Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 280

 

Г.Анхбаяр, Г.Алтанзул нарын  

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, Ч.Тунгалаг, Д.Мөнхтуяа, Л.Атарцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, гуравдагч этгээд Н.Цэндсүрэн нарыг оролцуулан хийж, Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 04 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2016/0343 дугаар магадлалтай, Г.Анхбаяр, Г.Алтанзул нарын нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Г.Анхбаяр, Г.Алтанзул нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Өндөрбумбат” нөхөрлөл нь 8 гишүүнтэй, нэхэмжлэгч Г.Анхбаяр нь нөхөрлөлийн даргаар 2015 оны 04 дүгээр сараас эхлэн сонгогдон ажиллаж байсан. Н.Цэндсүрэн тус нөхөрлөлийн гишүүн, эмчээр ажиллаж байгаад 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр халагдсан. Үүнээс хойш 2015 оны 10 дугаар сарын 16-нд Бор-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын хуралдааны танхимд “Өндөрбумбат” нөхөрлөлийн хурал болсон, уг хурлаар гишүүдийг нэмж хасах, гэрээнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэн, мөн нөхөрлөлийн удирдах төлөөлөх эрхийг нөхөрлөлийн гишүүн Н.Цэндсүрэнд шилжүүлсэн гэж 10 тоот тэмдэглэл, 09 тоот тогтоол зэрэг эрхийн актуудыг гаргасан байдаг. Энэ тэмдэглэл, тогтоолуудыг үндэслэн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн бүртгэгч нь тухайн баримтуудыг сайн шалгалгүйгээр буюу нөхөрлөлийг удирдах, төлөөлөх эрхийг шилжүүлсэн тогтоолыг харахгүйгээр зөвхөн тэмдэглэлийг үндэслээд 1820001029 дугаартай бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулаад Н.Цэндсүрэнг тухайн нөхөрлөлийн даргаар бүртгэсэн байдаг.

Бид энэ талаар Бор-Өндөр сумын Цагдаагийн газар болон Прокурорт гомдол гаргаж шалгуулсан байгаа. Цагдаагийн газар болон Прокурорын газраас Н.Цэндсүрэн нь хурлын тэмдэглэл болон тогтоолыг хуурамчаар бүрдүүлж, улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулсан байна гэдэг нь тогтоогдсон. Тийм учраас “Өндөрбумбат” нөхөрлөлийн гэрээг шинэчлэн баталсан бүртгэл болон улсын бүртгэлийн 1820001029 дугаартай гэрчилгээнд өөрчлөлт оруулсныг тус тус хүчингүй болгуулах саналтай байна. Хэдийгээр нөхөрлөлийн 1 гишүүн нас барсан ч, уг нөхөрлөл нь татан буугдаагүй, үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж сумын иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлээд явж байна. Улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулахдаа Нөхөрлөлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5.1-д зааснаар нөхөрлөлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг бүх гишүүд санал нэгтэйгээр шийдвэрлэнэ гэж заасныг зөрчсөн.

2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хурал болоогүй гэдэг нь хавтаст хэрэгт нотлох баримтаар нотлогдсон. Энэ нь “Өндөрбумбат” нөхөрлөлийн гишүүдийн мэдүүлэг болон бусад гэрч нарын мэдүүлгүүдээр тогтоогдсон. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйл буюу хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэхэд шаардах баримт бичгийг сайн шалгалгүйгээр, мөн хуулийн 23.3-т заасныг зөрчиж улсын бүртгэгч гэрээг шинэчлэн баталж, хуулийн этгээдийн гэрчилгээнд өөрчлөлт оруулсан.

Иймд, Улсын бүртгэлийн хэлтсийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Өндөрбумбат” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн гэрээг шинэчлэн баталсан бүртгэл, Улсын бүртгэлийн 1820001029 тоот гэрчилгээнд орсон нэмэлт өөрчлөлтүүдийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Б.Эрдэнэнамжилмаа шүүхэд гаргасан тайлбартаа: “Өндөр бумбат” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл нь шинэчилсэн гэрээг бүртгүүлэхээр 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Бор- Өндөр сумын бүртгэгчээр дамжуулан хүсэлт гаргасан ба ирүүлсэн баримтыг үзэхэд нөхөрлөлийн гишүүнээс Г.Алтанзулыг өргөдөлгүй хасч, гэрээг шинэчлэн баталсан байсныг нотлох баримтын шаардлага хангахгүй байна хэмээн эхний удаад буцаасан. Улмаар 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр иргэн Н.Цэндсүрэн дахин хүсэлт гарган тус нөхөрлөлийн шинэчилсэн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн. Уг шинэчилсэн гэрээний 1.3 дахь хэсэгт нөхөрлөлийг удирдах, төлөөлөх хүнийг Нөхөрлөлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3.4 дэх хэсэгт заасанчлан тусгасан байсан ба гэрээг шинэчлэн баталсан тогтоол, хурлын тэмдэглэлд ирц 100%, нөхөрлөлийн бүх гишүүд гарын үсэг зуран, нөхөрлөлийн тэмдгээр баталгаажуулсан байсныг үндэслэн бүртгэл хийсэн байна.

2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр нөхөрлөлийн хурал болсон эсэх, хурлын тогтоол, тэмдэглэл, гэрээнд гарын үсгийг хуурамчаар зурсан эсэхийг бүртгэлийн байгууллага тогтоох боломжгүй юм. Харин хувийн хэрэгт авагдсан гарын үсэгтэй тулгалт хийж, нотлох баримтын бүрдэл хуулийн шаардлага хангасан эсэхийг хянаж үзсэний дараа бүртгэл хийдэг. Тиймээс уг бүртгэлийг улсын бүртгэлд бүртгэхдээ баримт бичиг дээрх гарын үсгүүдийг тулган үзэхэд хувийн хэрэгт хадгалагдаж буй гарын үсгүүдээс илтэд зөрүүгүй байсан тул бүртгэл хийсэн.

Монгол Улсын Нөхөрлөлийн тухай хуульд зааснаар нөхөрлөлийн гишүүд дахин хуралдаж хурлын шийдвэртээ өөрчлөлт оруулсан тохиолдолд заавал шүүхийн шийдвэрийн дагуу бус улсын бүртгэлд өөрчлөлт оруулах боломжтой гэжээ.

Гуравдагч этгээд Н.Цэндсүрэн шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Бор-Өндөр сумын "ӨндөрБумбат" өрхийн эрүүл мэндийн төвийн бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл нь Монгол Улсад "Сумын анхны өрхийн эмнэлэг" болж 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан. Үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж, бидний "бахархал" болсон эмнэлэг юм. Г.Алтанзул эмч даргаар томилогдсон, даргаас чөлөөлөгдсөн. Одоо 3 дугаар өрхийн их эмчийн үүргээ хэвийн гүйцэтгэж байгаа зэрэг нь бүгд хууль дүрмийн дагуу явагдаж байгаа учраас Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хэмжээнд хүртлээ түүний гишүүний болон эмчийн эрх үүрэг зөрчигдөөгүй гэж үзэж байна.

Г.Анхбаяр архи их уудаг ажил их тасалдаг, өөртөө чөлөө их өгдөг. "Эмчилгээний эрхгүй" /лицензгүй/, зөвхөн "Бариа засалч"-ийн эрхтэй. Долоо хоногт 1-3 өдөр ажилдаа ирж, 1-2 цаг ажил хийдэг, дур зоргоороо үндэслэлгүй өндөр цалин хөлс, нэмэгдэл ня-ботой хуйвалдаж авдаг.

Н.Цэндсүрэн миний хувьд 1 дүгээр өрхийн их эмчээр ажилладаг. Бүх зүйл хууль дүрмийн дагуу явагдаж би нөхөрлөлийн гишүүн, ТУЗ-н гишүүн, дарга болсон. Нэхэмжлэлдээ 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Цэндсүрэн нь сумын Засаг даргын Тамгын газарт хуурамч протокол хөтлөн ирцийг 100% ирсэн. Г.Алтанзулын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн, Г.Анхбаярын гарын үсгийг мөн хуурамчаар үйлдсэн гэжээ. Тухайн үед Г.Анхбаяр дарга байсан учир энэ бүгдийг Анхбаяр хийсэн бөгөөд ямар нэг хууль дүрэм зөрчсөн үйлдэл байвал Анхбаяр хариуцна. Цэндсүрэн миний бие нь дарга Анхбаярын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж ажилласан учир энэ бүхэн худал, намайг энэ хоёр үгсэн хуйвалдаж, нэг хүн мэт гарын үсэг зурж гэмгүй намайг буруутан болгох гэж гүтгэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь няцааж байна гэжээ.

Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 04 дүгээр шийдвэрээр: Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, Нөхөрлөлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Өндөр бумбат” нөхөрлөлийн гэрээг шинэчлэн баталсан бүртгэл, Улсын бүртгэлийн 1820001029 тоот гэрчилгээнд орсон нэмэлт өөрчлөлтийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2016/0343 дугаар магадлалаар: Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийн “ТОГТООХ” хэсгийн 1 дэх заалтын “22 дугаар зүйлийн 22.5.1” гэснийг “22 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 1 дэх заалт” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд Н.Цэндсүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Нөхөрлөлийн хурал болоогүй хуурамч материал бүрдүүлсэн” гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нөхөрлөлийн 2 гишүүн буюу Г.Улам-Ундрах, Б.Энхчимэг нар гэрчийн мэдүүлэг өгөхдөө “2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр өрхийн эрүүл мэндийн даргын өрөө буюу өрхийн эмнэлгийн захиргааны өрөөнд хурал болсныг гэрчилсэн байдаг. Энд оролцвол зохих 8 гишүүн бүгд байсан тухай хэлсэн.

Прокуророос хэрэгсэхгүй болгосон хэргийн материал дахь хууль зөрчиж авсан байцаалт мэдүүлгийг анхан шатны шүүх үндэслэл болгосныг давж заалдах шатны шүүх огт хянахгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Хэнтий аймгийн улсын бүртгэлийн хэлтэс нь 2015-11-20-ны өөрчлөлтөөр: “Өндөр бумбат” БГБХ нөхөрлөлийн гишүүдийн хувь нийлүүлэгчид 5 нэмэгдэж , 6 хасагдаж үүсгэн байгуулагчдын тоо 8 болж өөрчлөгдсөнийг бүртгэсэн.

Энэ бүртгэлд хууль бус зүйл юу ч байгаагүй, нөхөрлөлийн гишүүнээс гарах хүсэлт, нөхөрлөлд гишүүнээр элсэн орох хүсэл зоригоо илэрхийлэн үүнийгээ нотариатаар баталгаажуулсан баримт хэрэгт байна. Шинээр элсэн орсон гишүүдийг нөхөрлөлийн гишүүн гэдгийг өөрөө хүлээн зөвшөөрсөн, өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа эдгээр шинээр орсон гишүүдийн оролцоотойгоор явж байгаа гэдэг нь нотлогдож байгаа юм. Тэгэхээр энэ өөрчлөлтийг бүртгэлийн байгууллагад гаргаж хийлгэх үүрэг нь тухайн үеийн нөхөрлөлийн дарга Г.Анхбаярт байсаныг Нөхөрлөллийн тухай хууль, Засгийн газрын 2011 оны “Дүрэм батлах тухай” 364-р тогтоол, “Өндөр бумбат” Нөхөрлөлийн үүсгэн байгуулах гэрээ зэрэг эрх зүйн баримт бичгүүдээр нотлогдоно.

Нөхөрлөлийн хөрөнгө нь нэмж орсон дээрх нэр бүхий гишүүдийн хөрөнгөөр нэмэгдсэнийг бүртгэсэн нь зөв гэж үзэж байгаа бөгөөд үндэслэл нь Нөхөрлөлийн тухай хуулийн 20-р зүйлийн 2-4-т зааснаар бүртгэлийн байгууллага бүртгэсэн тул хүчингүй болох шалтгаан байхгүй юм. “Өндөр бумбат” БГБХ нөхөрлөл нь дээрх хуулийн 6-р бүлэгт заасны дагуу хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэх асуудлаар бүртгэлийн байгууллагад хүсэлт гаргасан юм. Гэтэл анхан шатны шүүх хуулийн энэ зохицуулалтаа ч сайн мэддэггүй нь харагдаж байна. Харин миний биеийг даргаар томилсон тэмдэглэлийн агуулга нь буруу тэмдэглэгдсэн болохоос биш Нөхөрлөлийн хуулийн 21-р зүйлийн 1-2 заалт ёсоор бол Бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийг, Нөхөрлөлийн бүх гишүүд удирдах төлөөлөх эрхтэй байдаг тул бас хүчингүй болох үндэслэлгүй гэж үзэж байна.

Анхан шатны шүүх нь “Өндөр бумбат” нөхөрлөлтэй холбоотой маргаанд гуравдагч этгээдээр Н.Цэндсүрэн надаас гадна, нөхөрлөлөөс гарсан 5, шинээр орсон 4 гишүүнийг гуравдагч этгээдээр татаж оролцуулах ёстой байсан гэж үзэж энэ талаар давж заалдах шатны шүүхэд гомдол гарсан боловч огт авч хэлэлцээгүй.

Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Өндөр Бумбат” нөхөрлөлийн гэрээг шинэчлэн бүртгэсэн болон гэрчилгээнд орсон нэмэлт, өөрчлөлтийг бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах тухай Г.Анхбаяр, Г.Алтанзул нарын нэхэмжлэлийг хангасан анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх нотлох баримт бүрдүүлэх, тэдгээрийг үнэлж, дүгнэх ажиллагааг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 31 дүгээр зүйлийн 31.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу зөв хэрэгжүүлсэн байна.

Тодруулбал, маргаан бүхий бүртгэл хийгдсэнтэй хамааралтай нотлох баримтууд хэрэгт бүрэн авагдсанаас гадна “Өндөр Бумбат” нөхөрлөлийн гишүүдийг шүүх гэрчээр асууж, мэдүүлэг авчээ.

Улсын бүртгэлийн хэлтэст хандаж, тухайн нөхөрлөлийн бүртгэлд өөрчлөлт оруулах тухай гаргасан хүсэлтэд хавсаргасан нөхөрлөлийн гишүүдийн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 09 дугаар хурлын тогтоол, 10 дугаар бүхий хурлын тэмдэглэл зэрэг нь хуурамч, хурал зохих журмын дагуу хийгдээгүй болох нь эрх бүхий байгууллагаар шалгагдаж тогтоогдсон, Н.Цэндсүрэн нь өргөдөл гаргах эрх бүхий албан тушаалтан биш байгаагаас гадна зөвхөн гишүүд хасах, нэмж орсон өөрчлөлтийг бүртгүүлэхээр хүсэлт гаргасан байхад хариуцагч захиргааны байгууллага нь Н.Цэндсүрэнг даргаар томилсон, хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт орсон зэргийг бүртгэжээ.

Улсын бүртгэлийн хэлтэс дээрх байдлаар эрх бүхий этгээд өргөдөл гаргах болон үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах баримт бичгийн бүрдүүлбэрийн талаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15, 22 дугаар зүйлүүдээр тодорхойлогдсон шаардлагуудыг зөрчиж, хууль бус шийдвэр гаргасныг шүүхүүд зөв дүгнэсэн байна.

Анхан шатны шүүх, шүүх хуралдааны зарыг хэргийн оролцогчдод хуульд заасан журмын дагуу хүргүүлсэн, өмгөөлөгч авах гэх шалтгааны улмаас хуралдааныг хойшлуулах тухай гуравдагч этгээдээс гаргаж байсан хүсэлтийн дагуу 3 удаа хуралдааныг хойшлуулсан, товыг 2015 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хэргийн оролцогчдод мэдэгдсэн байхад 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд гуравдагч этгээд хүрэлцэн ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй, шүүх гуравдагч этгээдийг өмгөөлөгч авах эрхээр хангаагүй гэж буруутгах боломжгүй юм. 

Иймээс “... шүүх нөхөрлөлийн үйл ажиллагаа алдагдаж байгааг огт дүгнээгүй, ... Цагдаагийн байгууллагын хууль зөрчсөн шийдвэрийг үндэслэн хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан, ... өмгөөлөх эрхээр хангаагүй ...” гэх гуравдагч этгээд Н.Цэндсүрэнгийн гомдол үндэслэлгүй.

Гишүүдийн хурлын маргаантай асуудал нь Захиргааны хэргийн шүүхийн харъяалалын маргаанд хамааралгүй, тус шүүх зөвхөн хариуцагч Улсын бүртгэлийн хэлтсийн “Өндөр Бумбат” нөхөрлөлийн гэрээг шинэчлэн бүртгэсэн ажиллагаа нь холбогдох хуульд нийцэж байгаа эсэхэд дүгнэлт хийсэн болно. 

Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг оновчтой хэрэглээгүй алдааг зөвтгөж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал зөв, тус шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргаанд хамаарал бүхий Нөхөрлөлийн болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2016/0343 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар гуравдагч этгээдээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн  орлогод хэвээр үлдээсүгэй.

                              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                             ШҮҮГЧ                                                                   Л.АТАРЦЭЦЭГ