Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 268

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Д даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Номин, нэхэмжлэгч С.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц, Г.Г нарыг оролцуулан С.Н-ын нэхэмжлэлтэй, Нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийв.

Нэхэмжлэгч: С.Н

Хариуцагч: Нийгмийн даатгалын ерөнхий газар

Нэхэмжлэлийн шаардлага: “Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б/247 дугаар “С.Н-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгох, Завхан аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны буюу 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалинг хөлс, хоол унааны мөнгийг нөхөн олгуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх, Завхан аймгаас Улаанбаатар хотод ирж буцсан унааны зардал 754800 төгрөг, Шүүхийн шийдвэр гүйцэтгүүлэхэд гарсан зардал 120.200 төгрөг, Монгол Улсын Их Хурлын 2017 оны 67 дугаар тогтоолын дагуу төрийн өндөр албан тушаалтан, шүүгч, прокуророос бусад төрийн албан хаагчдад олгосон 300.000 төгрөгийн мөнгөн урамшууллыг тус тус нөхөн гаргуулах”

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие С.Н 1988 оноос төрийн байгууллагад 29 жил, үүнээс нийгмийн даатгалын байгууллагад 28 жил ажилласан.

2008 оноос 2016 оны 11 сар хүртэл хэлтсийн даргаар ажиллаж байсан. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/186 дугаар тушаалаар бүтцийн өөрчлөлтөөр үүрэгт ажлаас хууль бусаар чөлөөлсөнд би гомдол аргасан.

Миний гомдлыг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх авч хэлэлцээд 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2017/0327 дугаар шийдвэрээр Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/186 дугаар тушаалыг хүчингүй болгож, намайг урьд эрхэлж байсан хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилохыг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын даргад даалгасан боловч хуулийн хугацаандаа биелүүлээгүй учир 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 128/Ш32017/4639 дугаар захирамжаар албадан гүйцэтгэхээр болсон.

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/236 дугаар тушаалаар 11 дүгээр сарын 09-ний өдрөөс хэлтсийн даргаар эгүүлэн томилж, 11 дүгээр сарын 17-ны өдөр ажил хүлээлцсэн боловч 2017 оны 12 дугаар сарын 04-ны өдөр Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын Б/247 дугаар тушаалаар хэлтсийн даргын ажлаас халсан. Энэхүү шийдвэрийг гаргахдаа сонсох ажиллагааг хуулийн дагуу хийгээгүй. 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр буюу 5 дахь өдөр ерөнхий газрын мэргэжилтэн Ч.Н утсаар залгаад танд санхүүгийн албаны дүгнэлт гарсан, таны албан тушаал хөндөгдөхөөр болсон гэж хэлсэн. Би огт мэдээгүй юу болоод байна гэхэд Ч.Н эргээд залгая гэсэн боловч яриагүй.

Сонсох ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд зааснаар шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал авна гэж би ойлгосон. Ийм боломжийг надад олгоогүй, зөвхөн мэдэгдэл хийсэн.

Гэтэл 12 дугаар сарын 04-ний өглөө буюу 1 дэх өдөр ажилдаа ирэхэд Ерөнхий газрын ажил хүлээлцэх комисс хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Ш.М-ын хамт ирчихсэн ажлаа өг гэсэн. Би мэдээгүй байсан учир биеийн байдал эвгүйрхэж магадлагч эмчид үзүүлэхэд даралт 180 хүрсэн зайлшгүй эмнэлгийн тусламж авах хэрэгтэй гэсэн учир эмнэлэг рүү очоод тариа хийлгэж байтал хэлтсийн ажилтны 95111.... дугаарын утаснаас залгаад яаралтай ир гэж дуудсан.

Хэлтэс дээр ирэхэд ажилтнуудыг цуглуулчихсан хурал хийж байсан. Би биеийн байдал хэвийн болоогүй байсан тул эхлээд хурал руу орж чадаагүй. Намайг ажлаас халсан шийдвэр бол надад танилцуулан өгөх шийдвэр. Гэтэл би танилцаагүй, намайг байхгүй хойгуур ажилтнуудад уншин танай дарга төрийн албанд эргэж орохгүйгээр ажлаасаа халагдаж байгаа гэж ажил хүлээлцэх комисс танилцуулсан нь төрийн байгууллагын соёлд нийцэхгүй. Комиссын гишүүн Ч.Н-ээс санхүүгийн дүгнэлттэй танилцаж болох уу гэж асуухад байхгүй, мэдэхгүй гэсэн.

Ш.М өмнө нь ажлаа өгөхдөө би удахгүй та нартай эргээд ажиллана гэж хэлж байсан нь урьдчилан тохирсон шийдвэр гэдгийг нотолж байна.

Та бүхэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 133.2-т Захиргааны байгууллага, албан тушаалтан шүүхийн шийдвэрийг биелүүлэх үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэсэн боловч шүүхээс хууль бус болохыг нь тогтоосон шийдвэрийг дахин гаргах зорилгоор өөрийн бүрэн эрхэд хамаарах эрх зүйн акт, албан тушаалд тавигдах нийтлэг шаардлага, шалгуур үзүүлэлтийг өөрчилж, нэхэмжлэгчийн эрхийг дахин зөрчсөн үйл, эс үйлдэхүйг шүүхийн шийдвэрийг биелүүлсэнд тооцохгүй гэсэн заалтыг анхааран үзнэ үү.

Ийнхүү удаа дараа ажлаас халж миний эрүүл мэнд, нэр төрийг унагааж, хэт нэг талыг барьсан шийдвэрүүд гаргаж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй. Хууль бусаар гарсан шийдвэрт гомдол гарган шийдвэрлүүлэхэд нийслэл Улаанбаатар хотод ирдэг бөгөөд манай аймаг алс хол 1000 км-т оршдог. Нэг удаа хот орж ирэхэд унаа, хоол, хуулийн зөвлөгөө авахад ойролцоогоор 500000 төгрөгийн зардал гардаг. Би өмнөх шийдвэрийг гаргуулах, гүйцэтгүүлэх гээд 4 удаа нийслэлд ирсэн. Сэтгэл санааны хохирлыг мөнгөөр үнэлж болохгүй юм.

Санхүүгийн 2 удаагийн актын төлбөрийг хариуцан барагдуулаагүй гэж үзэж болохгүй. 2015 оны 12 дугаар сарын 30-нд тавигдсан актын төлбөрийг 2016 онд барагдуулж байх хугацаанд буюу 2016 оны 10 сард намайг ажлаас чөлөөлсөн. Дараагийн акт 2017 онд тавигдсан хэлтсийн дараагийн дарга Ш.М хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан ба ажил үүргийнхээ дагуу актын барагдуулалтад хяналт тавих үүргийг хүлээнэ.

2012-2015 онд хэлтсийн үйл ажиллагаанд ямар нэгэн өр үүсгээгүй, төсвийг хэмнэн ажиллаж жил бүр нийт ажилтнуудад үр дүнгийн урамшуулал олгож, нийгмийн даатгалын ерөнхий газрын ахмадын санд 2.0-8.0 сая төгрөгийг төвлөрүүлэн ажиллаж байсан.

Хэлтсийн үйл ажиллагааны сар бүрийн төсвийг Аймгийн төрийн сангийн хяналтад зарцуулдаг бөгөөд зардлын зүйл ангийн хооронд нь гүйлгэн зарцуулж болох зардлыг зөвхөн төрийн сангийн  зөвшөөрлөөр   хийдэг.   Жил   бүр   үйл ажиллагааны тайланд Аудитын үнэлгээ хийлгэж эерэг дүгнэлт авч байсан.

Хэлтсийн даргаар ажиллаж байх хугацаандаа хэлтсийн албан конторын барилгыг шинээр бариулж дотоод тохижилтыг үйлчлүүлэгчдийн сэтгэлд нийцүүлэн Нийслэлийн дүүргүүдийн нийгмийн даатгалын хэлтсүүдийн жишгээр хийлгэж, ажилтнуудын ажлын нөхцөлийг бүрэн ханган ажилласан. Ажлын үр дүнгээрээ тус хэлтэс системийн хэмжээнд 2012 онд 2 дугаар байр, 2014 онд аймагтаа 3 дугаар байр тус тус эзэлж, жил бүрийн үр дүнгийн гэрээгээ хангалттай сайн үнэлүүлж байсан. Ажилтнуудыг чадавхжуулан мэргэжлийн удирдлагаар хангасны үр дүнд 2015 онд ерөнхий газраас зохион байгуулсан улсын байцаагчийн эрхийн  шалгалтад нийт байцаагч нар 100 хувь тэнцэж, өөрөө 96,6 оноо авч Улсын ахлах байцаагчийн эрхээ баталгаажуулсан.

Санхүүгийн хяналт шалгалтын акт 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр тавигдсан. Төрийн албаны тухай хуулийн 26.4 дэх заалтад сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэж заасан байхад надад мөн хуулийн 26.1.3 заалтыг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль бус шийдвэр юм” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 27.3, 27.4-т заасныг баримтлан Завхан аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дарга С.Н-д сонсох ажиллагааг 2017 оны 12 дугаар сарын 01-ний 15:00 цагт сонсох ажиллагааг явуулж, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 6.4.2, 6.4.8, 16 дугаар зүйлийн 16.5.5, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 8 дугаар зүйлийн 8.3, 7 дугаар зүйлийн 7.7-д заасан төсөв захирагчийн чиг үүргээ хангалтгүй биелүүлж, өр, төлбөр, авлага барагдуулахгүй байгаа талаар аймгийн санхүүгийн хяналт, аудитын албанаас хариуцлага тооцуулах талаар мэдэгдэл ирүүлснийг мэдэгдэж, таны албан тушаалын эрх ашиг хөндөгдөж болохыг анхааруулж хэлсэн байна.

Ийм учраас та энэ талаар ямар бодол саналтай байгаагаа хариу мэдэгдэхийг урьдчилан сонсгосон болно. Нийгмийн даатгалын ерөнхий газраас Тамгийн газрын дарга Б.Б, хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Н нарыг тус аймагт томилон явуулсан. Ажлын хэсэг нь 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 9:00 цагт аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дарга С.Н-тай уулзаж сонсголын талаар ямар нэг санал байгаа эсэхийг асууж ярилцсан байна. Энэхүү уулзалтын дараагаар 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 11:00 цагт нийт ажилтны хурал зарлаж Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын С.Н-т сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалын төслийг мэдээлэлж, ажил хүлээлцүүлэх ажлыг зохион байгуулсан болно. Энэ нь Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагааг бусад арга хэрэгсэл, утсаар болон цахим хэлбэрээр явуулж болно гэсэн заалтыг баримтлан явуулсан болно.

С.Н нь Завхан аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргаар 2012-2016 оны 11 сар хүртэл ажиллаж ирсэн байна. Нийгмийн даатгалын дарга нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д зааснаар төсвийн шууд захирагч бөгөөд төсвийн талаарх бүрэн эрхийг хэрэгжүүлж ажилладаг албан тушаалтан болно. 

Завхан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2012-2015 оны санхүүгийн үйл ажиллагаанд аймгийн санхүүгийн хяналт, аудитын албанаас 2015 онд хийсэн шалгалтаар дараах зөрчлүүд илэрсэн нь санхүүгийн шалгалтын материалаар тогтоогдсон байна. Энэхүү шалгалтаар Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 6.4.2, 6.4.8, 16 дугаар зүйлийн 16.5.5 дугаар заалтыг зөрчиж төсвийг зориулалтын бус зүйлд зарцуулсан, төрийн чиг үүрэгт хамаарахгүй арга хэмжээг санхүүжүүлсэн, эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр худалдан авалт хийсэн, ажилтнуудын ажлын хөлснөөс үндэслэлгүй суутгал тооцсон, ажлын хөлснөөс суутгах татварыг суутгаж аваагүй, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 8 дугаар зүйлийн 8.3, 7 дугаар зүйлийн 7.7-д заасныг зөрчиж худалдан авсан эд хогшлыг эд хөрөнгийн бүртгэлд тусгаагүй, орлогод аваагүй, кассанд их хэмжээний мөнгө байлгаж түүний зарцуулалтыг тодорхой тусгаж тайлагнадаггүй өр авлага үүсгэсэн, түүнийг огт барагдуулаагүй зөрчлүүд 2012, 2013, 2014, 2015 онуудад удаа дараа давтагдан илэрсэн нь тогтоогдсон байна.

Завхан аймгийн санхүүгийн хяналт, аудитын албанаас хэлтсийн 2016 оны үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 16 дугаар зүйлийн 16.5.5-д заасныг зөрчиж тушаал шийдвэргүйгээр шагнал олгосон, зориулалтын бус зүйлд зарцуулсан, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 7 дугаар зүйлийн 7.7, 8 дугаар зүйлийн 8.3.1, 13 дугаар зүйлийн 13.4, 13.7 дугаар заалтыг зөрчиж төлбөр тооцоо хийгээгүй, үндсэн баримтгүй, данс бүртгэлд тусгаагүй хөрөнгө зарцуулсан зөрчлүүд илэрсэн нь шалгалтын материал, улсын байцаагчийн тавьсан актуудаар тогтоогдож байна. Энэхүү санхүүгийн зөрчлүүдийг арилгуулах, төлбөр тооцоог барагдуулах талаар аймгийн санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагч нар удаа дараа акт тогтоож, шаардлага хүргүүлсэн  боловч  зөрчлийг  арилгах,  барагдуулах ажлыг зохион байгуулаагүйгээр өнөөг хүргэсэн байна.

Аймгийн санхүүгийн хяналт, аудитын албанаас 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 108 тоот албан бичгээр Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад хандан олон жил он дамжсан төлбөр, өр, авлагыг барагдуулах яаралтай арга хэмжээ авч холбогдох ажилтнуудад хариуцлага тооцохыг мэдэгдсэн байна.

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.4, 13.1.5, 13.1.9 дүгээр зүйлд заасан Төрийн жинхэнэ албан хаагч нь шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх зарчмыг хүндэтгэн сахин биелүүлэх, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, нэр хүндийг эрхэмлэн дээдлэх, албан тушаалтны хууль бус шударга бус явдалтай эвлэршгүй байх үүргээ биелүүлж ажилладаггүй байдлыг нь тодорхойлж хэлтсийн хамт олноос нь удаа дараа С.Н-т арга хэмжээ авахуулах талаар удирдах дээд байгууллагад өргөдөл, гомдол гаргасан боловч тухайн үеийн албан тушаалтнуудтай хуйвалдан асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулсан нь харагдаж байна. 

С.Н нь 2012-2016 онд хэлтсийн даргаар ажиллах хугацаандаа ардчилсан намын гэх тодотголтой сайд, дарга нартай үгсэлдэх, намын үйл ажиллагааг зохион байгуулах зэргээр албан тушаалдаа үлдэх үйл ажиллагааг зохион байгуулж, шударга санал, санаачлага, шүүмжлэл гаргасан ажилтнуудыг дарамталж, доромжлох, төрийн албыг хувийн өмч мэт хандах, удирдах ажилтны ёс зүйд нийцэхгүй байдлыг олон удаа гаргасныг шударга ажилтнууд тодорхой баримтаар гаргаж тавьж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад хандсан байна. Эдгээр баримтаас үзэхэд С.Н нь төрийн жинхэнэ албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг мөрдөж ажилладаггүй, намын ашиг сонирхлын дагуу төрийн ажлыг хийхийг оролддог, хэлтсийн даргын үүргийг хуульд заасны дагуу биелүүлдэггүй нь тогтоогдож байна. Түүнчлэн сонгуулийн үед ажилтнуудыг ардчилсан намын сонгуулийн сурталчилгаанд оролцуулах, үйл ажиллагаанд яваагүй ажилтнуудыг дарамтлах, ажлаас халах зэргээр айлган сүрдүүлж доромжилдог байсан нь ажилтнуудын өргөдөлд тодорхой туссан байна. Энэхүү үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-д “Улс төрийн аливаа нам, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байх, хэрэв улс төрийн намын гишүүн бол намын гишүүнээс түдгэлзэх гэх заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхгүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй” гэж заасан. Нийгмийн даатгалын ерөнхий газар нь С.Н-ыг хохироосон хууль бус үйлдэл, эс үйлдэл гаргаагүй юм.

Иймд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын 2017 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн Б/247 дугаар тушаал нь хууль зүйн бүрэн үндэслэлтэй учраас С.Н-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Н “Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б/247 дугаар тушаалыг хүчингүй болгож, хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, ажлаас 2 удаа халагдаж Завхан аймгаас Улаанбаатар хотод ирж очсон унааны зардал нийт 754.800 төгрөг, хуулийн зөвлөгөө авсан хөлс, нотариатын болон бичиг хэргийн зардал, Шүүхийн шийдвэр гүйцэтгүүлэхэд гарсан зардал 120.200 төгрөг, Монгол Улсын Их Хурлын 2017 оны 67 дугаар тогтоолын дагуу төрийн өндөр албан тушаалтан, шүүгч, прокуророос бусад төрийн албан хаагчдад олгосон 300.000 төгрөгийн мөнгөн урамшууллыг тус тус нөхөн гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд анх гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу хэргийг эцэслэн шийдвэрлэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч “хуулийн зөвлөгөө авсан хөлс, нотариатын болон бичиг хэргийн зардлыг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар “Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б/247 дугаар “С.Н-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгох, Завхан аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны буюу 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалинг хөлс, хоол унааны мөнгийг нөхөн олгуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх, Завхан аймгаас Улаанбаатар хотод ирж буцсан унааны зардал 754.800 төгрөг, Шүүхийн шийдвэр гүйцэтгүүлэхэд гарсан зардал 120.200 төгрөг, Монгол Улсын Их Хурлын 2017 оны 67 дугаар тогтоолын дагуу төрийн өндөр албан тушаалтан, шүүгч, прокуророос бусад төрийн албан хаагчдад олгосон 300.000 төгрөгийн мөнгөн урамшууллыг тус тус нөхөн гаргуулах” гэж  тодруулсан болно.  

Тэрээр шаардлагын үндэслэлээ “... ямар ч үндэслэлгүйгээр ажлаас халагдсан, сэтгэл санааны хувьд 1000 км цаанаас ирдэг, 15-16 удаа Улаанбаатар хот руу ирж буцсан, сэтгэл санааны хувьд үнэхээр хүнд байна гэхдээ сэтгэл санааны хохирлыг мөнгөн хэлбэрээр илэрхийлээгүй, нотариат болон хууль зүйн туслалцаа авсан зардлуудаа нэхэмжлээгүй”  гэж тайлбарлан тодруулсны хүрээнд шүүх хэргийг хянан хэлэлцэж дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.   

Нэхэмжлэгч С.Н нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2017/0327 дугаар шийдвэрээр Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын Завхан аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоогдсон. Хариуцагч шүүхийн шийдвэрийг хуулийн хугацаанд биелүүлээгүй бөгөөд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/236 дугаар тушаалаар  11 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн С.Н-ыг хэлтсийн даргын албан тушаалд томилогдсон боловч 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын Б/247 дугаар тушаалаар  нэхэмжлэгчийг ажлаас нь халсан байна.  

Маргаан бүхий тушаал нь нэхэмжлэгч С.Н-ыг төсвийг үр ашигтай, хэмнэлттэй, зориулалтын дагуу зарцуулах, төрийн чиг үүрэгт хамааралгүй асуудал санхүүжүүлэхгүй байх, төсвийг зохистой удирдаж авлага, өр төлбөр үүсгэхгүй байх төсөв захирагчийн үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлж, актаар тавигдсан төлбөрийг удаан хугацаанд барагдуулах ажлыг зохион байгуулаагүй, төрийн захиргааны албан хаагчийн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэх үндэслэлээр Төсвийн тухай хууль, Төрийн албаны тухай хуулиудын холбогдох заалтуудыг үндэслэн төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр сахилгын шийтгэл ногдуулжээ.  

Нэхэмжлэгч С.Н нь 2008 оноос 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргаар ажиллаж байсан байх бөгөөд Завхан аймгийн Санхүүгийн аудитын албанаас аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн 2012-2014 оны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн, бүртгэгдээгүй хөрөнгийг гүйлгээнд оруулсан, өр авлага үүссэн гэх үндэслэлээр 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 81, 82, 83, 84, 85, 86 тоот актуудаар  2.672.454 төгрөгийг төсвийн орлогын дансанд, 1.990.000 төгрөгийг тухайн байгууллагын дансанд төвлөрүүлэх нөхөн төлбөрийн акт тогтоосноос С.Н 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл тус хэлтсийн даргаар ажиллаж байхдаа  1.990.000 төгрөгийг тухайн байгууллагын дансанд төвлөрүүлж, төсвийн орлогын дансанд нийт 1.576.035 төгрөгийг төвлөрүүлж, 1.096.419 төгрөгийн үлдэгдэлтэй байна. 

Завхан аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны “Нөхөн төлбөр тогтоож, барагдуулах тухай” 81, 82, 83, 84, 85, 86 тоот актуудад актаар тавигдсан нөхөн төлбөрийг 2016 оны 02 дугаар сарын 25-ны дотор төлж барагдуулахаар заажээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч С.Н дээрх актуудаар тогтоогдсон нөхөн төлбөрийг 2016 оны 02 дугаар сарын 25-ны дотор төлж барагдуулах ёстой байсан бөгөөд энэ хугацаанаас эхэлж С.Н-ыг улсын байцаагчийн актаар тогтоосон нөхөн төлбөрийг барагдуулах хугацааг хэтрүүлсэн зөрчил гаргажээ гэж дүгнэхээр байна. 

С.Н нь Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасан төрийн захиргааны албан хаагч бөгөөд мөн хуулийн 26 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах харилцааг хуульчилсан ба 26.1-д “энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна”, 26.4-д “сахилгын шийтгэлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заажээ. 

Иймд С.Н дээр дурдсан Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн актаар тогтоогдсон нөхөн төлбөрийг актуудад заагдсан 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр барагдуулаагүй хугацаанаас хойш сахилгын шийтгэл оногдуулах хөөн хэлэлцэх хугацааг тоолоход сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сарын хугацаа өнгөрсөн тул энэхүү үндэслэлээр нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулах хуулийн хугацаа өнгөрсөн байна гэж шүүх дүгнэв. 

Мөн Завхан аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 2015-2016 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар 4.596.400 төгрөгийн нөхөн төлбөрийн акт тогтоогдсон боловч төлж барагдуулаагүй байна. Энэхүү шалгалтаар тушаал шийдвэргүй шагнал өгсөн, төсвөөс илүү түлш, халаалтын зардал олгож данс бүртгэлд тусгаагүй, зориулалт бусаар зарцуулсан зэрэг зөрчилд “Нөхөн төлбөр барагдуулах тухай” Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 22 тоот актаар 1.487.500 төгрөгийг нөхөн барагдуулахаар байна. Түүнчлэн мөн хугацаанд гэрэл цахилгаанд илүү мөнгө төлсөн, үндсэн баримтгүй данс бүртгэлд тусгаагүй зөрчилд Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 21 тоот актаар 3.109.000 төгрөгийг нөхөн төлөх байжээ. Энэхүү 2 актаар тогтоосон нөхөн төлбөрийг 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дотор хураан барагдуулж тайланг ирүүлэхийг дарга Ш.М, ерөнхий нягтлан бодогч Б.А, нягтлан бодогч С.Ня нарт хариуцуулсан байна.  

Хэдийгээр 21, 22 тоот улсын ахлах байцаагчийн актууд нь Завхан аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 2015-2016 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар тогтоогдсон боловч нэхэмжлэгч С.Н тухайн хэлтсийн даргын албан тушаалыг хашиж байгаагүй бөгөөд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн  Б/186 дугаар тушаалаар  нэхэмжлэгчийг 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Мөн эдгээр актаар тогтоосон нөхөн төлбөрийг барагдуулж дуусах хугацаа буюу 2017 оны 05 дугаар сарын 25-нд С.Н Завхан аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан үүргийг гүйцэтгэж байгаагүй байна. Өөрөөр хэлбэл, дээрх улсын ахлах байцаагчийн актуудад дурдсанаар Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу эдгээр актуудад С.Н гомдол гаргах эрхээ хэрэгжүүлээгүйгээс гадна тухайн үед Завхан аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргаар ажиллаж байгаагүй учраас актаар тогтоосон хугацаанд нөхөн төлбөрийг барагдуулах үйл ажиллагааг явуулах боломжгүй байжээ гэж шүүх дүгнэв. Энэ нь мөн Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4. “сахилгын шийтгэлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэх хуулийн зохицуулалтад хамрагдахаар байна.

Иймд хэдийгээр С.Н-ын тухайн албан тушаалыг хашиж байх үедээ алдаа дутагдал гаргаж төрийн захиргааны байгууллагын албан хаагчийн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэх хариуцагчийн тайлбарыг үгүйсгэх боломжгүй хэдий ч Төрийн албаны тухай хуульд заасан хуулийн хугацаанд хариуцагч сахилгын шийтгэл оногдуулах тушаалыг гаргаагүй байна.

Мөн төрийн алба мэргэшсэн, тогтвортой, тасралтгүй байх зарчмын үндсэн дээр Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 21, 22 тоот актуудын хэрэгжилтийг тухайн үед Завхан аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ш.М хариуцах ёстой.    

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн маргаан бүхий Б/247 дугаар тушаалыг хүчингүй болгож, С.Н-ыг өмнө нь эрхэлж байсан Завхан аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргаар албан тушаалд нь эгүүлэн тогтоох нь зүйтэй байна. 

Төрийн албаны тухай хуулиар зохицуулаагүй харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулах бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаал нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэжээ.  

Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1. “Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал, урамшууллаас бүрдэнэ” гэж заасан. Нэхэмжлэгч С.Н нь Завхан аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа ТЗ-9-5 шатлалын үндсэн цалин 864.211 төгрөг, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 25 хувиар, зэрэг дэвийн нэмэгдэл 25 хувиар авч байсныг үндэслэж 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх 4.236.691 төгрөгийн олговроос хуульд заасан татвар, шимтгэл 1.160.457 төгрөгийг суутган тооцож, үлдэх 3.076.235 төгрөг, төрийн алба хаасан хугацааны, зэрэг дэвийн нэмэгдлийг тус тус 25 хувиар бодож  2.118.346 төгрөг, нийт 5.194.580 төгрөгийг нөхөн олгох нь зүйтэй байна. Мөн Монгол Улсын Их Хурлын 2017 оны 67 дугаар тогтоолын дагуу төрийн өндөр албан тушаалтан, шүүгч, прокуророос бусад төрийн албан хаагчдад олгосон 300.000 төгрөгийн мөнгөн урамшууллыг нэхэмжлэгчид олгох шаардлагыг хангаж шийдвэрлэв. 

Учир нь С.Н нь хариуцагчийн хууль бус тушаалаар Завхан аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын ажлаас халагдсан бөгөөд хэрэв ажлаа гүйцэтгэж байсан бол Монгол Улсын Их Хурлын тогтоолоор төрийн албан хаагчид олгосон мөнгөн урамшууллыг авахаар байсан тул 300.000 төгрөгийг түүнд нөхөн   олгох   нь   төрийн   жинхэнэ   албан   хаагчийн   баталгаа   болон   шударга ёсонд нийцэхээр байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д “захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг гаргуулах” гэж заасны дагуу маргаан бүхий Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын Б/247 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг төрийн албанд 1 жилийн хугацаатай эргэж орох эрхгүйгээр халсан тул нэхэмжлэгч тухайн захиргааны акттай маргаж Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа. Нэхэмжлэгч С.Н нь Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багын 2 дугаар байрны 60-1-11 тоотод байнгын оршин суух хаягтай бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш өнөөдрийн товлогдсон шүүх хуралдаан хүртэл нийт 3 удаа ирж буцсан нь баримтаар  нотлогдож байх тул замын зардал нийт 244.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж олгох нь зүйтэй байна. Харин Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаатай холбоотой 120.200 төгрөг, өмнө нь Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/127 дугаар тушаалтай шүүхээр маргаж байсантай холбоотой Завхан аймгаас ирж буцсан замын зардал болох нийт 510.800 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. 

Хэдийгээр эдгээр маргаан нь төрийн жинхэнэ албан хаагч С.Н-ын хөдөлмөрийн харилцаатай холбоотой төрийн албаны маргаан байх боловч маргаж буй актууд нь өөр бөгөөд тус тусдаа захиргааны хэрэг үүсэж шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан учир өмнө нь шүүхээр маргаж байсан захиргааны хэрэг хуулийн хүчин төгөлдөр болсон тул Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны Б/127 акттай холбоотой учирсан хохирлыг нөхөн олгох боломжгүй юм. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны хоол унааны мөнгийг нөхөн олгох боломжгүй. 

Учир нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-т “албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай ажиллах нөхцөлөө хангуулах, 27.1.3-д гүйцэтгэж байгаа албан үүргийнх нь шинж байдлыг харгалзан зохих журмын дагуу албаны унаа хэрэглэх, ажилдаа ирэх, буцах нийтийн тээврийн унааны зардлын зохих хэсгийг нөхөн авах” гэж зааснаар унаа хоолны мөнгийг тухайн ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаанд олгохоор хуульчилсан байна. 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, маргаан бүхий Б/247 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгож, захиргааны хууль бус үйл ажиллагаанаас учирсан хохирлыг хариуцагчаас гаргуулах, Монгол Улсын Их Хурлын тогтоолоор төрийн албан хаагчид олгосон 300.000 төгрөгийг нөхөн олгох, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх шаардлагыг хангаж үлдсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.7, 106.3.13, 109.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 27 дугаар зүйлийн 27.1.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 47 дугаар зүйлийн 47.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б/247 тоот тушаалыг хүчингүй болгож, С.Н-ыг Завхан аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх 4.236.691 төгрөгийн олговроос хуульд заасан татвар, шимтгэл 1.160.457 төгрөгийг суутган тооцож, үлдэх 3.076.235 төгрөг, төрийн алба хаасан хугацааны, зэрэг дэвийн нэмэгдлийг тус тус 25 хувиар бодож  2.118.346 төгрөг, нийт 5.194.580 төгрөгийг нөхөн олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх, Монгол Улсын Их Хурлын 2017 оны 67 дугаар тогтоолын дагуу төрийн өндөр албан тушаалтан, шүүгч, прокуророос бусад төрийн албан хаагчдад олгосон 300.000 төгрөгийн мөнгөн урамшууллыг нөхөн олгох, Завхан аймгаас Улаанбаатар хотод ирж, буцсаны унааны зардал 244.000 төгрөгийг нэхэмжлэгчид олгохыг хариуцагчид даалгаж, үлдсэн “ажилгүй байсан хугацааны хоол, унааны мөнгө, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/127 дугаар тушаалтай холбоотой шүүхээр маргаж байсан үеийн Завхан аймгаас Улаанбаатар хотод ирж, буцсан замын зардал 510.800 төгрөг, шүүхийн шийдвэр гүйцэтгүүлэх ажиллагааны зардал 120.200 төгрөгийг хариуцагчаас гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Н-ын “хуулийн зөвлөгөө авсан хөлс, нотариатын болон бичиг хэргийн зардлыг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.  

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.Д