Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 0760

 

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2018/00760

Улаанбаатар хот

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

                                                               

Нэхэмжлэгч: “С” ХХК /РД:2576376/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Г.Б холбогдох,

 

125,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ж, Ц.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Н /2148/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Г /1019/, Г.Б /2106/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Гүйцэтгэх захирлын 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Б-457 дугаар тушаалаар Ганболд овогтой Баясмааг Санхүү бүртгэлийн албаны дотоод хяналтын менежерийн албан тушаалд томилон, мөн өдөр түүнтэй Хөдөлмөрийн болон Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг тус тус байгуулсан. Г.Баясмаа нь 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 9 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд Хөвсгөл, Булган, Дархан-уул, Архангай, Завхан аймгууд болон Хөвсгөл аймгийн Тариалан, Завхан аймгийн Тосонцэнгэл суманд албан томилолтоор ажиллахдаа компаниас зочид буудлын зардалд нийт 460,000 төгрөг төсөвлөн хүлээн авсан. Гэвч гүйцэтгэх захирлын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А-127 дугаар “Журам шинэчлэн батлах тухай” тушаалаар баталсан “Албан томилолтын журам”-ын 6.5.2-д “Байрласан зочид буудлаас дахин давтагдашгүй төлбөрийн дугаартай төлбөрийн баримтыг /ДДТДБ/ авна” гэж заасны дагуу дахин давтагдашгүй төлбөрийн дугаартай баримтуудыг авч ирээгүй болно. Компанийн санхүүгийн болон хуулийн асуудал хариуцсан нэгжээс дээрх зөрчлийг шалгах явцад түүний байрласан гэх зочид буудлуудаас ДДТД-тай баримтыг цуглуулахад 125,000 төгрөгийн зөрүү үүссэн бөгөөд уг зөрүү мөнгийг Г.Баясмаа нь гүйцэтгэх захирлын 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А-857 дугаар тушаалаар баталсан “Санхүүгийн дотоод дүрэм”-ийн 6.2.9-д “Бэлэн мөнгө авсан ажилтан зарцуулалтыг нотлох анхан шатны баримтыг ажлын 3 хоногт багтаан кассанд хүлээлгэн өгч, зөрүүг тушаана” гэж заасны дагуу компанийн кассанд тушаагаагүй, хувьдаа ашиглан компанид эд хөрөнгийн хохирол учруулсан болно. Үүнд:

1/ Дархан-Уул аймгийн “Дархансантайн” ХХК-ийн “Rich” /рийч/ зочид буудлаас 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн ДДТД-тай төлбөрийн баримтаар 45,000 төгрөгийн төлбөр төлсөн тухай баримт /олгосон томилолтын зөрүү 5,000 төгрөг/

2/ Увс аймгийн “Баялаг-Од” ХХК-ийн толгой компани болох “Увс шилтгээн” ХХК-иас 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн ДДТД-тай төлбөрийн баримтаар нийт 70,000 төгрөгийн төлбөр төлсөн тухай баримт /олгосон томилолтын зөрүү 20,000 төгрөг/

3/ Архангай аймгийн “Ихсандил Уул” ХХК-ийн “Ундрам” зочид буудлаас 2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн ДДТД-тай баримтаар 30,000 төгрөгийн төлбөр төлсөн тухай баримт /олгосон томилолтын зөрүү 15,000 төгрөг/

4/ Архангай аймгийн “Буянттовгор хайрхан” ХХК-ийн “Буян” зочид буудлаас 2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн ДДТД-тай баримтаар 30,000 төгрөгийн төлбөр төлсөн тухай баримт /олгосон томилолтын зөрүү 15,000 төгрөг/

5/ Булган аймгийн “Шим булаг” ХХК-ийн зочид буудлаас 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр ирүүлсэн цахим шуудангаар “...2017 оны 8 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Г.Баясмаа нэртэй зочин бүртгэгдээгүй, тооцооны хуудас дээрх үнэ болон өрөөний дугаар манайд байхгүц санхүүгийн тэмдэгтэй баримт яаж олж авсныг мэдэх шаардлагатай байна” гэсэн ноцтой мэдээллийг ирүүлсэн. /олгосон томилолтын зөрүү 45,000 төгрөг/

6/ Завхан аймгийн Тосонцэнгэл суманд зочид буудалд буудалласан тухай баримт огт байхгүй /олгосон томилолтын зөрүү 25,000 төгрөг/

Г.Баясмаа нь дээр дурдсан зочид буудлуудаас дахин давтагдашгүй төлбөрийн дугаартай төлбөрийн баримт авчраагүй болохоо хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн тул гүйцэтгэх захирлын 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Б-600 дугаар тушаалаар Г.Баясмаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн. Иймд Г.Баясмаа нь хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байхдаа компанид учруулсан 125,000 төгрөгийн хохирлоо барагдуулаагүй байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3-т заасны дагуу шүүхэд хандаж байна. Хариуцагч Г.Баясмаагаас компанид учруулсан эд хөрөнгийн хохирол болох 125,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэбат, Ө.Жамбалсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Нямцоож нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Скайтел” ХХК-ийн зүгээс 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гүйцэтгэх захирлын 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Б/457 тоот тушаалаар Г.Баясмааг санхүү бүртгэлийн албаны дотоод хяналтийн асуудал эрхэлсэн захирлаар томилж хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Г.Баясмаа нь 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 9 дүгээр сарын 05-ны өдрүүдэд Хөвсгөл, Булган, Дархан-Уул, Архангай, Завхан, Хөвсгөл аймгийн Тариалан сум, Завхан аймгийн Тосонцэнгэл суманд албан томилолтоор ажиллахаар явсан. Ингэж явахдаа компанийн албан томилолтын журмын дагуу зочид буудлын зардалд 460,000 төгрөг авсан. Гүйцэтгэх захирлын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/127 дугаар тушаалаар баталсан албан томилолтын журмын дагуу байршиж байгаа зочид буудлаасаа дахин давтагдашгүй төлбөрийн баримт бүрдүүлж өгөх ёстой байсан. Компанийн санхүүгийн болон хуулийн албанаас уг баримтуудаас шалгахад огт дахин давтагдашгүй төлбөрийн баримт авчраагүй бөгөөд, байгууллагаас шалгахад 125,000 төгрөгийн зөрүү үүссэн бөгөөд гүйцэтгэх захирлын 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А857 тоот тушаалаар баталсан “санхүүгийн дотоод журам”-д заасны дагуу томилолтоор явсан бэлэн мөнгө авсан ажилтан ажлын 3 хоногт тооцооны зөрүүг тушаахаар заасан. Манай албан томилолт хариуцсан нягтлан бодогчид шаардлага хангахгүй баримтууд авчирч өгсөн байсан. Хариуцагч нь Дархан-уул аймагт томилолтоор явахдаа “Дархан сантай” ХХК-ийн “Рич” гэх буудалд байрласан. 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн баримтыг харахад томилолтын зөрүү 5,000 төгрөг болно. Увс аймгийн “Увс шилтгээн” ХХК-иас баримт авахад 20,000 төгрөгийн зөрүү үүссэн. Архангай аймгийн “Их сант уул” ХХК-ийн “Ундрал” зочид буудалд хоноглохдоо томилолтоор 15,000 төгрөгийн зөрүү үүссэн. Архангай аймгийн 2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн баримтаар “Буян” зочид буудлаас 15,000 төгрөгийн зөрүү гарсан. Булган аймагт “Шинэ булган” ХХК-иас бидэнд ирүүлсэн баримтад 2017 оны 8 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Г.Баясмаа нь тухайн буудалд хоноогүй гэх мэдээлэл ирүүлсэн байх тул 45,000 төгрөг зөрүү үүссэн. Завхан аймаг Тосонцэнгэл суманд буудалд байрласан баримт байхгүй. Улиастай суманд 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 9 дүгээр сарын 01-нд Завхан аймаг Тосонцэнгэл суманд хоносон гэж тайлбарлах боловч баримт байхгүй бөгөөд 25,000 төгрөгийн зөрүү гарсан. Журмын дагуу аймгийн төвд бол 45,000, суманд 25,000 төгрөг, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотод 50,000 төгрөг, Зүүнхараа, Хөтөл, Шарын гол, Багануур, Оюу толгой зэрэг газарт 40,000 төгрөгийн зочид буудлын төсөвтэй байдаг. Бусад суманд 20,000 төгрөгөөр төсөвлөж байсан. Тосонцэнгэл суманд бол түүний өгсөн баримтын буудал байдаггүй. Ингээд хариуцагч Г.Баясмаагийн томилолтын зардалд 125,000 төгрөгийн зөрүү үүссэн. Үүний дагуу санхүүгийн албаны захирал н.Уранчимэг болон бусад хуулийн хэлтсийн хүн 3 хүний бүрэлдэхүүтэй 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр уулзалт хийсэн. Тухайн уулзалтад бид хариуцагчид НӨАТ-ийн баримт авчраагүй тухай хэлсэн. Гэвч тэрээр байгууллагад учруулсан хохирлын талаар хүлээн зөвшөөрөөгүй, тайлбар хэлдэггүй бөгөөд бөгөөд уг асуудлын талаар протокол тэмдэглэл хөтөлж гарын үсэг зуруулахаар шаардахад гарын үсэг зурахаас татгалзсан. Тиймээс Г.Баясмаатай хөдөлмөрийн гэрээг цуцалсан байгаа. Г.Баясмаа нь хөдөлмөрийн үүргээ гүйцэтгэж байхдаа компанид 125,000 төгрөгийн хохирол учруулсан. Тиймээс уг 125,000 төгрөгийн хохирлыг гаргуулахаар  Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх өгнө үү.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Г.Баясмааг “ажлаа өдөр шөнөгүй хийсэн” гэж тайлбарлаж байна. Хариуцагчийг бид ажилласан эсвэл ажиллаагүй гэж маргаагүй. Энэ хүн нь манай компанийн дотоод хяналтийг манлайлж хэрэгжүүлэх үүрэгтэй хүн бөгөөд санхүүгийн албаны дотоод дүрэм журамыг мөрдөж ажиллах ёстой байсан. Бид Г.Баясмаатай зөрүү үүссэн талаар уулзаж тайлбар авахад яг энэ тайлбарыг тавьж байсан. Бид компанийн дотоод журам болон албан томилолтын журам, санхүүгийн дотоод журам, НӨАТ-ийн баримт өгөх зэргийг зөрчсөн байна гэж баримтын хувьд бүрэн үндэслэн энэ шийдвэрийг гаргасан. Албан томилолтын журмын 6.6.4-т зааснаар санхүү бүртгэлийн алба нь орон нутагт томилолтоор ажилласан ажилтны зочид буудлын зардлыг зочид буудлын баримтыг үндэслэн хааж санхүүгийн баримт үйлдэнэ гэж заасан. Гэтэл одоог хүртэл энэ тооцоо хаагдаагүй, авлага үүссэн байгаа. НӨАТ-ийн тухай хууль шинэчлэгдсэнтэй холбогдуулан 2016 оноос хойш НӨАТ-ийн баримтыг өгөхөөр буюу зочид буудлаас и-баримтыг бүрэн авахаар зааж журамд өөрчлөлт оруулсан. Уг журмын дагуу 125,000 төгрөгийг нэхэмжилж байгаа, компанид одоог хүртэл 125,000 төгрөг төлөгдөөгүй байна. Бид Г.Баясмаатай эд хөрөнгийн бүрэн хариуцлгагын гэрээ байгуулсан бөгөөд гэрээний 2.6.3-т зааснаар дараа тайлан гаргахаар итгэмжлэл буюу бусад баримт бичиг хүлээн авсан эд хөрөнгө үнэ бүхий зүйлийг эргүүлж төлөөгүй бол бүрэн хариуцлага хүлээнэ гэж заасан. Хөдөлмөрийн тухай хуульд мөн талаар зохицуулсан байгаа гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмөнх, өмгөөлөгч Ц.Гансүх, Г.Батболд нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Баясмаа нь орон нутгаар ажиллаж байх үедээ буюу 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 9 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд томилолтоор ажиллахдаа албан томилолттой холбоотой баримтыг бүгдийг нь өгсөн. Томилолтоор ажиллах үедээ Г.Баясмаа нь өдөр шөнөгүй ажиллаж байсан. 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн өглөө 08 цагаас оройн 22 цаг хүртэл Улаанбаатар хотоос Хөвсгөл аймаг руу явсан. Хөвсгөл аймагт 8 дугаар сарын 15-16-нд ажилласан бөгөөд 8 дугаар сарын 16-ны өглөө 09 цагаас оройн 22 цаг 00 минут хүртэл ажиллаад буудалдаа буусан. 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 16 цаг 30 минут хүртэл ажиллаад Хөвсгөл аймгийн Тариалан сум руу явсан. 21 цаг 00 минутад Тариалан суманд очиж хоноод 8 дугаар сарын 18-ны өглөө 09 цагаас 12 цаг хүртэл ажиллаад Булган аймаг руу явсан. Булган аймагт 2017 оны 8 дугаар сарын 18-ны 16 цаг 30 минутаас 17 цаг 30 минутаас 17 цаг 40 минут хүртэл хоол идээд 17 цаг 40 минутаас 22 цаг хүртэл ажиллаад буудалд очиж хоносон. 2017 оны 8 дугаар сарын 19-ний 09 цагаас 16 цаг хүртэл ажиллаад 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 17 цаг хүртэл ажиллаад Булган аймгаас Дархан-Уул аймаг руу явж 22 цаг 30 минут хүртэл явсан. Ажилласан хугацааг харахад ажлын цагаас бусад цагт машинд явж байсан бөгөөд буудалд хоноод буудлын өгсөн баримтыг аваад байгууллагадаа өгсөн. Заавал и-баримт авах ёстой гээд буудалд тайлбарлаж, баримт авахаар хүлээж цаг алдах боломж байгаагүй. Энэ талаар байгууллагын журамдаа заавал и-баримт өгөх ёстой гэж тусгаж өгөх ёстой. Г.Баясмаа нь хоносон буудлуудаасаа өгсөн баримтуудыг авч “Скайтел” ХХК-д өгсөн байгаа. Нэг ч баримт өгөөгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд хууль хяналтын байгууллагаар тогтоогдоогүй, хөдөлмөрийн маргаан таслах комиссоор шийдвэрлэгдээгүй юм. Албаны дарга нар тухайн асуудалд мөнгө идсэн гэж хардлага төрөөд түүнийгээ шалгасан мэтээр тайлбарлаж байна. Энэ нь баримтаар тогтоогдохгүй байгаа. Тиймээс үндэслэлгүйгээр нэхэмжлэл гаргаж, Сүхбаатар дүүрэгт ажлаас үндэслэлгүй халагдсан тухай маргаан гарсны дараа Баянгол дүүрэгт Г.Баясмаад холбогдуулж нэхэмжлэл гаргаж, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл гаргаж байгаа нь өөрсдөө тогтоогоогүй байж шүүх цагдаагийн байгууллагаар тогтоолгох гэж араас нь хөөцөлдөж байгаа асуудал юм. Томилолтын хөлсөнд 460,000 төгрөг авсан асуудал дээр маргаан байхгүй. Тиймээс уг хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч тал хариуцагчийг томилолтоор яваагүй гэж маргахгүй байгаа нь сайн хэрэг. Хэрэгт эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ нь байгаа. Эд хөрөнгө үнэ бүхий зүйл гэдэгт мөнгө бол орохгүй юм. Энэ нь Иргэний хуулийн зохицуулалтаар тодорхойлогдоно. Мөнгө нь эд хөрөнгө ч биш, үнэ бүхий зүйл ч биш юмны үнэ цэнийг илэрхийлдэг зүйл юм. Эд хөрөнгө бол хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө юм. Томилолтын зардлын 460,000 төгрөг, түүнээс гарсан зөрүү 125,000 төгрөг нь эд хөрөнгө болон үнэ бүхий зүйл биш, мөнгө юм.

Нэхэмжлэгч тал хариуцагчид холбогдуулж цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Уг асуудал дээр зөрчлийн хэрэг үүссэн. Тэд зөрчлийн хэргээс үл хамаараад шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж байх боловч хавтаст хэрэгт авагдсан баримтаар зөрчлийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хэрэгсэхгүй болгосон тухай тогтоол байгаа болно. Тиймээс миний үйлчлүүлэгчийг ямар нэгэн хөрөнгө завшсан гэх баримт хэрэгт байхгүй юм. Г.Баясмаа нь сарын 3,100,000 төгрөгийн цалинтай хүн учраас 125,000 төгрөгийг өөрөө аваад идчихгүй л байх. Сүхбаатар дүүргийн шүүхэд ажлаас үндэслэлгүй халагдсан гээд шалгуулж, нэхэмжлэл гаргасан байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс дахин давтагдашгүй төлбөрийн баримтыг нөхөөд авдаг гэж тайлбарлаж байна. Нөхөж авахдаа уг баримтыг тухайн үйлчлүүлсэн өдрөөрөө нөхөгдөж гардаг бөгөөд миний үйлчлүүлэгч нь 2017 оны 9 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө хоносон бөгөөд уг өдрөөрөө бар код аваад системд бүртгэгддэг байхад нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтууд нь 2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр гэсэн огноотой байгаа. Архангай аймагт бол хоносон асуудлыг нөхөж авсан баримт нь 170902 гэсэн бар кодтой и-баримт байх ёстой байхад 9 дүгээр сарын 09-ний өдрөөр байгаа нь эргэлзээтэй байна. И-баримт гэдгийг монголчууд бүгд мэднэ. Г.Баясмаагийн авах ёстой и-баримтыг “Скайтел” ХХК нь өөрөө бүрдүүлээд өгсөн. 170909 бар кодтой баримт сугалаанд өгөөд хонжворт гараад ирвэл бодит байдал дээр Г.Баясмаа 9 дүгээр сарын 02-нд хоносон байна, баримт хуурамчаар бүрдүүлсэн гээд миний үйлчлүүлэгчийг цагдаа шалгах болно. Ийм асуудал үүсэх боломжтой. Миний үйлчлүүлэгч 2017 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хоносон. 2017 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр үйлчлүүлээд баримт нь 9 дүгээр сарын 02-ны өдөр гэсэн баримт гарах ёстой байсан бөгөөд тухайн өдөр хоносон баримтаа аваагүй, нөхөж авах боломжгүй учраас гаргаж өгөхгүй байгаа юм. Г.Баясмаа нь ганц бие эмэгтэй хүн зочид буудалд хонохгүй хаана хонох юм бэ, И-баримт өгсөн өгөөгүй гэж тайлбарлаад миний үйлчлүүлэгчийг буруутгаад байгаа. Энэ асуудлаас болж санхүү бүртгэлийн алдаа дутагдал байхыг үгүйсгэхгүй бөгөөд энэ нь компанид хохирол учруулсан гэж үзээд байгаа нь үндэслэлгүй юм. “Скайтел” ХХК-д бодит хохирол учирсан зүйл байхгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

 

“Скайтел” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Б-457 дугаар тушаалаар Г.Баясмааг “Санхүү бүртгэлийн албаны дотоод хяналтын менежер”-ийн албан тушаалд томилон, мөн өдрөө түүнтэй №2017/53 тоот хөдөлмөрийн, №07/27 тоот эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг тус тус байгуулжээ /хх 4-16 хуудас/.

 

2017 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн “Орон нутгийн салбаруудын санхүүгийн үйл ажиллагаанд хийх дотоод хяналт, шалгалтын удирдамж”-ын хүрээнд Санхүү бүртгэлийн албаны дотоод хяналтын менежер Г.Баясмаа, дотоод хяналтын ахлах мэргэжилтэн А.Боргил нар 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс мөн оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд “Скайтел” ХХК-ийн орон нутаг дахь салбаруудад хяналт, шалгалт хийхээр томилогдсон байна /хх 17 хуудас/.

 

Албан томилолтоор явах хугацаанд буюу 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр зочид буудлын зардалд 210,000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 250,000 төгрөгийг Г.Баясмаа нь тус тус хүлээн авсан, зохигчид энэ талаар маргаангүй /хх 22, 23 хуудас/.

 

Тодруулбал, Г.Баясмаа нь 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 17-ны өдрийн хугацаанд Хөвсгөл аймагт хонох буудлын зардалд 90,000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 18-ны өдрийн хугацаанд Тариалан суманд хонох буудлын зардалд 25,000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 19-ний өдрийн хугацаанд Булган аймагт хонох буудлын зардалд 45,000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 20-ны өдрийн хугацаанд Дархан хотод хонох буудлын зардалд 50,000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 31-ний өдрийн хугацаанд Увс аймагт хонох буудлын зардалд 90,000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 9 дүгээр сарын 01-ний өдрийн хугацаанд Тосонцэнгэл суманд хонох буудлын зардалд 25,000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн сарын 02-ны өдрийн хугацаанд Завхан аймагт хонох буудлын зардалд 45,000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 04-ний өдрийн хугацаанд Архангай аймагт хонох буудлын зардалд 90,000 төгрөг, нийтдээ 460,000 төгрөгийг ажил олгогч “Скайтел” ХХК-иас хүлээн авсан байна.

 

“Скайтел” ХХК нь хариуцагч Г.Баясмаад холбогдуулж 125,000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан. Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн шаардлагын үндэслэлийг “...Г.Баясмаа нь байгууллагын албан томилолтын журамд заасны дагуу өөрийн хоноглосон зочид буудлуудаас дахин давтагдашгүй төлбөрийн дугаартай төлбөрийн баримтуудыг авчирч өгөөгүй, хүлээн авсан мөнгөний зөрүүг санхүүгийн албанд тушаалгүй компанид 125,000 төгрөгийн хохирол учруулсан” гэж тайлбарлав.

 

“Скайтел” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А-127 дугаар “Журам шинэчлэн батлах тухай” тушаалаар “Скайтел” ХХК-ийн “Албан томилолтын журам”-ыг “Хавсралт”-аар шинэчлэн баталжээ /хх 68 хуудас/.

 

Дээрх албан томилолтын журмын 6.5.2 дахь хэсэгт ажилтан томилолтоор ажиллах үедээ “Байрласан зочид буудлаас дахин давтагдашгүй төлбөрийн дугаартай төлбөрийн баримтыг авна” гэж тусгасан байна.

 

Хэрэгт авагдсан нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан №2017/53 тоот хөдөлмөрийн гэрээ, ажил олгогч “Скайтел” ХХК-иас хариуцагч Г.Баясмаад 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр танилцуулсан “Ажлын байрны тодорхойлолт”, 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн “Дотоод хяналтын менежер Г.Баясмаатай хийсэн уулзалтын тэмдэглэл” зэргийг судлан үзэхэд Г.Баясмаа нь ажил олгогч байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, компанийн хэмжээнд хэрэгжих дүрэм, журмыг даган мөрдөх үүргийг хүлээсэн байх бөгөөд хариуцагч талаас дээр дурдсан “Скайтел” ХХК-ийн “Албан томилолтын журам”-тай танилцсан эсэх тал дээр маргаагүй тул Г.Баясмаа нь томилолтоор ажиллах үедээ өөрийн байрласан зочид буудлаас дахин давтагдашгүй төлбөрийн дугаартай төлбөрийн баримтыг авах үүргээ мэдэж байсан гэж үзнэ.

 

Өмнө дурдсанчлан нэхэмжлэгч болон хариуцагч нар ямар тохиолдолд ажилтанд эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэхийг харилцан тохирч 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр №07/27 тоот эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгтэй харшлаагүй байна.   

 

Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд  дараа тайлан гаргахаар итгэмжлэл буюу бусад баримт бичгээр хүлээн авсан эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийг эгүүлж өгөөгүй ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээхээр Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 135 дугаар зүйлийн 135.1, 135.1.3-т заасан.

 

Хүлээн авсан эд хөрөнгө буюу үнэ бүхий зүйлээ хэрхэн ашиглаж, захиран зарцуулсан талаарх мэдээллийг ажил олгогчид эргэн тайлагнах, мэдээлэх үүргээ ажилтан биелүүлээгүй буюу Г.Баясмаагийн тохиолдолд тэрээр томилолтоор ажиллах үедээ өөрийн байрласан зочид буудлаас дахин давтагдашгүй төлбөрийн дугаартай төлбөрийн баримтыг авах, улмаар ажил олгогчид эргэн тайлагнах үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэх үндэслэл хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч “Скайтел” ХХК-д төлбөрийн зөрүү 125,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3, 135 дугаар зүйлийн 135.1.3 дахь хэсэгт зааснаар үүссэн гэж үзэхээр байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд 125,000 төгрөгийн зөрүү гаргаж, байгууллагад хохирол учруулсан гэх өөрийн шаардлагаа нотлохоор нэхэмжлэгч талаас өгсөн бичгийн баримтуудыг хариуцагчийн зүгээс няцааж чадаагүй, өөрийн татгалзлаа нотлоогүй тул хариуцагч Г.Баясмаагаас 125,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3, 135 дугаар зүйлийн 135.1.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Г.Баясмаагаас 125,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Скайтел” ХХК-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Баясмаагаас 4,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                 Н.ХАНГАЛ