Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2018/01160

 

Г.Мийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 32 дугаар шийдвэр,

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 17 дугаар магадлалтай,

Г.Мийн нэхэмжлэлтэй

Ж.Гд холбогдох

15 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Г.Мийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Г.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г.М нь Сэлэнгэ аймгийн Хушаат суманд цөөн тооны малаа өсгөж, арчлах зорилгоор иргэн Жав овогт Ж.Гг малчнаар авч өөрийн малын төллөх төлийн 50 хувийг цалин хөлс бодож өгөхөөр тохирч аман хэлцэл хийсэн. 2011 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Ж.Гд 11 үхэр, 180 хонь, 1 адуу , мөн УАЗ-469 маркийн /6960 ДАА/ улсын дугаартай автомашиныг хүлээлгэн өгсөн байдаг. Миний өгсөн малын 50 хувь нь эм төллөх мал байсан. Би өөрийн зүгээс Ж.Гд хадлан авах, нүүдэл суудал гээд өөрийн бололцоотой бүхий л зүйлээр энэ хугацаанд туслаж дэмждэг байсан. Гэвч 2013 оны 10 сард надтай Ж.Г ирж уулзаад би малгүй болсон таньд 10 жилийн хугацаанд 60 хонь, 10 үхэр, автомашиныг өгнө гэж гуйсан учир тухайн үед алдагдалтай байсан чинь хүнд байдалд орсон Ж.Гд туслаж тохиролцоод 60 хонь, 10 үхэр, автомашиныг авахаар тохирч хүсэлт гарын үсэг зуруулж авсан. Үүнээс хойш надад идшинд гэж 2 үхэр, машины мөнгө гэж 900.000 төгрөг төлсөнөөс өөр төлөлт хийгээгүй. Иймд хариуцагчаас авах ёстой 8 үхэр /ханш 1 үхэр 1 сая төгрөг/-ийн төлбөрийг 8.000.000 төгрөг, 60 хонь /1 хонь 100.000 төгрөг/-ийн төлбөр болох 6.000.000 төгрөг, 1 адуу /ханш 1 адуу 600.000 төгрөг/-ны төлбөр 600.000 төгрөг, машины үлдэгдэл төлбөр болох 600.000 төгрөг нийт 15.200.000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч Ж.Г шүүхэд гаргасан тайлбартаа: ...2011 онд Г.М нь надаар хэдэн тооны мал авчруулж маллуулсан юм. Гэхдээ хэд гэдгийг нь сайн санахгүй байна. 2001 оны 04 сард 2 удаагийн хүчтэй цасан шуурга буюу зуд болж 60 гаруй тооны хонь ямаа үхсэн. Үүнийг нь сум орон нутгийн малын эмч ирж үзсэн. Мөн Г.М нь байнга ирж хонь ямаа нядалж авч явдаг байсан. 2013 онд идшинд 1 үхэр, 12 хонь, 8 ямаа нядалж авсан. Үүнээс хойш 2014 оны 12 сарын 28-ны өдөр идшинд 1 үхэр, 5 хонь ямаа өгсөн. 2015 онд 1 үхэр, 4 хонь ямаа өгсөн. Мөн 2016 онд 1 үхэр, 3 хонь ямаа өгсөн. Энэ мэтээр маш олон удаа ирж хонь, ямаа авч явдаг байсан. Г.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ авсан малаа оролцуулахгүйгээр тооцож байгаад гомдолтой байна. Тэдний малыг маллахдаа надад ашиг олсон зүйл байхгүй, харин өөрөө эсрэгээрээ хохирсоор ирсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй юм гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 32 дугаартай шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ж.Ггээс 10.400.000 төгрөгийг гаргуулж Г.Мтод олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох 4.800.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 233.950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн хангагдсан хэсэг болох 10.400.000 төгрөгөнд тохирох 181.350 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 17 дугаар магадлалаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 17-ны өдрийн 32 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 183 350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Г.М хяналтын гомдолдоо: Магадлалтай холбогдуулан дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: Магадлалд “...Гэтэл шүүх дээрх байдлыг харгалзахгүйгээр нэхэмжлэгчийн шинжээч томилох тухай хүсэлтийг хүлээн авч нэхэмжлэгчийн тухайлан нэр заасан байгууллагыг шинжээчээр томилсон тухай шийдвэр гаргаж улмаар тэрхүү шинжээчийн дүгнэлтийг шүүхийнхээ шийдвэрийн үндэслэл болгосон нь хэргийн зохигчдын шүүхийн өмнө эрх тэгш байх, зохигчдын мэтгэлцэх зарчим, шүүх хөндлөнгийн байх зарчмуудыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна...” гэжээ. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167.1.5 дахь хэсэгт “Хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах” гэж заасан байдаг. Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй бөгөөд нэхэмжлэгч нь анх аймгийн шинжилгээний байгууллагыг шинжээчээр томилуулан, дүгнэлт гаргуулахаар хүсэлтээ анхан шатны шүүхээр хангуулсан боловч хэсэг хугацаа өнгөрсний дараагаар аймгийн үнэлгээний байгууллагаас “...бидэнд шинжилгээ хийх нөөц бололцоо, тоног төхөөрөмж, хүчин чадал байхгүй тул шинжилгээ хийх боломжгүй гэдгээ бичгээр шүүхэд хүргүүлсэн” хэмээн мэдэгдсэн. Энэ үйл баримт хавтас хэрэгт авагдсан болно. Шүүхэд мэтгэлцэх эрхийг хариуцагч 100 хувь эдэлж, 60 минут орчим үргэлжилсэн шүүх хуралд 48 минут орчимд ярьж, мэтгэлцэж, асуулга тавьж байсан. Иймд нэхэмжлэгчийн заасан шинжилгээний байгууллагыг шууд томилсон гэх үндэслэл байхгүй. Мөн магадлалын утга агуулгыг ойлгохгүй боломжгүй, хэд хэдэн асуудлыг ямар ч логик дараалалгүй оруулан, үндэслэлгүй шийдвэр гаргаж байгаад гомдолтой байна. Магадлалд “...Зохигчдын шүүхэд гаргасан тайлбараар талуудын хооронд тодорхой хэлцлийн үндсэн дээр малаа шилжүүлсэн гэж мэдүүлсээр байхад тэдний хооронд үүссэн эрх зүйн харилцааг зохигчдын хооронд зөрчлийн улмаас үүссэн гэж тодорхойлсон нь буруу болсон...” гэжээ. Магадлалын энэхүү агуулга нь мөн адил яг юуг үндэслэл болгож байгаа нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс хэлцлийн улмаас малаа шилжүүлсэн гэж огт яриагүй, мэтгэлцээгүй бөгөөд мал итгэмжлэн хариуцуулсныг хожим хэлцэл байгуулж, баталгаажуулж авсан талаар дурдсан болно. Давж заалдах шатны шүүхийн магадлал нь ойлгомжгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны яг ямар журам зөрчсөн гэдгийг тодорхой бус байдлаар илэрхийлсэн байна. Түүнчлэн анхан шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч нь хөгшин хүнийг хүндэтгэж үзээд нэхэмжлэлийн шаардлагын 50 хувиас татгалзая хэмжээн хариуцагчийн өмгөөлөгч, хариуцагч нарт эвлэрлийн санал тавихад огт авч хэлэлцэхгүй байсан мөртлөө давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан өдөр “одоо буцсан дээр нь нэхэмжлэгчийн эвлэрлийн саналыг хүлээж аваад эвлэрсэн нь дээр...” хэмээн ярьж байгаа нь ёс суртахуун, шударга ёсонд нийцэхээс гадна, шүүх бүрэлдэхүүн гадны нөлөөнд үл автах зарчмыг зөрчсөн байх магадлалтай хэмээн үзнэ. Иймд хэргийн бодит нөхцөл байдлыг үнэлж, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд хэргийг хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Г.М нь хариуцагч Ж.Гд холбогдуулж, маллуулахаар өгсөн 8 үхэр, 60 хонь, 1 адуу, тэдгээрийн үнэ болон автомашины төлбөр нийт 15 200 000 төгрөгийг  гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 10 400 000 төгрөг болгожээ. Хариуцагч Ж.Г нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, “...2011 оны 4 сард 2 удаа хүчтэй цасан шуурга болж 60 гаруй толгой хонь ямаа үхсэн, нэхэмжлэгч нь байнга ирж хонь ямаа нядалж авч явдаг байсан, 2013-2016 онд идэшний мал өгч байсан, нэхэмжлэгч нь үүнийгээ ч хасаагүй байна. Надад ашиг олсон зүйл байхгүй, харин хохирсон...” гэж маргасан байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ж.Ггээс 10 400 000 төгрөгийг гаргуулж Г.Мтод олгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаажээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийн үндэслэлтэй болсон байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив..

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүйгээс хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, шүүх шинжээч томилохдоо Иргэний хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуулийг зөрчснөөс гадна нэхэмжлэгч нь идэш авахдаа хэдэн тооны ямар мал авч байсан талаар зохигчид бүрэн мэтгэлцэж чадаагүй, хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй ба давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгосон үндэслэлийг магадлалдаа тодорхой заажээ. 

Давж заалдах шатны шүүх ямар хуулийн зохицуулалтыг хэрхэн буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих ямар хуулийг хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг хэрхэн зөрчсөн талаар нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо заагаагүй, гомдлын агуулга Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэлд хамаарахгүй байх тул гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 17 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 181 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.УНДРАХ

     ШҮҮГЧ                                                  П. ЗОЛЗАЯА