Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 128/2021/0622/З |
Дугаар | 221/МА2022/0222 |
Огноо | 2022-03-30 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 221/МА2022/0222
Б.М-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Батбаатар,
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч С.Мөнхжаргал,
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,
Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т,
Нэхэмжлэгч: Б.М,
Хариуцагч: Эрүүл мэндийн яам,
Нэхэмжлэлийн шаардлага: “Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/136 дугаар тушаалын Б.Мт холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд дүйцэх албан тушаалд эгүүлэн томилуулахыг даалгах”,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 24 дүгээр шийдвэртэй,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч Б.М, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Батбилэг,
Хэргийн индекс: 128/2021/0622/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.М нь Эрүүл мэндийн яаманд холбогдуулан “Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/136 дугаар тушаалын Б.Мт холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд дүйцэх албан тушаалд эгүүлэн томилуулахыг даалгах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: “Төрийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.3, 44 дүгээр зүйлийн 44.1-д тус тус заасныг баримтлан Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/136 дугаар тушаалын Б.Мт холбогдох хэсгийг Б.М-ийн гаргасан саналыг шийдвэрлэж, дахин акт гаргах хүртэл 3 сарын хугацаатай түдгэлзүүлж”
2 дахь заалтаар: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар хариуцагч Б.М-ийн гаргасан саналыг шийдвэрлэн дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/136 дугаар тушаалын Б.Мт холбогдох хэсэг хүчингүй болох бөгөөд шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацаа нь шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоологдохыг дурдаж” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...
3.1. Нэхэмжлэгч нь Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулсан сонсох ажиллагааны явцад сонсголын хуудас дээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас санал болгосон ажлын байрыг хүлээн зөвшөөрч, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар руу 2021 оны 01 дүгээр сараас шилжин ажиллаж байгаа болно.
3.2. Засгийн газрын 2020 оны 155 дугаар тогтоолын дагуу Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны А/130, А/135 дугаар тушаалуудаар Эрүүл мэндийн яамны албан хаагчдыг чөлөөлж, томилсон. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу нийт албан хаагчдад сонсох ажиллагааг явуулсан бөгөөд тус ажиллагаанд нэхэмжлэгч хамрагдсан талаар бичмэл болон дууны нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан.
3.3. Б.М нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар руу шилжүүлэн ажиллуулахыг бичгээр хүлээн зөвшөөрч биеэр очиж ажиллаж байгаа мөртлөө тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй мэтээр шүүхэд хандсан нь үндэслэлгүй. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2022 оны 05 дугаар сарын цалин бууруулсан тушаал нь Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/136 дугаар тушаалтай ямар ч хамааралгүй.
3.4. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
4. Нэхэмжлэгчээс давж заалдах гомдлыг үгүйсгэж, бичгээр тайлбар гаргаагүй.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянав.
2. Шүүх дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.
2.1. Нэхэмжлэгч Б.М нь Эрүүл мэндийн яаманд холбогдуулан “Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/136 дугаар тушаалын Б.Мт холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд дүйцэх албан тушаалд эгүүлэн томилуулахыг даалгах”-аар маргасан байна.
2.2. Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/136 дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 176 дугаар тогтоолоор Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах агентлаг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт орсонтой холбогдуулан эрүүл мэндийн даатгалын зохицуулалт, хяналт хийх бүтцийг нэгдмэл, оновчтой болгох ажлын зайлшгүй шаардлагаар Б.Мийг 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт шилжүүлэн ажиллуулж, ингэхдээ эрхэлж байгаа албан тушаалын цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй ажиллуулахыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт даалгажээ.
2.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэж ойлгохоор заасан. Анхан шатны шүүх маргаан бүхий 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/136 дугаар тушаалыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга гаргасан байхад 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 3004 дугаартай захирамжаар Эрүүл мэндийн яаманд холбогдуулан захиргааны хэрэг үүсгэж, Эрүүл мэндийн сайдаас 2021 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Д.Тд итгэмжлэл олгосны дагуу түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан, шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 2-т “... хариуцагчаас Б.М-ийн гаргасан саналыг шийдвэрлэн дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд А/136 дугаар тушаалын холбогдох хэсэг хүчингүй болох” гэж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй бөгөөд Эрүүл мэндийн яамны ямар хууль бус, буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тодорхойгүй байна. Зүй нь маргаан бүхий актыг гаргасан захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагчаар татаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, маргаж буй актын хууль зүйн үндэслэлийг тодруулж, түүнтэй холбоотой тайлбар, баримтыг гаргуулсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэхээр байжээ.
2.4. Хэрэгт авагдсан 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Сонсох ажиллагааны талаарх тэмдэглэл, мэдэгдэл”-ээс үзвэл Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Албан тушаалаас чөлөөлөх тухай” А/130 дугаар тушаал, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх тухай” тушаалын төсөл зэргийг Б.Мт танилцуулсан байх ба тэрээр “... А/130 дугаартай тушаалтай танилцаж, хүлээж авлаа, санал болгож байгаа албан тушаалыг зөвшөөрч байна, шинээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт томилогдож байгаа албан тушаалд очиход одоогийн зэрэг, дэв, шатлалаа ахиулах саналтай байна, сүүлийн 10 жил дандаа “А” үнэлэгдсэн боловч зэрэг, дэв, шатлал нэмэгдээгүй” гэж бичжээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Мээс нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж “урьд эрхэлж байсан ажилд дүйцэх буюу Санхүү, даатгалын хэлтсийн Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төлбөрийн арга, өртгийн тооцоолол хариуцсан мэргэжилтэн, Санхүү, даатгалын хэлтсийн даргын албан тушаалуудын шаардлага хангаж байгаа тул уг албан тушаалуудад эгүүлэн томилуулахыг даалгах”-аар агуулгаар маргаж байх бөгөөд тэрээр энэ талаар хариуцагч Эрүүл мэндийн яам, тус яамны Төрийн нарийн бичгийн даргад хүсэлтээ албан ёсоор илэрхийлсэн эсэх, түүнийг шийдвэрлээгүй хууль бус эс үйлдэхүйг дээр дурдсан байгууллага, албан тушаалтнууд гаргасан эсэх талаар анхан шатны шүүх нягталж дүгнээгүй байна.
2.5. Маргаан бүхий А/136 дугаар тушаалаар Б.Мийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт шилжүүлэхдээ албан тушаалын цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй ажиллуулахыг даалгасан, нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд “... 2021 оны 06 дугаар сарыг хүртэл миний цалин, зэрэг дэвийг тогтоосон тушаал гараагүй, харин энэ хүртэл яаманд ажиллаж байсантай ижил цалингаа авч байсан, одоо ажлаа хийж байгаа, Эрүүл мэндийн яаманд ТЗ-7 шатлалд ажиллаж байгаад Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт шилжихдээ ТЗ-6 болсон” гэж, хариуцагчаас “... нэхэмжлэгч ямар ажил, албан тушаалд шилжин ажиллах талаар сонсох ажиллагааны явцад мэдээд, зөвшөөрөөд, шилжиж ажилласан, яагаад цалин бууруулсан тухайд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас тодруулахад “тухайн албан тушаалтны хийсэн ажил, ур чадвараас хамаарч цалин бууруулсан гэсэн” ” гэж тайлбарлаж байна. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн А/04 дүгээр тушаалаар Б.Мийг Эдийн засгийн үнэлгээ, судалгаа хариуцсан мэргэжилтнээр томилохдоо түүний төрийн албан хаагчийн зэрэг дэв, шатлал, цалин хөлсийг хэрхэн тогтоож, тооцож олгохоор шийдвэрлэсэн, мөн уг тушаал гарснаас хойш 5 сар гаруй хугацааны дараа буюу 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын А/105 дугаар тушаалаар Б.М-ийн зэрэг дэв, цалин хөлс, нэмэгдлийг тогтоосноор албан тушаал, цалинг хэдий хэмжээгээр бууруулсан болох нь тодорхойгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.
2.6. Түүнчлэн анхан шатны шүүх “... хариуцагчаас нэхэмжлэгчийг өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулах талаар гаргасан саналыг Б.М хүлээн зөвшөөрсөн тул энэ үндэслэлээр маргах эрхгүй, ... нэхэмжлэгчтэй харилцан тохиролцох нөхцөлийг хангаагүй, шилжүүлэн авч байгаа байгууллагын удирдлагатай харилцан тохиролцоогүйгээр шилжүүлсэн болох нь нотлогдож байна, ... Төрийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.3-д заасан эрхээ хэрэгжүүлж бичгээр хүсэлт гаргасан боловч хариуцагч уг саналыг шийдвэрлэлгүйгээр шилжүүлсэн нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндсөн, ... уг асуудал нь шүүхийн шинжлэн судлах хүрээнээс хэтэрсэн тул А/136 дугаар тушаалын холбогдох хэсгийг Б.М-ийн сонсох ажиллагаанд гаргасан саналыг шийдвэрлэж, дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлэх нь зүйтэй” гэх зөрүүтэй, ойлгомжгүй дүгнэлтүүдийг хийжээ.
2.7. Хэрэв хариуцагч Б.Мийг холбогдох хууль, журамд заасны дагуу шилжүүлээгүй, хууль зөрчсөн гэж үзвэл шүүх маргаан бүхий актыг холбогдох хэсгийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх боломжтой. Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д зааснаар шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх хуулийн зохицуулалттай бөгөөд уг маргааны хувьд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэхээргүй, харин хариуцагчийг зөв тодорхойлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, маргаан бүхий актыг гаргасан үндэслэлүүдэд холбогдох баримтуудыг бүрэн цуглуулж, тэдгээрийг харьцуулан маргааны үйл баримтад холбогдуулан хууль зүйн дүгнэлтийг хийж, уг акт нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхийг тогтоож, хэргийг нэг мөр эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.
Иймд анхан шатны шүүх дээрх байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтуудыг бүрэн цуглуулаагүй, түүнд харьцуулан хууль зүйн дүгнэлт хийгээгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН