Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 286

 

Ц.Нямдаваагийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч Ц.Нямдаваа, түүний өмгөөлөгч Л.Жавзмаа, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Таванбаяр нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 184 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 352 дугаар магадлалтай Ц.Нямдаваагийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 184 дүгээр шийдвэрээр Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т заасныг баримтлан, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 316 дугаар захирамжийн иргэн Б.Халиунд холбогдох хэсгийг Сүхбаатар дүүргийн Засаг даргаас нэхэмжлэгч Ц.Нямдаваа, гуравдагч этгээд Б.Халиун нарт газар эзэмшүүлсэн шийдвэр гаргах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хянан хэлэлцээд 352 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 184 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна.

Нэхэмжлэгч Ц.Нямдаваа, түүний өмгөөлөгч Л.Жавзмаа нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гуравдагч этгээд Б.Халиун нь маргаан бүхий газарт огт амьдарч байгаагүй, газраа ч зааж мэддэггүй, 2011 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн Байгаль хамгаалах газарт хандсан “Батбаатар овогтой Халиун миний бие нь Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны Бэлхийн аманд хувьд оногдох 0.7 га газраа эзэмшихийг хүсч байгаа тул олгож өгч тусална уу” гэх ганц хуудас өргөдөл нь Газрын тухай хуулийн 32.1-д “тухайн шатны Засаг даргад батлагдсан загварын дагуу гаргана”, 32.2-т “хүсэлтэд овог нэр, байнга оршин суугаа хаяг, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, эзэмших газрын хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зураг зэргийг тусгана” гэж заасан хуулийн шаардлагыг хангаагүй, ямар ч бичиг баримтгүй, хууль зөрчсөн байдаг.

Нэхэмжлэгч нь тухайн газар дээр 2007 онд жижиг хашаа татаж гэрээ барьж амьдарч, 2008 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр “Голубой камень” ХХК-иар кадастрын зураг хийлгүүлэн жилийн 4 улирал тасралтгүй өнөөдөр хүртэл 9 жил амьдарч байгаа ба тухайн үед дүүргийн Газрын албанаас зуслангийн газарт эзэмшил, өмчлөлийн асуудал шийдвэрлэх болоогүй, хүлээж бай гэж хойшлуулж хүлээлгэсэн байсан.

Хэрэгт авагдсан Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1/1366 тоот бичгийн баримтаар дүүргийн Газрын албанаас маргаан бүхий газрыг хэнд ч эзэмшүүлэх шийдвэр гаргаагүй 2010 онд 18649322196529 нэгж талбарын дугаартай 700 м.кв талбайгаар мэдээллийн санд бүртгэсэн. 2012 онд 1864932217518 нэгж талбарын дугаартай 692 м.кв талбайтайгаар газрын байршил, талбайн хэмжээ, нэгж талбарын хэмжээг өөрчилж, нийслэлийн кадастрын мэдээллийн санд бүртгэсэн. Харин маргаан бүхий газарт 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 1864932217518 нэгж талбарын дугаартай 692 м.кв талбайтай кадастрын зураг хийгдсэн.

Ийнхүү 2012 онд тухайн газрын байршил, эдэлбэр газрын хэмжээ, нэгж талбарын дугаар зэрэг нь ямар ч шийдвэргүйгээр өөрчлөгдсөн болох нь тогтоогдож шүүхээс үзлэг хийсэн боловч маргаан бүхий газрын байршил, эдэлбэр газрын хэмжээ, нэгж талбарын дугаар өөрчлөгдсөн тухай баримт олдоогүй хариуцагч нотлох баримт гаргаж ирүүлээгүй билээ. Гэтэл давж заалдах шатны шүүх “...Газрын харилцаа, геодези зураг зүйн газраас ямар ч шалтгааны улмаас шийдвэр гаргаагүй байхад Б.Халиуны нэр дээр газрын кадастрын мэдээллийн санд 2010 онд 18649322196529 нэгж талбарын дугаараар бүртгэгдсэн, 2012 онд тэрхүү бүртгэлд нэгж талбарын байршил, талбайн хэмжээ өөрчлөгдсөнийг тодруулах зэрэг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой ажиллагааг зайлшгүй явуулах шаардлагатай байжээ” гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8, 106 дугаар зүйлийн 106.3-т заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Давж заалдах шатны шүүх дээрх дүгнэлтэд дурдсан ажиллагааг гүйцэтгээгүй тохиолдолд хэргийг эцэслэн хянан шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэсэн атлаа магадлалдаа “Б.Халиунд Бэлхэд 700 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, үүний дагуу Сүхбаатар дүүргийн Газрын албанаас 2012 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр 1864932217518 нэгж талбарын дугаартай тус дүүргийн 20 дугаар хороо, Бэлхийн зусланд 692 м.кв газрыг эзэмшүүлэх тухай 0366730 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулснаар Б.Халиунд Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасны дагуу эзэмших эрх үүсжээ” гэж маргаан бүхий асуудалд шүүхийн шийдвэрийг урьдчилан тогтоосон дүгнэлт хийсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-д “шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэсэн заалтыг зөрчсөн.

Давж заалдах шатны шүүх “хэрэгт авагдсан гэрч Н.Долгорсүрэн, Р.Наранбаатар “Ц.Нямдаваа нарын 2008 оноос 7-8 жилийн өмнө тухайн газарт амьдарч эхэлсэн” гэж мэдүүлсэн боловч тэдгээр нь Н.Санжидмаа, Ш.Дашзэвэг нарын мэдүүлгээс зөрүүтэй”, мөн “2008 оны 4, 2010 оны 9 дүгээр сарын сансрын зураг болон 2011-2012 оны сансрын зурагтай давхцуулсан зургуудаар 2007 оноос амьдарсан гэх байдал үгүйсгэгдэж байна” гэж гэрчүүдийн мэдүүлэгт ноцтой зөрүү байхгүй байхад гуравдагч этгээдийн гэрчийн мэдүүлэгтэй заавал адил, зөрүүгүй байх ёстой мэтээр хэт нэг талыг барьсан хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг гуравдагч этгээдэд ашигтай байдлаар үнэлж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг зөрчсөн

Магадлалд “Сүхбаатар дүүргийн 18, 20 дугаар хорооны Засаг даргаас Ц.Нямдавааг оршин суусан хугацааг өөр, өөр байдлаар тодорхойлсон тодорхойлолтууд хэрэгт авагдсан” гэжээ. Маргаан бүхий “Хадат зуслан”-гийн газар нь 2011 он хүртэл Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт харьяалагдаж байгаад 2011 онд 20 дугаар хороо шинээр байгуулагдаж тухайн хороонд хамаарагдах болсон түүхтэй. Одоо маргаан бүхий газар нь Бэлхийн “Хадат зуслан”-д байршилтай ба өнөөдөр хүртэл хаяжилт хийгдээгүй байгаа тул Ц.Нямдаваа гэр бүлээрээ өөрийн хадам аавын хаяг дээр бүртгэлтэй боловч маргаан бүхий газар дээрээ жижиг саадан хашаа барьж амьдарсаар ирсэн нь нотлогдож тогтоогдсон байхад давж заалдах шатны шүүх “...Л.Зоригт, Р.Чогжмаа, нарыг гэрчээр асуух...” гэж нотлогдож тодорхой болсон асуудлыг дахин тодруулах гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны Засаг дарга “манай 18 дугаар хорооноос 2011 онд 20 дугаар хороо салсан, “Хадат зуслан” 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2009 оноос өрхийн бүртгэлийн дэвтэр нээлгэн тухайн газартаа амьдарч байсан” гэдгийг тодорхойлсон. Харин 20 дугаар хорооны Засаг дарга “Хадат зуслан”-гийн газар дээр 2011 оноос хойш амьдарч байна гэдгийг тодорхойлсон.

Гуравдагч этгээд маргаан бүхий газарт огт амьдарч байгаагүй, 2011 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн Байгаль хамгаалах газарт өргөдөл гаргасан, 2011 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Засаг дарга 316 тоот захирамж гаргаж, 2012 оны 1 дүгээр сарын 13-ний өдөр 0366730 тоот газар эзэмших гэрчилгээ олгож гэрээ хийгдсэн боловч газрын төлбөр төлж байгаагүй зэрэг нөхцөл байдлыг тогтоосон баримтаар гэрч Б.Санжидмаагийн “маргаж байгаа газар дээр 2011 оноос надаас гуйж буусан” гэх мэдүүлэг үгүйсгэгддэг. Харин нэхэмжлэгч Ц.Нямдаваа нь маргаан бүхий газарт 2007 оноос хашаа татаж, 2008 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр “Голубой камень” ХХК-иар кадастрын зураг хийлгэн амьдарч эзэмшиж байсан нь нийтэд илэрхий үйл баримттай бөгөөд мөн гэрч Н.Долгорсүрэн, Р.Наранбаатар нарын мэдүүлэг, Сүхбаатар дүүргийн 18, 20 дугаар хорооны Засаг дарга нарын тодорхойлолт, кадастрын зураг, шүүхийн үзлэгийн болон анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг баримтаар нотлогдон тогтоогдож байгаагаас гадна хариуцагчийн төлөөлөгч Сүхбаатар дүүргийн Газрын албанаас Б.Халиунд өөр ойролцоо газрыг санал болгосон боловч зөвшөөрөхгүй байгааг шүүх анхаарна уу.

Анхан шатны шүүх хоорондоо зөрүүтэй нотлох баримтуудыг цуглуулсан, энэ талаар тодруулах ажиллагаа явуулаагүй атлаа “...хэн аль нь тухайн газрыг эзэмших хүсэлтэй байсны үндсэн дээр уг газрыг хэмжүүлж зургуудыг хийлгүүлсэн байсан” гэж дүгнэсэн, газрын байршил өөрчлөгдсөнөөс нэхэмжлэгч гуравдагч этгээд нарын эзэмшихийг хүсэж байгаа газар давхацсан гэх дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна гэжээ. Хэрэгт авагдсан баримтаар төрийн захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас маргаан бүхий газрын байршил, хэмжээг ямар ч шийдвэргүйгээр өөрчилж давхцал үүсгэсэн нь тогтоогдсон байхад давж заалдах шатны шүүхийн дээрх дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай тохирохгүй хууль бус дүгнэлт гаргасан гэж үзэж байна.

Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т зааснаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 352 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Хянавал:

Маргааны үйл баримт нотлох баримтаар хангалттай батлагдаагүй, шинжлэн судлагдсан баримтууд эргэлзээтэй байхад анхан шатны шүүх тэдгээрийг үнэлж хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 88 дугаар зүйлийн 88.3, 88.4.3-т заасантай нийцсэн байна.

Нэхэмжлэгч Ц.Нямдаваа нь “маргаж буй газарт 2007 оноос хойш гэр бүлийн хамт оршин сууж байгаа, уг газрыг эзэмших, өмчлөх талаар гаргасан удаа дараагийн өргөдөлд “...зуслангийн газар олгох болоогүй...” гэж амаар болон бичгээр хариу өгсөн атлаа миний амьдарч буй газрыг хууль бусаар эзэмшүүлсэн байна” гэж, хариуцагч нь “Ц.Нямдаваа... зохих шийдвэр, гэрээ, гэрчилгээгүйгээр төрийн өмчийн газрыг дур мэдэн ашигласан, маргаан бүхий газрын зүйн хойд талд байх хоосон газарт газраа шилжүүлэхийг хүсэхгүй байгаа” гэж, гуравдагч этгээдээс “миний эзэмшлийн газарт түр хугацаагаар амьдрахыг гуйсныг нь зөвшөөрч 2011 онд газартаа буулгасан” гэж тус тус маргажээ.

Анхан шатны шүүх “маргаан бүхий газарт нэхэмжлэгч 2007 оноос бус 2012 оноос өнөөдрийг хүртэл амьдарч байгаа нь тогтоогдсон, уг газрыг нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн аль аль нь эзэмших хүсэлтэй байсны үндсэн дээр тухайн газрыг хэмжүүлж, кадастрын зураг хийлгүүлсэн, харин Б.Халиун анх 2009 онд маргаж буй газрын баруун талд кадастрын зураг хийлгүүлж байсан, энэ газар нь бусдын эзэмшлийн газартай орц, гарцаар давхцалтай байсны улмаас байршлыг өөрчилснөөр нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн эзэмшихийг хүсч байгаа газар давхцахад хүрсэн” гэдэг дүгнэлт хийж, газрыг давхцуулахгүйгээр хэн алинд нь газар эзэмшүүлэх шийдвэр гаргах хүртэл Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны захирамжийн Б.Халиунд холбогдох хэсгийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.

Шүүхийн дээрх дүгнэлтүүд нь өөр хоорондоо зөрчилтэйн зэрэгцээ үүгээр 2011 онд газар эзэмших эрхтэй болсон, газар эзэмшүүлэх гэрээ, хүчин төгөлдөр газрын эрхийн гэрчилгээ, газрын мэдээллийн санд нэгж талбарын дугаар бүхий кадастрын зураг нь бүртгэгдсэн Б.Халиуны газар эзэмших эрхийг хөндөх үндэслэл болгосон нь ойлгомж муутай, нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэл болгосон “2007 оноос хойш газар эзэмших талаар удаа дараа өргөдөл өгч, шийдвэрлэх боломжгүй гэдэг хариу авч байсан” гэснийг огт шалгаагүй, маргаан бүхий газарт нэхэмжлэгч “2007 онд бууж, гэр барьж хашаалсан” гэх, харин гуравдагч этгээд нь “...гуйсан учраас 2011 онд эзэмшлийн газар дээрээ гэр барьж амьдрахыг зөвшөөрсөн, 2011 онд би хашаа барьсан” гэх тайлбартай холбогдуулан “хэн, хэзээ хашаа барьсныг” тогтоох нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байхад үүнийг тогтоох ажиллагаа хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Дээрх байдлаас үзэхэд, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий  нотлох баримтыг цуглуулах үүргээ бүрэн биелүүлээгүй, хоорондоо зөрүүтэй нотлох баримтад үндэслэн шийдвэр гаргасан гэж давж заалдах шатны шүүх үзэж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь зөв байна.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн бичсэн гомдол нь хяналтын журмаар гомдол гаргах үндэслэлээр гараагүй учир хяналтын шатны шүүх дурдсан асуудалд дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 352 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Х.БАТСҮРЭН         

ШҮҮГЧ                                                                  Ч.ТУНГАЛАГ