Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 12

 

Б.Д-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2020/0251/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Амаржаргал, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй

              Шүүх хуралдаанд:          

              Прокурор                                      Б.Сүрмандах

              Шүүгдэгч                                       Б.Д-

              Шүүгдэгчийн өмгөөлөгч               Э.О-

          Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 436 дугаар шийтгэх тогтоолтой, Б-гийн Д-д холбогдох, 2018000000266 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Д-ын өмгөөлөгч Э.О-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, урьд нь:

-2007 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 152 дугаар зүйлийн 152.1-д зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,

- 2017 онд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2.т зааснаар 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

- 2018 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1.д зааснаар 7 сар 1 хоногийн хугацаагаар хорих ялаар,

-2019 оны 6 дугаар сарын 21-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.2.т зааснаар 8 сар хорих ялаар шийтгүүлсэн, ********** регистрийн дугаартай, Б- овогт Б-гийн Д-.

Шүүгдэгч   Б.Д- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэж, Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.У- нь шүүгдэгч Б.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 436 дугаар шийтгэх тогтоолоор:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б- овогт Б-гийн Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж,

Шүүгдэгч Б- овогт Б-гийн Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2.т зааснаар Б.Д-ыг 1 /нэг/жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Д-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-ын цагдан хоригдсон 72 /далан хоёр/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдаж,

Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж,

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д-д өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.О- давж заалдах гомдолдоо:

2019.03.27-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийг оролцуулан үүнээс өмнө үйлдсэн бүх гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. Гэтэл шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг бүрэн эдэлж дууссан үйлдлийг “Өмнө нь энэ элийн гэмт хэргийг үйлдэж байсан” гэх үндэслэлээр давхардуулан дүгнэж, зүйлчилсэн, 'гэхдээ хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан эсэхийг харгалзаагүй.

Ямар ч хүнийг үйлдсэн гэмт хэрэгт нь шүүхээс хуулийн дагуу эцэслэн шийтгэсэн буюу цагаатгасан тохиолдолд тэрхүү гэмт хэргээр нь дахин шүүх буюу шийтгэхийг хориглоно, “Хэн ч болов нэг улсын эрүүгийн болон эрүүгийн процессын хуулиар, үйлдсэн гэмт хэрэгтээ шийтгэгдсэн эсхүл цагаатгагдсан бол хоёр дахь удаагаа тэр улсын хуулиар эрүүгийн журмаар хариуцлага хүлээхгүй” гэсэн Эрүүгийн эрх зүйн онолын зарчмыг зөрчиж байна

Энэ зарчмыг НҮБ-аас баталсан Иргэний болон улс төрийн эрхийн тухай Олон улсын фактын 14 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн 20 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр нийтээр хүлээн зөвшөөрч хэм хэмжээ болгон тогтоосон бөгөөд Монгол Улс уг зарчмыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэж тусгасан. Энэ нь Эрүүгийн хуулиар тогтоосон гэмт хэрэгт шүүхээс шийтгүүлсэн эсхүл цагаатгагдсан тохиолдолд шүүхээс, эсхүл өөр шүүхээс дахин шийтгэхийг хориглосон агуулгыг илэрхийлсэн бөгөөд шүүгдэгчийн 2019.03.27-ны өдрийн болон түүнээс өмнөх бүх үйлдлүүдийн хувьд шүүхээс оногдуулсан ялыг эдэлж дууссанаар эрх зүйн үйлчлэл, хязгаарлалт дууссан, хөөн хэлэлцэх хугацаа мөн дууссан байна.

Иймд шүүх Б.Д-ын 2020.06.02, 2020.08.03-ны өдрийн 2 удаагийн үйлдэлд түүний сэдэлт, зорилгыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой бөгөөд шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруу дээр маргаагүй болно. Шүүх хуралдаанд оролцох хүсэлттэй гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Э.О- тайлбартаа:

Б.Д- нь өмнө үйлдсэн хэргүүддээ тухай бүрд нь хариуцлага хүлээсэн. Миний үйлчлүүлэгчийн хувьд гэр бүлийн хүчирхийлэл үйлдээгүй харин бусдын биед хөнгөн хохирол учруулсан. Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Б.Д-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авч өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Д-:

Байхгүй гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Сүрмандах дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй. Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж зүйлчлэлийг зөвтгөж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Д-ын өмгөөлөгч Э.О-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийн бүх ажиллагаа болон шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянаж үзвэл:

Шүүгдэгч Б.Д- нь хамтран амьдрагч С.У-ийг зодож хөнгөн хохирол учруулан 2017-10-22-д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2.т  зааснаар 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн  2017-10-22-нд болон  2018-01-09-ны өдөр Б.У-ийг зодож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1.д  зааснаар 7 сар 1 хоног хорих ялаар,  2018 -10-15.,  2019-01-28., 2019-01-31., 2019-02-01., 2019-03-31., 2019-02-01., 2019-03-27-ны өдрүүдэд Б.У-тэй  байнга харгис хэрцгий хандаж, догшин авирлаж 2019-6-21-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.2.т зааснаар 8 сар хорих ялаар тус тус  шийтгүүлээд  ял эдэлж суллагдсаны дараа 2020 оны 6 дугаар сарын 02., 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрүүдэд мөн С.У-ийг зодож эрүүл мэндэд нь 2 шүдний үгүй байдал, зүүн нүдний зовхи, цээжний өмнө, баруун гарын шуу, зүүн тохой орчмын зөөлөн эдийн цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн байна.

Шүүгдэгч Б.Д-ын гэм буруутай үйлдэл нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгч өөрөө хэргийн талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч С.У-ийн болон насанд хүрээгүй гэрч  Э.С-, гэрч  С.М- нарын мэдүүлэг, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020-09-479 дугаартай  ...С.У-ийн  биед 2 шүдний үгүй байдал, зүүн нүдний зовхи, цээжний өмнө, баруун гарын шуу, зүүн тохой орчмын зөөлөн эдийн цус хуралт,  тогтоогдлоо, энэ нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн  үйлчлэлээр үүсэх боломжтой,  энэ нь хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр  тогтонги алдагдуулах хөнгөн зэргийн гэмтэл  бөгөөд хөдөлмөрийн чадварыг  бага хэмжээгээр буюу 10 хувиар алдагдуулна.., гэсэн дүгнэлт, мөн  2020-08-06-ны өдрийн 634 дугаар дүгнэлт,  / х.хийн 12-13, 137-138-р хуудас /  гэрч их эмч  Ц.Ү-гийн  тодорхойлолт, / х.хийн 139-р хуудас /Шарын гол суман дахь Цагдаагийн хэлтсийн мөрдөгчийн Гэр бүлийн хүчирхийллийн  аюулын зэргийн  үнэлгээ  хийсэн тухай тэмдэглэл/ х.хийн 39-40,  151-152-р хуудас / зэргээр нотлогдож тогтоогджээ.

Шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв,  анхан шатны шүүх  гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, гэмт хэргийн улмаас  учирсан  хор уршиг,   гэмт хэргийн шинж, байдлыг харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан  төрөл, хэмжээний ял оногдуулсан бөгөөд  Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг зөв  тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Мөн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийж гүйцэтгэсэн, хохирогчийн биед хийсэн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтийг эрх бүхий шинжээчид гаргасан, шүүгдэгч, гэрч, хохирогчоос хуулийн дагуу мэдүүлэг авчээ.

Шүүгдэгч Б.Д- нь урьд нь хэд хэдэн удаа хамтран амьдрагч С.У-ийг зодож  гэмт хэрэг тус бүрдээ ял эдэлж дууссаны дараа  буюу  2020-06-02 мөн 2020-08-03-ны өдөр дахин  хамтран амьдрагч С.У-ийг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан  үйлдэлдээ  энэ шийтгэх тогтоолоор ял шийтгүүлж байгаа нь хуулийн үндэслэлтэй бөгөөд энэ нь шүүгдэгч урьд нь гэмт хэрэг үйлдэж, тэр үйлдэлдээ шийтгүүлээд  одоо дахин тэр үйлдэлдээ ял  шийтгүүлж байгаа  ойлголт  биш.

      Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан  ... шүүх өмнө үйлдсэн бүх гэмт хэрэгтээ ял эдэлсэн  мөн  хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад шүүх оногдуулсан ялыг бүрэн эдэлж дууссан үйлдлийг зүйлчилж ял оногдуулсан, ...ямар ч хүнийг үйлдсэн гэмт хэрэгт нь шийтгэсэн тохиолдолд тэр гэмт хэргээр нь дахин шүүх буюу шийтгэхийг хориглоно, хэн ч болов нэг улсын эрүүгийн болон эрүүгийн процессын хуулиар, үйлдсэн гэмт хэрэгтээ шийтгэгдсэн эсхүл цагаатгагдсан бол хоёр дахь удаагаа тэр улсын хуулиар эрүүгийн журмаар хариуцлага хүлээхгүй... гэсэн Эрүүгийн эрх зүйн онолын зарчмыг зөрчиж байна гэснийг хүлээн авах боломжгүй.

Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн  өмгөөлөгч   ...нэг шүүгдэгч  нэг төрлийн хэргийг хэдэн ч удаа үйлдсэн энэ үйлдэлдээ нэг удаа шийтгүүлсэн бол дахин энэ төрлийн хэрэг  үйлдсэн ч дахин ял оногдуулахгүй, өмнө шийтгүүлсэн гэж үзнэ... гэсэн эсхүл ...нэг   субъект нэг объектод  халдаад нэг төрлийн  гэмт хэрэг үйлдвэл  дахин ял оногдуулахгүй... гэсэн агуулгаар  “үйлдэл” гэдгийг тайлбарлаж  байгаа нь Эрүүгийн хуулийг буруу ойлгож  давж заалдах гомдол гаргажээ.

     Иймд шийтгэх  тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.О-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 436 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.О-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  

 

                      ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.МАНЛАЙБААТАР

                                                                    ШҮҮГЧИД                                  Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                                                  Ц.ТУЯА