Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2018/01272

 

Т Б  ХХК-ийн Зүүнхараа салбарын

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 39 дүгээр шийдвэртэй,

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 22 дугаар магадлалтай,

Т Б  ХХК-ийн Зүүнхараа салбарын нэхэмжлэлтэй

А.С т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 2.095.616 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч болон түүний өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т, хариуцагч А.С , өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч Т Б  ХХК-ийн Зүүнхараа салбарын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Зээлдэгч Н.Туяа нь 2016 оны 12 сарын 07-ны өдөр Т Б ны Зүүнхараа салбараас 3.374.146 төгрөгийг сарын 1,5 хувь, жилийн 18 хувийн хүүтэй, 18 capын хугацаагаар тэтгэврийн зээл авсан. Зээлдэгч нь нас барсныг нь бид 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр оршуулгын тэтгэмж нь нийгмийн даатгалын сангаас манай банкаар дамжигдаж 1.000.000 төгрөг, нэг сарын тэтгэвэр 216.000 төгрөг нийт 1.216.000 орж ирэхэд нь мэдэж суутгасан. Мөн хамтран зээлдэгч А.С  2017 оны 3 дугаар сард 432.000 төгрөгийг төлсөн. Иймд зээлдэгч Н.Туяа нь нас барсан тул зээлийн гэрээний 2.3.1-т хамтран зээлдэгч нь энэ гэрээнд заасан зээлдэгчийн эрхийг эдэлж үүргийг бүрэн хүлээнэ гэж заасны дагуу хамтран зээлдэгч А.С ээс 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөрийн өр 2.095.616,02 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 48.480 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.С ийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Миний бие зээлдэгч Н.Туяаг нь таньдаг бөгөөд надтай банкин дээр таараад би дүүдээ зээл авч өгөх гэсэн чинь дүү маань мөн тэтгэврийн хүн учир зээл өгөхгүй байна. Чи надтай хамтран зээлдэгч болоод гарын үсэг зураад өгөөч дүүд маань мөнгө хэрэг болоод байгаа гэж хэлсэн. Энэ үед дүү Н.Тунгалаг нь хамт байсан ба мөн надад бид найдвартай миний дүү санаа зоволтгүй гээд гуйгаад байхаар нь итгээд зээлийн гэрээн дээр хамтран зээлдэгчээр гарын үсэг зурах гээд банкны захирал А.Дашдэлгэр дээр ороход намайг сайн дурын нийгмийн даатгал төлдөг юм байна хамтран зээлдэгч болж болохгүй гэж хэлсэн. Зээлийг Н.Туяа бид хоёр аваагүй, мөнгийг банкнаас авангуут шууд Н.Тунгалаг тоолж авсан. Иймд энэ зээлийг Н.Тунгалаг хариуцах ёстой. Банк надаас зээл төлөхийг шаардаад байхаар нь 2 сарын мөнгө 432.000 төгрөгийн зээлийг банкинд төлсөн. Зээлдэгч Н.Туяа нас барснаар үүргийн харилцаа дуусгавар болсон. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх хэргийг 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 39 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 240 дүгээр зүйлийн 240.1.2, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар Т Б ны Зүүнхараа салбар нэхэмжлэлтэй хариуцагч А.С ээс тэтгэврийн зээлийн үлдэгдэл төлбөр 2.095.616 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 48.480 төгрөгийг, Төрийн сангийн 130400941 тоот дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 22 дугаар магадлалаар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх хэргийг 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 39 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3, 242.11, 451 дүгээр зүйлийн 451.1-т зааснаар хариуцагч А.С ээс зээлийн гэрээний үүрэг 2.095.616 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т Б ны Зүүнхараа салбарт олгосугай. гэж, 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 48.480 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.С ээс улсын тэмдэгтийн хураамжид 48.480 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах заалдах гомдол гаргахдаа төлсөн 48.480 төгрөгийг шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч А.С , түүний өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2-д зааснаар хамтран үүрэг хүлээх нь хууль буюу гэрээнд зааснаар үүсдэг бөгөөд хариуцагч А.С  хамтран үүрэг хүлээхээр гарын үсэг зурж зээлдэгчийн нэгэн адил үүрэгтэй болсон байна. Мөн Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар зээлийн гэрээний үүргийг бүхэлд шаардсан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж дүгнэсэн. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2-д зааснаар хамтран үүрэг хүлээх нь хууль буюу гэрээнд зааснаар үүсгэнэ гэж заасан боловч зээлийн гэрээний 2.3.1-д хамтран зээлдэгч нь гэрээнд заасан зээлдэгчийн эрхийг эдэлж үүргийг бүрэн хүлээнэ гэж заасан байна. Хамтран зээлдэгч А.С  нь зээлийн гэрээний эрх үүргийг зөрчөөгүй, гагцхүү зээлдэгч нас барснаар Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-д ...үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан тохиолдолд үүрэг дуусгавар болох үндэслэлийг заасан. Иймд зээлдэгч Н.Туяа нас барснаар үүргийн харилцаа дуусгавар болсон гэж үзэж байна. Т Б ны Зүүнхараа салбар нь зээлдэгч Н.Туяа болон хамтран зээлдэгч А.С  нартай байгуулсан 2016 оны 12 сарын 07-ны өдөр тэтгэврийн зээлийн гэрээнд үүрэг ямар тохиолдолд дуусгавар болох үндэслэлийг тусгаж заагаагүй учир хуулиар зохицуулагдаж байна. Анхан шатны шүүхийн дүгнэсэн гэрээний тохиролцоо ирээдүйд авах тэтгэвэрээ барьцаалж зээл авсан нь Н.Туяад холбогдолтой болохоос хамтран үүрэг гүйцэтгэгч А.С  нь өөрийн цалин, орлого, хөрөнгө эрхийг барьцаалаагүй, өндөр насны тэтгэврийн эрхийн талаар ямар нэг үүрэг хүлээгээгүй. Иймд А.С ээс 2.095.616 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гэрээгээр шаардах үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй бөгөөд хамтран үүрэг гүйцэтгэгч А.С ийг гэрээний үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр гэрээний заалтын 2.3.1-д заасны дагуу давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдэж байгаа нь үндэслэлгүй. Мөн хэргийн материалд Т Б ны гүйцэтгэх захирал Г.Дөлгөөн нь 2018 оны 01 сарын 17-ны өдөр итгэмжпэгдсэн төлөөлөгчөөр Г.Тэлмэнг томилж итгэмжлэл олгосон байхад давж заалдах шатны шүүхэд “Т Б ”-ны Зүүнхараа салбарын захирал Т.Мөнхөө нь гомдол гаргаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх заалтыг зөрчсөн, хуульд зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлоо гаргахаар заасан ба шүүх хуралдаанд оролцсон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тэлмэн нь давж заалдах гомдол гаргаагүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа дууссан гэж үзсэн. Тиймээс Зүүнхараа салбарын захирал Т.Мөнхөө нь давж заалдах гомдол гаргаж байгаа нь Иргэний хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 39 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Т Б  ХХК-ийн Зүүнхараа салбар А.С т холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 2.095.616 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, зээл авах хүсэл зориг байгаагүй, зээлийн гэрээнд тохиолдлоор гарын үсэг зурсан, төлбөр төлөх боломжгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Т Б  ХХК-ийн Зүүн хараа салбар болон Н.Туяа, А.С  нарын хооронд 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, 3.374.146 төгрөгийг 18 сарын хугацаатай, сарын 1.5 хувийн хүүтэй, Н.Туяагийн тэтгэвэрийг барьцаалж зээл олгосон нь хэргийн баримтаар тогтоогдсон байна.

Зээлдэгч Н.Туяа 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр нас барсан бөгөөд нэхэмжлэгч Т Б  ХХК-ийн Зүүн хараа салбар Н.Туяа, А.С  нарыг зээлийн гэрээний нэг тал буюу хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэн А.С ээс зээлийн үүргийг шаарджээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул энэ талаар хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгов.

Зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр А.С  гарын үсэг зурсан хэдий ч  банк түүнээс зээлийн үүргийг шаардах нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 240.1.2, 242 дугаар зүйлийн 242.1, 242.3-т заасантай нийцэхгүй талаархи анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг байна.

Зохигчийн тайлбар, зээлийн гэрээ, гэрээний тодорхой нөхцлүүд, зээл хүссэн Н.Туяагийн өргөдөлөөс үзвэл тэрээр өөрийн тэтгэвэрийг барьцаалж зээл авсан нь тогтоогджээ.

Өндөр насны тэтгэвэр авах нь зөвхөн тухайн иргэний хувийн байдалтай салшгүй холбоотой эрх ба уг орлогоо барьцаалж мөнгө зээлсэн нь мөн хувь хүний хувийн байдалтай салшгүй холбоотой үүргийг үүсгэнэ.

Зээлийн гэрээний 1.2.1, 1.3, 2.1.5, 2.1.6-д “...банк, зээл эргэн төлөх хуваарьт хугацаанд зээлдэгчийн ...тоот тэтгэвэрийн харилцах дансанд орж ирэх мөнгөн хөрөнгөөс зээлийн төлбөрийг үндсэн зээл, хүүг үл маргах журмаар төлүүлнэ, зээлдэгч зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл өөрийн тэтгэвэрийн дэвтэр болон тэтгэвэрийн картыг банкинд хадгалуулна, зээлийг зээлдэгчийн тэтгэвэр, тэтгэмжийн данснаас үл маргах журмаар төлүүлнэ, зээлдэгч нас барсан тохиолдолд зээлийн төлбөрийг нас барагчид олгох оршуулгын тэтгэмж болон нас барснаас хойш 1 сарын хугацаатай олгодог тэтгэврийн орлогоос шууд суутган авах эрхтэй” гэж тус тус зааж тохиролцжээ.

Гэрээний дээрх тохиролцоо нь ирээдүйд авах тэтгэвэрээ барьцаалж, зээл авсан Н.Туяад холбогдолтой болохоос бус гэрээнд хамтран зээлдэгч гэж заагдсан боловч өөрийн орлогыг барьцаалаагүй, А.С т хамаарах боломжгүй байна.

Тухайлбал, хамтран зээлдэгч гэх А.С т зээл олгох үндэслэл, тодруулбал, тэрээр зээлдэгч Н.Туяатай ямар хамааралтай болох, түүнтэй хамтарч зээл авах хүсэл зориг, хэрэгцээ шаардлага байсан эсэх нь тодорхой бус байна.

Зээлдэгч Н.Туяа нас барсны дараа банк түүнд олгосон оршуулгын тэтгэмж болон 1 сарын тэтгэврийг зээлийн төлбөрт суутгасан нь тогтоогджээ.

Тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагааг тогтмол эрхэлдэг банк нь зээлийн гэрээнээс үүсэх эрсдлээс хамгаалах зорилгоор хуульд заасан өөр арга хэрэгслээр тухайлбал, батлан даалтын, баталгааны, даатгалын зэрэг гэрээг байгуулж болохыг үгүйсгэхгүй ба харин тэтгэвэр, цалин зэргийг барьцаалж зээл олгоход тухайн гэрээний зээлийн үүргийг эргэж төлөх нөхцөл нь хувь хүний салшгүй үүрэгтэй холбоотой атал зээл авах хүсэл зориггүй, хэрэгцээ шаардлагагүй байсан этгээдийг хамтран зээлдэгч гэж гэрээнд гарын үсэг зуруулснаар шаардах эрхийг үүсгэх  үндэслэлгүй.

Иймээс А.С ийг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3-т зааснаар хамтран зээлдэгч гэж үзэх боломжгүй юм.

Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан тохиолдолд түүний үүрэг дуусгавар болдог байна.

Зээлдэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тэтгэвэрийн зээлийн үүрэг зээлдэгч нас барснаар дуусгавар болох нь нэхэмжлэлийн үндэслэл болж буй зээлийн гэрээ болон Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад тодорхой тусгагджээ. Иймд хариуцагч А.С т холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Т Б  ХХК-ийн Зүүн хараа салбарын зээлийн үүргийн гүйцэтгэлийг шаардсан нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Дээрхи үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 22 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 39 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3т зааснаар хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 48.480 төгрөг төлснийг шүүгчийн захирамж гарган буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ