Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
Хэргийн индекс | 181/2018/00351/И |
Дугаар | 001/ХТ2018/01316 |
Огноо | 2018-10-04 |
Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 001/ХТ2018/01316
Б.Гын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2018/00537 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 991 дүгээр магадлалтай,
Б.Г-ын нэхэмжлэлтэй
СДЗДТГ-т холбогдох,
Ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 7.496.256 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.
Нэхэмжлэгч Б.Г-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие СДЗДТГ-ын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/249 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Уг тушаалыг эс зөвшөөрч захиргааны хэргийн шүүхэд хандаж улмаар шүүхийн шийдвэрээр урьд эрхэлж байсан СДЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, сарын үндсэн цалин 733.863 төгрөгөөр тооцож, ажилгүй байсан хугацааны буюу 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нийт 92 хоногийн цалин хөлстэй тэнцэх 3.184.672 төгрөг, нэмэгдэл 636.934 төгрөг, нийт 3.821.606 төгрөг олгохоос бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлөгдсөний тэтгэмж 2.201.589 төгрөгийг хасч үлдэгдэл 1.620.017 төгрөгийг Б.Гт олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг Сүхбаатар дүүргийн дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгасан. Гэвч өнөөдрийг хүртэл албан тушаалдаа томилогдоогүй ба Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр гарснаас хойш цалин хөлс олгогдоогүй, ажлын 180 өдөр үндсэн цалин болон нэмэгдлээ авч чадаагүй, цалин нэмэгдэл орлогогүй, иргэний хууль ёсны эрх ашиг хохирсоор өдийг хүрсэн. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт үндсэн цалин болон нэмэгдлийг тооцохдоо заагдсан үндсэн цалинг 1 өдрийн 34.616 төгрөг, нэмэгдлийг 20 хувиар тооцож, Сүхбаатар дүүргийн тамгын газраас 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс өнөөдрийг хүртэл ажлын 180 өдрийн үндсэн цалин 6.230.880 төгрөг, нэмэгдэл 1.246.176 төгрөг нийт 7.477.056 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 19.200 төгрөг, нийт 7.496.256 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгчийг ажлаас халсан гомдлоор Захиргааны хэргийн 3 шатны шүүхийн шийдвэр гарсан. СДЗДТГ-аас 3 шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй талаар ямар нэгэн хүсэл зоригоо илэрхийлээгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Нэхэмжлэгч өөрөө шүүхийн шийдвэр биелүүлүүлэхээр дүүргийн удирдлагатай биечлэн ирж уулзаж, хүсэл зоригоо илэрхийлээгүй. Хамгийн сүүлд 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Улсын дээд шүүхээс шийдвэр гарсан. Ажил олгогч ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгох үүрэгтэй. Нэхэмжлэгчийн зүгээс албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлт гаргах эрхтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай холбоотой гомдлыг шүүхэд гаргана гэж заасан байдаг. Шүүхийн шийдвэрт заасны дагуу тухайн ажилтанг томилсон үйл баримт, тушаал байхгүй, тиймээс нэхэмжлэгчид шүүхэд нэхэмжлэл гаргах эрх үүсээгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу ажил олгогч тушаал, шийдвэр гаргах ёстой байсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэжээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2018/00537 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч СДЗДТГ-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 7.061.664 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Гт олгож, нэхэмжлэлээс 434.592 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134.890 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч СДЗДТГ-аас 127.937 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Г-т олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 991 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2018/00537 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Нэхэмжлэгч нь Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай хүсэлтээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон дүүргийн Засаг даргын тамгын газарт гаргаж байгаагүй бөгөөд хариуцагчийн зүгээс дээрх шийдвэрийг биелүүлэхгүй гэсэн ямар нэгэн үйлдэл, эс үйлдэхүйг нэхэмжлэгчид илэрхийлээгүй. Шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжийг хариуцагчид олгоогүй байж шүүхэд нэхэмжлэл гаргаж, түүнийг нь шүүх шийдвэрлэж байгаа нь төсвийн мөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулах нөхцөлийг бүрдүүлж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн томилсон тушаал гарч, түүнд ажилгүй байсан хугацааны цалинг олгоогүй тохиолдолд ажилгүй байсан цаг хугацааны цалинг нэхэмжлэх эрх үүсэх байсан. Гэтэл шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хангасан. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Б.Г нь СДЗДТГ-аас ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 7.496.256 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөөгүй байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Б.Г СДЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргын ажлаас үндэслэлгүй халагдасныг дүгнэж, ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорыг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулж шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2017/0367 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна.
Шүүхийн шийдвэрийг аливаа иргэн, албан тушаалтан заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ хариуцагч СДЗДТГ- биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар шаардах эрхтэй байна.
Иймд нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн шийдвэр хууль зөрчөөгүй.
Ажилтанг ажилд эгүүлэн авах шийдвэрийг ажил олгогч өөрөө гаргаж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг хууль шаарддаг ба албадлагын журмаар буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаагүй нь ажлаас буруу халсны улмаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг ажилтанд олгох хуульд заасан үүргээс хариуцагчийг чөлөөлөх үндэслэлгүй байна.
Иймд гомдлыг хангахгүй орхиж шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2018/00537 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 991 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.АЛТАНЧИМЭГ