Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 274

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Адъяа,

Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,

Хохирогч С.У,

Шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт Б.Дд холбогдох эрүүгийн 2018000000266 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Б.Д /РД: /, Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хэрэг хариуцах чадвартай, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов нь шүүгдэгч Б.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг тус тус үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.Д нь 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжинт багийн Ойчдын 1-7 дугаар гудамжны 4 тоотод хамтран амьдрагч С.Уийг зодож эрүүл мэндэд нь 2 шүдний үгүй байдал, зүүн нүдний зовхи, цээжний өмнө, баруун гарын шуу, зүүн тохой орчмын зөөлөн эдийн цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Б.Дын өгсөн: Утэй 4 жил хамт амьдарч байна. Энэ хугацаанд хардалтаас болоод 8 удаа зодсон гэх мэдүүлэг,

Хохирогч С.Уийн өгсөн: Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Хохирогч С.Уийн өгсөн: ...Д 2020 оны 01 дүгээр сард хорихоос суллагдаж гарч ирснээсээ хойш ажил төрөл хийгээд дажгүй сайхан амьдарч байсан. Гэтэл 2 хоногийн өмнө буюу 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр миний гар утас дуугарч дуугарч нэг эрэгтэй хүн дуугарахад Д сонсоод утас булааж авсан. Тэгээд надад уурлаж янхан гэх мэтээр доромжилж миний гар утсыг газарт шидэхэд би гар утсаа авахаар өндийхөд миний нүүр рүү гараараа нэлээн хэдэн удаа цохиж, улмаар миний 2 шүд унасан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/,

Гэрч С.Мын өгсөн: ...Гэтэл 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Дын гэрт ороход Уийн нүүрний нэг тал нь хөхөрч хавдсан байдалтай байсан ба юу болсон талаар асуухад У нь “миний гар утас дуугарч хүнтэй ярихад Д намайг хардаж цохиж гэмтээгээд 2 шүд хугалчихлаа” гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 8/,

Шүүгдэгч Б.Дын яллагдагчаар өгсөн: ...Уийн утас дуугараад эрэгтэй хүний хоолой сонсогдсон. У нь тэр хүнд намайг ажлаасаа буугаад ирлээ гэж хэлэхээр нь би утсыг нь шүүрч аваад ярих гэхэд утсаа тасалсан. Тэгэхээр нь миний уур хүрээд Уийн өөдөөс гар утсыг нь шидээд, баруун шанаанд нь 2-3 удаа алгадсан. Тэр үед шүд нь унаж, нүүр нь хөхөрсөн гэх мэдүүлэг /хх-ийн 60-61/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 479 дугаартай “С.Уийн биед 2 шүдний үгүй байдал, зүүн нүдний зовхи, цээжний өмнө, баруун гарын шуу, зүүн тохой орчмын зөөлөн эдийн цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. С.Уийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр тогтонги алдагдуулах хөнгөн зэргийн гэмтэл болно. С.Уийн биед учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр буюу 10 хувиар алдагдуулна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 12-13/,

С.Уийн нүүрэнд хавантай, 2 шүд унасан гэх хүний их эмч Ц.Үүрийнтуяагийн тодорхойлолт /хх-ийн 13/,

Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Шарын гол сум дахь Цагдаагийн хэлтсийн мөрдөгч С.Мягмархүүгийн “Гэр бүлийн хүчирхийллийн аюулын зэргийн үнэлгээ 2 оноо буюу бага түвшин” гэх үнэлгээ /хх-ийн 39-40/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Б.Д, хохирогч С.У нар нь хамтран амьдрагч болох нь хэрэгт авагдсан гэрч С.М, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов нь шүүгдэгч Б.Дыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч С.Уийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн хамтран амьдрагч С.Уийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн объектив шинж нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах, эрхэд халдсан байнгын шинжтэй үйлдэл байх ба байнга гэдэг нь тоон илэрхийллийн хувьд гурав болон түүнээс дээш удаа үйлдэгдсэн байхыг ойлгоно.

Мөн гэр бүлийн хамааралтай байдлыг нь далимдуулан зодсон гурав ба түүнээс дээш удаагийн бие даасан үйлдэл нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр болон хүнд хохирол учруулсан шинжээр Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан өөр гэмт хэргийн шинжийг агуулаагүй, аль нэг үйлдэлд нь эрүүгийн хариуцлага хүлээгээгүй байна.

Гэтэл шүүгдэгч Б.Д нь 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хохирогч С.Уийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэлдээ Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, мөн 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр болон 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрүүдэд хохирогч С.Уийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, байнга зодсон гэх үйлдэлдээ Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр, 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр, 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр, 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрүүдэд хохирогч С.Уийг байнга харгис хэрцгий харьцаж, догшин авирласан гэх үйлдэлдээ Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 244 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн болох нь хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 46-54/-аар тогтоогдож байна.

Прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэх үндэслэл болсон гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг удаа дараа зодсон үйлдэлдээ шүүгдэгч Б.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээсэн бөгөөд дээрх үйлдлүүдийг гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив шинжид дахин тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна гэсэн шударга ёсны зарчимд нийцэхгүй юм. 

Шүүгдэгчийн 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжинт багийн Ойчдын 1-7 дугаар гудамжны 4 тоотод хамтран амьдрагч С.Уийг зодож эрүүл мэндэд нь 2 шүдний үгүй байдал, зүүн нүдний зовхи, цээжний өмнө, баруун гарын шуу, зүүн тохой орчмын зөөлөн эдийн цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан нэг удаагийн үйлдэл нь дангаараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг агуулахгүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Харин шүүгдэгч Б.Дын 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжинт багийн Ойчдын 1-7 дугаар гудамжны 4 тоотод хамтран амьдрагч С.Уийг зодож эрүүл мэндэд нь 2 шүдний үгүй байдал, зүүн нүдний зовхи, цээжний өмнө, баруун гарын шуу, зүүн тохой орчмын зөөлөн эдийн цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүх шинжийг агуулж байх тул Б.Дыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Уийн эрүүл мэндэд 2 шүдний үгүй байдал, зүүн нүдний зовхи, цээжний өмнө, баруун гарын шуу, зүүн тохой орчмын зөөлөн эдийн цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт түүний өгсөн мэдүүлгээр нотлогдож байна.

Иймд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.Д нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх санал гаргасан ба шүүгдэгч нь хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг тул торгох ялаар шийтгэж өгнө үү гэж мэтгэлцэж байна.

Шүүгдэгч Б.Д нь урьд 4 удаагийн ял шийтгэлтэй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 46-54/, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжинт багийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 25/ зэргээр нотлогдож байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.Дын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Д нь эрхэлсэн тодорхой ажилгүй тул түүний бусад орлого олох боломж, ам бүлийн байдал зэргийг харгалзан үзээд түүнд оногдуулсан 2.700.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 9 сарын хугацаанд сар бүр 300.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б.Дд холбогдох эрүүгийн 2018000000266 дугаартай хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Б овогт Б.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Дыг 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Дд оногдуулсан 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 9 /ес/ сарын хугацаанд сар бүр 300.000 /гурван зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

7. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР