Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2018/01206

 

О.Дгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонигинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 184/ШШ2018/00253 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 845 дугаар магадлалтай,

О.Дгийн нэхэмжлэлтэй

Ц.Эхолбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 5 500 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 6 600 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшингийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Д нь Ц.Э2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 5 000 000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 1 000 000 төгрөг, нийт 6 000 000 төгрөг зээлүүлсэн. Ц.Эээс зээлсэн 6 000 000 төгрөгөө өгөхийг шаардсан боловч өгөөгүй. 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Ц.Этэй хамт нотариатаар орж зээлсэн 6 000 000 төгрөгийг 2015 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр төлж барагдуулахаар тохиролцож гэрээ байгуулсан. Гэвч энэ хугацаанд хариуцагч нь 500 000 төгрөг өгч үлдэгдэл төлбөрийг төлөөгүй учир Ц.Эээс зээлийн гэрээний төлбөр 5 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Э нь О.Дгаас 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 5 000 000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 1 000 000 төгрөг, нийт 6 000 000 төгрөг зээлж авсан нь үнэн. Уг мөнгийг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хугацаанд нь өгч чадаагүй. Иймд зээлсэн мөнгөндөө тааруулж Мөнгөн завъяа дэлгүүрт байрлах 10 000 000 төгрөгийн бараатай лангууг худалдах саналыг О.Дд тавьсан, тэрээр хүлээн зөвшөөрч барааг худалдаж авсан. Ойролцоогоор 6 600 000 төгрөгийн барааг за рж борлуулаад 3 400 000 төгрөгийн барааг Ц.Эбуцаан өгсөн тул зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзэж байгаа. Анх лангууны эзэмшлийн гэрээг 2016 оны 01 дүгээр сард багтаан О.Дгийн нэр дээр хийлгэнэ гэж тохиролцсон. 2016 оны 04 дүгээр сард О.Д нь би Солонгос улсад суралцахаар явах болсон гээд лангуугаа буцааж авах талаар ярьсан байдаг. Гэтэл нэхэмжлэгч нэхэмжлэлдээ огт дурьдаагүй нь Ц.Эээс дахин мөнгө авах санаа байна гэж ойлгож байна. 2015 оны 6 дугаар сард лангуу хүлээлгэн өгснөөр талуудын хоорондын зээлийн гэрээний харилцаа дуусгавар болсон. Өөрөөр хэлбэл 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн лангуу хүлээлцсэн актанд төлбөр тооцоо дууссан гэж бичсэн байдаг. Тиймээс Ц.Э нь О.Дгаас зээлсэн зээлээ бүрэн төлж дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2015 оны 06 дугаар сард Мөнгөн завъяа дэлгүүрт байрлах 10 000 000 төгрөгийн бараа бүхий лангууг О.Дд худалдсан. О.Д нь тухайн барааг зарж борлуулан зээлсэн мөнгөө гаргуулж авахаар тохиролцсон. 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэгч Солонгос улсад суралцахаар явах болсон гээд 10 000 000 төгрөгийн бараанаас 3 400 000 төгрөгийн барааг буцаан өгч, үлдэгдэл 6 600 000 төгрөгийн барааг зарж мөнгийг өөртөө авсан. Иймд худалдах худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн барааны үнэ 6 600 000 төгрөгийг О.Дгаас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдаагүй. О.Д хариуцагчаас бараа шилжүүлж аваагүй гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 184/ШШ2018/00253 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Эээс 5 500 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О.Дд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.Эийн гаргасан 6 600 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл бүхий иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 110 950 төгрөг төлсөн ба илүү төлсөн 8 000 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ц.Эээс улсын тэмдэгтийн хураамжид 102 950 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч О.Дд олгож, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 121 000 төгрөгийг улсын орлогоос гаргуулж буцаан олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 845 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 184/ШШ2018/00253 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д заасныг удирдлага болгон хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх нь хэргийн бодит нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгөлгүй хэт хийсвэрээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д ”Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бүсад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хулээнэ” гэж заасан. Ц.Э нь О.Дгаас 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 5 000 000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 1 000 000 төгрөгийг зээлсэн. Уг мөнгийг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хугацаанд нь буцаан төлж чадаагүй. Иймээс Мөнгөн завъяа дэлгүүрт байрлах 10 000 000 төгрөгний бараа бүхий лангууг 2015 оны 06 дугаар сард хүлээлгэн өгөөд тухайн бараанаас О.Д нь зээлүүлсэн мөнгөө гарган авч төлбөр тооцоог дуусгахаар тохиролцож мөнгөн эдлэл худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Гэтэл анхан шатны шүүх мөнгөн эдлэл худалдах, худалдан авах гэрээ гэх баримтад хууль зүйн хувьд үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Гэрчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн баримтаар нэхэмжлэгч нь 10 000 000 төгрөгийн бараа бүхий лангууг хүлээн авсан болох нь нотлогдсоор байхад үндсэн нэхэмжлэлтэй хамааралгүй гэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу хариуцагчаас төлөгдөх мөнгөн төлбөрийн үүргийг тухайн гэрээтэй шууд холбоотой харилцан тооцоо нийлсэн гэх агуулга тусгагдаагүй байна” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа болон мөнгөн эдлэлийг шилжүүлэх талаар тохиролцоо хийж байсан талаар хийсэн. Энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд  тусгагдсан байгаа. Мөн нэхэмжлэгч нь төлбөр тооцоо дууссан гэх агуулгыг өөр тооцооных гэж няцаагаагүй, нотолсон баримт байхгүй байхад анхан болон давж заалдах шатны шүүх уг хэрэгтэй хамааралгүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч О.Д нь хариуцагч Ц.Эээс зээлийн гэрээний үүрэгт 5 500 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг, хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 6 600 000 төгрөгийг О.Дгаас гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

 

Анхан шатны шүүх хариуцагчаас 5 500 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан ба давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хоёр шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг 73 дугаар зүйлийн 73.2-т заасан журмыг зөрчсөн байх тул шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

О.Дгийн нэхэмжлэлийн үндэслэл болох 2015 оны 04 дүгээр сарын 29, 2015 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээ, сөрөг нэхэмжлэлийн үндэслэл болох 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр зохигчид байгуулсан “мөнгөн эдлэл худалдах, худалдан авах гэрээ” тус тус өөр өөр эрх зүйн харилцаа мөн боловч шүүх сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч, нэхэмжлэгчийн зүгээс тайлбар, нотлох баримт гаргаж мэтгэлцсэн, сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамтруулан шийдвэрлэх нь зохистой гэж үзэх байдал тогтоогдсон байхад  сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдохгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцээгүй гэж үзнэ.

Хариуцагч Ц.Э нь нэхэмжлэгчид зээл төлөх үүрэгтэй болохоо маргаагүй, харин энэ үүргээ биелүүлэх зорилгоор түрээсэлж байсан лангуу, мөнгөн эдлэлийн хамт нэхэмжлэгчид гэрээгээр шилжүүлсэн гэж маргаж байгаа нь сөрөг нэхэмжлэлийг хамтруулан шийдвэрлэх үндэслэл болсон байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73.2-т “Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ. Бусад тохиолдолд тэдгээрийг хамтруулан шийдвэрлэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ.” гэж заасан. Өөрөөр хэлбэл сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдохгүй бусад тохиолдолд ч шүүх хамтруулан шийдвэрлэх эрхтэй байхад зөвхөн нэг үндэслэлээр нь хязгаарлаж, ажиллагаа явуулсан нь хуульд нийцэхгүй болно.

Иймд сөрөг нэхэмжлэлийг хамт шийдвэрлүүлэхийг хүссэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжтой гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 184/ШШ2018/00253 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 845 дугаар магадлалыг тус тус  хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 231 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР

                           ШҮҮГЧ                                                  П.ЗОЛЗАЯА