Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 237

 

Б.Д-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн шүүгч С.Батдэлгэр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Одончимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 436 дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 12 дугаар магадлалтай, Б.Д-д холбогдох 2018 00000 0266 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Одончимэгийн гаргасан гомдол болон хяналтын прокурор Б.Сүрмандахын бичсэн эсэргүүцлийг тус тус үндэслэн 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Б.Д, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй.

Б.Д  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т зааснаар Дархан-Уул аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн зүйлчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар зүйлчилж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар  түүнийг 1 жил хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.  

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Одончимэгийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Б.Д-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Одончимэг гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... анхан болон давж заалдах шатны шүүх энэ хэргийг 2 удаа шийдвэрлэхдээ 2 өөр зүйл ангиар шийдвэрлэж, Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн тухайд:

Улсын дээд шүүхийн 2010.05.19-ний өдрийн 13 дугаартай “Эрүүгийн хуулийн 15 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолд ... “байнга зодох” гэж тодорхой нэг хохирогчийн эсрэг чиглэсэн, хэвшмэл маягтай, гурав ба түүнээс дээш удаа бие махбодийн хүчирхийлэл хийсэн байхыг хэлнэ... гэж тоон илэрхийлэл, давтамжийн хувьд “Байнга” гэдэг нь 3 ба түүнээс дээш бие даасан үйлдэл байхыг тайлбарласан. Гэтэл давж заалдах шатны шүүхээс Улсын дээд шүүхийн дээрх албан ёсны тайлбарт заасан “байнга” гэдэгт урьд нь шүүхээр шийтгүүлсэн, шийтгүүлээгүй хамаагүй бүх үйлдэл орно, мөн зодсон үйлдэл хооронд хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа ч хамаарахгүй гэж тайлбарлаж дүгнэсэн нь үндэслэлгүй. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч Б.Д-д прокурорын газраас шалгаж тогтоосон гэмт хэргийн хүрээнд буюу хамтран амьдрагч С.У-г 2020.06.02, 2020.08.03-ны өдрүүдэд зодсон 2 удаагийн үйлдэлд нь ял шийтгэл оногдуулах нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцнэ. Энэ 2 үйлдэл дээр хүчин төгөлдөр шийтгэх тогтоолтой урьдны үйлдлүүдийг хамаатуулан дүгнэхгүй. Шүүгдэгчийн 2019.03.27-ны өдрийн болон түүнээс өмнөх бүх үйлдлүүдийн хувьд шүүхээс оногдуулсан ялыг эдэлж дууссанаар эрх зүйн үйлчлэл, хязгаарлалт дууссан гэж үзэж байна.

... Шийтгэх тогтоол, магадлалд Б.Д-н хоёр удаагийн үйлдлийг байнга гэж үзэж байгаа эсэх, эсхүл урьд ял шийтгүүлсэн үйлдлүүдийг нь хоёр удаагийн үйлдэлтэй нь нэгтгэн үзэж байгаа эсэх нь ойлгомжгүй бичигдсэн байдаг. Хэрэв хоёр удаагийн үйлдлийг байнга гэж үзэж байгаа бол Улсын дээд шүүхийн тайлбараас зөрүүтэй байдлаар хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэж үзэхээр байна. Харин өмнө ял шийтгүүлсэн үйлдлүүдийг нэгтгэн дүгнэж байгаа бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэсэн шударга ёсны зарчмыг зөрчиж байна. Ямар ч хүнийг үйлдсэн гэмт хэрэгт нь шүүхээс хуулийн дагуу эцэслэн шийтгэсэн буюу цагаатгасан тохиолдолд тэрхүү гэмт хэргээр нь дахин шүүх буюу шийтгэхийг хориглоно гэсэн эрүүгийн эрх зүйн онолын зарчим байдаг. Энэ зарчмыг НҮБ-аас баталсан Иргэний болон Улс төрийн эрхийн тухай олон улсын фактын 14 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, Олон Улсын Эрүүгийн шүүхийн ромын дүрмийн 20 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ болгон тогтоосон бөгөөд Монгол Улс нь энэхүү ойлголтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт тусгасан.

Мөн хөөн хэлэлцэх хугацааны тухайд: Б.Д-н урьд шийтгэгдсэн болон одоогийн үйлдлүүд нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэгт хамаарна. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татахыг хориглоно гэж заасан. Шүүгдэгч Б.Д-н 2019.03.27-ны өдрийн гэмт үйлдлээс хойш дараагийн үйлдэл хүртэл буюу 2020.06.02-ны өдрийг хүртэл 1 жил 2 сарын хугацаа өнгөрсөн байх тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иймд Б.Д ын хамтран амьдрагч С.У-г 2020.06.02, 2020.08.03-ны өдрүүдэд зодсон 2 удаагийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулж анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. Шүүгдэгчийн үйлдэл нь хохирогчийг “өөрийн эрхшээлд байлгах, гэр бүлийн харилцаанд давамгай байдал тогтоох” зорилгогүй буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх шинжгүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдох боломжтой гэж үзэж байна” гэв.

Хяналтын шатны шүүхэд хяналтын прокурор Б.Сүрмандах бичсэн эсэргүүцэлдээ “... Шүүгдэгч Б.Д  нь хамтран амьдрагч С.У-г удаа дараа зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж шүүхээр шийтгүүлсэн ба хамгийн сүүлд 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 244 дугаартай шийтгэх тогтоолоор шүүхээс 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан байна. Ингэж 8 сарын хорих ял шийтгүүлсэн үйлдлийн хамгийн сүүлийн зодсон үйлдэл нь 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр болсон байдаг. Шүүгдэгч нь дээрх 8 сарын хорих ялыг эдэлж суллагдаж гарч ирээд 2020 оны 06 дугаар сарын 02, 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрүүдэд дахин С.У-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан үйлдэл нь хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, яллагдагчийн мэдүүлэг болон Б.Д-н өмнө шийтгүүлж байсан шийтгэх тогтоолын хуулбарууд зэргээр нотлогдож байхад давж заалдах шатны шүүхээс эдгээр нотлох баримтад зөв үнэлж, дүгнээгүй байна.

Давж заалдах журмаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолд дээрх 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр зодсоноос хойш дахин зодсон үйлдэл болох 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд гэмт хэргийн хэлэлцэх хугацаа 1 жил дууссан тухай дурдсан, мөн шүүх хуралдаанд оролцсон прокурор хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэх талаар тайлбарлаж, санал гаргасан байхад давж заалдах шатны шүүх эдгээр талуудын гомдол, санал, дүгнэлтийг бүрэн агуулгаар хянаж шийдвэрлээгүй, өөрөөр хэлбэл хэргийг шийдвэрлэхэд чухал хамааралтай асуудал болох шүүгдэгчийн хохирогчийг зодсон үйлдлүүдийн хоорондын хугацааны хамаарал, хэргийн хөөн хэлэлцэх хугацааны талаар давж заалдах шатны шүүх ямар ч дүгнэлт хийгээгүй шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4, 3 дахь хэсгийн 3.1-д заасан агуулга шаардлагыг хангаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 436 дугаартай шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 12 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт буцаалгахаар эсэргүүцэл бичив” гэжээ.

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч нь хохирогчтой 5 жил хамт амьдрах хугацаандаа удаа дараа зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулж ял шийтгүүлсэн байгаа. Хамгийн сүүлд 2020 оны 01 дүгээр сард суллагдаж гарч ирээд 2020 оны 06 дугаар сард болон 08 дугаар сард хардалтын улмаас дахин хохирогчийг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан. Шүүгдэгчийн үйлдлийн энэ давтамжийн шинж байдал, хохирогчийг байнга зоддог байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байх тул прокурорын бичсэн эсэргүүцэлд дурдсан хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхийг дэмжиж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Д-д холбогдох хэргийг түүний өмгөөлөгч Э.Одончимэгийн гаргасан гомдол, хяналтын прокурор Б.Сүрмандахын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсэх, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн эсэхийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Б.Д-д холбогдох гэмт хэргүүдийг анхан болон давж заалдах шатны  шүүхээс хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бөгөөд шүүхийн шийдвэрүүд нь хууль ёсны ба үндэслэл бүхий болж чадаагүй байна гэж хяналтын шатны шүүхээс дүгнэлээ.

Эрүүгийн хавтаст хэргээс үзэхэд анх Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов нь 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 245 дугаартай яллах дүгнэлтээр /1 дүгээр хавтаст хэргийн 62-64 дэх тал/ Б.Д-г 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын С баг, О-н 1-... тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч С.У-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн түүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар зүйлчлэн шүүхэд шилжүүлсэн байна.

Тус хэрэг нь анхан шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад Б.Д-г дахин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар 309 дугаартай өөр яллах дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 193-196 дахь тал/ үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

Прокуророос тийнхүү 2 яллах дүгнэлт үйлдсэн үйл баримт нь мөрдөн байцаах, прокурорын хяналтын шатанд Б.Д-д холбогдох гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт нотолбол зохих асуудлыг анхнаасаа бүрэн нотлоогүй, хянавал зохих ажиллагааг бүрэн бус хийж гүйцэтгэсэн, нэг хүний эсрэг үйлдэгдсэн нэг төрлийн үргэлжилсэн гэмт хэрэгт 2 удаа ял сонсгосныг үндэслэлгүй гэж үзэв.

Гэтэл Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Д-д холбогдох хоёр өөр яллах дүгнэлттэй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргүүдийг нэгтгэж, улмаар Б.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн уг шийдвэрийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Иймд хяналтын шатны шүүхээс Б.Д-д холбогдох хэргүүдийг нэгтгэн шалгуулах үндэслэлээр прокурорт буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Аливаа хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгч, прокурор нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд хуульд заасан энэхүү үүргээ хэрэгжүүлсний эцэст хэргийг шүүхэд шилжүүлж, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэхдээ тухайн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байхад анхаарвал зохино.

Хэргийг прокурорт буцаасантай холбогдуулан шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Одончимэгийн гаргасан гомдол, хяналтын прокурор Б.Сүрмандахын бичсэн эсэргүүцэлд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 436 дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 12 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Б.Д-д холбогдох хэргийг Дархан-Уул аймгийн прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Б.Д-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                                С.БАТДЭЛГЭР

ШҮҮГЧ                                                          Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                      Б.БАТЦЭРЭН

                                                                      Ч.ХОСБАЯР

                                                                      Б.ЦОГТ