Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржготовын Чанцалням |
Хэргийн индекс | 128/2017/0502/З |
Дугаар | 196 |
Огноо | 2018-03-27 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 196
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, бүрэлдэхүүнд шүүгч Н.Дуламсүрэн, шүүгч С.Төмөрбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “2” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М. Э
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга
Гуравдагч этгээд: Б.Б
Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Б/84 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан бүх хугацааны хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгуулах, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Б/84 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар урьд эрхэлж байсан албан тушаалд томилоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн томилoхыг даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Э , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б , гуравдагч этгээд Б.Б , иргэдийн төлөөлөгч О.Х , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч М.Э 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие төрийн албан хаагчийн ёс журмын дагуу ажил албан үүргээ гүйцэтгэж байсан. Гэтэл манай байгууллагад бүтцийн өөрчлөлт хийгдэж, 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр албан хаагчдыг цуглуулаад Б/84 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар ажилчдыг ажлаас нь чөлөөлж, уг тушаалын 2 дугаар хавсралтаар буцааж ажилд нь томилсон боловч намайг бүр мөсөн ажлаас чөлөөлсөн байдаг. Миний бие шүүхэд урьд эрхэлж байсан албан тушаал, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.
Хоёр. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/802 дугаартай захирамжаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын орон тоо, нэрсийн жагсаалтыг баталсан байдаг. Энэ захирамжийн дагуу Сүхбаатар дүүргийн Засаг даргын А/401 дугаартай захирамж гарсан. Дээрх захирамжийг үндэслэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын Б/249 дугаартай тушаалыг баталж, дүүргийн Засаг даргын бүтэц орон тоог шинэчлэн баталсан. Бүтэц орон тоог шинэчлэн батлахдаа Төлөвлөлт, гүйцэтгэл, хяналт шалгалтын хэлтсийн гүйцэтгэлийн хяналт шинжилгээний хэлтэс нь 7 орон тоотой ба үүний 5 нь төрийн жинхэнэ албан хаагч, 2 нь төрийн үйлчилгээний албан хаагчийн бүтэцтэйгээр батлагдсан байдаг. 2016 оны дүүргийн Засаг даргын Тамгын газрын жилийн эцсийн үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ хийхээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ажлын хэсэг байгуулагдан Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааг шалгасан.
2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 2/418 дугаартай “Ажлын хэсгийн зөвлөмж” манай байгууллагад ирэхдээ Монгол Улсын Засгийн газрын 2016 оны тогтоол, нийслэлийн Засаг даргын А/32 дугаартай захирамжийн дагуу ажиллаагүй, бүтэц орон тоог хэтрүүлсэн байна гэсэн. Үүнтэй холбогдуулж дүүргийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/107 дугаартай захирамж гарсан. Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын Б/84 дугаартай тушаалаар Төлөвлөлт, гүйцэтгэл шинжилгээний хэлтсийн орон тоо 7 байсныг 6 болгож, үүний 4 нь төрийн захиргааны албан хаагч, 1 нь төрийн үйлчилгээний албан хаагч, 1 нь норматив гэсэн бүтэц батлагдсан. Энэ талаарх мэдэгдлийг 2017 оны 10 дугаар сарын 16, 17-ны өдрийн Захиргаа, хуулийн хэлтсийн хурал дээр бүтэц батлах тухай мэдэгдсэн. Тухай үед нэхэмжлэгч М.Э Захиргаа, хуулийн хэлтэст ажиллаж байсан. Маргаан бүхий акт гарсантай холбоотой 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Төлөвлөлт гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн хуралд хэлтсийн дарга нь нийслэлийн Засаг даргаас ирсэн зөвлөмжийг танилцуулж “дотоод бүтэц өөрчлөгдөнө” гэж хэлсэн. Энэ баримт хэрэгт авагдсан байгаа. Ингээд нэхэмжлэгч М.Э , гуравдагч этгээд Б.Б нарын ажиллаж байсан ажлын байр буюу Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, үндсэн чиглэл хариуцсан мэргэжилтний ажлын байрны чиг үүрэгтэй нэхэмжлэгчийн Төлөвлөлт, гүйцэтгэл, хяналт, шинжилгээний асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байрны чиг үүргийг нэгтгэсэн. Гэхдээ дээрх нэгтгэсэн чиг үүргүүдээс хасагдсан, нэмэгдсэн зүйл байгаа. Б/84 дугаартай захирамжийн дагуу нэхэмжлэгчийн ажлын байр хасагдсан тул ажлаас нь чөлөөлсөн. Дүүргийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/86 дугаартай тушаалаар М.Э тай ажлыг нь хүлээлцэж, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасны дагуу 2 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгосон. Үүнийг нэхэмжлэгч авсан ба ямар нэг өргөдөл гомдол гаргаагүй. Нэхэмжлэгчийг ажиллаж байсан албан тушаал аль хүнийг нь ажилд авах талаар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүний нөөцийн хэлтэс, Захиргаа удирдлагын зүгээс хэн нь илүү энэ албан тушаалд мэргэшсэн, ур чадварын тал дээр дүгнэлт гаргасан байдаг. Ингэж дүгнэхдээ нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн 2015, 2016, 2017 онуудын жилийн эцсийн үр дүнгийн гэрээний биелэлтийг харгалзан үзсэн. Үр дүнгийн гэрээг дүгнэхэд нэхэмжлэгч М.Э нь 2015, 2017 онд “B” үнэлгээтэй, харин гуравдагч этгээд Б.Б “А” үнэлгээтэй байсан тул Б.Б ийг дүүргийн Засаг даргын Үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтнээр томилсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэв.
Гурав. Гуравдагч этгээд Б.Б 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2013 онд төрийн албан хаагчийн шалгалт өгөөд 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газарт Захиргаа, хуулийн хэлтсийн үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, зөвлөлийн хурал, шуурхай зөвлөгөөн хариуцсан мэргэжилтнээр ажилд орсон. Намайг ажилд орох үед М.Э нь хяналт шинжилгээ хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан. Ингээд 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр бүтэц шинэчлэн батлах тухай яригдсан. Энэ талаар манай байгууллагын Захиргаа, хуулийн хэлтсийн дарга н.Ганбаатар хэлтсийн хурлыг хуралдуулж хэлсэн байдаг.
2016 онд бүтэц өөрчлөгдөж нэхэмжлэгч М.Э тай цуг Төлөвлөлт, гүйцэтгэл, хяналт шинжилгээний хэлтэст харьяалагдах болсон. 2017 оны 04 дүгээр сард дахин бүтэц орон тоо өөрчлөгдөх болсон. Энэ өөрчлөлт нь Монгол Улсын газар хэмнэлтийн горимд шилжиж байгаатай холбоотой Нийслэлийн Засаг даргын А/832 дугаартай захирамжаар бүтэц, орон тоог баталж, баталсан орон тооноос хэтрүүлсэн байгаа тул зөрчлийг арилгаж, баталсан орон тоогоор ажиллахыг үүрэг болгосон зөвлөмж ирсэн байдаг. Энэ талаар хэлтсийн хурал дээр н.Бямбасүрэн дарга бүх хүнд хамааралтай гэдгийг хэлж байсан. Тухайн үед бүтэц өөрчлөгдсөнтэй холбоотой зарим албан хаагчдыг өөр хэлтэс рүү, заримыг нь хороо руу явуулна гэсэн яриа гарсан ба хурал дээр энэ талаар хэлтсийн дарга тодорхой ярьсан. Миний бодлоор манай хэлтэс Төрийн захиргаа, удирдлагын хэлтэстэй нэгтгэгдэж магадгүй гэж бодож байсан юм. 2017 оны 04 дүгээр сарын бүтэц батлагдсантай холбоотой бүх ажилчдыг албан тушаалаас нь чөлөөлж томилсон байдаг. Энэ үеэр нэхэмжлэгчийн ажлын байр хасагдаж, харин миний хуучин ажиллаж байсан ажлын байрны чиг үүрэг өөрчлөгдсөн. Дүүргийн Засаг даргын баталсан тушаалын дагуу миний бие шинэ ажлын байранд ажиллах болсон. Миний хувьд хууль зүйн талаар мэдлэг байхгүй, өнөөдөр ямар шалтгааны улмаас шүүх хуралдаанд гуравдагч этгээдээр оролцож байгаадаа гайхаж байна. Би энэ албан тушаалд ажилд орохдоо М.Э ыг чөлөөлүүлж оронд нь томилогдоогүй. Бид 2 анх тус тусдаа албан тушаалд ажиллаж байсан хүмүүс. Одоо бол бид 2-н ажлын байр нэгдэж нэг болсон байгаа. Магадгүй шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэвэл миний эрх ашиг зөрчигдөх байх. Би анх ажилд орсон үе буюу 2015, 2016, 2017 онуудад жилийн эцсийн үр дүнгийн гэрээний биелэлт “А” үнэлэгдэж байсан ба өөрийнхөө төвшинд ажил үүргээ хангалттай биелүүлж байгаа гэж бодож байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ирсэн шалгалтын комисс миний ажлын үр дүнгийн талаар хэлж байсан” гэв.
Дөрөв. Иргэдийн төлөөлөгч О.Х 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Ажил нь нэгтгэгдсэн тул нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн авах боломжгүй” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Б/86 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, мөн өдрийн Б/84 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтын Б.Б т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төлөвлөлт, хэрэгжилт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” гэж тодорхойлж байгаад “Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Б/84 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн Гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн томилoхыг, ажилгүй байсан бүх хугацааны хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын даргад даалгуулах, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Б/84 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар урьд эрхэлж байсан албан тушаалд томилоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох” гэж тодруулжээ.
Хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгч М.Э ыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “М.Э ыг албан тушаалд томилох тухай” Б/140 тоот тушаалаар Захиргаа хуулийн хэлтсийн Хяналт шинжилгээ, үнэлгээний асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилж, улмаар дахин Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Батлагдсан бүтэц, орон тооны дагуу ажилтан, албан хаагчдыг чөлөөлж, албан тушаалд томилох тухай” Б/249 тоот тушаалын хоёрдугаар хавсралтаар Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн Гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилж, мөн Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн дугаар Б/86 тоот тушаалаар “Засаг даргын Тамгын газрын шинэчлэн батлагдсан бүтэц, орон тооны өөрчлөлтөөр Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтний орон тоо хасагдсан” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг тус албан тушаалаас чөлөөлсөн үйл баримт болжээ.
Нэхэмжлэгч тал “Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтцэд гүйцэтгэлийн хяналт шинжилгээний ажил хэвээр байгаа бөгөөд орон тоо цөөрүүлсэн тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу аль илүү шаардлага хангаж байгаа албан хаагчийг цөөрсөн орон тоонд шалгаруулан ажиллуулахаар байхад энэ талаарх ажиллагаа хийлгүй намайг чөлөөлсөн нь хууль бус” гэж, харин хариуцагч тал “дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай захирамжийн дагуу хоёр албан тушаал нэгтгэж Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төлөвлөлт, хэрэгжилт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтэн гэсэн албан тушаал бий болгож хоёр албан тушаалд ажиллаж байсан хоёр хүнийг үр дүнгийн гэрээний биелэлтээр дүгнэж “А” үнэлэгдсэн тул ур чадварыг үнэлсэн” гэж маргаж байгаа болно.
Шүүх болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, нэхэмжлэлийн шаардлагыг дараахь байдлаар дүгнэлээ.
1. “Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Б/84 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн томилoхыг, ажилгүй байсан бүх хугацааны хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Нийслэлийн Засаг дарга 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “Дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны үлгэрчилсэн жагсаалтыг батлах тухай” А/832 дугаар захирамжийн 2 дахь заалтаар дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг 2.1-т “Төрийн захиргааны удирдлагын хэлтэс” /Хууль зүйн тасаг, Архивын тасагтай/ 2.2-д “Санхүү, төрийн сангийн хэлтэс”, 2.3-д “Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт шинжилгээний хэлтэс”, 2.4-д “Нийгмийн хөгжлийн хэлтэс, 2.5-д “Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс”, 2.6-д “Хүнс, Худалдаа үйлчилгээний хэлтэс”, 2.7-д “Цэргийн штаб” байна гэж баталж, Сүхбаатар дүүргийн Засаг дарга нийслэлийн Засаг даргын А/832 захирамжид нийцүүлэн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн “Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/106 дугаар захирамжийн 2 дахь заалтаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг баталжээ.
Ингээд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга дээрх захирамжуудыг үндэслэн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр “Батлагдсан бүтэц, орон тооны дагуу ажилтан, албан хаагчдыг чөлөөлж, албан тушаалд томилох тухай” Б/84 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн баталсантай холбогдуулан тус газрын ажилтан, албан хаагчдыг бүгдийг нь албан тушаалаас чөлөөлсөн байна.
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоо өөрчлөгдөж, зарим орон тоо хасагдаж, нэгтгэгдэж, албан тушаалын нэршил өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны Б/84 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар Тамгын газрын бүх албан хаагчдыг албан тушаалаас чөлөөлсөн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх боломжгүй бөгөөд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга нь дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтны бүтэц орон тоог шинэчлэн баталсан захирамжид нийцүүлэн тус байгууллагын бүтэц, орон тоог шинэчлэн баталж ажиллах үүрэгтэй тул 2017 оны Б/84 дүгээр захирамжийн 1 дүгээр хавсралтад нэр дурьдагдсан ажилтан, албан хаагчдыг албан тушаалаас чөлөөлсөн нь нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчсөн гэж үзэх боломжгүй байна.
Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т “Төрийн албан хаагчид албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно” гэж, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-д “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон”, 69 дүгээр зүйлийн 69.1-д “энэ хуулийн 36.1.2-д заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгчийг ажлаас халсан тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилох шүүхийн шийдвэр гарсан бол ажилгүй байх бүх хугацаанд урьд нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор байна.
Харин нэхэмжлэгч М.Э ыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн томилoх хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэж, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төлөвлөлт, хэрэгжилт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд сонгон шалгаруулалт явуулах эрхээ захиргааны байгууллага хэрэгжүүлээгүй нь хууль бус болохыг тогтоож байгаа нөхцөлд нэхэмжлэгч сонгон шалгаруулалтанд орж, тус ажлын байрны шалгуур үзүүлэлтийг хангаж, тухайн албан тушаалд томилогдсон тохиолдолд ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлсөө нэхэмжлэх эрхтэй байна.
Өөрөөр хэлбэл Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын хэнийг томилохыг шийдвэрлэсэн захиргааны шинэ акт гарсны дараа нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг нэхэмжлэх эрх нь нээлттэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн Гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилуулах шаардлагыг хангах хуулийн үндэслэлгүй байна.
Учир нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны Б/84 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтад М.Э ыг Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалаас, Б.Б ийг тус хэлтсийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төлөвлөлт, хэрэгжилт хариуцсан мэргэжилтний албан тушаалаас тус тус чөлөөлж, хоёрдугаар хавсралтаар Б.Б ийг Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төлөвлөлт, хэрэгжилт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилж, М.Э ыг “орон тоо хасагдсан” гэсэн үндэслэлээр томилоогүй байна.
Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төлөвлөлт, хэрэгжилт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалын болон нэхэмжлэгчийн өмнө эрхэлж байсан Гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалын ажлын байрны тодорхойлолтоор Гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалын чиг үүрэг Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төлөвлөлт, хэрэгжилт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалын чиг үүрэгт бүгд шилжсэн болох нь тогтоогдож байхад хариуцагчийн “нэхэмжлэгчийн ажлын байр хасагдсан” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм
Мөн нэхэмжлэгч “албан тушаалын орон тоо нэгтгэгдэж цөөрсөн тохиолдолд хуулийн дагуу сонгон шалгаруулалт явуулахгүйгээр намайг ажилд томилоогүй нь хууль бус” гэж тайлбарлаж байгаа атлаа Гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилуулах шаардлага гаргаж байгаа нь биелэгдэх боломжгүй байна.
Мөн нэхэмжлэгчийн буцаан томилуулахыг хүсч байгаа Гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаал нь Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төлөвлөлт, хэрэгжилт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалтай нэгтгэгдэж Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төлөвлөлт, хэрэгжилт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтэн гэсэн албан тушаал бий болсон бөгөөд нэхэмжлэгчийн томилуулахыг хүссэн Гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаал нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын шинэчлэн батлагдсан бүтэц, орон тоонд байхгүй болно.
Шүүхээс Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Б/84 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар урьд эрхэлж байсан албан тушаалд томилоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар дүгнэж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Б/84 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар Б.Б т холбогдох хэсгийг гурван сарын хугацаатайгаар түдгэлзүүлсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн ажилд томилуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож байна.
2. “Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Б/84 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар урьд эрхэлж байсан албан тушаалд томилоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн “Батлагдсан бүтэц, орон тооны дагуу ажилтан, албан хаагчдыг чөлөөлж, албан тушаалд томилох тухай” Б/84 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн баталсантай холбогдуулан тус газрын ажилтан, албан хаагчдыг албан тушаалаас чөлөөлж харин тус тушаалын 2 дугаар хавсралтаар буцаан томилогдоогүй хүмүүсийн дотор “орон тоо хасагдсан” гэх үндэслэлээр Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн Гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсанд нэхэмжлэгч багтаж, 2 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэгт хамрагджээ.
Нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрч “Тамгын газрын бүтцээс миний ажлын байр хасагдаагүй бөгөөд Гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний ажил хэвээр хадгалагдаж үлдсэн байхад Тамгын газрын даргын тушаалаар Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төлөвлөлт, хэрэгжилт хариуцсан мэргэжилтнийг Төрийн албаны тухай хуулийн дагуу тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа байдлыг шалгаруулахгүйгээр шинээр батлагдсан Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төлөвлөлт, хэрэгжилт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтнээр Б.Б ийг шууд томилсон нь хууль бус” гэж тайлбарлаж байгаа болно.
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтэн М.Э ын болон Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төлөвлөлт, хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Б.Б нарын албан тушаалын хэрэгжүүлэх чиг үүргийг нийлүүлж, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төлөвлөлт, хэрэгжилт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтэн гэсэн нэг албан тушаалыг бий болгож, хоёр орон тоог нэг болгож цөөрүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Б/84 дугаар тушаалын 2 болон 3 дугаар хавсралт, мөн тус Тамгын газрын даргын мөн өдрийн А/106 дугаар тушаалын хавсралт Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төлөвлөлт, хэрэгжилт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтний болон Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төлөвлөлт, гүйцэтгэл хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбараар тус тус нотлогдож байна.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “... тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаалын орон тоо цөөрсөн бол тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг шалгаруулж авах”-аар зохицуулсан бөгөөд хариуцагчаас дээрх хуулийн заалтын хэрэгжүүлэх үүргээ биелүүлж сонгон шалгаруулалт явуулалгүйгээр Б.Б ийг шинээр бий болсон Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төлөвлөлт, хэрэгжилт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтний ажилд шууд томилж, харин нэхэмжлэгчийг орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлж, тэтгэлэг олгохоор шийдвэрлэсэн нь хуулийн дээрх заалттай нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...М.Э нь 2016 оны бүтэн жилийн үр дүнгийн гэрээний биелэлтээр “B” үнэлэгдсэн, харин Б.Б “А” үнэлэгдсэн тул 2 албан хаагчийн илүү ур чадвартайг нь томилсон” гэсэн тайлбар нь Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолын Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан “...шалгаруулж авна...” гэдгийг эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр томилогдсон бүрэлдэхүүн, ажлын хэсэг /комисс/-ийн дүгнэлтийг үндэслэн ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа ажилтныг сонгохыг хэлнэ” гэж гэж тайлбарласантай нийцээгүй байна.
Зүй нь хариуцагч нь Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төлөвлөлт, гүйцэтгэл хариуцсан мэргэжилтэн болон гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтэн албан тушаалыг нийлүүлэн нэг болгож, орон тоог цөөрүүлсэн тул дээрх 2 албан тушаалыг хашиж байсан албан хаагчдаас хэнийг нь Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төлөвлөлт, хэрэгжилт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохоо хуульд заасан шалгуур үзүүлэлтүүдийн дагуу сонгон шалгаруулсны үндсэн дээр шийдвэрлэх ёстой байжээ.
Тэгэхдээ уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн ганц үр дүнгийн гэрээний үнэлгээгээр бус Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т зааснаар албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг шалгаруулж авах байжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасан байх бөгөөд төрийн албан хаагчийг шалгаруулан томилох эрх нь томилох эрх бүхий албан тушаалтанд байх тул шүүхээс энэхүү ажиллагааг гүйцэтгэх боломжгүй юм.
Иймд шинээр бий болсон Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төлөвлөлт, хэрэгжилт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд М.Э , Б.Б нарын хэнийг томилохыг шийдвэрлэсэн захиргааны шинэ акт гаргах хүртэл 2017 оны Б/84 дүгээр тушаалын Б.Б т холбогдох хэсгийг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д “Энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тогтоох хэсэгт тусгана” гэж заасан байна.
Дээрх зохицуулалтаас үзэхэд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга нь шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд Гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалыг хашиж байсан албан хаагч болон Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төлөвлөлт, гүйцэтгэл хариуцсан мэргэжилтний албан тушаалыг хашиж байсан албан хаагчдын дунд сонгон шалгаруулалт явуулж, хэнийг томилохоо шийдвэрлээгүй тохиолдолд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн дугаар Б/84 тоот тушаалын 2 дугаар хавсралтын Б.Б т холбогдох хэсэг хүчингүй болох болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.11 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 14 дүгээр зүйлийн 14.1, 27 дугаар зүйлийн 27.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан иргэн М.Э ын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Б/84 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн Гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн томилoх, ажилгүй байсан бүх хугацааны хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн “Батлагдсан бүтэц, орон тооны дагуу ажилтан, албан хаагчдыг чөлөөлж, албан тушаалд томилох тухай” Б/84 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтын Б.Б т холбогдох хэсгийг захиргааны байгууллага дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш арван дөрөв хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ
ШҮҮГЧ Н. ДУЛАМСҮРЭН
ШҮҮГЧ С.ТӨМӨРБАТ