Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 169

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

М.М-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Амарбаясгалан даргалж, шүүгч С.Батдэлгэр, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын прокурор А.Золзаяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Шинэзориг, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1994 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 89 дугаар магадлалтай, М.Мад холбогдох 1806023620691 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Шинэзоригийн гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1985 онд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, урьд Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 89 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлан ял шийтгүүлж байсан, Б овогт М.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч М.М-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 6 жил хорих ял шийтгэж, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар М.М-аас 1,979,620 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Б-д олгуулахаар шийдвэрлэсэн байна. 

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Шинэзориг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн үндэслэлээр хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн бодит байдал тогтоогдоогүй учир шүүх хуралдаанд нэр бүхий гэрчүүдийг оролцуулах хүсэлт гаргасан бөгөөд шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн атлаа тэднийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.4, 1.6 дахь хэсгүүдэд зааснаар энэ хуулийн 35.14, 35.15 дугаар зүйлд заасныг зөрчсөн, шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзнэ. Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд цагаатгах талын баримтуудыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Тухайн үед хохирогч чулуунд цохиулж ухаан алдаж унасан, цус их алдсан гэх мэдүүлгийг өгсөн. Гэтэл камерын бичлэгээс харахад хохирогч нь 15-20 минут орчмын дараа Их буурал төвийн гадаа буцаж ирсэн ба зодуулж, цохиулсан, цус алдсан гэх зүйл ажиглагдаагүй. Дээрх нөхцөл байдлыг н.О гэрчилж мэдүүлсэн байтал шүүх анхаарч үзээгүй. Мөн шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаануудыг гомдолдоо дурдсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү. Хэрэв гомдлыг хүлээж авах боломжгүй бол хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Прокурор А.Золзаяа хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гаргаж буй гомдол нь анхан болон давж заалдах шатны шүүхэд хэлэлцэгдсэн. Шүүгдэгч М.М хохирогчийн толгойд чулуугаар цохисны улмаас хүнд гэмтэл учирсан нь хэрэгт авагдсан хохирогч болон гэрчийн мэдүүлгээр нотлогдож тогтоогдсон. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуульд заасан төрөл хэмжээний дотор ял оногдуулсан байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх дүгнэлтийг танилцуулж байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Шинэзоригийн гаргасан гомдлыг үндэслэн М.М-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

 

Шүүгдэгч М.М нь 2018 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Б-ын толгой руу чулуугаар цохисны улмаас эрүүл мэндэд нь зулай ясны цөмөрсөн хугарал, зулайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зулай дагзны хуйханд цус хуралт, зулайн хуйханд шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий болжээ.

 

 Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд М.М-ын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

 

Мөн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь хуульд нийцжээ.

 

Хохирогчид хүнд гэмтлийг М.М-аас өөр этгээд учруулсан байж болзошгүй талаар өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу хоёр шатны шүүхийн дүгнэлтийг нягтлан үзэхэд хохирогч Б.Б, гэрч Б.Б, С.А зэрэг “Их буурал төв”-ийн гадаа маргалдсан гэх хүмүүс, тус төвийн хамгаалагч Л.Т нарын мэдүүлгээр М.М нь Б.Б-ын толгой руу чулуугаар цохисон, энэ цаг хугацаанд хохирогч шууд газар дээрээ ухаан алдан унасан зэрэг үйл баримт эргэлзээгүй тогтоогдож, энэ талаар нэр бүхий гэрч нар харилцан зөрүүгүй мэдүүлж, таньж олуулах ажиллагаагаар М.М дээрх гэмт хэргийг үйлдсэн болохыг шууд заасан байх тул өмгөөлөгчийн гомдлыг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1994 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 89 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Шинэзоригийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                   ДАРГАЛАГЧ                                    Б.АМАРБАЯСГАЛАН

        ШҮҮГЧ                                             С.БАТДЭЛГЭР

                             Ч.ХОСБАЯР

                      Б.ЦОГТ

                      Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН