Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 22

 

 

                               “Төрийн банк”-ны Зүүнхараа салбарын

                                 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

                                                                            Хэргийн индекс: 149/2017/00412/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                             Даргалагч,

                             Ерөнхий шүүгч                              Б.Батзориг

                             Шүүгчид                                         Л.Амарсанаа

                                                                                    Г.Давааренчин

                            

                          Оролцогчид

                                Нэхэмжлэгчийн төлөөлөгч           Г.Тэлмэн

                                         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сувд нарыг оролцуулж,  Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 39 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлоор “Төрийн банк”-ны Зүүнхараа салбарын нэхэмжлэлтэй А.Саранцэцэгт холбогдох “Тэтгэврийн зээл 2.095.616 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг 2018 оны 03 дугаар  сарын 22-ны  өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

      

Нэхэмжлэгч Төрийн банкны Зүүнхараа салбар анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Намсрай овогтой Туяа нь 2016 оны 12 сарын 07-ны өдөр Төрийн банкны Зүүнхараа салбараас 3.374.146 / гурван сая гурван зуун далан дөрвөн мянга нэг зуун дөчин зургаан төгрөг /сарын 1,5 %, жилийн 18 % /-ийн хүүтэй, 18 cap /1.6 жил/-ийн хугацаагаар тэтгэврийн зээл авсан. Зээлдэгч нь нас барсан тул зээлийн гэрээний 2.3.1 Хамтран зээлдэгч нь энэ гэрээнд заасан зээлдэгчийн эрхийг эдэл үүргийг бүрэн хүлээнэ гэсэн заалтын дагуу хамтран зээлдэгч А.Саранцэцэгээс 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар дор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Хамтран зээлдэгч Амар овогтой Саранцэцэгээс зээлийн үндсэн төлбөрийн өр 2.095.616,02 төгрөг, /Хоёр сая ерэн таван мянга зургаан зуун арван зургаан төгрөг 02 мөнгө/, Улсын тэмдэгтийн хураамж 48.480 /Дөчин найман мянга дөрвөн зуун наян мянган төгрөг /-ийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тэлмэн анхан шатны шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Зээлдэгч Намсрай овогтой Туяа нь 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр “Төрийн банк”-ны Зүүнхараа салбараас 3.374.146 сарын 1,5 % -ийн хүүтэй , 18 cap /1.6 жил/-ын хугацаагаар тэтгэврийн зээл аваад 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр нас барсан. Нас барсан шалтгаан нь тодорхойгүй. 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр зээл авахдаа өөрөө ирсэн. Нас барсныг нь бид 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр оршуулгын тэтгэмж нь нийгмийн даатгалын сангаас манай банкаар дамжигдаж 1.000.000 төгрөг, нэг сарын тэтгэвэр 216.000 төгрөг нийт 1.216.000 орж ирэхэд нь мэдэж суутгасан юм. Мөн дээрээс нь хамтран зээлдэгч Саранцэцэгээр 2017 оны 03 дугаар сард 432.000 төгрөгийг төлсөн. Зээлдэгч нь сард 216.000 төгрөгийг 18 сарын хугацаатай зээлийн төлөлт хийж 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төлж дуусах байсан. Одоо зээлийн үлдэгдэл 2.095.616 төгрөгийг зээлийн гэрээний 2.2.4, 2.2.5 дахь мөн иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар хамтран зээлдэгчээс гаргуулах саналтай байна гэжээ.

 

Хариуцагч А.Саранцэцэг анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Төрийн банкнаас нэхэмжилж байгаа 2.095.616 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь уг мөнгийг зээлдэгч Н.Туяаг нь би таньдаг байсан юм. Тэр өдөр надтай банкин дээр таараад би дүүдээ зээл авч өгөх гэсэн чинь дүү маань мөн тэтгэврийн хүн учир зээл өгөхгүй байна. Чи надтай хамтран зээлдэгч болоод гарын үсэг зураад өгөөч дүүд маань мөнгө хэрэг болоод байгаа юм гэж хэлсэн. Энэ үед дүү Тунгалаг нь хамт байсан ба мөн надад бид найдвартай миний дүү санаа зоволтгүй гээд намайг гуйгаад байхаар нь би итгээд зээлийн гэрээн дээр хамтран зээлдэгчээр гарын үсэг зурах гээд банкны захирал А.Дашдэлгэр дээр ороход намайг сайн дурын нийгмийн даатгал төлдөг юм байна хамтран зээлдэгч болж болохгүй гэж хэлсэн.

Зээлийг Н.Туяа бид хоёр аваагүй, мөнгийг банкнаас авангуут шууд Н.Тунгалаг эгч тоолж авсан.  Иймд энэ зээлийг Н.Тунгалаг хариуцах ёстой. Н.Туяа эгч 2016 онд гэнэт нас барсан. Банк надаас зээл төлөхийг шаардаад байхаар нь би 2 сарын мөнгө 432.000 төгрөгийн зээлийг банканд төлсөн. Тэгээд энэ тухай Тунгалаг руу утасдаж хэлэхээр наад зээлээ битгий төл зээлдэгч нь нас барсан юм чинь алдагдлыг банк хариуцах ёстой гээд байх юм. Тэгэхээр би энэ нэхэмжлэлийг хариуцахгүй үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй одоо надад ямар ч төлөх боломж байхгүй гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ... 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн тэтгэврийн зээлийн гэрээгээр энэ зээлийг А.Саранцэцэг хариуцах үндэслэлгүй юм гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байгаа. Нэхэмжлэгч мөн хамтран зээлдэгчийн хүлээх үндэслэлээ Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт заасныг уншиж тайлбарлалаа. Гэхдээ хамтран үүрэг гүйцэтгэгчийг Иргэний хуулийн 242 дугаар зүйл дээр тодорхой заасан байдаг. Үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар үүрэг нь үүснэ гэж заасан байдаг. Гэтэл үүрэг үүсэх үндэслэл нь гэрээнд зааснаар огт тусгагдаагүй байна. Тэгэхээр гэрээгээр А.Саранцэцэг төлөх үндэслэл байхгүй байна. Хуулиараа бол зээлийн гэрээ нь үндсэн зээлдэгч нас барснаар гэрээний хугацаа дууссан байдаг гэж үзэж байгаа. Энэ нь 2016 оны зээлдэгч нь нас барснаар зээлийн гэрээ дуусгавар болсон байна гэж үзэж байгаа. Үүрэг дуусгавар болсон тохиолдолд яах вэ гэхээр мөн Иргэний хуулийн дээр хуульчлан зааж өгсөн байгаа. Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар үүргийн гүйцэтгэлд үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан тохиолдолд үүрэг дуусгавар болох үндэслэл болно гээд хуульчлаад заагаад өгчихсөн байна. Тэгэхээр гэрээгээр А.Саранцэцэг зээлийг төлөх үндэслэлгүй боловч мөн хуулиар зээлдэгч Н.Туяа нас барснаар үүргийн харилцаа дуусгавар болсон байна гэж үзэж байгаа гэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх хэргийг 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр  хянан хэлэлцээд 39 дугаартай шийдвэрээр:

- Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 240 дүгээр зүйлийн 240.1.2, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар Төрийн банкны Зүүнхараа салбар нэхэмжлэлтэй хариуцагч А.Саранцэцэгээс тэтгэврийн зээлийн үлдэгдэл төлбөр 2.095.616 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 48.480 төгрөгийг, Төрийн сангийн 130400941 тоот дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн төлөөлөгч  давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Зээлдэгч Н.Туяаг зээл авахад нь хариуцагч А.Саранцэцэг нь  хамтран зээлдэгчээр орох хүсэлтээ өөрийн биеэр өгч, өөрийн ажилладаг байгууллагын цалингийн тодорхойлолт бусад бичиг баримтыг өөрөө  бүрдүүлэн өгч өргөдөлдөө тус зээлийг батлан даахаа илэрхийлсэн нотлох баримтууд хэрэгт авагдсан байгаа.  Гэтэл шүүх хэргийг үндэслэлгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой  тул давж заалдах  гомдол гаргасан гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

...Хариуцагч А.Саранцэцэгийн өмгөөлөгч би Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2018-02-05-ны өдрийн 39 тоот шийдвэрийг эс зөвшөөрч Төрийн банкны Зүүнхараа салбарын захирал Т.Мөнхөөгийн гаргасан гомдол буюу 2018-03-14-ны өдрийн 70 тоот албан бичигт дараах тайлбарыг гаргаж байна.

1.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд ... анхан шатны журмаар хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрт зохигч , гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах эрхтэй гэж хуульчлан заасан байтал хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй салбарын захирал Т.Мөнхөө нь давж заалдах шүүхэд гомдол гаргах нь гэж 2018-03-14-ний өдөр 70 дугаартай албан тоот ирүүлснийг давж заалдах гомдол гаргасан гэж үзэх боломжгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх заалтыг зөрчсөн байна.

2.    Мөн хуульд зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлоо гаргахаар заасан ба шүүх хуралдаанд оролцсон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тэлмэн нь давж заалдах гомдол гаргаагүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д заасан хугацаа дууссан ба нэхэмжлэгчийн талаас давж заалдах гомдол гаргаагүй байна гэж үзэж байна. Иймд хариуцагчийн талаас тайлбар бичих шаардлагагүй гэж үзлээ гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Төрийн банк”-ны Зүүнхараа салбар нь хариуцагч хамтран зээлдэгч  А.Саранцэцэгт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 2.095.616 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч зээлдэгчийн хүсэлтээр хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан, зээлийн мөнгөнөөс хэрэглээгүй гэсэн үндэслэлээр үүрэг гүйцэтгэхээс татгалзжээ. 

 

Нэхэмжлэгч талын давж заалдсан гомдлын дагуу хэргийг судлан үзвэл: “Төрийн банк”-ны Зүүнхараа салбар нь зээлдэгч Н.Туяатай  2016 оны 08 дугаар  сарын 11-ний өдөр тэтгэврийн зээлийн гэрээ байгуулан 3.373.786 төгрөгийн зээлийг 18 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй тэтгэврийн зээл олгосон,зээлийн гэрээнд хариуцагч А.Саранцэцэг хамтран зээлдэгчээр оролцон  гарын үсэг зурсан байна.

 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2-т зааснаар хамтран үүрэг хүлээх нь хууль буюу гэрээнд зааснаар үүсдэг  бөгөөд хариуцагч А.Саранцэцэгийн хувьд  талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэхээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурснаар банкнаас зээлсэн мөнгийг хэрэглэсэн эсэхээс үл хамааран зээлийн гэрээний дагуу  түүнд үүрэг үүссэн, зээлдэгчийн нэгэн адил эрх үүрэгтэй болсон байна.

 

Хэдийгээр үндсэн зээлдэгч нас барснаар зээлийн гэрээний үүрэг биелүүлэх боломжгүй ч Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар нэхэмжлэгч нь өөрийн үзэмжээр аль нэг үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардах эрхтэй тул зээлдүүлэгч нь тухайн зээлийн гэрээний хамтран зээлдэгч А.Саранцэцэгээс зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь биелүүлэхээр гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байх тул  Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т зааснаар хамтран зээлдэгч А.Саранцэцэг нь зээлийн гэрээний үүргийг төлөх үүрэгтэй.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариу тайлбар  гаргахдаа  нэхэмжлэгч “Төрийн банк”-ны Зүүнхараа салбарын захирал Т.Мөнхөө нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй атлаа давж заалдах гомдол гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэсэн нь үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч байгууллага нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд  байгууллагыг төлөөлөн Г.Тэлмэн оролцсон боловч тухайн байгууллагын  захирал нь байгууллагыг төлөөлөх бүрэн эрхийнхээ дагуу “Төрийн банк”-ны Зүүнхараа салбарын захирал  Т.Мөнхөө нь  шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан хууль зөрчөөгүй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 сарын 05-ний өдрийн 39 дугаартай шийдвэрийн “Тогтоох” хэсгийн: 

1 дэх заалтыг  

     “Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3, 242.11, 451 дүгээр зүйлийн 451.1-т зааснаар хариуцагч А.Саранцэцэгээс зээлийн гэрээний үүрэг 2.095.616 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкны Зүүнхараа салбарт олгосугай.”  гэж,

     2 дахь заалтыг

     “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 48.480 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Саранцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид 48.480 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.” гэж тус тус өөрчилж,  шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр  зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах заалдах гомдол гаргахдаа төлсөн 48.480 төгрөгийг шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчид буцаан олгосугай.   

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар  зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй. 

    

   

                                ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

                                  ШҮҮГЧИД                           Л.АМАРСАНАА

                                                                              Г.ДАВААРЕНЧИН