Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 01114

 

 

С ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2018/00760 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгчС ХХК-ийн хариуцагч Г.Бд холбогдуулан 125 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг, хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Б нь албан томилолтоор ажиллахдаа компаниас зочид буудлын зардалд нийт 460 000 төгрөг хүлээн авсан. Гэвч гүйцэтгэх захирлын А-127 дугаар тушаалаар баталсан “Албан томилолтын журам”-ын 6.5.2-д “Байрласан зочид буудлаас дахин давтагдашгүй төлбөрийн дугаартай төлбөрийн баримтыг /ДДТДБ/ авна” гэж заасны дагуу дахин давтагдашгүй төлбөрийн дугаартай баримтуудыг авч ирээгүй, хувьдаа ашиглан компанид эд хөрөнгийн хохирол учруулсан болно. Хариуцагч Г.Бгийн томилолтын зардалд 125 000 төгрөгийн зөрүү үүссэнтэй холбоотойгоор санхүүгийн албаны захирал н.У болон бусад хуулийн хэлтсийн 3 хүний бүрэлдэхүүтэй 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр уулзалт хийж хариуцагчид НӨАТ-ийн баримт авчраагүй тухай хэлсэн боловч Г.Бтай хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Г.Бг “ажлаа өдөр шөнөгүй хийсэн” гэж тайлбарлах боловч хариуцагч ажилласан эсвэл ажиллаагүй гэж маргаагүй. Компанийн дотоод журам болон албан томилолтын журам, санхүүгийн дотоод журам, НӨАТ-ийн баримт өгөх зэргийг зөрчсөн үндэслэлээр энэ шийдвэрийг гаргасан. Албан томилолтын журмын 6.6.4-т зааснаар санхүү бүртгэлийн алба нь орон нутагт томилолтоор ажилласан ажилтны зочид буудлын зардлыг зочид буудлын баримтыг үндэслэн хааж санхүүгийн баримт үйлдэнэ гэж заасан. Гэтэл одоог хүртэл энэ тооцоо хаагдаагүй, авлага үүссэн байгаа. НӨАТ-ийн тухай хууль шинэчлэгдсэнтэй холбогдуулан 2016 оноос хойш зочид буудлаас и-баримтыг бүрэн авахаар зааж журамд өөрчлөлт оруулсан. Г.Бтай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан бөгөөд гэрээний 2.6.3-т зааснаар ...эд хөрөнгө үнэ бүхий зүйлийг эргүүлж төлөөгүй бол бүрэн хариуцлага хүлээнэ гэж заасан. Хөдөлмөрийн тухай хуулиар мөн зохицуулсан байгаа. Г.Б нь дээр дурдсан зочид буудлуудаас дахин давтагдашгүй төлбөрийн дугаартай төлбөрийн баримт авчраагүй болохоо хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн тул гүйцэтгэх захирлын Б-600 дугаар тушаалаар Г.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн. Иймд хариуцагчаас компанид учруулсан эд хөрөнгийн хохирол болох 125 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний  өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Б нь албан томилолттой холбоотой бүх баримтыг өгсөн. Ажилласан хугацааг харахад ажлын цагаас бусад цагт машинд явж байсан бөгөөд буудалд хоносон баримтаа аваад байгууллагадаа өгсөн. Заавал и-баримт авах ёстой гээд буудалд тайлбарлаж, баримт авахаар хүлээж цаг алдах боломж байгаагүй. Энэ талаар байгууллагын журамдаа заавал и-баримт өгөх ёстой гэж тусгаж өгөх ёстой. Нэг ч баримт өгөөгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд хууль хяналтын байгууллагаар тогтоогдоогүй, хөдөлмөрийн маргаан таслах комиссоор шийдвэрлэгдээгүй юм. Үндэслэлгүйгээр нэхэмжлэл гаргаж байна. Томилолтын хөлсөнд 460 000 төгрөг авсан асуудал дээр маргаан байхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээнд байгаа “эд хөрөнгө үнэ бүхий зүйл гэдэгт” мөнгө орохгүй юм. Энэ нь Иргэний хуулийн зохицуулалтаар тодорхойлогдоно. Эд хөрөнгө бол хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө юм. Томилолтын зардлын 460 000 төгрөг, түүнээс гарсан зөрүү 125 000 төгрөг нь эд хөрөнгө болон үнэ бүхий зүйл биш, мөнгө юм. Нэхэмжлэгч тал хариуцагчид холбогдуулж цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Уг асуудал дээр зөрчлийн хэрэг үүссэн. Тэд зөрчлийн хэргээс үл хамаараад шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж байх боловч хавтаст хэрэгт авагдсан баримтаар зөрчлийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хэрэгсэхгүй болгосон тухай тогтоол байгаа. Тиймээс хариуцагчийг ямар нэгэн хөрөнгө завшсан гэх баримт хэрэгт байхгүй. Сүхбаатар дүүргийн шүүхэд ажлаас үндэслэлгүй халагдсан гээд шалгуулж, нэхэмжлэл гаргасан байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс дахин давтагдашгүй төлбөрийн баримтыг нөхөөд авдаг гэж тайлбарлаж байна. Нөхөж авахдаа уг баримтыг тухайн үйлчлүүлсэн өдрөөрөө нөхөгдөж гардаг бөгөөд хариуцагч нь 2017 оны 9 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө хоносон, уг өдрөөрөө бар код аваад системд бүртгэгддэг байхад нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтууд нь 2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр гэсэн огноотой байгаа. Архангай аймагт хоносон баримт нь 170902 гэсэн бар кодтой и-баримт байх ёстой байхад 9 дүгээр сарын 09-ний өдрөөр байгаа нь эргэлзээтэй байна. Г.Бгийн авах ёстой и-баримтыгС ХХК нь өөрөө бүрдүүлээд өгсөн. 2017 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр үйлчлүүлээд баримт нь 9 дүгээр сарын 02-ны өдөр гэсэн баримт гарах ёстой байсан бөгөөд тухайн өдөр хоносон баримтаа аваагүй, нөхөж авах боломжгүй учраас гаргаж өгөхгүй байгаа юм. Энэ асуудлаас болж санхүү бүртгэлийн алдаа дутагдал байхыг үгүйсгэхгүй бөгөөд энэ нь компанид хохирол учруулсан гэж үзээд байгаа нь үндэслэлгүй,С ХХК-д бодит хохирол учирсан зүйл байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

 Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3, 135 дугаар зүйлийн 135.1.3-т заасныг баримтлан хариуцагч Г.Бгаас 125 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчС ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Бгаас 4 550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Г давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн. Анхан шатны шүүх хуралдаан дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан боловч шүүгч уг хүсэлтийг хангахаас татгалзан, захирамжид гомдол гаргах эрхгүй гэж хэлэн хариуцагч талын хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл гаргасан. Түүнчлэн, хариуцагч талаас шүүгч Н.Хангалыг татгалзан гаргах хүсэлт гаргасан. Гэтэл шүүгч Н.Хангал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх хэсэгт заасныг зөрчин хүсэлтийг зөвлөлдөх тасалгаанд хэлэлцээгүй, мөн хуулийн 92.6 дах хэсэгт зааснаар Ерөнхий шүүгчээр шийдвэрлүүлээгүй, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан. Мөн шүүх хуралдаан дээр хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлт гаргасан. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Г.Бгийн нэхэмжлэлтэй,С ХХК-д холбогдох ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоох, ажилд эгүүлэн тогтоолгох үндсэн шаардлагатай иргэний хэрэг хянан шийдвэрлэгдэж байгаа. Энэ талаар талууд маргадаггүй. Эдгээр байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх талуудын гаргасан нотлох баримтыг хэргийн үйл баримттай харьцуулан дүгнэж чадаагүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй байна.

 

Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Г.Бд холбогдуулан компанид учруулсан эд хөрөнгийн хохирол болох 125 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг /хх.1-2/, хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх.89/

 

Хариуцагч Г.Б нь нэхэмжлэгч байгууллагын 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр баталсан “Орон нутгийн салбаруудын санхүүгийн үйл ажиллагаанд хийх дотоод хяналт, шалгалтын удирдамж”-ийн хүрээнд 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд 2017 онд хяналт шалгалтад хамрагдаагүй С ХХК-ийн орон нутаг дах салбарт хяналт, шалгалт хийхээр томилогдсон байна. /хх.17/ Албан томилолтоор явах хугацааны буудлын мөнгөнд нийт  460 000 төгрөг хариуцагч Г.Б нь хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх.22-23/

 

Хэргийн 33 дугаар талд авагдсан “Хөвсгөл-Бишрэлт” зочид буудлын тооцооны хуудас, 34 дүгээр талд авагдсан Хөвсгөлийн замын буудлын үйлчилгээний төлбөрийн баримт, 35 дугаар талд авагдсан “Рич” зочид буудлын тооцооны хуудас, 38 дугаар талд авагдсан “Дархан сантайн” буудлын төлбөрийн баримт, 39 дүгээр талд авагдсан “Загасан нүд-Загастай” ХХК-ийн зочид буудлын тооцооны хуудас, 40 дүгээр талд авагдсан Завхан аймгийн зочид буудлын төлбөрийн баримт, 41 дүгээр талд авагдсан “Баялаг-Од” ХХК-ийн зочид буудлын тооцооны хуудас, 42-44 дүгээр талд авагдсан “Увс шилтгээн” зочид буудлын төлбөрийн баримт, 45 дугаар талд авагдсан “Ундрам” зочид буудлын тооцооны хуудас, 46 дугаар талд авагдсан “Их сандил уул” зочид буудлын төлбөрийн баримт,  47-48 дугаар талд авагдсан “Буян” зочид буудлын тооцооны хуудас, төлбөрийн баримтуудыг хариуцагч Г.Б нь нэхэмжлэгчС ХХК-д баримтаар гаргаж өгсөн байх бөгөөд уг тооцооны баримтуудтай холбоотойгоор хариуцагч байгууллагын эрх бүхий ажилтнуудын бүрэлдэхүүнтэй хурал хийгдэж тэмдэглэл үйлдэгдсэн байна. /хх.51-56/ Уг хурлын үеэр “...энэ асуудлыг Хөдөлмөрийн дотоод журам, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хүрээнд шалгаад зохих хэмжээний хариуцлага тооцно” гэсэн байна.

 

Нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирлын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А-127 дугаар тушаалаар батлагдсан “Албан томилолтын журам”-ын /хх.69/ 6.5.2-т “байрласан зочид буудлаас дахин давтагдашгүй төлбөрийн дугаартай төлбөрийн баримтыг авна” гэж заасан байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13-т "нэмэгдсэн өртгийн албан татварын падаан", 4.1.14-т "төлбөрийн баримт", 4.1.15-т "дахин давтагдашгүй төлбөрийн дугаар" гэдэг нь татвар төлсөн гэх нөхцөл байдлыг нотлоход зориулагдсан баримтууд байна. Дахин давтагдашгүй төлбөрийн баримтыг авах үүргийг хариуцагчид дээрх албан томилолтын журмаар хүлээлгэсэн байх боловч мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.2-д зааснаар уг баримтыг гаргаж өгөх үүрэгтэй субьект нь холбогдох зочид буудлууд юм. Хэргийн 33, 35, 37, 39, 41, 45, 47 дугаар талд авагдсан тооцооны баримт нь зочид буудлаас өгсөн санхүүгийн тэмдэгтэй баримтууд байна. Албан томилолтын журмын 6.6.4-т “зочид буудлын зардлыг зочид буудлын баримтыг үндэслэн хаана” гэж тодорхой тусгасан байгаагаас үзэхэд дахин давтагдашгүй төлбөрийн баримт авчраагүй, эсхүл уг баримт болох буудлын баримтын хооронд үнийн дүн зөрүүтэй байгаа нь хариуцагч Г.Бг томилолтоор ажиллахдаа зочид буудлын зориулалтаар олгогдсон томилолтын зардлыг завшсан гэх нөхцөл байдлыг шууд нотлоогүй байна.

 

“С” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Б-600 дугаар тушаалаар хариуцагч Г.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. /хх.80/ байх бөгөөд ажлаас чөлөөлөгдсөнтэй нь холбоотой тойрох хуудаст ажилтны өр төлбөр байгаа эсэхийг шалгах авлага хариуцсан нягтлан бодогч “тооцоогүй” гэж гарын үсэг зурсан /хх.122,126/ уг хүснэгтийн гадна талд “томилолтын буудлын зардлыг завшсан 125 000 төгрөгийн тооцоотой” гэж бичсэн байна. Энэ талаар гэрч Г.У “...125 000 төгрөгийн тооцоотой гэдгийг нөхөж бичсэн” гэж мэдүүлсэн байна. /хх.194/ Үүнээс үзэхэд хариуцагч нь нэхэмжлэгч байгууллагаас буудалд зориулж олгосон мөнгийг завшсан, үрэгдүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Тухайн зочид буудлаас дахин давтагдашгүй төлбөрийн баримт аваагүй, уг зочид буудлын бүртгэлд бүртгэгдээгүй гэх нөхцөл байдал нь хариуцагчийг байгууллагын  мөнгийг хувьдаа ашигласан гэж эргэлзээгүй дүгнэх нөхцөлд хамаарахгүй. Түүнээс гадна ажилтан дээр дурдсэн орон нутагт бүгдэд нь хүрэлцэн очиж ажилласан, томилолтын үүрэг зорилгоо биелүүлж, ажлаа гүйцэтгэсэн үйл баримтыг хариуцагч няцааж чадаагүй байна.

 

            Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо шүүгч хэргийг шударгаар хянан шийдвэрлэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байна гэж үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т зааснаар шүүгчээс татгалзсан, уг татгалзлыг хуульд заасан журмаар шийдвэрлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж заажээ. /хх.207-208/ Шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл хуульд заасан нийтлэг журмын дагуу тус шүүх хуралдаан явагдсан, хэргийн оролцогчдоос шүүгчийг татгалзан гаргах хүсэлт байгаа эсэхийг асуухад “татгалзах зүйлгүй” гэж хариулсан /хх.190-191/, шинээр гаргах нотлох баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан хүсэлт байгаа эсэхийг тодруулахад хариуцагчийн өмгөөлөгч “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх” хүсэлт гаргасныг /хх.190 дүгээр талын ар/ шүүх хэлэлцээд шүүгчийн захирамжаар хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт нийцсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн тохиолдолд мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасныг баримтлах бөгөөд ийм захирамжид уг хуулийн 170 дугаар зүйлд заасны дагуу гомдол гаргана. Харин түдгэлзүүлэх ажиллагаа хийгээгүй тохиолдолд шүүх хуралдааны явцад гаргасан захирамжид гомдол гаргах эрхийг хуулиар олгоогүй.

 

Ийнхүү хэргийн оролцогчоос гаргасан дээрх хүсэлтийг шийдвэрлэсэнтэй холбоотойгоор хариуцагчийн өмгөөлөгч шүүгчээс татгалзаж байгаа нь уг хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан шүүгч хэрэг хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй үндэслэлд хамаарахгүй тул хуралдаан даргалагч уг татгалзлыг шийдвэрлүүлэхээр Ерөнхий шүүгчид шилжүүлэх шаардлагагүй юм. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх хэсэгт зааснаар татгалзлыг шийдвэрлээгүй гэх гомдол үндэслэлгүй.   

 

Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.3-т заасан “...баримт бичгээр хүлээн авсан эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийг эргүүлж төлөөгүй” гэх үндэслэл тогтоогдоогүй, хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэлийн шаардлага няцаагдаж байх тул хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчС ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2018/00760 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч С ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн өмгөөлөгчийн төлсөн 4 550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ш.ОЮУНХАНД

                                                           

                                  ШҮҮГЧ                                      Д.БАЙГАЛМАА

 

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ