Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 00039

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж хийсэн иргэний шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: төрийн банкны Зүүнхараа салбарын нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: * тоотод оршин суух Хан Жаргалант овогт Амарын С /РД: *, утас: */-д холбогдох тэтгэврийн зээл  2095616 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т, хариуцагч А.С, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг, нарийн бичгийн дарга П.Нямсүрэн нар оролцов.

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч Төрийн банкны Зүүнхараа салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  ...Зээлдэгч Намсрай овогтой Т нь 2016 оны 12 сарын 07-ны өдөр Төрийн банкны Зүүнхараа салбараас 3,374,146 / гурван сая гурван зуун далан дөрвөн мянга нэг зуун дөчин зургаан төгрөг /сарын 1,5 % / жилийн 18 % /-ийн хүүтэй, 18 cap /1.6 жил/-ын хугацаагаар тэтгэврийн зээл авсан. Зээлдэгч нь нас барсан тул зээлийн гэрээний 2.3.1 “Хамтран зээлдэгч нь энэ гэрээнд заасан зээлдэгчийн эрхийг эдэлж үүргийг бүрэн хүлээнэ” гэсэн заалтын дагуу хамтран зээлдэгч А.Сээс 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар дор дурьдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Хамтран зээлдэгч Амар овогтой Сээс зээлийн үндсэн төлбөрийн өр 2,095,616.02 төгрөг, /Хоёр сая ерэн таван мянга зургаан зуун арван зургаан төгрөг 02 мөнгө/, Улсын тэмдэгтийн хураамж 48,480 /Дөчин найман мянга дөрвөн зуун наян мянган төгрөг /-ийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Зээлдэгч Намсрай овогтой Т нь 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Төрийн банкны Зүүнхараа салбараас 3,374,146, сарын 1,5 % -ийн хүүтэй , 18 cap /1.6 жил/-ын хугацаагаар тэтгэврийн зээл аваад 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр нас барсан. Нас барсан шалтгаан нь тодорхойгүй. 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр зээл авахдаа өөрөө ирсэн. Нас барсаныг нь бид 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр оршуулгын тэтгэмж нь нийгмийн даатгалын сангаас манай банкаар дамжигдаж 1,000,000 төгрөг, нэг сарын тэтгэвэр 216000 төгрөг нийт 1216000 орж ирэхэд нь мэдэж суутгасан юм. Мөн дээрээс нь хамтран зээлдэгч Сээр 2017 оны 03 дугаар сард 432000 төгрөгийг төлсөн. Зээлдэгч нь сард 216000 төгрөгийг 18 сарын хугацаатай зээлийн төлөлт хийж 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төлж дуусах байсан.Одоо зээлийн үлдэгдэл 2,095,616 төгрөгийг зээлийн гэрээний 2.2.4, 2.2.5 дахь мөн иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар хамтран зээлдэгчээс гаргуулах саналтай байна гэв.

Хариуцагч А.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь Мандал сумын Төрийн банкны гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Төрийн банкнаас нэхэмжилж байгаа 2095616 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь уг мөнгийг зээлдэгч Н.Тг нь би таньдаг байсан юм. Тэр өдөр надтай банкан дээр таараад би дүүдээ зээл авч өгөх гэсэн чинь дүү маань мөн тэтгэврийн хүн учир зээл өгөхгүй байна. Чи надтай хамтран болоод гарын үсэг зураад өгөөч дүүд маань мөнгө хэрэг болоод байгаа юм гэж хэлсэн. Энэ үед дүү Тунгалаг нь хамт байсан ба мөн надад бид найдвартай миний дүү санаа зоволтгүй гээд надыг гуйгаад байхаар нь би итгээд зээлийн гэрээ нь  дээр хамтран зээлдэгчээр гарын үсэг зурах гээд банкны захирал А.Дашдэлгэр дээр ороход намайг сайн дурын нийгмийн даатгал төлдөг юм байна хамтран зээлдэгч болж болохгүй гэж хэлсэн. Гэтэл Тунгалаг , Т хоёр 2-лаа уйлаад мөнгө хэрэг болоод байна гээд банкны захирлыг гуйгаад байсан чинь, банкны захирал Н.Тунгалагыг та тэгвэл зээлийг хамтран хариуцаарай гээд мөн хамтран хариуцах баталгаа бичүүлж авсан. Энэ нь зээлийн баримтан дээр байгаа. Тухайн үед энэ зээлийг Тунгалаг авч байгаа тухай банкны захирал байсан А.Дашдэлгэр сайн мэдэж байгаа. Тэгэхээр энэ зээлийг би болон Н.Т аваагүй, мөнгийг банкнаас авангуут шууд Н.Тунгалаг эгч тоолж авсан. Үүнийг мэдэж байгаа гэрч ч байгаа. Иймд энэ зээлийг Н.Тунгалаг хариуцах ёстой. Н.Т эгч 2016 онд гэнэт нас барсан.Банк надаас зээл төлөхийг шаардаад байхаар нь би 2 сарын мөнгө 432000 төгрөгийн зээлийг банканд төлсөн. Тэгээд энэ тухай Тунгалаг руу утасдаж хэлэхээр наад зээлээ битгий төл зээлдэгч нь нас барсан юм чинь алдагдлыг банк хариуцах ёстой гээд байх юм. Банк болохоор надаас нэхэмжпэж байна. Банкны зээл хариуцсан ажилтнууд ч энэ талаар сайн мэднэ. Тэгэхээр би энэ нэхэмжпэлийг хариуцахгүй үндэслэлгүй гэж үзэж байна.

Хариуцагч А.С шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Тунгалаг дүүтэйгээ Т эгч явж байгаад намайг банкнаас зээл аваад өгөөч гэж гуйсан. Тэгэхээр нь банкны захирал дээр нь явж ороход намайг сайн дураараа нийгмийн даатгал төлдөг танд өгөхгүй гээд тэгсэн Т эгч уйлж гуйж байгаад авсан юм. Тэгээд уг нь банкны захирал нь Тунгалаг  эгчтэй  хамт гарын үсэг зуруулаад өг гээд цохолт хийж өгсөн. Тэгсэн яг гэрээн дээрээ гарын үсэг зураагүй. Тэгээд би ажлаасаа нийгмийн даатгалын дэвтэрээ, ажлын газрын тодорхойлолттойгоо авч ирж зурж өгсөн. Тунгалаг гэдэг нь Т эгчийн төрсөн дүү нь гэсэн. Би Т эгчийг л таньдаг юм. Дүү Тунгалаг нь самарт явах гээд юм авах гэж байгаа гээд зээл авахуулсан. Надад Т эгчтэй садан төрлийн холбоо байхгүй. Манайх айлын хашаанд байхад хажуу талын эгчтэй найз байгаад Т эгчтэй танилууд болсон юм. 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 600000 гаруй  төгрөгийг би Тунгалаг эгч, Т эгч хоёртой цуг гарын үсэг зурах байсан гэв Тунгалаг эгч гарын үсэг зураагүй. Тэр үед банкны захирал Дашдэлгэр гэж хүн байсан. Намайг уг нь зээл хариуцах боломжгүй гэсэн чинь тэр хоёр эгч буцаж орж гуйгаад авахаар болсон. Тунгалаг эгч болохоор надад хэлэхдээ намайг тэтгэврийн хүн болохоор надад өгөхгүй байна гэж хэлсэн. Тэгээд би хамт авч өгөхөөр болсон юм. Энэ мөнгийг би аваагүй. Тунгалаг, Т эгч хоёр тоолж аваад явсан. Тунгалаг эгч л авч хэрэглэсэн байх. Самарны юм бэлдэнэ гэж авахуулсан. Тунгалаг бол Тгийн төрсөн дүү нь. Би Тунгалаг эгчтэй ярихаар тэр мөнгийг чи битгий төл гэж надад хэлсэн. Би банкны шаардлагаар 2017 оны 03 дугаар сард 432000 төгрөгийг төлсөн байгаа. Тунгалаг эгч болохоор энэ мөнгийг төлж чадахгүй энэ бол банкны буруу өгөх ёсгүй хүмүүст зээл өгсөн төлөх хүн нь нас барсан гээд намайг төлөх ёсгүй гээд намайг авч хэлэлцдэггүй. Уг өөрсдөө уйлж байгаад зээл авсан. Тэгээд бас нэг Болдоо гэдэг дүү дээр нь очиж уулзахад бид нарт ямар ч хамаа байхгүй гээд өөдөөс загнаад хүлээн зөвшөөрдөггүй. Уг нь мөнгөтэй боломжтой хүмүүс юм байна лээ. Би энэ мөнгөнөөс ерөөсөө хэрэглээгүй. Бүгдийг нь тоолоод Т эгч бэлнээр аваад Тунгалаг эгчид өгсөн. Өмнөх зээлэн дээрээ сунгаж 3 сарын зээл нэмэгдэлтэйгээ авсан.  Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй одоо надад ямар ч төлөх боломж байхгүй гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа.....хариуцагч А.Сийн эрх ашгийг хамгаалж өмгөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгч төрийн банк нь хамтран хариуцагч А.Сээс 2,095,616 төгрөгийг гэрээний 2.3 дахь хэсэгт заасны дагуу гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийг төлөөлөн оролцож байгаа Г.Т нь гэрээний 2.4 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа хангуулах талаар шүүхэд тайлбар хэлж байна. Аливаа үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлага гаргахдаа гэрээ буюу хуульд зааснаар зохицуулагдахаар хуульчлан зааж өгсөн байдаг. Тэгвэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлж байгаагаар гэрээний 2.4-д зааснаар гэрээгээр хүлээсэн үүргээ зээлдэгч нь биелүүлээгүй эсхүл банк гэрээг цуцалсан тохиолдолд зээлдэгчийн бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангана гэж заасан байдаг. Энэ нэхэмжилж байгаа гэрээний заалтаар болохоор зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хэдий ч үндсэн зээлдэгч нь нас барсанаар энэ зээлийн гэрээ дуусгавар болсон байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байгаа. Гэтэл өнөөдөр нэхэмжлэгч тайлбартаа энэ гэрээ дуусгавар болоогүй ээ гэж байна дуусгавар болсон үндэслэлээ 2.4.1, 2.4.6-д зааснаар зээлдэгч нас барсан тохиолдолд оршуулгын тэтгэмж, сүүлийн нэг сарын тэтгэврийн мөнгөөр зээлдэгч нас барсан юмаа гэдэг нь тодорхойлогдож байгаа юм. Нөгөөтэйгүүр зээлийн гэрээний нэхэмжлэл дээр дурьдсан заалт болох 2.3-д зааснаар хамтран зээлдэгч нь  энэ гэрээнд заасан зээлдэгчийн эрхийг эдэлж үүргийг хүлээнэ гэж заасан боловч хамтран зээлдэгчийн хариуцах хариуцлагын талаар зааж өгөхдөө үндсэн зээлдэгчийг нас барсан тохиолдолд гэж огт тусгагдаагүй байна лээ. Тэгэхээр 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн тэтгэврийн зээлийн гэрээгээр энэ зээлийг А.С хариуцах үндэслэлгүй юм гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байгаа. Нэхэмжлэгч мөн хамтран зээлдэгчийн хүлээх үндэслэлээ Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт заасныг уншиж тайлбарлалаа. Гэхдээ хамтран үүрэг гүйцэтгэгчийг Иргэний хуулийн 242 дугаар зүйл дээр тодорхой заасан байдаг. Үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар үүрэг нь үүснэ гэж заасан байдаг. Гэтэл үүрэг үүсэх үндэслэл нь гэрээнд зааснаар огт тусгагдаагүй байна. Тэгэхээр гэрээгээр А.С төлөх үндэслэл байхгүй байна. Хуулиараа бол зээлийн гэрээ нь үндсэн зээлдэгч нас барснаар гэрээний хугацаа дууссан байдаг гэж үзэж байгаа. Энэ нь 2016 оны зээлдэгч нь нас барснаар зээлийн гэрээ дуусгавар болсон байна гэж үзэж байгаа. Үүрэг дуусгавар болсон тохиолдолд яах вэ гэхээр мөн иргэний хуулийн дээр хуульчлан зааж өгсөн байгаа. Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар үүргийн гүйцэтгэлд үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан тохиолдолд үүрэг дуусгавар болох үндэслэл болно гээд хуульчлаад заагаад өгчихсөн байна. Тэгэхээр гэрээгээр А.С зээлийг төлөх үндэслэлгүй боловч мөн хуулиар зээлдэгч Н.Т нас барснаар үүргийн харилцаа дуусгавар болсон байна гэж үзэж байгаа. Ингэхээр Төрийн банкнаас нэхэмжилж байгаа хамтран хариуцагч А.Сээс 2,095,616 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-д зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж өмгөөлөгчийн зүгээс санал оруулж байна. Нөгөөтэйгүүр мөн эрх хэнд шилжсэн гэж байна энэ талаар тодорхой ажиллагаа хийсэн гэж тайлбар хэлж байгаа боловч албан ёсны хуульд заасан нотлох баримтыг хэрэгт хавсаргаагүй байна. Манай үйлчлүүлэгч А.Сийн ярьж байгаагаар тухайн үед энэ хоёр гарын үсэг зурсан боловч Тгийн төрсөн дүү Тунгалаг нь мөнгийг тоолж авсан.Тухайн үеийн банкны захирал хамтран зээлдэгч нь болж болохгүй талаар хэлэхэд Тунгалаг эгч нь уйлж орж байгаад би энэ зээлийн хамтрагч нь болъё гэж гуйж орсны дагуу захирал нь зээлийн баримтны доор хамтран зээлдэгчээр татаа гэж баримт үйлдсэнийг энэ хэрэгт хавсаргасан байгаа. Гэтэл зээлийн гэрээ байгуулсан зээлийн эдийн засагч Ундармаа гэж хүн бол Тунгалагтай гэрээ хийгээгүй юм гэж тайлбар хэлдэг. Тэгэхээр банк болон нэхэмжлэгч бол Иргэний хуульд заасны дагуу мөн эрх залгамжлагчийг тогтоох боломжтой байсан боловч энэ талаар ажиллагаа хийгээгүй, хэрэгт тусгагдаагүй. Иймд Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-д зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

 

Үндэслэх нь:

 

            Нэхэмжлэгч Төрийн банкны Зүүнхараа салбар нь хариуцагч А.Сээс тэтгэврийн зээл 2095616 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

 

2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Төрийн банкны Зүүнхараа салбар нь зээлдэгч Н.Ттай тэтгэврийн зээлийн гэрээ байгуулж, зээлийн үлдэгдэл 2696146 төгрөг  дээр уг гэрээгээр 3 сарын тэтгэвэр буюу 678000 төгрөгийг нэмэгдэгдүүлэн  нийт  3,374,146 төгрөгийг  сарын 1,5 % -ийн хүүтэй , 18 cap /1.6 жил/-ын хугацаагаар тэтгэврийн зээлийн гэрээ байгуулагджээ. Хариуцагч Намсрай овогтой Т нь  2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр нас баржээ. Зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр Амар овогтой С гарын үсэг зурсан тул Банк хамтран үүрэг гүйцэтгэгч А.Сээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч Н.Тг таньдаг байсан, гуйгаад байхаар нь гарын үсэг зурсан, зээлийн мөнгийг би аваагүй банкны шаардлагаар 2 сарын төлбөр 432000 төгрөгийг төлсөн, би төлбөрийг хариуцах үндэслэлгүй гэж маргана. Төрийн банк болон Н.Т нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд А.Сийг хамтран зээлдэгч гэж зааж зээлдэгч энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл банк гэрээг цуцалсан тохиолдолд зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч зээлдэгчийн бусад хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангана гэж заасан атлаа зөвхөн Н.Тгийн тэтгэврийг үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэрэгслээр заажээ. Хамтран зээлдэгч гэх А.С нь хаана ямар ажил эрхэлдэг, хэдий хэмжээний цалин хөлс авдаг болох нь зээлийн  гэрээ болон хавсралтанд огт  тусгагдаагүй байна. Зээлдэгч Н.Т нь гэрээнд тусгагдсан эрх үүргээ хэрэгжүүлж байсан, түүний нас барснаар ирээдүйд орж ирэх байсан тэтгэврийн орлого, Нийгмийн Даатгалын Сангаас Олгох Тэтгэвэр Тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар өндөр настны тэтгэврийг даатгуулагч нас барсны дараагийн сар дуустал олгон гэснээр зогссонд хамтран үүрэг гүйцэтгэгч А.С нь гэрээний үүргээ биелүүлээгүй гэх үндэслэл болохгүй байна. Гэрээний тохиролцоо нь  ирээдүйд авах тэтгэврээ барьцаалж зээл авсан Н.Тд холбогдолтой болохоос бус хамтран үүрэг гүйцэтгэгч гэж заагдсан боловч өөрийн цалин, орлого, хөрөнгө, эрх барьцаалаагүй, өндөр насны тэтгэврийн эрхийн талаар ямар нэгэн үүрэг хүлээгээгүй. А.Сээс шаардах хууль зүйн үндэслэл, гэрээгээр шаардах үндэслэл тогтоогдохгүй байна. Зээлдэгч Н.Т нь 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр нас барснаар Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар үүргийн гүйцэтгэл, үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан тохиолдолд тэтгэврийн зээлийн үүрэг зээлдэгч нас барснаар дуусгавар болох тул хариуцагч А.Сээс тэтгэврийн зээлийн үлдэгдэл төлбөр 2095616 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Хариуцагч А.С нь зээлийн төлбөрт 432000 төгрөг төлсөн асуудалд шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй  байна.

            Зохигчид нь зээл, зээлийн хүү, хүүгийн тооцооллын талаар  болон зээлдэгч  А.Т нас барсан талаар маргаагүй болно. Банк нь зээлийн гэрээний 2.1.6-д заасны дагуу зээлдэгч А.Тгийн нас барсны оршуулгын тэтгэмж 1000000 төгрөг, нас барсны дараа сарын тэтгэвэр 216000 төгрөгийг тус тус үүргийн гүйцэтгэлд суутган авсан байна.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 240 дүгээр зүйлийн 240.1.2, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар Төрийн банкны Зүүнхараа салбар нэхэмжлэлтэй хариуцагч А.Сээс  тэтгэврийн зээлийн үлдэгдэл төлбөр  2095616 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэд нь  хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 48480 төгрөгийг,Төрийн сангийн 130400941 тоот дансанд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс  хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 4.Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч, этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас   хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                             Б.АЛТАНЦЭЦЭГ