Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2018/01222

 

“Х О” СӨХны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2018/00312 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 787 дугаар магадлалтай,

“Х О” СӨХны  нэхэмжлэлтэй

Б.Бд холбогдох

Нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт үйлчилгээний зардал 903 509 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батчимэгийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ашиглалттай холбоотой төлбөрийг 2017 оны 1 сараас өөр газар төлдөг болсон тул 2016 оны 9 сараас 2016 оны 12 сарыг дуусталх хугацааны орон сууц ашиглалтын 141 414 төгрөгийг манайх төлсөн, энэ талаарх баримтыг өгөөгүй байгаа, 2016 оны 9 сараас 2017 оны 11 сар дуусталх хугацааны СӨХ-ны төлбөр төлбөр 762 095 төгрөг, нийт 903 509 төгрөгийг 62-р байрны 02 тоотод оршин суугч Б.Б нь төлөхгүй, сууц өмчлөгчдийн эрх ашгийг хохироож байгаа тул гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 9-р сараас 12-р сарыг дуустал тус СӨХ нь ус, дулааны төлбөр тооцоог ямар ч зөвшөөрөлгүйгээр авч байсан. Эрчим хүчний Зохицуулах Хорооны 2017 оны 03 дугаар сарын 31-ний 107 дугаар тогтоолоор УБДС ТӨХК-д хийсэн хяналт шалгалтын дүнг хэлэлцээд Эрчим хүчний тухай хуулийн 17.1, 25.1.1, 25.1.12-т заасныг зөрчин тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй иргэн, СӨХ, ААН-тэй дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ хийж байсан үйлдлийг таслан зогсоож, цаашид хуулийн хүрээнд шийдвэрлэхийг үүрэг болгосноор УБДС ТӨХК нь дулааны гэрээгээ хүчингүй болгосон. Иймээс тус СӨХ нь дээрх үйл ажиллагааг хууль бусаар эрхэлж, иргэдээс СӨХ-ны төлбөртэй давхардуулан ихээхэн хэмжээний төлбөрийг нэхэмжилж ашгийн төлөө ажиллаж байсан тул 2017 оны 9-12-р сарыг дуусталх ус, дулааны төлбөрийг төлөхөөс татгалзаж байна. СӨХ-ны төлбөрийг төлөхгүй гээгүй, шудрагаар нэхэмжилж байвал татгалзахгүй. Оршин суугчидтай буюу надтай байгуулсан “хамтран ажиллах гэрээ”-г хотхоны бүх өрхтэй адилхан хийсэн. Гэрээнд заахдаа Иргэний хууль, “Орон сууцны тухай” хууль, СӨЭЗБНЗОСБДӨЭХТ хууль зэрэг эрх зүйн актуудыг үндэслэн нэг талаас ХУД, 11 хорооны 7 хэсэгт орших орон сууцны 62 байрны 2 тоотын сууц өмчлөгч Б.Б, цаашид сууц өмчлөгч гэх/ нөгөө талаас СӨХ-ны Гүйцэтгэх захирал Д.Лхагвасүрэн нар 2011 оны 4 сарын 1-нээс 2012 оны 4 сарын 10-ны өдөр хүртэл харилцан тохирч байгуулж, хугацаа дуусахад 2 тал гэрээг дуусгавар болгон цуцлах талаар санал тавиагүй нөхцөлд цаашид сунгасанд тооцож хүчин төгөлдөр үйлчлэхээр заасан. Гэтэл СӨХ-өөс тус иргэний хэргийн нотлох баримтаар гаргаж өгсөн СӨХ-ны УЗ-ийн 2012 оны 4 сарын 28-ны тогтоолд СӨХ-ны Гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас П.Батаахүүг 2012 оны 5 сарын 15-наас тасалбар болгож чөлөөлж, Гүйцэтгэх захирлаар Д.Лхагвасүрэнг томилсон. Гүйцэтгэх захирлаар томилогдоогүй байж оршин суугчидтай гэрээ хийсэн, миний гарын үсгийг дуурайлган зурсан. СӨХ-ны УЗ-ын хурлаар тогтоодог гээд хавсаргасан тогтоол, протоколуудад УЗ-ын дарга Ц.Баянжаргал гарын үсэг зурсан, зурагдсан гарын үсэг 2 өөр хүнийх байгаа нь 2012 оны 11 сарын 10, 2013 оны 9 сарын 03, 2015 оны 1 сарын 15, 2016 оны 2 сарын 12-ны өдрийн хурлын протоколуудыг нөхөж үйлдсэн болох нь харагдаж байна. Эдгээр хурлууд дээр Харуул хамгаалалтын төлбөрийг 16000 төгрөг болгож нэмсэн, цэвэрлэгээний хөлсийг айл өрхөөс 6500 төгрөг, аж ахуйн нэгжийн цэвэрлэгээний төлбөрийг 30000 төгрөг болгож тогтоосон, дундын өмчийн цахилгааны төлбөрийг 8000 төгрөг болгож нэмэгдүүлсэн, гараж буюу авто зогсоолын төлбөрийг 15000 төгрөг болгон нэмэгдүүлсэн, засвар үйлчилгээний төлбөрийг аж ахуйн нэгжээс м2 480 төг, айл өрхөөс м2 нь 160 төгрөг, БОНЗ /байр орц, нийтийн зам талбай/ зардлыг 6000 төгрөгөөр тогтоон нэмэгдүүлснээс харахад СӨХ-ны УЗ нь огт хуралддаггүй, Хяналтын Зөвлөл гэж байдаггүй, оршин суугчдаас хураан авч байгаа төлбөрийг Гүйцэтгэх захирал, менежер нар нь дураараа тогтоосон тул 466 092 төгрөгийг зөвшөөрч, үлдэхийг зөвшөөрөхгүй гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2018/00312 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147,1, 148 дугаар зүйлийн 148.2.3, СӨХны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3 дахь хэсэгт зааснаар /РД:ХА64020506/ Цөхүр овогтой Балжиннямын Б.Бгаас орон сууцны дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 762 095 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч “Хан Оргил" СӨХнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 141 414 төгрөгийг хэрэгсэхгүй олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 26 234 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 22 840 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 787 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2018/00312 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “762 095” гэснийг “466 092”, “141 414” гэснийг 437 417” гэж, 2 дахь заалтын “22 480” гэснийг “14 632” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162 4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 893 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Бгийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9 530 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батчимэг хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагаас үндэслэлгүйгээр 437 417 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Орон сууц ашиглалтын төлбөрийг Иргэний хуулийн 147.1-д зааснаар оршин суугчид телөх үүрэгтэй. Энэ төлбөрийн нэхэмжлэл нь СӨХ-с гаргаж өгсөн төлбөрийн дэлгэрэнгүйгээр нотлогдож байгаа. Гэтэл шүүхээс нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь буруу. Өмнө нь мөн ийм үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байсан. Ашиглалтын төлбөрөө төлөөгүй иргэн Б.Бгийн төлбөрийг нэгдсэн тоолуураар гарсан заалтын дагуу СӨХ-н данснаас тухайн байгууллагад төлсөн учраас СӨХ уг төлбөрийг хариуцагчаас нэхэмжилсэн. Хариуцагч нь орон сууц ашиглалтын болон СӨХ-н төлбөрийг огт төлдөггүй бөгөөд жилд нэг удаа шүүхээр шийдвэр гаргуулж, ШШГГ-т ханддаг. Өнөөдрийг хүртэл өмнөх төлбөрүүдээ бүрэн гүйцэд төлөөгүй бөгөөд төрөөс болон СӨХ-с авсан үйлчилгээнийхээ хөлсийг төлөхгүй завшиж амьдардаг. Энэ төлбөрийг төлдөггүй шалтгаанаа би энэ СӨХ-н даргыг хийх ёстой гэж маргадаг. СӨХ-н хууль болон Монгол улсын хууль тогтоомжоор дээрх төлбөрийг төлөөгүй айл өрхөд авах арга хэмжээний талаар зохицуулалт байхгүй тул Б.Б нь хуулийн цоорхой ашиглан завшиж амьдарсаар өнөөдрийг хүрч байна. Түүний хэрэглэсэн ус дулааны төлбөрийг үндсэн тоолуураар гарсан заалтын дагуу СӨХ-н данснаас төлсөн бөгөөд бусдаар төлбөрөө төлүүлчээд санаа зовдоггүй. СӨХны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.4-д Сууц өмчлөгч нь өөрийн сууцны доторхи засвар, үйлчилгээний бүх зардлыг хариуцахаас Хариуцагч тус СӨХ-д удирдах зөвлөл гэж байдаггүй, дураараа үнэ тогтоож, дураараа төлбөрийг өсгөдөг, засвар үйлчилгээний төлбөр дээр нэмж хаана ч байхгүй БОНЗ гэх төлбөр нэхдэг, домофон гэх ойлгомжгүй төлбөрийг сар бүр авдаг гэж маргасан. Хан Оргил СӨХ-д Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөл байдаг бөгөөд өмнөх шүүх хурлууд дээр мөн ингэж маргасны улмаас тус зөвлөлүүдийн талаарх баримтыг шүүхэд гаргаж хариуцагчид танилцуулж байсан, харин шүүх нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй баримт гээд хүлээж аваагүй. БОНЗ- байр орц нийтийн зам талбайн засвар үйлчилгээ буюу үндсэн хөрөнгийг сэргээн засварлах үйлчилгээний зардалд айл өрхөөс 6000 төгрөгөөр тооцож авдаг. СӨХны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал хуваарилах асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ гэж заасны дагуу СӨХ-н зардал төлбөрийн асуудлыг бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж тогтоосон бөгөөд удирдах зөвлөлийн хурлаар баталгаажуулсан болно. Харин хариуцагч нэг ч удаа оршин суугчдын хуралд оролцож байгаагүй болохыг дурдъя. Домофоныг төлбөр бол гэрээт байгууллагын төлбөр. Айл эрх бүр домофон ашигладаг, орцонд нэгдсэн нэг домофонтой бөгөөд айл өрх өөрсдийн чипээр ордог. Гэрээ нь хэрэгт хавсаргасан байгаа. Тодорхой ийм төлбөрүүдийг төлөхгүй гэж маргаж байгаа үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй болно. Мөн хариуцагч нь СӨХны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-т заасан эрхийнхээ дагуу засвар үйлчилгээний хөлс, хүлээн зөвшөөрөхгүй байгаа зардал үндэслэлтэй эсэх талаар, мөн СӨХ-н үйл ажиллагаатай холбоотой гомдлоо дээд шатны байгууллагад гаргадаггүй бөгөөд түүний татгалзаж байгаа тайлбар нь СӨХ-н төлбөрийг төлөхгүй байх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Нэгэнт ус, дулааны байгууллагатай хийсэн гэрээ байхгүй, СӨХ-н зардал төлбөрийн асуудлыг бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж тогтоогоогүй гэж үзэж байгаа тул шүүхийн шийдвэр магадлалыг хүчингүй болгож, эдгээр баримтыг шүүхэд гаргаж өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжоор хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Х О” СӨХ нь хариуцагч Б.Бгаас нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, үйлчилгээний зардалд 903 509 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба хариуцагч 466 092 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шатны шүүх хариуцагчаас 762 095 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч “Х О” СӨХнд олгож шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх 466 092 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулжээ. 

Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хэргийг хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэсэн байх тул “шийдвэр, магадлалыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив. Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-т зааснаар орон сууцанд оршин суугаа өмчлөгч заавал СӨХны гишүүн байдаг ба Б.Б нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйчилгээтэй холбогдсон зардлыг төлөх үүрэгтэй боловч зардлын хэмжээ тогтоогдсон байх нь шаардах эрхийн нэг нөхцөл нь тул давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т заасан зохицуулалтад нийцсэн байна. 

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан зөрчсөн алдаа гаргаагүй байна.

СӨХны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт “Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал хуваарилах асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ гэж заажээ. Гэтэл хэрэгт бүх гишүүдийн хурлаар дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал хуваарилах асуудлыг хэлэлцсэн талаарх баримт авагдаагүй байна. Түүнчлэн, нэхэмжлэгч “Х О” СӨХны бүх гишүүдийн хурлаар тус холбооны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал хуваарилах асуудлыг хэлэлцэх эрхийг “Х О” СӨХны Удирдах зөвлөлд шилжүүлсэн гэх байдал хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын тайлбар нь нотолгооны хэрэгсэлд хамаарах тул дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 466 092 төгрөг төлөхийг хариуцагч зөвшөөрсөн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангасан давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 787 дугаар дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 26 235 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА