| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвын Жамбалсүрэн |
| Хэргийн индекс | 152/2016/00856/И |
| Дугаар | 12 |
| Огноо | 2017-03-21 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 12
Ч.Баттогтохын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 85 дугаар шийдвэртэй, Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багт оршин суух Тайж овогт Чираабалын Баттогтохын нэхэмжлэлтэй, хариуцагч Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.Баттогтох, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цагцалмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Дэжидмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох тухай.
Нэхэмжлэлийн агуулга: “Би 2013 оны 01 дүгээр сард аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст нярвын ажилд орсон. Түүнээс хойш 2016 оны 10 дугаар сар хүртэл тухайн ажилд ажиллаж байсан. Миний бие ажиллаж байх хугацаандаа ажлын ямар нэгэн дутагдал гаргаж байгаагүй. Манай байгууллага Хөдөлмөрийн хэлтэстэй нэгдэн, 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр манай байгууллагын бүх ажилчдад 45 хоногийн өмнө мэдэгдэл өгсөн. Энэ мэдэгдэл зөвхөн надад хамааралтай биш. 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/55 тоот Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын тушаалаар намайг бүтцийн өөрчлөлтөд оруулж, ажлаас чөлөөлөгдлөө гэж тэтгэмж олгох тушаал гаргасан нь үндэслэлгүй байна. Миний ажиллаж байсан нярвын орон тоо хэвээр байгаа бөгөөд тухайн орон тоонд өөр хүнийг авч ажиллуулж байна. Миний орон тоо хасагдсан бол 30 хоногийн өмнө мэдэгдэл өгч чөлөөлөх ёстой байх. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/55 тоот тушаалаар тэтгэмж олгоод ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байх тул Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын нярвын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү.” гэжээ.
Хариуцагчийн тайлбарын агуулга: “...нэхэмжлэгч нь асруулагчдын зуны нөхцөлд ашигладаг 3, ахмадын сувиллын 2 гэрийг асруулагчдын байрны дэргэд хурааж хамгаалалтын горим алдагдснаас цас бороонд норж, дээвэр, туурга, гэрийн мод, шал хөгзөрч, зарим нь дахин ашиглагдах боломжгүй болсон. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зуйл, 132.1-д заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэж байна. Эд хөрөнгийн тооллого хийж, хөрөнгө нэгтгэх явцад складны дээврийн дусаал гоождог хэсгийг засах талаар үүрэг чиглэл өгсөн боловч биелүүлээгүй. Нярваар ажиллах 3 жилийн хугацаанд няравын тайланг нэг ч удаа бие даан гаргаж үзээгүй, олон дахин шаардуулж, шахуулж байж нягтлан бодогч үлдэгдлийг нь шахаж нярвын тайлан гаргадаг зэрэг зөрчил гаргаж байсан. Бүтцийн өөрчлөлтөөр 2 хэлтэс нэгдэж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болон зохион байгуулагдаж үйл ажиллагааны хүрээ өргөжиж, нярвын хийх ажлын чиглэл, ачаалал ихэссэн. Урьд нь ажил үүрэг гүйцэтгэж байсан явцаас харахад Ч.Баттогтохыг ажлын ачаалал дааж, хурдан шуурхай ажиллах, тайлан тооцоог цаг хугацаанд нь гаргах чадваргүй гэж үзсэн. Ч.Баттогтох нь ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлж байсан. Ч.Баттогтохыг мэргэжил, ур чадварын хувьд эрхэлсэн ажилдаа тэнцэхгүй гэж үзэн нярвын үүрэгт ажилд дахин томилохоос татгалзсан. Ч.Баттогтох нь намайг ажилд томилогдох үед Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Б/28 тоот тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн байсан болно. Иймд хуулийн хүрээнд ажлаас чөлөөлөгдсөний тэтгэмжийг 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/55 дугаар тушаалаар олгосон. Ч.Баттогтохын нэхэмжлэлийг хангах боломжгүй.” гэжээ.
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 85 дугаар шийдвэрээр: “1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.Баттогтохыг Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын үйлчилгээний ажилтан буюу нярвын ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Баттогтох нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас 70.200 /далан мянга хоёр зуун мянга/ төгрөг гаргуулж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулсугай.” гэж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: “Ч.Баттогтох нь ажлаас чөлөөлөгдсөн тэтгэмжээ байгууллагаас авсан нь өөрөө ажлаас чөлөөлөгдсөнийг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг болно. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын Ч.Баттогтоход тэтгэмж олгох тухай Б/55 тоот тушаал нь агуулгын хувьд захиргааны акт гэж үзэх үндэслэл бий. захиргааны актыг илт хууль бус гэж үзэж хүчингүй болгох нь иргэний хэргийн анхан шатны шүүхэд харьяалах маргаан биш гэж үзэж байна. Ч.Баттогтох нь ажлаас чөлөөлөгдсөнөө хүлээн зөвшөөрч тэтгэмжээ авсан мөртлөө өөрт нь тэтгэмж олгосон Б/55 тоот тушаалыг ямар үндэслэлээр хүчингүй болгуулах талаар нэхэмжлэлийнхээ шаардлагыг дэмжсэн тайлбар гаргаагүй нь хариуцагч талд ойлгомжгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг анхан шатны шүүх үнэлээгүй зэргээс нэг талыг барьсан шийдвэр гарсан гэж үзэж байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажилгааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан шаардлагад нийцжээ.
Хариуцагч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар давж заалдах шатны шүүхэд ”Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын Ч.Баттогтоход тэтгэмж олгох тухай Б/55 дугаартай тушаал нь агуулгын хувьд захиргааны акт тул иргэний хэрэг үүсгэн шийдвэрлэх харьяалалын хэрэг биш гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй ба Ч.Баттогтох нь 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/28 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөнөө хүлээн зөвшөөрч тэтгэмжээ авсан мөртлөө Б/55 дугаартай захирамжийг ямар үндэслэлээр хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийнхээ шаардлагаа дэмжсэн тайлбар гаргаагүй нь хариуцагч талд ойлгомжгүй, мөн Ч.Баттогтохыг эд хөрөнгийн чанар, бүрэн бүтэн байдалд гэмтэл учруулж ашиглалтын чанар муутгасан нь илэрсэн, санхүүгийн тайлан гаргаж сураагүй, хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон үндэслэлүүдээр ажлаас чөлөөлсөн ба нэг талыг барьж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй” гэж гомдол гарган маргажээ.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдэн нотлох баримтаар нэхэмжлэгч Ч.Баттогтох Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 6108 дугаар тушаалаар /хх 51 дүгээр тал/ нярвын ажилд томилогдон ажиллаж байгаад Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/28 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдөж, мөн өдрөөс эхлэн шинэчлэн байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт цалингийн сангийн хамт шилжиж /хх 29 дүгээр тал / мөн газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/55 дугаар тушаалаар 1 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний ажлаас чөлөөлөгдсөний нэг удаагийн тэтгэлгийг /хх 28 дугаар тал/ түүнд олгосон нь тогтоогджээ.
Нэхэмжлэгч Ч.Баттогтохыг ажлаас чөлөөлсөн тушаал гаргахгүйгээр түүнд тэтгэмж олгох тухай Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/55 дугаар тушаалаар 1 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний ажлаас чөлөөлөгдсөний нэг удаагийн тэтгэлгийг олгож, хөдөлмөрийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгосон нь үндэслэлгүй байна.
Увс аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/28 дугаар тушаалаар /хавсралтанд дурдсан нэр бүхий ажилтнуудыг 08 дугаар сарын 17-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, шинэчлэн байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт цалингийн сангийн хамт шилжүүлснээр хөдөлмөрийн харилцаа дуусгавар болох үндэслэл болохгүй ба ажил олгогчоос Ч.Баттогтохтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний /хэргийн 55 дугаар тал/ хугацаа 2016 оны 04 дүгээр сэрын 01-ээс 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл сунгагдаж, хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болоогүй байжээ..
Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 тушаалын хавсралтаар Увс Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц, орон тоогоор “Үйлчилгээний ажилтныг 4” гэж тогтоосон орон тоонд урьд ажиллаж байсан ажилтнуудыг ажилд нь үлдээсэн болон шинээр авсан ажилтнуудыг ямар шалгуураар ажилд авсан нь тодорхойгүй, хэрэгт үүнийг нотолсон баримт авагдаагүй байна.
Хариуцагчийн давж заалдах гомдлын “Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/55 дугаар тушаал нь захиргааны акт тул захиргааны хэргийн шүүх шийдвэрлэх харьяалалтай хэргийг иргэний хэргийн шүүх шийдвэрлэж харьяалал зөрчсөн, шүүх нэг талыг барьж шийдвэр гаргасан гэх үндэслэлүүд нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 85 дугаар шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Хариуцагч Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь төсвийн байгууллага тул давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар чөлөөлөгдөнө.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 85 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ШҮҮГЧИД Н.ТУЯА
Д.ЖАМБАЛСҮРЭН