу дур мэдэн эм, бараа хүргүүлсэн, тэрхүү төлбөрөө хувийн дансаар авсан гэж үзээд хариуцагчийн хууль бус үйл ажиллагааг зөвтгөж шийдсэн нь үндэслэлгүй юм. Давж заалдах шатны шүүх ажлаас халсан тушаалд үндэслэлээс шал өөр, баримтаар бүрэн тогтоогдоогүй асуудлыг зөрчил гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүх магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Р.Б нь хариуцагч “А М” ХХК-д холбогдуулан тус компанийн ерөнхий захирлын 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 25 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Хоёр шатны шүүх ажил олгогчийн тушаалын үндэслэл, ажилтан зөрчил гаргасан эсэх талаарх хэрэгт байгаа баримтыг өөрөөр үнэлж, шийдвэр гаргасан байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Р.Б нь эм зүйч-менежер, агуулахын эрхлэгчийн ажлыг хавсран гүйцэтгэж байсан нь хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэр, хариуцагч байгууллагын захирлын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 тоот тушаал  зэрэг баримтаар тогтоогджээ.

“А М” ХХК нь Р.Бг ажлаас халахдаа 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 25 тоот 2 тушаал гаргасан ба аль аль тушаалд Р.Б нь өөрийн хариуцаж байсан эм бараанаас 1 сарын цалингийн хэмжээнээс илүү дутаасан зөрчил гаргасан гэж тодорхойлсон боловч нэг тушаалд нь Хөдөлмөрийн гэрээний 4.1, 5.2 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-дэх хэсгийг баримталсан, нөгөө тушаалд нь хууль баримтлаагүй байдлаар өөр хоорондоо ялгаатай байна. Хариуцагч энэ талаар тайлбарлахдаа бэлэн болоогүй, дахин нягтлан шалгаад тушаалыг гаргах гэж байхад нэхэмжлэгч тушаалыг авсан байна гэсэн тайлбарыг гаргажээ.

Ажил олгогч нь нэхэмжлэгчийг “...1 сарын цалингаас илүү хэмжээний эд хөрөнийг дутаасан...” сахилгын зөрчил гаргасан гэж тушаалд заасан, уг үндэслэлээр ажлаас халсан тул энэ хүрээнд хөдөлмөрийн гэрээг цуцалсан маргааныг шийдвэрлэх бөгөөд талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээнд дээрх зөрчлийг ноцтой зөрчилд тооцохоор тохироогүй  байна. Нөгөө талаар нэхэмжлэгч нь 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 918 000 төгрөгийн эмийг зөвшөөрөлгүйгээр, Говь Алтай аймгийн Эрдэнэ сумын эмийн сан руу шилжүүлж, эмийн мөнгө болох 918 000 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хувьдаа авч, 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр “А М” ХХК-д тушаасан гэх үйл баримтыг тушаалд заагаагүй тул тушаалын хууль зүйн үндэслэлд хамааруулсан нь үндэслэл муутай юм.

Түүнчлэн 2017 оны 03 дугаар сарын тооллого гэсэн баримтаар нэхэмжлэгч нь 1 019 800 төгрөгийн эм дутаасан зөрчил гаргасан гэх байдал хэрэгт байгаа баримтаар тогтоогдоогүй байхад давж заалдах шатны шүүх “...нэхэмжлэгч тооллогын дүнг эс зөвшөөрч, байгууллагад хүсэлт гаргаж байсан талаар баримтгүй байна....” гэсэн дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэнгүй. Хэрэгт байгаа баримтаас үзвэл ажил олгогч, ажилтан хоёрын тооцоо нийлсэн, тэдгээрийн гарын үсэг бүхий 3 баримт буюу нэхэмжлэгч Р.Б 2017 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Эрдэнэцэцэгээс бараа хүлээн авсан баримт /хх-152-172/, 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр тооллого хийж, талууд гарын үсэг зурсан баримт / хх-176-193/, 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр тооллого хийсэн баримт /хх-194-212/-ууд байх ба эдгээр баримтад дээрх дутагдлыг тооцон гаргаж, тогтоосон агуулга байхгүй байна. Харин ажил олгогчоос 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн хохирол төлүүлэх тухай 05 тоот акт гэсэн баримтыг үйлдсэн байх боловч уг акт нь тооллогын баримттай хэрхэн нийцэж байгаа, дутагдлыг ямар үндэслэлээр тооцож гаргасан нь тодорхой бус байна.

Иймд ажил олгогчийн тушаалд заасан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул Р.Бгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн гэж үзнэ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 858 дугаар магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШШ2018/00091 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

                          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                               Х.СОНИНБАЯР

                       ШҮҮГЧ                                                         П.ЗОЛЗАЯА