Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 2020/ДШМ/809

 

М.Мад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Батзориг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Дуламсүрэн,

хохирогч Б.Б, түүний өмгөөлөгч С.Чинзориг,

шүүгдэгч М.Мын өмгөөлөгч Э.Шинэзориг,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 2020/ШЗ/1470 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Дуламсүрэнгийн бичсэн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 50 дугаартай прокурорын эсэргүүцлээр М.Мад холбогдох 1806023620691 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Б овгийн Мийн М, 1985 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Рашаан сувилал 1 дүгээр гудамжны 9 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, 266-229 тоотод түр оршин суух;

            Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

            Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн;

            М.М нь 2018 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Быг чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь зулай ясны цөмөрсөн хугарал, зулайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зулай дагзны хуйханд цус хуралт, зулайн хуйханд шарх бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: М.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “....түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно.” гэж заасныг дагуу “Их Буурал” төвийг иргэний хариуцагчаар оролцуулах талаар хохирогчийн өмгөөлөгч, хохирогч Б.Б нарын гаргасан хүсэлт үндэслэлтэй байна гэж шүүх үзэв. Учир нь, шүүгдэгч М.М нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд “Их Буурал” төвийн хамгаалагчаар үүрэгт ажлаа хийж байсан гэх үйл баримт мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэрчээр “Их Буурал” төвийн захирал Ш.Одхүүгийн “...Манай их буурал төвд хамгаалагчаар ажиллаж байхдаа энэ асуудал болсон. Тэр хэрэг гарсан өдөр хамгаалагчаар гарч байсан. Цалинг нь гараагаар нь төлдөг. Нийгмийн даатгалыг манай компани төлдөггүй. Энэ манай буруу. Одоо ч манайд ажиллаж байгаа.” гэх мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх 24-29/, сиди, дискэнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 47-48/, М.Маас гэрчээр дахин мэдүүлэг авсан тэмдэглэл /хх63-65/, гэрч Л.Төрмөнхийн мэдүүлэг /хх 66-67/, хэргээс гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл /хх 13-14/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Боос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 52-57, 72-74/, гэрч Б.Батцэнгэлээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 58/, гэрч Ш.Одхүүгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 59-60/, гэрчээр М.Маас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 61-64/, гэрч Л.Төрмөнхөөс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 66-67/, гэрч Б.Ариунбилэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 68-69/, гэрч М.Намсрайжаваас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 71/, гэрч Д.Соронзонболдоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 75/ зэргээр тус тус тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт “Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал”, 1.5 дахь хэсэгт “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” гэж тус тус зааснаар “Их Буурал” төвийг иргэний хариуцагчаар татан оролцуулах үндэслэлтэй байна гэж үзэв. Шүүхээс 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 1967 дугаартай яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдаан товлох тухай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар гомдол, хүсэлтийг хэлэлцэхгүй орхиж, гэм буруугийн шүүх хуралдаанаар шийдвэрлэнэ /1хх 241-244/ гэсэн боловч 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 1102 дугаар магадлалаар М.Мад холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан /2хх 97-100/ тул шүүх 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 1032 дугаартай шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг товлон зарласан байна. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Иргэний хариуцагчаар татахдаа мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж зааснаар шүүхийн шатанд иргэний хариуцагчаар татах боломжтой хэдий ч гэм буруугийн шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол” гэж зааснаар хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол М.Мад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хамт хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

            Прокурор Н.Дуламсүрэн бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэгт хэргийн оролцогч нараас болон шүүгчийн санаачилгаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийгдээгүй. Шүүгдэгчийн өмгөөлөгч нь гэм буруугийн шүүх хуралдаан дуусч, улсын яллагч гэм буруугийн дүгнэлт хэлсний дараа иргэний хариуцагчаар “Их буурал” төвийг татах талаар санал гаргадаг. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж хуульчилсан тул “Их буурал” төвийг иргэний хариуцагчаар татах шаардлагагүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйл 6 дахь хэсэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлтийг анхан шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэж болохоор заасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйл 1 дэх хэсэгт “Өсвөр насны яллагдагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно”, 2 дахь хэсэгт “Иргэний хариуцагчаар татахдаа мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж тус тус заажээ. Иймд шүүх шаардлагатай гэж үзвэл иргэний хариуцагчаар “Их буурал төв”-ийг татаж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 1470 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

            Хохирогч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийг прокурорт буцаалгүйгээр эцэслэн шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. ...” гэв.

            Хохирогч Б.Бын өмгөөлөгч С.Чинзориг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдаанд намайг шүүгдэгчийн өмгөөлөгч гэж бичиж техникийн шинжтэй алдаа гарсан байна. Үйлчлүүлэгчийнхээ гаргасан саналыг дэмжиж байгаа боловч гэм буруугийн асуудлыг хэлэлцэх хуралдааны явцад иргэний хариуцагчаар татагдвал зохих этгээд нь “Их буурал” төвийн захирал гэдэг нь тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. ...” гэв.

            Шүүгдэгч М.Мын өмгөөлөгч Э.Шинэзориг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал тогтоогдоогүй болон иргэний хариуцагчаар татах” гэсэн хоёр үндэслэлээр хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд гэрч, шинжээч нарыг оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч оролцуулсан. Ингээд мөрдөн шалгах ажиллагаанд гэрч, шинжээч нарын өгсөн мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээс зөрүүтэй, эргэлзээтэй байсан учраас шүүх нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэлд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар “...Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад нотолбол зохих байдлыг гүйцэд тогтоогоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй. ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Иргэний хариуцагчаар татахдаа мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана" гэж зааснаар шүүхийн шатанд иргэний хариуцагчаар татах боломжтой хэдий ч гэм буруугийн шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй. ...” гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж нь үндэслэл муутай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцэхгүй байна.

Шүүх хохирогч Б.Бын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан нөхцөл байдал, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоож, хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийх боломжтой гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Өөрөөр хэлбэл, хохирогч Б.Бын эрүүл мэндэд нь зулай ясны цөмөрсөн хугарал, зулайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зулай дагзны хуйханд цус хуралт, зулайн хуйханд шарх бүхий хүнд хохирол учирсан гэх боловч Гэмтэл согог судлалын үндэсний төвийн “...Дагзны орчимд 4 см орчим няцарсан шархтай, хуруугаар тэмтрэхэд яс илэрхий цөмөрсөн, 1 см орчим гүнтэй, ...” /1хх 78-80/ гэх өвчний түүх,

мэс заслын эмчийн “...Зүүн зулайн оройд оёдол тавигдах шархтай. ...” /1хх 84/, мэс заслын эмчийн “...Зүүн зулайн хэсэгт хуйх няцралттай, 5 ширхэг оёдолтой, хавантай байлаа. ...Хуйхны дотор хэсэгт няцралттай, дотор булчин цөмөрсөн ясанд хавчуулагдсан байлаа. ...Багажаар хазуулан цөмөрсөн яс болон ясны хэлтэрхийнүүдийг авч тархи дарагдлыг чөлөөлөв. ...Тархи цөмөрсөн ясанд дарагдалтай байлаа. ...” /1хх 85/ гэх тэмдэглэлүүд,

гэмтэл компьютер томографын оношилгоо эмчийн “...Зүүн дагз-зулай хэсэгт 3.5 см өргөн хэмжээтэй, трепенацийн нүхтэй ба энэ хэсэгт гадна ялтсанд титан бүрхэвчтэй. Тархины эд трепенацийн нүх рүү 0.7 см гүн ивэрхийлсэн. Энэ түвшинд хуйхан доор 6.0*1.4 см хэмжээтэй, +45HU нягтралтай цус хуралттай. ...” /1хх 18, 86/,

компьютер томографын оношилгооны эмчийн “...Их тархины зүүн тал бөмбөлгийн зулайн дэлбэнгийн эпидурал зайд 2.3 см урттай, 0.5 см зузаантай цус хуралтай. ...” /1хх 81/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3656 дугаартай “...Б.Бын биед зулай ясны цөмөрсөн хугарал, зулайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зулай, дагзны хуйханд цус хуралт, зүүн хөмсөг, зулайн хуйханд шарх, ... гэмтэл тогтоогдлоо. ...” /1хх 77/,

Шүүх эмнэлгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 340 дугаартай “...Б.Бын биед учирсан зулай ясны цөмөрсөн хугарал, зулайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зулай, дагзны хуйханд цус хуралт, зулайн хуйханд шарх зэрэг гэмтлүүд нь хязгаарлагдмал гадаргуутай мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. ...” /1хх 138-140/ гэх дүгнэлтүүд,

шинжээч Б.Долгормаагийн “...Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 02538 дугаартай өвчний түүхэнд мэс заслын тэмдэглэлд зүүн зулайн хэсэгт хуйх няцралтай, шархтай, шархыг томруулж шалгахад яс гүн цөмөрсөн гэсэн байгаа нь Б.Бын биед зулайн зүүн хэсэгт шарх үүссэн гэдгийг нотолж байна. ...”,

шинжээч эмчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Зулай бол тархийг бүхэлд нь тойрсон хэсгийг хэлдэг. Тэгээд энэ гэмтэл нь зулай, дагзны хэсгийн зааг юм. Гэмтлийн эмч зулайг дагз гэж андуурсан байх. Гаднаас нь хараад дагз уу, зулай юу гэдгийг мэдэх боломжгүй. Тэгээд дагз гэж бичсэн байх. ...” гэх мэдүүлгүүд зэрэг бичгийн нотлох баримтуудаар хохирогчийн биед чухам дагз, зулай ясны аль хэсэгт гэмтэл учирсан болохыг нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж, хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхэд үнэлэлт, дүгнэлт өгч, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1-д “... гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно.”, мөн зүйлийн 2-д “Иргэний хариуцагчаар татахдаа мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана.” гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд хохирогчийн өмгөөлөгч С.Чинзоригийн гаргасан иргэний хариуцагчаар “Их Буурал” төвийг татуулах тухай хүсэлтийг анхан шатны шүүх хангах эсэхийг хянан шийдвэрлэх боломжтой тул прокурор Н.Дуламсүрэнгийн бичсэн прокурорын эсэргүүцэл хуулийн үндэслэлтэй байна.

Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан асуудлаар хэргийг прокурорт буцаах шаардлагагүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлд заасан үндэслэлд хамаарахгүй болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан зохицуулалтын хүрээнд прокурор, өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд хохирогч, гэрч, шинжээч нарыг оролцуулах хүсэлт гарган, тодорхой бус гэж үзсэн асуудлаа тодруулах ажиллагааг шүүх хуралдаан дээр хэрэгжүүлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой.

Иймд прокурор Н.Дуламсүрэнгийн бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, М.Мад холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 2020/ШЗ/1470 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, М.Мад холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл М.Мад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                                       Б.БАТЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ