Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2018/01346

 

С  ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2018/00760 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 1114 дүгээр магадлалтай,

С  ХХК-ийн  нэхэмжлэлтэй

Г.Б-д холбогдох,  

Байгууллагад учруулсан хохирол 125.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Г, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч С  ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Г.Б- нь албан томилолтоор ажиллахдаа компаниас зочид буудлын зардалд нийт 460.000 төгрөг хүлээн авсан. Гэвч гүйцэтгэх захирлын А-127 дугаар тушаалаар баталсан албан томилолтын журмын 6.5.2-д байрласан зочид буудлаас дахин давтагдашгүй төлбөрийн дугаартай төлбөрийн баримтыг авна гэж заасан байхад авч ирээгүй, хувьдаа ашиглан компанид эд хөрөнгийн хохирол учруулсан болно. Хариуцагч Г.Б-гийн томилолтын зардалд 125.000 төгрөгийн зөрүү үүссэнтэй холбоотойгоор санхүүгийн албаны захирал н.Уранчимэг болон бусад хуулийн хэлтсийн 3 хүний бүрэлдэхүүтэй 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр уулзалт хийж хариуцагчид НӨАТ-ийн баримт авчраагүй тухай хэлсэн боловч Г.Б-тай хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Компанийн дотоод журам болон албан томилолтын журам, санхүүгийн дотоод журам, НӨАТ-ийн баримт өгөх зэргийг зөрчсөн үндэслэлээр энэ шийдвэрийг гаргасан. Албан томилолтын журмын 6.6.4-т зааснаар санхүү бүртгэлийн алба нь орон нутагт томилолтоор ажилласан ажилтны зочид буудлын зардлыг зочид буудлын баримтыг үндэслэн хааж санхүүгийн баримт үйлдэнэ гэж заасан. Гэтэл одоог хүртэл энэ тооцоо хаагдаагүй, авлага үүссэн байгаа. НӨАТ-ийн тухай хууль шинэчлэгдсэнтэй холбогдуулан 2016 оноос хойш зочид буудлаас и-баримтыг бүрэн авахаар зааж журамд өөрчлөлт оруулсан. Г.Б-тай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан бөгөөд гэрээний 2.6.3-т зааснаар ...эд хөрөнгө үнэ бүхий зүйлийг эргүүлж төлөөгүй бол бүрэн хариуцлага хүлээнэ гэж заасан. Г.Б- нь дээр дурдсан зочид буудлуудаас дахин давтагдашгүй төлбөрийн дугаартай төлбөрийн баримт авчраагүй болохоо хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн тул гүйцэтгэх захирлын Б-600 дугаар тушаалаар Г.Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн. Иймд хариуцагчаас компанид учруулсан эд хөрөнгийн хохирол болох 125.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Албан томилолттой холбоотой бүх баримтыг өгсөн. Ажилласан хугацааг харахад ажлын цагаас бусад цагт машинд явж байсан бөгөөд буудалд хоносон баримтаа аваад байгууллагадаа өгсөн. Заавал и-баримт авах ёстой гээд буудалд тайлбарлаж, баримт авахаар хүлээж цаг алдах боломж байгаагүй. Энэ талаар байгууллагын журамдаа заавал и-баримт өгөх ёстой гэж тусгаж өгөх ёстой. Нэг ч баримт өгөөгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд хууль хяналтын байгууллагаар тогтоогдоогүй, хөдөлмөрийн маргаан таслах комиссоор шийдвэрлэгдээгүй юм. Үндэслэлгүйгээр нэхэмжлэл гаргаж байна. Томилолтын хөлсөнд 460.000 төгрөг авсан асуудал дээр маргаан байхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээнд байгаа эд хөрөнгө үнэ бүхий зүйл гэдэгт мөнгө орохгүй юм. Энэ нь Иргэний хуулийн зохицуулалтаар тодорхойлогдоно. Томилолтын зардлын 460.000 төгрөг, түүнээс гарсан зөрүү 125.000 төгрөг нь эд хөрөнгө болон үнэ бүхий зүйл биш, мөнгө юм. Нэхэмжлэгчийн зүгээс дахин давтагдашгүй төлбөрийн баримтыг нөхөөд авдаг гэж тайлбарлаж байна. Нөхөж авахдаа уг баримтыг тухайн үйлчлүүлсэн өдрөөрөө нөхөгдөж гардаг бөгөөд хариуцагч нь 2017 оны 9 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө хоносон, уг өдрөөрөө бар код аваад системд бүртгэгддэг байхад нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтууд нь 2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр гэсэн огноотой байгаа. Архангай аймагт хоносон баримт нь 170.902 гэсэн бар кодтой и-баримт байх ёстой байхад 9 дүгээр сарын 09-ний өдрөөр байгаа нь эргэлзээтэй байна. Г.Б-гийн авах ёстой и-баримтыг С  ХХК нь өөрөө бүрдүүлээд өгсөн. 2017 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр үйлчлүүлээд баримт нь 9 дүгээр сарын 02-ны өдөр гэсэн баримт гарах ёстой байсан бөгөөд тухайн өдөр хоносон баримтаа аваагүй, нөхөж авах боломжгүй учраас гаргаж өгөхгүй байгаа юм. Энэ асуудлаас болж санхүү бүртгэлийн алдаа дутагдал байхыг үгүйсгэхгүй бөгөөд энэ нь компанид хохирол учруулсан гэж үзээд байгаа нь үндэслэлгүй, С  ХХК-д бодит хохирол учирсан зүйл байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2018/00760 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3, 135 дугаар зүйлийн 135.1.3-т заасныг баримтлан хариуцагч Г.Б-гаас 125.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С  ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Б-гаас 4.550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 1114 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2018/00760 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч С  ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн өмгөөлөгчийн төлсөн 4.550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн зөв тодорхойлж, холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Харамсалтай нь Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд, гэрчийн мэдүүлэг зэргийг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь бүрэн дүүрэн үнэлж чадаагүй, холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс нэхэмжлэгчийн Үндсэн хуулиар олгосон “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхийг хязгаарлан, ажил олгогчид Хөдөлмөрийн тухай хуулиар олгосон ажилтанд хууль ёсны шаардлага тавих, дотоод журмыг мөрдүүлэх эрхийг үгүйсгэж, улмаар хариуцагчийн хууль бус үйлдлийг өөгшүүлсэн, хамгийн ноцтой нь албан татвар суутган төлөгч аж ахуйн нэгж, байгууллагыг хууль ёсны төлбөрийн баримт олгохоос татгалзах, хууль ёсны орлогоо нуун дарагдуулж албан татвар төлөхөөс зайлсхийж болох үр дагавртай шийдвэр гаргасанд гомдолтой байна. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хариуцагчийн ирүүлсэн "зочид буудлын тооцооны хуудас" гэх үнэн зөв эсэх нь эргэлзээтэй, хууль тогтоомж, ажил олгогчийн дотоод журамд заасан шаардлагыг хангаагүй баримтуудыг үнэлж, магадлалынхаа үндэслэл болгосныг үзэхэд магадлал “хууль ёсны байх” шинжээ алдсан гэж үзэж байна. Учир нь 2016 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7.2.8-д “зочид буудал буюу түүнтэй адилтгах байранд байр түрээслүүлэх, бусад хэлбэрээр эзэмшүүлэх, ашиглуулах” үйл ажиллагаанд албан татвар ногдуулна гэж заасан бөгөөд мөн хуулийн 17.3-д “Албан татвар суутган төлөгч доор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ, 17.3.1.албан татвар төлөгчийн хийсэн төлбөр тооцооны мэдээллийг хэрэглэгчийн системд төлбөр хийсэн тухай бүр бүртгэнэ, 17.3.2. бараа, ажил, үйлчилгээг борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгоно”, мөн хуулийн 17.4-д “Албан татвар суутган төлөгч хэрэглэгчийн системтэй байна”, 17.5-д “Албан татвар суутган төлөгч төлбөрийн баримт олгохоос татгалзах, хуурамч буюу хийгдсэн төлбөр тооцооноос өөр дүнтэй төлбөрийн баримт олгохыг хориглоно”, 4-р зүйлийн 4.1.21-д “хэрэглэгчийн систем” гэж Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа этгээдэд зориулсан бараа, агуулах, борлуулалтын бүртгэл, төлбөр тооцооны бүрэлдэхүүн хэсэг, бараа, ажил, үйлчилгээний нэгдсэн системтэй холбогдон ажиллах баталгаажсан тоног төхөөрөмж болон системийг”, 4.1.14-д “төлбөрийн баримт” гэж тухайн төлбөр тооцоо хийгдсэнийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар бүхий нэгдсэн системээр баталгаажсан, албан татвар суутган төлөгч буюу худалдаа эрхлэгчийг таних тэмдэг бүхий нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, худалдаа хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим баримтыг хэлнэ гэж тус тус заасан. Үүнээс үзэхэд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа этгээдийн бараа борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсний төлбөр тооцоо хийгдсэнийг нотлох хууль ёсны баримт нь дахин давтагдашгүй төлбөрийн дугаар бүхий нэгдсэн системээр баталгаажсан, зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим төлбөрийн баримт байна. Ийм учраас нэхэмжлэгч С  ХХК нь тус хуулийг компанийн дотоод үйл ажиллагаандаа мөрдүүлэх зорилгоор гүйцэтгэх захирлын 2016 оны 02 сарын 18-ны өдрийн А-127 тоот тушаалаар “Албан томилолтын журам”-ыг баталсан бөгөөд журмын 6.5.2-д Албан томилолтоор ажилласан ажилтан “байрласан зочид буудлаас дахин давтагдашгүй төлбөрийн дугаартай төлбөрийн баримтыг авна” гэж тодорхой заасан. Гэтэл Давж заалдах шатны шүүх энэхүү журмын 6.6.4-т “зочид буудлын зардлыг зочид буудлын баримтыг үндэслэн хаана” гэсэн заалтыг хариуцагчид ашигтай байдлаар буруугаар тайлбарлан хэрэглэж зочид буудлын баримтад хариуцагчийн ирүүлсэн зочид буудлын тооцооны хуудас гэх хууль ёсны биш баримтыг ойлгожээ. Зүй нь нэхэмжлэгчийн “Албан томилолтын журам”-ын 6.5.2-д заасан “дахин давтагдашгүй төлбөрийн дугаартай төлбөрийн баримт” гэсэн нь мөн журмын 6.6.4-т заасан “зочид буудлын баримт-ыг хэлж байгаа бөгөөд нэхэмжлэгч нь үйл ажиллагаандаа ийнхүү ойлгож хэрэглэж байгаа билээ. Нөгөө талаас давж заалдах шатны шүүх Нэмэгдсэн өртгийн албаны татварын тухай хуулийн 4.1.13-4.1.15 нь татвар төлсөн гэх нөхцөл байдлыг нотлоход зориулагдсан баримтууд байна гэж, мөн хуулийн 17.3.2-д зааснаар уг баримтыг гаргаж өгөх үүрэгтэй субьектүүд нь зочид буудлууд юм гэж хүлээн зөвшөөрсөн атлаа хариуцагчийн ирүүлсэн зочид буудлын тооцооны хуудас гэх баримтуудыг үнэлсэн нь зөрчилтэй байна. Давж заалдах шатны шүүх "дахин давтагдашгүй төлбөрийн баримт авчраагүй, эсхүл уг баримт болох буудлын баримтын хооронд үнийн дүн зөрүүтэй байгаа нь хариуцагч Г.Б-г томилолтоор ажиллахдаа зочид буудлын зориулалтаар олгогдсон томилолтын зардлыг завшсан гэх нөхцөл байдлыг шууд нотлоогүй байна" гэсэн ойлгомжгүй дүгнэлт хийжээ. Гэтэл хариуцагчийн гаргасан зөрчилтэй холбоотойгоор түүнтэй хийсэн 2017 оны 9 сарын 11-ний өдрийн уулзалтын тэмдэглэлд: С  ХХК-ийн Хүний нөөц, хууль эрх зүйн албаны захирал Ө.Жамбалсүрэн: “Компанийн албан томилолтын журмын дагуу Та байрласан зочид буудлаасаа дахин давтагдашгүй төлбөрийн дугаартай төлбөрийн баримт авчрах ёстой. Тэрийг та мэдэж байсан уу?” гэж асуухад, хариуцагч Г.Б- нь: “Наадуул чинь захирал, нягтлан байхгүй гээд янз янзын юм яриад өгдөггүй шүү дээ... Нөхөж авах ажиллагаа хийгээгүй нь миний алдаа.” гэж төлбөрийн баримт авчраагүй буруугаа хүлээн зөвшөөрсөн байхад үүнийг огт үнэлээгүй байна. Ийнхүү нэхэмжлэгчийн зүгээс Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17.3.2-д заасныг үндэслэн хариуцагчийн байрласан зочид буудлуудаас дахин давтагдашгүй төлбөрийн дугаартай төлбөрийн баримтуудыг гаргуулан авахад компаниас хариуцагчид олгосон зочид буудлын зардлаас зөрүү үүсч, компанид мөнгөн хөрөнгийн хохирол бий болсон нь баримтаар илэрхий байгааг давж заалдах шатны шүүх огт үнэлээгүй байна. Түүнчлэн хариуцагч нь 2017 оны 8 сарын 18-19-нд Булган аймагт албан томилолтоор ажиллана гэж компаниас зочид буудлын зардалд 45.000 төгрөг хүлээн авсан боловч тус аймгийн төвийн "Шим булаг" ХХК-ийн зочид буудалд байрлаагүй талаар компанийн ерөнхий нягтлан бодогч Ж.Туяа нь 2017 оны 9 сарын 11-ний өдөр нэхэмжлэгч С  ХХК-ийн хуульч Ц.Эрдэнэбатад албан имэйл ирүүлсэн. Үүнд: “2017.8.18-19-нд шилжих шөнө Г.Б- нэртэй зочин манай бүртгэлд бүртгэгдээгүй. Тооцооны хуудас дээрх үнэ болон өрөөний дугаар манайд байхгүй болно." гэсэн, мөн хариуцагч нь 2017 оны 8 сарын 31-нээс 9 сарын 01-нд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд албан томилолтоор ажиллана гэж компаниас буудлын зардалд 25.000 төгрөг хүлээн авсан боловч байрласан зочид буудлаас ямар ч баримт авчраагүй үйл баримтуудыг давж заалдах шатны шүүх огт үнэлээгүй байна. Хариуцагч нь албан томилолтоор ажиллахдаа зочид буудлын зардалд нэхэмжлэгч компаниас нийт 460.000 төгрөг хүлээн авсан боловч хүлээн авсан мөнгөний зөрүүг эгүүлж тушаагаагүй компанид 125.000 төгрөгийн хохирол учруулсныг нотлох зочид буудлуудын дахин давтагдашгүй төлбөрийн дугаартай баримтууд, хариуцагчтай хийсэн уулзалтын тэмдэглэл, хариуцагчийн үйлдсэн зөрчлийн мөрөөр хяналт шалгалтын ажиллагаа хийсэн 2017 оны 9 сарын 11-ний өдрийн С  ХХК-ийн Хуулийн хэлтсийн дүгнэлт, санал, мөн хариуцагч Г.Б-д холбогдуулан үүсгэсэн 2017 оны 9 сарын 11-ний өдрийн "Авлагын үлдэгдэлийн үүссэн тайлан", гэрч "С " ХХК-ийн албан томилолтын зардлын хяналт хариуцсан нягтлан бодогч М.Бүтэмсай, С  ХХК-ийн Санхүү бүртгэлийн албаны захирал Г.Уранчимэг нарын мэдүүлэг, анхан шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “...томилолтын хөлсөнд 460.000 төгрөг авсан асуудал болон мөнгөн дүнд маргаан байхгүй...” гэх тайлбар зэрэг хангалттай нотлох баримтууд байсаар атал давж заалдах шатны шүүх зөвхөн хариуцагчийг ажлаас чөлөөлсөнтэй холбоотойгоор үйлдсэн “Ажлаас чөлөөлөгдөж буй ажилтны тойрох хуудас" гэсэн 1 хуудас баримтыг үнэлж; улмаар “хариуцагч нь нэхэмжлэгч байгууллагаас буудалд зориулж олгосон мөнгийг завшсан, үрэгдүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн нь шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэх үүргээ биелүүлээгүй байна.

Давж заалдах шатны шүүх хариуцагчийг “орон нутагт бүгдэд нь хүрэлцэн очиж ажилласан, томилолтын үүрэг зорилгоо биелүүлж, ажлаа гүйцэтгэсэн үйл баримтыг хариуцагч няцааж чадаагүй” гэж худал дүгнэлт хийсэн байна. Учир нь нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч нь орон нутагт албан томилолтоор ажиллахдаа компаниас хүлээн авсан зочид буудлын зардлаас үүссэн зөрүү мөнгийг эгүүлж өгөлгүй хувьдаа ашигласны улмаас компанид 125.000 төгрөгийн хохирол учруулсан гэж маргасан. Нөгөө талаас хариуцагч Г.Б- нь 2017 оны 9 сарын 05-ны өдөр гаргасан "Албан томилолтын тайлан"-даа "Гэнэтийн хяналт шалгалтын нууцлал алдагдсан тул Дархан салбарын санхүүгийн үйл ажиллагааны дотоод хяналт шалгалтыг хийгээгүй" гэж өөрийн хариуцлагагүйгээс Дархан-уул аймагт албан томилолтоор ажил үүрэг гүйцэтгээгүй, томилолтын зардал үргүйдүүлсэн үйл баримтыг давж заалдах шатны шүүх огт судлаагүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1. дэх хэсэгт “Ажил олгогч нь хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх, ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ бивлүүлэхийг шаардах эрхтэй” бол мөн хуулийн 6-р зүлийн 6.2. дахь хэсэгт “Ажилтан нь үнэнчээр хөдөлмөрлөх, ...хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нийтлэг шаардлагыг сахин биелүүлэх үүрэгтэй” билээ. Гэтэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч буюу ажил олгогчийн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор дотоод үйл ажиллагаанд мөрдүүлэхээр баталсан албан томилолтын журмаар ажилтанд хүлээлгэсэн “байрласан зочид буудлаас дахин давтагдашгүй төлбөрийн дугаартай төлбөрийн баримтыг авах” гэсэн үүргийг үгүйсгэж, хариуцагчийн буруутай үйлдлийг өөгшүүлж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулиар ажил олгогчид олгосон дээрх эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой халдаж байна. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 1114 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2018/00760 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

С  ХХК нь Г.Б-гаас байгууллагад учруулсан эд хөрөнгийн хохирол 125.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.

Магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч С  ХХК нь хариуцагч Г.Б-г томилолтын зардалд олгосон 460.000 төгрөгөөс 125.000 төгрөгийг хувьдаа ашигласан нь түүний санхүүд өгсөн баримт, хожим нь тус компанийн бүрдүүлсэн дахин давтагдашгүй төлбөрийн дугаартай баримтын зөрүүгээр тогтоогдсон гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласныг хариуцагч эс зөвшөөрч байрласан буудлаас төлбөр төлсөн баримтаа авчирч өгсөн мөнгийг хувьдаа ашиглаагүй гэж маргасан байна.

Г.Б- С  ХХК-д Санхүү, бүртгэлийн албаны Дотоод хяналтын менежерээр ажиллаж байхдаа 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл орон нутагт томилолтоор ажилласан нь тогтоогджээ.

Хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсад хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад хохирол учруулсан ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээхээр хууль тогтоомжид заасан бол эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээнэ.

Хариуцагч Г.Б- байгууллагатай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан байх боловч түүнийг байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна. 

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан тал бүрээс нь бодитой харьцуулан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлжээ.

Хариуцагч Г.Б- байгууллагын томилолтоор ажиллах журмын дагуу зочид буудлын хөлс төлсөн тухай дахин давтагдашгүй төлбөрийн дугаартай баримт авчраагүй боловч, тэрээр томилолтын дагуу орон нутагт очиж ажлаа гүйцэтгэсэн, тухайн зочид буудлуудаас холбогдох баримтыг авчирсан бөгөөд томилолтын мөнгөнөөс 125.000 төгрөг хувьдаа завшсан гэх үндэслэл тогтоогдоогүй байна. Иймд давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 1114 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 4.550 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                      

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ