Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2022/0212

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Лхагвасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл

Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: “Би Жи Эм Би” ХХК-ийн төлөөлөгч Ш.С

Нэхэмжлэгч “Б” ХХК

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 881 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.С, түүний өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг

Хэргийн индекс: 128/2021/0343/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Б” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, Уул уурхайн кадастрын хэлтэст холбогдуулан “Б” ХХК-ийн эзэмшлийн Дорнод аймгийн Баяндун сумын нутагт орших “Цагаан чулуут нэртэй” 541,2 га талбай бүхий ХҮ-015064 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгуулж, хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 881 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1, 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасныг тус тус баримтлан “Б” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “Б” ХХК-ийн эзэмшлийн Дорнод аймгийн Баяндун сумын нутагт орших Цагаан чулуут нэртэй 541,2 га талбай бүхий XV-015064 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгуулж, хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгуулах”-ыг хүссэн шаардлагууд бүхий “Б” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.С дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нотлох баримтыг буруу үнэлсэн, нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн гэж үзэж байна.

4. Сумаас баримт бичиг шүүхээс шаардахад байгаа материалуудаа дутуу явуулсныг шүүх хуралдаан дээр би хэлсэн, тэр нь 2 ширхэг баримт байгаа. Үүнд 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 04 дүгээр албан бичиг, 2018 оны хайгуулын ажлын үеийн байгаль хамгаалан санд байршуулсан барьцаа хөрөнгийн 50% төлсөн төлбөрийн баримт зэрэг байгаа.

4.1. Шүүхээс шаардлагатай баримт байхгүй байхад шүүхийн шийдвэрийн 7 дугаар хуудсаар “тогтоогдохгүй байна, нотлогдохгүй байна, үндэслэлгүй байна” гэсэн дүгнэлтүүдийг хийж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасныг зөрчсөн байна.

4.2. Яагаад ийм шалтгаантай байхад Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэс өргөдөл хүлээн авахгүй буцаагаад байсан нь тогтоогдоогүй. Нийтэд илэрхий мэдээллээр буюу Ашигт малтмалын газар нь бүрдүүлбэр дутуу сунгуулах өргөдлийг хүлээн авч, өнөөдрийн байдлаар, гэтэл тухайн үед яагаад хүлээн авах боломжгүй байсан юм бэ, нийтэд илэрхий мэдээллээр буюу архивын газрын вэб сайт дээр Дорнод аймгийн Буяндун сумын архив албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгээр муу үнэлгээ авсан байдаг.

4.3. Шүүхээс дүгнэхдээ “.. нэхэмжлэгч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар хүсэлтээ Дорнод аймгийн Баяндун сумын Засаг даргад хандаж байсан нь нотлогдохгүй байна” гэсэн боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч 2018 онд өмнөх захирлын гарын үсэгтэйгээр хандсан хүсэлт нь тус сумын Байгаль орчны байцаагчийн хувийн хэрэгт байсан бөгөөд бичиг баримтад нь өөр шүүхээр даалгавар гүйцэтгүүлэх замаар нотлох баримтыг цуглуулах боломжтой байсан боловч гомдол гаргах эрхгүйгээр хүсэлтийг шийдвэрлэж, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн, тэгсэн атлаа сумын Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн баримтад хүсэлт нь бүртгэгдээгүй..., мэргэжилтэн нь ээлжийн амралттай байсан гэсэн нь нотлогдоогүй гэж үзэн гол дүгнэлтээ хийсэн боловч нотлох баримтыг тал бүрээс нь цуглуулах үүргээ биелүүлэлгүйгээр хэрэгт авагдсан нотлох баримтуудыг буруу үнэлсэн.

5. Учир нь Баяндун сумын Засаг даргаас өөрсдийн буруутай ажиллагаагаа хүлээн зөвшөөрч нэхэмжлэгчид хандан 2 удаагийн албан бичиг хийж өгсөн байдаг. Мөн хувийн хэргийн баримт байгааг Байгаль орчны байцаагчийн зүгээс мэдэгддэг, шүүхэд ирүүлсэн албан бичгээр мөн нотлогддог. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч хүсэлт гаргаж байсан тус хүсэлтийнх нь дагуу Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж өгсөн, хугацаа хожимдуулсан байдлаа эсэргүүцсэн эсхүл огт хүсэлт гаргаж байгаагүй гэж шууд үгүйсгээгүй, үгүйсгэх ч боломжгүй нь баримтаар тогтоогддог.

5.1. Гэвч энэхүү эргэлзээтэй байдлыг шүүхээс нотлох баримт цуглуулах зохих ажиллагааг хийгээгүйгээс үүдэж хүсэлтээ гаргаагүй буруутан нь нэхэмжлэгч болж байгаа нь бодит байдалтай зөрчилдсөн дэндүү шударга бус зүйл гэж үзэж байна. Тодруулбал, компанийн зүгээс байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулах, хугацааг сунгуулах өргөдлөө гаргахад шаардлагатай ажиллагаа, саад болж буй асуудлыг цаг зав, зардал мөнгө гарган байж шийдвэрлэсэн байхад ганцхан бүртгэлийн дэвтэрт бүртгээгүй гэх шалтгаанаар хийсэн бүх ажлыг нь үгүйсгэх нь утгагүй ба энэхүү асуудлыг илүү тодруулах, нэхэмжлэгчийн ярьж буй өөрөө нотолж чадахгүй, шүүхээс ажиллагаа явуулж өгөхийг хүссэн асуудлыг тодруулсан бол шүүхийн шийдвэр өнөөдрийнх шиг гарахгүй байсан гэж үзэж байна.

6. Иймд нотлох баримт цуглуулахаар гаргасан хүсэлтийг хууль зөрчин гомдол гаргах эрхгүй шийдвэрлэж, хуулийн дагуу хийх ёстой байсан ажиллагааг хийгээгүйгээс үүдэн нэхэмжлэгч миний гаргасан нэхэмжлэл хэрэгсэхгүй болсон учир шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв. 

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргасан байх тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

2. Анх Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс /хуучин нэрээр/-ийн даргын 2009 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 522 дугаар шийдвэрээр Дорнод аймгийн Баяндун сумын нутаг Цагаан чулуут нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын ХҮ-015064 дугаартай тусгай зөвшөөрлийг “Аплимен” ХХК-д олгож, улмаар 2012 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 101 дүгээр шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын ХҮ-015064 дугаартай тусгай зөвшөөрлийг нэхэмжлэгч “Б” ХХК-д шилжүүлж, 2012 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 558 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар, 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 957 дугаар шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгажээ.

3. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана”, 22.1.3-д “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ” гэж заасан байна.

4. Анхан шатны шүүхээс “...нэхэмжлэгч тухайн үед буюу 2018 оны 07 дугаар сарын 12-ны өдрөөс өмнө байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулах хүсэлтээ Дорнод аймгийн Буяндун сумын Засаг дарга болон Байгаль орчны хяналтын улсын байцаагчид гаргаж байсан болох нь тогтоогдоогүй, ... 2018 оны 06, 07 дугаар саруудад байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө батлуулахаар Дорнод аймгийн Баяндун сумын Засаг даргад хандаж байсан болох нь тогтоогдохгүй байна” гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

4.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж “... хуульд заасны дагуу байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар эрх бүхий байгууллага болох Дорнод аймгийн Баяндун сумын Засаг дарга, Байгаль орчны хяналтын улсын байцаагч нарт хандсан боловч тус албан тушаалтнууд нь хуульд заасан хугацаанд баталж өгөлгүйгээр хугацаа алдагдуулсан,... 2018 оны хайгуулын ажлын үеийн байгаль орчныг хамгаалах санд байршуулсан барьцаа хөрөнгийн 50%-ийг төлсөн” гэж, хариуцагчаас нэхэмжлэлийг эс зөвшөөрч “... нэхэмжлэгчээс Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийг зөрчсөн, ..2018 оны 07 дугаар сарын 12-ны өдрөөс өмнө нь хугацаа сунгуулах өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаагүй тус тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дуусгавар болсон” гэж маргадаг.

4.2. Гэтэл хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгч “Би” ХХК-иас 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн “Төлөвлөгөө батлуулах тухай” 014 дүгээр албан бичгээр Дорнод аймгийн Баяндун сумын Засаг даргын Тамгын газарт хандан “... тус сумын нутагт орших “Цагаан чулуут” нэртэй газарт ХҮ-015064 дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулдаг. 2018 оны хайгуулын ажил эхлэхтэй холбогдуулан тухайн жилийн байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг боловсруулан хүргүүлж байна, ... тус төлөвлөгөөг холбогдох журмын дагуу хянаж өгч баталж өгнө үү” гэх хүсэлтийг гаргаж байсан гэж тухайн албан бичгээ нотариатаар баталгаажуулан хэрэгт өгч, энэ талаар холбогдох хүсэлтээ шүүхэд гаргаж, 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “...2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар ... хандаж байсан эсэх, ... өөр байдлаар хүсэлт гаргаж байсан эсэх, ... нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.С өөрөө байгаль орчны мэргэжилтэн, сумын Засаг дарга нартай очиж уулзаад учир байдлаа тайлбарлаад тайлангаа батлуулах үед 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн албан бичиг, 2020 оны 09 дүгээр сард хандаж байсан албан бичиг, байцаагчийн хувийн хэрэг гэх баримтууд байсныг үзүүлж, харуулаад тухайн үед хандаж байсан эсэхийг шалгаад тайланг баталж өгсөн үйл явдал болсон гэж тайлбарлаад “даалгавар гүйцэтгэх журмаар тухайн орон нутгийн шүүхээр үзлэг хийлгүүлж, байгаль орчны улсын байцаагчийнх нь хувийн хэрэгт үзлэг хийлгэж, манай компанитай холбоотой хувийн хэрэг байвал түүнээс хандаж байсан хүсэлт баримт байгаа эсэхийг тодруулж, шалгуулах хүсэлт”-ийг гаргаж, уг хүсэлтээ дэмжин орон нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанаас болж байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулж чадаагүй гэх тайлбарыг гаргасан байхад анхан шатны шүүхээс “үзлэг хийлгэх тухай” хүсэлтийг шийдвэрлэлгүй орхигдуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргасан гэж үзнэ.

4.3. Хэдийгээр шүүхээс 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1/9017 дугаар албан бичгээр Дорнод аймгийн Баяндун сумын Засаг даргаас нэхэмжлэгч компанийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар Баяндун сумын Засаг даргад удаа дараа хандаж байсныг нотлох тус компанийн 2018-2021 онуудын хооронд гаргаж байсан хүсэлтүүд, гомдол, хүсэлтийн бүртгэлийн дэвтэр, нэхэмжлэгч компани 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулахаар хүсэлт гаргах үед хэн гэдэг ямар албан тушаалтан хэдий хугацаанд ээлжийн амралттай байсны улмаас тус компанийн менежментийн төлөвлөгөөг батлаагүйг нотлох баримтуудыг шаардсан боловч Баяндун сумын Засаг даргын Тамгын газрын 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1/512 дугаар албан бичгээр “...2018 оны ирсэн бичгийн бүртгэлийг шүүхэд “Б” ХХК-иас ирсэн бичиг байхгүй, ... 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр байгаль орчны хяналтын улсын байцаагч ар гэрийн гачигдлаар 1 хоногийн чөлөө авсан, .. 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр тус компанийн захирал Ш.С нь өөрийн биеэр ирж 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулсан” гэх хариу өгсөн нь мөн Буяндун сумын Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 1/462 дугаар албан бичигт дурьдсан “...тус сумын нутагт ХҮ-015064 тусгай зөвшөөрөлтэй талбайд 2018 онд хайгуул хийх байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар танай компаниас 2018 онд албан хүсэлт ирүүлсэн байна, ... тухайн үед холбогдох мэргэжилтэн ээлжийн амралттай байсан учир батлагдаагүй болно” гэж зөрүүтэй тайлбар, баримтыг ирүүлсэн энэ тохиолдолд шүүхээс хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахаар холбогдох ажиллагааг хийж, хэргийг шийдвэрлэх ёстой байжээ. Тодруулбал, нэхэмжлэгчээс байгаль орчны менежментийн төлөвлөгөөг 2018 оны хэдэн сард батлуулахаар гаргаж байсан эсэхийг, Буяндун сумын Засаг дарга 2018 оны хэдэн сард менежментийн төлөвлөгөөг хүлээж авч, шийдвэрлээгүй орхигдуулсан эсэхийг нэг мөр тодруулах шаардлагатай.

5. Түүнчлэн дээрх зөрүүтэй баримтуудаар байгаль орчны менежментийн төлөвлөгөөг 2018 онд батлуулах хүсэлт гаргасан эсэх нь тодорхой бус байхад Дорнод аймгийн Баяндун сумын Засаг дарга Х.Хүрэлчулуунаас “Б” ХХК-ийн төлөөлөгч Ш.С-гийн ХҮ-015064 дугаар Дорнод аймгийн Баяндун сумын нутаг дахь Цагаан чулуут талбайн 2018 оны байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг ямар шалтгааны улмаас баталгаажуулж гарын үсэг, тамга, тэмдэг дарсныг тодруулж холбогдох нотлох баримтуудыг цуглуулж байж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй. Тиймээс нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас “биечлэн очиж гаргасан өргөдлийг бүртгэх нь албан тушаалтны үүрэг байтал нэхэмжлэгч өөрөө бүртгүүлэх ёстой мэт дүгнэлт хийсэн, сумын Засаг дарга нь материалаа авч ирсэн гэдгийг хүлээн зөвшөөрч, шүүхэд мэдүүлсээр байхад шүүх ирсэн бичгийн бүртгэлийг үндэслэн дүгнэлт хийсэн, шүүх үзлэг хийлгэх тухай хүсэлтийг шийдвэрлээгүй” гэх давж заалдах журмаар гаргасан гомдол үндэслэлтэй, энэхүү нөхцөл байдлыг шүүх бүрэн тогтоох шаардлагатай тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасан үүргээ гүйцэтгэн холбогдох ажиллагааг хийх нь зүйтэй.

5.1. Түүнээс гадна шүүх хариуцагчийн эс үйлдэхүй буюу татгалзлын хууль зүйн үндэслэлийн тухайд, тухайлбал маргаан бүхий тусгай зөвшөөрлийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хэний буруутай, буруугүй үйл ажиллагаа болон хүндэтгэн үзэх шалтгаан тогтоосон эсэхээс үл хамааран Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрөл дуусгавар болох үндэслэлд хамааруулж холбогдох дүгнэлтийг хийж, хэргийг шийдвэрлэх тул эргэлзээ бүхий баримтад тулгуурлан давж заалдах шатны шүүхээс хэргийг нэг мөр шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн болно.

6. Иймд анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, хэрэгт хамааралтай нотлох баримтыг бүрэн цуглуулж, талуудын маргаж байгаа үндэслэлд хууль зүйн дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэх нь зүйд нийцэх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 881 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                               Э.ЛХАГВАСҮРЭН

 

ШҮҮГЧ                                               а.САРАНГЭРЭЛ

 

ШҮҮГЧ                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН