Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 02

 

                               Ч-д холбогдох хэргийн талаар

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Б.Намхайдорж, шүүгч Ч.Энхтөр  нарын бүрэлдэхүүнтэй, 

Прокурор Х.Гүнжидмаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхзаяа

Хохирогч Д, П, Б, Э нарын өмгөөлөгч Ж.Мөнхнасан, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 74 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхзаяагийн гаргасан давж заалдах гомдлоор Ч-д холбогдох 201407000179 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1958 оны  04 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, 60 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдүүдийн, улсын аварга малчин 2000 онд авсан, өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, Ч нь шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2014 оны 08 дугаар сараас 2014 оны 09 дүгээр сарын үед иргэн Д-ийн 2 ат, 1 шилбэ, Б-ийн 3 ингэ, 2 шилбэ, 1 буур, 1 гунж, Л-н 1 ат, П-ийн 1 ат, 1 шүдлэн, Э-ийн 1 ингэ, Т-ын 1 ат, Н-ийн 1 гунж, нийт 16 тооны тэмээг буюу олон тооны мал хулгайлж 19 500 000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч ӨЧ-ийг 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны мал хулгайлж үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9 дүгээр зүйлүүдэд заасныг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч-ийг 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэхийг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан Ч-д оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар ялтан Ч-д оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялаас өршөөн хэлтрүүлэхийг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч-с 3.990.771 төгрөг гаргуулж хохирогч Д-д, 2.490.771 төгрөг гаргуулж хохирогч П-д, 1.190.771 төгрөг гаргуулж хохирогч Э-д, 1.690.771 төгрөг гаргуулж хохирогч Т-т, 895.171 төгрөг гаргуулж хохирогч Н-д, 7.240.771 төгрөг гаргуулж хохирогч Б-д, 145.171 төгрөг гаргуулж хохирогч Л-д тус тус олгохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг тайлбарлаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч-ийн өмчлөлийн 56 тооны малыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээж, эд мөрийн баримтаар хураагдсан тамга 1 ширхэгийг шүүгдэгч Ч-д буцаан олгохыг дурдаж, Шүүгдэгч Ч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  хохирогч Л-д тэмээний хохиролд төлөх төлбөргүй, бусад хохирогч нарт хохирол төлөгдөөгүй, шүүгдэгчийн иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй, иргэний үнэмлэхний лавлагаа ирсэн зэргийг дурдаж,  Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхзаяа давж заалдах гомдол, тайлбартаа: Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. 

Анхан шатны шүүх Ч-г бусдаас олон тооны мал хулгайлж үлэмж хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож 16 тооны тэмээний үнэ 17.500.000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь: Миний үйлчлүүлэгч Ч-ийг 2014 оны 08-09 дүгээр сарын үед хохирогч нарын 16 тооны тэмээг хулгайлсан гэм буруутайд тооцсон атлаа уг тэмээг хаанаас, хэн хэзээ яаж үйлдсэн. Хэн хэн туусан, хаана борлуулсан зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1-д зааснаар нотлогдоогүй байх тул Ч-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

 

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Ч нь 2014 оны 08-09 сарын үед иргэн Д-ийн 2 ат, 1 шилбэ, Б-ийн 3 ингэ, 2 шилбэ, 1 буур, 1 гунж, Л-ын 1 ат,  П-ийн 1 ат, 1 шүдлэн, Э-ийн 1 ингэ, Т-ын 1 ат, Н-ийн 1 гунж, нийт 16 тооны тэмээг буюу олон тооны мал хулгайлж 19 500 000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д-ийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Би тэмээгээ яг хэзээ алга болсныг мэдэхгүй, 2014 оны 08 сараас хойш хайсан. 2014 оны 07 сарын 21-ны өдөр миний алдсан тэмээнүүд Ч-ийн хашаанд хашаатай байсан гэж Ц гэдэг хүнээс сонссон. Ц-ын дүү нь хашаатай байсан тэмээг хараад Ц-д хэлээд Ц очиж үзсэн байсан. Энэ тэмээнүүд манай сумын тэмээ биш байна. Онги буюу О үсгэн тамгатай тэмээ байна гэсэн. Тухайн үед Ц надруу яриад борлогтой тэмээнд таны нэг тэмээ байна. Хурдан ирж ав хоёр тэмээг Ч хүргэн Б гэдэг хүнээр махны ченж Э-д заруулсан гэж хэлсэн. Намайг хэлсэн гэж битий хэлээрэй гээд байсан. Тэгээд би сумаас хэсгийн төлөөлөгчийг машинтай нь авч яваад Баянхонгор аймгийн Баацагаан сумын Харганат багийн Муруй гэж газарт миний зөв талын шанаа, зөв талын хөлөрдөг өгзөг дээрээ О буюу онги тамгатай ширээ бөхтэй улаан ат байсныг авсан. Э-ийн тэмээнээс бусад нь нэг бэлчээртэй манай дүү, хүү, ач нарын тэмээ байсан. П-ийн ат 8 тоо тамгатай, бусад нь онги тамгатай байсан. Б та Ч-той битгий зууралдаарай гэж хэлсэн. Ч-ийн хийсэн хэрэг, хэрэг болдоггүй гэж ярьж байсан. Би 1 тонн гаран бензин шатаасан, 4 залууг 25 хоног явуулсан.  Хүний өмчийн хашаанд эзнээс нь өөр хэн тэмээ хаших юм.” гэсэн мэдүүлэг /хэргийн хоёр дугаар хавтасны 89, 195-196-р хуудас/

Хохирогч Э-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “2014 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Ч-ийн хашаанд 16 тэмээ хашаатай байсан гэж Ц хэлсэн. Л-ын тэмээ манай нутаг тэр хашаа хоёрын дунд Баянхонгор аймгийн нутагт Бөөн цагаан нуур гэдэг газараас олдсон. Хөгшин тэмээ явахгүй болохоор нь үхтэл нь зодоод замдаа хаясан байсан. Тэмээ амь бөхтэй амьтан болохоор сар гаран хэвтэж байгаад боссон. Бүр хол мотоцикл дуугарах үед тэр тэмээ их айж байсан. Тиймээс мотоциклоор хөөж явсан гэж бодож байна. Тэр гайтай шар атнаас боллоо гэсэн яриа байсан. Тэр шар атаар сургийг нь гаргаж байгаад Д нэг тэмээгээ олсон. Би 8 тоо тамгатай бүдүүн шар ингэ алдсан. 1 000 000 төгрөгөөр үнэлж нэхэмжилнэ. Энэ хүнтэй маргасан хүмүүс үхдэг юм байна. Нутгийнх нь хүмүүс айгаад байсан. Талийгаач Ц болон бид нарт битгий өшөөрэй.” гэх мэдүүлэг /хэргийн 2 дугаар  хавтасны 192-195 дугаар хуудас/

Хохирогч П-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Би ээжтэйгээ байдаг юм. Гэрээс гарч чадахгүй тул тэмээнийхээ араас явж чадаагүй. Энэ Д гэдэг хөгшин голдуу явсан. Миний тэмээ энэ хүний тэмээнд байдаг байсан. Миний тэмээ 8 тоо тамгатай, их сайхан улаан шар ат байсан.” гэх мэдүүлэг,

Хохирогч Б-гийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Би 7 тэмээ алдсан Улаан үзүүр, Хүрэн шаваг гэдэг газар байсан. Бэлчээр нэгтэй газар байгаа юм. Зун явж харж чадаагүй 3 ингэ, 3 шилбэ, 1 буур 7 тэмээ алдсан” гэх мэдүүлэг,

Гэрч Ц-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “2014 оны 07 сарын 21-ний өдөр Талын гүн, Хар нүдэн гэх газарт өөрийнхөө тэмээг бөөгнүүлж бүртгэх гэж яваад Ч-ийн Хар нүдэн гэх газар байх хаваржааны хашаанд 16 тооны тэмээг хашсан байхыг харсан. Миний харсан тэмээнүүд голдуу бараан зүсний тэмээ байсан ба миний ажиж сайн харснаар бол зөв талын хүйтэн хонгон дээрээ хөндлөн 8 тоон тамгатай улаан тэмээ, зөв талын хүйтэн хонго цавь орчимруугаа хас тамгатай улаан буур байсан. Бусад тэмээнүүд нь онги буюу О үсгэн тамгатай байна гэж харж байсан.” гэх мэдүүлэг /Хэргийн 1 дүгээр хавтасны 137 дугаар хуудас/

Гэрч Ц-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “2014 оны 07 сарын 20-ны үед би тэмээ цуглуулаад Хар нүдэн гэх газрын хашааны хажуугаар гарч явахад Ч-ийн хашаанд бараан голдуу тэмээ байсан. Би тухайн тэмээнүүдийг гаднаас нь харахад манайхны хайж байгаа тэмээ биш байхаар нь сайн ажиглаж хараагүй дараа нь би энэ талаар өөрийн төрсөн ах Ц-д хашаатай тэмээ байсан талаар хэлж байсан. Чойдоржийн хашаанд байсан тэмээний талаар талийгаач ах Ц нь сайн мэдэж байсан бөгөөд хохирогч гээд тэмээ хайж явсан хүмүүст хэлсэн гэсэн. Ч-ийнх онги буюу О үсгэн тамга дардаггүй. Нэгдэл гэж байхад хэрэглэж байсан хоёр нүдтэй саран тамга адуундаа дардаг.” гэх мэдүүлэг /Хэргийн 2 дугаар хавтасны 96-97 дугаар хуудас/,

Гэрч Б-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “2014 оны 08 дугаар сарын дундуур байх өдрийг сайн санахгүй байна. Ч ирээд манай хоёр тэмээг зараад өг гэсэн. Танай тэмээ мөн юм байгаа биз дээ гэхэд тиймээ гэсэн. Асуудалгүй гэсэн. Тэгээд цуг очиж үзсэн чинь “Зөв талын хацар дээрээ онги, мөн хоёр хонгон дээрээ онги тамгатай тэмээ, зөв талын хацар, хонго, өгзөгөн дээрээ онги тамгатай халтар гунж надад харуулсан, ...М-ийн тэмээнд байсан зөв хацар, зөв хөлөрдөг, хонгон дээрээ О буюу онги тамгатай бор тайлаг, зөв хацар зөв хөлөрдөг хонгон дээрээ О буюу онги тамгатай халтар гунж хоёрыг Эрдэнэбат гэдэг махны ченжид өгсөн. Тэр хоёр тэмээг Ч нь миний тэмээ байгаа юм. Хүнээс худалдаж авсан гэж хэлж байсан. Би надаар заруулсан хоёр тэмээг Ч-ийн тэмээ биш гэдгийг мэдэж байсан учир “Танай тэмээ мөн юм уу?” гэхэд Ч хүнээс худалдаж авсан юм гэж хэлж байсан. Ч-ийнх 20 орчим тэмээтэй. Тэмээндээ тамга дардаггүй. Чихэнд нь им хийдэг юм.” гэх мэдүүлэгүүд /хэргийн 1 дүгээр хавтасны 52-53 дугаар хуудас, 2-р хавтасны 105-106 дугаар хуудас/,

Гэрч У-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Би Б-ийн эхнэр нь байгаа юм. Ч 2014 оны намар манайд ирээд манай хоёр тэмээ энд ойрхон тэмээн дотор байна. Миний тэмээг Э-д зараад мөнгийг нь аваад өг. Ах нь завгүй байна гэж хэлээд явсан. Тэр орой нь Б бид хоёр тэр хоёр тэмээг нь зараад Ч-д мөнгийг нь аваачиж өгсөн. Нэг удаагийн явалтаар 2 тэмээг зарж мөнгийг нь Ч-д өгсөн юм” гэх мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтасны 94-95 дугаарт/,

Гэрч Э-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “2014 оны 08 дугаар сарын 10-д өнгөрсөн байсан. Он сарыг яг нарийн сайн санахгүй байна. Баацагаан сумын 3 дугаар багийн М-ийн худаг гэх газраас ширээ хар шилбэн гунж, хөх тайлаг гэх 2 тооны тэмээг 1.450.000 төгрөгт бодож авсан юм.” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтасны 131 дүгээр хуудас/,

Гэрч Б-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “2014 онд манайх 15 орчим тэмээ тоолуулсан. Бод малынхаа зөв талын чихийг хойноос нь сүйхэлж буруу талын чихэнд нь онь им хийдэг юм. Ямар нэгэн тамга дарж байгаагүй. Манайх од саран тамгатай, хүү Э уламжлуулж өгсөн. Манайх ганц тийм тамга байсан. Өөр тамга байгаагүй. Манайх О буюу онги үсгэн тамга дардаггүй. Хэрэв Б-ийн Э-д зарсан хоёр тэмээг манай тэмээнээс аваагүй, Мөгдөөгийн тэмээнээс авсан бол манай тэмээ биш байх гэж бодож байна.” гэх мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтасны 102-103 дугаар хуудас/,

Гэрч М-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “Баянхонгор аймгийн Баацагаан сумын 3 дугаар багт надаас өөр онги буюу О үсгэн тамга дардаг айл байхгүй. Манайх тэмээнийхээ зөв талын гуяны хүйтэн хонгон дээр онги тамга дардаг, 1 дүгээр багийн мөнжүүрийн Ш нь тэмээнийхээ зөв талын шанаанд нь онги тамга дардаг байсан. Баацагаан сумд өөр онги буюу О үсгэн тамга дардаг хүн байхгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтасны 92 дугаар хуудас/,

Гэрч А-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “Манайх 30 орчим тэмээтэй. Адуундаа онги буюу о үсгэн тамга дардаг байсан. 2015 онд 2-3 гунжин ингэнд онги буюу о үсгэн тамга дарсан байгаа. Урьд нь тэмээндээ тамга дарж байгаагүй. Ч тэмээнийхээ зөв чихэнд ухмал им хийдэг юм. Тамга дардаггүй. Б.Чойдоржтой олон жилийн турш айл саахалт нутаглаж байна. Ч-ийн онги буюу О үсгэн тамга байхгүй. Ч-ийнх үржлийн голдуу тэмээтэй. Сүүлийн 2 жилийн хугацаанд тэмээ худалдаж авсан талаар сонсож байгаагүй.” гэх мэдүүлэг /хэргийн 2 хавтасны 98-99 дүгээр хуудас/,

Гэрч Д-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “2014 оны намар Б нь эхнэр У-ийн хамт хоёр тэмээ тууж ирээд махны ченж Э-д тэмээ зарсан юм. Шаам хүрэн тайлаг, хойд хөлөрдөг дээрээ онги буюу О үсгэн тамгатай, ширээ хүрэн халтар гунж мөн адил хөлөрдөг хонгон дээрээ онги буюу О үсгэн тамгатай байсан. Хоёр тэмээг ачих гэж байхад нь араас нь тууж машины тэвшин дээр гаргалцсан юм. Ч-г нутгийн хүмүүс эвгүй хүн гэж ярьдаг юм. Би энэ талаар сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /Хэргийн 2 дугаар хавтасны 100-101 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Ч-ийн мөрдөн байцаалтад сэжигтнээр мэдүүлсэн: “Би Б-ээр буруу талын чих онь зөв талын чих сүйх имтэй бор тайлаг, мөн адил имтэй шар гунж хоёрыг заруулж нийт 1.400.000 төгрөг авсан. Б нь мал танихдаа муу гэхдээ манай тэмээг хараад танина. Би 2014 онд хүнээс нэг ч тэмээ худалдаж аваагүй. Бээр заруулсан хоёр тэмээ нь манай тэмээ мөн байсан бол ямар нэгэн тамгагүй байх ёстой. Би Б-ээр нэг удаагийн үйлдлээр хоёр тэмээ заруулсан юм.” гэх мэдүүлэг /Хэргийн 2 дугаар хавтасны 111-112 дугаар хуудас/, 

Махны ченж Э-ын Б-ээс Халтар гунж, Бор тайлаг худалдаж авсан тухай тэмдэглэл /Хэргийн 1 дүгээр хавтасны 29 дүгээр хуудас/, шинжээчийн малын үнэлгээ тогтоосон дүгнэлт /хэргийн 1 дүгээр хавтасны 165 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.  

Анхан шатны шүүхийн тогтоолд дурдсан дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс оногдуулсан ял ялтны гэм буруу болон хувийн байдалд тохирсон, шүүх хохирлыг зөв шийдвэрлэсэн байна.

Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шүүгдэгчийн өмгөөлөгчийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад тогтоогдвол зохих байдал тогтоогдоогүй гэх гомдлыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 74 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхзаяагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               Ш.БАТТОГТОХ

              ШҮҮГЧИД               Б.НАМХАЙДОРЖ

                                 Ч.ЭНХТӨР