Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 1372

 

  2020        07         27                                          2020/ШЗ/1372

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                 

 

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,

    шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,

     улсын яллагч Н.Дуламсүрэн,

     хохирогч Б.Бтүүний өмгөөлөгч С.Чинзориг,

     шүүгдэгч М.М, түүний өмгөөлөгч Э.Шинэзориг, нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

                        Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт М.М д холбогдох эрүүгийн 1806 02362 0691 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                        Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, Б овогт М.М,

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч М.М нь 2018 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Б чулуугаар цохиж эрүүл мэндэд нь зулай ясны цөмөрсөн хугарал, зулайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зулай дагзны хуйханд цус хуралт, зулайн хуйханд шарх бүхий хүнд хохирол учруулсан хэрэгт холбогджээ.    

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

    Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.М мэдүүлэхдээ: “…2018 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хэрэг гарсан. Байцаалт нь явсаар байгаад 1 жилийн хугацаа өнгөрсөн. Мөрдөн байцаагчаас юу болж байна вэ? гэхээр “чи тайван байж бай” гэж хэлсэн. Тухайн өдөр 21 цаг 30 минутын үед  ажилдаа ирсэн. Тухайн үед Увс аймгийн хүлээн авалт болж байсан. Би ажилдаа ирчихээд дээшээ гараад ресепшний хажууд хоол идээд сууж байсан. Тэгэхэд ресепшин гадаа зодоон болоод байна “чи гарч асуудлыг шийдвэрлэ” гэж хэлсэн. Тэгээд хоолоо үлдээчихээд бууж байхад өөдөөс Т “3 залуу зодоон хийгээд нүүр ам руу нь өшиглөөд цус болсон хэвтэж байна” гэж хэлсэн. Тэгээд гараад зодсон хүн нь хаана байгаа юм бэ? гэхэд нэг хүүхэн орилоод “манай найзыг аймаар зодчихоод Ботаник руу чиглээд явчихлаа” гэж хэлсэн. Тэгээд Т г араас нь очоод дуудаж ирээд энэ хүнийг эмнэлэгт үзүүл гэж хэлэхэд энэ 2 ахыг ингээд зодчихсон юм чинь намайг зодчихно. Хамт явъя гэж хэлсэн. Тэгээд Т түрүүлээд явсан. Тэгэхэд эдгээр хүмүүс контейнерээр ороод над руу чулуу ирээд намайг зодох гээд дайрсан. Нэгийг нь хажуу тийшээ түлхчихээд зам гараад явсан. Тэгээд зам гараад явахад араас нь бор савхитай залуу чулуу шидээд Т ажлын урд талын Вьетнам засвар руу орсон. Тэгэхээр нь “гараад ир наа хэд чинь согтуу хүмүүс байна” ажил руугаа оръё. Маргааш цагдаагийн байгууллага шийдвэрлэх байх гээд тэр орой нь ажил дээрээ хоносон. Гадаах хаалга бүгд онгорхой байсан. Караоке 4 цаг хүртэл ажиллаж байсан бөгөөд хүмүүс ерөөсөө орж ирээгүй. Тэгээд ресепшн гадаа 3 хүн ирчихлээ гэхээр нь камераар харахад канттай өмдтэй 3 залуу байсан. Зодоон хийсэн 3 залуу мөн байсан. Тэгээд буцаад цаашаа яваад өгсөн. 1-2 цагийн үед буцаж ирсэн. Зодуулсан хүмүүсийг нь эмнэлэг дуудаад үзүүлье гэхэд хүлээн авалтын хүмүүс алга болсон байсан учраас цагдаагийн байгууллагад дуудлага өгөөгүй. 2 хоногийн дараа хүрч ирээд О ахаас камерын бичлэг аваад явсан байсан. Тэгээд бид хоёрт камерын бичлэг шүүгээд явчихлаа гэж хэлсэн. Нүдний шилтэй залуу О ахыг таньдаг юм байна лээ. Цагдаагийн газар ажилладаг байж архи зардаггүй нэгний өдөр архи авна гэх мэт зүйл яриад байсан..” гэв

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Бмэдүүлэхдээ: “...Нутаг руугаа явах гээд танил найз, дүүтэйгээ хамт караоке явах гэж байсан. Манай дүү Их буурал төвд караоке байдаг тийшээ оръё гэж хэлсэн. Би хүний машинд суугаад нутаг руугаа явах гэж байсан. Тэр машинаар дүүгийндээ буулгуулаад үлдсэн. Явах машины уолооч залуутай пиво уух гээд найзтайгаа очиж байна гэсэн. Тэгээд А, Б нартай хамт дуулъя гээд дагуулж гарсан. Тухайн үед жоохон уусан байсан. Тэгээд энэ 2 ард юм яриад алхаж байсан. Би урд нь явж байсан. Тэгээд их буурал төв рүү орох гэж байхад өөдөөс 2, хоёроороо сугадалцсан залуу гарч ирсэн. Тэгээд эхний 2 залуу өнгөрөөд явсан. Дараагийн 2 залуу намайг мөрлөсөн. Тэгэхээр нь замаа хараад яваач гэж хэлсэн. Тэгээд явж байтал намайг шууд мөргөөд дайрсан. Би тэр залууг цохисон. Тэгтэл тэр хүмүүс бүгд над руу дайрсан. Тэгээд анх мөргөсөн залууг цохиж унагаагаад дайраад байхад манай дүү, найз 2 ирээд хальт зодоон болсон. Сүүлийн залууг хальт цохиод унангуут нь өшиглөсөн. Манай дүү намайг аваад явсан. Тэгээд намайг хурдан гүй. Араас олон хүмүүс гарч ирж байна гэж хэлсэн. Тэгээд зугтая гэж бодоод таксинд суух гэж байсан. Би нэг хүнийг ард утсаар ярьж байна гэж бодсон. Тэгэхэд гэрлийн шонгийн доор өндөр залуу ирчихээд нөгөө хэд чинь энд байна гээд утсаар яриад байсан. Миний хойно М.М ирснийг мэдээгүй. Тэр өндөр залуу над руу чулуу шидсэн гэж бодож байна. Би чулуу авах гээд тонгойсон түүнээс хойших үйл явдлыг санахгүй байна. Би нэг мэдэхэд дүүгийндээ очсон байсан. Тэгээд миний цус тогтохгүй байсан. Дүүгийн эхнэр юу болсон юм бэ? гэхэд гайгүй байлгүй дээ гэж хэлсэн. Тэгээд цусаа угаачихаад гэмтлийн эмнэлэг рүү явсан. Тэр хооронд юу болсон талаар санахгүй байгаа бөгөөд нэг мэдэхэд гэмтлийн эмнэлэгт оёо тавиулж байсан. Шарх хөндүүрлээд байхаар нь 0,33 граммын архи авч уусан. Тэгээд өглөө эмч яаралтай хагалгаанд ор гэж хэлсэн. Манай ард үлдсэн ах, дүү нар камерын бичлэгийг 72 цагийн дотор авах ёстой байдаг гээд бичлэгийг авсан байсан. Цохиулснаас хойш одоо цагдаа сэргийлэх болох байх гэж бодоод буцаад очтол бүгд тарсан байсан. Бид нар дотогшоо ороогүй. Миний толгойны яс цөмөрсөн учраас хагалгаанд орсон. Яс нөхөх хагалгаанд орсон. Би 14 хоногийн хугацаанд эмнэлгээр явсан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл унтаад сэрсэн газраа хүртэл санадаггүй. Тэр явдлаас хойш миний бие хэвийн бус болсон. Энд тэнд юм ярьчихаад юу ярьснаа санадаггүй. Одоо тархины асуудал хэвийн боловч сэтгэлд сэвтэй байдаг. Жоохон хүүхэд ирээд толгой руу цохичих вий гээд айдастай байдаг. Догшин морь унахаа больсон. Би группт орох боломжтой. Гэхдээ ороогүй байгаа. Учир нь эмнэлгийн асуудлаар гадагшаа явах шаардлага байгаа. Солонгос улсын Сэжүн медикал гээд эмнэлгээс хариу ирсэн. Төлбөрийн талаарх баримтыг тамга тэмдэгтэй нь хавтаст хэрэгт хавсаргасан. 7 хоногийн хугацаанд эмнэлэгт хэвтсэн, Оргил рашаан сувилалд 14 хоногийн хугацаанд хэвтэж эмчлүүлсэн. Нийт 2.000.000 төгрөгийн баримт өгсөн. Хөдөө орон нутгаас ирж очих гээд зардал их гарч байгаа хэдий ч эдгээр баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй. Авсан эмнийхээ баримтыг хүртэл өгөөгүй байгаа гэв.

Хавтаст хэргээс гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл /хх-н 13-14/, эмнэлгээс гарах үеийн эпикриз /хх-н 16-17/, компьютерт томографийн оношлогоо /хх-н 18-21/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 24-29/, хохирлын баримтууд /хх-н 32-46/, эд мөрийн баримтаар тооцогдсон сидинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 47-48/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Б оос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 52-57, 72-74/, гэрч Б.Бээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 58/, гэрч Ш.Огээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 59-60/, гэрчээр М.Маас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 61-64/, гэрч Л.Төөс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 66-67/, гэрч Б.А ээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 68-69/, гэрч М.Н с мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 71/, гэрч Д.С с мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 75/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 3656 дугаартай дүгнэлт /хх-н 77/, өвчний түүх /хх-н 78-86/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 90-91/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-н 119-122/, шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 132-135/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 340 дугаартай дүгнэлт /хх-н 138-140/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар М.Мын өгсөн мэдүүлэг /хх-н 148-150/ зэрэг болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.М нь 2018 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Б г чулуугаар цохиж эрүүл мэндэд нь зулай ясны цөмөрсөн хугарал, зулайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зулай дагзны хуйханд цус хуралт, зулайн хуйханд шарх бүхий хүнд хохирол учруулсан хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Шүүгдэгч  М.М нь 2018 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Быг чулуугаар цохиж эрүүл мэндэд нь зулай ясны цөмөрсөн хугарал, зулайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зулай дагзны хуйханд цус хуралт, зулайн хуйханд шарх бүхий хүнд хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:     

Хохирогч Б.Бн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн... би тэр хоёрын урд нь яваад түрүүлээд караоке руу орох гэж явж байтал 2 залуу надтай зөрөөд, тэдний урд явж байсан 2 залуугийн нэг нь буюу миний баруун гар талын залуу нь намайг мөрлөөд намайг замаа харж яваач гээд доромжилсон үг хэлсэн, яг юу гэж хэлснийг нь санахгүй байна. Тэгснээ шууд над руу нүүр рүү мөргөөд дайрсан, би зөрүүлээд уг залуугийн шанаа руу гараараа 1 удаа цохисон, эхэлж өнгөрсөн 2 залуу болон намайг мөрлөсөн залуутай хамт явж байсан 1 залуу над руу бүгдээрээ дайрсан, тэгээд харилцан зодоон болж эхэлсэн. Камерийн бичлэг дээр тодорхой харагдах байх, Манай дүү А Б хоёр ирээд салгасан, салгасны дараа би мөрлөсөн залууг цохисон. Тэгээд Б, А бид нар тэндээс явсан. Б, А хоёр надаас түрүүлээд гүйсэн, би араас нь 30-40 метрийн зайтай явсан ба намайг Их буурал караокегаас гараад 100-аад метр явж байхад миний ард 30-40 метр зайтай өндөр, намхан хоёр залуу гүйж ирээд нэг нь гар утсаар яриад “Нөгөө хэд чинь энд байна,хүрээд ир гэх шиг болсон. Намайг эргээд хартал миний зүүн нүд чулуунд оногдсон, би гүйж очоод өндөр залуутай нь зууралдсан чинь /өндөр залуутай цохилцоогүй/ нөгөө нэг залуу нь миний ардаас толгойн зүүн зулай хэсэгт чулуугаар цохисон, тэгээд л би ухаан алдаж унасан, тэрнээс хойш би юм санахгүй байгаа, нэг мэдэхэд дүүгийн гэрийн гадаа очсон байсан. Миний толгойны цус тогтохгүй гоожоод байсан. Тэр шөнөдөө би гэмтлийн эмнэлэг явж үзүүлж зүүн хөмсөг, толгойндоо оёдол тавиулсан. Чулуугаар цохиулаад унахад миний хацар язарч мөн оёдол тавиулсан.

Гэрч Б.Б н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  Маргаан болсон шалтгаан нь Б ахтай уг залуучуудын нэг нь санамсаргүйгээр мөрлөсний улмаас үл таних нэг залуу нь ах  Б н нүүрэн тус газарт нь цохисон. Тэгээд би найз А н хамт салгаад согтуу хүмүүстэй зодоон цохион болох юм байна, буцааж явъя гээд дотогш оролгүй үүднээс буцаад явсан. Тэгтэл бид гурвын араас костюм өмссөн 20 гаруй насны хоёр залуу гүйж ирээд ах Б н ар дагз хэсэг рүү нь чулуугаар цохиод шууд Их буурлаас замын эсрэг тал руу чигээрээ зугтаасан ба би араас нь гүйгээд гүйцээгүй тэднийг алдчихсан. Анх кароакены үүдэнд маргаан хийсэн залуусаас цохиогүй байх. Учир нь тэд нар дунд костюм өмссөн хүн байгаагүй. Харин би өнөөдөр Их буурал төвд ороход уг төвийн хамгаалагч хоёр залуу нь костюм өмссөн байна. Би өнөөдөр уг  төвийн камерийг шүүхэд бид нарыг явсаны дараагаар удалгүй уг төвийн хамгаалагч хоёр залуу араас гарч байгаа бичлэг нь байгаа. Би уг залуучуудыг цохьсон гэж таамаглаж байна. Би ахыг цохисон гэж таамаглаж байна. Яг цохисон гэж итгэлтэй хэлж чадахгүй байна гэх мэдүүлэг /хх-н 56-57/,

Гэрч Б.Б н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  Тэр өдөр буюу 2018 оны 03 дугаар сарын 10-11 нд шилжих шөнө Их буурал төвийн үүдэнд Б хэдэн хүмүүстэй муудалцаад харилцан цохилцоод салсан. Ингэж цохиолцоход Б н толгой нүүр аманд нь ил харагдах гэмтэл байгаагүй ба миний зүгээс салгах арга хэмжээ аваад Б, А нарыг дагуулан баруун тийш Оргил худалдааны зүг рүү явсан. Явж байх замд ардаас 2 залуу гүйж ирэн Бн толгойны ар дагз хэсэг рүү чулуугаар цохиж зам хөндлөн гарч Оргил худалдааны төвийн хашаан дотор гүйж зугатаасан. Миний зүгээс араас нь хөөсөн боловч Жанжин клуб руу явдаг замаар гүйгээд харанхуй гудамж рүү орсон учир гүйцэлгүй алдсан. Тэгээд тэр шөнөдөө Б г Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү дагуулж явж үзүүлэхэд шууд хэвтүүлсэн.

2018 оны 03 дугаар сарын 13-ны орой цагийг мэдэхгүй Их буурал төв дээр очиж захирал Огийн зөвшөөрснөөр би хяналтын камерийг шүүж үзээд араас ирээд Бн толгой руу чулуугаар цохисон залуу мөн болохыг таньж энэ хоёр хүн хэн вэ гэж Огээс асуухад Манай 2 хамгаалагч байна гэж хэлээд 2 хамгаалагч залуугаа дуудсан. Би уг 2 хамгаалагч залууг хараад шууд таниад цагдаад дуудлага өгсөн. Энэ 13-ны өдөр бас надаас гадана А Их буурал төв дээр ирж Бн толгой руу чулуугаар цохисон хүнийг харангуутаа мөн болохыг баталж цагдаад хэлсэн гэсэн мэдүүлэг /хх-н 59/,

Гэрч Ш.Огийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр болсон арга хэмжээнд оролцсон Нүүдэл гэх залуу над дээр ирж уулзаад уг арга хэмжээ болоод тарсан өдөр танай байгууллагын үүдэн дээр манайхны хоёр залуу үл таних 3 залууд зодуулаад бэртэж гэмтээд босч чадахгүй байна камер шалгаад өгөөч гэхээр нь би камераа шүүтэл 2018 оны 03 дугаар сарын 10-11 нд шилжих шөнө 1 цагийн орчимд уг арга хэмжээ тараад гарч ирж байгаа 3 залуу 1 эмэгтэйг, гаднаас 3 залуу ирж маргалдаж хоорондоо зодолдож байгаа бичлэг байсан ба зодолдож байгаад уг гаднаас ирсэн гэх 3 залуу дотогш орохгүй шууд буцаад явж байгаа бичлэг байсан. Тэгээд би ажилчидаасаа асуухад гадаа зодоон болоод байна гээд манай хоёр хамгаалагч гарсан байсан  гэсэн мэдүүлэг /хх-н 59-60/, п

Гэрч Л.Тийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: 2018 оны  03 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүрэгт байдаг Буянт их буурал ХХКомпанид дуудлагын зөөгчөөр ажилд ороод тэр шөнө нь ажилласан. 00 цаг өнгөрч байсан байх намайг карокед байж байхад танихгүй 1 охин -Гадаа хүн зодоод байна гэж хэлэхээр нь би дээшээ 3 давхар руу гарч хамгаалагч М ахыг дуудаад бид 2 хамт гарсан. Гарахад 3 залуу цаашаа гүйж байсан ба гадаа 1 хүн нүүрээ бариад доошоо хараад сууж байсан, очоод хартал гар нь цус болчихсон байсан, хаанаас нь цус гарсныг мэдэхгүй. М ах намайг -Цаад 3 хүнээ бариад аваарай гэж хэлэхээр нь би М ахад -Хоёулаа явъя гэхэд М ах миний араас гүйсэн, Тэр зугатсан 3 ах ертөнцийн зүгээр баруун зүг рүү гүйгээд 100-200 метр орчим гүйгээд шар чингэлэгийн хажуу руу 2 нь орсон, сүүлдэж гүйж байсан 1 ах гүйж байхдаа -Одоо эргээд харчих гэж хэлсэн чинь түрүүлж явсан 2 ах бид нар руу чулуу шидэхээр нь М ах чигээрээ Оргил худалдааны төв рүү зам хөндлөн гүйсэн, би зугатаагаад эргэж харахад шар куртиктэй ах М ахыг хөөж байсан, М ах Оргил худалдааны төвийн хашаагаар буцаж тойроод гүйж байсан, намайг Вьетнам засварын тэнд зогсож байхад М ахын араас хөөж байсан шар куртиктэй ах М ахыг хөөж байснаа болиод намайг хөөсөн, би зам хөндлөн гараад Оргил худалдааны төвийн хашаан дотор байсан М ах руу гүйсэн. Бид хоёрын араас шар куртиктэй ах хөөгөөд бид хоёр зүүн урагшаа гүйгээд баригдаагүй. М ах бид хоёр Жанжин клубын тэндээс тойроод ажил руугаа орсон... гэсэн мэдүүлэг /хх-н 66-67/,

Гэрч С.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...  Бид 3 тэдний гэрээс гараад Б нэг газар хэлээд Их буурал гээд кароакены үүдний хашаан дотор 4  залуу 2 эмэгтэй нар зогсож байсан бөгөөд Т хажуугаар нь зөрөх гэж байхад нэг юмнаас болж маргалдаад тэр 4 залуутай зууралдаад асуудал үүссэн. Б бид 2 араас нь гялс очоод салгах арга хэмжээ авсан. Тэр үед Тг нэг залуу нь гараараа нүүрэн тус газарт нэг удаа цохьсон. Тэгээд Б бид хоёр тэд нарыг салгаад Б бид 2 тэд нарыг салгаад Б Т бид хоёрыг сугадаад за больё эндээс  явцгаая гээд тэр залуучуудаас салаад Их буурал кароакены хашаанаас гараад ертөнцийн зүгээр баруун тийшээ явсан. Явж байхад Б саяны маргалдсан хүмүүс согтуу байх шиг байна. Олуулаа байсан араас зодох гээд хөөж магадгүй шүү хурдан явцгаая гээд бид 3 шогшоод Т Б 2 урд би ард гүйж байсан. Тэгээд гүйж байхад араас нэг хүн гүйгээд байх шиг чимээ гарахаар  зогсоод эргээд хартал  170 см орчим өндөртэй хар бараан хослолтой, үс нь 2 талаараа захалсан дээрээ бага зэргийн үстэй нэг залуу утсаар яриад араас явж байсан. Утсаар ярихдаа нөгөө залуус чинь зугатааж байна нөгөө хэдийгээ дагуулаад хүрээд ир гэж байсан. Тэр залуугийн араас бас адилхан хар хослолтой утсаар яриад яг ард явж байсан залууг бодвол арай өндөр туранхай бас нэг залуу явж байсан. Тэгэхээр би Т, Б хоёрт хандаад араас хөөж байна ш дээ гэсэн чинь Б тэгвэл гурвуулаа энэ булан эргээд харанхуйд ороод ийшээ зугтаая гээд бид 3 булан тойроод Б бид хоёр эргээд зам руугаа хараад Т бид хоёр луу хараад амьсгаагаа дарах гээд захад зогсож байхад утсаар яриад араас хөөж байсан залуу Тг чулуугаар толгойных нь ар дагз руу цохиод зугатаачихсан. Т цохиулаад өвдөг сөхрөөд унахад өмнө би түшээд авсан. Тэгээд би Тг дагуулаад арай гэрэлтэй газар очоод толгойг харахад дагзнаас нь цус гарч байсан... гэсэн мэдүүлэг /хх-н 68-69/,

Гэрч Д.С-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...  Уг камерийн бичлэгийг үзэхэд Би 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 24 цагаар жижүүрийн мөрдөгчөөр үүрэг гүйцэтгэж байсан. Үүрэг гүйцэтгэх хугацаанд 21 цагийн үед байх “Б Их буурал төвийн гадна зодуулсан” гзсэн дуудлагыг жижүүрээс хүлээн аваад Баянзүрх дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт байрладаг Их буурал төв дээр очсон. Очиход зодуулсан хүний найз, дүү нар нь /нэрийг нь мэдэхгүй/ Их буурал төвийн хяналтын камерыг шүүгээд байж байсан. Уг камерын бичлэгийг шүүж үзэхэд зодуулсан гэх Б нь зодуулсан гэх оройдоо найз, дүү нартайгаа гурвуулаа Их буурал төв руу ороод хэдэн хүмүүстэй муудалцаж зодолдож маргалдаад хашаанаас гарч явсаны дараа Их буурал төвд хамгаалагч ажилтай намхан нь буюу М нь өндөр Ттэй хамт Б нарын араас гүйж явсан бичлэг камерт бичигдсэн байсан. Бын дүү гэх залуу камерын бичлэгт бичигдсэн байсан хамгаалагч Мыг хараад бид нарын араас гүйж ирээд манай ахыг чулуугаар толгой руу нь цохисон хүн мөн байна, бид нар тухайн үед зугатаж байсан, би эргэж харахад ах Б газар унаж байхаар нь яваад очтол хамгаалагч залуу урагшаа гүйгээд зам гараад зугатаад явчихсан, араас нь хөегеөд барьж чадаагүй, ахыгаа авч явсан” гэж хэлсэн.  Тэгээд дүү Бийн зааж өгсөн хамгааалагч Мыг цагдаагийн хэлтэс рүү авч явж мэдүүлэг авахад: Би ажил дээрээ байж байтал Бармен эмэгтэй гадаа зодоон болоод байна гэхээр нь би гартал 3 залуу 1 залууд зодоод явчихаар нь араас нь гүйж очтол нөгөө 3 залуу газраас чулуу аваад над руу шидэхээр би зөрүүлээд чулуу аваад шидтэл нэг хүн газар унасан, газар уначихаар нь би урагшаа зам гараад гэр хороолол дундуур гүйгээд гэр хороололын гудамжинд 1 цаг гаран байж байгаад ажил дээрээ очсон гэсэн мэдүүлэг өгсөн.  М, Т нарын нэрийг би тухайн үед дуудлагаар очсоны дараа нэрийг нь мэддэг болсон гэсэн мэдүүлэн /хх-75/,

Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 3656 дугаартай:

1.Б.Бын биед зулай ясны цөмөрсөн хугарал, зулайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зулай, дагзны хуйханд цус хуралт, зүүн хөмсөг, зулайн хуйханд шарх, дух, хамрын нуруунд зулгаралт, зүүн сарвууны 1 дүгээр хуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссан байх боломжтой.

3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна гэсэн шинжээчийн дүнэлт /хх-77/,

Шинжээч эмч Б.Долгормаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Б.Бын биед зулай ясны цөмөрсөн хугарал, зулайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зулай, дагзны хуйханд цус хуралт, бүхий гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. зүүн хөмсөг, зулайн хуйханд шарх, дух, хамрын нуруунд зулгаралт, зүүн сарвууны 1 дүгээр хуруунд цус хуралт бүхий гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Гавал тархины цөмөрсөн хугарал нь тодорхой хязгаарлагдмал гадаргуутай хатуу мохоо зүйлээр цохих үед үүсгэгдэнэ.. гэсэн мэдүүлэг /хх-н 132-133/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 340 дугаартай:

        1.ГССҮТ-н №02538 тоот өвчний түүхийн хэсэг газрын үзлэгт бичигдсэн дагзны орчимд 4см орчим няцарсан шархтай, хуруугаар тэмтрэхэд яс илэрхий цөмөрсөн, 1см орчим гүнтэй. Яс гүн цөмөрсөн ба цөмөрсөн ясанд... хавчуулагдсан ... тархи цөмөрсөн ясанд дарагдалтай гэсэн нь дүгнэлтэнд тусгагдсан зулай яс цөмөрсөн хугарал, зулайн хуйхны шарх гэсэнтэй ижил ойлголт болно.

       2.Б.Бын биед учирсан зулай ясны цөмөрсөн хугарал, зулайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зулай, дагзны хуйханд цус хуралт, зулайн хуйх шарх зэрэг гэмтлүүд нь хязгаарлагдмал гадаргуутай мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

         3.4. Хохирогч Б.Бын биед учирсан зулай ясны цөмөрсөн хугарал, зулайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зулай, дагзны хуйханд цус хуралт, зулайн хуйх шарх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой ба уг гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т заагдсанаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн хөмсөгний шарх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдах ба мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Б.Бын биед учирсан дух, хамрын нуруунд зулгаралт, зүүн сарвууны 1-р хуруунд цус хуралт гэмтлүүд нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заагдсанаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй ба тус бүр мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-н 139-140/,

 

     Яллагдагч М.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... 2018 оны 03 дугаар сард байсан яг өдрийг нь бол санахгүй байна БЗД-ийн 10 дугаар хорооны нутаг дэвргэрт байрлах Их буурал төвд хамгаалагчаар ажиллаж байсан. Оройны 21 цагт ажилдаа ирээд ажиллаж эхэлсэн. Тэгээд пабд хоолоо идчихээд буудал шалгаад байж байсан. 23 цагийн орчим ресепшин Чулуунцэцэг камер хараад би цаад талынх нь өрөөнд юм идээд сууж байсан. Тэгтэл гадаа 3 залуу 1 залууг зодоод байна гэж хэлсэн. Тухайн үед зөөгч Т 1 давхарт байж байгаад намайг дуудах гэж явж байгаад караокены хаалган дээр таарсан. Төөс юу болсон юм гэхэд 3 том биетэй ах нэг ахыг зодоод нөгөө ах нь босож чадахгүй байна гэж хэлсэн. Ттэй гараад хамт гараад машины зогсоол хэсэг рүү очиход нэг залуу газар хэвтээд нэг эмэгтэй хажууд нь уйлаад тэр 3 залуу манай нөхрийг зодчихлоо, чи хамгаалагч юм бол тэр гурван залууг дуудаж учрыг ол гэж хэлсэн. Тэгтэл Ботаник руу 3 залуу цаашаа хараад алхаад явж байсан. Би Тиийг тэр гурван залууг дуудчих гэж хэлээд явуулсан. Т жоохон явж байгаад буцаад хүрээд ирсэн. Би Төөс дуудахгүй яасан юм бэ гэхэд би айгаад байна, цуг явья гэж хэлсэн. За тэгье гээд Тийн хамт араас нь явж байхад тухайн 3 хүн гуйваад алхаж байгаад контейнерын ар хэсгээр орсон. Тэгээд Т бид 2 уруу тухайн хүмүүс чулуу шидээд ойртвол ална шүү гээд гараад ирсэн. Чулуу шидэж байна гээд газраас чулуу авах гэсэн том чулуу олдоогүй. Т жижиг чулуу газраас аваад шидсэн Тэгээд Т буцаж зугатаагаад ажпын урд очоод зогссон. Тухайн гурван залуу намайг барьж авах гээд наадах бариад ав сайн нүдэж хаячихаад явъя гээд байсан. 2 залуу намайг барьж авах гээд байхаар нь би зугатаасан. Тэгтэл урдаас чулуу барьсан баруун өнгийн хувцастай өндөр залуу тулаад гараад ирсэн. Над руу гараа далайхаар нь би тухайн залууг хажуу тийш нь түлхээд зам гараад гүйсэн. Тэгтэл араас 2 залуу хөөгөөд байхаар нь би зугатаагаад Ттэй зам руу гараад ир гээд хамт гудамжаар тойроод ажил руу орсон. Бид хоёрын араас алнаа гээд чулуу шидээд байсан... гэсэн мэдүүлэг /хх-н 149-150/ зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

   М.М нь тухайн өдөр ажилдаа гарах гээд караокед оччихсон байхад гадаа зодоон болоод байна гэсний дагуу гарч нэг залуу газар хэвтээд нэг эмэгтэй хажууд нь уйлаад тэр 3 залуу манай нөхрийг зодчихлоо, чи хамгаалагч юм бол тэр гурван залууг дуудаж учрыг ол гэж хэлэхээр нь Тийн хамт араас нь явж очоод газраас чулуу авч шийдсэнээс хохирогч Бын толгойн тус газар нь онож газар унахыг хараад зугатаасан, үүнээс болж хохирогчид зулай ясны цөмөрсөн хугарал хүнд хохирол учирсан нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч М.Мад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч М.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож, түүнд тухайн зүйл хэсэгт заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх  дүгнэв. 

Хохирогч Б.Бнь шүүгдэгчээс М.Маас эмчилгээний зардалд одоогоор гарсан байгаа 1.979.620 төгрөг нэхэмжилж байгаа ба энэ нь нотлох баримтуудаар тогтоогдож ирсэн тул уг хохиролийг гаргуулж хохирогч Б.Бод олгох нь зүйтэй гэж үзлээ. Б.Бод учирсан гэмтэл бүрэн эмчлэгдээгүй цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байх тул нотлох баримтаа зохих эмчилгээний зардал гарсан тухай бүрт нь нотлох баримтаа зохих ёсоор бүрдүүлж жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүх шүүгдэгч М.Мад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч М.Мад эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх,   нөхцөл байдал тоогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв,

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Баатад овогт М.Мыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Мыг 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар М.Мад оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

        6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар М.Маас 1.979.620 төгрөгийг гаргуулж Б.Бд олгох, Б.Бнь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаар зохих ёсоор бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

        7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

         8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл М.Мад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

      

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           С.ПҮРЭВСҮРЭН